- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛ, МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТЫГ ХӨГЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ
Засгийн газрын 1998 оны 41 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт
ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛ, МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТЫГ ХӨГЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ
ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛ, МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТЫГ ХӨГЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ
ХӨТӨЛБӨР
Мэргэжлийн боловсролын талаар олон улсын хөдөлмөрийн конвенцэд гишүүн орнууд нь үндэсний эдийн засаг, нийгэм, соёлын хөгжлийн үе шатны онцлог, хөгжлийн төвшингийн шаардлагад нийцсэн мэргэжлийн боловсролын тэгш, нээлттэй, шилжилт зохицол сайтай, уян хатан тогтолцоог бүрдүүлэх замаар хүний нөөцийн болон хөдөлмөр эрхлэлтийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэнэ гэж заасан.
Техникийн боловсрол, мэргэжлийн сургалт (цаашид ТБМС гэх) нь нэг талаас нийгмийн боловсролын үйлчилгээ, нөгөө талаас нийгмийн материаллаг үйлдвэрлэл хоёрын нэгдлийг илэрхийлдэг, үр дүн нь ард иргэдийн дийлэнх хэсгийн амьдралын төвшинд шууд нөлөөлдөг, эдийн засгийн өөрчлөлтөнд харьцангуй өртөмтгий боловсролын тогтолцооны бүрэлдэхүүн хэсэг юм.
Зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжих эхний үеэс хуучин тогтолцооны үед төлөвшсөн аж үйлдвэр, хөдөө аж ахуй, дэд бүтцийн салбарууд задарч, эдийн засгийн хямралд орсон билээ. Дийлэнх үйлдвэрүүд бүтээгдэхүүнээ дотоод гадаадын зах зээлд өрсөлдүүлэх, өөрөө өөрийгөө тэтгэх чадваргүй болсны улмаас олон хүн ажлын байргүй болж өнөөдөр Монгол улсад ажилгүйдэл, ядуурал бодит зүйл болоод байна.
Хөдөлмөрийн зах зээл дээр ажлын байр хомсодсоноос ТБМС-ын хэрэгцээ буурсан төдийгүй, шилжилтийн эхэн үеийн улс орны эдийн засгийн төлөв байдалтай уялдуулж боловсролын энэ өвөрмөц дэд тогтолцоог өөрчлөх чиглэл тодорхойгүй байснаас түүний шинэчлэлт харьцангуй удааширч байв.
Гэвч сүүлийн үед үйлдвэрлэлийн салбарууд үндсэндээ хувьчлагдаж, олон тооны хувийн аж ахуй, жижиг дунд үйлдвэр шинээр бий болж эдийн засагт үйлчлэх өмчийн олон хэлбэр үүсч, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд бие даан амьдарч ажиллах шинэ хандлага бий болсоор байна.
Эдийн засгийн шинэ орчинд өрсөлдөхийн тулд техник технологио шинэчлэх, уламжлалт болон гадны дэвшилтэт технологи эзэмших, зах зээлээ судлах, аж ахуйг хөтлөх шинэ арга барилд суралцах хэрэгцээ шаардлага тэдэнд бий болж байна.
Мөн ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, нийгмийн эмзэг хэсгийн амьжиргааны түвшинг дээшлүүлэх зорилт дэвшигдэж байна.
Энэ бүгд нь мэргэжлийн боловсролын агуулгад зах зээл судлал, удирдлагын онолын хэрэглээг тусгах шаардлагатайг харуулж байгаа төдийгүй мэргэжлийн боловсролын эрэлт хэрэгцээ нэмэгдэж байгаагийн нэг илрэл юм.
Түүнээс гадна жил бүр ерөнхий боловсролын сургуулийн 8.10 дугаар анги төгссөн хүүхдийн 30 гаруй хувь буюу 20 гаруй мянган хүүхэд дараагийн шатны сургуульд элсэж чадахгүй, ажлын тодорхой байргүй үлдэж байгаа юм. Хөдөлмөр зохицуулалтын албанд бүртгэлтэй 63,7 мянган ажил эрхлээгүй хүмүүсийн 59 хувь нь огт мэргэжилгүй байгаа бөгөөд ядуурал, ажилгүйдлийн байдалд явуулсан улсын үзлэгийн дүнгээс үзэхэд нийт хүн амын 25.2 хувь амьжиргааны баталгаажих доод түвшингээс доогуур орлоготой амьдарч байна. Хөдөлмөрийн насны, ажил эрхлээгүй ядуу хүмүүсийн 58,3 хувь нь мэргэжилгүй байна.
Ийнхүү нийгмийн тогтвортой хөгжил, бүс нутгийн хөгжил, хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн зах зээл, хүний хөгжлийн нөөцийн талаар төрөөс баримтлах бодлого болон өөрчлөлт, шинэчлэлтийн зорилго, зорилтын үүднээс ТБМС-ын асуудалд хандаж, хүн амд үзүүлэх энэ төрлийн боловсролын үйлчилгээний чанар, үр ашгийг дээшлүүлэх зорилт урган гарч байна. Иргэдээс Үндсэн хуульд заасан "ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцлөөр хангуулах эрхээ эдлэх, хөдөлмөрлөх үүргээ" биелүүлэхэд нь төрөөс дэмжлэг үзүүлж, тэд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэн, ахуй амьдралаа дээшлүүлэх арга ухааныг эзэмших таатай орчин бүрдүүлэх, энэ орчныг бий болгоход хамтын хүчин чармайлтыг нэгтгэн зохицуулах шаардлага зүй ёсоор тавигдаж байна.
ХОЁР.Хөтөлбөрийн зорилго
Эрхэм зорилго
Иргэд амьдрах чадвараа дээшлүүлэхийн тулд өөрийн хэрэгцээ, авъяас сонирхолд тохирсон, үр ашигтай, чөлөөтэй, бүрэн хөдөлмөр эрхлэхэд шаардлагатай, техникийн боловсрол, мэргэжлийн сургалтын мэдлэг, хандлага, чадвар эзэмших таатай орчныг бүрдүүлэхэд энэхүү хөтөлбөрийн эрхэм зорилго оршино.
Гол зорилго
Монгол улсын тогтвортой хөгжлийн стратеги, бүс нутгийн хөгжил, хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн зах зээл, хүний хөгжлийн нөөцийн талаар баримтлах бодлогод нийцүүлэн боловсролын тогтолцоог шинэчлэх зорилтын хүрээнд техникийн боловсрол, мэргэжлийн сургалтын шинэ дэд тогтолцоог бий болгоно.
Үйл ажиллагааны зорилго:
Төрөөс хөдөө аж ахуй, аж үйлдвэр, дэд бүтэц, боловсрол, эрүүл мэнд, экологийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд иргэдийн сонирхол, эрэлт хэрэгцээнд тулгуурласан, үйлдвэрлэлийн шаардлагад нийцсэн техникийн боловсрол, мэргэжлийн сургалтын тогтолцоог шинэчлэн энэ төрлийн боловсролын үйлчилгээний хүртээмж, чанар, үр ашгийг дээшлүүлнэ.
ГУРАВ.Хөтөлбөр хэрэгжүүлэх хугацаа
Нийгэм, эдийн засгийг хөгжүүлэхэд төрөөс баримтлах бодлого, чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны бусад хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх хугацаатай уялдуулан Үндэсний хөтөлбөрийг тодорхой үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Эхний үе нь 1998-2003 он хүртлэх хугацааг хамарна.
ДӨРӨВ.Хөтөлбөрийг хэрэгжүүлэх зарчим
1.Хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ дэлхийн болон өөрийн улсын эдийн засаг, үйлдвэрлэл, техник, технологийн хөгжлийн шаардлага, чиг хандлага, үндэсний онцлогтой нийцүүлэх;
2.Монгол улсын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх талаар гарсан стратегийн бодлогод нийцүүлэн хууль эрхийн актууд, Засгийн газрын болон олон улсын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх үйл ажиллагаатай нягт уялдуулах;
3.Хөтөлбөрийн хэрэгжүүлэхдээ Монголын төрийн үүрэг, төсвийн байгууллагын шинэчлэлийн бодлого, үйл ажиллагааны шинэ зарчмыг баримтлах;
4.Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг иргэдийн боловсролын төвшин, хэрэгцээ, сонирхолд тулгуурлан зохион байгуулах.
ТАВ. Хөтөлбөрийн санхүүжилт
Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах нийт хөрөнгө нь дараахь эх үүсвэрээс бүрдэнэ:
Улсын төвлөрсөн болон орон нутгийн төсөв;
Техникийн боловсрол, мэргэжлийн сургалтыг дэмжих сан;
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан;
Ядуурлыг бууруулах сан;
Сургалтын төрийн сан;
Олон улсын зээл, тусламж ;
Бусад эх үүсвэр.
ЗУРГАА.Хамтын ажиллага
Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дотоодын нөөц бололцоог ашиглан үр ашигтай ажиллахын зэрэгцээ хоёр талын болон олон улсын мэргэжлийн ба бусад төрөлжсөн байгууллагатай хамтран ажиллаж, тэднээс ТБМС-д оруулах хөрөнгө оруулалтыг дэмжинэ.
Төрийн ба төрийн бус байгууллагуудын хамтран ажиллах шинэ арга хэлбэрийг өргөжүүлнэ.
ДОЛОО.Хөтөлбөрийн зорилтууд
Хөтөлбөрийн зорилгыг хэрэгжүүлэхийн тулд дараахь зорилтуудыг дэвшүүлж байна:
1.Техникийн боловсрол, мэргэжлийн сургалтын удирдлага, зохион байгуулалтын шинэ бүтэц, үйл ажиллагааны механизмыг бүрдүүлэн хүний нөөцийн удирдлагын чадавхийг дээшлүүлэх;
2.Техникийн боловсрол, мэргэжлийн сургалтад хөрөнгө оруулалт хийж, сургалт, дадлагын техник, технологийг шинэчлэн, сургалтын орчинг сайжруулах, санхүүжилтийн механизмыг боловсронгуй болгох;
3.Үйлчлүүлэгчдийн сонирхол, эрэлт хэрэгцээ болон үйлдвэрлэл, техник, технологийн хөгжлийн төвшингийн шаардлагад нийцсэн, уян хатан сургалтын агуулга боловсруулж, түүнийг суралцагчдад шинэ стандартын шаардлагыг хангахуйц төвшинд эзэмшүүлэх олон хувилбарт арга зүйг туршин сургалтад нэвтрүүлэх;
4.Техникийн болон мэргэжлийн боловсрол эзэмших сургалтын байгууллагын үр ашигтай, оновчтой бүтэц, хэв шинж, байршлыг тогтоож, суралцагчдад үзүүлэх тэдгээрийн үйлчилгээний хүртээмжийг дээшлүүлэх;
5.Үндэсний болон олон улсын хамтын ажиллагааны шугамаар хэрэгжүүлж буй техникийн боловсрол, мэргэжлийн сургалттай холбоотой хөтөлбөр, төслүүдийг уялдуулан зохицуулж, үр ашгийг нь дээшлүүлэх;
НАЙМ.Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа
Техникийн боловсрол, мэргэжлийн сургалтад удирдлага, зохион байгуулалтын шинэ бүтэц, үйл ажиллагааны механизмыг бүрдүүлэн хүний нөөцийн удирдлагын чадавхийг дээшлүүлэх талаар:
1.Хөтөлбөрийн хэрэгжилтийг улсын хэмжээнд стратегийн удирдлага, төлөвлөлтөөр хангах, ТБМС, хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг зохицуулах, хэрэгжилтэд нь хяналт тавих үүрэг бүхий Үндэсний зөвлөл ажиллана. Үндэсний зөвлөлийг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн удирдана. Хөтөлбөрийн хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулж, арга зүйн удирдлагаар хангах үүргийг арга зүй судалгааны алба тус тус эрхлэн гүйцэтгэнэ.
2.Орон нутагт хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг стратегийн удирдлага, төлөвлөлтөөр хангах, уялдуулан зохицуулах, хяналт тавих үүрэгтэй аймаг, нийслэлийн салбар зөвлөл ажиллана. Салбар зөвлөлийг тухайн орон нутгийн Засаг дарга удирдана.
3.Аймаг, нийслэлд хөтөлбөр хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, мэргэжлийн болон арга зүйн удирдлагаар хангах үүргийг аймаг, нийслэлийн нийгмийн бодлогын хэлтэс, Боловсрол, соёлын төв, сургалт, сурталчилгаа, явуулах үүргийг тухайн орон нутаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, мэргэжлийн сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрөл авсан үйлдвэр, аж ахуйн нэгжүүд тус тус эрхлэн гүйцэтгэнэ. ТБМС-ын талаар мэдээлэл сурталчилгаа, сургалт явуулж буй төрийн бус байгууллага, иргэдийг дэмжинэ.
4.Хөтөлбөрийн хэрэгжилтийг мэргэжлийн удирдлагаар хангах, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийж үнэлгээ өгөх үүргийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон чиглэлийн бусад яамд өөрсдийн харъяа хэрэгжүүлэгч ба тохируулагч агентлагуудын оролцоотойгоор гүйцэтгэнэ.
5.Үйл ажиллагааны төвлөрлийг сааруулахын тулд орон нутгийн захиргааны болон мэргэжлийн байгууллага, сургалтын байгууллагын хүний нөөцийн удирдлагын чадавхийг дээшлүүлэх замаар ТБМС-ын үйлчилгээний чанарыг дээшлүүлнэ.
6.Ардчилал, зах зээлийн нийгэмд зохицсон, үр ашигтай, уян хатан, мэдрэмтгий ТБМС-ын дэд тогтолцоог бий болгон төлөвшүүлэх эрх зүйн таатай орчинг бүрдүүлнэ.
Техникийн боловсрол, мэргэжлийн сургалтад хөрөнгө оруулалт хийж, сургалт, дадлагын техник технологийг шинэчлэн сургалтын орчинг сайжруулах, санхүүжилтийн механизмыг боловсронгуй болгох талаар:
1.ТБМС- д гадаад, дотоодын хөрөнгө оруулалт хийж, түүнийг МСҮТ-ийн дадлагын газруудын техник технологийг шинэчлэх, шинэ сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүнээр хангах, багшлах боловсон хүчний чадавхийг дээшлүүлэх, мэдээллийн сүлжээг бий болгоход зарцуулж, сургалтын орчинг иж бүрэн шинэчилнэ.
2.Хөгжлийн шаардлагыг тасралтгүй хангах чадвартай сургалтын орчинг тогтмол дэмжиж байхын тулд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид болон байгууллагууд хамтран ажиллах эдийн засаг, эрх зүйн шинэ механизмыг бүрдүүлнэ.
3.ТБМС-ын санхүүжилтийг олон эх үүсвэртэй болгож, төрийн болон төрийн бус байгууллагуудын төрөлжсөн сангууд, аж ахуйн нэгж байгууллагуудаас мэргэжилтэй ажилчин бэлтгэх, ажилчдынхаа мэргэжил дээшлүүлэхэд зарцуулах хөрөнгийг харилцан үр ашигтай зарцуулах эрх зүйн механизмыг бий болгоно.
4.ТБМС эзэмшихээр элсэгчдийн дийлэнх хэсгийн нийгмийн байдлын өвөрмөц онцлогийг үндэслэн амьжиргааны баталгаат төвшингөөс доогуур орлоготой өрхийн хүүхэд, нийгмийн эмзэг бүлэгт хамрагдах иргэдэд сургалтын төлбөрөөс нь гадна суралцах хугацааны амьжиргааны бусад зардалд нь хөнгөлөлт үзүүлэхэд шаардагдах баталгаатай эх үүсвэрийг олж тогтоон тэдэнд шууд хүргэх арга замыг бий болгоно.
Үйлчлүүлэгчдийн сонирхол, эрэлт хэрэгцээ болон үйлдвэрлэл, техник технологийн хөгжлийн шаардлагад нийцсэн, уян хатан сургалтын агуулга боловсруулж, суралцагчдад түүнийг шинэ стандартын шаардлагыг хангахуйц төвшинд эзэмшүүлэх олон хувилбарт арга зүйг туршин сургалтанд нэвтрүүлэх талаар;
1.Суралцагсдын эрэлт хэрэгцээ болон үйлдвэрлэл, техник технологийн хөгжлийн тухайн үеийн шаардлагыг хангаж чаддаг байхаар мэргэжлийн анхан ба дунд боловсролын мэргэжлийн төвшин болгонд харгалзсан сургалтын агуулгын уян хатан стандартыг боловсруулж, мэргэжил бүрээр олон хувилбарт модулын санг бүрдүүлнэ.
2.ТБМС-ын стандартын биелэлтийг тогтоох мэргэжлийн төлөөлөл бүхий хөндлөнгийн хяналтын тогтолцоог аймаг, нийслэлийн төвшинд бий болгож төлөвшүүлнэ.
3.ТБМС эзэмшүүлэх сургалтын байгууллагын багш бэлтгэх тогтолцоог бий болгож, мэргэжил дээшлүүлэх, мэргэшүүлэх сургалтын агуулга, арга зүйг шинэчлэн багшлах боловсон хүчний чадавхийг дээшлүүлнэ.
4.Олон хувилбарт сурах бичиг, гарын авлага бэлтгэж, сургалт, дадлагын шинэ орчинд нийцсэн арга зүйг боловсруулж сургалтад нэвтрүүлнэ.
Техникийн болон мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын үр ашигтай, оновчтой бүтэц, хэв шинж, байршлыг тогтоож, тэдгээрийн суралцагчдад үзүүлэх үйлчилгээний хүртээмжийг дээшлүүлэх талаар:
1.Техникийн боловсрол эзэмшүүлэх, мэргэжлийн сургалт явуулах сургалтын байгууллагын бүтцэд түшиц сургуулийн хэв шинжийг шинээр бий болгон, МСҮТ-ийн байршил, хэв шинжийг оновчтой болгож, үйлдвэрлэл дээрх сургалтыг дэмжин, эдгээр сургалтын байгууллагад мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх үйлчилгээний механизмыг бий болгоно.
2.Бүс нутгийн үйлдвэрлэлийн онцлогтой уялдаж байршсан, одоогоор үйлчилгээний хүрээ нь хязгаарлагдмал боловч сургуулийн материаллаг чадавхи нь харьцангуй хангалттай байгаа, цаашид газар тариалангийн үйлдвэрлэлийн сэргэлттэй уялдан эрэлт хэрэгцээ нь өсөн нэмэгдэх хөдөө аж ахуйн чиглэлийн зарим МСҮТ-ийг сургалтын байгууллагын үндсэн чиг үүргийг нь хадгалан хувьчлах ажлыг эхлэнэ.
3.Үйлдвэр дээрх сургалт, хөдөлмөрийн захын сургалт, түр сургалт зэрэг албан бус сургалт зохион байгуулж буй байгууллага, хүмүүст мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлж, тэдний үйлчилгээний чанар, үйл ажиллагааны хариуцлагыг дээшлүүлэх замаар суралцагсдыг эрх ашгийг хамгаалж, мэргэжлийн анхан шатны боловсролын хүртээмжийг нэмэгдүүлнэ.
4.Техникийн боловсрол эзэмшүүлэх, мэргэжлийн сургалт явуулах үйл ажиллагаанд төрийн ба төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж болон иргэдийн оролцоо, хамтын ажиллагааны шинэ арга хэлбэрүүдийг нэвтрүүлж, тэдний гүйцэтгэх үүрэг, хүлээх хариуцлагын шинэ тогтолцоог бүрдүүлж төлөвшүүлнэ.
Үндэсний болон олон улсын хамтын ажиллагааны шугамаар хэрэгжүүлж буй техникийн боловсрол, мэргэжлийн сургалттай холбоотой хөтөлбөр, төслүүдийг уялдуулан зохицуулж, үр ашгийг нь дээшлүүлэх талаар:
1. Энэхүү хөтөлбөрийг хөдөө аж ахуй, аж үйлдвэр, дэд бүтэц, боловсрол, эрүүл мэнд, экологийн чиглэлээр Засгийн газар, гадаадын болон олон улсын төрөлжсөн байгууллагуудаас хэрэгжүүлэх хөтөлбөр, төслүүдтэй нягт уялдуулан зохицуулж, тэдгээрийг хэрэгжүүлэх бүтэц, зохион байгуулалт, хүний болон материаллаг нөөцийг оновчтой хоршин хамтран ажиллах замаар ТБМС-ын чанар, үр ашгийг дээшлүүлнэ.
ЕС.Хөтөлбөрийн хяналт
Хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад хяналт тавих, дүгнэх ажлыг Үндэсний болон орон нутгийн салбар зөвлөл гүйцэтгэнэ. Хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын талаар орон нутгийн салбар зөвлөлүүд Үндэсний зөвлөлд, Үндэсний зөвлөл нь Засгийн газарт жил бүрийн дөрөвдүгээр улиралд багтаан тайлагнаж, нийгэм, эдийн засгийн хөгжлийн явцтай уялдуулан нэмэлт тодотгол оруулж байна.
АРАВ. Хөтөлбөрийн шалгуур
Хөтөлбөрийн хэрэгжилтийг дараахь шалгуур, үзүүлэлтээр үнэлж дүгнэнэ:
1.Удирдлагын болон сургалтын байгууллагын бүтцийн оновчтой өөрчлөлт;
2.Санхүүжилтийн хүрэлцээтэй, найдвартай байдал;
3.Сургалт, дадлагын техник, технологийн шинэчлэлийн төвшин;
4.Сургалтын агуулга, арга зүйн шинэчлэлийн төвшин;
5.Хяналт-шинжилгээ, үнэлгээний аргын өөрчлөлт;
6.Хүний нөөцийн хандлагын өөрчлөлт, чадавхийн дээшлэлт;
7.Сургалтын орчны эерэг өөрчлөлт;
8.Эрх зүйн орчны бүрдэлт, нөлөөллийн зэрэг;
9.Эрэлт, хэрэгцээний өсөлт ба нийлүүлэлтийн харьцаа;
10.Хамтран ажиллах сонирхлын өсөлт;
11.Цаашдын хөгжлийн нөхцлийг хангаж, хөтөлбөрийн эрхэм зорилгод нийцсэн байдал;
АРВАН НЭГ.Хүлээх үр дүн
Боловсролын шинэ тогтолцоонд нийцсэн техникийн боловсрол, мэргэжлийн сургалтын уян хатан, нээлттэй, найдвартай дэд тогтолцооны суурь тавигдаж, сургалтын тогтолцоо нь бүхэлдээ шинэчлэгдэн чанартай үйлчилгээ явуулах боломжтой болсноор иргэдийн энэ төрлийн боловсролын эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдэж, үйлчлүүлэгчдийн хүрээ өргөжин тэдний амьдралын төвшингөө дээшлүүлэх үндсэн нэг нөхцөл бүрдэнэ.
-----оОо-----
Текст томруулах
A
A
A