A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • “ЗАМЫН-ҮҮД” ЭДИЙН ЗАСГИЙН ЧӨЛӨӨТ БҮСИЙН СТРАТЕГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРАЛДААНТ ШАЛГАРУУЛАЛТ /ТЕНДЕР/-ЫН ЗАР МЭДЭЭ
Бүлэг: 1979
    Засгийн газрын 2006 оны 313 дугаар
                                  тогтоолын 1 дүгээр хавсралт
                                                                                                               
"ЗАМЫН-ҮҮД"  ЭДИЙН ЗАСГИЙН ЧӨЛӨӨТ БҮСИЙН СТРАТЕГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРАЛДААНТ ШАЛГАРУУЛАЛТ /ТЕНДЕР/-ЫН ЗАР МЭДЭЭ
 
            Монгол Улсын Чөлөөт бүсийн тухай болон "Замын-Үүд" эдийн засгийн чөлөөт бүсийн эрх зүйн байдлын тухай хуулийг үндэслэн "Замын-Үүд" эдийн засгийн чөлөөт бүс /цаашид "Замын-Үүд" ЭЗЧБ гэх/-ийн амралт, цэнгээний цогцолбор (казиног оролцуулан)-ыг хөрөнгө оруулалтын гэрээний үндсэн дээр байгуулж, казиногийн үйл ажиллагаа эрхлэх онцгой эрхээр хангагдахын зэрэгцээ чөлөөт бүсийн үндсэн дэд бүтэц (эрчим хүчний шугам сүлжээ, цэвэр усан хангамж, ариутгах, цэвэрлэх байгууламж, авто, төмөр зам, харилцаа холбооны үндсэн сүлжээ, олон улсын нисэх онгоцны буудал)-ийг бүрдүүлэхэд хөрөнгө оруулах стратегийн хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах олон улсын, нээлттэй, уралдаант шалгаруулалт /цаашид "тендер" гэх/-ыг Монгол Улсын Засгийн газар зарлаж байна.
 
Тендерийг Засгийн газрын 2006 оны 313 дугаар тогтоолоор батлагдсан "Уралдаант шалгаруулалт (тендер)-ын журам"-д тусгагдсан нөхцөл, болзлын дагуу Үнэлгээний хороо зохион байгуулж дүгнэнэ. Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч нь "Замын-Үүд" эдийн засгийн чөлөөт бүсийн захирагч байна.
 
"Замын-Үүд" ЭЗЧБ-д байгуулагдах амралт, цэнгээний цогцолборт олгох газрын хэмжээ нь 20 га байна.
 
Тендерт оролцох сонирхлоо илэрхийлэх
 
Засгийн газраас тавьж байгаа дараахь шаардлагыг хангах дотоод, гадаадын хуулийн этгээд, эсхүл тэдгээрийн оролцоотой байгуулсан консорциум тендерт оролцох сонирхлоо илэрхийлж болно:
 
1. Аялал-жуулчлал, үйлчилгээ, зочид буудал, зугаа цэнгээн, шоу бизнесийн менежментийн арга барил эзэмшсэн;
 
2. Сүүлийн 5-аас доошгүй жил казиногийн үйл ажиллагааг эрхэлж байгаа;
 
3. 500.000.000 /таван зуун сая/ ам.доллараас доошгүй өөрийн хөрөнгөтэй;
 
4. Санхүүгийн тогтвортой байдалтай, үйл ажиллагааны баялаг туршлагатай.
 
Консорциумын хэлбэрээр оролцох тохиолдолд энэхүү шаардлагын 3 дахь хэсэгт заасан дүн нь консорциумын гишүүдийн нийт хөрөнгийн хэмжээнд тавигдах шаардлага бөгөөд консорциумын аль нэг гишүүн нь 1, 2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна. Харин консорциумын бүх гишүүн нь 4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.
 
Тендерийн зар мэдээ гарсны дараа тендерт оролцох сонирхлоо илэрхийлж байгаа этгээд /цаашид "өргөдөл гаргагч" гэх/ нь сонирхлоо илэрхийлсэн албан ёсны захидлыг монгол, англи хэл дээр тус тус бэлтгэж, дараахь материалын хамт Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгчид ирүүлнэ. Үүнд:
 
1. Өргөдөл;
 
2. Өргөдөл гаргагчийг төлөөлөх эрх бүхий этгээдийн гарын үсэг зурсан нууцыг хадгалах тухай гэрээ;
 
3. Буцааж төлөгдөхгүй нөхцөлтэй 1.000 /нэг мянга/ ам.долларын тендерийн хураамж төлснийг нотлох баримт;
 
4. Итгэмжлэгдсэн төлөөлөгчийг томилсон тохиолдолд түүнд хуульд заасан журмын дагуу олгосон итгэмжлэл;
 
5. Өргөдөл гаргагчийн тухай танилцуулга. Үүнд дараахь мэдээллийг оруулсан байх шаардлагатай /консорциумын хэлбэрээр оролцож байгаа тохиолдолд энэхүү мэдээллийг консорциумын гишүүн тус бүрээр гаргана/:
 
-Өргөдөл гаргагчийн албан ёсны нэр, хаяг болон үйл ажиллагааны танилцуулга.
 
-Аялал-жуулчлал, үйлчилгээ, зочид буудал (казино), зугаа цэнгээн, шоу бизнесийн менежментийн арга барил эзэмшсэн, тухайн бизнесийн чиглэлээр ажиллаж, туршлага хуримтлуулсныг батлах мэдээлэл.
 
-Тендерт оролцох сонирхлоо илэрхийлж байгаа компанийг үүсгэн байгуулж, бүртгүүлсэн тухай баримт бичгүүд.
 
-Сүүлийн нэг жилийн эцсийн байдлаар гаргаж, аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан, тэнцэл /нээлттэй компанийн хувьд хувьцаа эзэмшигчдэд зориулсан жилийн тайлан/.
 
-Өргөдөл гаргагч нь хувьцаат болон хязгаарлагдмал хариуцлагатай компани бол нийт хувьцааны 5 /тав/-аас дээш хувийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчдийн жагсаалт, тэдгээрийн эзэмшиж байгаа хувьцааны тоо /компанийн эрх бүхий албан тушаалтан болон эрх бүхий байгууллага баталгаажуулсан байх шаардлагатай/.
 
-Тендерт консорциумын хэлбэрээр оролцох тохиолдолд консорциумын гишүүдийн хооронд байгуулсан гэрээ, консорциумын хэлбэрээр оролцох тухай гишүүн бүрийн удирдах байгууллагын шийдвэр.
 
Тендерийн өргөдлийн маягт болон нууцыг хадгалах тухай гэрээний загварыг "Замын-Үүд" эдийн засгийн чөлөөт бүсийн интернет дахь www.zamynuud.mn вэб хуудаснаас авах бөгөөд тендерийн хураамжийг энэхүү зар мэдээнд тусгагдсан дансанд төлнө.
 
Өргөдөл гаргагч тендерт өөрийгөө төлөөлүүлэн оролцуулахаар итгэмжлэгдсэн төлөөлөгч томилбол түүний төлөөлөх эрхийг хуульд заасан журмын дагуу бичгээр үйлдсэн итгэмжлэлээр нотолно. Хэд хэдэн хуулийн этгээд, хувь хүн тендерт хамтран консорциумын хэлбэрээр оролцож байгаа бол тэд зөвхөн нэг итгэмжлэгдсэн төлөөлөгчийг томилж, тендерт нэг оролцогч болж оролцоно.
 
Өргөдөл гаргагч өөрийн эрхэлж байгаа үйл ажиллагаа болон эрх зүйн байдал, хөрөнгө санхүүгийн байдал, тендерт ирүүлсэн бусад мэдээллийн үнэн зөвийг бүрэн хариуцна.
 
Тендерт оролцох сонирхлоо илэрхийлсэн өргөдлийг энэхүү зар гарсан өдрөөс эхлэн 2007 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн (Улаанбаатарын цагаар) 18 цагаас өмнө Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгчид ирүүлнэ.
 
Урьдчилсан шалгаруулалт
 
Тендерт оролцох сонирхлоо илэрхийлсэн өргөдөл гаргагчийн өргөдөл нь Засгийн газраас тавьж байгаа шаардлагыг хангаж буй эсэхийг нягталж, Үнэлгээний хороо хийнэ. Урьдчилан шалгаруулалтыг 2007 оны 3 дугаар сарын  2-ноос 16-ны хооронд багтаан хийнэ.
 
Урьдчилан шалгаруулалтын шатанд өргөдөл гаргагчийн хувьд мөнгө угаахтай тэмцэх, терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг болон авилгалын эсрэг хууль тогтоомжийн дагуу тавигдах шаардлагуудыг хэрхэн хангаж байгааг харгалзан үзнэ.
 
Засгийн газраас тавьж байгаа шаардлагыг хангаж, урьдчилан шалгаруулалтад тэнцсэн "өргөдөл гаргагч" нь цаашид "тендерт оролцогч" болж, тендерийн баримт бичгүүдийг авах эрхтэй болно. Энэ тухай мэдэгдлийг Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч бичгээр үйлдэн буухиа шуудан, баталгаат шуудан, факс буюу электрон шуудангийн аль боломжтойгоор нь өргөдөл гаргагчид хүргүүлнэ. Харин тендерийн баримт бичгүүдийг тендерт оролцогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид биечлэн өгнө.
 
Тендерийн баримт бичгүүд
 
Тендерийн баримт бичиг гэдэгт дараахь иж бүрдлийг ойлгоно:
1. Тендерийн журам;
2. Ерөнхий мэдээлэл;
3. Хөрөнгө оруулалтын гэрээний төсөл, түүнтэй холбогдох бичиг баримт.
 
Тендерийн зорилго
 
"Замын-Үүд" ЭЗЧБ-д амралт, цэнгээний цогцолбор (казиног оролцуулан)-ыг хөрөнгө оруулалтын гэрээний үндсэн дээр байгуулж, казиногийн үйл ажиллагаа эрхлэх онцгой зөвшөөрлөөр хангагдахын зэрэгцээ чөлөөт бүсийн үндсэн дэд бүтэц (эрчим хүчний шугам сүлжээ, цэвэр усан хангамж, ариутгах, цэвэрлэх байгууламж, авто, төмөр зам, харилцаа холбооны үндсэн сүлжээ, олон улсын нисэх онгоцны буудал)-ийг бүрдүүлэхэд хөрөнгө оруулах стратегийн хөрөнгө оруулагч нь Засгийн газраас дэвшүүлсэн дор дурдсан зорилтыг тусгасан бизнесийн стратеги төлөвлөгөө болон үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж, тендерийн саналтай хамт ирүүлэх шаардлагатай.  Үүнд:
 
1. Аялал-жуулчлалыг олон улсын стандарт, шаардлагад нийцүүлэн хөгжүүлэх, аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүнийг бий болгох;
 
2. Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг түргэтгэхэд дорвитой хувь нэмэр оруулах;
 
3. Гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг өргөнөөр оруулах таатай орчинг бүрдүүлэх;
 
4. Бүс нутгийн хөгжлийг дэмжих;
 
5. "Замын-Үүд" ЭЗЧБ-ийн үндсэн дэд бүтэц (эрчим хүчний шугам сүлжээ, цэвэр усан хангамж, ариутгах, цэвэрлэх байгууламж, авто, төмөр зам, харилцаа холбооны үндсэн сүлжээ, олон улсын нисэх онгоцны буудал)-ийг бүрдүүлэхэд зориулж    100-гаас доошгүй сая ам.долларын хөрөнгө оруулах.
 
Тендерийн ажиллагаа
 
Тендерт оролцогч хүсэлт гаргасан тохиолдолд тендерийн саналаа бэлтгэхэд нь туслах зорилгоор "Замын-Үүд" эдийн засгийн чөлөөт бүс болон түүний гаднахь дэд бүтэц бизнесийн орчинтой танилцах, дүн шинжилгээ хийх бололцоогоор хангана.
 
Тендерт оролцогчид нь тендерийн санал ирүүлэхдээ "Хөрөнгө оруулалтын гэрээ" байгуулж, хэрэгжүүлэх амлалт, санхүүгийн эх үүсвэрийн баталгаа болгон энэхүү зар мэдээний ард бичигдсэн дансанд урьдчилан 500.000 /таван зуун мянга/ ам.долларын хэмжээтэй дэнчин төлж, байршуулсан байна.
 
Тендерийн ялагчаар шалгарсан тендерт оролцогчийн тавьсан дэнчинг "Замын-Үүд" ЭЗЧБ-ийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын хэмжээнд оруулан тооцно. Харин тендерийн ялагчаар шалгараагүй оролцогчийн дэнчинг буцаан олгоно.
 
Тендерт оролцогчид тендерийн саналаа тендерийн дэнчин төлснийг нотлох баримтын хамт Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2007 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн (Улаанбаатарын цагаар) 13 цагаас өмнө ирүүлнэ.
 
Тендерийн саналыг хүлээн авах
 
1. Тендерийн саналыг тендерийн хуваарьт заасан хугацаанд Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн авна.
 
2. Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тендерийн саналыг хүлээн авсан тухай актыг 2 хувь үйлдэн, гарын үсэг, албан тэмдгээр баталгаажуулан нэг хувийг тендерт оролцогчид өгөх бөгөөд үлдэх хувийг тендерийн саналд хавсарган хадгална.
 
3. Тендерийн хуваарьт заасан хугацаанаас хойш тендерт оролцогчид тендерийн саналдаа өөрчлөлт оруулахыг хориглох бөгөөд нэмж ирүүлсэн аливаа саналыг хүлээн авахгүй.
 
Тендерийн саналын үнэлгээ
 
            Үнэлгээний хороо нь тендерийн саналыг шалгаруулахдаа дор дурдсан үзүүлэлтүүдийг үндэслэн онооны системээр үнэлнэ:
 
            1)  Хөрөнгө оруулалтын санал (0-45 оноо), үүнээс:
 
            А. Амралт, цэнгээний цогцолборт оруулах хөрөнгө оруулалт (0-25 оноо);
 
            Б. Чөлөөт бүсийн дэд бүтцэд оруулах хөрөнгө оруулалт (0-20 оноо).
 
2) Аялал-жуулчлал, зугаа цэнгээн, шоу бизнес, зочид буудлын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа туршлага, санхүүгийн чадавхи, нэр хүнд, бизнесийн ур чадвар (0-20);
 
3) Санал болгож байгаа бизнесийн стратеги төлөвлөгөө болон үйл ажиллагааны төлөвлөгөөний чанар, түүнд Засгийн газраас дэвшүүлсэн зорилтыг хүлээн авч тусгасан байдал (0-20);
 
4) Амралт, цэнгээний цогцолборын архитектурын дизайн, инженерийн шийдэл (0-15).
 
Нийлбэр дүнгээр хамгийн өндөр гэхдээ 80-аас доошгүй оноо авсан тендерийн санал ирүүлсэн оролцогчийг тендерийн ялагчаар шалгаруулна.
 
Тендерийн саналыг Үнэлгээний хорооны гишүүд болон тендерт оролцогчдын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийг байлцуулан тендерийн хуваарьт заасан өдөр нийтийн өмнө задална.
 
 "Замын-Үүд" ЭЗЧБ-ийн захирагч тендерт ялагчаар шалгарсан оролцогчтой "Хөрөнгө оруулалтын гэрээ" байгуулна.
 
 
Хаяг, утас
 
Тендерт оролцох сонирхлоо илэрхийлсэн өргөдөл, тендерийн саналыг дараахь хаягаар ирүүлнэ:
 
Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч,
"Замын-Үүд" ЭЗЧБ-ийн захирагч Я. Гантөмөр танаа
Засгийн газрын 11 байр, 1101 тоот өрөө
Улаанбаатар-211238, Монгол Улс
Утас: +976-11-330294
Факс: +976-11-318168
 
Тендертэй холбогдолтой болон "Замын-Үүд" ЭЗЧБ-ийн мэдээллийг www.zamynuud.mn вэбсайтаас авна уу.
 
Дансны дугаар
 
Тендерийн хураамж болон дэнчинг Монгол Улсын "Монгол банк" дахь "Замын-Үүд" ЭЗЧБ-ийн дараахь дансанд төлнө:
 
Банкны нэр:             Монгол Улсын "Монгол банк"
            SWIFT код:               BOMUMNUB
Дансны нэр:                         "Замын-Үүд" эдийн засгийн чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба
            Дансны дугаар:       4101400005
 
            Харилцагч банк:      Federal Reserve Bank of New York,  
NY, USA
            SWIFT код:               FRNYUS33
            Дансны нэр:             Монгол банк
            Дансны дугаар:       021088506
 
 
 
 
---- оОо ----
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
"ЗАМЫН-ҮҮД" ЭЗЧБ-ИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
 
 
"Замын-Үүд" ЭЗЧБ-ийн байршил
 
            Чөлөөт бүс нь Улаанбаатараас 780 км, Дорноговь аймгийн төв Сайншандаас 230 км, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотоос 8 км-т орших Монгол Улсын өмнөд хилийн байнгын ажиллагаатай боомт Замын-Үүд тосгоны нутаг дэвсгэрт байрлана.
 
"Замын-Үүд" ЭЗЧБ-ийн нутаг дэвсгэрийн хэмжээ: 900 га
 
Амралт, цэнгээний цогцолборт олгох газрын хэмжээ: 20 га
           
"Замын-Үүд" ЭЗЧБ-ийн гаднахь дэд бүтэц
 
            Замын-Үүд сум нь Монгол Улсын өмнөд хил дээр оршдог     47.8 мянган га нутагтай, 8000 гаруй хүн амтай. Монгол Улсын эдийн засгийг БНХАУ, улмаар дэлхийн бусад орнуудтай холбосон тээвэр-газар зүйн тохиромжтой байрлалтай, манай орны гадаад худалдаа, зорчигч тээврийн зонхилох хэсгийг нэвтрүүлдэг хилийн гол боомт зэрэг нь чөлөөт бүс байгуулах нөхцөлийг бүрдүүлжээ.
 
            Цахилгаан эрчим хүч. Төвийн эрчим хүчний нэгдсэн системд холбогдсон 110 квт-ын цахилгаан дамжуулах дэд станцтай.
 
            Дулааны хангамж. Дулааны хэрэгцээг 10 орчим уурын зуухаар хангаж байна.
 
            Усан хангамж. Сумын төвийн ахуйн болон ундны усны хэрэгцээг 110-150 м гүний 9 худгаас хангадаг бөгөөд өдрийн хэрэглээ     1350 м3. Замын-Үүд сумын төвөөс 11 км-т 200 орчим метрийн гүнээс 15л/секунд ундаргатай, хоногт 1300 м3 ус гаргах нөөцтэй цэг илрүүлээд байна.
 
            Төмөр зам. Замын-Үүдээр ОХУ, Монгол Улс, БНХАУ-ыг холбосон төмөр зам дайран өнгөрдөг. Замын-Үүд өртөө нь 24 цагт Хятадын төмөр замтай нарийн царигаар ачааны 2 хос галт тэрэг, өргөн царигаар ачааны 5 хос галт тэрэг солилцох хүчин чадалтай.  Бараа шилжүүлэн ачих байгууламжийн ачаа сэлгэн ачих нийт хүчин чадал нь өргөн (Монгол), нарийн (Хятад) төмөр замын хооронд жилд 12000 контейнер, 2520 вагон. Шингэн ачаа шилжүүлэн ачих байгууламж нь 3000 м3 бензин, 3000 м3 дизелийн түлш хадгалах багтаамж бүхий савтай бөгөөд 2-3 цагт 180 тн ачаа шилжүүлэн ачих хүчин чадалтай.
 
            Авто зам. Ази, Европыг холбосон олон улсын авто замын сүлжээ Замын-Үүдээр дайран өнгөрдөг. Одоогийн байдлаар ОХУ-тай хил залгаа Алтанбулаг боомт–Улаанбаатар–Замын-Үүд чиглэлийн  AH-3 (Asian highway) зэрэглэлийн нийт 1000 км авто замын 600 км нь ашиглалтад орсон бөгөөд 2008 онд Чойроос Замын-Үүд хүртэлх үлдсэн 400 км замыг барьж дуусгах юм.
            Харилцаа холбоо. Өндөр хурдны шилэн кабель, ВиСат сансрын холбооны станцтай. Кабелийн телевиз, FМ богино долгионы радио нэвтрүүлэг, суурин болон үүрэн телефон утас, интернет, электрон шуудангийн үйлчилгээтэй. Радио өргөн нэвтрүүлгийг баганат шугамаар, телевизийн нэвтрүүлгийг үзүүлдэг ИНТЕЛСАТ хиймэл дагуулаас авч шууд дамжуулдаг. Өнөөдрийн байдлаар орон нутгийн кабелийн телевиз 19 сувгаар нэвтрүүлэг үзүүлдэг. 106.0 FM богино долгионы радио станц нэвтрүүлэг цацдаг.
 
            Хил, гааль. Өдөрт 2000 зорчигч, 300 автомашин нэвтрүүлэх хүчин чадалтай хил, гааль, хяналтын үйлчилгээний иж бүрэн цогцолбор ажилладаг.
 
            Замын-Үүд боомт. Энэхүү боомтоор Монгол Улсын гадаад худалдааны нийт эргэлтийн 70 орчим хувь нь дамжиж байна.     2005 оны байдлаар Замын-Үүд боомтын ачаа эргэлт  дунджаар 1 сая орчим тонн байсан бөгөөд энэ боомтоор 1,2 сая зорчигч дамжин өнгөрснөөс 0,2 сая нь гадаадын иргэд байжээ.
 
Үйл ажиллагааны үндсэн чиглэл
 
""Замын-Үүд" эдийн засгийн чөлөөт бүсийн эрх зүйн байдлын тухай хууль"-д "Замын-Үүд" ЭЗЧБ нь үйлдвэрлэл, худалдаа, аялал жуулчлал-үйлчил­гээний гэсэн үндсэн 3 хэлбэрийн үйл ажиллагаа явуулахаар тусгагдсан. Үүнд:
 
            Үйлдвэрлэлийн чиглэл
 
Үйлдвэрлэлийн хэсэгт аудио, видео тоног төхөөрөмж, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, цахим төхөөрөмж угсрах үйлдвэр, оёмол, сүлжмэл эдлэл, модон эдлэл, бэлэг дурсгалын гэх мэт  үйлдвэрүүд багтана. Эдгээр үйлдвэрлэл нь усны хэрэглээ багатай, хөрсний эвдрэлд нөлөөлөхгүй, байгаль орчинд халгүй, оюуны багтаамж өндөртэй, дэвшилтэт өндөр технологийн болон экспортын чиг баримжаатай байх юм.
 
            Худалдааны чиглэл
 
Биржийн арилжаа, үзэсгэлэн худалдаа зонхилон эрхлэх худалдааны цогцолбор, бараа бүтээгдэхүүний төвлөрсөн агуулахууд, контейнер терминал (шилжүүлэн ачих төв) барих бөгөөд барааг ангилж савлах, сав баглаа боодлыг сайжруулах нэмэгдэл үйлчилгээ үзүүлнэ. Түүнчлэн банк, санхүүгийн байгууллага, холбоо, мэдээллийн төвийг байгуулах юм.
 
             Аялал жуулчлал-үйлчилгээний чиглэл
 
Аялал жуулчлалын бааз, зочид буудал, орон сууцны хороолол, ресторан, кафе, түргэн хоолны газар, мини гольфийн талбай, морин уралдааны талбай, тэмээн поло, шоу бизнесийг хөгжүүлэх, казиногийн үйл ажиллагаа эрхлэх зэрэг төслийг хэрэгжүүлнэ.
 
----- оОо -----