- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- НООС" ДЭД ХӨТӨЛБӨР
Засгийн газрын 2001 оны 26 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт
"НООС" ДЭД ХӨТӨЛБӨР
Нэг. Ноос боловсруулах салбарын өнөөгийн байдал
"НООС" ДЭД ХӨТӨЛБӨР
а/ Түүхий эдийн нөөц
Манай улс нь 1999 оны дүнгээр 25.7 мянган тонн ноосон түүхий эдийн нөөцтэй байна. Үүнээс 17.8 мянган тонн буюу 69.2 хувийг хонины ноос, 1.7 мянган тонн буюу 6.8 хувийг тэмээний ноос, 2.7 тонн буюу 0.01 хувийг ямааны ноос, 2.5 мянган тонн буюу 9.8 хувийг ямааны хялгас, 420 тонн буюу 1.6 хувийг сарлагийн хөөвөр, 350 тонн буюу 1.4 хувийг сарлагийн хялгас, 35 тонн буюу 0.13 хувийг сарлагийн сүүл, 790.8 тонн буюу 3.2 хувийг адууны хөөвөр, 63.2 тонн буюу 0.2 хувийг адууны сүүл, 3.8 мянган тонн буюу 3.9 хувийг адууны дэл, 956 тонн буюу 3.7 хувийг үхрийн хөөвөр эзэлж байна.
Хонины ноосны 1.2 хувь буюу 208.8 тонн нь нарийн, нарийвтар ноос, 18.9 хувь буюу 3375 тонн нь нутгийн шилмэл үүлдэр, омгийн хонины ноос, 79.9 хувь буюу 14250.1 тонн нь монгол хонины ноос байна.
Нарийн, нарийвтар ноост хонины тоо 1999 онд 1990 онтой харьцуулахад 64.5 хувиар буурч, 55.1 мянган толгой болжээ.
1999 онд түүхий эдийн экспорт 1989 оныхоос 32.7 хувиар өсч, үйлдвэрлэлд ашигласан түүхий эдийн хэмжээ 17.5 хувиар буурсан байна.
Сүүлийн жилүүдэд ямааны ноос, хялгас, адуу, үхэр, сарлагийн хөөврийг үйлдвэрлэлд ашиглах явдал бүрэн зогсож, арьс шир боловсруулах үйлдвэрээс гарсан ноос, үс хаягдах боллоо.
б/ Хүч чадлын ашиглалт
Ноос боловсруулах салбарт 1989 онд 13 үйлдвэр ажиллаж, жилдээ 15 мянган тонн хонины ноос боловсруулан 10 мянган тонн угаасан ноос, 5 мянган тонн ээрмэл, 2.5 сая хавтгай дөрвөлжин метр хивс, 1.3 сая ширхэг сүлжмэл, 650 мянган метр эсгий, 600 орчим мянган хос эсгий гутал үйлдвэрлэж, 1.9 сая хавтгай дөрвөлжин метр хивс болон төрөл бүрийн ноосон эдлэл экспортолж байсан бол 2000 он гэхэд угаасан ноосны үйлдвэрлэл 84.3, эсгийн гутлын үйлдвэрлэл 37.9 хувиар буураад байна.
Тус салбарт 1989 оноос хойш тодорхой хөрөнгө оруулалт хийгдээгүй ч Эрдэнэт хивс, Улаанбаатар хивс, Ээрмэл зэрэг зарим хувьцаат компаниуд өөрийн хөрөнгөөр угаах жижиг цехийг үйлдвэрийнхээ дэргэд байгуулснаар ноос угаах хүч чадал 1999 онд 1989 оныхоос 2.3 хувиар өсжээ.
1999 оны байдлаар ноос боловсруулах салбарт угаах чиглэлийн 3 цех, 3 үйлдвэр, ээрэх чиглэлийн 1 үйлдвэр, 4 цех, хивсний 3 үйлдвэр, ноосон нэхмэлийн 1 үйлдвэр, эсгий, эсгий гутлын 2 үйлдвэр, орон нутагт 30 гаруй цех, нэхээсгүй эдлэлийн 1 үйлдвэр байна.
Улаанбаатар хивс, Эрдэнэт хивс ХК-уудаас бусад үйлдвэрүүд хүч чадлын 10 хүрэхгүй хувийг ашиглаж, ноосон нэхмэлийн үйлдвэрлэл зогссон ба сүлжмэлийн үйлдвэр өөрийн зориулалтыг өөрчлөн зөөлөн оёдлын үйлдвэр эрхэлж байна.
в/ Салбарын өрсөлдөх чадвар
Технологийн дамжлагаар өөр хоорондоо холбоотой үйлдвэрүүдийг салган хувьчилсан нь салбарын үйл ажиллагааны цогцолбор байдлыг алдагдуулж, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын цэгцтэй бодлогыг төлөвлөн хэрэгжүүлэхэд хүндрэл учруулсаар байна.
Хөрш зэргэлдээ орнууд Монгол улсаас экспортолж буй ноосон бүтээгдэхүүнд 50-иас дээш хувийн гаалийн татвар тогтоосон нь салбарын бүтээгдэхүүний зах зээл хумигдах нэг гол шалтгаан болж байна.
Ноосон бүтээгдэхүүнийг Европ, Азийн бусад орнуудын зах зээлд борлуулах боломж байгаа боловч бүтээгдэхүүний чанар олон улсын стандартын шаардлагад нийцэхгүй, нэр төрөл цөөн байгаа нь экспортод саад болсоор байна.
Ноос боловсруулах үйлдвэрүүдийн бүтээгдэхүүний үнэ хэт өндөр, хүн амын худалдан авах чадвар, амьжиргааны түвшин доогуур байгаагаас шалтгаалан дотоодын үйлдвэрүүдийн бүтээгдэхүүний борлуулалт, хөрөнгийн эргэлт удаан байна.
Түүнчлэн урьд өмнө үүссэн өр авлага салбарын үйлдвэрүүдийн санхүү, эдийн засгийн чадавхи доройтоход хүргэж байна.
Монгол хонины ноос нь бусад орны ижил төрлийн ноостой харьцуулахад ширүүн, бүдүүн, хялгас үс ихтэй тул манай оронд хивс, эсгий, эсгий гутал, нэхээсгүй эдлэл, ноосон цэмбэний үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх нь илүү оновчтой.
Сүүлийн жилүүдэд дотоодын үйлдвэрүүдэд үйлдвэрлэдэг ижил төрлийн импортын барааны татварыг тэглэх буюу бууруулах бодлого явуулснаар дотоодын зах зээлийг импортын бараа эзлэх болж, хивсний үйлдвэрлэл 4 дахин буурахад хүрээд байна.
1989 онд жилдээ 649.7 мянган метр эсгий, 592.3 мянган хос эсгий гутал үйлдвэрлэж хүн амын хэрэгцээнд нийлүүлж байсан бол 1999 он гэхэд эсгийний үйлдвэрлэл 84.3, эсгий гутлын үйлдвэрлэл 97.9 хувиар буурсан байна.
2000 онд эсгийний үйлдвэрлэл 1999 оныхоос 10.4, эсгий гутлын үйлдвэрлэл 65.0 хувиар өссөнөөс үзэхэд дотоодын зах зээлд эсгий бүтээгдэхүүний багагүй хэрэгцээ байна.
Хоёр. Ноос боловсруулах салбарын эрхэм зорилго, хөгжлийн стратеги
Ноос боловсруулах салбарын эрхэм зорилго нь шинжлэх ухаан, техникийн ололт, амжилтад тулгуурлан монгол малын ноосон түүхий эдийг түүний нөөцтэй уялдуулж үр ашигтай, оновчтой аргаар боловсруулан бүтээгдэхүүний чанарыг олон улсын зах зээлийн хэрэгцээнд нийцүүлж, өрсөлдөх чадварыг сайжруулах замаар салбарын тогтвортой өсөлтийг хангахад оршино.
Ноос боловсруулах салбарын хөгжлийн стратеги нь дараахь үндсэн хоёр чиглэлээс тогтоно:
а/стратегийн сонголтоор хөгжүүлэх үйлдвэр;
б/зах зээлийн сонголтоор хөгжүүлэх үйлдвэр.
Хонь, тэмээний ноос, сарлагийн хөөврөөр хийсэн нэхмэл, сүлжмэл эдлэл, хивс, эсгий, нэхээсгүй эдлэлийн үйлдвэрлэлийг стратегийн сонголтоор хөгжүүлэх үйлдвэр.
Адуу, үхрийн дэл, сүүл, хялгас, ямааны ноосоор хийсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг зах зээлийн сонголтоор хөгжүүлэх үйлдвэр гэж тус тус үзнэ.
Гурав. Хөтөлбөрийг боловсруулах үндэслэл
1. Хөтөлбөрийг боловсруулах үндэслэл нь
а/Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр;
б/Монгол Улсын Засгийн газрын 1998 оны 157 дугаар тогтоолоор баталсан "Аж үйлдвэрийг сэргээх, хөгжүүлэх бодлого"–ын 2 дугаар хэсгийн 3 дугаар заалт болно.
Дөрөв. Хөтөлбөрийн зорилго, зорилт
2. Хөтөлбөрийн зорилго нь ноос боловсруулах салбарын эрхэм зорилго, хөгжлийн стратегийн үндсэн чиглэлтэй уялдуулан үйлдвэрүүдийн хүч чадлын ашиглалтыг сайжруулах замаар салбарын үр ашиг, өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд оршино.
3. Хөтөлбөрийн зорилгыг хэрэгжүүлэх хүрээнд дараахь зорилтуудыг шийдвэрлэнэ:
а/түүхий эд бэлтгэлийн нэгдсэн системийг зах зээлийн нөхцөлд зохицуулан зохион байгуулж, бэлтгэн нийлүүлэгч, үйлдвэрлэгчдийн аль алинд нь зохимжтой, түүхий эдийн экспортыг бууруулах, орон нутгийн захиргааны байгууллагын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээ авах;
б/үйлдвэрүүдийн санхүү, эдийн засгийн чадавхийг сайжруулж, тогтвортой ажиллагааг хангах;
в/салбарын үйлдвэрүүдийн хүч чадлын ашиглалтыг дээшлүүлж, үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэх;
г/бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг сайжруулж, зах зээлийг өргөжүүлэх.
Тав.Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд баримтлах үндсэн зарчим
4.Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндсэн зарчим нь төр, салбарын мэргэжлийн холбоод, төрийн бус бусад байгууллага, үйлдвэр, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааны нэгдэл болно.
5.Үйлдвэрлэл хөгжүүлэх бодлогыг түүхий эдийн нөөцийн ашиглалттай дараахь чиглэлээр уялдуулах бодлого баримтална:
а/нарийн, нарийвтар ноост хонины одоо байгаа цөм сүргийг хадгалан хонины ноосны чанарыг сайжруулахад ашиглах;
б/нутгийн шилмэл үүлдэр, омгийн хонь, монгол хонины ноосыг хивс, эсгий, эсгий гутал, нэхээсгүй эдлэлийн үйлдвэрлэлд түлхүү ашиглах чиглэл баримтлах;
в/Дорнод, Хэнтий, Сүхбаатар зэрэг зүүн 3 аймгийн хонины ноосыг орчин үеийн дэвшилтэт аргад тулгуурлан боловсруулж, түүхий эдийн чанарыг сайжруулах;
г/Шинжлэх ухаан, технологийн ололтод тулгуурлан тэмээний ноосны боловсруулалтын түвшинг дээшлүүлж, зах зээлийн шаардлага хангасан бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах;
д/бод, бог малын хөөвөр, хялгас, бусад төрлийн ашиглагдаагүй түүхий эдийг ашиглах, түүнийг боловсруулах шинэ технологи бий болгох.
Зургаа.Хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээ
6. Хөтөлбөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээг хавсралтаар үзүүлэв.
7. Хөтөлбөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээ нь хөтөлбөрийн нэг ба хоёдугаар үе шатны зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэж байгаа бөгөөд гуравдугаар шатны зорилтыг тухайн үеийн нөхцөлд тохируулан боловсруулж, арга хэмжээг тодотгох замаар хөтөлбөрийн зорилтын хэрэгжилтийг хангана.
Долоо.Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт, хяналт
8. Хөтөлбөрийн зорилтын хэрэгжилтийг хангах арга хэмжээг Монгол улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын төсөвт жил бүр тусгах замаар Үйлдвэр, худалдааны сайдын удирдлагын дор зохион байгуулна.
9. Хөтөлбөрт заасан арга хэмжээг холбогдох яам, байгууллагын удирдах хүмүүс хариуцан хэрэгжүүлэх ба биелэлтэд Үйлдвэр, худалдааны сайд хяналт тавина.
10. Үйлдвэр, худалдааны сайд нь хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний биелэлтийг холбогдох байгууллагуудаас улирал тутам авч, нэгтгэн үр дүнг жил бүрийн 1 дүгээр сард Засгийн газарт тайлагнана.
11. Хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зорилгоор Үйлдвэр, худалдааны сайд нь холбогдох байгууллагын төлөөлөгчид оролцуулсан ажлын хэсэг байгуулан ажиллаж болно.
Найм.Хөтөлбөрийн санхүүжилт
12. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дор дурдсан санхүүгийн эх үүсвэрийг ашиглана:
а/улсын төсөв;
б/орон нутгийн төсөв;
в/гадаад орон, олон улсын байгууллагын зээл, тусламж;
г/үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн өөрийн хөрөнгө;
д/бусад.
Ес.Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа
13. Хөтөлбөрийг 2001-2010 онуудад дараахь үе шаттайгаар хэрэгжүүлнэ:
Нэгдүгээр үе шат. 2001-2002 он. Салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, үйлдвэрлэлээ хэвийн өсөлттэй явуулах нөхцөлийг бүрдүүлэх, өрсөлдөх чадварыг сайжруулах арга хэмжээг хэрэгжүүлж эхлэх.
Хоёрдугаар үе шат. 2003-2004. Салбарын үйлдвэрүүдийн хүч чадлын ашиглалтыг дээшлүүлж, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортыг тогтвортой нэмэгдүүлэх.
Гуравдугаар үе шат. 2005-2010. Ноосон түүхий эдийн нөөцийг бүрэн ашиглах, шинээр бий болсон технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх арга хэмжээ авч салбарын хөгжлийн стратегийн үндсэн зорилтыг хангах.
Арав.Хөтөлбөрийг хэрэгжүүлснээс гарах үр дүн
14. Хөтөлбөрийн нэг ба хоёрдугаар шатны зорилтыг хэрэгжүүлснээр дараахь үр дүн гарна:
а/ноос боловсруулах салбарын бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2004 он гэхэд 1999 оныхоос дунджаар 25 хувиар өснө;
б/ноосон бүтээгдэхүүний экспорт 1999 оныхоос 63.4, улсын нийт экспортод тус салбарын бүтээгдэхүүний эзлэх хувь 4.7 хувиар тус тус нэмэгдэнэ;
в/түүхий эдийн боловсруулалтын түвшин сайжирч эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 1999 оныхоос 18.8 хувиар өснө;
г/үйлдвэрүүдийн хүч чадлын ашиглалт 1999 оныхоос 43.1 хувиар өсөж, ажлын байр нэмэгдэн ажилгүйдэл буурна.
15.Хөтөлбөрийн гуравдугаар шатны зорилтыг хэрэгжүүлснээр:
а/улсын хэмжээнд байгаа түүхий эдийн нөөцийн ашиглалт 2010 он гэхэд 2000 оныхоос 29.5 хувиар өснө;
б/ашиглагдаагүй байгаа түүхий эдийг боловсруулах шинэ технологи бий болж, салбарын үйлдвэрүүд хүч чадлаа бүрэн ашиглах нөхцөл бүрдэнэ .
-----оОо-----
Текст томруулах
A
A
A