- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- Хүчингүй болсон - ХУДАЛДАА, ҮЙЛДВЭР, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ УЛСЫН ХЯНАЛТЫН ДҮРЭМ
Засгийн газрын 2001 оны 143 дугаар тогтоолын хавсралт
/Энэ тогтоолыг 2003 оны 37 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
/Энэ тогтоолыг 2003 оны 37 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
ХУДАЛДАА, ҮЙЛДВЭР, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ УЛСЫН ХЯНАЛТЫН ДҮРЭМ
1. Худалдаа, үйлдвэр, үйлчилгээний улсын хяналтын зорилго нь өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллага, Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол тус улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын аж ахуйн нэгж, байгууллагад Монгол Улсын Хүнсний тухай, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай болон бусад хууль, тэдгээрийг үндэслэн төрийн эрх бүхий байгууллагаас нийтээр дагаж мөрдөхөөр тогтоосон стандарт, дүрэм, журмын хэрэгжилтэд хяналт тавих, бизнесийн ажил үйлчилгээг чөлөөтэй явуулах таатай орчинг бүрдүүлэхэд оршино.
2. Монгол улсын нутаг дэвсгэрт худалдаа, үйлдвэр, үйлчилгээний улсын хяналтыг Засгийн газрын тохируулагч агентлаг-Үйлдвэр, худалдааны улсын хяналтын алба, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын дэргэдэх мэргэжлийн хяналтын алба, улсын ерөнхий байцаагч, ахлах байцаагч, байцаагч /цаашид "улсын байцаагч"/ нар хэрэгжүүлнэ.
3. Худалдаа, үйлдвэр, үйлчилгээний улсын хяналтад гадаад, дотоодын хөрөнгө оруулалт, түүхий эд бэлтгэлийн асуудал, худалдаа, нийтийн хоол, зочид буудал, ахуй үйлчилгээний бүх цэг, салбар, хөнгөн, хүнд үйлдвэр болон нефть боловсруулах үйлдвэр, агуулах, шатахуун түгээх станц зэргийн үйл ажиллагаа хамрагдана.
4. Худалдаа, үйлдвэр, үйлчилгээний улсын байцаагч нь хяналт шалгалтын үйл ажиллагаандаа хууль тогтоомж, эрх бүхий байгууллагаас гаргасан стандарт, дүрэм, журмыг удирдлага болгон ажиллана.
5. Худалдаа, үйлдвэр, үйлчилгээний улсын байцаагч үнэмлэх, хувийн дугаар бүхий тэмдэг, лац, түүнчлэн албан шаардлага, дүгнэлт, акт, торгуулийн хуудас хэрэглэнэ.
6. Үйлдвэр, худалдааны улсын хяналтын алба нь Худалдаа, үйлдвэр, үйлчилгээний улсын байцаагчийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, мэргэжил, ажлын ур чадварыг нь дээшлүүлэх үйл ажиллагааг нь шалгах, шалгалтын дүнг нэгтгэн дүгнэлт гаргаж холбогдох байгууллагуудад хүргэх, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилах, шаардлагатай зарим асуудлаар авах арга хэмжээний талаар санал боловсруулж эрх бүхий байгууллагаар шийдвэрлүүлэхийг хариуцан хэрэгжүүлнэ.
7. Монгол Улсын хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан хууль, тогтоомжоор олгогдсон өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлын хүрээнд нийтээр дагаж мөрдүүлэхээр эрх зүйн хэм хэмжээ тогтоосон баримт бичиг боловсруулан батлуулж хууль зүйн асуудал хариуцсан яамаар хянуулан улсын бүртгэлд оруулан мөрдүүлж болно.
Хоёр. Худалдаа, үйлдвэр, үйлчилгээний улсын хяналтын чиглэл
8. Худалдаа, үйлдвэр, үйлчилгээний улсын хяналтыг дор дурдсан чиглэлээр хэрэгжүүлнэ. Үүнд:
а/бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, үйлчилгээ, хадгалалт, хамгаалалт, тээвэрлэлт, худалдахтай холбогдуулан гаргасан хууль тогтоомж болон эрх бүхий байгууллагаас гаргасан стандарт, дүрэм, журмыг худалдаа, үйлдвэр, үйлчилгээний байгууллага, иргэд хэрэгжүүлж байгаа байдал;
б/худалдаа, үйлдвэр, үйлчилгээний зохион байгуулалт, ажил, үйлчилгээний соёл, технологийн горимд тогтоосон нийтлэг шаардлагыг хангасан байдал;
в/хоол үйлдвэрлэлийн газруудын байр, орчин, технологийн үйл ажиллагаа болон хоолны технологийн карт /БСТ/ мөрдөлт, дээж авалт, түүнийг хөтөлж байгаа байдал, ариун цэвэр, бараа материал, түүхий эдийн хадгалалт нь эрүүл ахуйн шаардлага хангасан байдал;
г/Монгол Улсын нутаг дэвсгэрт худалдаа, үйлдвэр, үйлчилгээ явуулж байгаа гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, байгууллага, тэдгээрийн төлөөлөгчийн газрын ажил, үйлчилгээний соёл, экспорт, импортын бараа бүтээгдэхүүний гарал үүслийг гэрчилсэн байдал;
д/хүн амын өргөн хэрэглээний нийтийн ахуйн болон техникийн засвар үйлчилгээ, зочид буудал, амралт сувиллын газрын технологи болон ажил, үйлчилгээний шаардлагын хэрэгжилтийн байдал;
е/улсын нөөцийн нефть бүтээгдэхүүний хадгалалт, хамгаалалт, зарцуулалт;
ж/хэрэглээний аюулгүй байдлыг хангах үүднээс хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд гэм хор учруулж болзошгүй бараа бүтээгдэхүүнийг эрүүл ахуй, стандарт, чанарын баталгаатай худалдаж байгаа эсэх;
з/сав баглаа, боодол, шошгонд олон улс болон Монгол Улсын хэмжээнд нийтлэг хэрэглэдэг барааны таних тэмдэг, анхааруулга, бичээс, үйлдвэрлэсэн огноо, хадгалах хугацаа, хэрэглэх зааврыг ил тод тавьсан байдал;
и/бараа, бүтээгдэхүүнийг шаардлагын дагуу шошголож савласан байдал;
к/хэрэглэгчдэд бараа материал, бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний зориулалт, тэдгээрийн хэрэглээний шинж чанар, хадгалах нөхцөл, хэрэглэх арга, баталгаат хугацааны талаар үнэн зөв, бүрэн мэдээлэл өгсөн байдал;
л/эрүүл ахуйн шаардлага хангаагүй байр орчин, худалдаа хийхийг зөвшөөрөөгүй газар, цэгт болон эмнэлгийн шинжилгээний баталгаагүй, насанд хүрээгүй, хуулийн хариуцлага хүлээх чадваргүй этгээдээр худалдаа, үйлчилгээг явуулж буй эсэх;
м/нефть боловсруулах үйлдвэр, нефтийн бүтээгдэхүүний агуулах, түгээх станцын барилга, байгууламж нь техникийн нөхцөл, зохих шаардлагад нийцэж байгаа байдал;
н/нефтийн бүтээгдэхүүний боловсруулалт, чанарын шаардлага, стандарт, техникийн нөхцөлийн хэрэгжилт, тээвэрлэлт, хүлээн авалт, хадгалалт, түгээлтийн аюулгүй ажиллагааны байдал;
о/нефть боловсруулах үйлдвэр, нефтийн бүтээгдэхүүний агуулах, түгээх станцын сав, түгээгүүр, хэмжих хэрэгслийн улсын баталгаажилт; тоног төхөөрөмжийн тохиргоо; сав, шугам хоолойн битүүмжлэл,түгээгүүрийн ажиллагаа стандарт, ашиглалтын зааварт нийцэж байгаа байдал;
п/зориулалтын бус байранд буюу орчинд албан ёсны зөвшөөрөлгүйгээр нефтийн бүтээгдэхүүнээр үйлчилгээ явуулж, хадгалж байгаа байдал;
р/худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээнд бүтээгдэхүүний борлуулалтын тооцооны кассын төхөөрөмж ашиглалтын шаардлага хангагдаж байгаа эсэх;
с/нефть боловсруулах үйлдвэр , нефтийн бүтээгдэхүүний агуулах, түгээх станцын ил далд барилга байгууламжид газар олгосон байдал, сав, тоног төхөөрөмж, шугам хоолой, агааржуулагч, амьсгалах клапан, аянга зайлуулагч, газардуулгын сүлжээний угсралт, холболтын чанар, аюулгүй байдал нь стандарт, техникийн нөхцөлийн шаардлагад нийцсэн эсэх, далд ажлын актын бүрдэлд эрх бүхий байгууллагуудтай хамтран урьдчилсан хяналт хийж дүгнэлт гаргах;
т/нефтийн бүтээгдэхүүн боловсруулах, хадгалах, түгээх, борлуулах, химийн угаалга, цэвэрлэгээтэй холбогдсон ажил, үйлчилгээ эрхэлж буй байгууллагын үйл ажиллагаанд тавигдах шаардлага, стандартын биелэлтийн байдал;
у/худалдаа, үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд аймаг, нийслэл, сум, дүүргээс олгож байгаа зөвшөөрөл /лиценз/-ийг холбогдох хууль тогтоомжийн дагуу олгож байгаа байдал.
9. Төрийн хяналт, шалгалтын тухай болон бусад хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа явуулж буй худалдаа, үйлдвэр, үйлчилгээний улсын байцаагч дор дурдсан үүрэг гүйцэтгэнэ:
а/хяналт шалгалтыг энэ дүрмийн 8 дугаар зүйлд заасан чиглэлээр энэ дүрэм болон хууль тогтоомжийн хүрээнд батлагдсан удирдамжийн дагуу зохион байгуулж явуулах, илэрсэн зөрчлийг шуурхай арилгах арга хэмжээ авах;
б/хууль тогтоомжийг чанд сахих, хөндлөнгийн нөлөөнд үл автах, албан үүргээ үнэнчээр гүйцэтгэх, төр, байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, тэдгээрийн нууцыг хадгалж хувь хүний хууль ёсны ашиг сонирхол, нэр төрийг хүндэтгэн хяналт шалгалтыг бүрэн гүйцэд хийж, үр дүнг холбогдох байгууллага, албан тушаалтан, иргэдэд мэдээлэх;
в/хийсэн шалгалт, илрүүлсэн зөрчил дутагдал, өгсөн албан шаардлага, гаргасан танилцуулга, дүгнэлт, тавьсан акт, торгууль, шийтгэвэр, тоо баримтын үндэслэл, нотолгооны үнэн зөвийг бүрэн хариуцах;
г/хийсэн шалгалт, илрүүлсэн зөрчлийн хүрээнд эрүүгийн хэргийн чанартай асуудал тулгарвал хууль хяналтын байгууллагад холбогдох материал, баримтыг шилжүүлэх.
10. Улсын байцаагч нь дор дурдсан эрх эдлэнэ:
а/хяналт шалгалт хийх объектод саадгүй нэвтрэн орох;
б/хяналт, шалгалтын явцад илэрсэн зөрчлийг газар дээр нь арилгуулах, түүний шалтгаан нөхцөлийг тогтоон засах талаар хугацаатай шаардлага тавьж биелэлтийг хангуулах, хариу авах;
в/холбогдох байгууллагатай тохиролцож зохих мэргэжлийн хүмүүсийг хяналт шалгалтын ажилд татан оролцуулах, лабораторийн буюу магадлан шинжилгээг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлж дүгнэлт гаргуулах;
г/хяналт шалгалтын ажилд шаардлагатай мэдээ, судалгаа, магадалгаа, тодорхойлолт, тайлбарыг холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтнаас үнэ төлбөргүй гаргуулан авах;
д/хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчлийн талаар тодорхойлолт гаргуулах, бодит байдлыг харуулсан зураг авах, дүрс болон ярианы бичлэг хийх;
е/шаардлагатай үед бүтээгдэхүүний дээж, загварыг албан ёсоор тэмдэглэл үйлдэн захиргааны хяналтын эрх бүхий байгууллагаас тогтоосон тоо хэмжээгээр авах;
ж/хяналт шалгалтын явцад шаардлагатай гэж үзвэл агуулах, үйлдвэрлэл, үйлчилгээний байрыг битүүмжлэн нягтлан шалгаж холбогдох арга хэмжээ авах;
з/хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд шууд буюу шууд бусаар хохирол учруулж байгаа эсвэл учруулж болзошгүй, түүнчлэн осол аюул гарч болох нь зохих ёсоор нотлогдсон; чанарын шаардлага хангахгүй бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, нийлүүлсэн, хүлээн авсан, худалдсан болон худалдаа, үйлдвэр, үйлчилгээний дэг журмыг ноцтой зөрчсөн тохиолдолд холбогдох үйлдвэрлэл, ажил, үйлчилгээг уг зөрчлийг арилгах хүртэл бүхэлд нь буюу хэсэгчлэн түр зогсоох, холбогдох бүтээгдэхүүнийг худалдах, борлуулахыг хориглох акт үйлдэж улсын орлогод хураан авах, устгах буюу өөр зориулалтаар ашиглахад харшлахгүй бол зохих санал гаргаж шийдвэрлүүлэх, энэ тухай олон нийтэд мэдээлэх;
и/шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг шуурхай арилгахтай холбогдсон асуудлыг орон нутгийн болон төрийн захиргааны төв байгууллагад тавих;
к/улсын байцаагч нь хууль тогтоомж, стандарт, дүрэм журам зөрчсөн, эсхүл илэрсэн зөрчлийг арилгах талаар тавьсан шаардлагыг биелүүлээгүй аж ахуйн нэгж, байгууллага болон гэм буруутай этгээдэд Төрийн хяналт, шалгалтын тухай, Захиргааны хариуцлагын тухай, Хүнсний тухай, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон холбогдох бусад хуулийн заалтыг үндэслэн захиргааны хариуцлага ногдуулах.
11. Худалдаа, үйлдвэр, үйлчилгээний улсын хяналтын алба, улсын байцаагчийн албан шаардлагыг байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэд хугацаанд нь биелүүлж, хариуг албан ёсоор өгөх үүрэг хүлээнэ.
12. Худалдаа, үйлдвэр, үйлчилгээний улсын хяналтын алба нь худалдаа, үйлдвэр, үйлчилгээний үйл ажиллагаатай холбогдуулан гаргасан санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг зохих журмын дагуу шийдвэрлэнэ.
13. Шалгуулсан аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, иргэд хяналт шалгалтын дүнгээр улсын байцаагчийн гаргасан шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл гомдлоо улсын ерөнхий байцаагчид 10 хоногийн дотор гаргана. Уг гомдлыг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ. Гомдол гаргагч уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдлоо шүүхэд гаргаж болно. Гомдол гаргах нь зөрчлийг арилгахгүй байх үндэслэл болохгүй.
14. Улсын байцаагч нь хяналт шалгалт хийж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, иргэдээс шууд буюу шууд бус хэлбэрээр шагнал урамшуулал авч болохгүй.
15. Улсын байцаагч энэ дүрмээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хууль, тогтоомж зөрчсөн бол холбогдох хууль тогтоомжид заасны дагуу зохих хариуцлага хүлээнэ.
-----оОо-----
Текст томруулах
A
A
A