A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 1995 оны 19 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт

БҮХ НИЙТЭД СУУРЬ БОЛОВСРОЛ ЭЗЭМШҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР/1995-2ОО5 ОН/
 
                Нэг.Хөтөлбөрийн үндэслэл
                Хүн  амын боловсролын түвшин нь аливаа улс орны соёл,  иргэншлийн гол үзүүлэлт, нийгмийн хөгжлийн чухал хүчин зүйл  болохын  зэрэгцээ  бие  хүний  төлөвшилтийн хэмжүүр болдог учраас дэлхийн олон орон боловсролын тогтолцоог  боловсронгуй болгоход ихээхэн  анхаарал  тавьж  байна. Ялангуяа бүх нийтэд суурь  боловсрол  эзэмшүүлэх явдал чухал ач холбогдолтойг ЮНЕСКО,  түүний салбар байгууллагууд онцлон тэмдэглэж, энэ талаар дэлхий нийтэд хандсан удирдамж, зөвлөмж, тунхаглал гаргалаа.     
Манай  оронд орчин үеийн боловсролын байгууллага бүрэлдэн тогтсон 70 гаруй жилийн хугацаанд ард иргэдэд боловсрол олгох талаар  багагүй  амжилт  олсон билээ. Тухайлбал, 1921-194О онд бүх  нийтийг  бичиг үсэгт сургах, 1941 оноос бага боловсролтой болгох,  1961  оноос бүрэн бус дунд боловсролтой болгох зорилтуудыг   дэвшүүлэн  1989 оны байдлаар 16-49 насны нийт хүн амын 78,8 хувь  нь бүрэн бус дунд буюу түүнээс дээш шатны боловсролтой,  12,7  хувь нь 1Ү-ҮШ ангийн боловсролтой, 6,9 хувь нь бага  ангийн  боловсролтой, 1,6 хувь нь бичиг үсгийн боловсролтой болсон байна.      
Нийгмийн  хөгжлийг дагаж хүн амд боловсрол эзэмшүүлэх  хэрэгцээ,  шаардлага байнга өөрчлөгдөж байдаг зүй тогтолтой  бөгөөд  энэхүү зүй тогтлын дагуу зах зээлийн эдийн засгийн  нөхцөлд боловсролд хандах хандлага, хүмүүсийн боловсролын хэрэгцээ, сонирхол өөр болж байна.      
Нийгэм, эдийн засгийн социалист тогтолцооны үед боловсролын   бүх шатны  үйл ажиллагааг төвлөрсөн төлөвлөгөөгөөр зохицуулж ирсэн нь хувь хүний сурч боловсрох хэрэгцээг тэр бүр бүрэн  хангаж чадахгүй байсны зэрэгцээ нийгэм, эдийн засгийн тогтолцоо бүхэлдээ өөрчлөгдөж, өмчийн шинэ хэлбэрүүд бий болсонтой холбогдуулан бүх нийтэд суурь боловсрол эзэмшүүлэх бодлогыг шинэ  нөхцөл байдалд зохицуулан тодорхойлж иргэдийг ажиллаж амьдрах  арга ухаанд  суралцуулах, тэднийг зах зээлийн эдийн засгийн зохих мэдлэг, боловсролтой болгох шаардлагатай боллоо. Ялангуяа  хүн амын дийлэнх хувь /44 хувь нь 0-15 насны хүүхэд, 29  хувь  нь 16-З0 насны залуучууд/ нь суурь боловсрол эзэмших насных байгаа нөхцөлд ийм хөтөлбөртэй ажиллах нь бүр ч ач  холбогдолтой юм.
 
Хоёр. Хөтөлбөрийн зорилт, хэрэгжилтийн шалгуур үзүүлэлт
                Хүн  амд суурь боловсрол эзэмшүүлэх таатай нөхцөл бүрдүүлэх замаар тэдний боловсролын түвшинг ахиулж Монгол Улсын Үндсэн   хуулийн "Төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгоно" гэсэн заалт, Боловсролын хуулийн "Иргэд 17 хүртэлх  насандаа  суурь боловсрол заавал эзэмших үүрэгтэй" гэсэн заалтыг тус  тус хэрэгжүүлэхэд болон ЮНЕСКО-гоос гаргасан тунхаглалын үзэл  санааг дэмжиж ажил хэрэг болгоход энэхүү хөтөлбөрийн зорилго оршино. Энэхүү  хөтөлбөрөөр дараахь зорилтыг шийдвэрлэхээр дэвшүүлж байна:
         1.Суурь  боловсролын үндэсний стандартыг боловсруулан гаргаж, сургалтын агуулгад өөрийн онцлог, хэрэгцээ шаардлага, үндэсний  түүх  соёл,  оюуны  өв  уламжлал болон дэлхий нийтэд суурь боловсрол олгож буй чиг хандлагыг оновчтой тусган хэрэгжүүлэх;
         2.Сургалтын шинэ агуулга,хичээлийн хөтөлбөрт зохицуулсан сурах бичиг, гарын  авлага, сургалтын хэрэглэгдэхүүнээр хангах асуудлыг дэс дараатайгаар шийдвэрлэх;
         З.Багш  бэлтгэдэг сургуулиудын сургалтын агуулга, арга зүй, материаллаг баазыг зах зээлийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн шинэчлэх, багшлах боловсон хүчин бэлтгэх, давтан бэлтгэх тогтолцоог  олон хувилбартай уян хатан болгох;
         4.Хөдөөгийн сургуулийн бүтэц, байршил, зохион байгуулалтыг оновчтой  тогтоож, дотуур байрны нөхцөлийг сайжруулах, хоол хүнсний хангамжийг дээшлүүлэх;
         5.Сургуулийн  өмнөх  насны  хүүхдийг гэр бүлийн орчинд хүмүүжүүлэх,
  малчдын хүүхдийг сургуульд бэлтгэх шинэ тогтолцоог төлөвшүүлэн сургуулийн өмнөх хүмүүжил-боловсролын ажлын хүрээг  өргөтгөх;
         6.Насанд хүрэгчид, ялангуяа хөдөөгийн хүн амын боловсролын түвшинг дээшлүүлэх албан бус боловсролын тогтолцоог бүрдүүлэх, энэ ажлын хүрээнд сургууль завсардсан хүүхдэд боловсрол нөхөн олгох  асуудлыг хамтад нь шийдвэрлэх.      
Хөтөлбөрийн   хэрэгжилтийг  дараахь  шалгуур  үзүүлэлтээр үнэлнэ:
         1.Хүн амын суурь боловсролын түвшин;
         2.Хүнд нөхцөлд амьдарч байгаа хүүхдүүдийг сургуульд хамруулсан байдал, тэдний боловсролын түвшин;
         З.Тахир дутуу болон оюун ухааны хомсдолтой хүүхдийг сургуульд хамруулсан  байдал,  тэдний  боловсролын  түвшин;
         4.Сурах бичгийн хангалт;
         5.Багшлах боловсон хүчний хангалт.
                Боловсролын   түвшинг  дараахь  үзүүлэлтээр  тодорхойлно:
         1.1 дүгээр ангид элсэгчдийн дотор сургуулийн өмнөх боловсролд хамрагдсан хүүхдийн эзлэх хувь;
         2.11-17  насны  хүүхдийн  дотор  анхан шатны боловсрол эзэмшсэн хүүхдийн эзлэх хувь;
         З.17-гоос  дээш насны хүмүүсийн дотор суурь боловсролтой буюу түүнээс  дээш  шатны  боловсрол  эзэмшигчдийн эзлэх хувь;
         4.Насанд хүрсэн иргэдийн дотор бүрэн дунд боловсролтой буюу түүнээс дээш боловсрол эзэмшсэн иргэдийн эзлэх хувь.
                Хүнд  нөхцөлд амьдарч байгаа хүүхдүүдийн боловсролын түвшинг дараахь  үзүүлэлтээр тодорхойлно:
         1.Бүтэн өнчин хүүхдүүдээс сургуульд суралцаж буй хүүхдийн  эзлэх хувь;
         2.Хагас өнчин хүүхдүүдээс сургуульд суралцаж буй хүүхдийн  эзлэх хувь;
         З.Асран  хамгаалагчгүй  хүүхдүүдээс сургуульд суралцаж байгаа хүүхдийн эзлэх хувь.
      Тахир  дутуу  болон  оюун ухааны хомсдолтой хүүхдүүд сургуульд хамрагдсан  байдал, тэдний боловсролын түвшинг дараахь үзүүлэлтээр тодорхойлно:
         1.Тахир  дутуу /харах, сонсох, өгүүлэх, тулах эрхтэний өөрчлөлттэй/ хүүхдүүдээс  сургуульд  хамрагдан  суралцаж  буй хүүхдийн эзлэх хувь, тэдний боловсролын түвшин;
         2.8-16  насны  оюун ухааны хомсдолтой хүүхдүүдээс сургуульд хамрагдан  суралцаж байгаа хүүхдийн эзлэх хувь, тэдний боловсролын түвшин.
                Сурах бичгийн хангалтын байдлыг хичээл /судлагдахуун/ тус бүрээр тооцож тодорхойлно.
                Багшлах боловсон хүчний хангалтыг дараахь үзүүлэлтээр  тодорхойлно:
                1.Бага ангийн багшийн хүрэлцээний хувь;
                2.Дунд  ангийн  багшийн  хүрэлцээний /мэргэжил бүрээр/ хувь;
                З.Сурган  хүмүүжүүлэх  дээд боловсролтой багшийн эзлэх хувь;
                4.Байгаль, нийгмийн  ухааны  чиглэлээр  өргөн хүрээнд багшлах /ажиллах/ чадвартай багшийн эзлэх хувь.
 
Гурав.Хөтөлбөрийн бүрэлдэхүүн
                Энэхүү хөтөлбөр нь дараахь хэсгээс бүрдэнэ:         
А/суурь боловсролын агуулга;        
Б/суурь боловсрол эзэмшүүлэх арга зам;
                В/хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга зам.      
"Суурь  боловсролын агуулга" гэсэн хэсэгт суурь боловсролын тухай тодорхойлолт, сургалтын агуулгыг өөрчлөн шинэчлэхтэй холбогдсон арга хэмжээг тусгав.      
"Суурь боловсрол эзэмшүүлэх  арга зам" гэсэн хэсэгт бүх нийтэд суурь  боловсролыг ямар арга замаар олгохыг тодорхойлж албан  бус  сургалтын  тогтолцоог бүрдүүлэх,  суурь боловсрол эзэмшүүлж  байгаа байдалд хяналт тавих, багшлах боловсон хүчин бэлтгэх арга хэмжээг тусгав.      
"Хөтөлбөрийг  хэрэгжүүлэх арга зам" гэсэн хэсэгт хөтөлбөрийг  хэрэгжүүлэх ажилд оролцох төвийн болон нутгийн захиргааны байгууллага, тэдний хүлээх үүрэг, хариуцлагатай холбогдсон  арга хэмжээг тусгав.
   
А.Суурь боловсролын агуулга
                Манай  орны  хувьд дунд /8 жилийн сургуулийн/ боловсролыг бүх  нийтийн  зайлшгүй  эзэмших  "Суурь"  боловсрол гэж тодорхойлно.      
Суурь боловсролын  зорилго  нь  хүүхдийн оюун ухаан, бие бялдрыг  хөгжүүлэх,  эх,
  эцэг, ахмад хүнийг хүндлэх, нөхдөдөө элэгсэг дотно хандах, ургамал, амьтан, нутаг усаа хайрлан хамгаалахад  чиглэж, тэднийг төрөлх хэлээрээ уншиж, бичих, тоо бодох баттай дадал  чадвартай, үндэснийхээ түүх, соёл, зан заншил болон  байгаль, нийгэм, хүний тухай шинжлэх ухааны суурь мэдлэгтэй,  бие даан  суралцаж хөдөлмөрлөх арга барилыг зохих хэмжээнд эзэмшсэн иргэн  болгон төлөвшүүлэхэд оршино.      
Суурь боловсролын агуулга нь иргэдэд байгаль, нийгэм, хүний  тухай суурь мэдлэг олгох, хүүхдийн авьяас чадварыг нь хөгжүүлэн бие даан хөдөлмөрлөж амьдрах урьдчилсан боломжийг бүрдүүлэхэд  чиглэгдэх бөгөөд энэ агуулгыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны  үндсэн  хэлбэр нь сургалт болон бие даасан үйл ажиллагаа гэж үзэж, өөрийн орны уламжлал, бусад улс орны жишгийг харгалзан монгол хэл-уран зохиол, гадаад хэл, математик, компьютер, байгалийн  ухаан, нийгмийн ухаан, гоо зүй, биеийн тамир, эрүүл мэнд, хөдөлмөр гэсэн 8 бүлэг хичээл заана.
Суурь боловсролын сургалтын агуулгыг боловсронгуй болгохдоо дараахь чиглэлийг баримтална:
         1.Байгалийн  ухааны сургалтын агуулгаар шинжлэх ухааны тулгуур ухагдахуун эзэмшүүлж, хэрэглээний чадвар төлөвшүүлэх;
         2.Нийгмийн  ухааны сургалтын агуулгаар эх хэлээрээ зөв ярих, бичих, унших, хос бичигтэй болох, өөрийн орны болон хүн төрөлхтөний  түүх, соёл иргэншил, ёс заншил, хууль эрхийн мэдлэг,  боловсрол эзэмшүүлэх;
         З.Гоо зүйн сургалтын агуулгаар гоо сайхны мэдрэмж, таашаал төлөвшүүлэх, дизайны үндсийг эзэмшүүлэх;
         4.Биеийн  тамир-эрүүл  мэндийн сургалтын агуулгаар бие бялдраа чийрэгжүүлэх,  хорт  зуршил  /архи,  тамхи, хар тамхи хэрэглэх  гэх мэт/-аас  сэргийлэх  мэдлэг эзэмшүүлэх, үерхэл, нөхөрлөл,  хайр  сэтгэл, эр,  эмийн  ёсны хүмүүжил болон хоол ундаа  зөв хэрэглэх, эрүүл аж төрөх ёсны дадал заншилд сургах;
         5.Хөдөлмөр  сургалтын  агуулгаар  эдийн  засгийн суурь /ахуйн тооцоо, хамтын хөдөлмөр, өрхийн орлого, үнэ, зээл, мөнгөний   ханш  гэх мэт/ болон техник, технологийн үндсэн мэдлэг эзэмшүүлж мэргэжлийн баримжаа олгох;
         6.Тахир  дутуу  болон  оюун  ухааны хомсдолтой хүүхдэд эзэмшүүлэх боловсролын стандарт, сургалтын агуулга, арга хэлбэрт  өвөрмөц уян хатан бодлого баримтлах.
                Б.Суурь боловсролыг эзэмшүүлэх арга зам
      Суурь  боловсролыг 17 хүртэлх насанд нь заавал эзэмшүүлэх чиглэлийг баримтална.      
Суурь  боловсролыг  албан ёсны буюу албан бус арга замаар эзэмшүүлнэ.
                а/албан ёсны сургалт
                Сургуулийн  өмнөх  боловсролын тогтолцоог өргөжүүлэн хөгжүүлэх хөтөлбөр боловсруулан гаргаж хэрэгжүүлнэ.      
Анхан шатны боловсролыг албан ёсны сургалтаар эзэмшүүлэх бодлогыг тууштай баримтална.
Суурь боловсрол  олгох сургуульд үзэх хичээлийг оновчтой сонгон  тогтоохын хамт сурах бичгийн агуулга, бүтцэд зарчмын өөрчлөлт хийж, онолын хичээлээр олсон үндсэн мэдлэгээ амьдралд  хэрэглэж чаддаг болгоход илүү анхаарна.
                Сургалтыг  явуулах  арга  нь  суралцагчдыг бие даасан үйл ажиллагаанд сургахад чиглэж аливаа асуудлыг өөрсдөөр нь  шийдвэрлүүлэх  үндсэн дээр шавь төвтэй сургалтыг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлнэ.      
Сургалтыг зохион байгуулах хэлбэр нь уян хатан, олон хувилбартай   байна. Сурагчдын мэдлэгийг үнэлэх тогтолцоонд өөрчлөлт  оруулж,  хийж   бүтээсэн  зүйлээр нь болон тестээр үнэлэх журмыг туршин нэвтрүүлнэ.       
Суурь боловсролын түвшинд ерөнхий ба мэргэжлийн боловсролын  интеграц эрчимжиж байгаа дэлхийн чиг хандлага болон өөрийн орны  өвөрмөц нөхцөл байдалтай уялдуулан суурь боловсролын үндэсний  стандартыг боловсруулан гаргана.      
Суурь боловсрол эзэмших явцад тавих хяналтын арга хэрэгслүүдийг   боловсронгуй болгож, боловсрол эзэмшүүлэх үйл ажиллагааг  шаталсан  хяналт /сургууль, нутгийн захиргааны байгууллага, төрийн захиргааны  төв байгууллагын зүгээс тавих хяналт/-тай байх тогтолцоог бүрдүүлж  хэрэгжүүлнэ.
                б/албан бус сургалт
Сургуулийн  өмнөх  боловсролыг  гэр бүлд олгох тогтолцоог шинээр төлөвшүүлнэ.    
Анхан  шатны боловсрол эзэмшээд завсардсан хүүхэд, насанд хүрэгчид,тахир дутуу иргэд, алслагдсан нутагт амьдардаг үндэсний цөөнх иргэдэд албан бус арга замаар суурь боловсрол эзэмшүүлэх  боломжоор хангана.      
Албан бус боловсролыг олон хэлбэрээр олгохыг зорих боловч манай  орны нөхцөлд хамгийн тохиромжтой хэлбэрийг туршилт,  судалгаа явуулснаар тогтооно.      
Албан  бус арга замаар боловсрол эзэмшүүлэхэд баримтлах чиглэл боловсруулж, сургалтын тогтолцоог бүрдүүлнэ.
                в/багшлах боловсон хүчин бэлтгэх
                Багшлах  боловсон  хүчнийг  бэлтгэх болон тэдний мэргэжил боловсролыг дээшлүүлэх  тогтолцоог шинэчилж, орон нутгийн  боловсролын байгууллагыг бэхжүүлж,гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлнэ.      
Боловсролын  удирдах ажилтан бэлтгэдэг тогтолцоо бий  болгон хэрэгжүүлэх арга хэмжээ авна.
В.Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга зам
                "Бүх нийтэд суурь боловсрол эзэмшүүлэх" үндэсний хөтөлбөрийг Монгол Улсын  Засгийн газар баталж, хэрэгжүүлэх үүргийг Засгийн  газар, боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв  болон  бүх шатны боловсролын байгууллага, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар хүлээнэ.      
Хөтөлбөрийг  хэрэгжүүлэхэд  боловсролын  асуудал эрхэлсэн төрийн  захиргааны  төв байгууллага гол үүрэг гүйцэтгэх бөгөөд ерөнхий  боловсролын сургуулийн сургалтын агуулга, хөтөлбөрийг тогтвортой болгох,  албан бус сургалтын тогтолцоог бүрдүүлэх, сурах  бичиг,  сургалтын хэрэглэгдэхүүн, багшлах боловсон хүчнээр  хангах ажлыг хариуцна.      
Хүн амын боловсролын түвшинд судалгаа хийхэд Статистикийн төв  газар, өнчин болон оюун ухааны хомсдолтой хүүхдийн судалгаа   явуулахад  Эрүүл мэндийн яам, хүнд нөхцөлд амьдарч байгаа болон  ядуу  айл  өрхийн  хүүхдэд боловсрол олоход нь дэмжлэг үзүүлэхэд  Хүн  амын бодлого, хөдөлмөрийн яам, аймаг, нийслэл, сум,  дүүргийн  Засаг  даргын  Тамгын  газар тус тус туслалцаа үзүүлнэ.
                Албан бус сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх,зайны сургалт явуулах, телевиз, радиогоор явуулах сургалтын суваг нээн  ажиллуулахад боловсрол, хэвлэл, мэдээллийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагууд хамтран ажиллана. Энэхүү  хөтөлбөр  нь  өсвөр үеийн сайн сайхны төлөө, хойч үеэ  болон өнөөдрийн охид, хөвгүүдийг эрдэм боловсролтой иргэн болгон  төлөвшүүлэх төр, засгийн бодлогыг хэрэгжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэх  учраас  холбогдох  яам, Засгийн газрын болон Засгийн газрын бус байгууллагууд,хувийн хэвшлийнхний үйл  ажиллагааг нягт уялдуулан, хамтран ажиллахад онцгой анхаарна.      
Хүн  амын боловсролын түвшинг бууруулахгүй байх, сургууль завсардсан хүүхдэд боловсрол нөхөн олгох, завсардалтыг бууруулахад  аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газрын болон  эх, эцэг, багш, иргэдийн оролцоо, үйл ажиллагааг эрчимжүүлнэ. 
Хөтөлбөрийн зорилго, хэрэгжүүлэх ажлыг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр   сурталчилж  олон  түмэнд  ойлгуулах,  тэдний дэмжлэг, туслалцаа  авахад онцгой анхаарна. Эдгээр ажилд мэргэжлийн олон нийтийн  байгууллагуудыг ч татан оролцуулах болно.      
Хөтөлбөрийн  хэрэгжилтэд  хяналт тавих ажлыг уг хөтөлбөрт оролцогч  байгууллагууд,  аймаг,  нийслэл, орон нутагт ажиллаж байгаа  боловсролын  болон түүнтэй ажил төрлийн холбоотой  байгууллагуудын хүч оролцоотойгоор гүйцэтгэнэ.      
Хөтөлбөрийг  хэрэгжүүлэх  үйл  явцад тавих хяналтыг сум, дүүргийн, аймаг, нийслэлийн, улсын хэмжээнд гэсэн З үе шаттайгаар  хэрэгжүүлнэ.