- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- Хүчингүй болсон - ТӨРИЙН ӨМЧИЙН ХОРООНЫ ДҮРЭМ
/Засгийн газрын 1998 оны 139 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
ТӨРИЙН ӨМЧИЙН ХОРООНЫ ДҮРЭМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.Монгол Улсын Төрийн өмчийн хороо /цаашид "Хороо" гэнэ/ нь төрийн өмчийн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, хамгаалах ажлыг эрхлэн гүйцэтгэх үүрэг бүхий Засгийн газрын үндсэн бүтцийн байгууллага мөн.
2.Хорооны үндсэн зорилт нь төрийн өмчийн эд хөрөнгийн эзэмшилт, хадгалалт, бүртгэл тайлан, тооцоо, ашиглалтанд хяналт тавьж, үр ашгийг дээшлүүлэх, Засгийн газрын шийдвэрээр төрийн өмчийг хувьчлах ажлыг зохион байгуулж хэрэгжүүлэх, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд төрийн төлөөллийг хэрэгжүүлэх, төрийн захиргааны байгууллагыг шаардлагатай эд хөрөнгөөр хангах үндсэн үүргийг хэрэгжүүлнэ.
3.Хороо нь бодлого, үйл ажиллагаагаа Сангийн сайдтай зөвшилцөж явуулна.
4.Хорооны үйл ажиллагааны чиглэл
Хороо нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд дараахь үйл ажиллагааг явуулна:
а/Төрийн өмчийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих, үр дүнг судалж боловсронгуй болгох талаар санал боловсруулж, зохих журмын дагуу шийдвэрлүүлэх;
б/төрийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах, үнэлэх, хувьчлах талаар эрх хэмжээнийхээ хүрээнд аргачлал, заавар,журмыг боловсруулж, батлан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
в/төрийн өмчийг хувьчлах талаар тухайн жилд явуулах бодлого, хөтөлбөрийг боловсруулан Засгийн газар Улсын Их Хуралд оруулан шийдвэрлүүлэх;
г/батлагдсан хөтөлбөрийн дагуу төрийн өмчийг хувьчлах ажлыг зохион байгуулж, гүйцэтгэлд нь хяналт тавьж, үр дүнг тайлагнах;
д/төрийн өмчийн эд хөрөнгийн эзэмшилт, хадгалалт, хамгаалалтыг сайжруулах,түүний ашиглалтанд хяналт тавьж, үр ашгийг дээш лүүлэх арга хэмжээ авах, төрийн өмчийн бүртгэл, тооллого, тайлан тэнцэл хянах ажлыг зохион байгуулж удирдах;
е/төрийн өмчийн төлөөлөл, өмч хувьчлалын ажлын эрх зүйн үндсийг бүрдүүлэх, боловсронгуй болгох санал боловсруулах, энэ талаар холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах;
ж/төрийн өмчийн эзэмшилт, ашиглалт, төлөөлөл, хувьчлалтай холбогдуулан байгууллага, иргэдээс ирүүлсэн санал, хүсэлт, мэдээл лийг хянан үзэж шийдвэрлэх;
з/төрийн өмчит үйлдвэрийн газрын удирдлагыг хууль тогтоомжид заасны дагуу томилох, чөлөөлөх, түүнтэй гэрээ байгуулах, төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд төрийн өмчийн төлөөлөгчийг томилж, түүний үйл ажиллагаанд хяналт тавих;
и/батлагдсан норм, нормативын үндсэн дээр төрийн байгууллагуудыг шаардлагатай эд хөрөнгөөр хангах;
к/орон нутгийн өмчийг удирдах ажилд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх;
л/Засгийн газраас тогтоосон журмын хүрээнд төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээслэх ажлыг хэрэгжүүлнэ.
5.Хороо нь дэргэдээ Төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий, өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажилладаг төрийн өмчийн агентлагтай байна. Агентлагийн дүрмийг Засгийн газар батална. Хорооны дарга Агентлагийн зохион байгуулалтын бүтэц, орон тоог баталж дарга болон орлогч даргыг томилно.
6.Хороо нь үйл ажиллагаагаа явуулахдаа төр, хуулийн этгээд болон иргэдийн эрх, тэдний хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, бусдын нөлөөнд үл автах, өмч хувьчлалын үйл ажиллагааг ил тод явуулах, хуулийг дээдлэх зарчмыг удирдлага болгоно.
7.Хороо нь Засгийн газарт үйл ажиллагаагаа тайлагнана.
8.Хороо нь зохих журмын дагуу хийгдсэн тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
Хоёр.Хорооны удирдлагын бүтэц, ажлын зохион байгуулалт
9.Төрийн өмчийн хороо нь дарга, гишүүдээс бүрдэнэ.
10.Хороо бүрэн эрхээ хуралдаан бусад хэлбэрээр хэрэгжүүлнэ.
11.Хороог Засгийн газраас томилогдсон дарга удирдаж толгойлно.
12.Хорооны дарга дараахь чиг үүрэгтэй:
а/хорооны өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах;
б/хорооны хуралдааны хэлэлцэх асуудлыг тодорхойлж хуралдааныг товлох, даргалах;
в/хорооны үндсэн нэгжүүдийн дүрэм, нийслэлийн Төрийн өмчийн хорооны бүтцийг батлах;
г/хорооны үндсэн нэгжүүдийн дарга, нийслэлийн Төрийн өмчийн хорооны даргыг томилох, чөлөөлөх;
д/хорооны нэрийн өмнөөс бусад байгууллагатай харилцах, хороог гадаад, дотоодод төлөөлөх;
е/батлагдсан төсвийг захиран зарцуулах;
ж/эрх хэмжээнийхээ асуудлаар тушаал гаргаж, биелэлтийг хангуулах;
з/хорооны гишүүдэд ажлын хөлс олгох асуудлыг шийдвэрлэх;
и/тодорхой асуудал боловсруулах, дүгнэлт гаргах, магадлан шинжилгээ хийлгэх ажилд мэргэшсэн хүмүүсийг татан оролцуулах, гэрээгээр ажиллуулах, түүнд цалин урамшуулал олгох асуудлыг шийдвэрлэх;
к/хорооны шийдвэрийн хэрэгжилтэнд хяналт тавьж биелэлтийг хангуулах.
13.Хорооны даргын эзгүйд Сангийн сайдын төлөөлөгч хорооны гишүүн түүнийг орлон ажиллана.
14.Хорооны гишүүн:
а/хорооны гишүүнийг Төрийн өмчийн хорооны даргын санал болгосноор Засгийн газар томилно;
б/хорооны гишүүн нь хуралдаанд таслах эрхтэй оролцохоос гадна Хорооны шийдвэрийн дагуу тодорхой ажил үүргийг гүйцэтгэж болно;
в/хорооны гишүүн нь шийдвэр гаргахад оролцохдоо байгууллагын болон хувийн ашиг сонирхлын үүднээс хандахыг хориглоно.
15.Хорооны хуралдаан:
а/хорооны хуралдаан дэгээ тогтооно;
б/хорооны хуралдааныг 2 долоо хоногт 1-ээс доошгүй удаа хуралдуулна. Хуралдааны тэмдэглэлийг хорооны Тамгын газрын дарга хөтөлнө;
в/шаардлагатай тохиолдолд Хорооны дарга хуралдааныг зарлан хуралдуулж болно.
16.Хорооны шийдвэр:
а/хорооны нийт гишүүдийн дийлэнх олонхи нь хүрэлцэн ирснээр хорооны хуралдааныг хүчинтэйд тооцох ба хуралдаанд оролцсон нийт гишүүдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэж тогтоол тэмдэглэл гаргана. Хороо шийдвэрээ Сангийн сайдад танилцуулна. Сангийн сайд долоо хоногийн дотор саналаа өгөх бөгөөд тухайн асуудал дээр өөр байр суурьтайгаа бичгээр илэрхийлвэл уг асуудлыг хороо дахин хэлэлцэнэ. Хороогоор дахин хэлэлцсэний дараа шийдвэр хэвээр байх ба түүнийг Сангийн сайд зөвшөөрөөгүй тохиолдолд Засгийн газрын хуралдаанд оруулж шийдвэрлүүлнэ. Хэрэв Сангийн сайд долоо хоногийн дотор хариу өгөөгүй бол хорооны шийдвэр хүчин төгөлдөр болно;
б/хуралдаанаас гаргасан тогтоолд хорооны дарга, Тамгын газрын дарга гарын үсэг зурна.
17.Хорооны орон нутгийн байгууллага:
а/Төрийн өмчийн хороо нь аймагт төрийн өөрийн өмчийн төлөөлөгч, нийслэлд Өмчийн хорооны бүтэцтэй ажиллана. Нийслэлийн Төрийн өөрийн өмчийн хорооны дарга, аймгийн төрийн өөрийн өмчийн төлөөлөгчийг Төрийн өмчийн хорооны дарга томилж чөлөөлнө;
б/аймгийн төрийн өөрийн өмчийн төлөөлөгчийн эрх хэмжээ, ажиллах нийтлэг журмыг Засгийн газар тогтооно;
в/нийслэлийн төрийн өөрийн өмчийн болон аймгийн төрийн өмчийн төлөөлөгч нь өмчийн бүртгэл мэдээллийг сар, улирал, хагас жил, бүтэн жилээр батлагдсан маягт журмын дагуу гаргаж, холбогдох саналын хамт Хороонд ирүүлнэ.
------ОоО------
Текст томруулах
A
A
A