A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 1999 оны 156 дугаар тогтоолын хавсралт

Энэ тогтоолыг 2003 оны 37 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
 
АВТО ТЭЭВРИЙН УЛСЫН ХЯНАЛТЫН ДҮРЭМ
 
Нэг.Нийтлэг үндэслэл
1.Энэхүү дүрмийн зорилго нь Авто тээврийн тухай хууль болон бусад хууль тогтоомжид нийцүүлэн авто тээврийн хэрэгслийн ашиглалт, авто тээврийн  ажил, үйлчилгээнд /цаашид "ажил үйлчилгээ" гэх/ тавих захиргааны хяналт шалгалтыг хэрэгжүүлэхтэй холбогдсон үйл ажиллагааг зохицуулахад оршино.
 2.Авто тээврийн улсын хяналтыг улсын хэмжээнд Засгийн газрын тохируулагч агентлаг-Дэд бүтцийн улсын хяналтын алба, аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх мэргэжлийн хяналтын алба, орон нутгийн тээврийн бодлогын хэрэгжилтийг хянан зохицуулах үүрэг бүхий байгууллага болон авто тээврийн хяналтын талаар мэргэшсэн улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч, улсын байцаагч /цаашид "улсын байцаагч" гэх/ хэрэгжүүлнэ.
3.Дэд бүтцийн улсын хяналтын алба нь авто тээврийн ажил, үйлчилгээнд тавих хяналтыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах бөгөөд  Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 20 дугаар зүйлийн З дахь хэсэгт заасан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
4.Үйл ажиллагааных нь онцлогийг харгалзан төрийн захиргааны төв байгууллага, Засгийн газрын агентлагт ажиллах улсын байцаагчийг тухайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, орон нутгийн тээврийн бодлогын хэрэгжилтийг хянан зохицуулах үүрэг бүхий байгууллагад ажиллах улсын байцаагчийг аймаг, нийслэлийн Засаг дарга, улсын ерөнхий байцаагчтай зөвшилцсөний үндсэн дээр томилж, чөлөөлөх бөгөөд улсын байцаагчийн эрхийг нь авто тээврийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн олгоно.
5.Авто тээврийн улсын хяналт нь улсын хэмжээнд авто тээврийн талаархи  хууль тогтоомж, стандарт, эрх бүхий байгууллагаас гаргасан дүрэм, журмыг мөрдөж буй байдалд Авто тээврийн тухай хуульд заасан чиглэлийн дагуу захиргааны хяналтыг хэрэгжүүлж, тээвэрлэлтийн үйл ажиллагаа, авто тээврийн хэрэгслийн ашиглалтаас шалтгаалан тээвэрлэгч, хэрэглэгчдийн эрх ашгийг хохироосон зөрчлийг илрүүлж түүнийг арилгуулахад чиглэгдэнэ.
 6.Авто тээврийн улсын хяналтыг хэрэгжүүлэх байгууллага, улсын байцаагч нь хяналт шалгалтын үйл ажиллагаандаа захиргааны хяналтын бусад байгууллага болон төрийн бус байгууллагын дэмжлэг туслалцааг авч ажиллана.
 
Хоёр.Авто тээврийн хяналтын улсын байцаагчийн бүрэн эрх
 7.Дэд бүтцийн улсын хяналтын албанд авто тээврийн хяналтын улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч, улсын байцаагч, аймаг, нийслэлийн мэргэжлийн хяналтын албанд улсын ахлах байцаагч, улсын байцаагч, орон нутгийн тээврийн бодлогын хэрэгжилтийг хянаж зохицуулах үүрэг бүхий байгууллагад улсын байцаагч ажиллана.
8.Улсын байцаагчийг томилох, улсын байцаагчийн эрх олгоход тавигдах шаардлага, баримтлах журмыг авто тээврийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
9.Улсын байцаагч нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нийтлэг үүргээс гадна дор дурдсан үүрэг хүлээнэ:
а/Авто тээврийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан чиглэлээр хяналт шалгалт хийж илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах;
б/хяналт шалгалт хийсэн байгууллага, аж ахуйн нэгжийн үйлдвэрлэл, технологийн нууцыг чанд хамгаалах;
в/авто зам, гүүр болон шатахуун, тосолгооны материалын чанар нь авто тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, тээвэрлэлтийн аюулгүй байдалд нөлөөлөх зөрчил илэрсэн тохиолдолд холбогдох аж ахуйн нэгж, байгууллагад зөрчлийг арилгуулах албан шаардлага өгөх, энэ талаар дээд шатны болон захиргааны хяналтын байгууллага, албан тушаалтанд мэдэгдэж шалгуулах.
10.Улсын байцаагч нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 7, 9 дэх заалт, Авто тээврийн тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан эрхээс гадна дор дурдсан эрх эдэлнэ:
а/хууль тогтоомж, стандарт, дүрэм, журам зөрчсөн, эсхүл илэрсэн зөрчлийг арилгуулах талаар улсын байцаагчийн өгсөн шаардлагыг биелүүлээгүй аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд Автотээврийн тухай хуулийн 23 дугаар зүйл, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу захиргааны хариуцлага ногдуулах;
б/авто тээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх үйл ажиллагаа болон автотээврийн хэрэгсэлд тавигдах нөхцөл, шаардлагыг тодорхойлох үйл ажиллагаа, тусгай зөвшөөрөл авсан байдал, тээвэрлэлтийн баримт бичиг, автотээврийн хэрэгслийг ашиглах болон тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх, шалгалт авах, үнэмлэх олгох, техникийн  хяналтын үзлэг, тоо бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох харилцааг зохицуулсан дүрэм, журмын хэрэгжилтэд хяналт тавьж илэрсэн зөрчлийг арилгуулах.
 
Гурав.Бусад
 
11.Тээвэрлэлтийн гэрээгээр зохицуулснаас бусад нийтийн тээврийн үйлчилгээтэй холбогдон гаргасан гомдол, маргааныг улсын байцаагч хүлээн авч хянан шийдвэрлэнэ.
 12.Аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, иргэн нь улсын байцаагч болон захиргааны хяналтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын шийдвэрийг  хугацаанд нь биелүүлж хариуг албан ёсоор өгнө. Тээврийн хэрэгслийн жолооч нь улсын байцаагчийн шаардлагаар холбогдох баримт бичгийг шалгуулах үүрэгтэй.
 13.Зөрчил гаргасан этгээд өөрт ногдуулсан торгуулийг улсын байцаагчийн шийтгэвэрт заасан хугацаанд төлнө.
 14.Шалгуулсан аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, иргэн нь хяналт шалгалтыг хууль тогтоомж зөрчин хийсэн, эсхүл улсын байцаагчийн шийдвэр үндэслэлгүй гэж үзвэл гомдлоо тухайн шийдвэрийг хүлээн авснаас хойш      10 хоногийн дотор шалгалт хийсэн байгууллагын эрх баригчид буюу дээд шатны улсын байцаагчид гаргана.
Гомдлыг хүлээн авсан байгууллагын эрх баригч буюу улсын ерөнхий байцаагч, ахлах байцаагч нь түүнийг авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан хянан шийдвэрлэнэ.
15.Улсын байцаагч нь хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулсан бол холбогдох хууль тогтоомжид заасны дагуу зохих хариуцлага хүлээнэ.
16.Улсын байцаагчийг дүрэмт хувцас, ялгах тэмдэг, албан үүргээ гүйцэтгэхэд нь шаардагдах автомашин, багаж хэрэгслээр хангах үүргийг тухайн улсын байцаагчийг ажиллуулж байгаа байгууллага хүлээнэ.
 17.Улсын байцаагчийн дүрэмт хувцас, ялгах тэмдэгний нэр төрөл, загвар, эдэлгээний хугацаа болон хяналт шалгалтын зориулалттай техник, хэрэгслийн жагсаалт болон тэдгээрийг хэрэглэх журмыг автотээврийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
18.Авто тээврийн хяналт шалгалтын зориулалттай автомашин нь тусгай зориулалт, хийцийн гэрлэн болон дуут дохио, богино долгионы радио станц, чанга яригчаар тоноглогдсон, тээврийн замд явуулын шалгалт хийх боломж, нөхцөлийг хангасан байна.
 
---оОо---