- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- АЖ АХУЙН НЭГЖИЙН ДАВАМГАЙ БОЛОН ЗҮЙ ЁСНЫ МОНОПОЛЬ БАЙДАЛТАЙ, ТҮҮНЧЛЭН ТЭР БАЙДЛАА АЛДСАНЫГ ТОГТООХ ЖУРАМ
АЖ АХУЙН НЭГЖИЙН ДАВАМГАЙ БОЛОН ЗҮЙ ЁСНЫ МОНОПОЛЬ БАЙДАЛТАЙ, ТҮҮНЧЛЭН ТЭР БАЙДЛАА АЛДСАНЫГ ТОГТООХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Аж ахуйн нэгж нь тодорхой бараа бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний зах зээл дээр давамгай болон зүй ёсны монополь байдалтайг, түүнчлэн тэр байдлаа алдсаныг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.
1.2. Энэ журамд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
1.2.1. "харилцан орлох бараа бүтээгдэхүүн" гэж зориулалт, хэрэглээ, техникийн тодорхойлолт, үнэ, худалдах болон худалдан авах нөхцөл, бусад хэмжүүрүүдийг адилтгаж болох, хэрэглээг нь орлуулж болох бараа бүтээгдэхүүнийг;
1.2.2. "бараа бүтээгдэхүүний хүрээ" гэж харилцан орлох бараа бүтээгдэхүүний бүлгийг;
1.2.3. "зах зээлийн газар зүйн хил хязгаар" гэж тухайн бараа бүтээгдэхүүнийг өөр зах зээлээс худалдан авах боломж нь эдийн засгийн хувьд хязгаарлагдмал нутаг дэвсгэрийг;
1.2.4. "зах зээлд эзлэх хувь" гэж тухайн зах зээлд аж ахуйн нэгжийн дагнан буюу бусад этгээдтэй хамтран нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний эзлэх хувь.
Хоёр. Аж ахуйн нэгжийн давамгай байдалтайг болон давамгай байдлаа алдсаныг тогтоох
2.1. Тодорхой бараа бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний зах зээл дээр аж ахуйн нэгжийн давамгай байдалтайг дараахь үе шатаар тогтооно:
2.1.1. бараа бүтээгдэхүүний хүрээг тогтоох;
2.1.2. зах зээлийн газар зүйн хил хязгаарыг тогтоох;
2.1.3. зах зээлд эзлэх хувийг тогтоох.
2.2. Бараа бүтээгдэхүүний хүрээг тогтооход дараахь хүчин зүйлүүдийг харгалзан үзнэ:
2.2.1. эдийн засгийн үйл ажиллагааны олон улсын стандарт ангилал, тухайн бүтээгдэхүүний стандарт, бараа бүтээгдэхүүний код, бусад холбогдох мэдээлэл;
2.2.2. зах зээлийн судалгаа;
2.2.3. шаардлагатай бол хэрэглэгчдээс авсан санал асуулга, шинжээчийн дүгнэлт.
2.3. Зах зээлийн газар зүйн хил хязгаарыг тогтооход дараахь хүчин зүйлүүдийг харгалзан үзнэ:
2.3.1. өрсөлдөгч, хэрэглэгчдийн байршил, бараа бүтээгдэхүүний борлуулалт хийгдэж байгаа нутаг дэвсгэр;
2.3.2. бараа бүтээгдэхүүний тээвэрлэлтийн нөхцөл байдлын судалгаа;
2.3.3. тээвэрлэлтийн дундаж зардал болон зардалд нөлөөлөх гол хүчин зүйлийн талаархи мэдээлэл.
2.4. Зах зээлд эзлэх хувийг тогтооход дараахь аргачлалыг хэрэглэнэ:
2.4.1. аж ахуйн нэгжийн тухайн бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл буюу борлуулалтын хэмжээг бараа бүтээгдэхүүний хүрээ, газар зүйн хил хязгаараар тодорхойлогдсон зах зээлийн үйлдвэрлэл буюу борлуулалтын нийт хэмжээнд харьцуулж тодорхойлно;
2.4.2. бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалтын хэмжээг мөнгөн болон биет хэмжигдэхүүнээр тооцож болно.
2.5. Тухайн зах зээлийн гуравны нэгээс дээш хувийг эзлэж байгаа аж ахуйн нэгжийн жагсаалтыг Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах зөвлөл /цаашид "Хянан зохицуулах зөвлөл" гэх/ гаргаж, уг жагсаалтад орсон аж ахуйн нэгж болон олон нийтэд албан ёсоор мэдэгдэнэ. Жагсаалтад дараахь тохиолдолд өөрчлөлт оруулна:
2.5.1. хянан зохицуулах зөвлөлөөс аж ахуйн нэгж давамгай байдлаа алдсаныг, эсхүл шинээр давамгай байдалтай болсныг тогтоосон;
2.5.2. аж ахуйн нэгж өөрийгөө давамгай биш гэдгээ нотолж, үүнийг Хянан зохицуулах зөвлөл хүлээн зөвшөөрсөн;
2.5.3. давамгай байдалтай аж ахуйн нэгж нэгдэх, нийлэх, тусгаарлах замаар өөрчлөн байгуулагдсан.
2.6. Аж ахуйн нэгжийн давамгай байдалтайг болон давамгай байдлаа алдсаныг тогтоох мэдээллийн эх сурвалж нь статистикийн төв байгууллага болон Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах газар /цаашид "Хянан зохицуулах газар" гэх/-аас зохих журмын дагуу гаргасан мэдээ, мэдээлэл, санал асуулга, судалгаа шинжилгээний дүгнэлт, аудитын дүгнэлт бүхий санхүүгийн тайлан баланс байна.
Гурав. Аж ахуйн нэгжийн зүй ёсны монополь байдалтайг болон зүй ёсны монополь байдлаа алдсаныг тогтоох
3.1. Зүй ёсны монополь байдалтай аж ахуйн нэгжийг тогтоохдоо бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд дамжуулах, түгээх сүлжээ, дэд бүтэц, технологийн онцлогоос шалтгаалж тухайн бараа бүтээгдэхүүнийг өөр бараа бүтээгдэхүүнээр орлуулах боломжгүй, тухайн бараа бүтээгдэхүүний зах зээлд шинэ аж ахуйн нэгж нэвтрэн орох боломж хязгаарлагдмал байгаа эсэхийг судлан үзэж Хянан зохицуулах газраас дүгнэлт гаргана.
3.2. Хянан зохицуулах газар гаргасан дүгнэлтээ холбогдох яам, агентлагт хүргүүлж саналыг нь авсны үндсэн дээр эцэслэн батална.
3.3. Дараахь тохиолдолд зүй ёсны монополь байдлаа алдсан гэж үзнэ:
3.3.1. тухайн аж ахуйн нэгж зүй ёсны монополь шинжтэй үйл ажиллагаа явуулахаа больсон;
3.3.2. тухайн аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа нь зүй ёсны монополь шинжээ алдсаныг Хянан зохицуулах газраас тогтоосон.
Дөрөв. Давамгай болон зүй ёсны монополь байдалтай аж ахуйн нэгжийн эрх, үүрэг
4.1. Давамгай болон зүй ёсны монополь байдалтай аж ахуйн нэгжийн жагсаалтад орсон аж ахуйн нэгж нь энэ талаархи үндэслэлийг Хянан зохицуулах газраас шаардах эрхтэй.
4.2. Давамгай байдалтай аж ахуйн нэгж нь тухайн барааны үйлдвэрлэл, борлуулалтыг зогсоох, хэмжээг хязгаарлах үндэслэлээ Хянан зохицуулах газарт 1 сараас доошгүй хугацааны өмнө мэдэгдэх үүрэгтэй.
4.3. Хянан зохицуулах газраас шаардсан мэдээ, мэдээлэл, аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлангаа цаг тухайд нь гаргаж өгөх үүрэгтэй.
Тав. Бусад
5.1. Энэхүү журамд нийцүүлэн Хянан зохицуулах зөвлөлөөс бараа бүтээгдэхүүний хүрээг тогтоох, газар зүйн хил хязгаарыг тодорхойлох нарийвчилсан аргачлалыг гаргаж мөрдүүлнэ.
5.2. Энэхүү журамтай холбогдон гарсан маргааныг Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хуульд заасны дагуу шийдвэрлэнэ.
----оОо---
Текст томруулах
A
A
A