- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХУВИАРАА АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОЖ БАЙГАА ИРГЭДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ ТҮР Ж УРАМ
Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 72 дугаар
тогтоолын хавсралт
ХУВИАРАА АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОЖ БАЙГАА
ИРГЭДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ ТҮР ЖУРАМ
Нэг. Ерөнхий зүйл
1. Энэхүү түр журмын зорилго нь хувиараа ашигт малтмал олборлож байгаа иргэдийн үйл ажиллагааг нөхөрлөлийн зохион байгуулалтад оруулж албан ёсны хөдөлмөр эрхлэлт болон бичил уурхайн үйл ажиллагааг хөгжүүлэх бэлтгэлийг хангах, нөхөрлөлд олгох газрыг тогтоох, гэрээгээр ашиглуулах, бичил уурхайн техник, технологи нэвтрүүлэх, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм, зааврыг мөрдүүлэх харилцааг зохицуулахад оршино.
2. Энэхүү түр журмыг Монгол Улсын нутаг дэвсгэр дээр иргэд хувиараа ашигт малтмал олборлохтой холбогдсон харилцааг зохицуулах Монгол Улсын хууль батлагдах хүртэл хугацаанд дагаж мөрдөнө.
3. Энэхүү түр журмаар ус, цацраг идэвхит элемент агуулсан хүдэр, газрын тос, байгалийн хийгээс бусад төрлийн ашигт малтмалыг иргэд хувиараа олборлож байгаа үйл ажиллагааг зохицуулна.
4. Энэхүү түр журамд дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
4.1. "Хувиараа ашигт малтмал олборлох" гэж энэхүү түр журамд заасны дагуу сум, дүүргийн Засаг даргатай гэрээ байгуулсан нөхөрлөл ашигт малтмалыг гар багаж, эсхүл бага оврын техник, тоног төхөөрөмж ашиглан хоногт дор дурдсан хэмжээний ашигт малтмал олборлох болон уулын ажил гүйцэтгэхийг хэлнэ:
4.1.1. 25 тн хүртэл хүдэр, эсхүл нүүрс, жонш олборлох;
4.1.2. 200 м3 хүртэл хэмжээний уулын ажил гүйцэтгэх.
4.2. "Нөхөрлөл" гэж Иргэний хуулийн 481.1-д заасны дагуу хамтран ажиллах гэрээний үндсэн дээр бүртгэгдээгүй нөхөрлөл хэлбэрээр зохион байгуулагдаж энэхүү түр журамд зааснаар үйл ажиллагаа явуулж байгаа бүлэг хүмүүсийг,
4.3. "Бага оврын техник, тоног төхөөрөмж" гэж 500 см3 хүртэл багтаамжтай дотоод шаталтат хөдөлгүүр бүхий механизмыг,
4.4. "Нэгж талбай" гэж нөхөрлөлийн нэг гишүүнд ногдох хойноос урагш, баруунаас зүүн чиглэлтэй шулуун шугамуудаар хүрээлэгдсэн хэсэг талбайг.
Хоёр. Хувиараа ашигт малтмал олборлож байгаа иргэдийн үйл ажиллагааг зохицуулахад нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллага, төрийн захиргааны байгууллагын эрх, үүрэг
5. Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эрх, үүрэг:
5.1. Нутаг дэвсгэр дээр нь иргэд хувиараа ашигт малтмал олборлож байгаа сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хувиараа ашигт малтмал олборлож байгаа иргэдийн үйл ажиллагааг зохицуулах талаар авч хэлэлцэн дараахь шийдвэрийг гаргана:
5.1.1. тухайн сум, дүүргийн нутаг дэвсгэр дээр иргэд хувиараа ашигт малтмал олборлох үйл ажиллагааг нөхөрлөлийн зохион байгуулалтад шилжүүлэх тухай;
5.1.2. иргэд хувиараа ашигт малтмал олборлох үйл ажиллагааг нөхөрлөлийн зохион байгуулалтаар хэрэгжүүлэхэд зориулж тухайн сум, дүүргийн нутагт ашиглуулах бололцоотой газрын талаар хэлэлцэн тогтоож, тухайн газрын ашигт малтмалын нөөцийн талаар мэргэжлийн үнэлгээ, дүгнэлт гаргуулах талаархи саналаа геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх тухай;
5.1.3. иргэд хувиараа ашигт малтмал олборлох үйл ажиллагааг энэхүү түр журмын дагуу зохион байгуулах арга хэмжээний тухай.
5.2. Нэг сум, дүүргийн нутаг дэвсгэрт иргэд хувиараа ашигт малтмал олборлоход зориулан тогтоосон газрын тоо нь 2-оос илүүгүй байж болно.
5.3. Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын гаргасан үнэлгээ, дүгнэлтээр энэхүү түр журмын 5.1.2-оор тогтоосон газар нь иргэд хувиараа ашигт малтмал олборлоход зориулалтаар ашиглахад тохирохгүй болох нь тогтоогдсон тохиолдолд өөр газрыг тогтоох, эсхүл тухайн сум, дүүргийн нутагт иргэд хувиараа ашигт малтмал олборлох бололцоогүй болсон тухай шийдвэрийг гаргана.
5.4. Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргасан шийдвэрийг иргэдэд зарлан мэдэгдэж, хэрэгжилтэд хяналт тавина.
6. Сум, дүүргийн Засаг даргын эрх, үүрэг:
6.1. Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн дагуу иргэд хувиараа ашигт малтмал олборлох үйл ажиллагааг нөхөрлөлийн зохион байгуулалтад шилжүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
6.2. Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас иргэд хувиараа ашигт малтмал олборлоход зориулан тогтоосон газарт ашигт малтмал олборлож болох талбайн солбицол болон энэхүү түр журмын 5.1.2-т заасан шийдвэрийг геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлж шийдвэрлүүлэх;
6.3. Тогтоосон газрын нөөцийн талаар мэргэжлийн байгууллагын үнэлгээ, дүгнэлт гарсан тохиолдолд иргэд хувиараа ашигт малтмал олборлох үйл ажиллагааг энэхүү түр журмын дагуу зохион байгуулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
6.4. Сум, дүүргийн хэмжээнд ашигт малтмал олборлох зориулалтаар олгосон талбайн зураг зүйн бүртгэлийг хөтөлж, тэнд ажиллаж байгаа нөхөрлөлийн гишүүд, тэдгээрийн өрхийн гишүүдийн талаар нэгдсэн бүртгэл хөтлөх;
6.5. Нөхөрлөлийн гишүүд болон тэдгээрийн гэр бүлийн гишүүдэд эрүүл мэндийн болон нийгмийн хамгаалал, халамжийн үйлчилгээ үзүүлэх, хүүхдийг нь сургууль, цэцэрлэгт хамруулах арга хэмжээ авах;
6.6. Нөхөрлөлийн гишүүдийг татвар, даатгалд хамруулах арга хэмжээ авах;
6.7. Хууль тогтоомжийн биелэлт, нийгмийн дэг журам, аюулгүй байдлыг хангах, иргэдийн эрх, эрх чөлөөг хамгаалах ажлыг зохион байгуулах;
6.8. Байгаль орчныг нөхөн сэргээх талаар нөхөрлөлөөс авсан арга хэмжээний тайланг газар дээр нь шалгаж стандартын шаардлагад нийцүүлэн хүлээн авсан тухай мэдээллийг байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад улиралд 1 удаа хүргүүлэх;
6.9. Нөхөрлөлийн олборлолт явуулсан талбайд хийгдэх техникийн болон биологийн нөхөн сэргээлтийн ажлын зардлыг холбогдох журмын дагуу тооцож зохих хөрөнгийг мөнгөн хөрөнгийн хуримтлалын санд төвлөрүүлэх ажлыг зохион байгуулах.
7. Геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын эрх, үүрэг:
7.1. Энэхүү түр журмын 6.2-т заасан хүсэлтийн дагуу иргэд нөхөрлөлийн хэлбэрээр хувиараа ашигт малтмал олборлоход зориулан тогтоосон газарт байгаа ашигт малтмалын нөөцийн талаар геологийн судалгааны мэдээлэлд тулгуурлан ажлын 15 хоногт үнэлгээ, дүгнэлт гаргаж сум, дүүргийн Засаг даргад хүргүүлэх;
7.2. Тогтоосон газрын ашигт малтмалын нөөцийн талаархи геологийн судалгааны мэдээлэл хангалтгүй гэж үзсэн тохиолдолд мэргэжлийн 2-оос доошгүй геологичийн бүрэлдэхүүн бүхий ажлын хэсгийг томилон явуулж газар дээр нь бололцоотой тандалт, судалгаа хийж ажлын 30 хоногт багтаан үнэлгээ, дүгнэлт гаргаж өгөх;
7.3. Нэгж талбайн хэмжээг ашигт малтмалын төрөл, нөөцийн үнэлгээ, уул, геологийн нөхцөлөөс нь хамааруулан тогтоох аргачлал боловсруулж мөрдүүлэх;
7.4. Бичил уурхайн хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм, заавар боловсруулж холбогдох яам, агентлагаар батлуулан мөрдүүлэх;
7.5. Хувиараа ашигт малтмал олборлох тухай нөхөрлөл, сум, дүүргийн Засаг даргын хооронд байгуулах гэрээний болон нөхөрлөлийн гишүүдийн хамтран ажиллах тухай гэрээний загвар, нөхөрлөлийн үлгэрчилсэн дүрэм, ашигт малтмал олборлох гэрээ байгуулах талаар сум, дүүргийн Засаг даргад нөхөрлөлөөс гаргах өргөдлийн маягтын үлгэрчилсэн загварыг баталж сум, дүүрэгт хүргүүлэх;
7.6. Нөхөрлөлийн гишүүдэд геологи, уул уурхайн үйлдвэрлэлд ажиллах мэргэжлийн чиг баримжаа олгох, аюулгүй ажиллагааны арга барил эзэмшүүлэх сургалтыг сум, дүүргийн Засаг даргатай хамтран зохион байгуулах;
7.7. Хувиараа ашигт малтмалыг нөхөрлөлийн хэлбэрээр олборлох үйл ажиллагаатай холбогдон нөхөрлөлийн гишүүдийг сургаж, дадлагажуулахад эрдэм шинжилгээний байгууллага, мэргэжлийн байгууллага, үйлдвэр, сургууль, инженер техникийн ажилтнуудыг оролцуулах;
7.8. Хувиараа ашигт малтмал олборлох үйл ажиллагааны улмаас эвдэгдсэн унаган төрхөө алдсан газарт байгаль, экологийн нөхөн сэргээлт хийх шаардлага, техникийн нөхцөлийг байгаль орчны мэргэжлийн байгууллагатай хамтран боловсруулан баталж үе шаттайгаар хэрэгжүүлнэ.
8. Энэхүү түр журмын биелэлтэд Улсын мэргэжлийн хяналтын газар, орон нутгийн мэргэжлийн хяналтын байгууллага, улсын байцаагч, төрийн бус байгууллага, иргэд хяналт тавина.
Гурав. Иргэд нөхөрлөлийн зохион байгуулалтаар ашигт малтмал олборлох газрыг тогтоох
9. Иргэд нөхөрлөлийн зохион байгуулалттайгаар ашигт малтмал олборлох газрыг дараахь үндсэн 3 ангиллын дагуу тогтооно:
9.1. ашигт малтмалын нөөц болон чанарын хувьд том үйлдвэр, уурхайгаар ашиглахад эдийн засгийн үр ашиггүй орд, илэрцийн талбай;
9.2. нөхөн сэргээлт хийгдээгүй орхигдсон уурхайн эдэлбэр газар болон уурхайн ашиглалтын технологийн хаягдал болон үүсмэл ордын талбай;
9.3. ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн уурхайн эдэлбэр газраас тухайн зөвшөөрөл эзэмшигч, сум, дүүргийн Засаг дарга, нөхөрлөлийн хооронд байгуулсан гурвалсан гэрээгээр нөхөрлөлд ашиглуулах боломжтой талбай.
10. Хувиараа ашигт малтмал олборлох зориулалтаар дараахь газрыг сонгохыг хориглоно:
10.1. хууль тогтоомжийн дагуу улсын тусгай хамгаалалтад байгаа газар нутаг, Ашигт малтмалын тухай хуулийн 13, 14 дүгээр зүйлд заасан нөөцөд болон тусгай хэрэгцээнд авсан газарт;
10.2. ашигт малтмалын хайгуулын талбай болон ашиглагчтай нь гэрээ байгуулаагүй тохиолдолд ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбай;
10.3. нутгийн иргэдийн тахиж шүтдэг газар нутаг, уул овоо, оршуулгын газар болон малын отрын бэлчээр нутаг;
10.4. нөөц тогтоогдсон ордын үйлдвэрлэлийн аргаар олборлох боломжтой талбай;
10.5. хот, тосгон бусад суурин газрын нийтийн эдэлбэрийн газар, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил, ашиглалтад байгаа газар;
10.6. ойн болон усны сан бүхий газар;
10.7. зам болон шугам сүлжээний газар;
10.8. энэхүү түр журмын 9.1, 9.2-т зааснаас бусад ашигт малтмалын үндсэн орд.
Дөрөв. Иргэд нөхөрлөлийн зохион байгуулалтад орох, нөхөрлөлд олгох талбай
11. Иргэд хувиараа ашигт малтмал олборлох зорилгоор Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасны дагуу бичгээр байгуулсан хамтран ажиллах гэрээний үндсэн дээр мөн хуулийн 481.1 дүгээр зүйлд заасан бүртгэгдээгүй нөхөрлөл болон зохион байгуулагдсан байна.
12. Нөхөрлөлийн үйл ажиллагаа нь Иргэний хуулийн 477-482 дугаар зүйл болон нөхөрлөлийн дүрмийн дагуу зохицуулагдана.
13. Энэ түр журмын 11–д заасны дагуу зохион байгуулагдсан нөхөрлөл нь оноосон нэртэй байна. Нэг сум, дүүргийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа эрхэлж байгаа нөхөрлөл нь өөр нөхөрлөлтэй давхардсан нэртэй байж болохгүй.
14. Нөхөрлөлийн гишүүдийн тоо нь 2-100 хүртэл байж болно.
15. Нөхөрлөлийн гишүүн өөр нөхөрлөлийн гишүүн байхыг хориглоно.
16. Энэхүү түр журмын 11-15-д заасан нөхцөлийг биелүүлсэн нөхөрлөлтэй сум, дүүргийн Засаг дарга ашигт малтмал олборлох тухай гэрээ байгуулж талбай олгоно.
17. Нөхөрлөлд гэрээгээр олгох талбай нь нөхөрлөлийн гишүүн бүрт ногдох нэгж талбайн нийлбэрээс бүрдэх бөгөөд дээд хэмжээ нь 25 гектараас илүүгүй байна.
18. Нөхөрлөлд талбайг 1 хүртэл жилийн хугацаатай олгож, хугацааг нэг нэг жилээр сунгаж болно.
Тав. Ашигт малтмал олборлох гэрээ байгуулах
тухай өргөдөл гаргах
19. Нөхөрлөл ашигт малтмал олборлох гэрээ байгуулах тухай өргөдлөө сум, дүүргийн Засаг даргад энэхүү түр журмын 2.5-д заасан маягтын дагуу бичгээр гаргана.
20. Өргөдөлд дараахь зүйлийг заавал тусгана:
20.1. нөхөрлөлийн нэр, нөхөрлөлийн ахлагч буюу эрх бүхий төлөөлөгч болон гишүүдийн нэр, хаяг;
20.2. талбайн байршил, хэмжээ;
20.3. олборлох ашигт малтмалын төрөл.
21. Өргөдөлд дараахь баримт бичгийг хавсаргана:
21.1.нөхөрлөлийн гишүүд болон тэдгээрийн хамт тухайн орон нутагт амьдарч байгаа гэр бүлийн гишүүдийн иргэний үнэмлэх, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар;
21.2. нөхөрлөлийн гишүүдийн хооронд бичгээр байгуулсан хамтран ажиллах гэрээ;
21.3. олборлолт явуулах талбайн булангийн цэгийн солбицол, байршлын зураг;
21.4. нөхөрлөлийн гишүүний албан татвар төлөгчийн гэрчилгээ, дэвтрийн хуулбар.
22. Нөхөрлөлийн гишүүдэд дараахь шаардлага тавигдана:
22.1. Монгол Улсын иргэн байх;
22.2. 18 нас хүрсэн байх;
22.3. тухайн орон нутагт байнга оршин суугчаар бүртгүүлсэн байх.
23. Энэхүү түр журмын 20-22-т заасан шаардлага хангаагүй өргөдлийг хүлээн авахгүй.
24. Нөхөрлөл олборлолт явуулсан талбайг буцааж хүлээлгэн өгсний дараа зөвшөөрөгдсөн өөр талбайд ашигт малтмал олборлох гэрээ байгуулах тухай өргөдлийг сум, дүүргийн Засаг даргад гаргаж болно.
25. Сум, дүүргийн Засаг дарга өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан дараахь зүйлийг тодруулна:
25.1. энэхүү түр журмын 20-д заасан шаардлагыг хангасан эсэх;
25.2. энэхүү түр журмын 21-д заасан баримт бичгийг бүрдүүлсэн эсэх;
25.3. өргөдөлд заасан талбай нь энэхүү түр журмын 9-д заасан газарт хамрагдах эсэх;
25.4. тухайн нөхөрлөл өмнө нь олборлолт явуулж байсан бол байгаль орчны техникийн нөхөн сэргээлтийг бүрэн хийсэн эсэх.
26. Өргөдөл, хавсаргасан баримт бичиг энэхүү түр журмын 25-д заасныг хангасан тохиолдолд өргөдлийн бүртгэгдсэн дарааллын дагуу гэрээ байгуулна.
Зургаа. Ашигт малтмал олборлох гэрээ байгуулах
27. Энэхүү түр журмын 9.1, 9.2-т заасан талбайд ашигт малтмал олборлох нөхөрлөл тухайн сум, дүүргийн Засаг даргатай бичгээр гэрээ байгуулна.
28. Гэрээнд дараахь зүйлийг тусгана:
28.1. талуудын эрх, үүрэг, хариуцлага;
28.2. талбайн байршил, хэмжээ;
28.3. гэрээний хугацаа, түүнийг сунгах нөхцөл;
28.4. энэхүү түр журмын 9.1, 9.2-т заасан газрыг ашиглуулах нөхцөл;
28.5. байгаль орчныг нөхөн сэргээх чиглэлээр хийх ажил;
28.6. олборлох ашигт малтмалын төрөл;
28.7. ашиглалтын технологийн заавар, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн норм, стандартыг мөрдөх журам, нөхцөл;
28.8. нөхөрлөлийн гишүүдийг нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд хамруулах нөхцөл;
28.9. химийн хорт болон тэсрэх бодис зөвшөөрөлгүй хэрэглэхгүй байх тухай үүрэг;
28.10. гэрээг цуцлах болон дуусгавар болох үндэслэл;
28.11. хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрмийг сахин биелүүлэх, түүнийг зөрчсөнөөс үүсэн гарах хариуцлага;
28.12. бусад зүйл.
Долоо. Талбайг буцааж хүлээлгэн өгөх
29. Нөхөрлөл дараахь нөхцөлд талбайг буцааж хүлээлгэн өгнө:
29.1. талбайн ашигт малтмалын нөөцийг бүрэн ашиглаж дууссан;
29.2. гэрээгээр авсан талбайн нөөц нь үр ашиггүй болох нь тогтоогдсон;
29.3. уул, геологийн нөхцөлөөс шалтгаалан олборлолтыг үргэлжлүүлэх боломжгүй болсон;
29.4. хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нөхцөлөөс шалтгаалан олборлолтыг үргэлжлүүлэх боломжгүй болсон;
29.5. нөхөрлөл талбайг хүлээлгэн өгөх хүсэлт гаргасан;
29.6. нөхөрлөлтэй байгуулсан гэрээг цуцалсан;
29.7. тухайн талбайг нөөцөд болон тусгай хэрэгцээнд авсан.
30. Нөхөрлөл талбайг буцааж хүлээлгэн өгөхийн өмнө тухайн талбайд нөхөн сэргээлтийн ажлыг эрх бүхий байгууллагаас тогтоосон шаардлага, техникийн нөхцөлийг баримтлан хийнэ.
Найм. Ашигт малтмал олборлох үйл ажиллагаанд
хориглох зүйл
31. Нөхөрлөлийн ашигт малтмал олборлох үйл ажиллагаанд дараахь зүйлийг хориглоно:
31.1. арван найман нас хүрээгүй иргэн, жирэмсэн эмэгтэй, 0-3 хүртэлх насны хүүхэдтэй эх, хөдөлмөрийн чадвараа 70-аас дээш хувиар алдсан хүнийг ажиллуулах;
31.2. технологийн заавар, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дүрэм зөрчих;
31.3. зориулалтын бус газар, гол, горхи, булаг, шанд болон нууранд ашигт малтмал агуулсан шороо, хүдрийг угааж баяжуулах;
31.4. албан татвар төлөгчийн гэрчилгээ аваагүй;
31.5. нөхөрлөлийн гишүүн бус этгээд олборлох үйл ажиллагаанд оролцох;
31.6. зөвшөөрөлгүйгээр химийн хорт болон аюултай бодис ашиглах;
31.7. зөвшөөрөлгүйгээр тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл ашиглах;
31.8. нөхөрлөлд гэрээгээр олгосон талбайг зориулалт бусаар ашиглах, бусдад шилжүүлэх, барьцаалах, худалдах.
Ес. Онцгой нөхцөл
32. Нөхөрлөлийн алтны үндсэн ордоос олборлосон хүдрийг баяжуулах үйл ажиллагааг сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хамтран сонгон шалгаруулсан аж ахуйн нэгжийн баяжуулах цехэд тогтоосон цэгт явуулна.
33. Баяжуулах цех байгуулах аж ахуйн нэгжийг геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага сонгон шалгаруулна.
34. Баяжуулах цех байгуулахаар шалгарсан аж ахуйн нэгж нь тухайн газрын байгаль орчны ерөнхий үнэлгээг аймгийн Засаг даргын Тамгын газрын байгаль орчны албаар хийлгэнэ.
35. Нөхөрлөлийн олборлосон үнэт металл, эрдэнийн чулууг Монгол банкнаас тогтоосон журмын дагуу тухайн орон нутагт байнга оршин суудаг, итгэмжлэгдсэн, эрх бүхий дилер худалдан авна.
Арав. Бусад зүйл
36. Нөхөрлөл нь уул уурхайн хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрмийг зөрчсөний улмаас гишүүний эрүүл мэнд, амь нас хохирсон тохиолдолд хариуцлагыг тухайн нөхөрлөлийн эрх бүхий төлөөлөгч, гишүүд хүлээнэ.
37. Хувиараа ашигт малтмал олборлох үйл ажиллагааг зохицуулах түр журмыг зөрчсөн гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол сум, дүүргийн Засаг дарга, эрх бүхий улсын байцаагч Захиргааны хариуцлагын тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Химийн хорт болон аюултай бодисын тухай хууль, Газрын хэвлийн тухай хууль зэрэг холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
---оОо---
Текст томруулах
A
A
A