A

A

A

Бүлэг: 1979
                        Засгийн газрын 2006 оны 309 дүгээр
    тогтоолын 1 дүгээр хавсралт
 
 
АШИГТ МАЛТМАЛ АШИГЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ БАЙГАЛЬ ОРЧИНД СӨРӨГ НӨЛӨӨЛӨЛ, ХОХИРОЛ БАГАТАЙ ЯВУУЛАХ ХӨТӨЛБӨР
 
Нэг. Нийтлэг үндэслэл
 
Уул уурхайн үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэх талаар төр, засгаас хэрэгжүүлж байгаа хөтөлбөр, шийдвэрүүд хэрэгжсэний үр дүнд уул уурхайн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн үндэсний нийт бүтээгдэхүүний 20.3 хувь, экспортын бүтээгдэхүүний 73.8 хувийг эзлэх боллоо. Гэвч ухаж эвдсэн газар, газрын хэвлийг нөхөн сэргээх талаар төрийн бодлогын хүрээнд өргөн цар хүрээтэй, дорвитой арга хэмжээ аваагүй байна.
 
1990 оноос хойш алтны шороон ордыг ашигласнаас 500-гаад сая шоо метр газрын хэвлий эвдэж, хаягдал овоолго үүсгэсэн байна. Үүний улмаас манай улсын газар нутгийн унаган төрх алдагдаж, мал аж ахуй, газар тариалангийн үйл ажиллагаанд бэрхшээл гарч, олон арван гол горхи ширгэж, гол мөрний усны түвшин багасч, байгаль орчин, экологид их хэмжээний хохирол учирсан байна. Иймээс ашигт малтмал ашиглах үйл ажиллагааг байгаль орчинд сөрөг нөлөөлөл, хохирол багатай явуулах шаардлага урган гарч байна.
 
Хоёр. Хөтөлбөрийн зорилго, зорилт
 
Хөтөлбөрийн зорилго нь ашигт малтмал хайх, ашиглах үйл ажиллагааг байгаль орчинд сөрөг нөлөөлөл, хохирол багатай, ээлтэй технологиор явуулах, ашигт малтмалын орд газрын нөхөн сэргээлтийн стандартыг шинэчлэн боловсруулж мөрдүүлэх, нөхөн сэргээгдэлгүй орхигдсон газрыг гүйцээн нөхөн сэргээх арга хэмжээ авах, шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх, шаардлагатай хөрөнгийг тусгай зөвшөөрөл эзэмшигчээс гаргуулах замаар учирсан хохирлыг арилгуулах, уул уурхайн нөхөн сэргээлтийн талаар төрөөс баримтлах бодлогын зорилт, тэдгээрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлоход оршино.
 
Хөтөлбөрийн зорилт:
 
Нэг. Ашигт малтмал хайх, олборлох үйл ажиллагаа явуулахдаа байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй аж ахуйн нэгж, байгууллага, уурхайн эдэлбэр газар, талбайн тооллого явуулах, экологид учирсан хохирлыг тогтоон түүнийг нөхөн төлүүлэх;
 
      Хоёр. Нөхөн сэргээх ажлын журам, эдэлбэр газрын экологи-эдийн засгийн үнэлгээний аргачлал, зааврыг шинэчлэн гаргах, ашигт малтмалын нэр төрөл, олборлож боловсруулах технологийн онцлогийг тусгасан газар, газрын хэвлийн нөхөн сэргээлтийн улсын стандартыг мөрдүүлэх;
 
Гурав. Ашигт малтмал хайх, олборлох үйл ажиллагааны байгаль орчны нөхөн сэргээлтийн гүйцэтгэлд орон нутгийн байгаль орчныг хамгаалах болон хяналтын байгууллагын зүгээс тавих хяналтыг сайжруулах;
 
Дөрөв. Хайгуул, ашиглалтын хаягдалгүй, байгаль орчинд халгүй технологийг нэвтрүүлэх, нөхөн сэргээлтийн мэргэжлийн байгууллагыг бий болгох;
 
Тав. Уул уурхайн нөхөн сэргээлтийн хяналтын механизмыг боловсронгуй болгох, мэдээлэл сурталчилгаа, сургалт, семинар зохион байгуулах, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх.
 
 
Гурав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа
 
Хөтөлбөрийг дараахь үе шаттайгаар хэрэгжүүлнэ:
 
1 дүгээр үе шат: 2007-2008 оныг дуустал;
2 дугаар үе шат: 2008-2010 оныг дуустал.
 
 
       Дөрөв.Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл
 
Нэгдүгээр зорилтын хүрээнд:
 
-          ашигт малтмалын ордыг ашиглаж байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллага бүрийн уулын ажлын дэвсгэр зураг хийж, бүртгэх, эвдрэлд өртсөн талбайн хэмжээг тодорхойлох, эдэлбэр газарт нөхөн сэргээлт хийгээгүй талбайн хэмжээ, эзэлхүүнийг тогтоох;
 
-          эвдэрсэн газрын тооллого хийж тусгай зөвшөөрөл эзэмшигч, хариуцагчийг тогтоох;
 
-          хохирлыг тусгай зөвшөөрөл эзэмшигчээр нөхөн төлүүлэх;
 
-          хариуцагч нь тогтоогдоогүй газрын нөхөн сэргээлтийг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх;
 
-          эвдрэлд орсон болон нөхөн сэргээлт хийсэн талбайн улсын хэмжээний бүртгэл, мэдээллийн сүлжээ бүрдүүлэх.
 
Хоёрдугаар зорилтын хүрээнд:
 
-          ашигт малтмалын хайгуул, ашиглалт явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын жил бүрийн байгаль орчныг хамгаалах болон нөхөн сэргээх төлөвлөгөө, орчны хяналт шинжилгээний хөтөлбөр, тайлан боловсруулах аргачлалыг шинэчлэн мөрдүүлэх;
 
-          биологийн нөхөн сэргээлт хийх аргачлалыг газар зүй, экологийн онцлогийг харгалзан шинжлэх ухаан, технологийн үндэслэлтэйгээр шинэчлэн, хаалтын үеийн нөхөн сэргээлтийн төсөл боловсруулах аргачлал бий болгох, ашигт малтмалыг хайх, олборлох явцад үүссэн газрын эвдрэлийг нөхөн сэргээх ажлын зардлын үнэлгээг шинэчлэн мөрдүүлэх;
 
-          ашигт малтмалын нэр төрөл, олборлож боловсруулах технологийн онцлогийг тусгасан газар, газрын хэвлийн нөхөн сэргээлтийн улсын стандартуудыг бий болгох;
 
-          эдэлбэр газрын экологи-эдийн засгийн үнэлгээг хөрсний үржил шим, бүтэцтэй нь уялдуулан тогтоох, экологийн хохирлын төлбөр, нөхөн төлбөр, хураамжийг тооцох, хариуцуулах, төлүүлэх эрх зүйн механизмыг бий болгох;
 
-          ашигт малтмал хайх, олборлох үйл ажиллагааг хориглох, хязгаарлах газар, бүс нутгийг тогтоох, жагсаалтыг гаргах;
 
-          уурхайг хэсэгчлэн буюу бүхэлд нь хаах үеийн нөхөн сэргээлтийн төсөл, томоохон төсөлд хаалтын нөхөн сэргээлтийн сан байгуулах механизмыг бүрдүүлэх.
 
Гуравдугаар зорилтын хүрээнд:
 
-          ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийг шилжүүлсэн тохиолдолд уурхайн эдэлбэр газрын байгалийн нөхөн сэргээлтийг бүрэн хийлгэж байх механизмыг бүрдүүлэх, төв, орон нутгийн хяналт, зохицуулалтыг сайжруулах;
 
-          хайгуулын үйл ажиллагаа дууссаны дараа нөхөн сэргээлтийг заавал хийлгэх шаардлагыг орон нутгийн байгаль орчны албад, мэргэжлийн хяналтын газрууд хэрэгжүүлдэг болох;
 
-          орон нутагт байгаль орчны албад, мэргэжлийн хяналтын газруудын ажлын уялдааг сайжруулах, чадавхийг бэхжүүлэх, жил бүр 2-оос доошгүй удаа нөхөн сэргээлтийн явцтай танилцан дүгнэлт гаргаж байх байнгын комиссын бүрэлдэхүүнийг шинэчлэх.
 
 
Дөрөвдүгээр зорилтын хүрээнд:
 
-          нөхөн сэргээлтийн ажил эрхэлдэг мэргэжлийн алба, аж ахуйн нэгжийг байгуулж нөхөн сэргээлт хийгдээгүй болон дутуу хийгдсэн газрыг нөхөн сэргээх арга хэмжээ авч, зардлыг нөхөн төлүүлэх механизмыг бүрдүүлэх;
 
-          алтны шороон орд болон бусад ашигт малтмалын ашиглалтын байгальд ээлтэй, дэвшилтэт технологийг сонгон мөрдүүлэх, энэ талаар гарч байгаа тэргүүний арга туршлагыг нийтэд дэлгэрүүлэх;
 
-          ашигт малтмалыг экспортод гаргахдаа хөрш орнуудтай байгуулсан авто тээврийн хэлэлцээрийн дагуу тээвэрлэлтийг зохион байгуулах, улс хоорондын тээвэрлэлтийн гэрээ, хэлэлцээрийн дагуу гүйцэтгэх;
 
-          алт, хайлуур жонш, нүүрс зэрэг ашигт малтмалыг гар аргаар олборлосон тохиолдолд нөхөн сэргээлтийг заавал хийж байх эрх зүйн орчин бүрдүүлэх, хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа иргэдэд хүлээлгэх хариуцлагын тогтолцоог бий болгох.
 
 
Тавдугаар зорилтын хүрээнд:
 
-          нөхөн сэргээлт хийгдээгүй орхигдсон талбайд мэргэжлийн байгууллагаар нөхөн сэргээлт хийлгэх үйл ажиллагааг жигдрүүлэх;
 
-          нөхөн сэргээлт хийгээгүй орхисон аж ахуйн нэгж, байгууллага болон эвдэрч өөрчлөгдсөн талбайн талаар мэдээлэх, нөхөн сэргээлтийг стандартын дагуу мэргэжлийн түвшинд гүйцэтгэсэн аж ахуйн нэгж, байгууллагыг шалгаруулах, байгальд ээлтэй, хаягдалгүй технологиор ашигт малтмал ашиглахыг дэмжиж сурталчлах;
 
-          нөхөн сэргээлтийн хөрөнгө барьцаалах, үүсмэл ордыг ашиглах, хайгуулын талбайг нөхөн сэргээхэд зөрчил гаргасан, нөхөн сэргээлтийн ажлыг орхигдуулсан, чанаргүй хийсэн аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоох, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, тендер зарлан уг талбайг бусад аж ахуйн нэгжид шилжүүлэх, шинээр лиценз олгохгүй байх чиглэлээр холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах;
 
-          төрийн захиргааны төв байгууллага, бүх шатны Засаг дарга, мэргэжлийн хяналтын байгууллага хамтран хяналт тавьж ажиллах;
 
-          ашигт малтмалын хайгуул, ашиглалт явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагад зориулан техникийн болон биологийн нөхөн сэргээлтийн талаар сургалт, семинар тогтмол зохион байгуулж байх;
 
-          орон нутгийн удирдлага, хэсгийн төлөөлөгч, байгаль орчны мэргэжилтэн, байцаагч нарыг нөхөн сэргээлтийн дүрэм, журам, стандарт, нөхөн сэргээлтийн арга технологи, нөхөн сэргээлт хийгээгүйгээс гарах үр дагавар, экологийн хохирлын төлбөрийг тооцох, барагдуулах талаар сургалтад хамруулах.
 
 
Тав. Хөтөлбөрийн удирдлага, зохион
      байгуулалт, санхүүжилт
 
 
5.1.          Удирдлага, зохион байгуулалт
 
Хөтөлбөрийн хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулах, зохицуулах, хэрэгжилтийг хангах, арга зүйн зөвлөгөө өгөх, салбар дундын зохицуулалт хийх, яам, агентлаг, аймаг, нийслэл, сум, дүүргийн үйл ажиллагааны уялдааг хангах үндсэн дээр хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, хяналт тавих үүргийг Улсын мэргэжлийн хяналтын газар, аймаг, нийслэл, орон нутгийн түвшинд тухайн аймаг, нийслэлийн мэргэжлийн хяналтын газар хэрэгжүүлнэ.
 
 
               5.2 Хөтөлбөр нь дараахь эх үүсвэрээс санхүүжнэ:
 
   а/улсын төсвөөс хуваарилсан хөрөнгө; 
  
   б/хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн зардал;
 
   в/байгаль хамгаалах сангийн хөрөнгө;
 
   г/гадаад болон дотоодын хандивлагчдын тусламж, дэмжлэг, хандивын хөрөнгө;
 
   д/сум, дүүргийн Засаг даргын дэргэдэх төрийн сан.
 
  Зургаа. Хөтөлбөр хэрэгжсэнээр гарах үр дүн
 
  Хөтөлбөр хэрэгжсэнээр дараахь үр дүнд хүрнэ:
 
  6.1. Хууль тогтоомж, журам, зөвлөмж, аргачлал, стандарт, норм, норматив бүрэн гарч эрх зүйн зохицуулалт бүрдсэн байна.
 
  6.2. Нөхөн сэргээгдээгүй, хариуцах эзэнгүй газар байхгүй болж цаашид уул уурхайн үйлдвэрлэлийн нөхөн сэргээлтийн ажил дор дурдсанаар төлөвшсөн байна:
 
-          уул уурхайн ашиглалтад өртсөн газрын зураглал, бүртгэл бий болж нөхөн сэргээгдээгүй эдэлбэр газарт техникийн, тэдгээрийн 80-аас доошгүй хувьд биологийн нөхөн сэргээлт хийсэн байна;
 
-          нөхөн сэргээлтийн талаархи статистик мэдээллийг эвдэрсэн газрын талбайн хэмжээ, бодит эзэлхүүнээр жил бүр улсын нэгдсэн бүртгэлд хамруулж, нөхөн сэргээлтийн ажлыг иргэдийн хяналтад бүрэн шилжүүлсэн байна;
 
-          ашигт малтмал олборлож байгаа бүх аж ахуйн нэгж, иргэд нөхөн сэргээлт хийх ажлыг шаардлагын дагуу, тогтоосон хугацаанд хийж хэвшсэн байна;
 
-          нөхөн сэргээлт хийгээгүй, хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд ашигт малтмал цаашид олборлох эрхийг бүрмөсөн хориглох механизмыг бүрдүүлсэн байна;
 
-          нөхөн сэргээлгүй орхисон эдэлбэр газрын талбайн хэмжээ, хариуцагчийг тогтоосон байна;
 
-          хууль тогтоомж, дүрэм, журам ноцтой зөрчсөн этгээдэд хариуцлага тооцох механизмыг чангатгасан байна;
 
-          нөхөн сэргээлтийн мэргэжлийн алба, аж ахуйн нэгж бий болгосон байна;
 
-          орон нутгийн удирдлага, хэсгийн төлөөлөгч, байгаль орчны мэргэжилтэн, байцаагч нарыг нөхөн сэргээлтийн дүрэм, журам, стандарт, арга технологи, нөхөн сэргээлт хийгээгүйгээс гарах үр дагавар, экологийн хохирлын төлбөрийг тооцох, барагдуулах талаар бүрэн мэдээлэлтэй болсон байна.
 
 
 
   ----оОо----