- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЯАМ, ТУСГАЙ ГАЗРЫН ЭРХЛЭХ АЖЛЫН ҮНДСЭН ЧИГЛЭЛ
Засгийн газрын 1994 оны 112 тогтоолын 2 дугаар хавсралт
ЯАМ, ТУСГАЙ ГАЗРЫН ЭРХЛЭХ АЖЛЫН ҮНДСЭН ЧИГЛЭЛ
1. Байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөц баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, экологийн аюулгүй байдал, тэнцвэрийг хангах бодлогыг боловсруулах, байгаль орчинд аливаа сөрөг нөлөөлөл бий болохоос сэргийлэх, арга хэмжээ авах.
2. Байгаль орчныг хамгаалахтай холбогдсон хууль тогтоомжийн биелэлтийг хангуулах, илэрсэн зөрчлийг таслан зогсоох, учруулан хохирлыг арилгах ажлыг удирдан зохион байгуулах, хяналт тавих.
3. Монгол Улсын "Улаан ном", тусгай хамгаалалттай газар нутгийн болон байгалийн аялал жуулчлалын асуудлыг эрхлэх, байгалийн нөөц, баялгийн эдийн засгийн үнэлгээ, төлбөрийн тогтолцоог боловсронгуй болгох.
4. Байгаль, цаг уурын нөхцөл, ус, бэлчээр, ургамал, амьтны аймгийн болон байгалийн нөөц, түүнд орсон өөрчлөлт, түүнчлэн орчны бохирдол зэргийг судалж дүгнэлт гаргах ажлыг зохион байгуулах, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг байгаль орчны талаархи шаардлагатай мэдээллээр хангах арга хэмжээ авах.
5. Хот, төв, суурин газрын төлөвлөлт, шинээр барих, өргөтгөх үйлдвэр, барилга байгууламжийн техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл, технологид экологийн магадлан шинжилгээ хийлгэж дүгнэлт гаргуулах.
6. Газар, түүний хэвлийн баялаг, ой, ус, агаар, ургамал, амьтны аймгийн болон бусад дагалт баялгийн тоо бүртгэл, мэдээллийн сангийн асуудлыг эрхлэх.
7.Байгаль орчинд сөрөг нөлөө бүхий химийн болон бусад хортой бодис, үүсгүүр, тэдгээрийн хог хаягдлын бүртгэлийг төрийн захиргааны холбогдох байгууллагатай хамтран эрхэлж, тэдгээрийн ашиглалт, хадгалалт, хамгаалалт, тээвэрлэлт, булшлалтад байгальд сөрөг нөлөөлөхөөс сэргийлэх шаардлагын үүднээс хяналт тавих ажлыг зохион байгуулах.
8. Байгалийн гамшиг, үйлдвэрлэлийн томоохон осол, цацраг идэвхт болон хортой бодис, үүсгүүр алдагдсаны улмаас байгальд учирсан хор уршгийг арилгах, тэдгээрийн нөлөөллөөс хамгаалах ажлыг зохион байгуулж зохицуулах.
9. Улсын захиалгаар хэрэгжүүлэх байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөц баялгийг нөхөн сэргээхтэй холбогдсон арга хэмжээг холбогдох яам, тусгай газар, аймаг, нийслэл, аж ахуйн байгууллагаар боловсруулж, чиглэл, хөтөлбөрт тусгуулах, тэдэнтэй үр дүнг тооцох.
10. Газар, ой зохион байгуулалт, ан амьтны тооллого хайгуулын ажлыг нэгдсэн удирдлагаар хангах, тэдгээрийг ашиглах, хамгаалахтай холбогдсон үйл ажиллагааг зохицуулах.
11. Байгалийн баялгийг олборлох, зохистой ашиглах талаар нийтлэг журмыг холбогдох бусад байгууллагатай хамтран тогтоож, түүнийг хэрэгжүүлэх ажил зохион байгуулж хяналт тавих.
12. Тухайн аймаг, хот, сумын нутаг дэвсгэрээс бэлтгэх мод, зохих хууль тогтоомжоор агнахыг хориглосноос бусад агнах ан амьтан, үйлдвэрлэлийн аргаар ашиглаж болох дагалт баялгийн хяналтын тоог аймаг, нийслэлийн Засаг даргатай тохиролцон тогтоох, хэрэгжилтэд нь хяналт тавих.
13. Агнах, устгахыг хориглосон ан амьтныг Ан агнуурын хуулийн 21 дүгээр зүйлийн дагуу улс нийгмийн хэрэгцээнд зориулан агнах, барих шаардлага гарвал энэ тухай санал боловсруулж холбогдох яам, тусгай газар, аймаг, нийслэлтэй зохицон Засгийн газарт оруулж шийдвэрлүүлэх.
14. Тогтоосон хяналтын тоог үндэслэн гадаадын анчдад ан амьтан агнуулахаар зуучилж үйлчлэх аж ахуйн нэгж, байгууллагыг зохих журмын дагуу сонгон шалгаруулж Худалдаа, үйлдвэрийн яамтай зохицон зөвшөөрөл олгох асуудлыг хянаж шийдвэрлэх.
15. Байгалийн ачаалал, сөрөг нөлөөллийг зохицуулахтай холбогдсон үндэсний жишиг, хэм хэмжээг тогтоох.
Хоёр. Батлан хамгаалах яам
1. Улсыг батлан хамгаалах, цэргийн бодлогыг хэрэгжүүлэх, зэвсэгт хүчнийг захиргааны удирдлагаар хангах.
2. Зэвсэгт хүчнийг зэвсэг техник, бусад материал, хэрэгслээр хангах асуудлыг боловсруулах, энэ талаар гарсан шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах.
3. Цэргийн боловсон хүчнийг сургаж бэлтгэх, цэргийн албан хаагчдын эрх, ашиг сонирхлыг хамгаалах.
4. Батлан хамгаалах салбарт техник, технологийн дэвшлийг хангаж, цэргийн шинжлэх ухааныг хөгжүүлэх.
5. Зэвсэгт хүчний болон төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын дайчилгааны даалгаврын биелэлтийг хангуулах арга хэмжээг зохион байгуулах.
6. Цэргийн цугларалт, хээрийн сургууль, дадлага хийхэд тээврийн хэрэгсэл, барилга байгууламжийг зохих хөлсийг нь төлж түр хугацаагаар дайчлан гаргуулах ажлыг зохион байгуулах.
Гурав. Гадаад харилцааны яам
1. Тодорхой улстай харилцах, бүс нутагт явуулах улс төрийн гадаад бодлогыг боловсруулж хэрэгжүүлэх, улс төр, эдийн засаг, соёл, шинжлэх ухаан, хүмүүнлэгийн хамтын ажиллагааны бодлогын нэгдлийг хангаж зохицуулах.
2. Гадаад улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх, гадаад улстай дипломат харилцаа тогтоох буюу цуцлах, олон улсын Засгийн газар хоорондын байгууллагуудад гишүүнээр элсэх санал боловсруулж эрх бүхий байгууллагад оруулан шийдвэрлүүлэх.
3. Монгол Улсаас дипломат харилцаатай улс болон гишүүнээр элссэн олон улсын байгууллагын төвд бүрэн эрхт төлөөлөгчдийн газар шинээр байгуулах буюу татан буулгах, тухай санал боловсруулж эрх бүхий байгууллагад оруулан шийдвэрлүүлэх.
4. Олон улсын гэрээ байгуулах, олон талын гэрээнд нэгдэн орох асуудлаар хэлэлцээ хийх, гэрээнд гарын үсэг зурах шийдвэр гаргуулах, гэрээ соёрхон батлуулах, гэрээнд нэгдэн орох, цуцлах тухай саналыг тухайн гэрээгээр зохицуулж буй асуудлыг эрхэлсэн яам, газрын удирдлагатай зөвшилцөн Засгийн газарт өргөн мэдүүлэх, бүрэн эрхийн итгэмжлэлийг олгох, гэрээ баталсан тухай холбогдох талд мэдэгдэх, гэрээг тусгай эмхтгэл болгон хэвлэх, гэрээний жинхэнэ эхийг хадгалах, гэрээгээр хүлээсэн үүргийн хэрэгжилтэд хяналт тавих ажлыг эрхлэх, явуулах.
5. Олон улсын болон бүс нутгийн байдал, бусад улсын гадаад бодлого, үйл ажиллагааны онцлог асуудлаар дүн шинжилгээ хийж, Засгийн газрын баримтлах байр суурь, чиг шугамын тухай санал боловсруулан эрх бүхий байгууллагад оруулах, шаардлагатай асуудлаар Засгийн газрын байр суурийг илэрхийлэх.
6. Монгол Улсын болон гадаад улсын төр, засгийн тэргүүний дээд хэмжээний айлчлалын бэлтгэл ажлыг хангуулж гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх асуудлыг нэгтгэн зохицуулах.
7. НҮБ болон Засгийн газар хоорондын олон улсын байгууллагад Монгол Улсыг төлөөлж үйл ажиллагаанд нь оролцох.
8. Монгол Улсаас гадаад улс, олон улсын байгууллагад суух бүрэн эрхт төлөөлөгчийн болон Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчдийн газар, консулын газрын тэрүүнийг томилох, эгүүлэн татах саналыг эрх бүхий байгууллагад оруулан шийдвэрлүүлэх, Монгол Улсын Өргөмжит консулыг томилох, чөлөөлөх.
9. Монгол Улсын консулын албаны ажлыг эрхлэн гүйцэтгэх, гадаадад байгаа монгол иргэдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хуулийн дагуу хамгаалахад олон улсын практикийн дагуу оролцох.
10. Монгол Улсын хилийн шугам, хилийн дэглэмийг тогтоох, хилийн боомт нээх, хаах, хил орчмын хамтын ажиллагааны талаар гэрээ хэлэлцээр байгуулах, биелүүлэх ажилд оролцох, улсын хилийн шугамыг холбогдох улстай хамтран шалгах ажлыг хянан зохицуулах.
11. Холбогдох яам, газруудтай хамтарч Монгол Улсын эдийн засгийн гадаад бодлогыг боловсруулахад оролцох, түүнийг хоёр болон олон талын хүрээнд хэрэгжүүлэх асуудлаар санал, дүгнэлт гарган гадаад улс, олон улсын байгууллагаас зээл тусламж авах хүсэлтийг Засгийн газрын өмнөөс тухайн улс буюу байгууллагад тавьж шийдвэрлүүлэх.
12. Гадаад орон, олон улсын байгууллагуудтай эдийн засаг, шинжлэх ухаан-техникийн талаар хамтран ажиллах Засгийн газар хоорондын комисс, хороодын хурлын бэлтгэлийг хангаж гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг бусад байгууллагатай хамтарч зохион байгуулах.
13. Монгол Улсаас бусад улсад тусламж үзүүлэх асуудлыг боловсруулж эрх бүхий байгууллагад оруулан шийдвэрлүүлэх.
Дөрөв. Дэд бүтцийн хөгжлийн яам
1. Барилга, барилгын материалын үйлдвэрлэл, хот байгуулалт, геодези зураг зүй, орон сууц, нийтийн аж ахуй, зам, тээвэр, холбооны салбарын цаашид энэ дүрэмд салбар гэнэ хэтийн болон ойрын хөгжлийн чиглэл хандлагыг тодорхойлж, төр, Засгийн газраас тухайн шатанд баримтлах бодлого, үндсэн чиглэлийг боловсруулна.
2. Дэд бүтцийн салбарыг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэх арга зам, дарааллыг хөрөнгө хүчний боломж, нийгмийн шаардлагад уялдуулан зохицуулж хэрэгжүүлэх ажлыг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулах.
3. Салбарт зах зээлийн харилцааг төлөвшүүлэх, дэд бүтцийн зохистой хөгжлийг хангахад чиглэсэн шударга өрсөлдөөн өрнүүлэх, гадаадын хөрөнгө оруулалт хийх зэрэг асуудлаар Засгийн газрын баримтлах бодлогыг боловсруулж, түүнийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах.
4. Барилга-угсралт, замын ажил, бүх төрлийн тээвэр, холбооны үйлчилгээ, барилгын материалын үйлдвэрийн бүтээгдэхүүн зураг төслийн ажлын чанарын түвшин, үндсэн тоног төхөөрөмж, хэрэгсэл, байгууламжийн ашиглалтад тавих мэргэжлийн улсын хяналтыг хэрэгжүүлэх улсын экспертизийн дүгнэлт шийдвэр гаргаж, хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн биелэлтийг хангуулах.
5.Монгол орны хүн амын нутагшил, суурьшил болон бүс нутгийн төлөвлөлт, хот, суурин газрыг барилгажуулах ерөнхий төлөвлөгөөг боловсруулах, түүнийг хэрэгжүүлэх ажлыг байгаль орчныг хамгаалах бодлоготой уялдуулан холбогдох яам, тусгай газар, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, хот, тосгоны захирагчтай хамтран зохион байгуулах.
6. Монгол орны өвөрмөц онцлог, зах зээлийн харилцаанд нийцүүлэн хот байгуулалт, архитехтур төлөвлөлтийн шийдлийн түвшинг дээшлүүлэх, үндэсний уран барилгын өв уламжлалыг сэргээн хөгжүүлэх.
7. Салбарын чиглэлээр зураг төсөл, судалгааны ажлыг хөгжүүлж, техник, технологийн дэвшлийг хангана.
Тав. Сангийн яам
1. Төсвийн орлого, зарлагын бүтэц, бүрэлдэхүүнийг боловсронгуй болгон сайжруулах арга хэмжээ авах, улсын төвлөрсөн төсвийн төслийг боловсруулж төсвийн хуулийг хэрэгжүүлэх ажлыг эрхэлж, төсвийн гүйцэтгэлийг зохион байгуулах.
2. Улсын гадаад, дотоод өр зээлийн асуудлыг хянан зохицуулж, гадаад орны болон олон улсын санхүү-банкны байгууллага, түүний дотор Олон улсын валют, санхүүгийн байгууллагатай харилцах асуудлыг эрхлэн гаднаас авах Засгийн газрын зээл, тусламжийн үндэслэл тооцоог хийхэд оролцож, ашиглалтад нь хяналт тавих.
3. Монгол Улсын төлбөрийн тэнцлийг хийхэд оролцох, биелэлтийг холбогдох байгууллагатай хамтран зохион байгуулах, гадаадын зээл тусламжийн хөрөнгийн нэгдсэн бүртгэл хөтөлж, гадаад валютаар төсөвт орох орлого, төсвөөс гарах зардлыг тооцож, гүйцэтгэлийн тайланг нэгтгэн гаргах.
4. Улсын төвлөрсөн төсөвтэй харьцдаг арилжааны банкуудын төрийн төлөөллийг хэрэгжүүлэх, өөрийн төлөөлөгчдийг төлөөлөн удирдах зөвлөлд томилон ажиллуулах, төрийн өмчийг эзэмшүүлэх, ашиглуулах, түрээслэх, бүртгэл хөтлөх, түүний хадгалалт, хамгаалалт, зарцуулалтад хяналт тавих.
(Хүчингүй болгосон : 1996 оны 318 тоот Засгийн газрын тогтоол)
5. Төрийн өмчийн аж ахуйн нэгж, төсөвт байгууллагуудын санхүү бүртгэл, тайлан тооцооны байдалд төлбөргүйгээр, хувийн өмчийн аж ахуйн нэгжүүдийн хүсэлтээр тэдний санхүү бүртгэл, тайлан тооцооны ажилд төлбөртэйгээр санхүүгийн хяналт шалгалт явуулах.
6. Өмчийн холбогдолтой эрүү, иргэний хэргийн гарсан маргаантай асуудалд нягтлан бодох бүртгэлийн магадлагаа хийж дүгнэлт гаргах, улс, орон нутгийн хэмжээнд нягтлан бодох бүртгэлийн магадлагаа хийх заавар, журмын хэрэгжилтэд хяналт тавьж, аргачилсан удирдлагаар хангах.
7. Засгийн газраас Монгол банктай хамтран явуулах бодлогын хүрээнд мөнгөний бодлого боловсруулахад оролцож улсын зээллэг, үнэт цаасны үйл ажиллагааг зохион байгуулах, арилжааны банк, санхүүгийн байгууллагуудын санхүүгийн төлөвлөгөө, тайлан тэнцлийг хүлээн авч хянах, зээлийн ба валютын орлого, зарлагын мэдээлэл гаргах ажлыг хариуцах.
8. Аж ахуйн нэгж, байгууллагад нягтлан бодох бүртгэл хөтлөх, тайлан тэнцэл гаргах арга зүйг боловсронгуй болгох арга хэмжээ авч, бүртгэл хяналтын итгэмжлэгдсэн байгууллага, мэргэшсэн нягтлан бодогч ажиллуулах, нягтлан бодогчийн мэргэжил олгох ажлыг холбогдох байгууллагатай хамтран зохион байгуулах.
9. Үнэт металлын орлого, зарлагын тэнцэл гаргах, үнэт металлаар хийсэн бүтээгдэхүүний сорьцыг тогтоон баталгаажуулах, үнэт металл, эрдэнийн чулуу, тэдгээрээр хийсэн эдлэл, түүх, соёлын дурсгалт болон гоёл чимэглэлийн ховор нандин зүйлсийн хадгалалт, хамгаалалт, бүртгэл тооцоонд хяналт тавих, улсын хуваарь, зохих шийдвэрийг үндэслэн аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд үйлдвэрлэл, үйлчилгээ, эрдэм шинжилгээ, экспортын зориулалтаар улсын эрдэнэсийн сангаас үнэт металл, эрдэнийн чулуу олгох зөвшөөрөл өгөх.
10. Тус улсын нутаг дэвсгэр дээр ажиллаж байгаа хамтарсан үйлдвэрийн газар, гадаадын буюу олон улсын байгууллагаас Монгол Улсын байгууллагуудтай харилцах валют, санхүүгийн ажиллагааны хэлбэр, зарчмыг тогтооход оролцох.
Зургаа. Соёлын яам
1. Соёлын хөгжлийн өнөөгийн болон хэтийн зорилтыг тодорхойлж төрөөс баримтлах соёлын бодлогыг хэрэгжүүлэх.
2. Түүх, соёлын дурсгалт зүйлсийг хадгалах, хамгаалах, сэргээн засварлах, соёлын аялал, жуулчлал эрхлэх ажлыг холбогдох яам, тусгай газар, нутгийн захиргааны байгууллагатай хамтран зохион байгуулах.
3. Урлагийн төрөл, зүйлсийг хөгжүүлэх, ардын болон сонгодог урлагийг сурталчлах, дэлгэрүүлэхэд уран бүтээлчдийн хүчийг нэгтгэн зохион байгуулж соёл, урлагийн авьяастныг илрүүлэн тэднийг дэмжиж ажиллах.
4. Уран бүтээлийн эвлэл, холбоодын үйл ажиллагаа, уран бүтээлийн чанарт төрийн захиргааны төв байгууллагын хувьд хяналт тавьж, төрийн соёл, урлагийн бодлогыг боловсруулж, энэ талаар гарсан хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хамтын хүчээр төвлөрсөн арга хэмжээ зохион байгуулах, улс орны өмнө тавигдсан соёл, урлагийн томоохон асуудлыг шийдвэрлэхэд чиглүүлэн оролцуулах.
5. Түүх, соёлын дурсгалт зүйл, урлагийн ховор нандин бүтээлийг худалдаж борлуулах, соёлын үйлчилгээ явуулах талаар гарсан хууль тогтоомж, бусад норматив баримт бичгийн биелэлтэд хяналт тавьж зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах.
6. Хэвлэлийн үйлдвэрийн хүч чадлыг бэхжүүлэх, оновчтой болгох, музей, номын сангийн үйл ажиллагааг зохион байгуулах, кино, видео урлагийг хөгжүүлэх, ялангуяа соёлын үйлчилгээг хөдөөгийн хүн амд хүргэж, чанарыг нь сайжруулах талаар холбогдох яам, тусгай газар, орон нутгийн захиргаатай хамтран ажиллах.
7. Хүн амын соёлын ерөнхий түвшинг дээшлүүлэх, өсвөр үеийнхэнд түүх, соёлын өргөн мэдлэг эзэмшүүлэх, тэдэнд улс үндсээрээ бахархах, шилдэг өв уламжлалаа дээдлэх хүмүүжил олгох, уран барилга, хот байгуулалтын орчин үеийн ухааныг үндэсний өвөрмөц дүр төрх, уламжлалаа хадгалж хөгжүүлэхтэй хослуулах, нийгмийн амьдралын бүх хүрээнд үндэсний болоод дэлхийн соёлын ололтыг нэвтрүүлэх талаар төрийн захиргааны төв, нутгийн захиргааны болон олон нийтийн байгууллагуудтай хамтран ажиллах.
8. Урлагийн хамтлагуудаас гадаад оронд, гадаадын урлагийн хамтлаг манай оронд айлчлан тоглох, мэргэжлийн уран бүтээлчдийг солилцох, уран бүтээлийн үзэсгэлэн, үзэсгэлэн-худалдаа зохион байгуулах болон Монгол Улсын нутаг дэвсгэр дээр кино зураг авах, төлбөртэй үзвэр зохион байгуулахыг хүссэн гадаадын байгууллага, хүмүүст зөвшөөрөл олгож гэрээ, хэлэлцээр байгуулах, холбоо харилцаа тогтооход нь дэмжлэг туслалцаа үзүүлэх.
Долоо. Худалдаа, үйлдвэрийн яам
1. Арьс шир, ноос, оёдол, мод бэлтгэл, боловсруулах, металлын болон засварын үйлдвэр, ахуйн үйлчилгээний салбарыг хөгжүүлэх бодлого боловсруулж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах.
2. Жижиг, дунд үйлдвэр, хөгжүүлэх бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах.
3. Эдийн засгийн гадаад харилцааг хөгжүүлэх бодлогыг холбогдох яам, газартай хамтран хоёр болон олон талын хүрээнд хэрэгжүүлэх.
4. Зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн бодлого боловсруулж хэрэгжүүлэх, гааль, худалдааны болон албан татвар, үнэ, зээл, хүү зэрэг макро эдийн засгийн хөшүүргийг ашиглан зах зээлийн зохицуулалтыг хэрэгжүүлэхэд бусад яамдтай хамтран ажиллах.
5. Экспортыг хөхүүлэн дэмжих, импортыг чөлөөтэй болгох, экспорт, импортын бүтцийг зохистой болгох бодлого боловсруулж хэрэгжүүлэх, гадаад худалдааны тэнцлийг сайжруулахтай холбогдсон арга хэмжээ авах.
6. Төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой байгууллагын шугамаар зарим нэр төрлийн бараа, материал, техник, хэрэгсэл, тоног төхөөрөмжийг экспортлох болон импортлох үйл ажиллагааг нэгтгэн зохион байгуулах.
7. Гадаадын хөрөнгө оруулах эдийн засаг, эрх зүйн таатай нөхцөл бүрдүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ боловсруулах, гадаадаас Монгол Улсад болон Монгол Улсаас гадаадад хөрөнгө оруулалт хийх асуудлыг хууль, тогтоомжийн дагуу хянаж зохицуулдах.
8. Эдийн засгийн хөгжлийн стратегийн бодлогыг хэрэгжүүлэхтэй холбогдсон төслүүдийг холбогдох яам, тусгай газар, байгууллагуудтай хамтран судалж, сонгон шалгаруулах, тэдгээрт зориулж гадаад улсын Засгийн газар, олон улсын байгууллагаас зээл, тусламж авч ашиглах гэрээ, хэлэлцээр байгуулах ажлыг зохион байгуулах, гүйцэтгэлд хяналт тавих.
9. Үйлдвэрлэлийн болон хүн амын хэрэглээний гол нэр төрлийн бүтээгдэхүүний тэнцлийг боловсруулах, дотоод зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийг зохистой байлгах, худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний нийтлэг дэг журмыг тогтоох.
10. Монгол оронд аялал, жуулчлалыг хөгжүүлэх бодлогыг холбогдох байгууллагуудыг оролцуулан боловсруулж хэрэгжүүлэх.
11. Худалдаа, эдийн засаг, техникийн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлалын асуудлаар гадаад орон, олон улсын байгууллагатай гэрээ хэлэлцээр байгуулах, олон улсын гэрээнд нэгдэн орох талаар саналыг нэгтгэн боловсруулж шийдвэрлүүлэх, тэдгээр гэрээ хэлэлцээрээр хүлээсэн үүргийн биелэлтийг зохион байгуулж хяналт тавих.
12. Худалдаа, эдийн засгийн талаар гадаад орнуудын Засгийн газар, олон улсын Засгийн газар хоорондын болон ажил хэргийн байгууллагуудтай хамтран ажиллах комисс, хорооны монголын хэсгийн үйл ажиллагаанд оролцох, зохицуулах талаар санал боловсруулж шийдвэрлүүлэх.
13. Бараа, материалын улсын нөөцийг төлөвлөх, хуримтлуулах арга хэмжээ авч, түүний зарцуулалт, хадгалалт, нөхөн бүрдүүлэлтэд хяналт тавих.
14. Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагааны талаар хууль, тогтоомж, журам, дүрмийн биелэлт, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах болон шударга бус өрсөлдөөн, дангаар ноёрхохын эсрэг авах арга хэмжээтэй холбогдсон хууль тогтоомж, журам, дүрмийн биелэлтэд хяналт тавих.
15. Гадаад, дотоод зах зээлийн байдал, хандлага, үндсэн нэрийн бараа, материалын хангамж, үнэ, олон улсын худалдааны эрх зүй, дэг журмын талаархи мэдээллээр хангах.
Найм. Хууль зүйн яам
1. Хууль тогтоомжийг боловсронгуй болгох болон эрх зүйн бусад асуудлаар бодлого боловсруулж хэрэгжүүлэх.
2. Хуулийн төсөл боловсруулах ажлыг эрхлэн зохион байгуулж хууль тогтоомжийн төсөл боловсруулах ажлыг арга зүйн удирдлагаар хангах.
3. Монгол Улсын хууль тогтоомжийн бүртгэл, лавламжийн үндэсний сан, эрх зүйн мэдээллийн сүлжээг эрхлэн хөтөлж эрх зүйн мэдээллээр байгууллага, иргэдийг үйлчлэх ажлыг зохион байгуулах.
4. Яам, тусгай газраас батлан гаргасан нийтээр дагаж мөрдөх, хэм хэмжээ тогтоосон эрх зүйн баримт бичиг хууль тогтоомжид нийцэж буй эсэхэд хяналт тавьж, улсын бүртгэлд бүртгэх.
5. Аймаг, нийслэлийн Засаг дарга, хотуудын Ардын Хурлын гүйцэтгэх захиргааны дарга нараас батлан гаргасан тухайн нутаг дэвсгэртээ дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон эрх зүйн баримт бичгийг хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг хянан, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах.
6. Эрх зүйн сургалтыг зохион байгуулж, хууль тогтоомжийг хэвлэл мэдээлэл, мэдээллийн хэрэгслээр сурталчлах, иргэд, байгууллагад хууль зүйн туслалцаа үзүүлэх ажлыг зохион байгуулж арга зүйн удирдлагаар хангах.
7. Хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, шашны хийгээд олон нийтийн байгууллагыг улсын бүртгэлд бүртгэх ажлыг эрхэлж, нотариатын үйлчилгээг зохион байгуулж удирдах.
8. Гадаад оронтой эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх асуудлаар хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг бүрдүүлэх, хууль тогтоомжийг гадаад хэл дээр орчуулах, орчуулгыг хянах ажлыг зохион байгуулж гадаад байгууллага, иргэдэд лавлагаа өгөх ажил эрхлэх.
9. Иргэний харьяалалтай холбогдолтой асуудлыг хууль, тогтоомжид заасан хүрээнд хариуцаж эрхлэх.
Ес. Хүн амын бодлого, хөдөлмөрийн яам
1. Төрөөс явуулах хүн ам зүйн бодлогыг боловсруулж хэрэгжүүлэх, Монгол Улсын хүн амын тогтвортой өсөлт, нөхцөлийг хангахад чиглэсэн ойрын ба хэтийн нэгдсэн бодлого боловсруулж, энэ талаар холбогдох яам, тусгай газар, засаг захиргаа, эрдэм шинжилгээний болон Засгийн газрын бус байгууллагуудтай хамтран ажиллах.
2. Хүн амын нийгмийн хамгааллын тогтолцоог боловсронгуй болгох, нийгмийн халамжийн талаар төрийн нэгдсэн бодлогыг боловсруулж хэрэгжүүлэх.
Хүүхэд, залуучууд, эмэгтэйчүүд, ахмадуудын нийгмийн асуудал, ялангуяа эх нялхас, өндөр настан, тахир дутуу иргэд зэрэг нийгмийн эмзэг давхрагын эрх ашгийг хамгаалах, тэдний нийгмийн баталгааг хангах талаар авах арга хэмжээг тодорхойлон хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, нийгмийн халамжийн санг захиран зарцуулах, гүйцэтгэлд хяналт тавих.
3. Нийгмийн даатгалын тогтолцоог боловсронгуй болгох талаар төрөөс явуулах бодлогыг боловсруулж хэрэгжүүлэх, бүх төрлийн тэтгэвэр, тэтгэмж тогтоох, олгох, асрамжийн үйлчилгээг сайжруулах, нийгмийн даатгалын санг бүрдүүлэх зарцуулах ажлыг улсын хэмжээнд нэгдсэн удирдлагаар хангаж зохион байгуулах, хяналт тавих.
4. Төрөөс явуулах хөдөлмөрийн зах зээлийн бодлогыг боловсруулж хэрэгжүүлэх, хүн амын хөдөлмөр эрхлэлт, мэргэжлийн сургалтын асуудлаар болон ажилгүйдэл, хүн амын ядуурлыг бууруулах талаар бодлого боловсруулж холбогдох арга хэмжээг яам, тусгай газар, нутгийн захиргааны байгууллагатай хамтран уялдуулан зохицуулах, зохион байгуулж хэрэгжүүлэх.
5. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, хүн амын амьжиргааны баталгаажих доод түвшин, төрийн болон төсөвт байгууллагын ажилтны хөдөлмөрийн хөлсний сүлжээ, жишгийг тогтоох санал боловсруулж шийдвэрлүүлэх, мэргэжил, албан тушаалын тариф-мэргэжлийн лавлах зохиох аргачлал, мэргэжил, албан тушаалын нэрийн нэгдсэн жагсаалт, хөдөлмөрийн норм, норматив, стандарт гаргах, эзэд, үйлдвэрчний эвлэлийн байгууллагын хэлцлийн харилцааг зохицуулах, хөдөлмөрийн бүтээмж болон хөдөлмөрийн харилцааны бусад асуудлаар бодлого боловсруулах.
6. Хөдөлмөрийн нөхцөл, хөдөлмөр хамгаалал, техникийн аюулгүй ажиллагааны нэгдсэн бодлого боловсруулж хэрэгжүүлэх, хөдөлмөрийн стандарт, хөдөлмөр хамгааллын аюулгүй ажиллагаа болон хөдөлмөрийн хууль тогтоомжийн хэрэгжилтэд улсын хяналт тавих.
7. Монгол Улсын иргэд гадаадад хөдөлмөр эрхлэх, ажиллах хүч гадаад орноос авч ажиллуулах зөвшөөрөл олгох, манай улсад ажиллаж байгаа бусад орны болон олон улсын байгууллагад ажиллах монгол ажилчдын хөдөлмөр эрхлэлтийг зохицуулах.
Арав. Хүнс, хөдөө аж ахуйн яам
1. Хөдөө аж ахуйг хөгжүүлэх, хүн амын хүнсний хангамжийг сайжруулах нэгдсэн бодлого боловсруулж энэ талаар холбогдох яам, газар, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагатай уялдуулан зохицуулсан үйл ажиллагаа явуулах.
2. Хөдөө аж ахуйн эдэлбэр газар, ус ашиглалтыг сайжруулах хүнс, хөдөө аж ахуйн салбарт технологийн дэвшил нэвтрүүлэх бодлого боловсруулж хэрэгжилтийг зохион байгуулах.
3. Мал, тэжээвэр амьтан, ургамлыг өвчин хортноос урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэх ажлыг орон нутгийн засаг захиргааны удирдлагатай уялдуулан зохион байгуулж мал, амьтан, ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд мал эмнэлэг, ариун цэвэр, ургамал хамгаалал, хорио цээрийн болон хүсний үйлдвэрлэл, технологийн хяналт тавих, шаардлагатай үед хорио цээр тогтоох.
4. Салбарын хэмжээнд үйлдвэрлэл, технологийн зориулалттай материал-техникийн олдоц, хүрэлцээг нэмэгдүүлэх, экспортлох, импортлох бүтээгдэхүүний чанарт тодорхойлолт өгөхтэй холбогдсон асуудлыг бусад байгууллагатай хамтран зохицуулах.
5. Мал аж ахуй, газар тариалан, хадлан тэжээл бэлтгэл, бэлчээр, уст цэг, услалтын системийн ашиглалт хангамж, аж ахуйн нэгжүүдийн зохистой хэлбэр зэрэг асуудлаар богино, дунд, урт хугацааны төсөл боловсруулж хэрэгжүүлэх.
6. Малчид, тариаланчдын үйлдвэрлэлийн үйл ажиллагааг дэмжих, хувийн хэвшлийг хөгжүүлэх, салбар дахь төрийн өмчийн төлөөллийн үүргийг гүйцэтгэх.
7. Улсын хүнс, тарих үр, малын тэжээлийн нөөцөд зориулан дотоодоос бэлтгэх улсын захиалга гаргах, санхүүжүүлэх асуудлыг шийдвэрлүүлэх, худалдан авах ажлыг зохион байгуулах.
Арван нэг. Шинжлэх ухаан, боловсролын яам
1. Шинжлэх ухаан, технологи, боловсролыг хөгжүүлэх нэгдсэн бодлого боловсруулж хэрэгжүүлэх ажил зохион байгуулах.
2. Шинжлэх ухааны тэргүүлэх болон ирээдүй бүхий чиглэлийг тогтоон улс, орон нутаг, аж ахуйн нэгж, байгууллагын захиалгаар гүйцэтгэх судалгаа, туршилт, боловсруулалтын ажлын чиглэлийг гаргаж эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын шилдэг төсөл, хөтөлбөрийг шалгаруулах асуудлыг зохион байгуулж, улсын захиалгаар гүйцэтгэх ажлыг санхүүжүүлэх.
3. Шинжлэх ухаан, технологи болон боловсролын мэдээллийн албыг хөгжүүлэн хэрэглэгчдийг мэдээллээр үйлчлэх ажлыг зохион байгуулах.
4. Сургуулийн өмнөх насны хүүхдийг сургаж хүмүүжүүлэх, бүх нийтэд шат дараалсан боловсрол олгох, мэргэжлийн болон эрдмийн зэрэгтэй боловсон хүчин бэлтгэх, нийгмийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн мэргэжилтний мэдлэг, мэргэшлийн зэргийг ахиулах, мэргэшил дээшлүүлэх, давтан бэлтгэх ажлыг хариуцан зохион байгуулж боловсролын тогтолцоог боловсронгуй болгох арга хэмжээ авах.
5. Бүх шатны сургуулийг удирдах болон багшлах боловсон хүчнээр хангах, тэдний мэргэшил боловсролыг дээшлүүлэх, нийгмийн баталгааг бий болгох бодлого боловсруулж, сургуулийн үлгэрчилсэн дүрэм, сургалт-хүмүүжил, эрдэм шинжилгээний ажлын удирдамж, чиглэл, мэргэжлийн жагсаалтыг баталж мөрдүүлэх.
6. Бүх нийтэд суурь боловсрол олгох албан ба албан бус, тасралтгүй сургалтын бодлогыг хэрэгжүүлэх арга хэмжээг холбогдох яам, газар, орон нутгийн захиргаатай хамтран зохион байгуулах.
7. Сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагын бүтэц, тогтолцоог боловсронгуй болгох, тэдний үйл ажиллагаанд хяналт тавих, үнэлгээ өгөх.
8. Сургуулийн болон эрдэм шинжилгээний байгууллагын номын санг бэхжүүлэх бодлогыг Соёлын яамтай, сургуулиас гадуур хүүхэд хүмүүжүүлэх бодлогыг Хүн амын бодлого, хөдөлмөрийн яамтай, цацраг идэвхт бодисоос хамгаалах бодлогыг холбогдох яам, газруудтай хамтран боловсруулж зохион байгуулах.
Арван хоёр. Эрүүл мэндийн яам
1. Хүн амын эрүүл мэндийг хамгаалах, хөгжүүлэх бодлого боловсруулах, энэ талаар хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллага, төрийн зүгээс хүлээх хариуцлага, гүйцэтгэх үүргийг тодорхойлж хэрэгжүүлэх.
2. Хүн амын амьдрах, хөдөлмөрлөх орчин, эрүүл нөхцөлийг хангах талаар аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс хэрэгжүүлж байгаа ажлыг мэргэжлийн удирдлагаар хангаж гүйцэтгэлд нь хяналт тавих.
3. Хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж байгаа болон үзүүлж болзошгүй хүчин зүйлсийг судлан тогтоож, тухайн асуудал, чиглэлээр зорилтот хөтөлбөр боловсруулж, биелэлтийг нь хангуулах арга хэмжээ авах.
4. Урьдчилан сэргийлэх, эмчлэх мэргэжлийн тусламж, эм хангамжийн үйлчилгээ явуулдаг улсын болон хувийн байгууллагуудын ажлыг нь уялдуулан зохицуулж, тэдгээрийн эмчилгээ, үйлчилгээний чанарт улсын хяналт тавих.
5. Эм, эмийн түүхий эд, эмнэлгийн болон биеийн тамир, спортын багаж хэрэгслийн хэрэгцээг тодорхойлж, экспорт, импортын хэмжээг холбогдох байгууллагуудтай хамтран тогтоох, тэдгээрийн чанар, үйлдвэрлэл, хангалт хадгалалт, ашиглалтад улсын хяналт тавих.
6. Хүн эмнэлгийн онош, эмчилгээ, нөхөн сэргээлтийн арга, эм, био бэлдмэл, эмнэлгийн техник хэрэгслийг практикт нэвтрүүлэх, үйлдвэрлэх зөвшөөрөл олгох.
7. Хүн амын нөхөн үйлдвэрлэлийн судалгаа явуулж, төрийн захиргааны төв, орон нутгийн байгууллагатай хамтран хүн ам зүйн бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд оролцож мэргэжлийн тусламж үзүүлэх.
8. Хүн амд эрүүл мэндийн мэдлэг эзэмшүүлэх, эрүүл аж төрөх ёсыг хэвшүүлэх, нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх ажлыг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулах.
Арван гурав. Эрчим хүч, геологи, уул уурхайн яам
1. Монгол Улсыг эрчим хүчээр хангах, геологийн судалгаа явуулах, эрдэм түүхий эдийн бааз бэлтгэх, газрын тосны хийгээд уул уурхай, металлургийн металлын дахин боловсруулалт үл хамаарна үйлдвэрийг хөгжүүлэх чиглэл, салбарын технологийн нэгдсэн бодлого боловсруулж хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах.
2. Монгол Улсын нутаг дэвсгэрийн геологийн тогтцыг судлуулж улсын эрдсийн баялгийн иж бүрэн үнэлгээ гаргуулж, геологи, эрдсийн баялгийн мэдээллийн улсын нэгдсэн сан бүрдүүлэн боловсруулж, түүгээр төр, засгийн болон нутгийн захиргааны байгууллага, гадаадын болон үндэсний аж ахуйн нэгжүүдийг зохих журмын дагуу үйлчлэх.
3. Геологи хайгуулын ажлын судалгаа, тайлан, эрдсийн баялгийн нөөц, ашиглалтын холбогдолтой материалыг зохих журмын дагуу бүрдүүлж, хадгалж хамгаалах ажлыг зохион байгуулах.
4. Эрчим хүч, уул уурхай, металлургийн болон газрын тос олборлох, боловсруулах үйлдвэрийг хөгжүүлэх, хүдэр боловсруулах технологийг гүнзгийрүүлж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, улсын экспортын чадавхийг нэмэгдүүлэх, эрдэм түүхий эдийн гаралтай импортын бүтээгдэхүүнийг багасгах асуудлыг судлан хэрэгжүүлэх.
5. Ашигт малтмалын ордыг иж бүрэн судалсан байдал, түүнийг байгаль орчинд хохирол учруулахгүйгээр хаягдал багатай ашиглах техник, технологийн оновчтой шийдэл, тогтоосон нөөцийн үнэмшил, ашиглалтын техник-эдийн засгийн үндэслэл, зураг төсөлд мэргэжлийн дүгнэлт өгөх, улсын ашигт малтмалын нөөцийн бүртгэл хөтлөх.
6. Түлш, эрчим хүчний үйлдвэрлэлийн зохистой бүтцийг бий болгох, геологи хайгуулын судалгаа явуулах, эрдэс баялгийг оновчтой ашиглах, техник технологийг боловсронгуй болгох бодлого, чиглэлээр судалгааны байгууллага, хамтлагыг зохих журмын дагуу зохион байгуулж ажиллуулах.
7. Түлш, эрчим хүч, геологи, уул уурхай, газрын тос, металлургийн үйлдвэрлэлийн талаархи хууль тогтоомжийг боловсруулах, боловсронгуй болгох, эрчим хүчний болон эрдсийн баялгийн бүх төрлийн нөөцийг зохистой ашиглах нөхцөлийг бүрдүүлэх, түүний хэрэгжилтэд хяналт тавих.
Арван дөрөв. Статистикийн газар
1. Статистикийн мэдээллийн нэгдсэн тогтолцоо байгуулах, аргачлал, үзүүлэлтийг жигдрүүлэх, олон улсын ангилал, аргачлал, стандартчилалд ойртуулах, статистикийн ажлын зохион байгуулалтыг боловсронгуй болгох арга хэмжээ авч хэрэгжүүлэх.
2. Статистикийн мэдээллийн сангийн тогтолцоог бүрдүүлэн Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн холбогдолтой мэдээ, судалгааны материалаар төр, засгийн төв, орон нутгийн байгууллагуудыг хангах, нийтэд мэдээлэх, статистикийн мэдээ, тооллого, судалгааны маягт, зааврыг хэвлүүлэх, тараах, мөрдүүлэх ажлыг зохион байгуулах.
3. Макро эдийн засгийн тэнцвэрийн болон хүн ам зүйн үзүүлэлтүүд, хөдөлмөрийн нөөц, үндэсний баялгийн гүйцэтгэлийн тэнцэл баланс-ийг тооцож Засгийн газарт танилцуулж ажиллах.
4. Байгаль орчин, шинжлэх ухаан-техникийн дэвшлийн талаархи болон нийгмийн статистик, бүтээмж, цалин хөлс, тэтгэвэр, хүн амын амьжиргааны түвшин, бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний зардал, үнийн өөрчлөлт зэргийг тооцож судалгаа, дүгнэлт гаргаж мэдээлэх.
5. Олон улсын байгууллага, сонирхогч орнуудад тус орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн холбогдолтой статистикийн материал гаргаж өгөх.
6. Эдийн засаг, нийгэм, хүн ам зүйн холбогдолтой тооллого, нэг удаагийн бүртгэл, түүвэр болон тусгайлсан иж бүрэн статистикийн судалгааг эрхлэн явуулж, яам, тусгай газар, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газраас явуулах судалгаа, дотоод мэдээллийн маягт, зааврыг хянаж зөвшөөрөл олгох.
Арван тав. Үндэсний хөгжлийн газар
1. Улсын эдийн засгийн аюулгүй байдлыг хангах бодлого, арга хэмжээг холбогдох байгууллагатай хамтран боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг хянаж, зохицуулах.
2. Улс орны эдийн засгийн хөгжлийн явцыг шинжлэн дүгнэж, эдийн засаг, нийгэм, экологи, бүс нутгийн болон дэлхийн эдийн засгийн орчны нөхцөлд тохирсон эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзэл баримтлал, хэтийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлийг нэгтгэн боловсруулах.
3. Эдийн засгийн тэргүүлэх чиглэл, салбарыг тодорхойлж, салбар, дэд бүтцийн хөгжлийн зохистой харьцааг тогтоох, салбар, бүс нутгийн жигд, тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн хөрөнгө оруулалт, бүтцийн бодлого боловсруулах, улс орны чанартай нийтлэг зорилтыг шийдвэрлэхэд салбаруудын хүч чармайлтыг нэгтгэн чиглүүлэх, салбар хоорондын хийгээд бүсүүдийн хоорондын харилцан ажиллагааг зохицуулах талаар санал боловсруулж Засгийн газарт оруулан шийдвэрлүүлж байх.
4. Эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх, бүс нутгийн хөгжлийн загвар, үйлдвэрлэх хүчний хөгжил, байршил, хүн амын нутагшил, суурьшил, бүс нутаг, муж төлөвлөлтийн схемийг холбогдох байгууллагуудыг оролцуулан нэгтгэн боловсруулах.
5. Эдийн засгийн хөгжлийн стратеги, чиглэлтэй уялдсан албан татвар, үнэ, валютын ханш, гааль, мөнгө, зээл, хүүгийн бодлогыг холбогдох байгууллагатай хамтран боловсруулж макро-эдийн засгийн зохицуулалтыг сайжруулах арга механизмыг боловсронгуй болгох ажлыг уялдуулах талаар санал боловсруулж байх.
6. Эдийн засгийн хөгжлийн тэнцвэрт харьцааг хангах зорилгоор үндэсний болон дотоодын нийт бүтээгдэхүүн, үндэсний орлого, хөдөлмөр, санхүүгийн нөөц, хөрөнгө оруулалт, хүн амын мөнгөн орлого, зарлагын тэнцлийг зохиож, гол нэр төрлийн түүхий эд, материалын нэгдсэн тэнцэл, улсын төлбөрийн тэнцлийг холбогдох байгууллагуудтай хамтран боловсруулж, биелэлтэд хяналт тавих.
7. Нийгмийн бодлого, хүн амын нийгмийн хамгаалалтын талаар хэрэгжүүлэх арга хэмжээг боловсруулахад оролцож эдийн засгийн хөгжлийн тэнцвэр, тэргүүлэх чиглэлтэй уялдуулах.
8. Эдийн засгийн үр ашигтай үйлдвэрлэлийн болон дэд бүтцийн төслүүд боловсруулах чиглэл, үнэлгээ өгөх ажлыг нэгтгэн зохицуулж, эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, стратеги, хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлоготой уялдуулах.
9. Эдийн засаг, нийгмийн гадаад бодлогыг холбогдох байгууллагын оролцоотойгоор боловсруулан гадаад орон, олон улсын байгууллагатай хоёр болон олон талаар байгуулах эдийн засгийн хамтын ажиллагааны ерөнхий гэрээ, хэлэлцээрийг байгуулахад оролцож, биелэлтийн явцын талаар дүгнэлт гаргаж байх.
10. Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгүүдийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрүүд болон комиссын хуралдааны шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих, хуралдааны бэлтгэлийг хангуулах, зохион байгуулахад оролцох.
11. Гадаадаас хөрөнгө оруулах, гадаад орноос Засгийн газрын шугамаар зээл, тусламж, техникийн туслалцаа авч үр ашигтай ашиглах нэгдсэн бодлого, саналыг холбогдох байгууллагуудтай хамтран боловсруулж Засгийн газрын шугамаар гадаадаас авах зээл, тусламж, техникийн туслалцааг оновчтой хуваарилан үр дүнтэй ашиглах талаар санал боловсруулж Засгийн газарт оруулан шийдвэрлүүлж байх.
12. Эдийн засгийн харилцааг аж ахуйн бүх хэвшлийн сонирхолд нийцүүлэн зохицуулж, шударга өрсөлдөөнийг дэмжин дангаар ноёрхлыг хязгаарлах, эдийн засгийн тэнцвэрийг сайжруулах арга хэмжээ авах.
Арван зургаа. Мэдээллийн "МОНЦАМЭ" агентлаг
1. Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газрын үйл ажиллагааны зорилго, чиглэл болон цаг үеийн бодлого, арга хэмжээг дотоод, гадаадад шуурхай мэдээлэн таниулах.
2. Монгол Улсын төр, засгийн бодлого, байр суурийг гуйвуулсан мэдээлэл, улс орон, ард түмний эрх ашиг, нэр хүндэд харшилсан гадна, дотнын аливаа мэдээнд албан ёсны залруулга өгөх.
3. Өөрийн мэдээллийн үнэн бодит байдлыг хариуцах.
4. Тус улсын олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, захиалагч байгууллагыг нийгэм-улс төр, эдийн засаг, соёл, шинжлэх ухааны болон бусад дотоод, гадаад мэдээллээр хангах.
5.Монгол Улсын тухай үнэн зөв ойлголтыг хилийн чанадад түгээн дэлгэрүүлэх.
Текст томруулах
A
A
A