A

A

A

Бүлэг: 1979
                                                              Засгийн газрын 2006 оны 315 дугаар
                                                              тогтоолын 1 дүгээр хавсралт
 
ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЭСРЭГ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХӨТӨЛБӨР
 
    Нэг. Монгол Улсын Замын хөдөлгөөний өнөөгийн
                              нөхцөл байдал
 
            Монгол Улсын Засгийн газрын 2000 оны 37 дугаар тогтоолоор "Хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх" хөтөлбөр батлагдан хэрэгжиж ирсэн.
 
            Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, осол, хохирлын байдалд тээврийн хэрэгслийн өсөлт, замын хөдөлгөөний нягтрал,  замын байгууламж болон түүний орчны байдал зохих хэмжээгээр нөлөөлж байна.
 
Хоёр. Хөтөлбөр боловсруулах болсон
      үндэслэл, шаардлага
 
            2.1. Тээврийн хэрэгслийн тоо жил бүр тогтмол өсч, замын хөдөлгөөний нягтрал, ачаалал нэмэгдэхийн зэрэгцээ хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, ослоос хүний амь нас, эрүүл мэнд, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн өмч хөрөнгөд хохирол учруулах  явдал багасахгүй  байна.
 
            2.2. Замын хөдөлгөөнд оролцогчдоос Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрмийг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж хэвшүүлэх хөдөлгөөний соёл ихээхэн дутагдаж байна.
 
            2.3. Төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн зүгээс эзэмшилд байгаа тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал, аюулгүй ажиллагаанд тавих хяналт суларч, жолооч зорчигчдын замын хөдөлгөөнд соёлтой оролцохтой холбогдсон сургалт сурталчилгаа дутагдсан.
 
            2.4. Хүүхдийг замын хөдөлгөөний ослоос урьдчилан сэргийлэх ажлыг зөвхөн сургууль, багш, цагдаагийн байгууллагын үүрэг гэж ойлгодгоос эцэг, эх болон олон нийтийн байгууллагын оролцоо дутагдаж байна.
 
            2.5. Явган болон унадаг дугуй, ердийн хөсгөөр замын хөдөлгөөнд оролцогчид гэмт хэрэг, осолд өртөх явдал нэмэгдэж, тэдгээрт ногдуулах захиргааны арга хэмжээ хуульд төдийлэн оновчтой тусгагдаагүй байна.
 
            2.6. Улс, орон нутгийн чанартай замуудад үүссэн эвдрэл гэмтэл нь замын хөдөлгөөний аюулгүй байдал болон тээврийн хэрэгслийн техникийн байдалд нөлөөлдгөөс гадна замд үүссэн хальтиргаа гулгааг цаг тухайд нь цэвэрлээгүйгээс явган зорчигч гэмтэх, тээврийн хэрэгслийн осол цөөнгүй гарч байна.
 
  Гурав. Хөтөлбөрийн зорилго, зорилт, хугацаа
           
3.1. Хөтөлбөрийн зорилго
 
            Хүний эрхийн түгээмэл тунхаглалд "Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх", Монгол Улсын Үндсэн хуульд "Иргэн амьд явах эрхтэй, эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй" гэж заасныг хэрэгжүүлж, замын хөдөлгөөний  саатал, замын хөдөлгөөнд оролцогчдын дүрмийн бус үйл ажиллагааг багасгах, хөдөлгөөний  соёл, сахилга хариуцлагыг дээшлүүлэхэд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн үүрэг оролцоог тодорхойлж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх, хүний амь нас, эрүүл мэнд, өмч хөрөнгийг хамгаалах ажлыг эрчимжүүлэхэд оршино.
 
 
3.2. Хөтөлбөрийн зорилт
 
            3.2.1. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажлын удирдлага зохион байгуулалт, хяналтын  хэлбэрийг боловсронгуй болгох;
                                                                                               
            3.2.2. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор замын хөдөлгөөний таатай нөхцөлийг бүрдүүлэх;
                                                                                               
            3.2.3. Хөдөлгөөнд оролцогчдын сахилга, соёлыг дээшлүүлэх, хариуцлагыг өндөржүүлэх;
 
            3.2.4. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, ослын шалтгаан нөхцөлийн судалгааг  боловсронгуй болгож, тодорхой арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх;
 
            3.2.5. Тээврийн хэрэгслийн техникийн шаардлага, ашиглалт, аюулгүй ажиллагаанд тавих хяналтыг сайжруулах;
                                                                                   
            3.2.6. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажилд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоо, хариуцлагыг нэмэгдүүлж хамтын ажиллагааг өргөжүүлэх;
 
            3.2.7. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр Улсын Их Хурал, Засгийн газраас дэвшүүлсэн зорилт, гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг шуурхай зохион байгуулах, хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох.
                                   
3.3. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа
 
            Хөтөлбөрийг 2007-2010 онд 2 үе шаттайгаар хэрэгжүүлнэ.
 
Дөрөв. Хөтөлбөрийн зорилтод хүрэх зарчим, үйл ажиллагааны чиглэл
 
4.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх зарчим:
 
            4.1.1. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хяналт тавих арга хэмжээ нь төрөөс баримтлах бодлоготой уялдсан байна;
 
            4.1.2. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, осол, хэргээс урьдчилан сэргийлэх, хяналт тавих арга хэмжээг иргэд, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагын хамтын үйл ажиллагаанд тулгуурлан зохион байгуулна;
 
            4.1.3. Хөтөлбөрийн зорилтыг хангах аливаа үйл ажиллагаа нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, ослын шалтгаан, нөхцөл, нийгэм, эдийн засагт учруулж байгаа хор хөнөөлийн талаархи судалгаа, нотолгоонд үндэслэгдсэн энгийн, үр ашигтай байна;
 
            4.1.4. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх ажлын чиглэл нь олон улсын байгууллагаас баримталж байгаа бодлого, чиглэлтэй нийцэж тэдгээртэй хамтран ажиллана;
 
            4.1.5. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад хөдөлгөөнд оролцогчид хариуцлага, соёлтой оролцох ухамсрыг төлөвшүүлэхэд чиглэгдэнэ.
 
4.2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл
ажиллагааны чиглэл
 
            4.2.1. Хөтөлбөрийн үйл ажиллагааны нэгдүгээр зорилтын хүрээнд дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
 
4.2.1.1. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон мэдээллийн нэгдсэн сан байгуулж, сүлжээний шуурхай байдлыг хангах;
 
            4.2.1.2. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, ослын шалтгаан, нөхцөлийг судлан дүн шинжилгээ хийж мэдээлэл, арга зүйн зөвлөмж,  чиглэл боловсруулах;
 
            4.2.1.3. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын улсын хяналтын албаны бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, бэхжүүлэх;
 
            4.2.1.4. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хяналтын улсын албаны алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, сонгон шалгаруулах ажлыг сайжруулах;
 
            4.2.1.5. Дүрс бичлэгийн хяналтын системийг нэвтрүүлж, хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний саатал, зам засварын ажлын талаархи мэдээллийг хөдөлгөөнд оролцогчдод шуурхай хүргэх;
 
            4.2.1.6. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомж зөрчсөн явган болон унадаг дугуй, ердийн хөсгөөр зорчигчдод ногдуулах захиргааны шийтгэлийн нөлөөллийг дээшлүүлэх.
 
            4.2.2. Хөтөлбөрийн үйл ажиллагааны хоёрдугаар зорилтын хүрээнд дараахь арга хэмжээг авч  хэрэгжүүлнэ:
 
     4.2.2.1. Монгол Улсын авто замын сүлжээг хөгжүүлэх мастер төлөвлөгөөний хэрэгжилтийг хангуулах, нийслэлийн авто замын сүлжээг 2020 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөөнд тусгагдсан шинээр болон хоёр өөр түвшинд баригдах замын нөөц газруудыг тогтоох, эдгээр замыг дэс дараатай барьж эхлүүлэх;
 
     4.2.2.2. Замын хөдөлгөөний ачааллыг судалж хөдөлгөөний зохион байгуулалтын оновчтой арга хэлбэрүүдийг ашиглан  хөдөлгөөний саатлыг бууруулах;
 
     4.2.2.3. Тээврийн хэрэгслийн зогсоолын асуудлыг хотын ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан иж бүрэн шийдэх, ил болон далд зогсоолгүй барилгад газар олгохгүй байх чиглэлээр эрх зүйн орчныг бүрдүүлэн хэрэгжүүлэх;          
           
     4.2.2.4. Замын гэрэлтүүлгийн өнөөгийн түвшинг тоо, чанарын хувьд дээшлүүлж, шинэ гудамж, зам, хорооллуудыг заавал гэрэлтүүлэгтэй хүлээн авдаг журамд шилжих;
 
            4.2.2.5. Явган зорчигч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний нэг түвшний огтлолцлыг бууруулах чиг хандлагыг баримтлах;
 
     4.2.2.6. Улс, орон нутгийн замд хөдөлгөөн зохицуулах замын тэмдэг, тэмдэглэл, гэрлэн дохио шинээр тавих, засвар үйлчилгээ хийх системийг оновчтой болгох;
 
     4.2.2.7. Замын сангийн хөрөнгийн зарцуулалтыг ил тод, үр ашигтай болгож олон нийтэд мэдээлэх;   
 
    4.2.2.8. Хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх зам, замын байгууламжийн эвдрэлийг шуурхай засч байх талаар норм, стандарт гарган мөрдүүлж, тавих хяналтыг чангатгах;
 
    4.2.2.9. Гүйцэтгэгч байгууллагуудад тавих шаардлагыг өндөржүүлэх, зам засварын ажлын арга хэлбэр, хүртээмж, чанарыг сайжруулах.
 
4.2.3. Хөтөлбөрийн үйл ажиллагааны гуравдугаар зорилтын хүрээнд дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
 
            4.2.3.1. Иргэдэд замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, дүрэм, журмын мэдлэг, дадал, зуршил олгох ажлыг зохион байгуулах;
           
4.2.3.2. Хүүхдийг замын хөдөлгөөний ослоос урьдчилан сэргийлэх, тэдэнд замын хөдөлгөөнд оролцох дадал зуршил эзэмшүүлэхэд эцэг, эх, багш сурган хүмүүжүүлэгчдийн үүрэг хариуцлагыг өндөржүүлэх;
 
             4.2.3.3. Тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх, давтан сургах ажлын чанарыг сайжруулах;
 
            4.2.3.4. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын  тухай хууль, замын хөдөлгөөний дүрэм, тэдгээрт нийцүүлэн гаргасан журам, заавар, стандарт, зам тээврийн осол гарч байгаа шалтгаан нөхцөл, тэдгээрээс үүссэн хохирлын талаар хэвлэл, мэдээллийн хэрэгслээр тогтмол мэдээлж, хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх талаархи ажлын агуулга, хэлбэр, чанар, үр нөлөөг дээшлүүлэх;
 
            4.2.3.5. Тээврийн хэрэгсэл эзэмшигч авто аж ахуй бүхий байгууллагуудад хүлээлгэх хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох.
 
4.2.4. Хөтөлбөрийн үйл ажиллагааны дөрөвдүгээр зорилтын хүрээнд дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
           
            4.2.4.1. Зам тээврийн осол, хэргийн тохиолдол бүрийг бүртгэх, байршил, цаг хугацааг нарийвчлан гаргаж судалгаанд хамруулах, замын нөхцөлөөс шалтгаалан гарсан зам тээврийн осол, хэргийн судалгааг гаргаж, хариуцлага тооцдог болгох;
 
            4.2.4.2. Гадаадын хөгжингүй улс орнуудын зам тээврийн осол, хэргийн судалгааны чиг хандлагын дагуу бүртгэл судалгааны арга механизмыг боловсронгуй болгож хэрэгжүүлэх;
 
            4.2.4.3. Судалгааны үндсэн дээр зам тээврийн осолд явган зорчигч ихэвчлэн өртдөг газруудыг гарган урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах  арга хэмжээг авч хэрэгжүүлэх.
 
            4.2.5. Хөтөлбөрийн үйл ажиллагааны тавдугаар зорилтын хүрээнд дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
 
            4.2.5.1. Тээврийн хэрэгслийн ашиглалт, техникийн байдалд судалгаа явуулж, үнэлэлт, дүгнэлт хийж, гааль, татварын бодлогоор зохицуулалт хийх;
 
             4.2.5.2. Тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих хяналтын бодлогыг боловсронгуй болгох;
 
            4.2.5.3. Нийтийн үйлчилгээний тээврийн хэрэгсэлд тавих шаардлага, стандартыг шинэчлэн боловсруулж мөрдүүлэх;
 
            4.2.5.4. Тээврийн хэрэгслийн техникийн хяналтыг оношилгооны лабораторийн тусламжтайгаар чанарын өндөр түвшинд зохион байгуулах;
 
            4.2.5.5. Тээврийн хэрэгслийн өнгө үзэмж, бүрэн бүтэн байдлыг хангуулах.
 
            4.2.6. Хөтөлбөрийн үйл ажиллагааны зургадугаар зорилтыг хэрэгжүүлэхэд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага дараахь үүргийг гүйцэтгэнэ:
 
4.2.6.1. Монгол Улсын Засгийн газар
 
    1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд, шаардлагатай зардлыг улс болон орон нутгийн төсөвт тусгах
 
    2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоо, идэвх санаачилгыг дэмжих.
 
4.2.6.2. Төрийн захиргааны төв байгууллага
 
Хууль зүй, дотоод хэргийн яам
 
    1. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон бусад хууль тогтоомжийг боловсронгуй болгох
 
    2. Хууль, дүрэм, шийдвэрийн биелэлтийг улсын хэмжээнд хангах талаар төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагааг чиглүүлж удирдлага зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэх
 
    3. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, эрх зүйн зөрчилд оногдуулах ял шийтгэл, захиргааны арга хэмжээг судлан хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааны шуурхай байдлыг хангах
 
 
 
    4. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын улсын хяналтын албаны ажил, үйлчилгээ явуулах нөхцөлийг сайжруулах
 
    5. Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх, хууль тогтоомжийг сурталчлах ажлыг зохион байгуулж, хэрэг, ослын байдалд үнэлгээ дүгнэлт хийх.
 
Зам, тээвэр, аялал жуулчлалын яам
 
            1. Замын хөдөлгөөний ачаалал, нягтрал ихсэж байгаа шалтгаан нөхцөлийн талаархи мэдээллийг судалж зам шинээр тавих, засварлах ажлыг чанартай, иж бүрэн зохион байгуулах
 
    2. Замыг шинээр тавих, засварлах ажлыг хүн амын төвлөрөл, хөдөлгөөний нягтралтай уялдуулан хөрөнгө оруулалтыг жил бүр нэмэгдүүлэх арга хэмжээ авах
 
    3. Явган хүний гарц, нүхэн болон гүүрэн гарам байгуулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зорчих аятай нөхцөлийг бүрдүүлэх, тэдэнд зориулсан зам талбай, тээврийн хэрэгсэлтэй болох
 
    4. Нийтийн үйлчилгээний тээврийн хэрэгслийн техникийн стандарт, журам, үйлчилгээний чанар, үр нөлөөг сайжруулах, иргэдийн аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх
 
    5. Тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих шаардлагыг хангахад чиглэгдсэн дэд хөтөлбөрийг мэргэжлийн албадтай хамтран боловсруулж хяналт тавьж ажиллах
 
    6. Замын тэмдэг, тэмдэглэл, гэрлэн дохионы өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийж стандартын шаардлагад нийцүүлэн ажил, үйлчилгээг зохион байгуулах
 
    7. Замын сангийн хөрөнгийн төвлөрөлт, зарцуулалтыг иргэдэд ил тод болгож хяналтыг чангатгах
 
    8. Тээврийн хэрэгслийн оношилгоо, техникийн үйлчилгээ, засварын ажил эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулах, техникийн түргэн тусламжийн үйлчилгээг нэвтрүүлэх.
    
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам
 
     1. Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах хууль, дүрэм, шийдвэрийг иргэдэд судлуулах чиглэлээр дэд хөтөлбөрийг мэргэжлийн албадтай хамтран боловсруулж сургалтыг зохион байгуулж,  хэрэгжилтэд хяналт тавих
 
     2. Хөдөлгөөний аюулгүй байдлын талаархи хууль, дүрэм, шийдвэрийг сурталчлах анги, танхимыг ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдэд байгуулах, сургалтын хөтөлбөрт оруулах, багш, сурган хүмүүжүүлэгч нарыг энэ чиглэлээр бэлтгэх, сургалт арга зүйн зөвлөмж, гарын авлага материалаар хангах
 
    3. Замын хөдөлгөөнд оролцох дадал зуршлыг эзэмшүүлэх зорилгоор хүүхэд, өсвөр үеийнхний дунд зохиох ажилд дэмжлэг туслалцаа үзүүлэх
 
    4. Жолооч бэлтгэх сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгох, хөдөлгөөний соёл, эмнэлгийн анхан шатны тусламжийн хичээлийн агуулга, багтаамжийг оновчтой болгох
 
    5. Хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгт хүүхэд, өсвөр насныхан холбогдож байгаа байдалд судалгаа явуулж, урьдчилан сэргийлэх ажилд багш, сурган хүмүүжүүлэгч, эцэг эхийн хяналт, оролцоог дээшлүүлэх.
 
    Эрүүл мэндийн яам
 
    1. Хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, ослоос гэмтсэн, нас барсан хүмүүсийн талаархи судалгаа гаргаж, урьдчилан сэргийлэх ажлыг холбогдох байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх
 
    2. Тээврийн хэрэгслийн жолооч замын хөдөлгөөнд оролцохдоо хэрэглэхийг хориглох эм, эмийн бэлдмэлийн жагсаалтыг гаргаж иргэдэд сурталчлах
 
    3. Жолоочийн эрүүл ахуйн нөхцөлийг судалж, хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлөх сөрөг хүчин зүйлсийн талаар арга зүйн зөвлөгөө, зөвлөмж гаргаж сурталчлах
 
    4. Тээврийн хэрэгслийн жолоочийг эрүүл мэндийн үзлэгт хамруулах журам, зааврыг боловсронгуй болгох, эмнэлгийн түргэн тусламжийн үйлчилгээг оновчтой шуурхай зохион байгуулах
 
    5. Зам тээврийн осолд өртөгсдөд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх мэдлэг, чадварыг нийт иргэдэд олгох, сурталчлах ажлыг эрчимжүүлэх, холбогдох сургалтын хөтөлбөрүүдэд тусгаж хэрэгжүүлэх.
 
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам
 
    1. Жолоочийн хөдөлмөрийн нөхцөлийг орон нутаг, цаг уурын нөхцөлийн онцлогтой холбон судлах, нийтийн үйлчилгээний тээврийн хэрэгслийн жолоочийн хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн нөхцөлийн онцлогийг судалж мэдээлэл, сургалт явуулах
 
    2. Зам тээврийн ослын улмаас учирч байгаа хохирлын хэмжээг жил бүр тооцон гаргаж холбогдох байгууллагуудад мэдээлэх.
Сангийн яам
 
            1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээг эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгах, үйл ажиллагааны зардлыг жил бүрийн улсын болон орон нутгийн төсвөөс  санхүүжүүлж байх
 
    2. Хөтөлбөрийн хүрээнд гадаад дотоодын байгууллага, хандивлагчидтай хамтран дэд хөтөлбөр, төсөл хэрэгжүүлэх боломжийг нэмэгдүүлэх талаар дэмжлэг үзүүлэх.
 
          Гадаад хэргийн яам
 
    1. Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээрх гадаад орны туршлага, амжилтын тухай мэдээллийг мэргэжлийн байгууллагад өгөх
 
    2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд олон улсын байгууллага, хандивлагч орон болон бусад байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх.
 
Барилга, хот байгуулалтын  яам
 
            1. Барилгын зураг төслийг зохиохдоо тээврийн хэрэгслийн зогсоол, замын хөдөлгөөний стандартыг шинэчлэн боловсруулж, хэрэгжилтэнд хяналт тавих
 
            2. Хот төлөвлөлтийн асуудалд замын хөдөлгөөнийг тусгахдаа тодорхой судалгааны үндсэн дээр зураглалыг төлөвлөж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ая тухтай байдлыг хангасан норм, хэм хэмжээг тусгах.
 
4.2.6.3. Цагдаагийн ерөнхий газар
 
            1. Хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, ослын шалтгаан нөхцөлийг судлах аргачлалыг боловсронгуй болгож гарч байгаа хохирлыг багасгах, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах
 
    2. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын улсын хяналтын албаны албан хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх бодлогыг хэрэгжүүлэх
 
    3. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хяналтын улсын албаны техник хэрэгсэл, ажлын байрны нөхцөлийг судалж шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх
 
    4. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, ослын шалтгаан нөхцөл, хөдөлгөөний сааталд дүн шинжилгээ хийж зохих арга хэмжээг холбогдох байгууллагатай хамтран зохион байгуулах
 
5. Жолооч болон тээврийн хэрэгслийн бүртгэлийн сүлжээг бусад мэдээллийн сүлжээтэй холбох замаар мэдээллийн нэгдсэн сүлжээг бий болгох
 
    6. Хүүхдийг замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг шинэ түвшинд гаргаж хэрэгжүүлэх
 
7. Хөдөлгөөнд оролцогчдоос замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон хууль, дүрэм, журам, стандартыг зөрчсөн зөрчлийн тухай мэдээллийг аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс хүлээн авах системийг боловсронгуй болгох, байгууллага, иргэдийн идэвхи санаачилгыг дэмжих, урамшуулах.
 
4.2.6.4. Мэргэжлийн байгууллагууд
 
Улсын мэргэжлийн хяналтын газар
 
            1. Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, замын хөдөлгөөний дүрэм, тэдгээрт нийцүүлж гаргасан дүрэм, журам, стандартын хэрэгжилтийг хангахад чиглэгдсэн үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулах
 
    2. Замыг шинээр тавих, засварлах ажлын үр дүнд чанарын үнэлгээ өгч ажиллах
 
    3. Жолооч бэлтгэх сургууль, дамжаанд сургалтын хөтөлбөрийг хэрхэн хангаж байгаад хяналт тавьж, үнэлгээ дүгнэлт өгч ажиллах
 
    4. Тээврийн хэрэгслийн оношилгоо, техник үйлчилгээний газрын үйлчилгээнд хяналт тавьж ажиллах.
 
 Стандартчилал, хэмжил зүйн төв
 
            1. Мэргэжлийн байгууллагуудтай хамтран замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой стандартуудыг шинэчлэх болон шинээр боловсруулж мөрдүүлэх
 
            2. Мэргэжлийн байгууллагуудтай хамтран тээврийн хэрэгслийн засвар, техникийн үйлчилгээг явуулах газрын үйлчилгээний стандартыг шинэчлэн боловсруулж мөрдүүлэх, хяналт тавьж ажиллах.
 
Даатгалын байгууллагууд
 
            1. Хариуцлагын даатгалыг оновчтой, хүртээмжтэй зохион байгуулах эрх зүйн орчныг бүрдүүлж, даатгуулагчийн эрх ашгийг хамгаалах нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах, ослын газар дээр даатгалын байгууллага /байцаагч/ очиж хохирлыг хурдан шуурхай барагдуулдаг эрх зүйн орчинг бүрдүүлэх
 
    2. Даатгалын байгууллагад хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр мэргэжлийн боловсон хүчинтэй болох, иргэдэд хөнгөн шуурхай үйлчлэх ажлыг зохион байгуулах.
 
4.2.6.5. Хэвлэл мэдээллийн байгууллага
 
            1. Хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн хор хөнөөл, түүнээс урьдчилан сэргийлэхэд чиглэгдсэн мэдээ, мэдээлэл, сургалт, сурталчилгааг нийтлэл нэвтрүүлгийн бодлого, төлөвлөгөө, хөтөлбөрт тусгаж, тэдгээрийн цагийг нэмэгдүүлэх, түүнчлэн захиалагчдад хөнгөлөлт, дэмжлэг үзүүлэх, үнэ төлбөргүй нэвтрүүлэг явуулах боломжийг судалж шийдвэрлэх.
 
4.2.6.6.                       Бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн
                    Хурал, Засаг дарга
 
            1. Хөтөлбөрийн зарчим, үйл ажиллагааны чиглэлд нийцүүлж орон нутгийн хөдөлгөөний аюулгүй байдлын онцлог, тулгамдсан асуудалтай уялдсан дэд хөтөлбөр,төлөвлөгөө боловсруулан баталж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, хэрэгжилтэд хяналт тавих
 
     2. Хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх ажилд аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн оролцоог дээшлүүлж, санал санаачилгыг дэмжих бодлого баримтлах
 
     3. Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахад шаардагдах хөрөнгийг жил бүрийн төсөвт тусгаж санхүүжүүлж байх
 
     4. Хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, осол, хөдөлгөөний сааталд судалгаа явуулж замын хөдөлгөөний зохион байгуулалт болон зам шинээр тавьж, засварлах ажлыг эрчимжүүлж шаардлагатай хөрөнгө оруулалтыг хийх
 
     5. Хөдөлгөөний аюулгүй байдлын хяналтын улсын албаны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх
 
     6. Замын зорчих хэсэг, явган хүний замын гадаргуугийн арчлалт, хамгаалалт, цэвэрлэгээний ажлыг шуурхай зохион байгуулж, замын хөдөлгөөний хэвийн нөхцөлийг бүрдүүлэх.
 
            7. Нийтийн эзэмшлийн газар, ялангуяа явган хүний замыг нэмэгдүүлэх, сургууль, цэцэрлэгийн бүсийг тогтоон аюулгүй байдлыг хангах, газар олголт, хот төлөвлөлтийн бодлогод хөдөлгөөний аюулгүй байдлын асуудлыг тэргүүн ээлжинд анхаарч тусган хэрэгжүүлэх
            8. Автомашины гарааш, зогсоолын талаар тодорхой бодлого боловсруулж хэрэгжүүлэх.
 
4.2.6.7. Аж ахуйн нэгж, байгууллага
 
            1. Хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх, хөдөлгөөнд соёлтой оролцох талаар ажиллагчдын мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн сургалт, сурталчилгаа зохион байгуулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжин туслах талаар санаачилж ажилласан нэгж, ажилтны үйл ажиллагааг дэмжин сурталчлах
 
            2. Стандартын шаардлага хангаагүй, техникийн  гэмтэлтэй, техникийн улсын үзлэгт ороогүй, улсын бүртгэлд хамрагдаагүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд  оролцуулахгүй байх
 
            3. Тээврийн хэрэгслийн ангилалд тохирсон жолоодох эрхийн үнэмлэхгүй,  согтууруулах ундаа, мансуурах бодис, сэтгэхүйд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчин туссан буюу ядарсан хүнээр тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байх
 
            4. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хяналтын улсын албатай хамтран замын хөдөлгөөний хэвийн нөхцөлийг алдагдуулахгүй байх үйл ажиллагааг хэрэгжүүлэх
 
            5. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах санал, санаачилга гаргаж холбогдох газруудад тавьж шийдвэрлүүлэн энэ чиглэлээр мэдээлэл солилцох боломжийг ашиглах.
 
4.2.6.8. Төрийн бус байгууллага
 
            1. Хөтөлбөрийн зорилт, үйл ажиллагааг хэрэгжүүлэх арга хэмжээг өөрийн үйл ажиллагааны чиглэлд тусган оролцох, бусад байгууллагуудтай хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлэх.
 
4.2.6.9. Иргэн
 
            1. Хуулийг дээдлэх иргэний үүргээ биелүүлж замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх ажилд хувь нэмрээ оруулах
 
            2. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гарсан хэрэг, осол, зөрчлийн талаархи мэдээллийг холбогдох газруудад өгөх, хяналт, шаардлага тавих
 
            3. Хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн улмаас үүсэх хор хөнөөлийн талаар зохих мэдээлэлтэй болж гэр бүл, хүүхэд, халамжлан хүмүүжүүлэгч нартаа тайлбарлан таниулж биет үлгэр дууриалал үзүүлэх
 
            4. Өөрийн амьдарч байгаа орчиндоо замын хөдөлгөөнд оролцох таатай нөхцөл бүрдүүлэх талаар холбогдох эрх бүхий хүмүүс,  байгууллагад асуудал тавьж шийдвэрлүүлэх. 
 
                        Тав. Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт
 
            5.1. Хөтөлбөрийн хэрэгжилтийг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэхтэй холбогдсон бусад хөтөлбөрүүдтэй уялдуулан зохицуулна. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд удирдан зохион байгуулж, хяналт тавих үүргийг Үндэсний зөвлөл хэрэгжүүлнэ.
 
            5.2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, хяналт тавих зөвлөлийн бүрэлдэхүүнийг тээврийн асуудал хариуцсан Засгийн газрын гишүүн батална.
 
            5.3. Аймаг, нийслэл, дүүрэгт хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, хяналт тавих үүрэг бүхий салбар зөвлөл ажиллана. Салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг тухайн шатны Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор байгуулна.
 
            5.4. Яамд, Засгийн газрын агентлаг, төрийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагад хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүргийг тухайн байгууллагын удирдлагын шийдвэрээр томилогдсон салбар зөвлөл хариуцна.
 
            5.5. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний жил бүрийн төлөвлөгөөг Үндэсний зөвлөл батлан хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллана.
 
            5.6. Аймаг, нийслэл, дүүргийн Засаг дарга тухайн нутаг дэвсгэртээ хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах ажлыг дараахь байдлаар зохион байгуулна:
 
                а/нутаг дэвсгэрийн түвшинд Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх дэд хөтөлбөрийг боловсруулж  мөрдүүлэх;
 
                б/хөтөлбөрт тусгагдсан зорилт, үйл ажиллагааны чиглэл, арга хэмжээний хэрэгжилтэд хяналт тавих;
 
                 в/орон нутагт хуваарилсан төсөв, замын сангийн  хөрөнгийг зориулалтын дагуу хуваарилах, зарцуулах, үйл ажиллагаанд нь хяналт тавих;
 
                 г/хөтөлбөрийг хэрэгжүүлэх салбар зөвлөлийг мэргэшил, арга зүйн удирдлагаар хангах;
 
                 д/хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажилд төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх.
 
            5.7. Салбар зөвлөлүүд хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнг улирал, хагас, бүтэн жилээр Үндэсний зөвлөлд тайлагнана.
  Зургаа. Хүлээгдэж буй үр дүн
 
            6.1. Хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, ослын улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирч байгаа хохирлын хэмжээ буурна.
 
            6.2. Замын хөдөлгөөний зохион байгуулалт, замын нөхцөл  сайжирч,  хөдөлгөөнд соёлтой оролцох таатай орчин бүрдэнэ.
 
            6.3. Замын хөдөлгөөнд оролцогчид болон замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий алба хаагч, албан тушаалтны мэдлэг, чадвар, хариуцлага дээшилнэ.
 
            6.4. Хуулиар олгогдсон хүний эрх, эрх чөлөө, амьд явах эрх баталгаажна.
 
Долоо. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хөрөнгийн эх
үүсвэр, санхүүжилт
 
            7.1. Улсын төсөв
 
            7.2. Орон нутгийн төсөв
 
            7.3. Олон улсын байгууллагын зээл, буцалтгүй тусламж
 
            7.4. Иргэн, аж ахуйн нэгжийн өөрийн хөрөнгө
           
Найм. Хөтөлбөрийн шалгуур үзүүлэлт
 
            Хөтөлбөрийн үр дүнг дараахь шалгуур үзүүлэлтээр дүгнэнэ:
 
8.1. Хяналт, үнэлгээ
 
8.1.1. Хөтөлбөрийн хэрэгжилтэд үнэлэлт дүгнэлт хийх ажлыг Цагдаагийн ерөнхий газар, тээврийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээний асуудал хариуцсан нэгжтэй хамтран гүйцэтгэж Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохицуулж, хяналт тавих Үндэсний зөвлөлд жил бүр танилцуулна.
 
8.1.2. Орон нутагт хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх ажлыг бүх шатны Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга, Засаг дарга  хамтран гүйцэтгэж, дүнг жил бүр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх орон нутгийн салбар зөвлөлд тайлагнаж, авах арга хэмжээг эрчимжүүлнэ.
 
8.2. Хөтөлбөрийг дараахь шалгуур үзүүлэлтээр үнэлж дүгнэнэ:
 
8.2.1. Хэрэг, ослын үзүүлэлт
 

¹
Шалгуур үзүүлэлт
Суурь үзүүлэлт /2005 он/
Завсрын үзүүлэлт
/2007 он/
Эцсийн үзүүлэлт
2010 он/
1.
Мянган тээврийн хэрэгсэлд ногдох
зам тээврийн осол, хэргээс гэмтсэн хүний тоо
6.4
6.2
6.0
2.
зам тээврийн осол, хэргээс нас барсан хүний тоо
2.2
2.0
1.8
3.
зам тээврийн хэрэг, ослоос учирсан эд материалын хохирол /мян.төг/
2231.2
2200.0
2100.0
4.
Мянган
тээврийн хэрэгсэлд ногдох осол хэргийн  шалтгаан
явган зорчигчийн буруу
 
17.6
 
16.0
 
15.0
 
Жолооч хажуугийн зай тохируулаагүй
     10.0
      9.0
      8.0
Жолооч уулзвар нэвтрэх дүрэм зөрчсөн
13.1
12.1
10.1
5.
Мянган хүнд ногдох осол, хэргийн тоо
1.9
1.8
1.7

 
 
8.2.2. Замын хөдөлгөөний зохион байгуулалт
 

¹
Шалгуур үзүүлэлт
Суурь үзүүлэлт /2005 он/
Завсрын үзүүлэлт
/2007 он/
Эцсийн үзүүлэлт
/2010 он/
1.
Суурин газарт 1 км2 нутаг дэвсгэрт ногдох авто замын сүлжээний урт
 
0,11 км
 
0,13 км
 
0,15 км
2.
Гудамж замын  гэрэлтүүлгийн хувь
 
75,0
 
85,0
 
95,0
3.
Зам, гүүр, уулзварын цагт дунджаар  нэвтрүүлэн өнгөрүүлэх тээврийн хэрэгслийн тоо
 
 
3185-8414
 
 
3190-8450
 
 
4000-9500
4.
Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим /1 цагт дунджаар/
 
26323-68171
 
28500-73000
 
30000-75000
5.
Явган зорчигчдод зориулсан замын урт
  Одоогоор судлагдаагүй
Судалгаатай болно
Замын уртыг нэмэгдүүлнэ
6.
      Замын
 
Тэмдэг
      4000
     4500
      5000
Гэрлэн   дохио бүхий уулзвар
       
        52
       
       60
       
        65
   Тэмдэглэл
 
20000 м.кв
21000 м.кв
22000 м.кв
7.
Явган зорчигч, тээврийн хэрэгслийн хөдөлгөө-нийг тусгаарлах  нүхэн болон гүүрэн гарам
Нүхэн гарам
 
          1
 
        2
 
         3
Гүүрэн гарам
 
 
 
 
      
          1
 
 
      
        2
 
 
  
         3

 
 
8.2.3. Замын хөдөлгөөнд иргэдийн оролцооны үзүүлэлт
 

¹
Шалгуур үзүүлэлт
Суурь үзүүлэлт /2005 он/
Завсрын үзүүлэлт
/2007 он/
Эцсийн үзүүлэлт
/2010 он/
1.
Мянган тээврийн хэрэгсэлд ногдох  замын хөдөлгөөний дүрмийн зөрчил
4432.3
4410,0
4380,0
2.
Мянган жолооч тутмаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил
72.0
70,0
68,5
3.
Мянган тээврийн хэрэгсэлд ногдох бүрэн бус тээврийн хэрэгсэл
629.0
610.0
590,0

 
 
            8.2.4. Замын хөдөлгөөний зохион байгуулалт сайжирч, хөдөлгөөний соёл дээшилсэн байна.
 
            8.2.5. Хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, ослын шалтгаан, нөхцөл, орон нутгийн онцлогт тохирсон арга  хэмжээг  нэвтрүүлж, хэрэгжүүлсэн байна.
           
            8.2.6. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, дүрэм сурталчлах ажил хүртээмжтэй болж, сургалт, сурталчилгааны багтаамж 10 хувиар өссөн байна.
 
            8.2.7. Замын хөдөлгөөн зохицуулах ажилд иргэд, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагын оролцоог дээшлүүлнэ.
 
 
------оОо-----