A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 2006 оны 165 дугаар тогтоолын 3 дугаар хавсралт
 
"ХАДГАЛАМЖИЙН БАНК" ХХК-ИЙГ ХУВЬЧЛАХ УРАЛДААНТ ШАЛГАРУУЛАЛТ /ТЕНДЕР/-ЫН ЖУРАМ
 
Нэг. Нийтлэг үндэслэл
 
1.1. Монгол Улсын Их Хурлын 2005 оны 48 дугаар тогтоолоор баталсан "Төрийн өмчийг 2005-2008 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл", Засгийн газрын 2006 оны  77 дугаар тогтоолоор баталсан "2006 онд эхний ээлжинд хувьчлах хуулийн этгээдийн жагсаалт"-ыг хэрэгжүүлэх зорилгоор 100 хувь төрийн өмчийн "Хадгаламжийн банк" ХХК /цаашид "Хадгаламжийн банк" буюу "банк" гэх/-ийг хувьчлах олон улсын нээлттэй, уралдаант шалгаруулалтыг зохион байгуулж явуулахад энэхүү журам /цаашид "журам" гэх/-ыг мөрдөнө.
 
Хоёр. Нэр томъёоны тодорхойлолт
 
Энэхүү журамд хэрэглэсэн нэр томъёог дор дурдсанаар тодорхойлно:
 
2.1. "Банк" гэж Монгол Улсын "Хадгаламжийн банк" ХХК-ийг хэлнэ.
 
2.2. "Уралдаант шалгаруулалт /цаашид "тендер" гэх/" гэж "Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль"-ийн 46-54 дүгээр зүйлийн дагуу төсөл сонгон шалгаруулалтыг зарлан дүгнэж /тендерт оролцогчдоос ирүүлсэн тендерийн саналуудыг үнэлж/, ялагчийг тодруулан түүнтэй "Худалдах, худалдан авах тухай гэрээ" байгуулах үйл ажиллагааг хэлнэ.
 
2.3. "Тендерт оролцогч" гэж Засгийн газраас тавьж буй шаардлагыг хангаж, урьдчилан шалгаруулалтад тэнцсэн, энэ тухай Төрийн өмчийн хорооноос мэдэгдэл хүлээж авсан этгээдийг хэлнэ.
 
2.4. "Дэнчин" гэж "Худалдах, худалдан авах тухай гэрээ" байгуулж, хэрэгжүүлэх нотолгоо, худалдан авах үнийг төлөх санхүүгийн эх үүсвэрийн баталгаа болгон тендерт оролцогчоос Монгол банк дахь Төрийн өмчийн хорооны зохих дансанд байршуулах 500.000 /таван зуун мянган/ ам. доллартай тэнцүү хүүгүй мөнгөн хөрөнгийг хэлнэ.
 
2.5. "Тендерийн санал" гэж тендерт оролцогчоос тендерийн хуваарьт заасан хугацаанд хувьчлалын зорилгын шаардлагыг хангахуйцаар боловсруулж ирүүлсэн техникийн болон санхүүгийн саналын иж бүрдлийг хэлнэ. Тендерийн санал нь техникийн ба санхүүгийн санал, дэнчин төлсөн баримтаас бүрдсэн байна.
 
2.6. "Техникийн санал" гэж Засгийн газраас дэвшүүлж буй хувьчлалын зорилгыг хангах 2-оос доошгүй жилийн хугацааг хамарсан тендерт оролцогчийн боловсруулсан бизнесийн стратеги (үйл ажиллагааны) төлөвлөгөө ба тендерийн журамд заасан бусад материалыг хамтад хэлнэ.
 
2.7. "Санхүүгийн санал" гэж банкийг худалдан авахаар тендерт оролцогчийн санал болгож буй үнийг хэлнэ. Тендерт оролцогчийн санал болгож буй үнэ нь Хадгаламжийн банкийг худалдах доод үнээс бага байж болохгүй.
 
2.8. "Худалдах, худалдан авах тухай гэрээний эхний төсөл" гэж тендерт оролцогчдын саналыг авахаар Төрийн өмчийн хорооноос санал болгон хүргүүлж буй худалдах, худалдан авах тухай гэрээний эхний төслийг хэлнэ.
 
2.9. "Худалдах, худалдан авах тухай гэрээний шинэчилсэн төсөл" гэж худалдах, худалдан авах тухай гэрээний эхний төсөлд тендерт оролцогчдоос ирүүлсэн саналуудаас тусгасан шинэчилсэн төслийг хэлнэ.
 
2.10. "Худалдах, худалдан авах тухай гэрээний эцсийн төсөл" гэж худалдах, худалдан авах тухай гэрээний шинэчилсэн төсөлд тендерт оролцогчдоос санал болгосон нэмэлт, өөрчлөлтөөс хүлээн авч болохуйц саналуудыг тусган Төрийн өмчийн хорооноос эцэслэн бэлтгэж гаргах төслийг хэлнэ.
 
2.11. "Шинжээчдийн баг" гэж тендерийн саналд үнэлгээ хийх зорилгоор "Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль"-ийн 50 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Төрийн өмчийн хорооны томилох шинжээчдийг хэлнэ.
 
                                    Гурав. Тендерийн хуваарь
 
3.1. Тендерийг энэхүү журамд хавсаргасан хуваарийн дагуу зохион байгуулж явуулна.
 
                                    Дөрөв. Тендерт оролцогч
 
4.1. Тендерт оролцогчийн эрх зүйн байдал:
           
4.1.1. Тендерт оролцогч нь Засгийн газраас тавьж буй шаардлагыг хангаж, урьдчилан шалгаруулалтад тэнцсэн хувийн өмчит дотоод, гадаадын болон олон улсын банк, санхүүгийн байгууллага, эсхүл тэдгээрийн оролцоотой байгуулсан консорциум байна.
 
4.1.2. Хэд хэдэн хуулийн этгээд тендерт консорциумын хэлбэрээр оролцож байгаа бол тэд зөвхөн нэг итгэмжлэгдсэн төлөөлөгчийг томилж, тендерт нэг оролцогч болж оролцоно.
 
4.2. Тендерт оролцогчид тавих хязгаарлалт:
 
4.2.1. Тендерийг албан ёсоор зарласнаас эхлэн тендерийн үйл ажиллагаа дуусах хүртэлх хугацаанд тендерт оролцогч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь бусад тендерт оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй энэхүү хувьчлалтай холбоотой асуудлаар аливаа хэлцэл хийх, харилцаа холбоо тогтоохыг хориглоно.
 
4.2.2. Тендерт оролцогч нь Төрийн өмчийн хороотой байгуулсан нууцыг хадгалах тухай гэрээний дагуу банктай холбогдох мэдээллийг бусдад задруулахгүй байх үүрэг хүлээнэ.
 
4.3. Тендерт оролцогчийн эрх:
 
4.3.1. Төрийн өмчийн хорооноос баталсан хуваарийн дагуу банктай танилцах, дүн шинжилгээ, уулзалт хийх, банкны удирдлагатай уулзах, барилга байгууламжийг үзэх.
 
4.3.2. Төрийн өмчийн хорооны холбогдох албан тушаалтантай уулзах, мэдээлэл авах.
 
4.3.3. Энэхүү журам болон тендерийн үйл ажиллагаатай холбогдсон мэдээллийн талаар тайлбар, тодруулга авах зорилгоор банкны хувьчлалыг хариуцсан Төрийн өмчийн хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй уулзах /тендерийн санал авах хугацаа дуусахаас ажлын 5-аас доош өдөрт ирүүлсэн тайлбар, тодруулга авах хүсэлтийг Төрийн өмчийн хороо хүлээж авахгүй байж болно/.
 
4.3.4. Тендерийн саналд үнэлгээ хийх Шинжээчдийн багийн гишүүн /шинжээч/-ийг хуульд заасан үндэслэлээр татгалзах, түүний үйл ажиллагааны талаар томилсон байгууллагад гомдол гаргах.
 
4.3.5. Тендерийн журам зөрчигдсөн гэж үзвэл гомдлоо Төрийн өмчийн хороонд, түүний шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гаргах.
 
4.3.6. Тендерт ялаагүй бол дэнчингээ буцаан авах.
 
4.3.7. Монгол Улсын Иргэний хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд заасан бусад эрхийг эдлэх.
 
 
4.4. Тендерт оролцогчийн үүрэг:
 
4.4.1. Өөрийн бизнес, эрх зүй, санхүүгийн байдлын талаар үнэн зөв мэдээлэл өгөх.
 
4.4.2. Тендерт оролцох явцад өөрийн бизнес, эрх зүй, санхүүгийн байдалд гарсан тендерт оролцоход нь нөлөөлж болзошгүй аливаа материаллаг өөрчлөлтийн талаар Төрийн өмчийн хороонд мэдэгдэх.
 
4.4.3. Банктай байгуулсан буюу байгуулахаар төлөвлөж байгаа бизнесийн аливаа гэрээ, хэлэлцээрийн талаар Төрийн өмчийн хороонд бичгээр мэдэгдэх.
 
4.4.4. Тендерт оролцох буюу оролцохтой холбогдон гарах бүх зардлыг өөрөө хариуцах.
 
4.4.5. Тендерийн саналыг битүүмжилж Төрийн өмчийн хороонд өөрөө өгөх буюу итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хүргүүлэх, хэрэв ийнхүү хүргэх боломжгүй бол баталгаат шуудангаар илгээж, зар мэдээнд заасан хугацаанд ирүүлэх.
 
4.4.6. Хөрөнгийн баталгаа, төлбөрийн чадвар болон тендерт ирүүлсэн мэдээллийн үнэн зөвийг бүрэн хариуцах.
 
4.4.7. Өөрийн буруугаас учруулсан хохирлыг нөхөн төлөх.
 
4.4.8. Монгол Улсын хууль тогтоомж болон энэхүү журмыг сахин биелүүлэх.
 
4.4.9. Тендерт оролцогчийн зүгээс энэхүү тендерт оролцох бүхий л асуудлаар дотоодын аливаа зөрчилдөөн байхгүй талаар мэдэгдэх.
 
4.5. Тендерийн санал боловсруулах, түүнийг ирүүлэхтэй холбогдуулан тендерт оролцогчид тавих шаардлага:
 
4.5.1. Эд хөрөнгийн баталгаа, төлбөрийн чадвартай байх.
 
4.5.2. Мэргэжлийн чадавхитай боловсон хүчний хангамж, нөөцтэй байх.
 
4.5.3. Тендерийн саналыг зарласан нөхцөлийн хэмжээнд, мэргэжлийн түвшинд хийсэн байх.
 
4.5.4. Мэргэжлийн дүгнэлт гаргуулсан байх /Шинжээчдийн баг гаргана/.
 
4.5.5. Тендерийн саналыг зарласан хугацаанд ирүүлсэн байх.
 
4.5.6. Дэнчингээ хугацаанд нь тавьсан байх.
 
                                    Тав. Тендерийн баримт бичиг
 
5.1. Тендерт оролцогч тус бүрт Тендерийн журам, Ерөнхий мэдээлэл, "Худалдах, худалдан авах тухай гэрээ"-ний төслөөс бүрдсэн тендерийн баримт бичгийн нэг иж бүрэн багцыг олгоно.
 
5.2. Төрийн өмчийн хорооноос олгох тендерийн баримт бичигт Төрийн өмчийн хорооны тэмдэг дарсан байна.
 
5.3. Төрийн өмчийн хороо тендертэй холбоотой мэдээллийг тендерийн баримт бичигт оруулна. Энэхүү мэдээллийг зохих ёсоор ашиглаж чадаагүйтэй холбоотойгоор үүсч болох аливаа үүрэг, хариуцлагыг Төрийн өмчийн хороо хүлээхгүй.
 
                                    Зургаа. Дүн шинжилгээ хийх
 
6.1. Тендерт оролцогчдыг тэдгээрийн хүсэлтийн дагуу Монгол банк, Сангийн яам, Төрийн өмчийн хорооны холбогдох албан тушаалтан болон банкны удирдлагатай уулзах, газар дээр нь танилцах бололцоогоор хангана.
 
6.2. Тендерт оролцогчдыг тендерийн саналаа ирүүлэхээс нь өмнө банк дээр очиж банкны хөрөнгө, санхүүгийн чадавхи, өр төлбөрийн талаар нарийвчилсан дүн шинжилгээ хийх, Засгийн газраас дэвшүүлж буй хувьчлалын зорилгыг Төрийн өмчийн хорооны холбогдох албан тушаалтантай хэлэлцэх, санал өгөх бололцоогоор хангана. Төрийн өмчийн хороо тендерт оролцогчдод банк дээр очиж банкны үйл ажиллагаанд нарийвчилсан дүн шинжилгээ хийхэд зориулж ойролцоогоор      нэг долоо хоногоос доошгүй хугацаа олгоно. Дүн шинжилгээний хугацаанд тендерт оролцогчид банкны удирдлага, ажилтнуудтай уулзах өргөн боломжоор хангагдах бөгөөд санхүүгийн болон нягтлан бодох бүртгэлийн баримтууд, түүнчлэн компьютерийн систем, конторын болон бусад барилга, байгууламжийн байдал болон өөрсдийн сонирхсон хүрээнд аливаа бусад асуудлыг судлах эрхээр хангагдана.
 
6.3. Төрийн өмчийн хороо нь банк дээр очиж дүн шинжилгээ хийх хуваарийг хүсэлт хүлээж авсан дарааллаар гаргаж, тендерт оролцогчдод энэ тухай факс буюу электрон шуудангаар мэдэгдэнэ.
 
6.4. Тендерт оролцогч нь тендерийн саналаа ирүүлснээр банкны байдал, үйл ажиллагааг судлан зөвшөөрч, эдгээр нөхцөл байдал болон Төрийн өмчийн хорооноос буюу түүний өмнөөс банкны талаар гаргаж өгсөн бүх мэдээллийн үнэн зөв болохыг албан ёсоор хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно. Байгаа мэдээлэл, бодит байдалтай танилцаж чадаагүй тендерт оролцогч нь тендерийн санал боловсруулах, худалдах, худалдан авах тухай гэрээний төслийн талаар хэлэлцэх үүргээс чөлөөлөгдөхгүй. Төрийн өмчийн хороо банкны төлөөлөгчдөөс гаргаж өгсөн мэдээлэлд үндэслэн тендерт оролцогчийн гаргасан дүгнэлт, тайлбарын талаар Төрийн өмчийн хороо, шинжээчдийн баг, банк, эдгээрийн төлөөлөгчдийн аль аль нь хариуцлага хүлээхгүй.
 
6.5. Тендерт оролцогч нь банктай танилцаж, дүн шинжилгээ болон уулзалт хийхгүй байхаар шийдвэрлэсэн тохиолдолд ч тендерийн санал өгөх эрхтэй хэвээр байна.
 
                        Долоо. Худалдах, худалдан авах тухай гэрээний
                                                  төслийг эцэслэн боловсруулах
 
7.1. Тендерт оролцогчдоос 2006 оны 09 дүгээр сарын    20-ны дотор ирүүлж санал болгосон нэмэлт, өөрчлөлтүүдийг харгалзан Төрийн өмчийн хороо Худалдах, худалдан авах тухай гэрээний эхний төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулж, уг гэрээний шинэчилсэн төслийг боловсруулж болно.
 
7.2. Төрийн өмчийн хороо Худалдах, худалдан авах тухай гэрээний шинэчилсэн төслийг боловсруулсан тохиолдолд энэ тухай тендерт оролцогч тус бүрт мэдэгдэж, шинэчилсэн төслийн хувийг 2006 оны 09 дүгээр сарын 27-ны дотор гаргаж хүргүүлэх.
 
7.3. Худалдах, худалдан авах тухай гэрээний шинэчилсэн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай саналаа 2006 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс өмнө ирүүлэхийг тендерт оролцогчдод санал болгоно. Энэ өдрөөс хойш ирүүлсэн санал, тайлбарыг хүлээж авахгүй.
 
7.4. Худалдах, худалдан авах тухай гэрээний шинэчилсэн төсөлд оруулахаар тендерт оролцогчдоос санал болгосон нэмэлт, өөрчлөлтүүдийг харгалзан Төрийн өмчийн хороо Худалдах, худалдан авах тухай гэрээний эцсийн төслийг боловсруулж, тендерт оролцогч тус бүрт 2006 оны 10 дугаар сарын 13-ны дотор хүргүүлэх.
 
                        Найм. Тендерийн санал бэлтгэх, ирүүлэхэд
                                                тавигдах ерөнхий шаардлага
 
8.1. Бүх мөнгөн дүнг АНУ-ын доллараар илэрхийлнэ.
 
8.2. Тендерт оролцогчид тендерийн саналыг монгол хэл дээр бэлтгэж ирүүлнэ. Хэрэв гадаад хэл дээр бэлтгэсэн бол монгол орчуулгыг заавал хавсаргана. Харин Худалдах, худалдан авах тухай гэрээний эцсийн төслийг монгол ба англи хэл тус бүр дээр ирүүлнэ.
 
8.3. Тендерт оролцогчид тендерийн саналын нэг эх хувь болон таван хуулбарыг ирүүлнэ.
 
8.4. Саналын эх хувь болон хуулбаруудын хооронд аливаа зөрүү гарах тохиолдолд эх хувийг баримтална.
 
8.5. Тендерт оролцогч буюу түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч тендерийн саналын хуудас бүрт хар буюу хөх өнгийн бэхээр гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгосон эрхийг зохих журмын дагуу бичгээр гаргаж, тендерийн саналд хавсаргана.
 
8.6. Тендерийн саналд оруулсан бүх засварт тендерт оролцогч буюу түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч гарын үсгээ зурж баталгаажуулсан байна.
 
8.7. Тендерийн саналыг шуудангаар ирүүлсэн тохиолдолд Төрийн өмчийн хороон дээр хүлээн авсан өдрийг тендерийн санал ирүүлсэн өдөр гэж тооцно.
 
8.8. Төрийн өмчийн хороо тендерийн саналыг хүлээж авсан огноо, цагийг тэмдэглэсэн баримтыг оролцогчид илгээж хүлээн авснаа батална. Шуудангаар ирүүлсэн тендерийн саналд хариу илгээх факсын дугаарыг заагаагүй тохиолдолд хүлээн авсан тухай баримтыг ирүүлсэн саналын дугтуйн дээрх хаягаар, эсхүл  тендерт оролцогчийн өргөдөлд заасан хаягаар илгээнэ.
 
8.9. Тендерт оролцогч нь тендерийн санал хүлээн авах хугацаа дуусахаас өмнө Төрийн өмчийн хороонд бичгээр мэдэгдэж, тендерийн саналаа өөрчлөх, эсхүл татан авах эрхтэй.
 
                                                Ес. Дэнчин
 
9.1. Тендерт оролцогчид нь тендерийн саналаа ирүүлэхээс өмнө Монгол банкин дахь Төрийн өмчийн хорооны дор дурдсан валютын харилцах дансанд 500.000 /таван зуун мянган/ ам. долларын дэнчинг байршуулна. Үүнд:
 
Банкны нэр:             Bank of Mongolia
SWIFT код:               BOMUMNUB
Дансны нэр:             State Property Committee of Mongolia
Дансны дугаар:            3332404
 
Монгол банкны
харилцагч банк:            Federal Reserve Bank of New York, NY, USA
SWIFT код:               FRNYUS33
Дансны нэр:             Bank of Mongolia
Дансны дугаар:            021088506
 
9.2. Дэнчин төлснийг нотолсон банкны баримтын хуулбарыг техникийн саналд хавсаргана.
 
9.3. Тендерт оролцогч нь дэнчин тавиагүй тохиолдолд тендерт оролцох эрхгүй.
 
9.4. Тендерт ялагчаар шалгарсан оролцогчийн тавьсан дэнчинг худалдан авах үнэд оруулан тооцно.
 
9.5. Тендерийн саналыг үнэлсний дараа тендерт оролцогч ялагчаар шалгараагүй тохиолдолд тендерийн дэнчинг тендерт оролцогчийн хүсэлтийн дагуу ажлын  долоон өдөрт багтаан бүрэн буцаан олгох бөгөөд хүсэлтэд дэнчинг шилжүүлэх банк, дансны дугаарыг тодорхой заана. 
 
9.6. Дэнчинг дараахь тохиолдолд буцааж олгохгүй:
 
1)Ялагч нь санхүүгийн саналтайгаа хамт монгол, англи хэл дээр тус бүр хоёр хувь үйлдэж, хувь тус бүр дээр гарын үсэг зурсан Худалдах, худалдан авах тухай гэрээний эцсийн төслийг ирүүлээгүй буюу түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Тендерийн үр дүнгийн тухай мэдэгдэлд гарын үсэг зурахаас татгалзсан.
 
2)Ялагч нь Худалдах, худалдан авах тухай гэрээний нөхцөл, болзлын дагуу худалдан авах үнийн төлбөрийг хийгээгүй буюу Худалдах, худалдан авах тухай гэрээнд заасан өөрийнхөө аливаа мэдэгдэл, баталгааг материаллаг байдлаар зөрчсөн.
 
9.7. Дэнчинд хүү төлөхгүй.
 
9.8. Дэнчин төлөхтэй холбогдсон банкны бүх зардлыг тендерт оролцогч хариуцна.
 
                                    Арав. Тендерийн саналд тавих шаардлага
 
10.1. Тендерийн санал дараахь хэсгээс бүрдэнэ. Үүнд:
 
1)Техникийн санал
 
2)Санхүүгийн санал
 
10.2. Техникийн санал
 
Техникийн санал нь дор дурдсан хэсгүүдээс бүрдэнэ. Үүнд:
 
А. Тендерт оролцогчийн талаархи мэдээлэл. Үүнд:
 
1)Тендерт оролцогчийн бизнесийн үйл ажиллагааны чиглэл, компанийн бүтэц, арилжааны банк, санхүүгийн салбар дахь (консорциумаар оролцож байгаа тохиолдолд хамтарч буй компаниудын) үйл ажиллагааны дэлгэрэнгүй танилцуулга.
 
2)Сүүлийн 3 жилийн байдлаар гаргаж аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан тэнцэл (нээлттэй компанийн хувьд хувьцаа эзэмшигчдэд зориулсан сүүлийн 3 жилийн тайлан). 
 
3)Тендерт оролцогчоос санал болгож буй энэхүү тендертэй холбогдолтой байж болох бусад нэмэлт мэдээлэл.
 
Б. Бизнесийн стратеги (үйл ажиллагааны) төлөвлөгөө
 
Хадгаламжийн банкийг худалдаж авах сонирхолтой тендерт оролцогч нь Засгийн газраас дэвшүүлж буй дор дурдсан хувьчлалын зорилгыг хангах 2-оос доошгүй жилийн хугацааг хамарсан бизнесийн стратеги (үйл ажиллагааны) төлөвлөгөөг боловсруулсан байх шаардлагатай. Үүнд:
 
-Хадгаламжийн банкны үйл ажиллагааны үндсэн чиглэлийг хадгалахын зэрэгцээ нийгэм, бүс нутгийн болон хүн амын эрэлт хэрэгцээнд нийцүүлж өргөтгөх, банк, санхүүгийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах.
 
-Хөрөнгө оруулж, банкны өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх, түүний төлбөр түргэн гүйцэтгэх чадвар болон санхүүгийн чадавхийг сайжруулах, банкны зохистой практикт нийцсэн зээлийн үйл ажиллагааг өргөжүүлэх замаар үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэх.
 
-Банкны болон санхүүгийн шинэ, дэвшилтэт бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэх, санхүүгийн зуучлалын хүрээг өргөжүүлэх.
 
Мөн бизнесийн стратеги (үйл ажиллагааны) төлөвлөгөөнд Хадгаламжийн банкны ажилтнуудыг тогтвор суурьшилтай ажиллуулах, тэднийг гадаад, дотоодод сургах, дадлагажуулах, мэргэшлийг нь дээшлүүлэх гэх мэтээр боловсон хүчнийг хөгжүүлэхэд чиглэгдсэн хөрөнгө оруулалт, арга хэмжээг тусгасан хүний нөөцийг хөгжүүлэх төлөвлөгөөг боловсруулж тусгах шаардлагатай.
 
В. Дэнчин төлснийг нотлох баримтыг техникийн саналын эх хувьд хавсаргана.
 
Г. Тендерийн энэхүү журмын сүүлчийн хуудсанд гарын үсэг зурсан хуулбарыг техникийн саналын эх хувьд хавсаргана. Тендерт оролцогч нь Тендерийн журамд гарын үсэг зурснаар энэхүү журмын заалтыг сахин мөрдөж, түүнд тусгасан бүх нөхцөл, болзлыг хүлээн зөвшөөрснөө илэрхийлнэ.
 
Д. Тендерт оролцохыг зөвшөөрч тендерт оролцогчийн удирдах байгууллагаас гаргасан шийдвэр (консорциумаар оролцож байгаа тохиолдолд хамтарч буй хуулийн этгээд тус бүрийн удирдах байгууллагаас тендерт оролцохыг зөвшөөрч гаргасан шийдвэр).
 
10.3. Санхүүгийн санал
 
Санхүүгийн санал нь дор дурдсан хэсгүүдээс бүрдэнэ. Үүнд:
 
А. Хадгаламжийн банкийг худалдан авах үнэ. Энэ нь 12.000.000.000 /арван хоёр тэрбум/ төгрөгөөс доошгүй байна.
 
Б. Тендерт оролцогч буюу түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хуудас бүр дээр гарын үсэг зурсан Худалдах, худалдан авах тухай гэрээний эцсийн төслийн монгол болон англи хэл дээрх тус бүр хоёр ижил эх хувь. Худалдах, худалдан авах тухай гэрээний эцсийн төслийн гарын үсэг зурсан хоёр эх хувийг санхүүгийн саналын эх хувьд хавсаргасан байх шаардлагатай. Тендерийн ялагчаар бөглүүлэхээр зориуд хоосон үлдээсэн хэсгийг бөглөхөөс өөрөөр Худалдах, худалдан авах тухай гэрээний эцсийн төсөлд өөрчлөлт оруулахыг үл зөвшөөрнө.
 
В. Худалдах, худалдан авах тухай гэрээний эцсийн төсөлд гарын үсэг зурахыг зөвшөөрсөн тендерт оролцогчийн удирдах байгууллагын шийдвэр (консорциумаар оролцож байгаа тохиолдолд хамтарч буй хуулийн этгээд тус бүрийн удирдах байгууллагаас гарсан шийдвэр).
 
Г. Хэрэв итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон бол түүнд Худалдах, худалдан авах гэрээнд гарын үсэг зурах болон санхүүгийн саналыг нээх ажиллагаанд тендерт оролцогчийг төлөөлөх эрх олгосныг нотлох итгэмжлэл /Тендерт оролцогчийн өргөдөлд хавсаргасан итгэмжлэлд эдгээр эрхийг итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгосон тохиолдолд итгэмжлэлийн хувийг хавсаргана/.
 
                                   
Арван нэг. Тендерийн саналыг ирүүлэх
 
11.1. Техникийн болон санхүүгийн саналын эх хувь болон хуулбаруудыг "Эх хувь", "Хуулбар", "Техникийн санал" "Санхүүгийн санал" гэж тус тусад нь хаяглан битүүмжилж дугтуйлна.  Эдгээр дугтуйг хамтад нь өөр дугтуйд давхар хийж битүүмжилнэ. Гаднахь дугтуй дээр Төрийн өмчийн хорооны хаяг, тендерт оролцогчийн албан ёсны нэр, хаягийг бичиж:
 
"Монгол Улсын Хадгаламжийн банкийг худалдан авах тендерийн санал. Шинжээчдийн багийг байлцуулахгүйгээр нээхийг хориглоно" гэсэн тэмдэглэл хийнэ.
 
11.2. Тендерийн саналыг 2006 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн (Улаанбаатарын цагаар) 1800 цагаас өмнө Төрийн өмчийн хороонд дараахь хаягаар ирүүлнэ:
 
Д.Сугар
Төрийн өмчийн хорооны дарга
Засгийн газрын IY байр, 410 тоот өрөө
Улаанбаатар-11, Монгол Улс
Утас: 976-11-312460, 261692
Факс: 976-11-312798
 
 
                                    Арван хоёр. Тендерийн саналыг хүлээн авах
 
12.1. Тендерийн саналыг Төрийн өмчийн хорооны бичиг хэргийн бүртгэлээр дамжуулан банкны хувьчлалын асуудлыг хариуцсан Төрийн өмчийн хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн авна.
 
12.2. Төрийн өмчийн хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тендерийн саналыг хүлээн авсан тухай тэмдэглэл үйлдэн, гарын үсэг, албан тэмдгээр баталгаажуулан тус тусад нь хадгална.
 
12.3. Тендерийн хуваарьт заасан хугацаанаас хойш тендерт оролцогчид тендерийн саналаа татан авах, саналд өөрчлөлт оруулахыг хориглох ба нэмж ирүүлсэн аливаа саналыг хүлээн авахгүй.
 
12.4. Тендерийн хуваарьт заасан тендерийн санал нээх өдөр Төрийн өмчийн хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ирсэн бүх тендерийн саналыг тэмдэглэлийн хамт Шинжээчдийн багт хүлээлгэн өгнө. Энэ үед хэрэв хүсвэл тендерт оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид байж болно.
 
 
12.5. Шинжээчдийн баг тендерийн санал тус бүрийн бүрэн бүтэн байдлыг нь шалгаж хүлээн авах бөгөөд энэ тухай актад гарын үсэг зурна.
 
12.6. Шинжээчдийн баг тендерийн саналуудыг задалж, түүнд байгаа баримт бичиг нь энэхүү тeндeрийн журамд заасны дагуу бүрэн байгаа эсэхийг шалгана.
 
12.7. Хэрэв баримт бичиг дутуу байвал Шинжээчдийн баг энэ тухай тендерт оролцогчид мэдэгдэж, тухайн үзүүлэлтээр үнэлгээ өгөхгүй байх, эсхүл бууруулах, тендерийн саналыг шалгаруулалтаас хасаж буцаах шийдвэрийн аль нэгийг гаргана.
 
                                    Арван гурав. Тендерийн саналын үнэлгээ
 
13.1. Төрийн өмчийн хороо тендерийн саналыг үнэлүүлэх зорилгоор Шинжээчдийн багийг төсөл шалгаруулах өдөр томилно.
 
13.2. Тендерийн саналыг үнэлэх үйл ажиллагаа нь дараахь хоёр үе шаттай байна. Үүнд:
 
1)Техникийн саналын үнэлгээ
2)Санхүүгийн саналын үнэлгээ
 
13.3. Шинжээчдийн баг нь техникийн саналыг дор дурдсан үзүүлэлтүүдийг үндэслэн онооны системээр үнэлнэ. Үүнд:
 
1)Тухайн салбарт үйл ажиллагаа явуулж ирсэн туршлага, санхүүгийн чадавхи, нэр хүнд, бизнесийн ур чадвар (0-40 оноо)
 
2)Санал болгож буй бизнесийн стратеги (үйл ажиллагааны) төлөвлөгөөний чанар, Засгийн газраас дэвшүүлж буй хувьчлалын зорилгыг хүлээн авч тусгасан байдал (0-50 оноо)
 
3)Ажилтнуудыг тогтвор суурьшилтай ажиллуулах, тэднийг гадаад, дотоодод сургах, дадлагажуулах, мэргэшлийг нь дээшлүүлэх гэх мэтээр боловсон хүчнийг хөгжүүлэхэд чиглэгдсэн хөрөнгө оруулалт, арга хэмжээг тусгасан хүний нөөцийг хөгжүүлэх төлөвлөгөө (0-10 оноо).
 
13.4. Нийлбэр дүнгээр 70-аас доошгүй оноо авсан техникийн саналыг шалгаруулна.
 
13.5. Техникийн саналын үнэлгээ дууссаны дараа Шинжээчдийн баг техникийн санал нь тэнцсэн оролцогчдод техникийн саналын үнэлгээгээр авбал зохих доод онооны болзлыг хангасан тухай болон санхүүгийн саналыг нээхээр товлосон газар, огноо, цагийг мэдэгдэнэ. Үүний зэрэгцээ техникийн саналын үнэлгээгээр авбал зохих доод онооны болзлыг хангаагүй оролцогчдод энэ тухай болон дэнчинг буцаан олгох тухай мэдэгдэнэ. Мэдэгдлийг буухиа шуудан, факс буюу электрон шуудангаар явуулж болно.
 
13.6. Техникийн саналын үнэлгээгээр тэнцсэн тендерт оролцогчдын санхүүгийн саналыг тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийг байлцуулан нийтийн өмнө тендерийн хуваарьт заасан өдөр задална.
 
13.7. Тендерт оролцогчийн нэр болон Хадгаламжийн банкийг худалдан авахаар санал болгож буй худалдан авах үнийг чангаар уншиж, бүртгэнэ. Шинжээчдийн баг санхүүгийн саналд зохих ёсоор гарын үсэг зурсан Худалдах, худалдан авах тухай гэрээний эцсийн төсөл болон энэхүү журмын 10.3-т заасан баримтыг хавсаргасан эсэхийг шалгах ба санхүүгийн саналуудыг нийтийн өмнө задлах ажиллагааны тэмдэглэл хөтөлнө.
 
13.8. Санхүүгийн саналдаа хамгийн өндөр худалдан авах үнийн санал ирүүлсэн тендерт оролцогчийг тендерийн ялагчаар шалгаруулна.
 
13.9. Тендерт оролцогчид ижил үнийн санал ирүүлсэн тохиолдолд тэдгээрийг техникийн саналын үнэлгээгээр авсан онооны дагуу эрэмбэлэж, илүү оноо авсан нь тендерийн ялагч болно. Хэрэв техникийн саналын үнэлгээгээр авсан оноо нь тэнцэж байвал худалдан авах үнийн шинэ саналыг нэг цагийн дотор бичгээр өгөх боломж олгоно. Энэ ажиллагааг аль нэг оролцогч бусдаасаа илүү өндөр үнийн санал ирүүлэх хүртэл үргэлжлүүлэн явуулна.
 
13.10. Тендерийн саналыг үнэлэх үйл ажиллагаа дууссаны дараа Шинжээчдийн баг тендерийн үнэлгээний тайлан, дүгнэлтээ Төрийн өмчийн хорооны хуралдаанд оруулан хэлэлцүүлнэ.
 
13.11. Төрийн өмчийн хорооны хуралдаанаас үнэлгээний тайлан, дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзвэл батлах, үндэслэлгүй болон хууль зөрчсөн гэж үзвэл дахин үнэлгээ, шинжилгээ хийлгэх шийдвэрийн аль нэгийг гаргана.
 
13.12. Төрийн өмчийн хорооны хуралдаанаас үнэлгээний тайланг үндэслэлтэй гэж үзэн баталсан тохиолдолд Төрийн өмчийн хороо Худалдах, худалдан авах тухай гэрээнд гарын үсэг зурна.
 
                        Арван дөрөв. Тендерийг  явагдаагүйд  болон
                      хүчингүйд тооцох, санал ирүүлэх
                            хугацааг сунгах
 
 
14.1. Төрийн өмчийн хороо тендерийн санал ирүүлэх эцсийн өдрөөс ажлын 5-аас доошгүй хоногийн өмнөх хугацаанд энэхүү тендерийн журамд хуульд харшлахгүй нэмэлт, өөрчлөлт оруулж болно.
 
14.2. Төрийн өмчийн хороо тендерийн санал ирүүлэх хугацаа, тендерийн хуваарийг өөрийн санаачилгаар болон тендерт оролцогчийн хүсэлтийн дагуу сунгах буюу өөрчилж болно. Тендерийн журам, хуваарьт оруулсан аливаа өөрчлөлтийн талаар Төрийн өмчийн хороо бүх оролцогчдод бичгээр мэдэгдэнэ.
 
14.3. Тендерт оролцогчдоос нэг нь ч тендерийн санал ирүүлээгүй тохиолдолд тендерийг явагдаагүйд тооцох ба энэ тухай шийдвэрийг Төрийн өмчийн хороо гаргана.
 
14.4. Тендерт оролцогчдоос ирүүлсэн тендерийн саналын техникийн саналууд нь бүгд 70-аас доош оноо авсан, эсхүл хуульд заасан бусад үндэслэлээр тендерийг хүчингүйд тооцох ба энэ тухай шийдвэрийг Төрийн өмчийн хороо гаргана.  
 
                                    Арван тав. Маргаан шийдвэрлэх
                       
15.1. Тендертэй холбоотой гарсан аливаа гомдол, маргааныг Төрийн өмчийн хороо холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.
 
15.2. Гомдол, маргаан гаргагч нь Төрийн өмчийн хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл зохих шатны шүүхэд хандаж болно.
 
Энэхүү журмыг хүлээн зөвшөөрсөн
тендерт оролцогчийн гарын үсэг
                                                            ______________________/_____________/
                                                                                    /гарын үсэг/                        /нэр/
 
Он, сар, өдөр             ____________________________________                         
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Тендерийн журмын хавсралт
 
                                                ТЕНДЕРИЙН ХУВААРЬ
 
 
Үйл ажиллагаа
Огноо/Эцсийн хугацаа
Тендерийн зар мэдээ
2006-07-08
Тендерт оролцох сонирхлоо илэрхийлэх өргөдлийг хүлээн авах
2006-09-04
Тендерт оролцох өргөдөл гаргагчид урьдчилан шалгаруулалт хийх, Тендерийн баримт бичгийг хүргүүлэх
2006-09-05-наас
2006-09-12
Банк дээр дүн шинжилгээ хийх, банктай танилцах, тендерийн саналаа бэлтгэх
2006-09-13-наас
2006-10-13
Худалдах, худалдан авах гэрээний төслийн талаар санал авах
2006-09-20
Худалдах, худалдан авах гэрээний шинэчилсэн төслийг боловсруулан гаргаж хүргүүлэх
2006-09-27
Худалдах, худалдан авах гэрээний шинэчилсэн төслийн талаар санал авах
2006-10-04
Худалдах, худалдан авах гэрээний эцсийн төслийг бэлтгэж хүргүүлэх
2006-10-13
Тендерийн санал ирүүлэх
2006-10-25
Техникийн саналыг үнэлэх
2006-10-26-наас
2006-11-01
Санхүүгийн саналыг нийтийн өмнө нээж үнэлэх/Тендерийн үр дүнг нийтэд мэдээлэх
2006-11-02
Гэрээнд гарын үсэг зурах
2006-11-02