A

A

A

Бүлэг: 1979

                                                                                                             Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 61 дүгээр
                                                                                                             тогтоолын хавсралт


                                                                           МОНГОЛ УЛСЫГ ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН МӨНГӨН
                                                                                 ХӨРӨНГИЙГ САНХҮҮГИЙН ЗАХ ЗЭЭЛ ДЭЭР
                                                                                                      БАЙРШУУЛАХ ЖУРАМ


                                                                                            Нэг. Ерөнхий зүйл

1.1. Энэхүү журам (цаашид "Журам" гэх)-ын зорилго нь Монгол Улсыг хөгжүүлэх сангийн мөнгөн хөрөнгө (цаашид "мөнгөн хөрөнгө" гэх)-ийг санхүүгийн зах зээл дээр байршуулахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино.

                                                                                  Хоёр. Мөнгөн хөрөнгийг санхүүгийн зах зээл
                                                                                                          дээр байршуулах хэлбэр

2.1. Засгийн газраас мөнгөн хөрөнгийг Монгол банкаар дамжуулан санхүүгийн зах зээл дээр энэхүү журмын 1, 2 дугаар хавсралтаар баталсан үлгэрчилсэн гэрээний үндсэн дээр дараахь хэлбэрээр байршуулж болно:

2.1.1. арилжааны банкинд хадгаламж хэлбэрээр;

2.1.2. үнэт цаас хэлбэрээр.

2.2. Тухайн үеийн нөхцөл байдал, шаардлагыг харгалзан энэхүү журмын хавсралтаар баталсан үлгэрчилсэн гэрээний холбогдох зүйл, заалтад талууд тохиролцсоны үндсэн дээр нэмэлт, өөрчлөлт оруулж болно.

                                                              Гурав. Мөнгөн хөрөнгийг банкинд хадгаламж
                                                                                    хэлбэрээр байршуулах журам

3.1. Банкны системийн тогтвортой байдлыг хангах, төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг сайжруулах зорилгоор мөнгөн хөрөнгийг энэ журмын 2.1.1-д заасан хэлбэрээр арилжааны банкинд (цаашид "банк" гэх) байршуулах үйл ажиллагааг Засгийн газрын шийдвэрээр Сангийн сайд хэрэгжүүлнэ.

3.2. Мөнгөн хөрөнгийг банкинд төгрөгөөр болон валютаар байршуулна.

3.3. Банкинд байршуулах хадгаламжийн хугацаа нь 6 (зургаа) хүртэл сарын хугацаатай байж болно.

3.4. Банкны хүсэлтийг үндэслэн Монгол банк Засгийн газраас тухайн банкинд хадгаламж байршуулах саналыг Сангийн сайдад албан бичгээр ирүүлэх бөгөөд саналд дор дурдсан баримт бичгийг хавсаргана:

3.4.1. тухайн банкнаас ирүүлсэн үндэслэл, тайлбар;

3.4.2. тухайн банкны сүүлийн 1 жилийн санхүүгийн байдал, цаашид богино хугацаанд банкны зүгээс авч хэрэгжүүлэх санхүүгийн (бизнес) төлөвлөгөө;

3.4.3. Монгол банкны шалгуур үзүүлэлтийг хэрхэн хангаж байгаа талаархи тодорхойлолт;

3.4.4. Энэ журмын 3.4.1-3.4.3-т заасан асуудлаар гаргасан Монгол банкны дүгнэлт;

3.4.5. Банкинд байршуулах хадгаламжийг эргүүлэн төлөх баталгаа болгон Векселийн тухай хуулийн дагуу банкнаас вексель бичигдэх тухай албан ёсны тодорхойлолт;

3.4.6. Банк хадгаламжийг гэрээнд заасан хугацаанд эргүүлэн төлж чадахгүй тохиолдолд хадгаламжийн үлдэгдэлтэй тэнцэх хэмжээний давуу эрхийн хувьцаа гаргаж, Засгийн газарт эзэмшүүлэхийг зөвшөөрсөн тухайн банкны эрх барих дээд байгууллага (хувь нийлүүлэгчдийн хурал)-ын хүчин төгөлдөр шийдвэр.

3.5. Энэхүү журмын 3.4-т заасан санал болон баримт бичгийг нууцын зэрэглэлээр явуулна.

3.6. Сангийн сайд энэ журмын 3.4-т заасан хүсэлт, баримт бичгийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан хянасны үндсэн дээр тухайн банкинд хадгаламж байршуулах нь зүйтэй гэж үзвэл хадгаламжийн хэмжээ, хүүгийн хувь, эрсдэлээс хамгаалах арга хэрэгслийг тусгасан шийдвэрийн төсөл боловсруулж Монгол Улсын Ерөнхий сайдад танилцуулна.

3.7. Монгол Улсын Ерөнхий сайд Сангийн сайдын саналыг Засгийн газрын хаалттай хуралдаанаар хэлэлцүүлж холбогдох шийдвэр гаргуулна.

3.8. Энэхүү журмын 3.7-д заасан шийдвэрийг үндэслэн Сангийн сайд Засгийн газрыг төлөөлж, Монгол банкны ерөнхийлөгчтэй энэ журмын 1 дүгээр хавсралтаар баталсан гэрээг байгуулна. Уг гэрээнд байршуулах хадгаламжийн хэмжээ, хүүгийн хувь, эрсдэлээс хамгаалах арга хэрэгслийг тусгана.

3.9. Энэ журмын 3.7-д заасан шийдвэр, 3.8-д заасан гэрээг үндэслэл болгон, Сангийн сайд хүсэлт гаргагч банктай энэ журмын 2 дугаар хавсралтаар баталж "Засгийн газраас банкинд хадгаламж байршуулах гэрээ"-г байгуулна.

3.10. Банкинд байршуулсан хадгаламжийг эргүүлэн төлөх баталгаа болгон Векселийн тухай хуулийн дагуу тухайн банкаар вексель бичүүлж Сангийн яаманд хадгалуулна.

3.11. Сангийн яам энэ журмын 3.7-3.9-т заасан шийдвэр, гэрээг үндэслэн холбогдох гүйлгээг Төрийн сангийн данснаас гүйцэтгэнэ.

3.12. Засгийн газраас байршуулсан хадгаламжийн ашиглалтын байдалд Монгол банк хяналт тавьж, төлбөр түргэн гүйцэтгэх чадвараа сайжруулахгүй байгаа банкинд Төв банк (Монгол банк)-ны тухай хуулийн 31 дүгээр зүйл болон энэ журмын 3.8-д заасан Сангийн сайд, Монгол банкны ерөнхийлөгчийн хооронд байгуулсан гэрээнд тусгасан Засгийн газрын хадгаламжийг эргүүлэн төлөх мөнгөн хөрөнгийг тухайн банкны дансанд төвлөрүүлэх хүртэл арга хэмжээ авна.

                                                                        Дөрөв. Бүртгэл, тайлан мэдээ

4.1. Сангийн яам банкинд хадгаламж байршуулсантай холбоотой гүйлгээ, төлбөр, тооцоог Засгийн газрын болон Төрийн сангийн санхүүгийн тайлан тэнцэлд тухай бүр тусгаж, 14 хоног тутамд Монгол Улсын Ерөнхий сайдад хүргүүлнэ.

4.2. Энэ журмын дагуу байршуулсан хадгаламж болон түүний буцаан төлөлтийн дүн, хүүгийн орлогыг холбогдох дансанд тухай бүр бүртгэнэ.

4.3. Банкинд хадгаламж байршуулсан тухай тайланг улсын төсвийн гүйцэтгэлийн мэдээ болон Төрийн сангийн санхүүгийн тайланд Сангийн яам сар бүр тусгана.

4.4. Хадгаламжийн гэрээний хугацаа дуусмагц Сангийн яам тухайн банктай гэрээний биелэлтийг харилцан дүгнэж, холбогдох тооцоо хийж энэ тухай акт үйлдэнэ.

                                                                     Тав. Гэрээний хугацааг сунгах

5.1. Энэхүү журмын дагуу байгуулсан гэрээний хугацааг 3 (гурав) хүртэл сараар 1 удаа сунгаж болох бөгөөд нэмж хадгаламж байршуулахгүй.

5.2. Гэрээний хугацааг сунгуулах тухай банкны хүсэлтийг үндэслэн Монгол банк хугацаа сунгуулах саналыг гэрээний хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө Сангийн сайдад бичгээр тавих бөгөөд саналд дараахь баримт бичгийг хавсаргана:

5.2.1. хадгаламж байршуулснаас хойш тухайн банкинд гарсан өөрчлөлтийн талаархи санхүүгийн болон үйл ажиллагааны тайлангууд;

5.2.2. гэрээний хугацааг сунгаснаар хүрэх үр дүнгийн талаархи тухайн банкны төсөөлөл;

5.2.3. энэхүү журмын 5.2.1, 5.2.2-т заасан асуудлын талаархи Монгол банкны дүгнэлт.

5.3. Сангийн сайд журмын 5.2-т заасан материалыг судлан үзсэний үндсэн дээр Монгол Улсын Ерөнхий сайдад танилцуулж энэхүү журмын 3.7-д заасны дагуу шийдвэрлүүлж, Засгийн газрын шийдвэрийг үндэслэн Засгийн газраас банкинд хадгаламж байршуулах гэрээний хугацааг сунгах тухай нэмэлт гэрээ байгуулна.

5.4. Энэ журмын 5.3-т заасан нэмэлт гэрээг байгуулснаар банк нь журмын 3.9-т заасан векселийг шинээр бичиж хадгалуулна. Гэрээний хугацааг сунгаснаар журмын 3.11-т заасан арга хэмжээг Монгол банк үргэлжлүүлэн авч хэрэгжүүлнэ.

                                                                       Зургаа. Байршуулсан мөнгөн хөрөнгийг
                                                                                                 буцаан төвлөрүүлэх

6.1. Засгийн газраас банкинд хадгаламж хэлбэрээр байршуулсан мөнгөн хөрөнгийг дор дурдсан тохиолдолд буцаан төвлөрүүлнэ:

6.1.1. гэрээний хугацаа дууссан;

6.1.2. байршуулсан хөрөнгийг буцаах тухай тухайн банкны хүсэлт, Монгол банк санал гаргасан.

                                             Долоо. Засгийн газраас банкинд байршуулсан
                                                           хадгаламжийг давуу эрхийн хувьцаанд
                                                                                        хөрвүүлэх

7.1. Хадгаламж байршуулах гэрээнд заасан хугацаанд банк хадгаламжийг эргүүлэн төлж чадахгүй тохиолдолд тухайн банкинд байршуулсан хадгаламжийн үлдэгдлийг энэхүү журмын 3.9-т заасан гэрээний дагуу давуу эрхийн хувьцаанд хөрвүүлнэ.

7.2. Засгийн газраас банкинд байршуулсан хадгаламж болон түүний хүү, алдангийн нийлбэртэй тэнцэх хэмжээний хөрөнгө (хувьцаа)-ийг тухайн банкны өөрийн хөрөнгө буюу дүрмийн санд Засгийн газраас нэмж оруулснаар тооцож, Компанийн тухай болон Банкны тухай хуулийн дагуу хувь нийлүүлэгчдийн бүрэлдэхүүнийг өөрчилж Засгийн газар давуу эрхийн хувьцаа эзэмшигч болно.

7.3. Банкинд байршуулсан хадгаламжийн үлдэгдлийг давуу эрхийн хувьцаанд хөрвүүлсэн бол зохих журмын дагуу төрийн өмчид бүртгэнэ.

7.4. Тухайн банкин дахь Засгийн газрын хөрөнгийг худалдах асуудлыг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн дагуу зохицуулна.

                                                           Найм. Эрсдэлийн удирдлага

8.1. Засгийн газраас банкинд хадгаламж байршуулахтай холбогдон гарч болох эрсдэлийн удирдлагыг Сангийн яам, Монгол банкны хооронд байгуулах гэрээгээр зохицуулна.

8.2. Хадгаламж байршуулсан банкны үйл ажиллагаанд тавих мэргэжлийн хяналтыг холбогдох хууль тогтоомжийн дагуу Монгол банк хэрэгжүүлнэ.

                                                                Ес. Мөнгөн хөрөнгийг үнэт цаас хэлбэрээр
                                                                                            байршуулах журам

9.1. Монгол Улсыг хөгжүүлэх сангийн мөнгөн хөрөнгийг оновчтой, үр ашигтай байршуулж, сангийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор үнэт цаас хэлбэрээр байршуулах үйл ажиллагааг Засгийн газрын зуучлагчийн хувьд Монгол банкаар, эсхүл олон улсын нэр хүнд бүхий хөрөнгө оруулалтын банк, санхүүгийн байгууллагаар гүйцэтгүүлж болно.

9.2. Засгийн газраас хөрөнгө оруулалт хийх үнэт цаас нь олон улсад нэр хүнд бүхий үнэлгээний компаниас үнэлсэн "ААА" зэрэглэлийн үнэт цаас байна.

9.3. Үнэт цаас нь хувьцаа, өрийн бичиг болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бусад төрөлтэй байж болно.

9.4. Монгол Улсыг хөгжүүлэх сангийн хөрөнгийг санхүүгийн зах зээл дээр үнэт цаас хэлбэрээр байршуулах тусгайлсан журмыг Сангийн сайд, Монгол банкны ерөнхийлөгч хамтран тогтооно.

                                                                                   Арав. Хариуцлага

10.1. Засгийн газраас байршуулсан хөрөнгийн үр дүн, гэрээний төлбөр, тооцооны талаархи мэдээллийг Сангийн сайд улирал тутамд Засгийн газрын хуралдаанд танилцуулна.

10.2. Энэхүү журмыг зөрчсөн этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.



                                                                                     ---оОо---
                                                                                                                      Монгол Улсыг хөгжүүлэх сангийн мөнгөн
                                                                                                                       хөрөнгийг санхүүгийн зах зээл дээр 
                                                                                                                       байршуулах журмын 1 дүгээр хавсралт


                                                     МОНГОЛ УЛСЫГ ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН ХӨРӨНГИЙГ
                                                   САНХҮҮГИЙН ЗАХ ЗЭЭЛ ДЭЭР БАЙРШУУЛАХ, ТҮҮНИЙГ
                                                           ЭРСДЭЛЭЭС ХАМГААЛАХ ҮЛГЭРЧИЛСЭН ГЭРЭЭ


                                                                                   Нэг. Нийтлэг үндэслэл

Монгол Улсыг хөгжүүлэх сангийн тухай хуулийн 4.2-ыг үндэслэн Монгол Улсыг хөгжүүлэх сангийн мөнгөн хөрөнгийг санхүүгийн зах зээл дээр байршуулах, түүнийг болзошгүй эрсдэлээс хамгаалахад үүсэх харилцааг зохицуулах зорилгоор нэг талаас Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд, нөгөө талаас Монгол банкийг төлөөлж Монгол банкны ерөнхийлөгч нар харилцан тохиролцсоны үндсэн дээр энэхүү гэрээг байгуулав.

                                                                                      Хоёр. Ерөнхий зүйл

2.1. Монгол Улсын Засгийн газраас санхүүгийн зах зээл дээр байршуулах мөнгөн хөрөнгийн зориулалт нь банкны төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх, сангийн мөнгөн хөрөнгийг оновчтой, үр ашигтай байршуулах замаар сангийн орлогыг нэмэгдүүлэхэд чиглэнэ.

2.2. Монгол Улсыг хөгжүүлэх сангийн хөрөнгийг мөнгөн хадгаламж болон үнэт цаас хэлбэрээр байршуулна.

2.3. Засгийн газраас Монгол Улсыг хөгжүүлэх сангийн мөнгөн хөрөнгийг банкны төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг сайжруулах шаардлага үүссэн тохиолдолд банкинд хадгаламж хэлбэрээр, бусад тохиолдолд үнэт цаас хэлбэрээр санхүүгийн зах зээлд байршуулж болно.

2.4. Банкны төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг сайжруулах шаардлага үүсэх нөхцөлд банкны төлбөрийн чадвар доройтох асуудал хамаарахгүй.

2.5. Засгийн газраас санхүүгийн зах зээл дээр байршуулах хөрөнгө нь төгрөг болон валютаар илэрхийлэгдэнэ.

                                                          Гурав. Банкинд хадгаламж хэлбэрээр байршуулах
                                                                                хөрөнгийн хэмжээ, хугацаа, хүү

3.1. Засгийн газраас .........................(банкны нэрийг нөхөж бичих) банкинд байршуулах хөрөнгийн хүүгийн хэмжээ, хугацааг дараахь байдлаар харилцан тохиролцоно:

3.1.1. байршуулах хөрөнгийн хэмжээ ............(хүртэл);

3.1.2. байршуулах хугацаа ..............(сар);

3.1.3. хүүгийн хэмжээ ..... хувиас .... хувийн хооронд.

                                                                     Дөрөв. Үнэт цаас хэлбэрээр байршуулах
                                                                                    хөрөнгийн хэмжээ, хугацаа, хүү

4.1. Засгийн газраас хөрөнгө оруулах үнэт цаас нь энэ .................. журмын 3.1.1-3.1.3-т заасан нөхцөлөөс гадна олон улсын үнэлгээний байгууллагаар хөрөнгө оруулалтын "ААА" зэрэглэлтэйгээр баталгаажсан байна.

                                                                        Тав. Эрсдэлийн удирдлага

5.1. Энэ гэрээний 3.1, 4.1-д заасны дагуу байршуулсан мөнгөн хөрөнгийг эрсдэлээс хамгаалах асуудлаар Засгийн газар дараахь үүргийг хүлээнэ:

5.1.1. мөнгөн хөрөнгө байршуулах ажиллагааг зохих журмын хүрээнд тухай бүр шуурхай хийж гүйцэтгэх;

5.2. Энэ гэрээний 3.1, 4.1-д заасны дагуу байршуулсан мөнгөн хөрөнгийг эрсдэлээс хамгаалах асуудлаар Монгол банк дараахь үүргийг хүлээнэ:

5.2.1. Засгийн газраас банкинд байршуулсан мөнгөн хөрөнгийн эрсдэлийн удирдлагыг хариуцаж ажиллах;

5.2.2. мөнгөн хөрөнгө байршуулснаар төлбөр түргэн гүйцэтгэх чадвараа дээшлүүлээгүй, төлөвлөсөн арга хэмжээгээ хэрэгжүүлээгүй банкинд Монгол банк дараахь арга хэмжээг шат дараалан авна:

5.2.2.1. зээлийн өрийн үлдэгдлийг нэмэгдүүлэхгүй байх;

5.2.2.2. шинээр зээл олгохыг зогсоох;

5.2.2.3. Монгол банк дахь тухайн банкны харилцах дансанд Засгийн газрын хадгаламжийг эргүүлэн төлөх хөрөнгийг төвлөрүүлэх;

5.2.2.4. банкны үйл ажиллагаа явуулахыг хязгаарлах;

5.2.2.5. алдагдалтай ажиллаж байгаа салбар, нэгжийн үйл ажиллагааг зогсоох;

5.2.2.6. банкны гүйцэтгэх захирлыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, чөлөөлөх, цалин хөлс, нөхөн олговор олгохыг нь зогсоох;

5.2.2.7. хуулийн дагуу зөвшөөрөгдсөн бусад арга хэмжээг авах.

5.2.3. Засгийн газрын хадгаламж байршуулсан банкны үйл ажиллагаанд холбогдох хууль тогтоомжийн дагуу мэргэжлийн хяналтыг тавих.

5.2.4. мөнгөн хөрөнгийн үнэт цаас хэлбэрээр байршуулсан тохиолдолд зайлшгүй мөрдөх ёстой шалгуур үзүүлэлтийг хангуулсан байх.

                                                               Зургаа. Монгол банкны эрх, үүрэг

6.1. Засгийн газрын хадгаламжийг байршуулах банкны хүсэлтийг Монгол банк судлан үзэж дүгнэлтээ Сангийн яаманд зохих журмын дагуу хүргүүлнэ.

6.2. Монгол банк нь Засгийн газрын хадгаламж байршиж байгаа тухайн банкны үйл ажиллагаанд байнгын хяналтыг холбогдох хууль тогтоомж, журмын дагуу тавина. Монгол банк нь Улсын Их Хурал болон Засгийн газраас тавигдсан шаардлага, болзлуудыг тухайн банк хэрхэн биелүүлж байгаа талаар хяналт тавьж ажиллана.

6.3. Төв банк (Монгол банк)-ны тухай хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу Засгийн газрын санхүүгийн зуучлагчийн үүргийг Монгол банк үнэ төлбөргүй гүйцэтгэнэ.

6.4. Хадгаламж байршуулсан банкнаас бичигдсэн векселийг хугацаанд нь төлүүлэх арга хэмжээ авна.

6.5. Засгийн газрын хадгаламжийг давуу эрхийн хувьцаанд хөрвүүлсэн нөхцөлд хувьцааг эргүүлэн худалдах, мөнгөжүүлэх талаар идэвхтэй ажиллана.

                                                                 Долоо. Сангийн яамны эрх, үүрэг

7.1. Сангийн яам нь Монгол банкнаас хадгаламж байршуулах банкны талаархи мэдээлэл авах, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг болон Монгол банкнаас банкинд тавьж байгаа хяналтыг чангатгахыг шаардах эрхтэй.

7.2. Монгол банкнаас тухайн банкны талаар гаргасан мэдээллийн нууцыг чандлан хадгалж, зөвхөн ажлын хэрэгцээнд ашиглаж, бусдад аливаа хэлбэрээр тараахгүй байх.



                                                                           Найм. Хариуцлага

8.1. Талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээнэ.

                                                                                Ес. Бусад

9.1. Энэхүү гэрээ нь 2 (хоёр) хувь үйлдэгдэх бөгөөд талууд гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулснаар хүчин төгөлдөр болно.

9.2. Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг талууд харилцан тохиролцож шийдвэрлэх бөгөөд бичгээр үйлдэнэ.

9.3. Гэрээний явцад үүсэх аливаа маргааныг талууд харилцан тохиролцож шийдвэрлэнэ.





Сангийн сайд                                                                   Монгол банкны ерөнхийлөгч


С.БАЯРЦОГТ                                                                                           А.БАТСҮХ


                                                                                                                        Монгол Улсыг хөгжүүлэх сангийн мөнгөн
                                                                                                                        хөрөнгийг санхүүгийн зах зээл дээр
                                                                                                                        байршуулах журмын 2 дугаар хавсралт



                                                                               БАТЛАВ

Сангийн сайд                                                                                           ................... банкны
                                                                                                                хувь нийлүүлэгчдийн хурлын дарга

С.БАЯРЦОГТ                                                                                                                       (...................)


                                                              ЗАСГИЙН ГАЗРААС БАНКИНД ХАДГАЛАМЖ
                                                                    БАЙРШУУЛАХ ҮЛГЭРЧИЛСЭН ГЭРЭЭ
                                                                                                   (Загвар)

2008 оны ..дугаар                                                                                                                                   Улаанбаатар
сарын ...-ны өдөр                                                              Дугаар ...                                                               хот


Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсыг хөгжүүлэх сангийн тухай хуулийн 4.2, 4.3-ыг үндэслэн нэг талаас Сангийн яамыг төлөөлж Төрийн нарийн бичгийн дарга ...................................................., нөгөө талаас .................. банкийг төлөөлж гүйцэтгэх захирал ............................................. нар харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулав.

                                                                                            Нэг. Ерөнхий зүйл

1.1. Энэхүү гэрээний зорилго нь Засгийн газраас ............................................... банк (цаашид "Банк" гэх)-нд хадгаламж байршуулах, түүний төлбөр, тооцоотой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

                                                                                           Хоёр. Гэрээний үндсэн нөхцөл

2.1. Сангийн яам нь банкинд дор дурдсан нөхцөлөөр хадгаламж байршуулна:

2.1.1. байршуулах хадгаламжийн хэмжээ ............... (үсгээр) төгрөг;

2.1.2. хадгаламж байршуулах хугацаа ................. 200 .. оны .. дугаар сарын ...-ны өдрөөс эхлэн 200.. оны .. дугаар сарын ...-ны өдрийг хүртэл;

2.1.3. хадгаламжийн хүүгийн хэмжээ: ................. (үсгээр) (LIBOR, он сар өдөр).

                                                                                    Гурав. Тусгай нөхцөл

3.1. Банк нь энэ гэрээний 2.1.1-д заасан хадгаламжийн эргэн төлөлтийг хугацаанд нь гүйцэтгэх боломжгүй нөхцөл үүссэн тохиолдолд үндсэн төлбөрийн төлөгдөөгүй үлдэгдэл, түүнд тооцогдох хүү, алдангийн нийлбэртэй тэнцэх хэмжээний хөрөнгө (хувьцаа)-ийн өмчлөх эрхийг Засгийн газрын өмчлөлд энэ гэрээний 2.1.2-т заасан хугацаанд багтаан шилжүүлнэ.

3.2. Энэхүү гэрээний 2.1-д заасан хөрөнгийн үлдэгдлийг хадгаламж төлж барагдуулах эцсийн хугацаагаар талууд харилцан тооцож гарын үсэг зуран акт үйлдэн баталгаажуулна.

3.3. Тухайн банк хувьцаат компанийн хэлбэртэй бол Монгол Улсын хөрөнгийн биржээр арилжаалагдсан тус банкны хувьцааны сүүлийн 6 сарын үнийн арифметик дунджаар Засгийн газрын өмчлөлд шилжүүлэх хувьцааны үнийн дүнг тодорхойлно.

                                                                      Дөрөв. Сангийн яамны эрх, үүрэг

4.1. Сангийн яам нь дараахь эрхтэй байна:

4.1.1 гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг банкнаас шаардах;

4.1.2. банк энэхүү гэрээний 2.1.2-т заасан хугацааг хожимдуулсан тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцох;

4.1.3. хадгаламжийн ашиглалтын талаар санал солилцох, мэдээлэл гаргуулж авах;

4.1.4. Векселийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн дагуу төлбөрийг төлүүлэхээр нэхэмжлэх;

4.1.5. шаардлагатай гэж үзвэл байршуулсан хадгаламжийн үлдэгдлийг хувьцаанд хөрвүүлж хууль тогтоомж, журам, дүрэм, гэрээнд заасны дагуу эзэмших;

4.1.6. Засгийн газрын өмчлөлд шилжсэн хөрөнгө (хувьцаа)-ийг тэргүүн ээлжинд худалдаж авахыг банкнаас шаардах;

4.1.7. энэхүү гэрээний 3.1-д заасан хувьцаа эзэмшихтэй холбоотой бусад эрхийг хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн дагуу хэрэгжүүлэх;

4.1.8. бусад эрх.

4.2. Сангийн яам нь дараахь үүрэгтэй байна. Үүнд:

4.2.1. гэрээний 2.1.1-д заасан хадгаламжийг банкны Монгол банк дахь ....................... тоот дансанд гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш 24 цагийн дотор шилжүүлэх;

4.2.2. хууль тогтоомж, журам, гэрээнд заасан бусад үүрэг.

                                                               Тав. Банкны эрх, үүрэг

5.1. Банк нь дараахь эрхтэй байна:

5.1.1. гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг Сангийн яамнаас шаардах;

5.1.2. байршуулсан хадгаламжийг зориулалтын дагуу ашиглах;

5.1.3. гэрээ сунгах хүсэлт гаргах;

5.1.4. энэ гэрээний 3.2-т заасны дагуу тооцоо нийлж, төлбөрийн үлдэгдлийг тооцоход оролцох, энэ талаар саналаа илэрхийлэх;

5.1.5. Засгийн газраас банкинд байршуулсан хадгаламжийн өр төлбөрийг төлж барагдуулах арга замыг гэрээний талд санал болгох;

5.1.6. хууль тогтоомж, журам, гэрээнд заасан бусад эрх.

5.2. Банк нь дараахь үүрэгтэй байна:

5.2.1. гэрээний хавсралтад заасан хугацаа, хуваарийн дагуу байршуулсан хадгаламжийг Сангийн яамны Төрийн сангийн ......................... тоот дансанд, хүүг Төрийн сангийн ......................... тоот дансанд буцаан төвлөрүүлэх;

5.2.2. хадгаламжийг хөрвөх чадвар өндөртэй активт байршуулах;

5.2.3. байршуулсан хадгаламжийн зарцуулалтын талаар 7 хоног тутам мэдээлэл гаргаж, баталгаажуулан Сангийн яаманд хүргүүлэх;

5.2.4. хадгаламж байршуулсны дараа нэмж хувьцаа гаргахгүй байх, хувьцааны хяналтын багцын өмчлөлийг өөрчлөхгүй байх;

5.2.5. байршуулсан хадгаламжийг эргүүлэн төлөх асуудал хүндэрсэн тохиолдолд хадгаламжийн үлдэгдэлтэй тэнцэх хэмжээний давуу эрхийн хувьцааг Засгийн газрын өмчлөлд шилжүүлэх асуудлаар банкны удирдах дээд байгууллагын шийдвэрийг урьдчилан гаргуулсан байх;

5.2.6. зээлийн өрийн үлдэгдлийг нэмэгдүүлэхгүй байх, нийт активт хөрвөх чадвар өндөртэй активын эзлэх хувийг нэмэгдүүлж ажиллах;

5.2.7. Векселийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн дагуу төлбөрийг хугацаанд нь барагдуулах;

5.2.8. Засгийн газраас банкинд байршуулсан хадгаламжийн өр төлбөрийг хувьцаанд хөрвүүлэх ажлыг гэрээний дагуу шуурхай хийж гүйцэтгэх;

5.2.9. энэ гэрээний 2.1.1-д заасан хөрөнгийн төлбөрийн үлдэгдэл мөнгөн дүнтэй тэнцүү хэмжээний хувьцааг Сангийн яамны нэр дээр шилжүүлэх;

5.2.10. Засгийн газрын өмчлөлд шилжсэн хөрөнгө (хувьцаа)-ийг тэргүүн ээлжинд худалдан авч мөнгөжүүлэх;

5.2.11. хууль тогтоомж, журам, гэрээнд заасан бусад үүрэг.

                                                                   Зургаа. Баталгаа

6.1. Гэрээнд гарын үсэг зурахаас өмнө банк гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч, уг гэрээг байгуулах зөвшөөрлийг банкны эрх барих дээд байгууллага (хувь нийлүүлэгчдийн хурал)-ын хүчин төгөлдөр шийдвэрээр авсан байна;

6.2. Банк нь гэрээний дагуу хариуцлага хүлээх хангалттай санхүүгийн эх үүсвэртэй байх бөгөөд үүнийгээ нотолсон байна.

                                                                   Долоо. Маргаан шийдвэрлэх

7.1. Гэрээний хэрэгжилттэй холбогдон гарсан аливаа санал зөрөлдөөн, маргааныг талууд харилцан зөвшилцөж шийдвэрлэнэ;

7.2. Харилцан зөвшилцөлд хүрэхгүй бол Монгол Улсын шүүхээр шийдвэрлүүлнэ.



                                                               Найм. Бусад зүйл

8.1. Гэрээнд талууд гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулснаар гэрээ хүчин төгөлдөр болно;

8.2. Талууд гэрээний үүргийн биелэлтийг харилцан дүгнэж, энэ тухай акт үйлдэн баталгаажуулснаар гэрээ дуусгавар болно;

8.3. Гэрээг 3 хувь үйлдэж, тал тус бүр нэг хувийг хадгалж, үлдэх хувийг Монгол банкинд хадгалуулна.



                                                                    Гэрээ байгуулсан:


Сангийн яамыг төлөөлж:                                                                                             ........ банкийг төлөөлж:

Төрийн нарийн бичгийн                                                                                                        Гүйцэтгэх захирал
              дарга
-------------------------                                                                                                                       ------------------------
(......................)                                                                                                                                    (......................)

Санхүүгийн бодлого,
зохицуулалтын газрын дарга                                                                                        ............. газрын захирал

-------------------------                                                                                                                      ------------------------
(......................)                                                                                                                                   (.......................)