- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ШИНЖЭЭЧИЙН ЭРХ ОЛГОХ ЖУРАМ
Засгийн газрын 2006 оны 136 дугаар
тогтоолын 2 дугаар хавсралт
ШИНЖЭЭЧИЙН ЭРХ ОЛГОХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Энэхүү журмын зорилго нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55.5-д зааснаар төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад (цаашид "төв байгууллага" гэх) гаргасан гомдлыг шийдвэрлэх, дүгнэлт гаргах эрх, үүрэг бүхий шинжээчдийг сонгон шалгаруулах, шинжээчийн эрх олгох харилцааг зохицуулахад оршино.
1.2. Шинжээчийг сонгон шалгаруулах, эрх олгох үйл ажиллагаанд (цаашид "шинжээчид эрх олгох ажиллагаа" гэх) Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, энэхүү журмыг удирдлага болгоно.
1.3. Шинжээчийн эрхийг сонгон шалгаруулалтын журмаар олгоно.
1.4. Шинжээчийг сонгон шалгаруулж, эрх олгох үйл ажиллагаанд ил тод байх, хууль дээдлэх, хараат бус байх, шударга өрсөлдүүлэх зарчмыг баримтална.
1.5. Шинжээчид эрх олгох үйл ажиллагаа нь худалдан авах ажиллагаатай холбогдон гарсан гомдлын асуудлаар дүгнэлт гаргах бие даасан, хараат бус, эрх бүхий, өндөр мэргэшлийн, дадлага туршлагатай хүнд шинжээчийн эрх олгоход чиглэгдэнэ.
Хоёр. Нэр дэвшигчид тавигдах шаардлага,
түүний бүртгэл
2.1. Сонгон шалгаруулалтад оролцох этгээдэд тавигдах шаардлага:
2.1.1. ял шийтгэлгүй байх;
2.1.2. хуульч, эдийн засагч, инженер, бизнесийн удирдлага, худалдаа, санхүүгийн чиглэлээр дээд боловсролтой байх (тухайн мэргэжлийн салбартаа тэргүүлэх мэргэжилтэн болох нь хүлээн зөвшөөрөгдсөн, эрдмийн зэрэг цолтой, онцгой ур чадвартай нэр дэвшигч нь шинжээчийн эрх авах илүү боломжтой байна);
2.1.3. дээрх мэргэжлээр 8-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх;
2.1.4. төрийн жинхэнэ албан хаагч биш байх;
2.1.5. Засгийн газрын худалдан авах ажиллагаатай холбогдох чиглэлээр 1-ээс доошгүй жил ажилласан байх.
2.2. Нэр дэвшигч нь сонгон шалгаруулалтад орох өргөдлөө төв байгууллагад гаргана.
2.3. Төв байгууллага нь нэр дэвшигчийг бүртгэхдээ энэ журмын 2.1-д заасан шаардлагыг хангасан эсэх, 2.4-т заасан баримтуудыг бүрдүүлсэн эсэхийг шалгаж бүртгэнэ.
2.4. Сонгон шалгаруулалтад оролцох нэр дэвшигч нь дараахь материалыг бүрдүүлнэ:
2.4.1. Өргөдөл (хуулийн этгээд нэр дэвшүүлсэн бол мөн адил хамаарна);
2.4.2. Ажлын газрын тодорхойлолт;
2.4.3. Хамт ажиллаж байгаа буюу ажиллаж байсан 2-оос доошгүй хүний тодорхойлолт;
2.4.4. Их, дээд сургууль төгссөн тухай диплом, гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар;
2.4.5. Бусад шаардлагатай гэж үзсэн материалуудыг нэр дэвшигч өөрөө хавсарган ирүүлж болно.
2.5. Нэр дэвшигч нь гадаадын иргэн бол монгол хэлээр шалгаруулалтад оролцох бөгөөд орчуулагчийн зардлыг өөрөө хариуцна.
Гурав. Шинжээчийн эрх олгох ажиллагаа,
сонгон шалгаруулалт
3.1. Шинжээчийн эрх олгох сонгон шалгаруулалтад энэ журмын 2.1-д заасан шаардлагыг хангасан Монгол Улсын болон гадаадын иргэн, харьяалалгүй хүн нэрээ дэвшүүлэх эрхтэй. Монгол Улсад болон гадаад улсад бүртгэлтэй, үйл ажиллагаагаа тогтмол явуулдаг хуулийн этгээд энэ журамд заасан шалгуур, шаардлагыг хангасан хувь хүнийг шинжээчийн эрх олгох сонгон шалгаруулалтад оролцуулахаар нэрийг нь дэвшүүлж болно.
3.2. Шинжээчийн эрх олгох сонгон шалгаруулалтын үйл ажиллагаа нь хоёр үе шаттай явагдана.
3.3. Нэгдүгээр үе шатанд нэр дэвшигчдийг бүртгэж энэ журамд заасан ерөнхий болзол нөхцөл, шалгуурын дагуу анхны сонгон шалгаруулалт хийж ярилцлагад оруулна. Ерөнхий шалгуур үзүүлэлт ба ярилцлагын нийлбэр үнэлгээгээр нийт авбал зохих онооны 80-аас доошгүй хувийг авсан нэр дэвшигчийг сонгон шалгаруулалтын хоёр дахь үе шатанд оруулна.
3.4. Хоёрдахь үе шатанд нэр дэвшигчдийг төв байгууллагаас баталсан хөтөлбөрийн дагуу зохион байгуулах шинжээч бэлтгэх тусгай сургалтад хамруулж бичгийн шалгалт авна. Бичгийн шалгалтын үнэлгээг сургалт явуулсан сургагч багш нар гаргана. Нэр дэвшигчийн эцсийн үнэлгээг сонгон шалгаруулалтад оролцсон эхний үе шатны үнэлгээ, сургалт, бичгийн шалгалтын дүнг үндэслэн үнэлгээний хороо дүгнэлт хэлбэрээр гаргана. Үнэлгээний хорооны дүгнэлт нь шинжээчийн эрх олгох үндэслэл болно.
3.5. Үнэлгээний хороо нь шинжээчийн эрх олгох сонгон шалгаруулалтын товыг нэр дэвшигчид тавигдах шаардлага, шинжээчийн эрх, гүйцэтгэх үүрэг, сонгон шалгаруулалт явуулах газар болон холбогдох мэдээллийн хамт үндэсний чанартай олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлана. Сонгон шалгаруулалтын зар нь шинжээчид тавигдах шаардлагыг хангасан бүх хүнд нээлттэй, хүртээмжтэй байна.
3.6. Үнэлгээний хорооны гишүүн бүр нэгдсэн нэг үнэлгээний зарчим, аргын дагуу нэр дэвшигчийн өргөдөл, хавсарган ирүүлсэн баримт бичгүүдэд үндэслэн шинжээчийн сонгон шалгаруулалтад оролцуулах суурь үнэлгээг өгнө. Үнэлгээний хорооны дарга, үнэлгээний хорооны гишүүдийн өгсөн үнэлгээний дундаж оноо үнэлгээний хорооны дүн болно.
3.7. Суурь үнэлгээгээр авбал зохих доод буюу түүнээс дээш оноо авсан нэр дэвшигчийг үнэлгээний хорооны ярилцлагад оруулна. Ярилцлага хийх өдөр, цаг, үргэлжлэх хугацаа, сэдэв, нэр дэвшигчдийг ярилцлагад оруулах хуваарийг үнэлгээний хорооны дарга ярилцлага хийхээс өмнө гишүүдийн саналыг үндэслэн гаргасан байна.
3.8. Үнэлгээний хорооны ярилцлагын зорилго нь тухайн нэр дэвшигч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон Шинжээчдийн багийн ажиллах журмын дагуу шинжээчийн дүгнэлт гаргах ажиллагааг шударга, хараат бус, мэргэжлийн түвшинд явуулах ур чадвартай эсэхийг үнэлэх зорилготой. Нэр дэвшигчтэй хийх ярилцлагын сэдэв нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, Шинжээчдийн багийн ажиллах журам, гомдол, маргаан шийдвэрлэх арга замын тухай ерөнхий ойлголт, түүний мэргэжлийн дадлага зэрэгтэй холбогдох асуудлууд байна.
3.9. Сонгон шалгаруулалтын нэгдүгээр үе шатны үнэлгээг ярилцлагын дараа гаргаж бүх нэр дэвшигчдэд танилцуулна. Энэхүү үнэлгээний дүнгээр тухайн нэр дэвшигчийг хоёр дахь үе шатны сонгон шалгаруулалтад оруулах эсэхийг шийдвэрлэнэ.
3.10. Үнэлгээний хорооны нэгдүгээр үе шатны үнэлгээгээр авбал зохих нийт онооны 80-аас доошгүй оноо авсан нэр дэвшигчийг шинжээч бэлтгэх тусгай сургалтад хамруулна.
3.11. Сургалтад хамрагдсан нэр дэвшигч нь бичгийн шалгалт өгнө. Бичгийн шалгалтын агуулга нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хэрэгжилтийн явцад гарч байсан маргаан, хуулийн 53.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу төв байгууллагаас эрхийн дагуу зөвшөөрөл өгөх үед захиалагчийн боловсруулсан тендерийн баримт бичиг, үнэлгээний явцад илэрсэн алдаа, зөрчлийн жишээнээс үндэслэсэн байна. Нэр дэвшигч нь тодорхой өгөгдлийг үндэслэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн холбогдох заалтыг удирдлага болгон шинжээчийн дүгнэлт бичнэ.
3.12. Үнэлгээний хорооноос бичгийн шалгалтыг үнэлэхдээ сургалт зохион байгуулсан багшийг заавал оролцуулна.
3.13. Бичгийн шалгалтад хангалтгүй оноо авсан нэр дэвшигч нь дахин нэг удаа бичгийн шалгалт өгөх эрхтэй.
3.14. Бичгийн шалгалтад хангалттай оноо авсан нэр дэвшигчийн эцсийн үнэлгээг сонгон шалгаруулалтын нэгдүгээр үе шатны үнэлгээний дүнтэй нэгтгэн гаргаж үнэлгээний хорооны бүх гишүүд гарын үсэг зурж баталгаажуулснаар үнэлгээний хорооны дүгнэлт хүчин төгөлдөр болно.
Дөрөв. Шинжээчийн эрх олгох байгууллага
4.1. Шинжээчдийг сонгон шалгаруулж, эрх олгох ажиллагааг төв байгууллага эрхлэн гүйцэтгэж дараахь ажиллагааг явуулна:
4.1.1. шинжээчдэд тавигдах шаардлагыг үнэлэх шалгуур, аргачлалыг боловсруулан батлах;
4.1.2. үнэлгээний хороог байгуулах;
4.1.3. сонгон шалгаруулалтыг товлон зарлах;
4.1.4. үнэлгээний хорооны дүгнэлтийг үндэслэн шинжээчийн эрх олгох;
4.1.5. шинжээчийн эрхийг хүчингүй болгох;
4.1.6. шинжээчдийн сургалтын бодлогыг хэрэгжүүлэх;
4.1.7. эрх бүхий шинжээчдийн бүртгэл хөтлөн, нийтэд нээлттэй байлгах.
4.2. Төв байгууллага нь эрх бүхий шинжээчдэд зориулсан давтан сургалтын тогтолцоог бүрдүүлж хөтөлбөрийг батлах, сургалт зохион байгуулах байгууллага, хуулийн этгээд, иргэнийг сонгон авч сургалт зохион байгуулахад нь дэмжлэг үзүүлэх үүрэгтэй. Шинжээчид зориулсан тусгай сургалтыг хоёр жил тутамд, эсвэл шинжээчдийн нийт бүрэлдэхүүн гуравны нэг хүртэл солигдсон тохиолдолд зохион байгуулна.
4.3. Өндөр мэргэшил, ур чадвартай мэргэжилтнүүдээр шинжээчдийн нэрсийн жагсаалтыг баяжуулах зорилгоор шинжээчдийн сонгон шалгаруулалтыг хоёр жилд нэг удаа явуулах бөгөөд эсвэл энэ журамд заасан эрх бүхий шинжээчдийн тоо гуравны нэг буюу түүнээс илүү хувиар багассан бол хугацаанаас өмнө сонгон шалгаруулалт явуулж болно.
4.4. Шинжээчийн эрх авахыг хүссэн нэр дэвшигчийн мэргэжлийн ур чадвар, дадлага туршлага, мэргэшлийн түвшинг үнэлэх, шалгалт авах, дүгнэлт гаргах ажиллагааг төв байгууллагаас холбогдох хуульд заасан зөвлөх сонгон авах журмын дагуу байгуулсан үнэлгээний хороо эрхлэн гүйцэтгэнэ.
4.5. Үнэлгээний хороог шинжээчийн эрх олгох сонгон шалгаруулалт зарлах тухай бүрт шинээр байгуулна.
4.6. Үнэлгээний хороо нь төрийн захиргааны төв байгууллагууд болон Худалдаа аж үйлдвэрийн танхимаас тэнцүү тооны, төрийн бус байгууллагын (мэргэжлийн холбоод) нэг төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй байна. Үнэлгээний хороог төв байгууллагын төлөөлөгч ахлана.
4.7. Үнэлгээний хорооны гишүүдийн тоо 5-аас багагүй байна.
4.8 Төв байгууллага нь иргэн, хуулийн этгээдээс дүгнэлт гаргах эрх, үүрэг бүхий шинжээч сонгон авах эрхээ хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх үүднээс зохих түвшинд мэргэшсэн, хараат бус, бие даасан шинжээчдийн нэрсийн жагсаалтыг гаргаж хөтөлнө.
4.9. Шинжээчийн сонголтыг хангалттай байлгах үүднээс шинжээчдийн нэрсийн жагсаалтад 21-ээс доошгүй шинжээчийн нэрийг байршуулж дараахь нөхцөлийг харгалзан шинжээчдийг сонгон авах боломжтой байлгана:
4.9.1. худалдан авах бараа, ажил, үйлчилгээний салбар, төрөл бүрийн онцлогийг харгалзах боломжтой байх;
4.9.2. бүс нутгийн онцлог нөхцөл байдлыг харгалзах боломжтой байх;
4.9.3. дадлага, туршлага, мэргэшлийг харгалзах боломжтой байх.
4.10. Шинжээчдийн нэрсийн жагсаалтыг шинжээчдийн ур чадвар, мэргэжлийн тухай мэдээллийн хамт нийтэд байнга нээлттэй бөгөөд хуулбарлан авах боломжтой байлгана.
Тав. Шинжээчийн эрх олгох, түүнийг
хүчингүй болгох
5.1. Шинжээчийн эрхийг төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн 4 (дөрвөн) жилийн хугацаатай олгоно.
5.2. Шинжээчийн эрх авсан иргэнд гэрчилгээ олгох бөгөөд гэрчилгээний загварыг төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
5.3. Шинжээчийн эрхийг төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн буюу шүүхийн шийдвэрээр хүчингүй болгоно.
5.4. Шинжээчийн эрхийг дараахь үндэслэлээр хүчингүй болгоно:
5.4.1. эрүүл мэндийн улмаас ажил үүргээ гүйцэтгэж чадахгүй болсон, нас барсан;
5.4.2. өөрөө хүсэлт гаргасан;
5.4.3. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, Шинжээчдийн багийн ажиллах журмыг зөрчсөн буюу хүлээсэн үүргээ биелүүлээгүй;
5.4.4. гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр таслан шийдвэрлэх тогтоолоор батлагдсан;
5.4.5. шинжээчдэд зориулан зохион байгуулсан сургалтад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцоогүй.
5.6. Энэ журмын 5.4.3-т заагдсан зөрчил гаргасан эсэхийг холбогдох этгээдийн хүсэлтээр төв байгууллага тогтооно.
5.7. Шинжээчийн эрхийг энэ журмын 5.4.3, 5.4.5-д заасан үндэслэлээр хүчингүй болгохдоо тухайн шинжээчид холбогдох хүсэлт, материалтай биечлэн танилцах, тайлбар гаргах, эрхийг хүчингүй болгох тухай шийдвэр гаргах асуудлыг хэлэлцэхэд биечлэн байх боломжийг олгож зөрчил гарсан гэдгийг бодитойгоор тогтоосон байна.
5.8. Шинжээчийн эрхийг хүчингүй болгохтой холбогдон гарсан маргааныг эхний удаад төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн шийдвэрлэх бөгөөд түүний шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргаж болно.
-----оОо-----
Текст томруулах
A
A
A