A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 2000 оны 184 дүгээр тогтоолын хавсралт

"ШИНГЭРҮҮЛСЭН ШАТДАГ ХИЙ" ХӨТӨЛБӨР
 
Нэг. Хөтөлбөрийн зорилго
1. Экологийн тэнцвэрт байдлыг хадгалах орчин үеийн шаардлагад зохицуулан XXI зуунд шингэрүүлсэн шатдаг хийг ахуйн хэрэглээ болон карбюраторт хөдөлгүүртэй автомашинд өргөнөөр ашиглахыг эрмэлзэх болсон дэлхий нийтийн хандлагыг харгалзан эрчим хүчний шинэ эх үүсвэрийг бий болгох зорилгоор ахуйн хэрэглэгчид болон карбюраторт хөдөлгүүртэй автомашиныг шингэрүүлсэн шатдаг хийгээр хангах, ажил, үйлчилгээний сүлжээг бий болгоход хөтөлбөрийн зорилго оршино.
 
Хоёр. Хөтөлбөрийн ач холбогдол
2. Ой модны нөөц багатай манай орны нөхцөлд модыг түлшинд хэрэглэхийг багасгаж, байгаль орчныг унаган төрхөөр нь хадгалахад түлхэц болох эрчим хүчний харьцангуй хямд эх үүсвэр шинээр бий болно. 
3. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хот, хөдөөгийн  хүн амд хоол унд бэлтгэх, дулаан гаргах, халуун ус зэрэг ахуйн хэрэгцээгээ хангана.
4. Карбюраторт хөдөлгүүрт автомашин бензинтэй зэрэгцүүлэн шингэрүүлсэн шатдаг хийг хэрэглэх боломж бүрдэж тээврийн өртөг буурч, ажил үйлчилгээний үнэ тариф хямдарч, хүн амыг ядуурлаас гаргах нэг нөхцөл бүрэлдэх болно. Мөн бензиний шаталтаас байгаль орчныг бохирдуулагч бүтээгдэхүүн агаарт хаягдах нь буурч, хортой үр дагавар багасна.
5. Хөдөөгийн хүн амын ахуйн нөхцөлийг сайжруулахад эерэг нөлөө үзүүлнэ.
 
Гурав. Шингэрүүлсэн шатдаг хий  хэрэглэж байгаа байдал
6. Олон оронд шингэрүүлсэн шатдаг хийг эрчим хүчний эх үүсвэр болгон ашиглаж байна. Сүүлийн жилүүдэд карбюраторт хөдөлгүүртэй автомашиныг шингэрүүлсэн шатдаг хийнд шилжүүлэн ажиллуулж байна.
7. Манай улсад шингэрүүлсэн шатдаг хийг ахуйн хэрэглээнд зориулан бага хэмжээгээр импортлон хэрэглэж байна.
 
Дөрөв. Хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээ
8. Шингэрүүлсэн шатдаг хийг хадгалах, тээвэрлэх, түгээх, ашиглах үед мөрдөх улсын стандарт, техникийн аюулгүй ажиллагааны нийтлэг дүрэм, журмыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулж батлан гаргах /Дэд бүтцийн яам, Стандарт, хэмжил зүйн үндэсний төв/.                                                                   
9. Шингэрүүлсэн шатдаг хийн тээвэрлэлт, хадгалалт, ашиглалтын үеийн аюулгүй ажиллагааны улсын хяналтыг хэрэгжүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авах (Дэд бүтцийн яам).
10. Шингэрүүлсэн шатдаг хийгээр улс орныг хангах сүлжээний схемийг боловсруулж, барилга байгууламжийн ажлыг эхлүүлэх (Аж ахуйн нэгжүүд).
11. Шингэрүүлсэн шатдаг хийн барилга байгууламж (хий шахах станц, хий шахах төв, автомашинд шингэрүүлсэн шатдаг хий түгээх суурин ба хөдөлгөөнт станц, автомашиныг шингэрүүлсэн хийн түлшинд шилжүүлэх төв, шингэрүүлсэн хийн агуулах)–уудыг холбогдох мэргэжлийн байгууллагаар бариулж, тоног төхөөрөмжийн угсралтыг хийлгэх (Аж ахуйн нэгжүүд).
12. Хийн аж ахуйг шаардагдах техник, тоног төхөөрөмж, автомашин, хэмжилтийн багаж хэрэгслээр хангах (Аж ахуйн нэгжүүд).
13. Мэргэжлийн боловсон хүчин, мэргэшсэн ажилчдыг бэлтгэх (Аж ахуйн нэгжүүд).
 
Тав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа
14. Улсыг хамарсан шингэрүүлсэн шатдаг хийн сүлжээний схемийг боловсруулах (2000 оны 12 дугаар сар).
15. Аж ахуйн нэгжүүд шатдаг хийн барилга байгууламж (хий шахах станц, хий шахах төв, автомашинд шингэрүүлсэн шатдаг хий түгээх суурин ба хөдөлгөөнт станц, автомашиныг шингэрүүлсэн хийн түлшинд шилжүүлэх төв, шингэрүүлсэн хийн агуулах)-ийн техникийн даалгаврыг боловсруулах (2000 оны 12 дугаар сар).
16. Шингэрүүлсэн шатдаг хийн аж ахуйг ашиглахтай холбогдсон хууль тогтоомж, стандарт, дүрэм, журам, техникийн нормативыг боловсруулж батлан мөрдөх (2001 оны эхний хагас).
17. Шингэрүүлсэн шатдаг хийн аж ахуйн иж бүрдэл, тоног төхөөрөмжийн сонголтыг хийж захиалах, худалдаж авах (2001 оны эхний хагас).
18. Дор дурдсан шингэрүүлсэн шатдаг хийн барилга байгууламжийн ажлыг 2001 оны П хагаст эхлүүлэх:
а/Улаанбаатарт шингэрүүлсэн шатдаг хий савлах станц барих;
б/Увс аймгийн Улаангом, Хэнтий аймгийн Өндөрхаанд шингэрүүлсэн шатдаг хий түгээх төв барих; 
в/Улаанбаатар, Увс аймгийн Улаангомд автомашиныг шингэрүүлсэн шатдаг хийгээр ажилладаг болгон  шилжүүлэх төв байгуулах;
г/Улаанбаатар, Увс аймгийн Улаангом, Хэнтий аймгийн Өндөрхаан, Баянхонгорт авто хий түгээх суурин станц, Өвөрхангай аймгийн Арвайхээр, Завхан аймгийн Улиастай, Өмнөговь аймгийн Даланзадгадад авто хий түгээх хөдөлгөөнт станц барих;
д/Өвөрхангай аймгийн Арвайхээр, Завхан аймгийн Улиастай, Баянхонгор, Өмнөговь аймгийн Даланзадгад, Хэнтий аймгийн Өндархаанд баллонтай хий нөөцлөх агуулах барих.
19. Бусад аймгуудад шингэрүүлсэн шатдаг хийн аж ахуйг байгуулах (2002-2005 онуудад).
20. Шингэрүүлсэн шатдаг хийн аж ахуйн сүлжээний барилга байгууламжийг хүлээн авч ашиглалтад оруулах  (2001 оны IY улирал-2002 оны эхний хагас).
21. Ажиллах боловсон хүчнийг бэлтгэх, гадаадын мэргэжилтний сонголтыг хийж, гэрээгээр ажиллуулж эхлүүлэх (2001 оны I улирал).
 
Зургаа. Хөтөлбөрийн санхүүжилт
22. Хөтөлбөрийн санхүүжүүлэлтийг шингэрүүлсэн шатдаг хийн ажил, үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгжүүд хариуцна.
 
Долоо. Үйл ажиллагаа явуулах нөхцөл, шаардлага
23. Шингэрүүлсэн шатдаг хийг тээвэрлэх, хадгалах, ашиглахад галын болон техникийн аюулгүй ажиллагааны онцгой шаардлага, нөхцөлийг харгалзан энэ чиглэлийн үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгжид Засгийн газрын эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл олгоно.
24. Шингэрүүлсэн шатдаг хийн аж ахуй, ажил, үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг Дэд бүтцийн сайдын эрхлэх ажлын хүрээн дэх агентлаг 5-аас доошгүй жилийн хугацаагаар олгоно.
25. Шингэрүүлсэн шатдаг хийн аж ахуй, ажил, үйлчилгээг эрхлэх аж ахуйн нэгж доорхи үндсэн шаардлагуудыг хангасан байна:
а/шингэрүүлсэн шатдаг хийг тээвэрлэх, хадгалах, ашиглах тэргүүний техник технологийг нэвтрүүлэх боломжтой байх;
б/шингэрүүлсэн шатдаг хийн ажил, үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгжийн ашиглах техник технологи нь батлагдсан техник технологийн нормативт хэмжээ, техникийн болон галын аюулгүй ажиллагааны шаардлагыг бүрэн хангасан байх;
в/ажиллах боловсон хүчин, мэргэшсэн ажилчдыг урьдчилан бэлтгэсэн байх;
г/шингэрүүлсэн шатдаг хийн аж ахуйн салбарт үйл ажиллагаа эрхлэхэд тухайн аж ахуйн нэгжид мөрдөх дүрэм, журмыг боловсруулан эрх бүхий байгууллагаар хянуулж баталсан байх;
д/шингэрүүлсэн шатдаг хийн аж ахуйн тоног төхөөрөмж, шугам хоолой, савны угсралтын ажлыг мэргэжлийн байгууллагаар хийлгэх гэрээ байгуулсан байх.
 
Найм. Хөтөлбөрийн үр дүн
26. Хөтөлбөр хэрэгжсэнээр шингэрүүлсэн шатдаг хийгээр ахуйн хэрэглэгч болон карбюраторт хөдөлгүүр бүхий автомашиныг хангах сүлжээ бий болж, үйлчилгээний үйл ажиллагаа бүрэн хэмжээгээр явагдана.
27. Шингэрүүлсэн шатдаг хийг ахуйд өргөн хүрээтэй хэрэглэснээр эрчим хүчний шинэ нэр төрлийн эх үүсвэр бий болохын хамт хүн амын амьдрал, ахуйн нөхцөл улам сайжирна. Мөн ойн нөөцийг хамгаалж, байгаль орчны бохирдол багасгах болно.
28. Шингэрүүлсэн шатдаг хийг авто тээвэрт хэрэглэснээр хот хоорондын тээврийн өртөг хямдарч, ажил, үйлчилгээний үнэ, хөлс буурна.
29. Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний газарт  эрчим хүчний шинэ эх үүсвэр бий болж, тэдгээрийн үйл ажиллагаа тогтвортой явагдах нөхцөл сайжирна.
30. Ажлын байр шинээр бий болгоно.
 
 
 
 
 
 
 
 
 
 
---оОо---