A

A

A

Бүлэг: 1979
                                                                                 Монгол Улсын  Засгийн газрын 2008 оны 84 дүгээр
                       тогтоолын хавсралт
 
 
ХҮН АМЫГ ЭРҮҮЛ АХУЙН ШААРДЛАГАД НИЙЦСЭН
 УНДНЫ УСААР ХАНГАХ ХӨТӨЛБӨР
 
 Нэг.Нийтлэг үндэслэл
 
          1.1.Хүн амын усан хангамжийн өнөөгийн байдал
 
Хүн амыг хүрэлцээтэй, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн ундны усаар хангах нь аливаа төрийн тулгуур бодлого, үндэсний аюулгүй байдлын нэн чухал асуудлын нэг билээ.
 
Улаанбаатар хот, Дархан, Эрдэнэт, Чойбалсан, Багануур, Хөтөл, Бор-Өндөр зэрэг томоохон хотуудын хүн амын ихэнх нь цэвэр, бохир усны төвлөрсөн сүлжээнд холбогдсон хэрэглээний халуун устай орон сууцанд амьдарч байна. Аймгийн төвүүд, орон нутгийн хотуудад нийт хүн амын 20-30 хувь нь нийтийн орон сууцанд зөвхөн хүйтэн цэвэр ус болон бохирын сүлжээнд холбогдсон, бусад нь ус зөөвөрлөн түгээдэг  хөдөлгөөнт цэг болон ус түгээх зориулалттай худгаас унд, ахуйн зориулалттай усаа авч байна. Зарим хотын захын гэр хороололд оршин суугчид гадаргын усыг зөөвөрлөн унд ахуйдаа хэрэглэж  байна.
 
Хөдөөгийн ихэнх сумын төвүүдэд оршин суугчид ус хангамжийн нэгдсэн сүлжээгүй, зөвхөн ус түгээх зориулалттай гүн өрмийн болон богино яндант худаг, зарим тохиолдолд бетон хашлагатай уурхайн гар худаг болон гадаргын усны эх үүсвэрээр унд, ахуйн усны хэрэгцээгээ хангаж байна.
 
Хүн амын усан хангамжийн асуудал манай орны хэмжээнд харилцан адилгүй, сүүлийн жилүүдэд газрын доорхи усны хайгуул, судалгааны ажил бага хийгдсэн бөгөөд Улаанбаатар хотод төвлөрсөн усан хангамжид холбогдсон айл, өрхүүдийн нэг хүн хоногт 270-340 литр ус хэрэглэдэг бол хотын захын хороолол, аймгийн төвүүдийн хорооллын айл өрхүүдийн нэг хүн хоногт 8-10 литр ус хэрэглэдэг, хэрэглээний усны чанар зарим тохиолдолд шаардлага хангахгүй байна.
 
Төвлөрсөн усан хангамжийн зориулалтаар ашиглах усны эх үүсвэрийн хайгуулын ажил 21 аймаг болон Улаанбаатар хотод    1960-аас 1980 онуудад хийгдсэн байна. Гэвч энэхүү хайгуулын ажил хийгдсэнээс хойш олон жил өнгөрч, хүн амын тоо өсөн, үйлдвэр, аж ахуйн газрууд нэмэгдсэнээс шалтгаалан эдгээр хайгуулын ажлын үр дүн өнөөгийн шаардлагыг хангахгүй болжээ.
 
Өнөөгийн  байдлаар улсын хэмжээгээр 107 сумын хэрэглэж байгаа уст цэгийн ус нь хатуулаг, эрдэсжилт ихтэй тул түүнийг зөөлрүүлэх, цэнгэгжүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байгаагаас гадна шинээр илрүүлэх төвлөрсөн усан хангамжийн эх үүсвэрийн усны чанар стандартын шаардлага хангахгүй байгаа тохиолдолд ус боловсруулах асуудлыг хамтад нь шийдвэрлэх шаардлага тулгарч байна. 
 
Орчны бохирдол, усны хангамж, хүрэлцээ, чанарын аюулгүй байдал, хүн амын эрүүл аж төрөх ёс, боловсролын түвшинтэй холбоотойгоор сүүлийн жилүүдэд манай улсад халдварт өвчний тоо нэмэгдэж байна. 2007 оны эхний 10 сарын байдлаар халдварт өвчний тохиолдол урьд оны мөн етэй харьцуулахад 13,5 хувиар нэмэгдсэн байна.  
 
Иймд томоохон хот, суурин газрын ундны усны төвлөрсөн усан хангамжийн эх үүсвэрүүдийн нөөцийг дахин үнэлэх, сум, суурин газрын ашиглаж байгаа усны эх үүсвэрүүдэд үнэлгээ өгөх, шаардлагатай үед шинээр  илрүүлэх эрэл хайгуулын ажлыг  хийх замаар хүн ам төвлөрсөн газруудын усан хангамжийг одоогийн мөрдөгдөж байгаа стандартад нийцүүлэн дэс дараатай шийдвэрлэх зорилт тулгарч байгаа юм.
 
      1.2.Хөтөлбөр боловсруулах үндэслэл, шаардлага
 
Усны тухай хуулийн 10.1.5-д Засгийн газар хүн амыг эрүүл ахуйн шаардлагад нийцсэн ундны усаар хангах хөтөлбөр батлахаар заасан бөгөөд Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтын 7.14-т  2015 он гэхэд баталгаат ундны ус хэрэглэх боломжгүй хүн амын хувийг 2 дахин бууруулахаар зорилт дэвшүүлснийг үндэслэн хүн амыг баталгаат ундны усаар хүрэлцээтэй хангаж, амьдрах орчин, нөхцөлийг сайжруулах зорилтыг хэрэгжүүлэхээр Хүн амыг эрүүл ахуйн шаардлагад нийцсэн ундны усаар хангах зорилтот хөтөлбөрийг боловсруулсан болно.
 
Хоёр. Хөтөлбөрийн зорилго, зорилт
 
2.1. Энэхүү хөтөлбөрийн зорилго нь манай орны хүн амыг стандартын шаардлага хангасан, баталгаат, хэрэгцээт ундны усаар хангахад оршино.
 
2.2. Хөтөлбөрийн зорилгыг хэрэгжүүлэх шатанд дараахь зорилтуудыг дэвшүүлж байна:
 
2.2.1. ундны усны нөөцийг нэмэгдүүлэх, хангамжийг дээшлүүлэх;
 
2.2.2. ундны усны эрүүл ахуйн чанар, стандартыг хангах;
 
2.2.3. ундны усны ашиглалт, хамгаалалтын менежментийг сайжруулах.
 
Гурав. Хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа
 
3.1. Зорилт 1. Хүн амыг эрүүл ахуйн шаардлага хангасан усаар хангах зорилгоор төвлөрсөн усан хангамжийн эх үүсвэрийн эрэл, хайгуулын ажлыг эрчимжүүлэн, нөөцийн үнэлгээг хийх, одоо ашиглаж байгаа газрын доорхи усны ордуудын нөөц баялгийг дахин үнэлэх, ус түгээх ажлыг боловсронгуй болгох, усны эрүүл ахуй, ундны усны стандартад тавих хяналт, мониторингийг төгөлдөршүүлэх, усны чанарын судалгааны лабораторийн баазыг өргөжүүлэх замаар төв, суурин газрын иргэдийн ундны усны хангамжийг дээшлүүлнэ:
 
3.1.1. нийслэл, бүсийн тулгуур төвүүд, худалдааны чөлөөт бүсүүдийн төвлөрсөн усан хангамжийн эх үүсвэрийн эрэл, хайгуулын ажлыг хийж, ашиглалтад бэлтгэнэ;
 
3.1.2. төвлөрсөн усан хангамжийн одоо ашиглагдаж байгаа эх үүсвэрүүдийн нөөцийн үнэлгээг дахин хийнэ;
 
3.1.3. Сэлэнгэ, Орхон, Туул, Хэрлэн зэрэг голуудад урсацын тохируулга хийх замаар усны нөөцийн олон зориулалтын цогцолбор барих арга хэмжээ авна;
 
3.1.4. иргэд, аж ахуйн нэгж, байгууллага бороо, цасны усыг нөөцлөх замаар хэрэглэх аргыг хэвшүүлнэ;
 
3.1.5. сум, суурин газрын хатуулаг, эрдэсжилт ихтэй усны эх үүсвэрүүдэд зөөлрүүлэх, цэнгэгжүүлэх тоног, төхөөрөмж суурилуулж дуусгана;
 
3.1.6. томоохон хот, суурин газрын захын хорооллын иргэдэд бие даасан цэвэр усны эх үүсвэртэй болоход мэргэжлийн дэмжлэг үзүүлнэ. Төвлөрсөн цэвэр усны эх үүсвэрт холбох, төвлөрсөн ус түгээгүүрээс ус зөөвөрлөх, тээвэрлэх найдвартай үйл ажиллагааг хэвшүүлнэ;
 
3.1.7. томоохон хот, суурин газрын захын хорооллын иргэдэд ус түгээх үйл ажиллагааг сайжруулах зорилгоор цэвэр усны нэгдсэн сүлжээг өргөтгөх, ус тээвэрлэх, түгээх үйл ажиллагаанд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлнэ;
 
3.1.8. уул уурхайн үйлдвэрүүдийг түшиглэн байгуулагдах хот, суурин газрын төвлөрсөн усан хангамжийн эх үүсвэрийн эрэл, хайгуулын ажлыг дэс дараатай хийж гүйцэтгэнэ;
 
3.1.9. олон жил гантай, цөлжилттэй байгаа бүс нутагт газрын доорхи усны эрэл, хайгуулын ажлыг эрчимжүүлэн гидрогеологийн зураглалыг нэн тэргүүнд гүйцэтгэнэ;
 
3.1.10. уст цэгт ундны усны барилга байгууламжийг барих, байгаа барилга байгууламжийг шинэчлэн засварлах замаар тэдгээрийн найдвартай ажиллагааг хангана;
 
3.1.11. ундны усны эрэл, хайгуул, ашиглалт, барилга байгууламжид оруулах хөрөнгө оруулалтыг бүх талаар дэмжиж, хөрөнгө оруулж байгаа төрийн бус байгууллага, хувийн хэвшлийг дэмжих, эрх зүйн болон эдийн засгийн таатай орчин бүрдүүлнэ;
 
3.1.12. ундны усны чанарын хяналт, мониторингийн түвшинг дээшлүүлэх зорилгоор төв болон орон нутгийн лабораториудад үнэлгээ хийж, материаллаг баазыг бэхжүүлэх, орчин үеийн шинжилгээний нарийвчилсан багаж, тоног төхөөрөмжөөр хангах, орон нутгийг усны чанарын түргэвчилсэн шинжилгээний орчин үеийн зөөврийн багаж, тоног төхөөрөмжөөр  хангана;
 
3.1.13. ундны усны хангамжийг сайжруулахад нутгийн өөрөө удирдах байгууллага, иргэдийн санаачилга, оролцоог идэвхижүүлэхэд чиглэсэн дэс дараатай үйл ажиллагааг зохион байгуулна;
 
3.1.14. ундны усны хангамж, чанар, түүнд тавих хяналтын тогтолцоог бий болгоно;
 
3.1.15. хүн амыг эрүүл ахуйн шаардлага хангасан усаар хангах чиглэлээр хэрэгжиж байгаа гадаад, дотоодын төсөл, хөтөлбөрийг уялдуулан зохицуулна;
 
3.1.16. газар доорхи усны эрэл, хайгуул, олборлолтод орчин үеийн дэвшилтэт техник технологийг өргөн ашиглана;
 
3.1.17. газар доорхи усны нөөцийг олборлох үйл ажиллагаанд нар, салхины эрчим хүчийг өргөнөөр ашиглана;
 
3.1.18. усны чанарын хяналтын лабораторийг шаардлагатай цэгүүдэд нэмж байршуулах замаар хяналтын цэгийн нягтралыг сайжруулна;
 
3.1.19. унд, ахуйн хэрэгцээний усны стандартыг олон улсын жишигт нийцүүлэн боловсруулах, холбогдох нормативыг шинэчлэх, ахуйн бохир усны стандартыг шинэчлэн  мөрдүүлнэ;
 
3.1.20. ундны усны чиглэлээр боловсон хүчин, түүний дотор усны шинжилгээний чиглэлийн боловсон хүчнийг бэлтгэн   мэргэшлийг нь дээшлүүлнэ;
 
3.1.21. усыг халдваргүйжүүлэх дэвшилтэт арга, технологи нэвтрүүлэх, төвлөрсөн ус хангамжийн сүлжээний ус түгээх хоолойг шинэчлэх, зэврэлтээс хамгаалах арга хэмжээ авна;
 
3.1.22. гэр хорооллыг цэвэр болон бохир усны төвлөрсөн шугам, сүлжээнд холбох замаар ус хангамжийг нэмэгдүүлэх;
 
3.1.23. стандартын шаардлага хангахгүй ундны уснаас шалтгаалсан өвчин, эмгэгийн шалтгаан, эрсдэлийг тогтоох үндэсний тандалт, мониторингийн арга, аргачлалыг боловсронгуй болгоно.
 
Хүрэх үр дүн.
 
-Томоохон хот, бүс, аймгийн төв, худалдааны чөлөөт бүсийн төвүүд найдвартай, төвлөрсөн усан хангамжийн эх үүсвэртэй болно.
 
-Хот, сум, суурин газрын иргэдийн 70 хувь нь төвлөрсөн усан хангамжийн сүлжээнд холбогдоно.
 
-Улаанбаатар хот, томоохон аймгийн төв, суурин газрын захын хорооллын иргэдийн усан хангамж сайжирч хүн амын      30 хүртэлх  хувь нь ус түгээгүүрийн сангаас унд, ахуйн хэрэгцээний усаар хангагдана.
 
-Иргэдийн хувийн эзэмшлийн газарт цэвэр усны уст цэгийг нэмэгдүүлэх замаар хүн амын хоногт хэрэглэх усны дундаж хэмжээг нэмэгдүүлнэ.
 
-Эрүүл ахуйн шаардлага хангасан усны хангамж дээшилснээр усны чанараас хамаарсан хүн амын өвчлөлт багасна.
 
3.2. Зорилт 2. Хөдөөгийн төв, суурин газрын төвлөрсөн усан хангамжийн эх үүсвэрийг тогтоож, хөдөөгийн иргэдийг эрүүл ахуйн шаардлагад нийцсэн усаар хангана:
 
3.2.1. орон нутгийн төв, суурин газрын уст цэгийн нөөцийн үнэлгээг дахин хийж баталгаажуулна;
 
3.2.2. уст цэгийн хайгуул хийгдээгүй сум, сууринд газрын  доорхи усны эрэл, хайгуулын ажлыг дэс дараатай хийх замаар сум, суурин газрын төвлөрсөн усан хангамжийн эх үүсвэрийг бий болгох;
 
3.2.3. малчид, тариаланчдын өвөлжөө, хаваржааны уст цэгийн тоог нэмэгдүүлэх, усыг боловсруулах замаар эрүүл ахуйн шаардлагад нийцсэн усаар хангах;
 
3.2.4. хатуулаг, эрдэсжилт ихтэй усыг зөөлрүүлэх, цэнгэгжүүлэх бага оврын  тоног, төхөөрөмж суурилуулах замаар хөдөөгийн нийт хүн амыг эрүүл ахуйн шаардлагад нийцсэн усаар хангах.
 
Хүрэх үр дүн.
 
-Хөдөөгийн сум, суурин газрууд эрүүл ахуйн шаардлага хангасан ус бүхий төвлөрсөн усан хангамжийн эх үүсвэртэй болно.
 
-Малчид, тариаланчдын өвөлжөө, хаваржаа эрүүл ахуйн шаардлага хангасан уст цэгүүдтэй болно.
 
-Цэвэр усны хангамжийг сайжруулснаар усны чанараас шалтгаалсан өвчлөл багасч хүн амын эрүүл ахуй сайжирна.
                 
3.3. Зорилт 3. Сургалт, сурталчилгааны ажлыг эрчимжүүлэн цэвэр усны ашиглалт, хамгаалалт, түгээлтийн ажлыг мэргэжлийн өндөр түвшинд хэрэгжүүлэх үндэсний боловсон хүчинтэй болно:
 
3.3.1. ус эрүүл ахуйн шаардлагыг хангасан байх ач холбогдлын талаар албан болон албан бус сургалтыг тогтмол зохион байгуулна;
 
3.3.2. эрүүл ахуйн шаардлага хангаагүй уснаас үүдэлтэй өвчлөл, түүнээс урьдчилан сэргийлэх талаархи мэдээллийг иргэдэд байнга хүргүүлж байна.
 
Хүрэх үр дүн.
 
-Усны салбарын боловсон хүчний чадавхи дээшилнэ.
-Цэвэр усны хэрэглээний талаархи иргэдийн мэдлэгийн түвшин дээшилж, усны чанараас хамаарсан өвчлөлгүй эрүүл иргэд бүхий нийгэм бүрдүүлнэ.    
 
3.4. Хөтөлбөрийг 2015 он хүртэл хэрэгжүүлж үйл ажиллагааг дараахь хоёр үе шатаар хэрэгжүүлнэ:
 
3.4.1. I үе шат. 2008-2010 он
 
-Одоо ашиглагдаж байгаа газрын доорхи усны ордуудын дахин үнэлгээг хийж, ашиглалтын нөөцийг  баталгаажуулна;
 
-Томоохон хот суурин, бүсийн төвүүд, худалдааны чөлөөт бүсийн төвлөрсөн усан хангамжийн эх үүсвэрийн эрэл, хайгуулын ажлыг хийж, нөөцийг үнэлж дууссан байна;
 
-Орон нутгийн төв, суурин газрын усны эх үүсвэрийн байдалд үнэлгээ, судалгаа хийж, бололцоотой газарт нөөцийн  үнэлгээг хийж  баталгаажуулна;
 
-Усны ашиглалтын нөөц баялгийг шинээр болон дахин үнэлгээгээр тогтоож эдгээр усны эх үүсвэрийг ашиглах барилга, байгууламжийг ашиглалтад оруулна;
 
-Усны эрүүл ахуйн шинжилгээ хийдэг лабораториудад үнэлгээ хийж, стандартын дагуу иж бүрэн шинжилгээ хийдэг болгоно;
 
-Сум, суурин газрын одоо ашиглаж байгаа болон шинээр илрүүлэх эх үүсвэрийн хатуулаг, эрдэсжилтийг багасгах зорилгоор зөөлрүүлэх, цэнгэгжүүлэх тоног, төхөөрөмжийг суурилуулж дуусгасан байна;
 
-Томоохон хот, суурин газрын захын хорооллын иргэдийг нэгдсэн ус түгээгүүрийн шугамд холбоно;
 
-Усан сан бүхий газрын онцгой болон хамгаалалтын бүсийн дэглэмийн хэрэгжилтэд тавих хяналтыг чангатгах, гадаргын усны эх булгийг хамгаалах, бохирдлоос сэргийлэх талаар мэргэжлийн хяналт, байгаль хамгаалах болон орон нутгийн захиргааны байгууллагуудын ажлыг эрчимжүүлнэ;
 
-Ус ашиглах зориулалтаар байгууллага, иргэдийн гаргасан шаардлага хангахгүй гүний болон гар худгийн усыг ахуйд ашиглах үйл ажиллагааг нэгдсэн бодлогоор зохицуулна.
 
3.4.2.  II үе шат. 2011-2015 он:
 
-Орон нутгийн төв, суурин газрын усны эрэл, хайгуулын ажлыг хийж дуусгана;
 
-Малчид, тариаланчдын өвөлжөө, хаваржааны уст цэгийн илрүүлэлтийг 80 хувьд хүргэж, худгийн болон түүнтэй холбоотой барилга байгууламжийг ашиглалтад оруулна.
 
Дөрөв. Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт,
                              санхүүжилт
 
4.1. Байгаль орчин, барилга, хот байгуулалт, хүнс, хөдөө аж ахуй болон эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагууд нь энэхүү хөтөлбөрийг эдийн засаг, нийгмийн бусад холбогдох хөтөлбөртэй уялдуулан, хэрэгжүүлэх ажлыг хариуцсан салбарынхаа хүрээнд удирдлага, зохион байгуулалтаар хангаж, мэргэжлийн болон хөндлөнгийн хяналтыг сайжруулан ажиллана.
 
Тухайн нутаг дэвсгэрийн хүрээнд аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хөтөлбөрийг зохион байгуулж, хэрэгжүүлэх ажлыг орон нутгийн нийтийн аж ахуй, байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн болон эрүүл мэндийн байгууллагууд хариуцна. 
 
4.2. Хөтөлбөрийн хяналт-шинжилгээ, үнэлгээний зорилго нь хөтөлбөрт дэвшүүлсэн зорилтыг хангах үйл ажиллагааны удирдлага, зохион байгуулалт, хэрэгжилтийг нэгтгэн дүгнэх, усны судалгаа, олборлолтод зарцуулж байгаа хөрөнгийн үр ашгийг тооцож холбогдох байгууллагад тайлагнах, шаардлагатай нөөцийг бүрдүүлэхэд чиглэгдэнэ:
 
4.2.1. хөтөлбөрийн хэрэгжилтийн байдалд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх ажлыг Усны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар эрхлэн гүйцэтгэнэ;
 
4.2.2. хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг хөтөлбөрийн зорилт тус бүрийн хүрэх үр дүнгийн үзүүлэлт болон хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний биелэлтээр гаргана.
 
4.3. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг дараахь эх үүсвэрээс санхүүжүүлнэ:
 
4.3.1. улс, орон нутгийн төсвийн хөрөнгө;
 
4.3.2. хандивлагч орон, олон улсын байгууллагын зээл, тусламж, хандив;
 
4.3.3. гадаад, дотоодын хөрөнгө оруулалт;
 
4.3.4. төрийн болон төрийн бус байгууллагын санаачилгаар хуримталсан хөрөнгө;
 
4.3.5. иргэд, аж ахуйн нэгж байгууллагын өөрийн хөрөнгө;
 
4.3.6. бусад эх үүсвэр.
 
         Тав.Хөтөлбөрийн шалгуур үзүүлэлт
 
5.1. Хөтөлбөрийн үр дүнг дараахь үзүүлэлтээр гаргана:
 
5.1.1. эрүүл ахуйн шаардлага хангасан усаар хангагдсан хүний тоо;
 
5.1.2. нэг хүнд ногдох эрүүл ахуйн шаардлага хангасан усны хэмжээ;
 
5.1.3. эрүүл ахуйн шаардлага хангасан уст цэгийн тоо;
 
5.1.4. хатуулаг, эрдэсжилт ихтэй усны эх үүсвэрүүдэд зөөлрүүлэх, цэнгэгжүүлэх тоног төхөөрөмж суурилуулсан сум, суурин газрын тоо;
 
5.1.5. ундны усны чиглэлээр, түүний дотор усны шинжилгээний чиглэлээр мэргэжлийн боловсон хүчин бэлтгэгдсэн байдал;
 
5.1.6. гэр хороолол цэвэр усны төвлөрсөн шугам сүлжээнд холбогдсон хувь хэмжээ.
 
 
 
 
 
                                                                                              ---оОо---