- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- МАЛ СҮРГИЙГ ГАН, ЗУДААС ХАМГААЛАХАД ТУСЛАХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
Засгийн газрын 2001 оны 47 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт
МАЛ СҮРГИЙГ ГАН, ЗУДААС ХАМГААЛАХАД ТУСЛАХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
МАЛ СҮРГИЙГ ГАН, ЗУДААС ХАМГААЛАХАД ТУСЛАХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
Ган, зудын байдал, түүний давтамж
1. Бэлчээрийн мал аж ахуй нь олон зууны туршид монголчуудын нүүдлийн амьдралын гол хэв маяг, эдийн засгийн үндсэн салбар байсаар ирсэн бөгөөд байгалийн гамшигт өртөх магадлал ихтэй байдаг онцлогтой. Монгол орны бэлчээрт одоогоор тогтоогдоод буй 2600 гаруй ургамлаас 600 гаруй нь малын тэжээлийн үндсэн хэрэгцээг хангадаг. Хангайн өндөр уулын бэлчээрийн ургац зуншлага сайтай жилүүдэд олон жилийн дундаж ургацаас 26-38 хувиар ихсэж, гантай жилүүдэд 12-48 хувиар багасч байхад цөлөрхөг хээрийн бэлчээрийн ургац зуншлага, ургац сайтай жил 23.1-58.3 хувиар нэмэгдэж, гантай жилүүдэд 28-60.3 хувиар багасдаг байна.
Бэлчээрийн ургамлын шимт чанар өвөл, хаврын улиралд зуныхаас 2-3 дахин, шингэх протеин 3-4 дахин буурдаг байна. Өвөл, хаварт мал хоногт шаардагдах тэжээлийнхээ дөнгөж 40-50 хувийг бэлчээрээс авдаг. Ган, зудтай жилүүдэд бэлчээрийн даац хэвийн жилийнхээс 23-39 хувиар буурч, мал аж ахуйн үйлдвэрлэлд багагүй хохирол үзүүлсээр ирсэн юм.
2. Байгалийн гамшиг дотроос хамгийн их хохирол учруулдаг нь ган, зуд юм. Сүүлийн 60 жилийн судалгаанаас үзэхэд манай оронд ган, зудын давтамж богиносох хандлагатай болж, үлэмж хэмжээний хохирол учруулж, түүхэн сургамж үлдээсэн байна:
Ган, зудаас мал аж ахуйд учирсан хохирол
Он
|
Жил
|
Гамш-гийн төрөл
|
Хамарсан нутаг дэвсгэр (%)
|
Малын хорогдол /сая.тол/
|
|||
Том мал
|
Төл
|
||||||
Тоо
|
Хувь
|
Тоо
|
Хувь
|
||||
1944-1945
|
Бич, тахиа жил
|
Ган-зуд
|
9 аймгийн 65 хувь
|
8.1
|
33.2
|
1.1
|
17.0
|
1954-1955
|
Морь, хонь жил
|
Зуд
|
9 аймаг
|
1.9
|
8.2
|
0.3
|
4.0
|
1956-1957
|
Бич, тахиа жил
|
Зуд
|
11 аймаг
|
1.5
|
6.2
|
0.9
|
12.0
|
1967-1968
|
Хонь, бич жил
|
Ган-зуд
|
13 аймгийн 80 хувь
|
2.7
|
11.9
|
1.7
|
21.6
|
1976-1977
|
Луу, могой жил
|
Зуд
|
15 аймгийн 116 сумын 90 хувь
|
2.0
|
8.6
|
1.6
|
10.7
|
1986-1987
|
Туулай, луу
жил
|
Зуд
|
11 аймгийн 198 сумын 80 хувь
|
0.8
|
3.6
|
0.9
|
9.0
|
1993
|
Тахиа жил
|
Зуд
|
Завхан, Баянхонгор, Говь-Алтай аймгийн 30 сум
|
1.6
|
6.4
|
1.2
|
13.0
|
1996-1997
|
Хулгана, үхэр жил
|
Зуд
|
11 аймгийн 39 сум зудтай, 12 аймгийн 30 сум зудархуу
|
0.6
|
2.1
|
0.5
|
5.4
|
1999-2000
|
Туулай, луу жил
|
Ган-зуд
|
12 аймгийн 157 сум
|
3.0
|
8.9
|
1.2
|
12.1
|
Хөтөлбөр боловсруулах шаардлага
3. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр сүүлийн жилүүдэд төв Азийн эрс тэс уур амьсгалтай манай оронд байгалийн гамшиг, түүний дотор ган, зудын давтамж ойртож, эдийн засаг, нийгэмд ихээхэн хохирол учруулж байна.
Иймд эдийн засгийн үндсэн салбар болох мал аж ахуйг ган, зудаас сэргийлэн хамгаалах, байгалийн гамшиг тохиолдсон үед хүн хүч, хөрөнгө санхүүгийн нөөцийг зөв зохистой ашиглах, учирсан хохирлыг нөхөн хангахад баримтлах бодлогыг тодорхойлж, хэрэгжүүлэх арга хэмжээний тогтолцоог бүрдүүлэх үүднээс энэхүү хөтөлбөрийг боловсруулав.
Хөтөлбөрийг боловсруулахдаа 1944-2000 онуудад ган, зуд тохиолдсон үед Засгийн газар, аймаг, сумаас авч хэрэгжүүлж байсан зохион байгуулалт, үйл ажиллагаанд хийсэн дүгнэлт, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн санаачилга, дэмжлэгээр зохион байгуулсан "1999-2000 оны зудын сургамж" судалгааны зөвлөмж, эрдэмтдийн дүгнэлт санал, малчдын гамшгийг гэтлэн давдаг туршлага зэргийг үндэслэл болгов.
4. Хөтөлбөрийн зорилго. Мал сүргийг ган, зудаас сэргийлэн хамгаалах, ган, зуд тохиолдсон үед авах арга хэмжээ болон учирсан хохирлыг нөхөх тогтолцоог боловсронгуй болгож, тусламжийн сүлжээг бүрдүүлж, малчид, мал бүхий иргэд болон бүх шатны төрийн захиргааны байгууллагуудын үүрэг хариуцлагыг тодорхойлж, мал аж ахуйн үйлдвэрлэлийн тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн бодлого, зохицуулалт, дэмжлэг туслалцаа үзүүлэхэд хөтөлбөрийн зорилго оршино.
5. Хөтөлбөрийн зорилт. Хөтөлбөрийн зорилгыг дараахь зорилтуудаар хэрэгжүүлнэ:
Нэгдүгээр зорилт - Бэлчээрийн мал аж ахуйг байгалийн болзошгүй ган, зудаас урьдчилан сэргийлэх, аль болох хохирол багатай даван туулах бэлтгэл хангахад малчид, мал бүхий иргэд, аж ахуйн нэгж болон бүх шатны төрийн захиргааны байгууллагуудын гүйцэтгэх үүргийг тодорхойлж, хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ.
Хоёрдугаар зорилт - Ган, зудын нөхцөл байдалд үнэлгээ өгч, түүнийг хохирол багатай даван туулах үйл ажиллагаа, зохион байгуулалтын оновчтой хэлбэрийг тогтоож, гамшгийн тусламжийн сүлжээ бий болгож хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ.
Гуравдугаар зорилт - Ган, зудын улмаас эдийн засаг, малчид, мал бүхий иргэдэд учирсан хохирлын хэмжээг тогтоон, түүнийг богино хугацаанд нөхөх удирдлага зохион байгуулалтын бүтцийг бүрдүүлж, ажиллах нөхцөлийг сайжруулна.
6. Ган, зудаас мал сүргийг урьдчилан сэргийлэх, хамгаалах талаар малчид, мал бүхий иргэд, бүх шатны төрийн захиргааны байгууллагын түвшинд явуулах үйл ажиллагааны чиглэлийг доорхи байдлаар тодорхойлж, хүлээх үүрэг, хариуцлагын нарийн хуваарьтайгаар энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
7. Хөтөлбөрийн 1 дүгээр зорилтыг дараахь үйл ажиллагаагаар хэрэгжүүлнэ:
8. Малчдын зүгээс хэрэгжүүлэх үйл ажиллагаа:
8.1. Бэлчээрийг улирлаар хуваарьтай ашиглах, ялангуяа зун, намрын улиралд өвөлжөө, хаваржааны бэлчээрийг малын хөлөөс хамгаалах, түүний даацыг хэтрүүлж талхлахгүй байх, бэлчээрийг сайжруулах, нөхөн сэргээх, худаг, уст цэг, хашаа хороогоо засч сэлбэх, дулаалах, мал сүрэгтээ тарга хүч авахуулах зэргээр мал өвөлжүүлж, хаваржуулах бэлтгэлийг биеэ даан хангах;
8.2. Байгалийн болзошгүй ган, зудын аюулаас хамгаалах зорилгоор нэг хонин толгойд ойт хээрт 30 кг, өндөр уул, тал хээрийн бүсэд 10 кг, говийн бүсэд 3 кг-аас доошгүй нэмэгдэл тэжээлээр тэжээх өвс, түүнчлэн гар тэжээл, хужирын нөөцийг өөрсдийн хүч, хөрөнгөөр заавал бүрдүүлэх;
8.3. Мал сүргээ зохих хууль тогтоомжийн дагуу даатгалд хамруулах;
8.4. Цаг агаарын мэдээ, мэдээллийг мал аж ахуйн үйлдвэрлэлийн өдөр тутмын үйл ажиллагаанд бүтээлчээр ашиглаж хэвших;
8.5. Мал аж ахуйн үйлдвэрлэл, үйл ажиллагааг бусад малчидтай хорших, хамтын хөдөлмөр эрхлэх замаар хэрэгжүүлж хэвших;
8.6. Мал сүргийг ган, зудаас хамгаалах сумын санд жил бүр тодорхой хэмжээний хувь нэмэр оруулах.
9. Сум, багийн Засаг дарга, түүний Тамгын газар:
9.1. Сум бүр нэг хонин толгойд хоногт 1 кг-аас доошгүй өвсөөр тооцон нийт малыг 3-аас доошгүй хоног нэмэгдэл тэжээлээр тэжээх, сумын аюулаас хамгаалах өвс, тэжээлийн нөөцийг энэ жилээс эхлэн үе шаттайгаар хангаж, 2004 он гэхэд бүрэн бүрдүүлсэн байх;
9.2. Бэлчээр нутгийг малчдад эзэмшүүлэх, улирлаар хуваарьтай ашиглах ажлыг баталгаажуулан, өвөлжөө, хаваржааны бүс нутагт нутаглах хугацааг нарийвчлан тогтоож мөрдүүлэх;
9.3. Бэлчээрийн даац багтаамжийг жил бүрийн 8 дугаар сард багтаан баг бүрээр тогтоож, түүнд тулгуурлан мал өвөлжилт, хаваржилтын ерөнхий төлөвлөгөө боловсруулж, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулан хэрэгжүүлэх, бэлчээрийн хортон мэрэгчид устгах, хадлан тэжээл бэлтгэж сум, багийн нөөц бий болгох ажлыг цэргийн дүйцүүлэх албаны шугамаар хэрэгжүүлэх;
9.4. Дотоод нөөц бололцоог ашиглан гол, горхи, бороо, цасны усыг тогтоож бэлчээр, хадлангийн талбайг услах, хаших, чулууг цэвэрлэх, малын шивх, бууцаар бордох замаар бэлчээр, хадлангийн ургацыг нэмэгдүүлэх ажлыг төлөвлөгөөтэйгээр хэрэгжүүлэх;
9.5. Малын тэжээл үйлдвэрлэлийн хувийн жижиг цех байгуулж, түүнийг түүхий эдээр хангах ажлыг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын санаачилгад тулгуурлан зохион байгуулж, дэмжлэг, туслалцаа үзүүлэх;
9.6. Малчдын хамтын хүчээр бэлчээрт худаг, уст цэгийг шинээр гаргах, засварлах, эзэмшилт, ашиглалтыг сайжруулах ажлыг зохион байгуулах, ашиглалтгүй зэлүүд бэлчээрийг ашиглахыг дэмжиж урамшуулах;
9.7. Хээлтэгч, хээлтүүлэгч малын зохистой тохироог бүрдүүлж 2003 оноос эхлэн зөвхөн баталгаажсан хээлтүүлэгчийг үржилд ашиглах замаар мал сүргийн чанарыг сайжруулах;
9.8. Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээ, ялангуяа паразиттах өвчний эсрэг авах арга хэмжээний үр дүнг дээшлүүлж, малаа хамуу өвчнөөс, үхрийг гууртах өвчнөөс 2001 онд багтаан эрүүлжүүлэх;
9.9. Малчид, мал бүхий иргэд, аж ахуйн нэгж, байгууллага бүрээр өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг 10 дугаар сарын 1-ний дотор бүрэн хангуулан шалгаж, хүлээн авч хэвших;
9.10. Мал сүргийг даатгалд хамруулах зохион байгуулалтын арга хэмжээ авч, хэлэлцэл хийж хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
9.11. Бусад сумдын удирдлагатай мал оторлолт, бэлчээр ашиглалтын гэрээ, хэлцэл хийж хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
9.12. Малчдыг нүүлгэн шилжүүлэх үед дамжин өнгөрүүлэх түр цэг байгуулж, оторт яваа малчдад эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ, эм хангамж, худалдаа, соёлын үйлчилгээ үзүүлэх нөхцfлийг бүрдүүлж ажиллах;
9.13. Зудтай нөхцөлд цас арилгах, зам чөлөөлөх техник хэрэгслийг малчдаар бэлтгүүлэх, сум, багтаа шатах тослох материал, хөрөнгө санхүүгийн зохих нөөцтэй болсон байх;
9.14. Малчдын дунд хоршоо, нөхөрлөл, фермийн аж ахуй байгуулахын ач холбогдлыг сурталчлах, урамшуулан дэмжих.
10. Аймаг, нийслэлийн Засаг дарга, түүний Тамгын газар:
10.1. Бэлчээрийн эдэлбэр газрын эзэмшилт, ашиглалтыг сайжруулан, хадлангийн хэмжээг нэмэгдүүлж, нэг хонин толгойд хоногт 1 кг өвсөөр тооцож нийт малыг 3-аас доошгүй хоног нэмэгдэл тэжээлээр тэжээх өвс, тэжээлийн аймгийн аюулгүйн нөөцийг 2001 оноос эхлэн жил бүр заавал бүрдүүлсэн байх;
10.2. Хадлангийн талбай багатай аймгууд гар тэжээл болон биологийн гаралтай тэжээл бэлтгэлийн хэмжээг нэмэгдүүлэх, хангайн бүсийн аймаг, сумдтай хоршин ажиллах асуудлыг судлан хэрэгжүүлэх;
10.3. Шинээр барих хашаа байрны зураг төсөл, түүнд тавигдах шаардлагыг орон нутгийн байгаль, цаг уурын онцлогт тохируулан боловсруулж, малчдад зөвлөмж болгон хэрэгжүүлэх;
10.4. Аймаг, сум дундын отрын нөөц нутгийн хил, даац багтаамжийг тогтоож, хамгаалалтад авч зохистой ашиглах, мал сүргийг өөр аймаг, сумын нутагт оторлох, өвөлжүүлэх гэрээ хэлцлийг тухайн аймгийн удирдлагатай зохицон хамтарч ажиллах;
10.5. Бэлчээр усжуулах ерөнхий төлөвлөгөө боловсруулж, аймгийнхаа төсөв, хамтын хүч, хандивын хөрөнгөөр худаг ус гаргах ажлыг хэрэгжүүлэх;
10.6. Мал сүргийг ган, зудаас хамгаалах арга ажиллагааны талаар хашир туршлагатай малчдын арга ажиллагааг залуу малчид, өсвөр үеийнхэнд эзэмшүүлэх, зааж сургах ажлыг тусгай хөтөлбөрийн дагуу зохион байгуулж хэрэгжүүлэх;
10.7. Ган, зудын үед шаардагдах унаа, бензин шатахуун, эм бэлдмэл, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангах, малчдын дунд эрүүл мэнд, нийгмийн хамгааллын чиглэлээр авах арга хэмжээ, ажил, үйлчилгээний төлөвлөгөөг урьдчилан боловсруулж хэрэгжүүлэх бэлтгэлийг хангасан байх;
10.8. Цасанд хаагдсан зам, давааны цас арилгах, зам гаргах хөдөлгөөнт түр отряд зохион байгуулан ажиллуулж байх.;
10.9. Төв, суурин газарт шилжин ирж буй иргэдийн хөдөлгөөнийг уян хатан зохицуулах, ажлын байраар хангах арга хэмжээ авч хэрэгжүүлэх.
11. Хүнс, хөдөө аж ахуйн яам:
11.1. Мал сүргийг ган, зудаас хамгаалахад туслах хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх арга хэмжээг хууль зүйн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран боловсруулж шийдвэрлэх;
11.2. Бүсүүдэд аймаг дундын отрын нутаг бий болгох асуудлыг судлан, хил хязгаарыг тогтоох, зохистой ашиглах болон ган, зудын нөхцөл байдалд үнэлгээ хийх журам, хэрэглэх аргачлалыг Байгаль орчны яамтай хамтран боловсруулж мөрдүүлэх;
11.3. Аймаг, сумын аюулаас хамгаалах сан бүрдүүлэх чиглэлээр бодлого, үйл ажиллагааны дэмжлэг туслалцаа үзүүлэх;
11.4. Шинээр гаргах, засварлах уст цэг, бэлчээрийн хортон мэрэгч, шавьжтай тэмцэх, улсын нөөцийн өвс, тэжээлийн хэмжээг нэмэгдүүлэх зэрэг асуудлыг судлан боловсруулж, шаардагдах хөрөнгийг улсын төвлөрсөн төсөвт тусгуулах арга хэмжээ авах;
11.5. Ган, зудын давтамж ихтэй болон отрын бүс нутгийн бэлчээрийн даац тодорхойлох ажлыг хийх;
11.6. Бэлчээрийн ургац, даац багтаамжийг аймаг бүрээр жил бүрийн 9 дүгээр сард багтаан тодорхойлж, шаардлагатай нөхцөлд малчид нүүн отроор өвөлжиж, хаваржих, бэлчээр нутгийн асуудлыг зохицуулах;
11.7. Улсын нөөцийн өвс, тэжээлийн цэг, салбаруудын тоог нэмэгдүүлэн зөв байршуулах, хүчин чадлыг сайжруулах асуудлыг боловсруулан шийдвэрлүүлж 1 хонин толгойд 1 кг өвсөөр тооцон нийт малын 25 хувийг 3-аас доошгүй хоног тэжээх өвс, тэжээлийн нөөцийг 2001 оноос эхлэн бүрдүүлэх;
11.8. Улсын нөөцөд удаан хадгалах боломжтой, овор багатай, уураг, энергийн агууламж ихтэй тэжээлийн ургамал (шар буурцаг, вандуй, эрдэнэ шиш, овъёос, царгас гэх мэт)-ыг улсын захиалга даалгавраар тариалах, түүнд шаардагдах хөрөнгийг зээл, төсөл, хөрөнгө оруулалтын бодлогоор дэмжих ажлыг 2002 оноос эхлэн хэрэгжүүлэх;
11.9. Тухайн жилийн байгаль, цаг уурын урьдчилсан тойм, бэлчээрийн даацыг харгалзан зах зээлийн эрэлт хэрэгцээтэй уялдуулан мал сүргийн зохих хэсгийг бэлтгэж бүтээгдэхүүн хэлбэрээр дотоод, гадаадын зах зээлд борлуулах асуудлыг зохицуулах;
11.10. Өвс, тэжээл бэлтгэх шинэ техник технологийг гадаадын төсөл хөтөлбөртэй уялдуулан хэрэгжүүлэх;
11.11. Аймгийн Засаг даргаас тавьсан санал хүсэлтийг үндэслэн мэргэжлийн хэсэг томилон ган, зуд болсон эсэх, түүний зэрэглэл, хамрах хүрээг тогтоож, цагийн байдалтай холбогдуулан авах арга хэмжээг боловсруулж шийдвэрлүүлэх;
11.12. Цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээнд тулгуурлан мал аж ахуйн үйлдвэрлэлд үзүүлэх сөрөг нөлөөллийг тооцож, болзошгүй хохирлыг гэтлэн давах асуудлыг холбогдох яамдтай хамтран жил бүрийн 9 дүгээр сард багтаан боловсруулж, төв, орон нутгийн төрийн захиргааны байгууллагуудад хүргэн хэрэгжүүлэх;
11.13. Ган, зудаас урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг нөхөх чиглэлээр холбогдох төрийн бус байгууллагуудтай гэрээтэй ажиллах;
11.14. Эрсдэл багатай аж ахуйн оновчтой хэлбэр, малын төрөл, тоо хэмжээний загварыг боловсруулж сурталчлах.
12. Байгаль, орчны яам:
12.1. Ус, цаг уурын хүрээлэнгээс жил бүрийн 4, 8 дугаар сард гаргадаг зун, өвлийн цаг агаарын урьдчилсан төлөв байдлын тухай мэдээллийг найдвартай болгож, ган, зуд болох эсэхийг 6 сараас багагүй хугацааны (урьдчилан хамгаалах бэлтгэл хангаж болохуйц) өмнө аймаг, сумын нутаг дэвсгэрийн нарийвчлалтай гарган мэдээлэх;
12.2. Цаг агаарын аюултай үзэгдэл болон гамшгийн сэрэмжлүүлэг, урьдчилан сэргийлэх мэдээг тусгай сэрээ дохиогоор холбоо, мэдээллийн бүх хэрэгслээр байнга шуурхай дамжуулан мэдээлэх;
12.3. Уур амьсгалын өөрчлөлт, түүнээс мал сүргийг хамгаалах чиглэлээр төв, орон нутгийн мэдээллийн хэрэгслийг ашиглан малчид, мал бүхий иргэдэд сургалт сурталчилгаа явуулах.
13. Батлан хамгаалах яам:
13.1. Болзошгүй ган, зудын гамшгаас урьдчилан сэргийлэх, хохирлыг багасгах, ган, зудын үед ажиллах иргэний хамгаалалтын иж бүрэн болон команд штабын сургууль хийж дадлага олгох сургалт семинарыг төв, орон нутгийн төрийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлагаар дамжуулж малчдад хүргэх ажлыг зохион байгуулах;
13.2. Ган, зудтай болох нь тогтоогдсон нөхцөлд холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн иргэний хамгаалалтын өндөржүүлсэн байдал зарлах, татан буулгах тухай журам боловсруулж мөрдүүлэх;
13.3. Ган, зудын үед ажиллах хүч хэрэгслийг иргэний хамгаалалтын тайван цагийн төлөвлөгөөний дагуу удирдан зохион байгуулах.
14. Санхүү, эдийн засгийн яам:
14.1. Ган, зудын болзошгүй эрсдэлээс хамгаалах зардлыг холбогдох яамны саналыг үндэслэн жил бүрийн улсын төсөвт тусгаж байх;
14.2. Усан хангамж хүрэлцээгүй отрын бүс нутагт уст цэг тогтоох эрэл хайгуул хийх, инженерийн хийцтэй худаг шинээр гаргах, засварлах, бэлчээрийн хортон мэрэгчидтэй тэмцэхэд шаардагдах нэмэлт хөрөнгийг холбогдох яам, аймгийн саналыг үндэслэн эхний ээлжинд жил бүрийн улсын төсөвт тусган хэрэгжүүлэх;
14.3. "Мал хамгаалах сан" байгуулах асуудлыг холбогдох яам, газруудтай хамтран боловсруулж, эрх зүйн орчин бүрдүүлэх үндсэн дээр 2001 онд багтаан ажиллуулах;
14.4. Мал сүргийн даатгалын тогтолцоо бий болгож, олон улсын давхар даатгалд хамруулах асуудлыг зохицуулах.
15. Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам:
15.1. Залуу малчид, өсвөр үеийнхэнд мал аж ахуйн үйлдвэрлэлийг эрхлэн хөтлөх уламжлалт болон шинжлэх ухааны арга технологи, амьдрах ухаанд сургах сургалтыг сумын сургуулийн баазад түшиглэн тусгай хөтөлбөрийн дагуу үе шаттайгаар зохион байгуулах;
15.2. Ган, зудыг прогнозлох, урьдчилан сэргийлэх, малын тэсвэрт чанарыг сайжруулах, бэлчээр ашиглалтыг дээшлүүлэх, малын тэжээл үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх чиглэлийн Шинжлэх ухаан, техник, технологийн төслийг үе шаттай хэрэгжүүлэх.
16. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам:
16.1. Ган, зудад нэрвэгдсэн хүн амын эдийн засаг, нийгмийн эмзэг байдлын үнэлгээг 2001 оноос эхлэн хийж, бодлого, стратегийг холбогдох яамдтай хамтран боловсруулж хэрэгжүүлэх.
17. Эрүүл мэндийн яам:
17.1. Ган, зудын давтамж өндөртэй бүс нутаг, сум, багийн эрүүл мэндийн байгууллагыг мэргэжлийн боловсон хүчин, шаардлагатай эм бэлдмэл, эмнэлгийн тоног төхөөрөмж, хэрэгсэл, дуудлагын машин, хөдөлгөөнт холбоогоор хангах арга хэмжээг энэ оноос эхлэн эхний ээлжинд зохицуулан хангах;
17.2. Ган, зудын үед үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, эм хангамжийн талаар орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад чиглэл, зөвлөмж өгч мөрдүүлэх.
18. Дэд бүтцийн яам:
18.1. Сум, багийн холбоог хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө боловсруулан эхний ээлжинд ган, зудын давтамж өндөртэй сум, багийг, цаашид бүх сум, багийг холбоожуулах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх;
18.2. Малчдыг жижиг радио хүлээн авагчаар хангах асуудлыг шийдвэрлэх.
19. Хөтөлбөрийн хоёрдугаар зорилтыг хэрэгжүүлэх үйл ажиллагаа:
19.1. Ган, зуд тохиолдсон үед авч хэрэгжүүлэх арга хэмжээг "Иргэний хамгаалалтын тухай" хуулийн дагуу Улсын байнгын онцгой комисс эрхэлнэ. Улсын байнгын онцгой комиссын өдөр тутмын үйл ажиллагааг эрхлэх газар нь Улсын иргэний хамгаалалтын газар байна.
19.2. Улсын байнгын онцгой комисс нь ган, зудын хүрээнд үйл ажиллагаа явуулахдаа төрийн захиргааны төв болон орон нутгийн байгууллагатай хамтран энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж ажиллана. Яам, агентлаг нь өөр өөрийн эрхэлсэн ажлын чиг үүргийн дагуу холбогдох мэдээлэл, судалгаагаар Улсын байнгын онцгой комиссыг хангаж, холбогдох асуудлаар түүний өмнө үүрэг, хариуцлага хүлээнэ.
19.3. Ган, зуд тохиолдсон аймаг, нийслэлийн Байнгын онцгой комисс нь тухайн орон нутгийнхаа хэмжээнд ган, зудыг хамгийн хохирол багатай даван туулах зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Аймгийн Байнгын онцгой комисс нь Улсын онцгой комиссыг холбогдох мэдээллээр, сумын онцгой комиссыг удирдлагаар хангаж ажиллана.
19.4. Ган, зуд тохиолдсон үед улс, аймаг, сумын нөөцөөс малчдад өвс, тэжээл, хүнсний болон ахуйн хэрэглээний бараагаар туслах арга хэмжээ авч болно. Тэрхүү арга хэмжээ нь тухайн бараа, материалыг худалдах болон нөхөн бүрдүүлэх нөхцөлтэй байна.
19.5. Ган, зудын үед болон учирсан хохирлыг нөхөн барагдуулахад чиглэгдсэн дотоодын байгууллага, иргэдийн хандив, тусламж, гадаад орон, олон улсын байгууллага, иргэдийн хандив, тусламж, эд хөрөнгийг улс, аймаг, нийслэл, сум, дүүргийн онцгой комиссоор буюу тусламжийн сүлжээний шугамаар дамжуулан малчдад хүргэнэ. Тусламжийн бараа, материалын хүргэлт, зарцуулалт, үр дүнгийн байдлыг аймаг, сумын Байнгын онцгой комисс нь Улсын байнгын онцгой комисст тайлагнах үүрэгтэй.
20. Хөтөлбөрийн гуравдугаар зорилтыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг Улсын байнгын онцгой комисс, бүх шатны төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлнэ:
20.1. Ган, зудад нэрвэгдсэн бүс нутаг, аймгийн нийгэм, эдийн засагт гарсан хохирлыг аймаг, нийслэлийн Байнгын онцгой комисс эрхлэн тооцож, түүнийг богино хугацаанд нөхөхтэй холбогдсон цогц арга хэмжээг төлөвлөн Улсын байнгын онцгой комисст ирүүлнэ;
20.2. Улсын байнгын онцгой комисс нь ган, зудын хохирлын нэгдсэн дүн, сургамж, цаашид авах арга хэмжээний санал (ган, зудын хохирлыг нөхөх, арилгахтай холбогдсон нэгдсэн төлөвлөгөө)-ыг холбогдох төрийн захиргааны төв байгууллагыг оролцуулан боловсруулж, Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэн шийдвэрлэнэ.
21. Хөтөлбөр хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд удирдан зохицуулах, хяналт тавих үүргийг Хүнс, хөдөө аж ахуйн яам хариуцна:
21.1. Хүнс, хөдөө аж ахуйн яам нь:
а/ хөтөлбөрийг жил бүр нэгдсэн төлөвлөгөөтэйгээр удирдан зохион байгуулж, хяналт тавих, үр дүнг тооцох;
б/ хөтөлбөрт заасан арга хэмжээг хэрэгжүүлэх явцад яам, агентлагуудын ажлыг уялдуулан зохицуулах;
в/ хөтөлбөрт шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг тооцон Санхүү, эдийн засгийн яамаар батлуулах, хуваарилан зарцуулах, холбогдох байгууллагуудтай хамтран хяналт тавих;
г/ хөтөлбөр хэрэгжүүлэх асуудлаар аймаг, нийслэлийн Засаг дарга, түүний Тамгын газрыг чиглэл, арга зүйгээр хангах.
21.2. Хүнс, хөдөө аж ахуйн яам нь хөтөлбөрийн хэрэгжилтийг жил бүрийн 11 дүгээр сарын 1-ний дотор Засгийн газарт тайлагнаж байна.
22. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор улс, аймаг, суманд "Мал хамгаалах сан" байгуулна. Сан нь дараахь санхүүгийн эх үүсвэрээс бүрдэнэ:
а/ улсын төвлөрсөн болон орон нутгийн төсвөөс жил бүр энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зориулж олгох хөрөнгө;
б/ гадаад орон, олон улсын байгууллагаас ган, зудаас хамгаалах, хохирлыг нөхөхтэй холбогдуулан олгож байгаа зээл, тусламж;
в/ бэлчээр ашигласны болон мал аж ахуйн орлогын албан татварын тодорхой хэсэг;
г/ иргэд, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагын хандив, тусламж.
23. Энэхүү хөтөлбөрийг 2001-2005 оныг дуустал хугацаанд хэрэгжүүлнэ.
24. Хүнс, хөдөө аж ахуйн яам Хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөө гарган, хэрэгжүүлэх үйл ажиллагаа нэг бүрийг хэрэгжих хугацаа, хариуцах байгууллага, эзэн, гарах хөрөнгийн эх үүсвэртэйгээр боловсруулж, Улсын байнгын онцгой комиссоор батлуулж мөрдүүлнэ.
25. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр дараахь үр дүн гарна:
а/ мал сүргийг ган, зудаас хамгаалах эрх зүйн орчин боловсронгуй болно;
б/ мал сүргийг ган, зудаас хамгаалахад туслах тогтолцоо, тусламжийн нэгдсэн сүлжээ бүрэлдэж, мал хамгаалах улсын нэгдсэн сан бий болно;
в/ ган, зудын үнэлгээний нэгдсэн журам тогтож, бүх шатанд зохион байгуулж, хэрэгжүүлэх ажлын чиглэл тогтсоноор гарах үр дүн, хүлээх хариуцлага сайжирна;
г/ мал бүхий иргэд, аж ахуйн нэгж, байгууллага болон бүх шатны төрийн захиргааны байгууллагын үүрэг, хариуцлагын тогтолцоог бүрдүүлснээр байгалийн бэрхшээл ган, зудыг хохирол багатай даван туулах орчин бүрэлдэж эхэлнэ;
д/ улсын хэмжээгээр 700.0 мянган тонн тэжээлийн нэгжээс доошгүй хэмжээний өвс, тэжээл бэлтгэдэг болно;
е/ малчид мал сүргээ ган, зудаас хамгаалах зорилгоор нэг хонин толгойд 10 кг-аас доошгүй тэжээлийн нэгжтэй тэнцэх хэмжээний өвс, тэжээлийг заавал бэлтгэдэг болж, малын хашаа, байр, усан хангамжийн түвшин дээшилнэ;
ж/ мал сүргийг Олон улсын давхар даатгалд хамруулж, улс орны эдийн засгийн аюулгүй байдлын баталгаа сайжирна;
з/ бэлчээрийг үнэлгээжүүлж, эдийн засгийн харилцаанд шилжүүлэх эрх зүйн орчин бүрдсэнээр даац, багтаамжид тохирсон мал сүргийг өсгөн үржүүлж, мал аж ахуйн үйлдвэрлэл тогтвортой хөгжих боломжтой болно.
----оОо-----
Текст томруулах
A
A
A