- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН САНГИЙН ДҮРЭМ
Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 162 дугаар
тогтоолын 1 дүгээр хавсралт
НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН САНГИЙН ДҮРЭМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Нийгмийн халамжийн сан (цаашид "сан" гэнэ)-г бүрдүүлэх, зарцуулах, бүртгэх, тайлагнах, хяналт тавих үйл ажиллагааг энэхүү дүрмээр зохицуулна.
1.2. Нийгмийн халамжийн сангийн хөрөнгө нь Нийгмийн халамжийн тухай, Ахмад настны нийгмийн хамгааллын тухай, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламж, үйлчилгээг санхүүжүүлэхэд зориулагдана.
1.3. Нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр, тэтгэмж, тусламж, хөнгөлөлт, үйлчилгээний зардлыг санхүүжүүлэх, гүйцэтгэлийг тайлагнах үүргийг нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, санхүү, төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын Төрийн сангийн газартай хамтран гүйцэтгэнэ.
1.4. Нийгмийн халамжийн сангийн төлөвлөлт, санхүүжилт зарцуулалтад хяналт тавих асуудлыг нийгмийн халамжийн болон санхүү, төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага хариуцна.
Хоёр. Сангийн бүрдүүлэлт
2.1. Нийгмийн халамжийн сангийн орлого дор дурдсан эх үүсвэрээс бүрдэнэ:
2.1.1. төсвөөс олгох хөрөнгө;
2.1.2. орон нутгийн төсвөөс хуваарилсан хөрөнгө;
2.1.3. сангийн хөрөнгийн чөлөөт үлдэгдлийг банкинд хадгалуулсны хүү;
2.1.4. олон улсын байгууллага, гадаад орнуудаас өгсөн хандив, тусламж;
2.1.5. аж ахуйн нэгж, байгууллага, иргэнээс өгсөн хандив, тусламж;
2.1.6. бусад эх үүсвэр.
Гурав. Сангийн хөрөнгийн зарцуулалт
3.1. Нийгмийн халамжийн сан нь мөнгөн хөрөнгийн сан байх бөгөөд улсын хэмжээний төвлөрсөн сан, орон нутгийн дэд сантай байна.
3.2. Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуульд заасны дагуу улсын төсвөөс нийгмийн хамгааллын арга хэмжээнд зориулан хуваарилсан хөрөнгө нь нийгмийн халамжийн санд тусгай зүйл ангиар зохицуулагдана.
3.3. Нийгмийн халамжийн сангийн хөрөнгийг зориулалтын бус зүйлд ашиглах, зарцуулахыг хориглоно.
3.4. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийн 5.1.4, Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн 5.1.1-д тус тус заасан ортопедийн болон тусгай хэрэгсэл шаардлагатай ахмад настан, хөгжлийн бэхшээлтэй иргэнд жишиг үнийг баримтлан протез, ортопедийн болон тусгай хэрэгслийн үнийг олгоно. Протез, ортопедийн болон тусгай хэрэгслийн жишиг үнийг нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
Дөрөв. Сангийн хөрөнгийн төлөвлөлт
4.1. Нийгмийн халамжийн төвлөрсөн сангийн орлого, зарлагыг дараахь байдлаар төлөвлөнө:
4.1.1. аймаг, дүүргийн нийгмийн халамж, үйлчилгээний байгууллага нь дараагийн санхүүгийн жилд шаардагдах хөрөнгийн хэмжээг нийгмийн халамжийн арга хэмжээнд хамрагдах хүний тоо, тэтгэвэр, тэтгэмж, тусламж, хөнгөлөлт, үйлчилгээний төрлөөр нь ангилан төлөвлөж, жил бүрийн 3 дугаар сарын 5-ны дотор нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ;
4.1.2. нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь нэг хүнд ногдох тэтгэвэр, тэтгэмж, тусламж, хөнгөлөлтийн хэмжээ, үйлчилгээний зардлын норм, норматив, стандартыг үндэслэн нийгмийн халамжийн сангийн дараа оны орлого, зарлагыг улсын хэмжээгээр нэгтгэн төлөвлөж, 3 дугаар сарын 20-ны дотор нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ;
4.1.3. нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь сангийн орлого, зарлагын дараа оны төлөвлөгөөг төсвийн хүрээний мэдэгдлийн төсөлд тусгуулахаар 4 дүгээр сарын 5-ны дотор санхүү, төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ;
4.1.4. санхүү, төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь сангийн орлого, зарлагын жилийн төлөвлөгөөг хянан үзэж төсвийн хүрээний мэдэгдэл, улсын нэгдсэн төсвийн төсөлд тусгана;
4.1.5. орон нутгийн төсвөөс халамжийн дэд санд олгох хөрөнгийн хэмжээг аймаг, нийслэл, дүүргийн Засаг дарга тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэн батлуулна.
Тав. Сангийн хөрөнгийн санхүүжилт
5.1. Нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь нийгмийн халамжийн төвлөрсөн сангаас тухайн онд аймаг, дүүргийн нийгмийн халамжийн дэд санд олгох санхүүжилтийн хуваарийг сар, улирлаар гаргаж нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээр батлуулан санхүү, төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын Төрийн сангийн газарт хүргүүлнэ.
5.2. Санхүү, төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын Төрийн сангийн газар нь нийгмийн халамжийн төвлөрсөн сангаас дэд санд олгох хөрөнгийг батлагдсан хуваарийн дагуу орон нутгийн нийгмийн халамж үйлчилгээний байгууллагын дансанд сар, улирал бүр шилжүүлнэ.
5.3. Нийгмийн халамжийн арга хэмжээнд зарцуулах хөрөнгийг аймаг, дүүргийн нийгмийн халамж үйлчилгээний байгууллага хуваарийн дагуу сонгон шалгаруулан банкинд сар бүр шилжүүлнэ.
5.4. Энэхүү дүрмийн 5.3-т заасан банкийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу сонгон шалгаруулах ажлыг нийслэлд Нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, аймагт Нийгмийн халамж үйлчилгээний байгууллага тус тус хариуцна.
5.5. Нийгмийн халамж, асрамжийн үйлчилгээнд зориулан орон нутгийн төсвөөс нийгмийн халамжийн дэд санд олгох хөрөнгийг орон нутгийн төрийн сангийн тасаг сар, улирлаар хуваарилан олгоно.
5.6. Сангийн зарцуулагдаагүй үлдэгдлийг татан төвлөрүүлж, зориулалтын дагуу дахин хуваарилах асуудлыг
нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага шийдвэрлэнэ.
Зургаа. Сангийн хөрөнгийн зарцуулалтад
тавих хяналт, тайлан
6.1. Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж, тусламж, хөнгөлөлтийг тогтоосон хугацаанд олгох, зарцуулалтад хяналт тавих үүргийг аймаг, дүүргийн нийгмийн халамж үйлчилгээний байгууллага хариуцна.
6.2. Нийгмийн халамжийн сангийн хөрөнгийн зарцуулалтад дотоод хяналт тавих үүргийг нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага гүйцэтгэнэ.
6.3. Нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь сангийн төлөвлөлт, гүйцэтгэлийн байдалд хяналт-шинжилгээ хийж үнэлгээ, дүгнэлт өгсний үндсэн дээр сангийн жилийн төсвийн гүйцэтгэлийг хянан хэлэлцэж дүгнэлтийн хамт санхүү, төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
6.4. Нийгмийн халамжийн сангийн зарцуулалтад мэргэжлийн хяналтын байгууллага, аудитын байгууллага тус тусын хяналт тавина.
6.5. Нийгмийн халамжийн сангийн орлого, зарлагын улирлын тайланг аймаг, дүүргийн нийгмийн халамж үйлчилгээний байгууллагын дарга тухайн улирлын дараа сарын 10-ны дотор, жилийн эцсийн нэгдсэн тайланг дараа оны 1 дүгээр сарын 15-ны дотор нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад тус тус гаргаж ирүүлнэ.
6.6. Нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь нийгмийн халамжийн сангийн сарын мэдээг дараа сарын 4-ний дотор, улирлын нэгдсэн тайланг дараа улирлын эхний сарын 25-ны дотор, жилийн эцсийн нэгдсэн тайланг дараа оны 2 дугаар сарын 10-ны дотор тус тус гаргаж, санал дүгнэлтийн хамт нийгмийн халамжийн болон санхүү, төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад тус тус хүргүүлнэ.
Текст томруулах
A
A
A