A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 1998 оны 139 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт


ТӨРИЙН ӨМЧИЙН ХОРООНЫ ДҮРЭМ   
 
Нэг.Нийтлэг үндэслэл
1.Монгол Улсын Төрийн өмчийн хороо (цаашид "Хороо" гэнэ) нь төрийн өмчийн талаархи хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах үндсэн дээр төрийн өмчийн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, хамгаалах ажлыг эрхлэн гүйцэтгэх үүрэг бүхий Засгийн газрын тохируулагч агентлаг мөн...
2.Хорооны үндсэн зорилт нь төрийн өмчийн эд хөрөнгийн эзэмшилт, хадгалалт, бүртгэл,тайлан, тооцоо, ашиглалт, захиран зарцуулалтад хяналт тавьж, үр ашгийг дээшлүүлэх, Засгийн газрын шийдвэрийн  дагуу төрийн өмчийг хувьчлах ажлыг зохион байгуулж хэрэгжүүлэх, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд төрийн төлөөллийг хэрэгжүүлэх, төрийн захиргааны байгууллагыг шаардлагатай эд хөрөнгөөр хангах, орон нутгийн өмчийн талаар арга зүйн туслалцаа үзүүлэх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэхэд оршино.
 3.Хороо нь бодлого, үйл ажиллагаагаа Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндсэн зарчмуудыг удирдлага болгон Иргэний хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль болон хууль тогтоомжийн бусад акт, Засгийн газрын шийдвэрт нийцүүлэн явуулна.
4.Хороо нь агентлагийн хувьд Сангийн яамтай гэрээ байгуулах үндсэн дээр өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажиллана.
5.Хороо нь Засгийн газарт үйл ажиллагаагаа хариуцан тайлагнана.
6.Хороо нь зохих журмын дагуу хийгдсэн тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
 
Хоёр.Хорооны бүрэн эрх
7.Хороо нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд дараахь эрх, үүргийг хэрэгжүүлнэ.Үүнд:
а/төрийн өмчийн талаархи хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах, хяналт тавьж үр нөлөөг дээшлүүлэх арга хэмжээ авах, энэ талаар шаардлагатай бол санал боловсруулж тогтоосон журмын дагуу шийдвэрлүүлэх;
б/төрийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах, үнэлэх, хувьчлах талаар эрх хэмжээнийхээ хүрээнд аргачлал, заавар, журмыг хууль тогтоомжид нийцүүлэн гаргаж хэрэгжүүлэх;
в/төрийн өмчийн эд хөрөнгийг иж бүрдлээр нь буюу нэг бүрчлэн хувьчлах талаар тухайн жилд явуулах бодлого, хөтөлбөрийг боловсруулан Засгийн газарт болон түүгээр уламжлан Улсын Их Хуралд оруулан шийдвэрлүүлэх;
г/батлагдсан хөтөлбөрийн дагуу төрийн өмчийг хувьчлах ажлыг зохион байгуулж, гүйцэтгэлд нь хяналт тавьж, үр дүнг тайлагнах;
д/төрийн өмчийн эд хөрөнгийн эзэмшилт, хадгалалт, хамгаалалтыг сайжруулах, түүний ашиглалт, захиран зарцуулалтад хяналт тавьж, үр ашгийг дээшлүүлэх арга хэмжээ авах, төрийн өмчийн бүртгэл, тооллого, тайлан тэнцлийг хянах ажлыг удирдах;
е/төрийн өмчийн төлөөлөл, өмч хувьчлалын ажлын эрх зүйн үндсийг төлөвшүүлэх, боловсронгуй болгох талаар санал боловсруулах, энэ талаар холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах;
ж/төрийн өмчийн эзэмшилт, ашиглалт, захиран зарцуулалт, төлөөлөл, хувьчлалтай холбогдуулан байгууллага, иргэдээс ирүүлсэн санал, өргөдөл, гомдлыг хуулийн дагуу хянан шийдвэрлэх, төрийн өмчийг бусдын хууль бус өмчлөл, эзэмшлээс шаардан гаргуулах, шүүхэд нэхэмжлэх;
з/төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлыг хууль тогтоомжид заасны дагуу томилох, чөлөөлөх, түүнтэй гэрээ байгуулах, төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд төрийн өмчийн төлөөлөгчийг томилж, түүний үйл ажиллагааг хянан шалгаж чиглүүлнэ;
и/батлагдсан норм, нормативийн дагуу төсвөөс хөрөнгө хуваарилсан нөхцөлд төрийн байгууллагуудыг шаардлагатай эд хөрөнгөөр захиалга, хуваарийн дагуу хангана;
к/орон нутгийн өмчийг удирдах ажилд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлж хууль тогтоомжид заасан нөхцөлд хяналт тавьж шаардлагатай зохицуулалт хийнэ;
л/Засгийн газраас тогтоосон журмын хүрээнд төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээслэх ажлыг хэрэгжүүлнэ;
м/хууль тогтоомжоор олгогдсон бусад эрх, үүрэг.
 
Гурав.Хорооны удирдлага, ажлын зохион байгуулалт                 
8.Төрийн өмчийн хороо нь дарга, орон тооны бус 8 гишүүнээс бүрдэнэ.
9.Хороо бүрэн эрхээ хуралдаан, бусад хэлбэрээр хэрэгжүүлнэ.
10.Хороог Засгийн газраас томилсон дарга толгойлно.
11.Хорооны дарга харьяа байгууллагуудаа нэгдсэн удирдлагаар хангах бөгөөд энэ зорилгоор дараахь эрх үүргийг хэрэгжүүлнэ.Үүнд:
а/хорооны хуралдаанаар хэлэлцэх асуудлыг тодорхойлж хуралдааныг товлох, даргалах;
б/хорооны дотоод журам, нэгжүүдийн дүрэм болон тэдгээрийн дотоод үйл ажиллагаандаа мөрдөх зааврыг баталж, биелэлтэд нь хяналт тавих;
в/хорооны ажилтнуудыг томилох, чөлөөлөх, шагнаж урамшуулах, хариуцлага хүлээлгэх, цалин хөлсийг тогтоох асуудлыг хөдөлмөрийн хууль тогтоомж, гэрээний дагуу шийдвэрлэх;
г/хорооны нэрийн өмнөөс бусад байгууллагатай харилцах, хороог гадаад, дотоодод төлөөлөх;
д/батлагдсан төсвийг захиран зарцуулах;
е/эрх хэмжээнийхээ асуудлаар тушаал гаргаж, биелэлтийг хангуулах;
ж/хорооны гишүүдэд ажлын хөлс олгох асуудлыг шийдвэрлэх;
з/тодорхой асуудал боловсруулах, дүгнэлт гаргах, магадлан шинжилгээ хийлгэх ажилд мэргэшсэн хүмүүсийг татан оролцуулах, гэрээгээр ажиллуулах, тэдгээрт цалин, урамшуулал олгох асуудлыг шийдвэрлэх;
и/хорооны шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж, биелэлтийг хангуулах;
к/агентлагийн даргад хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрээр олгосон бусад бүрэн эрх.
12.Хорооны даргын эзгүйд түүнийг даргын тушаалаар томилогдсон хорооны аль нэг гишүүн орлон ажиллана. 
13.Хорооны гишүүн:
а/хорооны гишүүнийг Төрийн өмчийн хорооны даргын санал болгосноор Засгийн газар томилно;
б/хорооны гишүүн нь хуралдаанд таслах эрхтэй оролцохоос гадна хорооны шийдвэрийн дагуу тодорхой ажил үүргийг хариуцан гүйцэтгэж болно;
в/хорооны гишүүн нь шийдвэр гаргахад оролцохдоо байгууллагын болон хувийн ашиг сонирхлын үүднээс хандахыг хориглоно.
14.Хорооны хуралдаан:
а/хорооны ээлжит хуралдааныг 2 долоо хоногт 1-ээс доошгүй удаа хуралдуулна;
б/шаардлагатай тохиолдолд хорооны дарга ээлжит бус хуралдааныг зарлан хуралдуулж болно;
в/хорооны хуралдаан дэгээ өөрөө тогтооно;
г/хуралдааны тэмдэглэлийг хорооны Тамгын газрын дарга хөтөлнө, шаардлагатай бол хуралдааны тэмдэглэл хөтлөх ажлаа өөр ажилтанд хариуцуулж болно.
15.Хорооны шийдвэр:
а/хорооны нийт гишүүдийн олонхи нь хүрэлцэн ирснээр хорооны хуралдааныг хүчинтэйд тооцох ба нийт гишүүдийн дийлэнхи олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэж тогтоол, тэмдэглэл гаргана.Ингэхдээ хүндэтгэх шалтгаантай З-аас илүүгүй тооны гишүүн хэлэлцэх асуудлын талаар саналаа зөвхөн бичгээр хорооны даргад мэдэгдэнэ.Гишүүдийн санал тэнцсэн тохиолдолд асуудлыг хорооны даргын саналаар шийднэ. Хороо шийдвэрээ шаардлагатай бол Засгийн газарт танилцуулна;
б/хуралдаанаас гаргасан тогтоолд хорооны дарга, Тамгын газрын дарга гарын үсэг зурна.
16.Хорооны үндсэн бүрэн эрхийн асуудлаар хорооны хуралдаанаас хуульд нийцүүлэн гаргасан дүрэм, заавар, журам нь Монгол Улсын хуулийн этгээд, албан тушаалтан, хувь хүн нэгэн адил дагаж биелүүлэх хүчинтэй байна
----оОо-----