- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛ" ХӨТӨЛБӨР /1995-2000 он/
Засгийн газрын 1995 оны 46 дугаар тогтоолын 1-р хавсралт
СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛ" ХӨТӨЛБӨР /1995-2000 он/
Нэг.Хөтөлбөрийн үндэслэл, хамрах хүрээ
1.1.Удиртгал
СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛ" ХӨТӨЛБӨР /1995-2000 он/
Улс орны хөгжил нь хүний хүчин зүйлээс хамаарах бөгөөд хүний хөгжлийн үндэс нь хүүхэд ахуй насандаа бүрэлдэн тогтдогийг харгалзан хөгжлийн хэтийн төлөвийн талаар явуулах төрийн бодлогын салшгүй хэсэг нь хүүхэд багачуудын хүмүүжил, боловсролын асуудалд чиглэгддэг. Харьцангуй өргөн уудам нутаг дэвсгэртэй, нүүдлийн болон суурин соёл иргэншил хосолсон, хүн ам цөөн, нийт хүн амын 2З хувь нь сургуулийн өмнөх насны хүүхэд эзэлдэг, эмэгтэйчүүдийн олонхи нь хөдөлмөр эрхэлдэг, хүүхэд ихэвчлэн 8 насандаа сургуульд орж боловсрол олж эхэлдэг Монгол орны хувьд хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх бодлогыг цэгцтэй,тодорхой чиглэлээр хэрэгжүүлэх нь нэн ач холбогдолтой юм.
Хүүхдэд аливаа зүйлийг амархан тусгаж хүлээн авах, танин мэдэхийн оргилуун хүсэл эрмэлзэл бий болох идэвхтэй байдал 5-7 насандаа илүүтэй илэрдэг бөгөөд энэ үед тэдний хүмүүжил, төлөвшилд нөлөөлөхөд хялбар байдаг учир хөгжингүй орнууд хүүхдийг 5-6 насанд нь сургуульд элсүүлж сургадаг байна. Хөгжингүй орнуудын ерөнхий боловсролын сургуулийн 1, 2 дугаар ангийн хүүхдийн сургалтын хөтөлбөр нь манай цэцэрлэгийн хүүхдийн ахлах, бэлтгэл бүлгийн хүмүүжил, сургалтын хөтөлбөртэй төстэй байдаг байна. Гэвч цэцэрлэгийн хүрээнд явагддаг хүмүүжил, сургалтын ажилд хүүхдийг хамруулж чадахгүй байгаа нөхцөлд бага насны хүүхдийг идэвхтэй хөгжлийн үед нь зохих ёсоор хөгжүүлж төлөвшүүлэх тааламжтай орчин, нөхцөлийг бүрдүүлэхэд эцэг эх, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, олон нийтийн анхаарлыг хандуулах шаардлагатай байгааг харгалзан үзэж энэ талаар баримтлах зорилт, бодлого, хэрэгжүүлэх арга хэмжээг хөтөлбөрт тусгалаа.
Сургуулийн өмнөх боловсрол нь хүүхдэд бага наснаас нь сурах, мэдэх эрмэлзэл төрүүлж, сурах үйл ажиллагааны анхны чадвар дадал эзэмшүүлэх, сургуульд амжилттай суралцах үндсэн суурийг тавьдгаараа онцгой ач холбогдолтойг үндэс болгож хүүхдийн хэл яриа, танин мэдэхүй, сэтгэцийн чадварыг багаас нь хөгжүүлж, тэднийг хүрээлэн байгаа байгаль, нийгмийн талаар зохих ойлголттой, тоолох, бодох, зурах, урлан бүтээх, дуулах, бүжиглэх, хөгжимдөх анхны мэдэгдэхүүнтэй болгох, өнгө, хэлбэр дүрс, хэмжигдэхүүн, орон зай, цаг хугацааны төсөөлөл олгох, ардын зан үйл, ёс горимыг эрхэмлэдэг, орчныхоо эд юмс, хүмүүс, үе тэнгийнхэнтэйгээ зөв харьцдаг болгон хөгжүүлж хүмүүжүүлэхэд анхаарах нь зүйтэй байна.
Сургуулийн өмнөх боловсролыг олгож ирсэн үндсэн байгууллага цэцэрлэгүүд барилга, бусад материаллаг баазын хувьд бэхжиж, мэргэжлийн боловсон хүчнээр хангагдан, хүмүүжил сургалтын ажлын агуулга, арга зүй боловсронгуй болж хөгжлийн зохих түвшинд хүрсэн хэдий ч зах зээлд шилжиж буй өнөөгийн нөхцөлд цэцэрлэгүүдийн хэвийн ажиллагаа алдагдаж, түүнд хамрагдах хүүхдийн тоо цөөрсөөр байгаа нь өмнө олсон амжилтаасаа ухрахад хүргэж байна.
Цэцэрлэгийн тоо 1994 оныг 1990 онтой харьцуулахад 16,6%, түүнд хамрагдах хүүхдийн тоо З8,4%-иар буурчээ.
Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын ажилд дараахь бэрхшээл, дутагдал оршиж байна:
-сургуулийн өмнөх боловсролын үнэ цэнийг хүмүүс тэр бүр гүнзгий мэдрэхгүй, ухаарахгүй байгаа;
-цэцэрлэгт хамрагдаагүй хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгох ажил урсгалаар явж ирсэн; -гэр бүлд хүүхдийг хөгжүүлж, хүмүүжүүлж ирсэн уламжлалыг орчин үеийн сурган хүмүүжүүлэх ухааны үндэслэлтэй хослуулан хэрэглэж чадаагүй;
-манай орны хүн амын олонхийн амьжиргааны түвшингээс шалтгаалж цэцэрлэгт зарцуулж байгаа хөрөнгийн эцэг эхэд ногдох хэсгийг нэмэгдүүлэх боломжгүй байгаа;
-төсөв хүрэлцэхгүйгээс орон нутгийн зарим цэцэрлэгийн хэвийн ажиллагаа алдагдсан;
-сургуулийн өмнөх насны хүүхдийг хөгжүүлэхэд чиглэсэн нэмэгдэл арга хэмжээнд хөрөнгө гаргах боломж хязгаарлагдмал байгаа эдгээр болно.
1.2.Сургуулийн өмнөх боловсролын талаар явуулах төрийн бодлого, зорилт
Хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгох талаар төрөөс явуулах бодлогын зорилт нь сургуулийн өмнөх боловсролыг зөвхөн цэцэрлэгийн хүмүүжил сургалтын ажилтай холбон үзэж ирсэн явцуу ойлголтыг өөрчилж, нийт хүүхдийг хөгжүүлэхэд эцэг эх, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, төр засаг, олон түмний хүч анхаарлыг төвлөрүүлэхэд оршино.
Хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгох ажлыг төв,суурин газар /нийслэл, аймаг, сумын төв/-т "цэцэрлэг-гэр бүл", хөдөөд "гэр бүл-цэцэрлэг" гэсэн хувилбараар хэрэгжүүлэх чиглэл баримтлах нь зүйтэй гэж үзэж байна. Дээрх хэлбэрээр сургуулийн өмнөх боловсрол олгох ажлыг зохион байгуулахад цэцэрлэг нь тухайн орон нутаг/тойрог/-ийнхаа сургуулийн өмнөх насны хүүхдийг хөгжүүлэх ажлыг хариуцах төв байгууллага байх ёстой. Өөрөөр хэлбэл "цэцэрлэг-гэр бүл" гэсэн хэлбэрээр төв, суурин газрын хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгоход цэцэрлэг зонхилох үүрэгтэй байж, эцэг, эхчүүд дэмжлэг туслалцаа үзүүлэхээр, "гэр бүл-цэцэрлэг" гэсэн хэлбэрээр малчдын хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгоход хүүхэд гол төлөв гэр бүлийн орчинд хөгжиж төлөвших, сум /баг/-ын цэцэрлэгээс эцэг эх, хүүхдэд мэргэжлийн туслалцаа үзүүлж, хүүхдийг богино хугацаагаар цэцэрлэгийн хүмүүжил, сургалтын ажилд хамруулж байхаар зохион байгуулахад чиглэх юм. Хүүхдийг багаас нь тодорхой хугацаагаар цэцэрлэгийн хүмүүжил, сургалтын ажилд хамруулах нь тэднийг хамт олны дунд зохион байгуулалттай үйл ажиллагаанд оролцуулж сургах,нийгмийн талаас нь төлөвшүүлэхэд ач холбогдолтой гэж үзэж байна.
"Цэцэрлэг-гэр бүл", "гэр бүл-цэцэрлэг" гэсэн хэлбэрээс гадна хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх ажлыг эцэг эх, аж ахуйн нэгж, байгууллага, иргэд санаачилгаараа сайн дурын холбоо, өрхийн цэцэрлэг зэрэг арга хэлбэрээр хэрэгжүүлж болох бөгөөд үүнийг гүйцэтгэгч нь нутгийн захиргааны болон боловсролын асуудал эрхэлсэн байгууллагатай сургалтын агуулга, хөтөлбөрийг тохиролцсон байна.
Хөтөлбөрөөр дараахь зорилтыг шийдвэрлэнэ:
-нүүдлийн болон суурин соёл иргэншлийн нөхцөлд тохирсон сургуулийн өмнөх боловсролын тогтолцоог бий болгох;
-сургуулийн өмнөх насны хүүхдийн хүмүүжил, сургалтын ажлын агуулга, арга зүйг боловсронгуй болгох, хүмүүжил, сургалтын хэрэглэгдэхүүний хангамжийг сайжруулах;
-төрийн бус өмчид суурилсан сургуулийн өмнөх насны боловсролын байгууллага, аж ахуйн нэгжийг дэмжих;
-хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгоход эцэг, эхийн үүргийг нэмэгдүүлэх, өрх гэрийн сургалтыг дэмжин өргөжүүлэх;
-сургуулийн өмнөх боловсролын байгууллагын боловсон хүчний шинэ нөхцөлд ажиллах чадавхийг сайжруулах.
1.З.Хөтөлбөрийн шалгуур үзүүлэлт, хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндсэн зарчим
Хөтөлбөрийн хэрэгжилтийг дараахь шалгуур үзүүлэлтээр үнэлнэ:
-сургуулийн өмнөх боловсролд хамрагдах хүүхдийн тоог 80-аас дээш хувьд хүргэх;
-нийт хүүхдийн 75-аас дээш хувь нь сургуульд элсэн суралцах бэлтгэл хангалтын түвшингийн жишиг /стандарт/-ийг хангасан байх;
-төрийн бус өмчид суурилсан сургуулийн өмнөх боловсрол олгох байгууллага, түүнд хамрагдах хүүхдийн тоог нэмэгдүүлэх;
-хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгох талаар нутгийн захиргааны байгууллагаас авсан удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээ, тэдгээрийн үр дүн;
-сургуулийн өмнөх насны хүүхдийг хөгжүүлж хүмүүжүүлэх ажлын агуулга, арга барилын шинэчлэл;
-тоглоом наадгай, хүмүүжил сургалтын хэрэглэгдэхүүний хангамжийн түвшин.
Хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ дараахь үндсэн зарчмыг баримтална:
-хөтөлбөр хэрэгжүүлэх үйл ажиллагааг эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлоготой уялдуулан зохицуулах;
-төр, засгийн болон Засгийн газрын бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, эцэг,эхчүүд, гадаадын хандивлагчдыг сургуулийн өмнөх насны хүүхдийг хөгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулахад өргөн оролцох боломжоор хангах, тэдний олон талт үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, хөрөнгө, хүчийг зохистой хуваарилах;
-хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг үндэсний болон орон нутгийн түвшинд гүйцэтгэх;
-сургуулийн өмнөх боловсролын хөгжлийн өнөөгийн түвшинг хадгалахын зэрэгцээ олон хувилбартай шинэ тогтолцоог бүрдүүлэх;
-сургуулийн өмнөх боловсролыг олгох ажил гэр бүл, хүүхэд бүрт хүртээмжтэй байх.
1.4.Хөтөлбөрийн санхүүжилт
Хөтөлбөрийн санхүүжилтийг дараахь зарчмаар шийдвэрлэнэ:
-төрийн өмчийн цэцэрлэгийн санхүүжилтийг зах зээлийн харилцааны нийтлэг зарчимд нийцүүлэн зохицуулах, цэцэрлэгүүдийн хүч чадлыг бүрэн ашиглах, үйлчлэх хүрээ, үүргийг нэмэгдүүлэх /хагас өдрийн, цагийн, улирлын ажиллагаатай болон нүүдлийн журмаар ажиллуулах зэрэг/ чиглэлээр хүүхдэд зориулсан хөрөнгийн үр ашгийг дээшлүүлэх бодлого, зохицуулалтын арга хэмжээ авах;
-бага насны хүүхдийг хөгжүүлж хүмүүжүүлэхэд тухайлбал, сургуулийн өмнөх боловсролын байгууллагыг санхүүжүүлэхэд бодитой туслалцаа үзүүлж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд төрөөс эдийн засгийн урамшуулал, дэмжлэг үзүүлэх механизмыг бий болгох;
-хөтөлбөрийг хэрэгжүүлэх зориулалтаар гадаад орон, олон улсын байгууллагаас авах тусламж дэмжлэгийг өргөтгөж, санхүүжилтийн найдвартай эх үүсвэрийг бий болгох.
Хоёр. Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт
2.1.Хөтөлбөрийг хэрэгжүүлэх тогтолцоо
Хөтөлбөрийг хэрэгжүүлэгч нь дараахь тогтолцооноос бүрдэнэ:
-"Сургуулийн өмнөх боловсрол" хөтөлбөрийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх ажлыг Шинжлэх ухаан, боловсролын яам хариуцаж, сургуулийн өмнөх боловсролын тодорхой асуудлаар холбогдох яам, тусгай газар, аж ахуйн нэгж, байгууллага, гадаад орон, олон улсын байгууллагатай хамтран ажиллаж, хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохицуулан зохион байгуулна;
-орон нутгийн түвшинд хөтөлбөрийн хэрэгжилтийг аймаг, нийслэлийн Засаг дарга хариуцаж, удирдлага, зохион байгуулалт, хяналтын үүргийг гүйцэтгэх бөгөөд тухайн аймаг, нийслэлийн Засаг даргын Нийгмийн бодлогын хэлтэс, Боловсролын төв /Боловсролын газар/ буюу боловсролын асуудал хариуцсан ажилтан нь хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг хариуцан зохион байгуулна;
-дэвсгэр нутагтаа хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг сум, дүүргийн Засаг дарга хариуцна.
2.2.Засгийн газрын бус байгууллага, олон түмний оролцоо
Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Засгийн газрын бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг дараахь байдлаар оролцуулахыг дэмжинэ:
-Засгийн газрын бус байгууллагууд нь тодорхой төсөл, бусад арга хэмжээг дангаараа болон олон улсын хийгээд Засгийн газрын бус бусад байгууллагатай хамтран хэрэгжүүлэх, хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлэх, хяналт тавих, олон түмнийг өргөн оролцуулах;
-аж ахуйн нэгж, байгууллага нь ажиллагчдынхаа сургуулийн өмнөх насны хүүхдийг цэцэрлэгт хамруулах, тэдний цэцэрлэгт хамрагдаагүй хүүхдийг хөгжүүлэхэд хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлэх;
-эцэг, эх үр хүүхдээ зөв хөгжүүлэх, хүмүүжүүлэхэд санаачлага, хүч чармайлт гаргаж, анхдагч үүрэгтэйгээр оролцох.
2.З.Олон улсын хамтын ажиллагаа
Хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ дотоодын нөөц бололцоог дээд зэргээр ашиглахын зэрэгцээгээр хөтөлбөрт тусгагдсан зорилтуудыг шийдвэрлэхэд хоёр талын болон олон улсын хамтын ажиллагааг бүх талаар өргөжүүлэн хөгжүүлж дараахь арга хэлбэрээр ажиллана:
-хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд гадаад орон, олон улсын байгууллагаас үзүүлэх тусламж дэмжлэгийг Монгол Улсын боловсролын шинэчлэлд үзүүлж буй туслалцааны нэг бүрэлдэхүүн хэсэг болгон зохион байгуулах;
-гадаадын тусламж дэмжлэгийг үр дүнтэй ашиглах зорилгоор Шинжлэх ухаан, боловсролын яамны дэргэд орон тооны бус Зохицуулах зөвлөл ажиллуулах.
2.4.Хэрэгжүүлэх хугацаа
Энэ хөтөлбөрийг дунд ху гацаанд буюу 1995-2000 онд хэрэгжүүлнэ.
Гурав.Хөтөлбөрийн бүрэлдэхүүн
Сургуулийн өмнөх боловсролын шийдвэрлэх асуудал, хэрэгжүүлэх арга хэмжээ нь дараахь үндсэн хэсгээс бүрдэнэ:
1/сургуулийн өмнөх боловсролын тогтолцоо, агуулга, арга зүйг боловсронгуй болгох;
2/төрийн бус өмчид суурилсан сургуулийн өмнөх боловсролын байгууллагыг дэмжих;
З/сургуулийн өмнөх боловсролын төрийн өмчийн байгууллагын үйл ажиллагааг сайжруулах;
4/бага насны хүүхдийн гэрийн сургалтыг дэмжих;
5/нийгмийн эмзэг хэсэгт багтах бага насны хүүхдийг халамжлан сургуулийн өмнөх боловсрол олгох сургалтад хөнгөлөлттэй нөхцөлөөр хамруулах;
6/малчдын хүүхдийг сургуулийн өмнөх боловсролын сургалтад хамруулах;
7/сургуулийн өмнөх боловсролын байгууллагын боловсон хүчнийг бэлтгэх, чадваржуулах;
8/сургуулийн өмнөх насны хүүхдийн сургалтын хэрэглэгдэхүүн, тоглоом наадгайн хангамжийг сайжруулах.
З.1.Сургуулийн өмнөх боловсролын тогтолцоо, агуулга, арга зүйг боловсронгуй болгох
Өнөөг хүртэл манайд цэцэрлэгт хамрагдаагүй хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгох оновчтой арга хэлбэр бүрэлдэн тогтоогүй байна.
Сургуульд элсэн суралцах хүүхдийг 1 сарын бэлтгэлд хамруулдаг боловч энэ нь тэднийг багаас нь системтэй хөгжүүлж төлөвшүүлэх сургуульд элсэхийн өмнө хүүхдийн хөгжлийн түвшинг нь жигдрүүлэхэд төдийлэн нөлөөлж чадахгүй байна. Үүнээс шалтгаалан нэгдүгээр ангид харилцан адилгүй хөгжлийн түвшинтэй хүүхэд элсч багшийн ажиллагаанд хүндрэл учрах,бэлтгэл хангагдаагүй зарим хүүхэд сургуулиас тавигдах шаардлагыг биелүүлж чадахгүй байх, цэцэрлэгээр дамжин орсон хүүхдийн хөгжлийг саатуулах зэрэг сөрөг үр дагавар байнга илэрч байна.
Хөтөлбөрийн энэ хэсэг нь сургуулийн өмнөх боловсролыг нийт хүүхдэд олгох олон хувилбарт шинэ тогтолцоог бий болгох, төв, суурин газрын нөхцөл бүрдсэн орчноос эхлэн хүүхдийн сургуульд орох насыг /6 нас хүртэл/ урагшлуулах бэлтгэлийг хангах, үүнтэй холбогдох судалгаа туршилт явуулах, сургуулийн өмнөх боловсролын агуулга, арга зүйг боловсронгуй болгоход чиглэнэ.
А.Зорилтыг шийдвэрлэх
Сургуулийн өмнөх боловсролын тогтолцоо, агуулга, арга зүйг боловсронгуй болгох зорилтыг дараахь үндсэн дээр шийдвэрлэнэ:
-сургуулийн өмнөх боловсролын тогтолцоог шинэчлэн төлөвшүүлэх;
-сургуулийн өмнөх насны хүүхдийн хүмүүжил сургалтын ажлын агуулга, арга зүйг боловсронгуй болгох;
-хүүхдийн сургуульд элсэх насыг урагшлуулах зарим бэлтгэлийг хангах.
Б.Хэрэгжүүлэх арга хэмжээ
Сургуулийн өмнөх боловсролын тогтолцоо, агуулга,арга зүйг боловсронгуй болгох зорилтыг шийдвэрлэх үүднээс дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ:
-төв,суурин газар /нийслэл болон аймаг,сумын төв/-ын болон хөдөө /малчид/-гийн бага насны хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгох, тэднийг сургуульд бэлтгэх тогтолцоог бүрдүүлэх;
-сургуулийн өмнөх насны хүүхдийн сэтгэц, бие бялдрын онцлогийг гүнзгийрүүлэн судлах;
-хүүхдийн хөгжлийн түвшинг тодорхойлох шалгуурыг боловсруулан гаргах;
-хүүхдийн сургуульд элсэх насыг урагшлуулах чиглэлээр хүмүүжил, сургалтын ажлын агуулгад өөрчлөлт оруулах, туршилт явуулах;
-хүүхдийг сургуульд элсэх бэлтгэлийн түвшингийн жишиг /стандарт/-ийг тогтоох;
-цэцэрлэгт "хүүхэд төвт" хүмүүжил, сургалтын үйл ажиллагааг нэвтрүүлэх;
-цэцэрлэгийн багш нарын хүүхэдтэй ажиллах арга барил, ур чадварыг сайжруулах, шинэчилсэн агуулгыг хэрэгжүүлэхэд чиглэсэн ажлууд зохион байгуулах.
З.2.Төрийн бус өмчид суурилсан сургуулийн өмнөх боловсролын байгууллагыг дэмжих
1990 он хүртэл аж ахуйн нэгж, байгууллагын 1З0 цэцэрлэгт 8000 гаруй хүүхэд сурч хүмүүжиж байсан бол 1994-1995 оны хичээлийн жилд зөвхөн Улаанбаатар төмөр зам, Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр л байгууллагынхаа хөрөнгөөр З079 хүүхэд бүхий 2З цэцэрлэгийг ажиллуулж байна.
Өмчийн олон хэлбэр үүсэн бий болж буй өнөөгийн нөхцөлд төрөөс зарим цэцэрлэгийг аж ахуйн нэгж, байгууллага, иргэдтэй хамтран санхүүжүүлэх, түүнчлэн хувийн цэцэрлэгүүдийг дэмжин өргөжүүлэх, хүүхдийн төлөө анхаарал тавьж хөрөнгө зарцуулагчдад эдийн засгийн урамшуулал,дэмжлэг үзүүлэх механизм бий болгох, түүнчлэн цэцэрлэгийн насны хүүхдийг хөгжүүлж хүмүүжүүлэхэд санаачилга гарган ажиллаж байгаа эцэг эх, багш, сурган хүмүүжүүлэгч, иргэд, байгууллагыг хөхүүлэн дэмжих тогтолцоо бүрдүүлэх нь зүйтэй гэж үзэж байна.
А.Зорилтыг шийдвэрлэх
Төрийн бус өмчид суурилсан сургуулийн өмнөх боловсролын байгууллагыг дэмжих зорилтыг дараахь байдлаар шийдвэрлэнэ:
-төрийн бус өмчид суурилсан сургуулийн өмнөх боловсролын байгууллагад үйл ажиллагаагаа
явуулахад нь дэмжлэг үзүүлэх;
-хүүхдийн төлөө хөрөнгө, хүчээ зориулан ажиллагчдыг дэмжих.
Б.Хэрэгжүүлэх арга хэмжээ
Төрийн бус өмчид суурилсан сургуулийн өмнөх боловсролын байгууллагыг дэмжих зорилтыг шийдвэрлэх үүднээс дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ:
-хүүхдийн төлөө хөрөнгө хуримтлуулан санаачилгатай ажиллагчдад эдийн засаг, боловсон хүчний талаар дэмжлэг үзүүлэх;
-аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн өмчид суурилсан сургуулийн өмнөх боловсролын төрийн бус байгууллагын санхүү, материаллаг баазыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
-төрийн өмчийн цэцэрлэгийн байрыг зориулалтаар нь аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд ашиглуулах зарчмыг тогтоон, хэрэгжүүлэх арга хэмжээ авах;
-төрийн бус өмчид суурилсан сургуулийн өмнөх боловсролын байгууллагын боловсон хүчний мэргэжлийг дээшлүүлэх, давтан бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх.
З.З.Сургуулийн өмнөх боловсролын төрийн өмчийн байгууллагын үйл ажиллагааг сайжруулах
1994-1995 оны хичээлийн жилд нийт 60,9 мянган хүүхэд бүхий 696 цэцэрлэг ажиллаж байгаагийн 57,9 мянган хүүхэд бүхий 67З цэцэрлэг нь төрийн өмчийнх байна. Төрийн өмчийн цэцэрлэгийн тоо, түүнд хамрагдах хүүхдийн тоо 1994 оныг 1990 онтой харьцуулахад ихээхэн буурлаа.
Цэцэрлэгээр дамжин сургуульд элсэн суралцаж буй хүүхэд гэрийн нөхцөлөөс сургуульд элсэн суралцаж байгаа хүүхдээс сэтгэц, хэл ярианы хөгжил, нийгмийн төлөвшлөөр давуу байдгийг амьдрал нотлон харуулж байгааг харгалзан төрийн өмчийн цэцэрлэгүүдийн хэвийн үйл ажиллагааг хангах, хүч чадлыг бүрэн ашиглах, үйлчлэх хүрээг нэмэгдүүлэх шаардлагатай байна.
Цэцэрлэгүүдийн барилгыг бүрэн хүч чадлаар нь ашиглах тохиолдолд цэцэрлэгт 90 гаруй мянган хүүхдийг хамруулах боломжтой, боловсон хүчний бэлэн нөөц бүрэлдсэн байна.
А.Зорилтыг шийдвэрлэх
Сургуулийн өмнөх боловсролын төрийн өмчийн байгууллагын үйл ажиллагааг сайжруулах зорилтыг дараахь байдлаар шийдвэрлэнэ:
-цэцэрлэгүүдийн хэвийн үйл ажиллагааг хангах нөхцөлийг бүрдүүлэх;
-санхүүжилтийн эх үүсвэрийг нарийвчлан тогтоож, аж ахуй, хангамжийн хувьд бэхжүүлэх;
-цэцэрлэгт хамрах хүүхдийн хүрээг өргөтгөх;
-сургуулийн өмнөх боловсролын салбарт ажиллагчдын шинэ нөхцөл байдалд ажиллах чадамжийг сайжруулах.
Б.Хэрэгжүүлэх арга хэмжээ
Сургуулийн өмнөх боловсролын төрийн өмчийн байгууллагын үйл ажиллагааг сайжруулах зорилтыг шийдвэрлэх үүднээс дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ:
-сургуулийн өмнөх боловсролын байгууллагын үйл ажиллагаа, тэдгээрийн ач холбогдлыг нийтэд сурталчлах арга хэмжээг өргөжүүлэх;
-цэцэрлэгийн барилгыг зориулалтын дагуу ашиглах зохицуулалтын арга хэмжээ авах;
-төрийн өмчийн цэцэрлэгүүдийг санхүүжүүлэх журмыг боловсронгуй болгох;
-цэцэрлэгийн үйл ажиллагааг тухайн орон нутаг /дүүрэг, сум, баг/-ийн сургуулийн өмнө насны хүүхдийг хөгжүүлэх төв болгох чиглэлээр өөрчлөн зохион байгуулах;
-сургуулийн өмнөх боловсролын байгууллагын удирдлага, төлөвлөлт, хяналтын тогтолцоог шинэчлэн боловсронгуй болгох;
-цэцэрлэгүүдийн туслах аж ахуйг бэхжүүлэх;
-хүүхдийн хоол, хүнсний хангамжийг сайжруулах;
-эмзэг хэсэгт багтах хүүхдүүдийн цэцэрлэгт хамрах хүрээг өргөжүүлэхэд орон нутгийн халамжийн сан, хүмүүнлэгийн туслалцаа, буяны хандивыг ашиглах.
З.4.Бага насны хүүхдийн гэрийн сургалтыг дэмжих
Сургуулийн өмнөх насны хүүхдийн олонхи нь гэрийн нөхцөлд өсч хүмүүжиж байгаа манай орны өнөөгийн нөхцөлд бага насны хүүхдийг хөгжүүлэх, сурган хүмүүжүүлэх талаархи эцэг,эхчүүдийн мэдлэг, арга барилыг сайжруулах шаардлагатай байна. Эцэг, эхчүүдийн нэг хэсэг нь хүүхдээ аль болох багаас нь хөгжүүлэх, авьяас билгийг нь нээн илрүүлэхэд анхаарч бүхий л нөөц боломжоо дайчлан ажиллаж байхад нөгөө хэсэг нь хүүхэддээ хайхрамжгүй хандах, тэднийг цэцэрлэгт даатгаад орхих явдал цөөнгүй гарч байгаагийн зэрэгцээгээр хүүхдийн материаллаг хэрэгцээг голлоод оюуны хэрэгцээг нь анхаарахгүй байгаа зэргээс бага насны хүүхдийн хөгжлийн түвшин харилцан адилгүй байна.
Ялангуяа залуу эцэг, эхчүүдийг бага насны хүүхэдтэй ажиллах, тэднийг хөгжүүлж хүмүүжүүлэх арга барилд сургах талаар анхаарч эцэг, эхэд зориулсан гарын авлага, зөвлөмж гаргах, гэрийн сургалтыг дэмжсэн радио, телевизийн нэвтрүүлгийг өргөтгөх, гэр бүлд хүүхдийг хөгжүүлж хүмүүжүүлж ирсэн уламжлалыг сурган хүмүүжүүлэх ухааны онол, практиктай хослуулан баяжуулж хэрэглэж сурахад тусламж дэмжлэг үзүүлэх нь зүйтэй гэж үзэж байна.
А.Зорилтыг шийдвэрлэх
Бага насны хүүхдийн гэрийн сургалтыг дэмжих зорилтыг дараахь байдлаар шийдвэрлэнэ:
-эцэг, эхчүүдэд бага насны хүүхэдтэй ажиллах, сурган хүмүүжүүлэх арга барил эзэмшихэд нь туслах;
-гэрээр хүмүүжиж буй бага насны хүүхдийг зохих түвшинд нь хүртэл хөгжүүлэх, сургуулийн өмнөх боловсрол эзэмшихэд туслах.
Б.Хэрэгжүүлэх арга хэмжээ
Бага насны хүүхдийн гэрийн сургалтыг дэмжих зорилтыг шийдвэрлэх үүднээс дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ:
-бага насны хүүхдийг хөгжүүлж сургуульд бэлтгэх талаар эцэг, эх, иргэдээс гаргаж буй үүсгэл санаачилгыг дэмжих;
-эцэг, эхэд хүүхдийнхээ хөгжлийн түвшинг тодорхойлох анхдагч мэдлэг, арга барил эзэмшүүлэх; -хүүхдээ хэрхэн хөгжүүлэх талаар эцэг эхэд зориулсан гарын авлага, зөвлөмж гаргах;
-сургуулийн өмнөх насны хүүхдэд зориулсан сургалт-танин мэдэхүйн телевизийн нэвтрүүлэг явуулах;
-цэцэрлэгт хамрагдаагүй хүүхэд, ялангуяа хөдөөгийн хүүхэд, тэдний эцэг,эхэд зориулсан радио нэвтрүүлгийн хүрээг өргөтгөх;
-эцэг, эхэд сурган хүмүүжүүлэх зөвлөлгөө өгөх албыг боловсролын төв буюу тодорхой цэцэрлэг түшиглүүлэн зохион байгуулах;
-хүүхдийг гэр бүлд сурган хүмүүжүүлж ирсэн уламжлалыг судлах, тэдгээрийг дэлгэрүүлэх.
З.5.Нийгмийн эмзэг хэсэгт багтах бага насны хүүхдийг халамжилж сургуулийн өмнөх боловсрол олгох сургалтад хөнгөлөлттэй нөхцөлөөр хамруулах
Ядуу, бага орлоготой айл өрхийн хүмүүс өдөр тутмын хоол унд, наад захын хэрэгцээндээ түүртэн хүүхэддээ тавих анхаарал халамжаа орхигдуулах хандлага их байна. Манай орны өрх тэргүүлсэн эхчүүдийн 51,5 хувь нь хөдөөд,48,5 хувь нь хот, сууринд амьдарч байгаа бөгөөд тэдний З9,7 хувьд нь 0-З насны, З6,З хувьд нь З-5 насны хүүхэд зонхилж байна.
Түүнчлэн ухаан мэдрэлийн согогтой, дүлий буюу сонсгол муутай, хараагүй 0-6 насны 1З00 гаруй хүүхэд бүртгэгдээд байгаа боловч эдгээр хүүхдүүд сургуулийн өмнөх боловсрол эзэмших сургалт, хүмүүжлийн хүрээнд хамрагдаж чадахгүй байна.
Аймгийн төв, нийслэлийн дүүргүүдэд халамжийн цэцэрлэг, бүлгүүд нээж, түүнд бүтэн ба хагас өнчин хүүхэд, ядуу айл өрхийн хүүхдийг хамруулан хүүхдийн хоолны зардлын эцэг эхэд ногдох хэсгийг нь орон нутгийн халамжийн сангаас гаргаж байгаа боловч энэ арга хэмжээнд нийгмийн эмзэг хэсгийн бага насны хүүхдийн цөөн хэсгийг л хамруулж байна.
А.Зорилтыг шийдвэрлэх
Нийгмийн эмзэг хэсэгт багтах бага насны хүүхдийг халамжилж сургуулийн өмнөх боловсрол олгох сургалтад хөнгөлөлттэй нөхцөлөөр хамруулах зорилтыг дараахь байдлаар шийдвэрлэнэ:
-бүтэн ба хагас өнчин хүүхэд, ядуу ба нэн ядуу өрхийн сургуулийн өмнөх насны хүүхдийг сургуулийн өмнөх боловсрол олгох сургалтад хамруулах нөхцөлийг бүрдүүлэх;
-сургуулийн өмнөх насны тахир дутуу, эмгэг согогтой хүүхдийг сургуулийн өмнөх боловсролын сургалтад хамруулах.
Б.Хэрэгжүүлэх арга хэмжээ
Нийгмийн эмзэг хэсэгт багтах бага насны хүүхдийг хөгжүүлэх зорилтыг шийдвэрлэх үүднээс дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ:
-тахир дутуу, эмгэг согогтой хүүхэд, түүнчлэн бүтэн ба хагас өнчин, ядуу, нэн ядуу өрхийн сургуулийн өмнөх насны хүүхдийн судалгааг аймаг, сум, нийслэл, дүүргээр нарийвчлан гаргаж тэднийг сургуулийн өмнөх боловсрол олгох сургалт, хүмүүжлийн ажилд хөнгөлөлттэй нөхцөлөөр хамруулах арга хэмжээ авах;
-тахир дутуу, эмгэг согогтой сургуулийн өмнөх насны хүүхдийн боловсролын агуулга, арга хэлбэрийг туршин тогтоох;
З.6.Малчдын хүүхдийг сургуулийн өмнөх боловсролын сургалтад хамруулах
Манайд малчин өрх нийт өрхийн дотор З0-аад хувийг эзэлдэг, тэд харьцангуй олон /З-7/ хүүхэдтэй, хүүхдүүд нь 0-2 насандаа эцэг, эхийн асрамжинд торниж, З-5 насандаа хурга, ишиг эргүүлэх, аргал түлш ойртуулах зэргээр эцэг, эхдээ тус дэм болж, 5 наснаасаа мал хариулах, морь ойртуулах зэргээр гэр ахуйн ажилд нэлээд идэвхтэй бие даан оролцож эхэлдэг онцлогтой.
Малчид хүүхдээ бага наснаас нь өөрсдийн хараа хяналтад ойр байлгаж, хамтын хөдөлмөрт оролцуулан, тэднийг багаас нь ажил хөдөлмөрөөр дамжуулан хөгжүүлж, ёс заншил, нүүдэлчний соёлын өвөөр хүмүүжүүлж ирсэн уламжлалтай боловч хүүхдүүд нь 8, 9 нас хүртлээ чиглэсэн зорилготой, системтэй сургалтад хамрагдаж чадахгүй байгаагаас сурах үйл ажиллагааны энгийн дадал эзэмшээгүй, нийгэм, сэтгэл зүйн хувьд бэлтгэгдээгүйгээр сургуульд элсэн суралцаж байна.Энэ нь хүүхэд сургуульд ороод сурах үйл ажиллагаанд идэвхгүй хандах,сурлагаар хоцрох, цаашилбал сургууль завсардахад түлхүү нөлөөлж байна.Тухайлбал, дээрх шалтгаанаас сүүлийн З жилд жил тутам малчдын 6000-7000 хүүхэд нэгдүгээр ангид элсэлгүй үлдэж байна.
А.Зорилтыг шийдвэрлэх
Малчдын хүүхдийг хөгжүүлэх, тэднийг сургуулийн өмнөх боловсролын сургалтад хамруулах зорилтыг дараахь байдлаар шийдвэрлэнэ:
-малчдын хүүхдийг хөгжүүлэх, сургуульд бэлтгэх ажлын агуулга, арга зүйн үндсийг боловсруулах;
-малчдын хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгох тогтолцоог бүрдүүлэх.
Б.Хэрэгжүүлэх арга хэмжээ
Малчдын хүүхдийг сургуулийн өмнөх боловсролын сургалтад хамруулах зорилтыг шийдвэрлэх үүднээс дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
-сургуулийн өмнөх насны малчдын хүүхдийн судалгааг аймаг, сум, багаар нарийвчлан гаргах;
-малчдын хүүхэд сургуульд элсэн суралцахад саад болж байгаа асуудлыг судлан тогтоох;
-малчдын хүүхдийг хөгжүүлэх, сургуульд бэлтгэх сургалтын хөтөлбөр, арга зүйг боловсруулан гаргаж хэрэгжүүлэх арга хэмжээ авах;
-малчдын хүүхдийг сургуульд бэлтгэх ажлын хэлбэр, зохион байгуулалтыг туршин тогтоох;
-малчдын хүүхдэд зориулсан дасгалын дэвтэр, сургалтын хэрэглэгдэхүүн, эцэг, эхэд зориулсан зөвлөмж, гарын авлага боловсруулан гаргах;
-зайны сургалтын тохиромжтой хэлбэрийг туршин тогтоох.
З.7.Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын боловсон хүчний хөгжлийг хангах
Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын багшлах, удирдах боловсон хүчнийг бэлтгэх, давтан сургах талаар манай оронд багагүй туршлага хуримтлагдаж, боловсон хүчний хангамж, хүрэлцээ харьцангуй өндөр түвшинд хүрсэн ч гэсэн тэдгээр боловсон хүчнийг бэлтгэх, давтан сургах, дадлагажуулах талаар хийж байгаа ажлыг боловсронгуй болгож энэ чиглэлийн боловсон хүчнийг дэмжих, шинэ нөхцөл байдалд ажиллах чадварыг сайжруулах нь чухал гэж үзэж байна.
А.Зорилтыг шийдвэрлэх
Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын боловсон хүчний хөгжлийг хангах зорилтыг дараахь байдлаар шийдвэрлэнэ:
-сургуулийн өмнөх боловсролын удирдах, багшлах боловсон хүчнийг бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх тогтолцоог боловсронгуй болгох;
-сургуулийн өмнөх боловсролын байгууллагад ажиллаж буй багш, сурган хүмүүжүүлэгчдийг давтан бэлтгэх;
-сургуулийн өмнөх боловсролын салбарт ажиллагчдын ажлын арга хэлбэрийг өөрчлөн шинэчлэх.
Б.Хэрэгжүүлэх арга хэмжээ
Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын боловсон хүчний хөгжлийг хангах зорилтыг шийдвэрлэх үүднээс дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ:
а/сургуулийн өмнөх боловсролын удирдах ажилтнуудыг давтан бэлтгэх, мэргэжлийг нь дээшлүүлэх ажлыг дараахь чиглэлээр зохион байгуулна:
-сургуулийн өмнөх боловсрол олгох арга зам, сургуулийн өмнөх боловсролд олон түмний хүч анхаарлыг төвлөрүүлэх асуудлаар үндэсний семинар явуулах;
-хүүхдийн цэцэрлэг дэх "Хүүхэд төвт" үйл ажиллагаа гэсэн сэдвээр олон улсын семинар явуулах; -"Төслийн удирдлага", эрх зүй, эдийн засгийн асуудлаар удирдах ажилтнуудын сургалт хийх;
-хөгжингүй зарим орны сургуулийн өмнөх боловсролын агуулга, арга зүй болон багш бэлтгэх, давтан сургах, сургалтын хэрэглэгдэхүүн, тоглоом наадгай үйлдвэрлэх ажлын туршлага судлах;
-олон улсын хурал, семинар, зөвлөлгөөнд оролцох;
-багш бэлтгэдэг коллеж, их сургуулийн багш нарыг хөгжингүй орнуудад бэлтгэх,мэргэшлийг нь дээшлүүлэх ажил зохион байгуулах;
б/сургуулийн өмнөх боловсролын байгууллагад ажиллаж буй багш, сурган хүмүүжүүлэгчдийг давтан бэлтгэх, ур чадварыг нь сайжруулах ажлыг дараахь чиглэлээр зохион байгуулах:
-менежментийн онол, харилцааны сэтгэл зүй, хүүхдийн цэцэрлэг дэх хүүхэд төвт үйл ажиллагаа, хүүхдийн хөгжлийн түвшинг тодорхойлох, оношлох арга, хүүхдийг сургуульд бэлтгэх ажлын арга хэлбэр, холимог бүлэгт явуулах хүмүүжил, сургалтын ажил зэрэг сэдвээр давтан бэлтгэх сургалт зохион байгуулах;
-багш нарын мэдлэг, ур чадварын түвшинг тогтоох арга, шалгуурыг тогтоох;
-багшийн ур чадварын улсын уралдаан, сурган хүмүүжүүлэх уншлага зохион байгуулах;
-багш нарт коллежийн боловсрол олгох ажлыг үе шаттайгаар шийдвэрлэх.
в/багш, удирдах ажилтан бэлтгэх ажлын агуулга, технологийг дараахь чиглэлээр шинэчлэн боловсронгуй болгох:
-цэцэрлэгийн багшийн коллежийн эрдэм шинжилгээний ажлын хүрээг өргөтгөж, материаллаг баазыг нь бэхжүүлэх;
-цэцэрлэгийн багшийн коллежийн сургалтын агуулга, арга зүйг бакалаврын зэрэгтэй боловсон хүчин бэлтгэхээр шинэчлэн боловсронгуй болгох;
-Улсын багшийн их сургуулийн сургуулийн өмнөх салбарыг магистрийн зэрэгтэй удирдах боловсон хүчин бэлтгэхээр шинэчлэх.
З.8.Сургуулийн өмнөх насны хүүхдийн сургалтын хэрэглэгдэхүүн, тоглоом наадгайн хангамжийг сайжруулах
Хүүхдийн хэл яриа, сэтгэц, ой тогтоолт, бие бялдар, бие даасан байдал, зан харилцаа гэхчилэн бүхий л талын хөгжил, төлөвшилд тоглоом ихээхэн ач холбогдолтой бөгөөд хүүхдийн тоглоом наадгай нь сурган хүмүүжүүлэх шаардлагыг хангасан, нэр төрөл нь олон байх тусмаа хүүхдийн хөгжлийн аятай орчин нөхцөлийг бүрдүүлнэ.Гэтэл манайд хүүхдийн тоглоом наадгайн дагнасан үйлдвэрлэл үндсэндээ байхгүй бөгөөд худалдааны шугамаар цөөн нэр төрлийн тоглоом наадгай гадаадаас оруулан ирж байна. Зарим сургууль, цэцэрлэг, иргэд цөөн тооны үндэсний тоглоом наадгай, гар урлалын зүйл хийж, мөн цэцэрлэгийн багш нар эцэг, эхийн оролцоотой зарим тоглоом наадгай хийж хүмүүжил,сургалтын ажилдаа ашиглаж байгаа нь тэр бүр хүрэлцэхгүй байна.
Үүнээс үндэслэн Монгол үндэсний тоглоом наадгайг сургуулийн өмнөх боловсролд оновчтой ашиглах онол, арга зүйн үндсийг боловсронгуй болгох, хүүхдийн тоглоом наадгайн зохион бүтээгч мэргэжлээр боловсон хүчин бэлтгэх, сургалтын тоног төхөөрөмжийн үйлдвэрийг ашиглалтад оруулж тоглоом наадгайн үйлдвэрлэл зохион байгуулах, эхний ээлжинд хуванцар болон резинэн тоглоом наадгай үйлдвэрлэх тоног төхөөрөмж,технологийг шийдэх зэрэг ажлыг зохион байгуулах шаардлагатай байна.
Түүнчлэн сургуулийн өмнөх насны хүүхдэд зориулсан олон өнгийн зураг чимэглэлтэй, эдэлгээ сайтай ном, сургалтын хэрэглэгдэхүүн үйлдвэрлэх ажлыг өргөтгөх, хүүхдийн сургалтад хэрэглэгдэх баримлын шавар, өнгийн цаас, будаг, бийрний хангамжийг сайжруулах талаар шуурхай арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзэж байна.
А.Зорилтыг шийдвэрлэх
Сургуулийн өмнөх насны хүүхдийн сургалтын хэрэглэгдэхүүн, тоглоом наадгайн хангамжийг сайжруулах зорилтыг дараахь байдлаар шийдвэрлэнэ:
-хүүхдийн тоглоом наадгайн хангамжийг сайжруулах;
-сургуулийн өмнөх боловсролд ашиглах монгол үндэсний тоглоом наадгайн хүрээг тодорхойлох;
-сургуулийн өмнөх насны хүүхдэд зориулсан өнгөт зурагтай ном, үзүүлэн таниулга гаргах, материал, хэрэглэгдэхүүний үйлдвэрлэл, хангамжийг сайжруулах.
Б.Хэрэгжүүлэх арга хэмжээ
Сургуулийн өмнөх насны хүүхдийн сургалтын хэрэглэгдэхүүн, тоглоом наадгайн хангамжийг сайжруулах зорилтыг шийдвэрлэх үүднээс дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ:
-тоглоом наадгай үйлдвэрлэгчдэд дэмжлэг үзүүлэх;
-сургуулийн өмнөх насны хүүхдэд зориулсан өнгөт зурагтай ном, сургалтын хэрэглэгдэхүүн,тоглоом наадгайн жижиг үйлдвэрлэлийг гадаадын зээл тусламжаар байгуулах;
-хүүхдийн цэцэрлэгийн багш, эцэг, эхэд зориулсан тоглоом наадгай хийх аргачлал, зөвлөмж гаргах;
-хүүхдийн тоглоом наадгай, сургалтын хэрэглэгдэхүүн хийх арга ажиллагаанд цэцэрлэгийн багш нарыг сургах;
-тоглоом наадгай, сургалтын хэрэглэгдэхүүний үйлдвэрлэлийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх;
-цэцэрлэг, гэр бүлд байх тоглоом наадгайн үлгэрчилсэн жагсаалт гаргах;
-хүүхдийн ном, дуу, хөгжим, бүжиг, хүүхэлдэйн кино, диафильм, тоглоомын эх загвар зохиох улсын уралдаан зарлан дүгнэж байх.
-----оОо-----
Текст томруулах
A
A
A