A

A

A

Бүлэг: 1979
                                                                                                          Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 162 дугаар
                                                                                                          тогтоолын 4 дүгээр хавсралт
 
 
ОЛОН НИЙТИЙН ОРОЛЦООНД ТҮШИГЛЭСЭН
ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ЖУРАМ
 
                                                                                       Нэг. Нийтлэг үндэслэл
 
      1.1. Нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа шаардлагатай өрх, иргэнд Нийгмийн халамжийн тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ (цаашид "үйлчилгээ" гэнэ)  үзүүлэхэд  энэхүү журмыг  баримтална.
 
                                                        Хоёр. Олон нийтийн оролцоонд түшиглэсэн
                                                                           халамжийн үйлчилгээ үзүүлэх
 
2.1. Нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа шаардлагатай өрх, иргэн халамжийн үйлчилгээнд хамрагдах хүсэлтийг дор дурдсан бичиг баримтын хамт бүрдүүлж сум, хорооны нийгмийн ажилтанд өгнө:
 
     2.1.1.  үйлчилгээнд хамрагдахыг хүссэн тухай өргөдөл;
 
2.1.2. иргэний үнэмлэх (16 насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээ), хуулбарын хамт.
 
2.2. Сум, хорооны нийгмийн ажилтан хүсэлт гаргасан өрх, иргэний амьдралын нөхцөлийг нь судалж саналаа сум, хорооны Амьжиргааг дэмжих зөвлөлд хүргүүлнэ.
 
2.3. Сум, хорооны Амьжиргааг дэмжих зөвлөл нийгмийн ажилтны саналыг хянан хэлэлцэж, тухайн өрх, иргэнийг үйлчилгээнд хамруулах эсэх талаар шийдвэр гаргаж аймаг, дүүргийн нийгмийн халамж үйлчилгээний байгууллагад хүргүүлнэ.
 
2.4. Нийгмийн халамжийн тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан халамжийн үйлчилгээний ижил төрөлд хамрагдах өрх, иргэдийг өөрсдийнх нь санаачилгыг түшиглэн бүлгийн зохион байгуулалтад оруулах, хамт олны бүлэг бүрдүүлэх сургалтад хамруулах ажлыг сум, хорооны нийгмийн ажилтан, аймаг, дүүргийн нийгмийн халамж үйлчилгээний байгууллага (шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллага) хамтран  зохион байгуулна.
 
     2.5. Бүлгийн зохион байгуулалтад орсон ижил төрлийн халамжийн үйлчилгээнд хамрагдах хамт олны бүлгийн гишүүд хөдөлмөр эрхлэх, орлогын эх үүсвэртэй болох зорилгоор ядуурлаас гарах төсөл боловсруулан хэрэгжүүлж болно.
 
     2.6. Энэ журмын 2.4, 2.5-д заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэх хөрөнгийг Амьжиргааг дэмжих сангийн олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний зардлаас  санхүүжүүлнэ.
 
     2.7. Аймаг, дүүргийн нийгмийн халамж үйлчилгээний байгууллага сум,  хорооны Амьжиргааг дэмжих зөвлөлийн шийдвэрийг үндэслэн үйлчилгээнд хамрагдах өрх, иргэдийн тоо, үйлчилгээ үзүүлэхэд шаардагдах хөрөнгийн хэмжээг тодорхойлно.
 
     2.8. Аймаг, дүүргийн нийгмийн халамж үйлчилгээний байгууллага нь нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрх, иргэнд үзүүлэх олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээг холбогдох иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлнэ.
 
     2.9. Энэхүү журмын 2.8-д заасан иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу сонгон шалгаруулах ажлыг аймаг, дүүргийн нийгмийн халамж үйлчилгээний байгууллага гүйцэтгэнэ.
 
     2.10. Энэхүү журмын 2.8-д заасан иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагыг бүртгэх, үйлчилгээ үзүүлэх гэрчилгээ олгох, үйл ажиллагаанд нь үнэлгээ өгөх, шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулах, гэрчилгээг хүчингүй болгох үүргийг нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага гүйцэтгэнэ.
 
     2.11. Аймаг, дүүргийн нийгмийн халамж үйлчилгээний байгууллагаас халамжийн үйлчилгээ үзүүлэх иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагатай хийх  гэрээний загвар болон үйлчилгээнд хамрагдах өрх, иргэдийн тоо, шаардагдах хөрөнгийн хэмжээг тодорхойлох аргачлал, зааврыг нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батална.
 
                                                                                 Гурав. Бусад
 
3.1. Энэхүү журмын хэрэгжилтэд сум хорооны (2000-аас дээш хүн амтай баг, тосгоны) Амьжиргааг дэмжих зөвлөлийн гишүүд болон нийгмийн ажилтан, аймаг дүүргийн нийгмийн халамж үйлчилгээний байгууллага, нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага тус тус хяналт тавина.
 
3.2. Сумын нийгмийн ажилтан, дүүргийн нийгмийн халамж, үйлчилгээний байгууллага олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээнд хамрагдсан иргэнд  хувийн хэрэг нээж тухай бүр бичилт хийнэ.
 
3.3. Энэхүү журамд заасан бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн иргэн, халамжийн үйлчилгээнд хамрагдах  иргэнийг буруу тогтоосон, тодорхойлолтыг үндэслэлгүйгээр буюу хуурамчаар үйлдсэн, Амьжиргааг дэмжих  сангийн хөрөнгийг зориулалт  бусаар зарцуулсан зэргээр хууль зөрчсөн албан тушаалтан, нийгмийн ажилтанд Нийгмийн халамжийн тухай хуулийн 35 дугаар зүйлд заасны дагуу хариуцлага хүлээлгэж олгогдсон үйлчилгээний зардлыг хууль тогтоомжид заасны дагуу нөхөн төлүүлнэ.
 
3.4. Сум, хорооны нийгмийн ажилтан, аймаг, дүүргийн нийгмийн халамж үйлчилгээний байгууллага болон нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь тэтгэвэр, тэтгэмжид хамрагдсан иргэдийн талаархи мэдээллийг нийгмийн халамжийн нэгдсэн мэдээллийн санд оруулж холбогдох мэдээ, тайлан, судалгааг сар, улирал, хагас, бүтэн жилээр гаргана.
 
 
 
 
 
                                                                                                       ---оОо---