- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ШИНЖЭЭЧДИЙН БАГИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ
Засгийн газрын 2006 оны 136 дугаар
тогтоолын 1 дүгээр хавсралт
ШИНЖЭЭЧДИЙН БАГИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Энэхүү журмын зорилго нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55.5-д заасан журмын дагуу төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага (цаашид "төв байгууллага" гэх) гаргасан гомдлыг шийдвэрлэхэд үндэслэл болох дүгнэлт гаргах үүрэг бүхий шинжээчдийг сонгон авах, шинжээчдийн баг байгуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
1.2. Төв байгууллага нь шинжээчдийн багийг ажиллах нөхцөлөөр хангаж, энэ журмыг хэрэгжүүлэх захиргааны дэмжлэг үзүүлэх үүрэгтэй.
1.3. Төв байгууллага нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55.5-д заасны дагуу гаргасан гомдлыг хүлээн авч хянах тохиолдол бүрт шинжээчдийн баг байгуулна.
1.4. Төв байгууллага нь шинжээчдийн багийг хөндлөнгийн гурван шинжээчийн бүрэлдэхүүнтэйгээр дараахь зарчмаар байгуулна:
1.4.1. гомдол гаргагч, захиалагч тал (цаашид "талууд" гэх) тус бүр нэг шинжээчийг сонгох;
1.4.2. талуудын сонгосон шинжээч нар тохиролцон гурав дахь шинжээчийг сонгоно.
1.5. Шинжээчийг төв байгууллагад бүртгэлтэй эрх бүхий шинжээчдийн нэрсийн жагсаалтаас сонгоно.
1.6. Шинжээчдийн багийг байгуулан дүгнэлт гаргахад шаардлагатай мэдээллээр хангах, дүгнэлт гаргах, дүгнэлт ирүүлэх, шинжээчдийн багийн бичиг баримтыг хадгалах, нийтэд мэдээлэх зэрэг ажлыг зохион байгуулах үүргийг төв байгууллага хариуцна.
1.7. Төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн шинжээчдийн багийн ажиллагааг шуурхай явуулах, хуульд заасан хугацаанд дүгнэлт гаргах үүднээс шинжээчдийн багийн үйл ажиллагаанд ашиглах баримт бичгийн загвар-маягт, түүнийг ашиглах зааврыг (цаашид "маягт" гэх) батална. Эдгээр маягтыг нийтэд нээлттэй, хүртээмжтэй байлгаж аливаа сонирхогч этгээд хэрэглэх боломжоор хангаж төв байгууллагын албан ёсны вэб хуудсанд байршуулна.
1.8. Шинжээчдийн багийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, зохион байгуулах үүргийг төв байгууллага нь нэг ажилтанд дагнан хариуцуулж тухайн шинжээчдийн багийн зохицуулагчаар ажиллуулна.
Хоёр. Шинжээчийг сонгох, шинжээчдийн баг байгуулах
2.1. Гомдол гаргагч нь эрх бүхий шинжээчдийн нэрсийн жагсаалтаас өөрийн сонгосон шинжээч болон орлох шинжээчийн нэрийг холбогдох маягтын дагуу ирүүлнэ. Нэр зааж ирүүлсэн шинжээчид сонгогдсон тухай мэдэгдлийг төв байгууллага ажлын 1 өдрийн дотор хүргүүлнэ.
2.2. Төв байгууллага нь гомдлыг хүлээн авмагц ажлын 1 өдрийн дотор хариуцагч тал буюу захиалагчид дараахь баримт бичгүүдийг хүргүүлнэ:
2.2.1. шинжээчдийн нэрсийн жагсаалт, тэдний мэргэжил, ур чадварын тухай мэдээлэл;
2.2.2. гомдол, түүний хавсралт материалыг хүлээн авсан болон шинжээч сонгон ирүүлэх тухай мэдэгдэл;
2.2.3. гомдлын нэг хувь, дагалдах баримт бичгийн хамт;
2.2.4. хариу тайлбар гаргах маягт.
2.3. Хариуцагч тал мэдэгдлийг хүлээн авснаас хойш 1 өдрийн дотор шинжээчдийн нэрсийн жагсаалтаас сонгосон шинжээч болон орлох шинжээчийн нэр, хариу тайлбар, холбогдох нотлох баримт, шинжээчид тавих хүсэлт, шаардлага зэргийг маягтын дагуу гаргаж ирүүлнэ. Хариуцагчийн тайлбарыг үндэслэн төв байгууллага тухайн өдөрт нь шинжээчээр сонгогдсон тухай мэдэгдлийг шинжээчид хүргүүлнэ.
2.4. Талууд тогтоосон хугацаанд шинжээчдийг сонгож ирүүлээгүй тохиолдолд төв байгууллага шинжээчдийн нэрсийн жагсаалтаас 2 шинжээчийг сонгоно. Энэхүү журмын 2.1, 2.3-т заасан хугацаанд талуудаас шинжээчийг сонгон ирүүлээгүй нь шинжээчдийн баг байгуулах, дүгнэлт гаргах ажиллагааг үргэлжлүүлэн явуулахад саад болохгүй.
2.5. Хэд хэдэн этгээд ижил утгатай гомдол гаргаж байгаа бол тэд тохиролцож нэг шинжээчийг сонгоно. Тохиролцоонд хүрч чадаагүй тохиолдолд төв байгууллага шинжээчийг сонгоно.
2.6. Сонгогдсон 2 шинжээч нь шинжээчээр сонгогдсон тухай мэдэгдлийг төв байгууллагаас хүлээн авснаас хойш 1 өдрийн дотор гурав дахь шинжээчийг маягтын дагуу сонгох үүрэгтэй. Энэ хугацаанд сонгож чадаагүй бол төв байгууллага гурав дахь шинжээчийг сонгоно.
2.7. Талууд хүндэтгэн үзэх шалтгаанаар хуульд заасан хугацаанд шинжээчийг сонгож чадаагүй бол төв байгууллага энэ хугацааг 3 хоногоор сунгаж болно.
2.8. Шинжээчид гурав дахь шинжээчийг сонгохдоо талуудаас хараат бус, бие даасан байх зарчмыг баримтална.
2.9. Гурав дахь шинжээч нь шинжээчдийн багийн ахлагч байна.
2.10. Шинжээч нь энэхүү журмын 3.3-т заасан хараат бус, бие даасан зарчмын дагуу ажиллахаа хүлээн зөвшөөрсөн хараат бус байдлын тухай мэдүүлгийг маягтаар гаргаж гарын үсгээр баталгаажуулна. Шинжээчдийн хараат бус байдалд нөлөө үзүүлэхүйц нөхцөл байдал байгаа талаар шинжээч өөрөө мэдүүлсэн бол энэхүү мэдэгдлийг талуудад хүргүүлж зохих тайлбар гаргах, шинжээчээс татгалзах хугацааг төв байгууллага тогтоож өгнө.
2.11. Шинжээч нь ажиллах боломжгүй (эрүүл мэндийн шалтгаанаар ажил үүргээ гүйцэтгэж чадахгүй болсон, үндсэн ажил үүргийн дагуу оршин суугаа газраас өөр газар томилолтоор явах зэрэг) бол энэ тухай бичгээр ирүүлсэн тайлбарыг үндэслэн төв байгууллага гомдлын талуудаас гомдлын мэдүүлэг, хариу тайлбар гаргах маягтад нэрлэн ирүүлсэн орлох шинжээчдийг сонгон дүгнэлт гаргах ажиллагааг үргэлжлүүлнэ. Гэхдээ тухайн гомдлоор дүгнэлт гаргах ажиллагааг нэгэнт эхэлсэн бол зайлшгүй шаардлагатай гэж үзэхээс өөр нөхцөлд (шинжээч нас барах гэх мэт) шинжээчийг сольж болохгүй.
2.12. Шинжээчийг бие даасан, хараат бус байж чадах эсэхэд нь эргэлзээ төрөхүйц илэрхий нөхцөл байдал бий болсон гэж талууд үзвэл шинжээчээс татгалзах үндэслэл бүхий хүсэлтээ төв байгууллагад бичгээр гаргана.
2.13. Төв байгууллага нь шинжээчийг солих үндэслэлийг хүлээн зөвшөөрвөл түүнийг солих шаардлагыг талуудад хүргүүлж 1 хоногийн дотор өөрчлүүлнэ.
Гурав. Шинжээчдийн багийн ажиллах зарчим, бүрэн эрх
3.1. Шинжээчид нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, холбогдох дүрэм, журам болон энэ журмыг мөрдлөг болгон ажиллана.
3.2. Шинжээчдийн багаас дүгнэлт гаргах үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх, хууль, мэргэжлийн байр сууринаас зөрсөн дүгнэлт гаргуулахыг шаардахыг хориглоно.
3.3. Тухайн гомдолтой холбогдох асуудлаар дүгнэлт гаргах шинжээчээр ажиллахыг зөвшөөрсөн шинжээч нь төв байгууллага, гомдлын талууд болон бусад гуравдагч этгээдээс хараат бусаар үйл ажиллагаа явуулах үүрэгтэй.
3.4. Шинжээч нь сонгогдохын өмнө болон сонгогдсоноос хойш дараахь нөхцөл байдал бий болсон тохиолдолд төв байгууллагад бичгээр мэдүүлэх үүрэгтэй:
3.4.1. талууд болон тухайн тендерт оролцогч бусад этгээдийн аль нэг нь шинжээчийн шууд болон шууд бус өмчлөлийн, эсвэл хувьцааг нь эзэмшдэг аж ахуйн нэгж, түүний салбар нэгж бол;
3.4.2. талууд болон тухайн тендерт оролцогч бусад этгээдийн аль нэг нь шинжээчийн гэр бүлийн гишүүний шууд болон шууд бус өмчлөлийн, эсвэл хувьцааг нь эзэмшдэг аж ахуйн нэгж, түүний салбар нэгж бол;
3.4.3. талууд болон тухайн тендерт оролцогч бусад этгээдийн аль нэг нь шинжээчийн гэр бүлийн гишүүний шууд болон шууд бус өмчлөлийн, эсвэл хувьцааг нь эзэмшдэг аж ахуйн нэгж, эсвэл түүний салбар нэгжид урьд ажиллаж байсан, одоо ажиллаж байгаа бол.
3.5. Шинжээч нь ажил үүргийн дагуу олж мэдсэн төр, аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүний нууцыг хувийн ашиг сонирхлын үүднээс ашиглах, задруулахыг хориглоно.
3.6. Төв байгууллага шинжээчдийн багийн ажлын даалгаврыг маягтын дагуу гарган, гомдлын шаардлага, хариу тайлбар, тэдгээрт хавсаргасан материалын хамт шинжээч бүрт хүргүүлнэ.
3.7. Шинжээчид даалгаврыг хүлээн авснаас хойш 1 хоногийн дотор шинжээчдийн багийн ажлын төлөвлөгөөг маягтын дагуу гаргана. Төлөвлөгөөнд шинжээчдийн багийн хийх ажил, түүний дараалал, хугацаа, хариуцах шинжээчийг зааж, талуудтай хийх уулзалт, шинжээчдийн багийн хуралдааны тов, дүгнэлт гаргах хэлбэр зэргийг тусгана.
3.8. Шинжээчдийн баг нь дараахь бүрэн эрхтэй:
3.8.1. үйл ажиллагааныхаа хэлбэр, хүрээг холбогдох хууль, энэхүү журмын дагуу тогтоох;
3.8.2. талуудтай багаар буюу ганцаарчлан уулзах;
3.8.3. нэмэлт тайлбар, бичиг баримт гаргаж өгөхийг талуудад санал болгох;
3.8.4. дүгнэлт гаргах ажиллагаанд талуудын тэгш байдлыг хангах;
3.8.5. гомдлын талаар хариуцагч буюу захиалагч байгууллагаас хариу тайлбар ирүүлсэн эсэхийг үл харгалзан дүгнэлт гаргах;
3.8.6.шинжээчдийн багийн хөлс, үйл ажиллагааны зардлыг талуудаас төв байгууллагаар дамжуулан төлүүлж авах.
3.9. Шинжээчдийн багийн хуралдаан (цаашид "хуралдаан" гэх)-ыг нээлттэйгээр талуудыг оролцуулан явуулна. Хуралдааныг шинжээчдийн багийн ахлагч даргалах бөгөөд дэгийг талуудын хүсэлтийг харгалзан тухай бүр тогтооно.
3.10. Хуралдаанд эрх ашиг нь хөндөгдөж байгаа гуравдагч этгээд оролцох санал гаргасан бол хуралдааны товыг түүнд заавал мэдэгдэнэ. Товыг мэдэгдсэн боловч хуралдаанд ирээгүй нь хуралдааныг хойшлуулах шалтгаан болохгүй.
3.11. Шинжээчдийн багийн хуралдааны товыг төв байгууллага 3-аас доошгүй хоногийн өмнө талуудад бичгээр мэдэгдэнэ.
3.12. Хуралдаанд талуудын хүсэлтээр гэрчийг оролцуулж болно. Гэрчийг хуралдаанд ирүүлэх үүрэг болон түүнтэй холбогдон гарах зардлыг хүсэлт гаргасан тал хариуцна.
3.13. Шинжээчдийн баг нь гомдолтой холбогдох асуудлаар дүгнэлт гаргахад зайлшгүй судалж үзэх баримт бичиг байгаа гэж үзвэл хуралдааныг тодорхой хугацаагаар хойшлуулж болно.
3.14. Хуралдааны тэмдэглэлийг төв байгууллагаас томилогдсон зохицуулагч хөтлөх бөгөөд шинжээчдийн багийн ахлагч гарын үсэг зурж баталгаажуулна.
3.15. Хуралдааны тэмдэглэлд хуралдаанд оролцогчдын нэрс, шинжлэн судалсан холбогдох баримт бичгийн нэр, гэрчийн мэдүүлэг, шинжээчдийн багийн дүгнэлтийг хэрхэн мэдэгдэх талаар тусгана. Мөн хуралдаан хийсэн газар, эхэлсэн, дууссан хугацааг заана.
3.16. Талууд хуралдаан хийх шаардлагатай тухай бичгээр хүсэлт гаргаагүй тохиолдолд шинжээчдийн баг гомдол, гомдлын хариу тайлбар, талуудаас ирүүлсэн бусад баримт бичиг, нотлох баримтад үндэслэн хуралдаан хийлгүйгээр дүгнэлт гаргаж болно.
Дөрөв. Шинжээчдийн багийн дүгнэлт
4.1. Шинжээчдийн багийн дүгнэлт гаргах ажиллагаа нь даалгавар хүлээн авсан өдрөөс эхэлнэ. Дүгнэлт гаргах ажиллагаа нь дараахь хэлбэрүүдтэй байж болно:
4.1.1. шинжээч тус бүр дүгнэлт бичсэний дараа хамтран хэлэлцэж гомдол, хариу тайлбарт хариу өгсөн шийдэл бүр дээр санал хурааж багийн дүгнэлт болгон гаргах;
4.1.2. аль нэг шинжээч дүгнэлтийн төслийг бэлтгэж бусад шинжээчдийн саналыг тусган дүгнэлт гаргах;
4.1.3. шинжээч бүр гомдолтой холбогдох материалыг ганцаарчлан судалж, хамтран хэлэлцэж дүгнэлт гаргах;
4.1.4. талуудыг оролцуулан хуралдаан хийх.
4.2. Шинжээчдийн баг дүгнэлтийг батлагдсан маягтаар гаргана.
4.3. Шинжээчдийн багийн дүгнэлт нь гомдлын шаардлага, хариу тайлбарт бүрэн хариулт өгсөн байна.
4.4. Дүгнэлтийг шинжээчдийн олонхийн саналаар гаргах бөгөөд дүгнэлтэд шинжээчдийн гаргасан саналыг тусгасан байна. Дүгнэлтэд бүх шинжээчид гарын үсэг зурсан байна.
4.5. Шинжээчдийн баг нь дор дурдсан хугацаанд төв байгууллагад дүгнэлтээ ирүүлнэ:
4.5.1. дүгнэлтийг хуралдаан хийлгүй гаргасан бол сонгогдсоноос хойш ажлын 6 өдрийн дотор;
4.5.2. дүгнэлтийг хуралдаан хийж гаргасан бол сонгогдсоноос хойш ажлын 8 өдрийн дотор.
4.6. Төв байгууллага шинжээчдийн багийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 2 өдрийн дотор дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх эсэх тухай шийдвэр гаргана.
4.7. Төв байгууллага шинжээчдийн багийн дүгнэлтийг зөвхөн дараахь үндэслэлээр хүлээн зөвшөөрөхөөс татгалзах эрхтэй:
4.7.1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон энэ журмаар тогтоосон хэм хэмжээг мөрдөөгүй, эрх, үүргээ зохих ёсоор биелүүлээгүй бол;
4.7.2. шинжээчдийн багийн дүгнэлт нь төв байгууллагаас заасан хэлбэр, шаардлагыг хангаагүй бол;
4.7.3. шинжээчдийн хөлс, үйл ажиллагааны зардлыг нөхөн төлүүлэх асуудлыг бүрэн шийдвэрлээгүй бол;
4.7.4. гомдлын шаардлага, хариу тайлбарт дурдсан бүх асуудлаар дүгнэлт гаргаагүй бол.
4.8. Шинжээчдийн багийн дүгнэлт нь энэ журмын 4.7-д заасан үндэслэл, шаардлага хангаагүй гэж үзвэл шинжээчдийн багийг дахин дүгнэлт гаргахыг төв байгууллага шаардана.
4.9. Төв байгууллага шинжээчдийн багаас дахин дүгнэлт гаргах хугацааг 2 хүртэлх хоногоор тогтооно.
4.10. Шинжээчдийн багийн дүгнэлтийг үндэслэн төв байгууллагын эрх бүхий албан тушаалтан гомдлыг шийдвэрлэснээс хойш 1 хоногийн дотор талуудад шинжээчдийн багийн дүгнэлт, гомдлын талаар гарсан шийдвэрийг бичгээр мэдэгдэнэ.
Тав. Бусад
5.1. Шинжээчдийн багийн үйл ажиллагаатай холбогдсон гомдлыг тухайн зөрчил гарсан өдрөөс хойш ажлын 3 өдрийн дотор төв байгууллагад гаргана.
5.2. Төв байгууллага гомдлыг хүлээн авч ажлын 3 өдрийн дотор зөрчил гарсан эсэхийг тогтоон шинжээчдийн баг болон гомдол гаргагчид хариу мэдэгдэнэ.
5.3. Шинжээчдийн багийн үйл ажиллагааны зардал, шинжээчийн ажлын хөлсийг төв байгууллагаас тогтоосон жишгийн дагуу тооцож, гомдол гаргагч тал гомдол гаргахдаа тусгайлан заасан дансанд тушааж тасалбарыг гомдлын хамт ирүүлнэ.
5.4. Шинжээчдийн багийн үйл ажиллагааны зардалд шинжээчдийн багийн тээврийн зардал, уулзалт, хуралдааны байр, шуудан, холбоо, бичиг хэргийн зардал орно.
5.5. Шинжээчдийн багийн үйл ажиллагааны зардал, шинжээчдийн ажлын хөлсийг буруутай тал хариуцна. Шинжээчдийн багийн дүгнэлтэд дээрх зардлуудыг аль тал төлөх тухай тусгасан байна.
5.6. Шинжээчдийн багийн үйл ажиллагааны зардал, шинжээчийн ажлын хөлсийг буруутай этгээдээс нөхөн гаргуулж, зардлыг төлсөн этгээдэд буцаан олгох тухай шинжээчдийн багийн дүгнэлтэд үндэслэн төв байгууллагаас гаргасан шийдвэрийг буруутай тал тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хохирол хүлээсэн тал шүүхэд хандаж болно.
-----оОо-----
Текст томруулах
A
A
A