- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДИЙН ОРОЛЦООГ ДЭМЖИХ ДЭД ХӨТӨЛБӨР
Засгийн газрын 2006 оны 283 дугаар
тогтоолын 2 дугаар хавсралт
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДИЙН ОРОЛЦООГ ДЭМЖИХ ДЭД ХӨТӨЛБӨР
Нэг. Нийтлэг үндэслэл
2001–2006 онд улсын хэмжээнд хийсэн судалгаанаас үзэхэд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн талаар олон улсын жишиг ангиллын дагуу нарийвчилан гаргасан бүртгэл, төрөлжүүлсэн мэдээллийн сан Монгол Улсад одоог хүртэл байхгүй байна.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд нь эмзэг асуудлын нэг юм. Хүүхдийн хөгжлийн бэрхшээл гол төлөв бага насанд илэрдэг боловч зөв оношлох, эмчлэх үйл ажиллагаа чанартай хийгдээгүйн улмаас олон хүүхэд эдгэрэх боломжоо алддаг байна. Орон нутагт хүүхдийн эмчилгээ, эмийн хангамж муу байгаагаас хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд зайлшгүй шаардлагатай эм, тариаг удаан хугацаагаар хэрэглэж чадалгүй өвчин нь хүндрэх явдал ажиглагдаж байна.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 50 гаруй хувь нь бага насандаа сургуульд суралцдаг боловч анги дэвших тутам энэ үзүүлэлт 14 хувь болтлоо буурч байгаа нь тэднийг суралцахад шаардлагатай нийгэм-сэтгэл зүйн тааламжтай орчин сургалтын байгууллагад бүрдэж чадаагүй байгаатай холбоотой юм. Орон нутагт хөгжлийн бэрхшээлтэй хуухэд суурь боловсрол эзэмших боломж хязгаарлагдмал хэвээр байна.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 66.4 хувь нь орлогын эх үүсвэргүй буюу ам бүлийн нэг гишүүнд ногдох орлогын хэмжээ нь амьжиргааны баталгаажих доод түвшингээс бага байгаа өрхөд амьдардаг.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хэдэн хувь нь нийгмийн халамж, үйлчилгээнд хамрагддаг, энэхүү хэмжээ нь хэрхэн өөрчлөгдөж байгааг улсын хэмжээнд тодорхойлдоггүй байна.
Нийгэм–эдийн засгийн олон шалтгааны улмаас хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй өрх, гэр бүлийн орлого доогуур түвшинд байгааг судалгааны дүн харуулсан бөгөөд энэ нь хүүхдийн эрх, эрэлт хэрэгцээг хангахад саад учруулж улмаар хүчирхийллийн хэлбэр болдог байна.
Эрүүл мэнд, боловсрол, нийгмийн халамж, хамгаалал, эрх зүй болон сэргээн засах үйлчилгээний нэр төрөл, хүртээмж, чанар хангалтгүйн улмаас хүүхэд өөртөө тохиолддог хүндрэл, бэрхшээл, зарим талаар бусдаас дутуу дулимаг байгаа байдлаа мэдэрч, өөрийгөө нийгмийн орчноос тусгаарлах, нөгөөтэйгүүр тохирсон тохироогүй дэмжлэг, туслалцааг хэт бэлэнчлэх, мэдлэг, мэдээллийн зөрүүг ухаарахын оронд тулган шаардах, өлсгөлөн зарлах зэрэг үзэл бодлоо илэрхийлэх оновчтой бус арга хэлбэрийг сонгож байна. Энэ нь тэдэнд хандах хандлага, харилцаа, үйлчилгээнд гарсан зөрчлийг шуурхай, шударга шийдвэрлэдэг арга зам болон түүнд суралцах арга зүй үгүйлэгдсэний илрэл мөн.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд сэтгэл санааны хувьд өөрийгөө жолоодох, ирээдүйд итгэх, тэднийг гадуурхан хайхрамжгүй ханддаг байдлыг арилгах, хүн хүнээ хүндэтгэх зэрэг ёс зүйн зөв чиг хандлагыг төлөвшүүлэхэд биечлэн оролцох шаардлага байсаар байна.
2006 оны 4 дүгээр сард Улаанбаатар хотноо зохион байгуулсан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асуудлаархи "Хамтдаа хөгжицгөөе" хүүхдийн Үндэсний чуулганаас хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд тулгамдаж байгаа асуудал нь нийгмийн хөгжлийн асуудлын хавсарга болсноос шийдвэрлэх явцад эзэнгүйдэх явдал ердийн үзэгдэл боллоо гэж үзсэн байна.
Нийгмийн хөгжлийн явцад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн аж байдлыг сайжруулах үйл хэрэгт тэдний оролцоо, эцэг эх, нийгэм, хамт олны хандлага, хариуцлагыг нэмэгдүүлэх цогц, тогтвортой ажиллагаа, зохицуулалтыг хангасан хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлагатай байгаа нь харагдаж байна.
Хоёр. Дэд хөтөлбөрийн зорилго, зарчим
2.1. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд хувь хүн, нийгмийн гишүүний хувьд өөрийн сонголт, үзэл бодол, үнэт зүйлстэй байх, бие даасан аливаа үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээх тэдгээрийн чадамж, чадварыг хөгжүүлэх, нийгмийн амьдралд оролцох оролцоог хөхиүлэн дэмжих орчин, нөхцөлийг бүрдүүлэхэд энэхүү хөтөлбөрийн зорилго оршино.
2.2. Дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ дараахь зарчмыг баримтална:
а) хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд амьдрах, эсэн мэнд хөгжих, эрхээ хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцоход шаардлагатай мэдээлэл хүртээмжтэй байх;
б) хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд санаа бодлоо илэрхийлэх боломжтой байх;
в) хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ялгаваргүйгээр гэр бүл, сургууль, хамт олны дунд шийдвэр гаргахад оролцохыг хүлээн зөвшөөрдөг байх;
г) хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд өөрийн болон нийгмийн сайн сайхан хөгжлийн төлөө үйл ажиллагаа явуулдаг байгууллагад эвлэлдэн нэгдэх, үүсгэн байгуулахад насанд хүрэгчдийн туслалцаа, дэмжлэгийг авдаг байх.
Гурав. Дэд хөтөлбөрийн зорилт, үр дүн, үйл ажиллагаа
Зорилт 1. Улс болон орон нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийн бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтэд хүүхдийн оролцох чадварыг нэмэгдүүлнэ.
Үр дүн. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд санал бодлоо илэрхийлэх боломж бүрдсэн байна.
Үйл ажиллагаа
3.1.1. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн онцлогт нийцсэн хэлбэрээр мэдээлэл өгөх, санал бодлыг нь хүлээн авах зорилгоор хүүхдийн эрхийн тухай болон нийгмийн амьдралын талаархи танин мэдэхүйн ном, гарын авлага, хялбаршуулсан сонин, сэтгүүл гарган харилцан мэдээлэх ажлыг зохион байгуулах;
3.1.2. Улсын болон орон нутгийн статистикийн мэдээ, судалгаанд тулгуурлан хүүхдийн аж байдлыг хянах, үнэлэх үйл ажиллагаанд хүүхэд оролцох хүрээ тогтоох;
3.1.3. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийн хэрэгжилт, тэдэнд үзүүлж байгаа тусламж, үйлчилгээний хүртээмж, эрэлт хэрэгцээний талаар судалгаа, хяналт-шинжилгээ, үнэлгээг тогтмол явуулж цаашид авах арга хэмжээг тодорхойлох;
3.1.4. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн онцлогийг олон нийтэд таниулах, уг асуудлаар "Хүүхдийн хөрөг" нэвтрүүлэг, нийтлэлийг нэмэгдүүлэх, телевизийн хүүхдийн нэвтрүүлэгт дохионы хэлний орчуулга оруулах арга хэмжээ авах;
3.1.5. Жил бүр ижил төрлийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн, 5 жил тутамд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асуудлаархи хүүхдийн чуулга уулзалт зохион байгуулж хүүхдийг шийдвэр гаргах түвшинд оролцох болон шийдвэрт үнэлгээ, дүгнэлт өгөх, санал дэвшүүлэх соёлд сургах.
Үр дүн. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд аливаа үйл ажиллагаанд оролцох ээлтэй орчин, дэд бүтэц байгуулах эхлэл тавигдсан байна.
Үйл ажиллагаа
3.1.6. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд аюулгүй зорчих хаалга, шат, бие засах газрыг нэн тэргүүнд хүүхдийн байгууллагын орчинд бий болгох ажлыг үе шаттай төлөвлөн зохион байгуулах;
3.1.7 Хүүхдийн хөгжлийн бэрхшээлийн төрөл, хэлбэрийн ангиллаар өсөлт, хөгжлийн онцлог, эрүүл ахуйн стандартад нийцсэн ширээ, сандал, ор, сурах бичиг, тавилгын хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр үндэсний үйлдвэрлэлийг дэмжих бодлого явуулах;
3.1.8. Хүүхдийн хөгжлийн бэрхшээлийн онцлогт нийцсэн урлаг, спортын уралдаан, тэмцээний хүрээг өргөжүүлэх замаар оролцоог нэмэгдүүлэх;
3.1.9. Хүүхдийн сургалт, урлаг, спорт, хөдөлмөр-дадлын уралдаан, тоглоом, наадамд шаардлагатай тусгай хэрэглэлийг хүүхдэд хуваарилах, хүргэх, тэдгээрийн ашиглалтад хяналт тавих ажлыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх;
3.1.10. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд гэр бүл, хамт олноороо амрах, сувилуулах, зугаалах, тоглох бололцоотой зуслан, амралт, сувиллын газар ажиллуулах иргэд, байгууллагын санаачилгад дэмжлэг үзүүлэх;
Зорилт 2. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн оролцоог хангах бүтцийг бэхжүүлж үйл ажиллагааг тогтворжуулна.
Үр дүн. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн оролцоог хангах олон нийтийн түншлэл, хамтын ажиллагаа өргөжсөн байна.
Үйл ажиллагаа
3.2.1. Хүүхдийн хөгжлийн бэрхшээлийн төрөл, хэлбэрийн ангилалд нийцсэн үйл ажиллагаа явуулдаг амьдрах чадварын клуб, хөдөлмөр-сургалтын төв, бэлгийн боловсрол олгох кабинет, урлаг, спортын секц, дугуйлан байгуулан ажиллах санаачилгыг идэвхжүүлэх;
3.2.2. Сэтгэл зүйч, нийгмийн ажилтан, багш, эмч, сувилагч бэлтгэдэг их, дээд сургуулийн оюутны зуны дадлагыг "Оюутны сайн дурынхны (Хөдөлгөөн-Хэрэглээ-Хөгжилд туслагч) баг"-ийн хэлбэрээр явуулахад дэмжлэг үзүүлэх;
3.2.3. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд нийгэм, хамт олны дунд орох, эвлэлдэн нэгдэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор оюутны "Сайн дурынхны баг"-ийг хүүхэд хамгааллын болон хүүхдийн өөрийн удирдлагын байгууллагад ажиллуулах асуудлыг дэмжих;
3.2.4. Сум, дүүрэг, баг, хороонд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийг хамгаалах, шийдвэр гаргах түвшинд тэдний саналыг хүргэх "Хүүхдийн элч" ажиллуулах.
Зорилт 3. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эх, асран хамгаалагч болон хүүхдийн төлөө ажил, үйлчилгээ эрхэлдэг ажилтны чадавхийг бэхжүүлнэ.
Үр дүн. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хандах хандлага, тэдний өмнө хүлээх хариуцлага бүх түвшинд нэмэгдэж хүүхдийн төлөө байгууллагын үйл ажиллагааны үр нөлөө дээшилнэ.
Үйл ажиллагаа
3.3.1. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхийн холбоодын үйл ажиллагааг идэвхжүүлэх чиглэлээр зөвлөх үйлчилгээг бий болгох;
3.3.2. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй зүй бусаар харьцах, үл хайхрах, залхаах, зодож шийтгэх, хүчирхийлэхийг хориглосон, үл тэвчсэн нийгмийн сэтгэл зүйг төлөвшүүлэн сурталчлах;
3.3.3. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийн талаар нийгмийн болон хүүхдийн эрхийн ажилтан, багш нарт сургалт зохион байгуулж мэдээллээр хангах;
3.3.4. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжил, хамгааллын чиглэлээр ажилладаг ажилтны ур чадварыг нэмэгдүүлэх, тодорхой асуудлаар мэргэшүүлэх;
3.3.5. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд олгодог протез, ортопедийн туслах хэрэглэлийг засах, сэлбэх, шинэчлэх, ашиглах сургалт зохион байгуулдаг сургагч бэлтгэх;
3.3.6. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагчдыг нөхөн сэргээх эмчилгээний арга барилд сургах сургалт, сурталчилгааг өргөжүүлэх;
3.3.7. Нийгэм хамт олонд тулгуурласан сэргээн засах хөтөлбөрийн ажилтан, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажилладаг хүмүүст зориулан мэдээлэл, туршлага солилцох уулзалт, зөвлөлгөөн, семинарыг тогтмол зохион байгуулах;
3.3.8. Олон улсын чиг хандлагад нийцүүлэн аймаг, нийслэлийн эрүүл мэндийн төв, нэгдлийг түшиглэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн "хөдөлгөөн засалч, ахуйн хэрэглээний сургагч, нийгмийн ажилтан, хэл засалч-сэтгэл зүйч, сурган хүмүүжүүлэгч"-дийг багаар ажиллуулах менежментийг нэвтрүүлэх.
Зорилт 4. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн оролцоог хөхиүлэн дэмжсэн нийгэм, соёлын таатай орчин бүрдүүлнэ.
Үр дүн. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн оролцооны эрхийг хэрэгжүүлэх таатай орчин бүрдүүлэгч байгууллага, хамт олон, иргэдийн санаачилга өрнөсөн байна.
А. Эрүүл мэндийн салбараас үзүүлэх дэмжлэг
3.4.1. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах эмчилгээнд ерөнхий болон тусгай аргачлал боловсруулан нэвтрүүлэх;
3.4.2. Хүүхдийн бэрхшээлийн өвөрмөц хэрэгцээнд шаардлагатай амин дэмээр баяжуулсан хоол тэжээлийг нэмэгдүүлэх, хоолны сувилал ажиллуулах санал, санаачилгыг дэлгэрүүлэх;
3.4.3. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд хэрэглэх зарим эмийг зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад оруулах;
3.4.4. Эмнэлэг, сувилал, биеийн тамир, чийрэгжилтийн тасаг, кабинетаас бүрдсэн "Сэргээн заслын цогцолбор"-ыг бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн дэргэд байгуулах санал боловсруулж улсын төсөв болон гадаад, дотоодын хандивлагчдын хөрөнгөөр санхүүжүүлэх асуудлыг судалж шийдвэрлэх;
3.4.5. Хүүхдэд хөгжлийн хоёрдогч, гуравдагч бэрхшээл үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор орон нутагт эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг тогтмол явуулах.
Б. Боловсролын салбараас үзүүлэх дэмжлэг
3.4.6. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургалтад ногдох хувьсах зардлын норматив хэмжээг нэмэгдүүлэх, цэцэрлэг, сургуулийн багшийн ажлын үнэлгээний хэлбэрийг өөрчлөх, урамшууллыг боловсронгуй болгож шинэчлэх;
3.4.7. Ердийн сургуулиас тусгай сургуульд шилжүүлдэг тогтолцоог тусгай сургуульд 3 хүртэл жил суралцаж зохих чадамж, чадварын боломжид хүрсэн сурагч ерөнхий боловсролын сургуульд шилждэг болгон өөрчлөх;
3.4.8. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сургуульд тэгш хамруулан сургах бодлогыг хэрэгжүүлж, тэдгээрийн сургууль завсардалтыг бууруулах;
3.4.9. "Сурагчийн өдрийн цай" хөтөлбөрт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн витаминжуулалтын зардлыг нэмж тусгах асуудлыг судлах;
3.4.10. Хүнд хэлбэрийн эмгэгтэй хүүхдийн хэрэгцээнд тулгуурлан танхимын болон гэрийн сургалт хосолсон хөтөлбөр боловсруулах;
3.4.11. Хөгжлийн бэрхшээлтэй ахлах ангийн сурагчдыг гадаад хэл, компьютерийн сургалтад хамруулж, мэргэжлийн болон дээд боловсрол эзэмших боловсролын байгууллагад суралцахад нь бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлэх;
3.4.12. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хэрэгцээнд зориулсан брайл, аудио, видео ном, сурах бичгийн хүртээмжийг нэмэгдүүлэх арга хэмжээ авах;
3.4.13. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучуудын онцлогт зориулсан бялдаржуулах буюу "Сэргээн засалт"-ын танхимыг орон нутагт байгуулах.
В. Нийгмийн хамгааллын салбараас үзүүлэх дэмжлэг
3.4.14. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн халамжийн үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллах;
3.4.15. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд нас барахад түүний оршуулгад зориулан оршуулгын тэтгэмж олгох асуудлыг судалж шийдвэрлэх;
3.4.16. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй гэр бүлийн гишүүдэд зориулсан зайны сургалтад дэмжлэг үзүүлэх;
3.4.17. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эх, асран хамгаалагчдад сэтгэл зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх үйлчилгээ бий болгох;
3.4.18. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийнхээ бэрхшээлийг сэргээн засах, авьяас, давуу талыг нь хөгжүүлэхийг дэмжсэн жижиг төслийг гэр бүлийн хүрээнд хэрэгжүүлэх асуудлыг дэмжих;
3.4.19. Асрамж, халамжийн төвд амьдардаг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн аж байдалд тавьдаг хөндлөнгийн хяналтын тогтолцоог бий болгох.
Г. Хууль зүйн салбараас үзүүлэх дэмжлэг
3.4.20. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай Тунхаглал, Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст тэгш боломж олгох үндсэн зарчим, стандарт, дүрэмд нэгдэх асуудлаар судалгаа хийж, санал боловсруулах;
3.4.21. Ази, Номхон далайн бүсийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аж байдлыг сайжруулах, тэдний оролцоог хангасан саад тотгоргүй, хүний эрхэд тулгуурласан нийгмийг цогцлон бүрдүүлэх талаархи 10 жилийн /2003-2012 он/ үйл ажиллагааны хөтөлбөрийн үзэл санаа, агуулгын тайлбарыг хүүхэд, залуучуудад сурталчлах арга хэмжээ авах;
3.4.22. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрх, аж байдлыг сайжруулах чиглэлээр холбогдох хууль тогтоомжийг боловсронгуй болгох.
Дөрөв. Дэд хөтөлбөрийн хугацаа, санхүүжилт
4.1. Дэд хөтөлбөрийг хүүхдийн хөгжил, хамгааллыг сайжруулах Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилттэй уялдуулан хэрэгжүүлэх бөгөөд үйл ажиллагааг дараахь үе шаттай төлөвлөнө:
1 дүгээр үе шат 2006-2009 он;
2 дугаар үе шат 2010-2012 он.
4.2. Дэд хөтөлбөрийн санхүүжилтийг дараахь эх үүсвэрээс бүрдүүлнэ:
1) улс, орон нутгийн төсвөөс олгох хөрөнгө;
2) олон улсын байгууллага, хандивлагч орны тусламж, хандив;
3) олон нийтийн санаачилгаар хуримтлагдсан хөрөнгө;
4) бусад эх үүсвэр.
Тав. Дэд хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт
5.1. Дэд хөтөлбөрийн үйл ажиллагаанд бүх салбарын оролцоог хангах, хамтын ажиллагааг зохицуулах үүргийг Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөл хариуцна.
5.2. Дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг Хүүхдийн төлөө үндэсний газар гүйцэтгэнэ.
5.3. Орон нутагт дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих ажлыг бүх шатны Засаг даргаар удирдуулсан Хүүхдийн төлөө зөвлөл мэргэжлийн байгууллагатай хамтран гүйцэтгэнэ. Орон нутгийн түвшинд зохион байгуулсан ажлын явц, үр дүнг Хүүхдийн төлөө үндэсний газарт жил бүрийн I улиралд багтаан тайлагнана.
5.4. Хүүхдийн төлөө Үндэсний газар хөтөлбөрийн хүрээнд үндэсний болон орон нутгийн түвшинд зохион байгуулсан ажлын явц, үр дүнг нэгтгэн Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлд жил бүрийн П улиралд тайлагнаж байна.
Зургаа. Дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлэх
шалгуур үзүүлэлт
6. Дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг дараахь үзүүлэлтээр үнэлнэ:
6.1. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн санал, үнэлгээнд үндэслэн гарсан шийдвэр, эрх зүйн актын тоо;
6.2. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд санал, үзэл бодлоо илэрхийлэх, мэдээлэл солилцох арга, хэлбэрийн тоо;
6.3. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжил, хамгаалал, оролцоог сайжруулах асуудлаар бодлогын баримт бичигтэй ажилладаг байгууллагын тоо;
6.4. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд ээлтэй орчин, дэд бүтэц бий болгосон байгууллагын тоо, түүнд зарцуулсан хөрөнгийн хэмжээ;
6.5. Нийгмийн цогц суурь үйлчилгээнд хамрагдсан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоо.
-------оОо------
Текст томруулах
A
A
A