A

A

A

Бүлэг: 1979
                                                                                                            Монгол УлсынЗасгийн газрын 2009 оны 256 дугаар
                                                                                                            тогтоолын хавсралт


                                                                              ТАГНУУЛЫН АЖИЛТНЫ САХИЛГЫН ДҮРЭМ

                                                                                                    Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Тагнуулын ажилтны тангараг өргөсөн Тагнуулын ерөнхий газар, Цэргийн тагнуулын байгууллага, Хилийн тагнуулын алба (цаашид "Тагнуулын байгууллага" гэх), тэдгээрийн салбар, нэгжид ажиллаж байгаа тагнуулын ажилтан энэхүү сахилгын дүрмийг чанд сахин мөрдөнө.

1.2. Энэхүү дүрмээр тагнуулын ажилтны сахилгын тухай ойлголт, түүнийг хангах арга, сахилгын үндсэн зарчим, шаардлагыг тодорхойлж, тагнуулын ажилтанд сахилгын шийтгэл ногдуулахтай холбогдсон харилцааг зохицуулна.

1.3. Тагнуулын ажилтан Монгол Улсын хууль тогтоомж, тэдгээрт нийцүүлэн гаргасан тушаал, заавар болон байгууллагын дотоод журам, тагнуулын ажилтны сахилгын зарчим, шаардлага, ёс зүйн хэм хэмжээг чанд сахин биелүүлэхийг тагнуулын ажилтны сахилга гэнэ.

1.4. Тагнуулын ажилтны сахилга нь сахилгын үндсэн зарчим, шаардлагыг бүрэн биелүүлж ажилласнаар хангагдана.

1.5. Тагнуулын байгууллагын удирдах албан тушаалтан нь сахилга, дэг журмыг чанд сахихыг ажилтнуудаас шаардах, түүнийг биелүүлэх нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй.

1.6. Сахилга, дэг журмыг тогтоох талаар үр дүнтэй арга хэмжээ аваагүй, үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй удирдах албан тушаалтан сахилгын шийтгэл хүлээнэ.

1.7. Тагнуулын байгууллагын зохион байгуулалтын нэгжийн дарга сахилгын шийтгэл ногдуулах эрх хэмжээг Тагнуулын байгууллагын тухай хууль болон энэхүү дүрэмд нийцүүлэн Тагнуулын ерөнхий газар, Зэвсэгт хүчний жанжин штаб, Хил хамгаалах ерөнхий газрын даргын шийдвэрээр тус тус тогтооно.

                                                     Хоёр. Тагнуулын ажилтны сахилгын үндсэн зарчим

2.1. Тагнуулын ажилтан сахилгын дараахь үндсэн зарчмыг баримтална:

2.1.1. хууль дээдлэх;

2.1.2. хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх;

2.1.3. удирдах албан тушаалтны хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан шийдвэрийг ёсчлон биелүүлэх;

2.1.4. албаны үйл ажиллагаандаа нууцлалыг хангах;

2.1.5. тагнуулын ажилтны ёс зүйн хэм хэмжээг зөрчихгүй байх;

2.1.6. үндэсний аюулгүй байдал, байгууллагын эрх ашгийг тэргүүн ээлжинд тавих.

                                            Гурав. Тагнуулын ажилтны сахилгын шаардлага

3.1. Тагнуулын ажилтан нь Төрийн албаны тухай хуульд заасан нийтлэг үүргээс гадна дараахь сахилгын шаардлагыг сахин биелүүлнэ:

3.1.1. эх оронч үзэл, өргөсөн тангарагтаа үнэнч байх;

3.1.2. ажил үүргийн дагуу мэдсэн төрийн болон байгууллага, хувь хүний нууцыг чанд хадгалах;

3.1.3. Тагнуулын байгууллагын тухай хууль, Төрийн албаны тухай хууль, бусад хууль тогтоомж болон тагнуулын байгууллагын дотоод дүрэм, журамд заасан үүргээ чанд сахин биелүүлэх;

3.1.4. албан ажлын онцлогтой холбогдуулан гадаадын иргэн болон байгууллагатай харилцах талаар тогтоосон журмыг мөрдөн ажиллах;

3.1.5. гадаад улсад зорчих талаар тогтоосон журмыг мөрдөн ажиллах;

3.1.6. төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахин мөрдөх;

3.1.7. албан ажил болон байгууллагын дотоод үйл ажиллагаа, албан хаагчийн талаар бусдад мэдээлэл дамжуулахгүй байх;

3.1.8. хувийн зардлаар сургалтад хамрагдахад гадаадын сургууль, дамжаанд суралцах тагнуулын ажилтны баримтлах журмыг мөрдөх;

3.1.9. үнэнч, шударга байх;

3.1.10. үр бүтээлтэй, санаачилгатай ажиллах;

3.1.11. мэдлэг, боловсрол, мэргэшлийн ур чадвараа байнга дээшлүүлэх;


3.1.12. удирдах албан тушаалтан, хамт ажиллагчид болон бусад хүмүүстэй хүндэтгэлтэй, өндөр соёлтой харилцах;

3.1.13. албан ажлын онцлогтой холбогдуулан тогтоосон бусад журмыг мөрдөн ажиллах.

                                                           Дөрөв. Тагнуулын ажилтны үйл ажиллагаанд
                                                                                            хориглох зүйл

4.1. Тагнуулын ажилтан дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

4.1.1. Тагнуулын байгууллагын тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Авлигын эсрэг хуулиар хориглосон үйл ажиллагаа;

4.1.2. Тагнуулын байгууллагын албан хаагчийн ёс зүйн дүрмээр хориглосон үйл ажиллагаа.

Тав. Сахилгын шийтгэл ногдуулах

5.1. Тагнуулын ажилтны сахилга зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй, эсхүл хангалтгүй биелүүлсэн, түүнчлэн албан тушаалын бүрэн эрхээ хэтрүүлсэн нь сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болно.

5.2. Сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалган тогтоосон байна. Шалгалтыг шууд захирах дарга нь буюу тагнуулын байгууллагын даргаас эрх олгосон ажилтан нэн даруй хийнэ.

5.3. Шууд захирах дарга нь сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл тогтоогдсон гэж үзвэл эрх хэмжээнийхээ хүрээнд шийтгэл ногдуулах, хэрэв шууд захирах даргын эрх хэмжээнд хамаарахгүй бол шалгалт хийсэн тухай илтгэх хуудас болон зөрчилд холбогдох баримт материалыг шийтгэл ногдуулах саналын хамт Тагнуулын ерөнхий газар, Зэвсэгт хүчний жанжин штаб, Хил хамгаалах ерөнхий газрын даргад тус тус хүргүүлнэ.

5.4. Тагнуулын ажилтан ёс зүйн зөрчил гаргасан эсэхийг Ёс зүйн хорооны хурлаар хэлэлцэн дүгнэлт гаргана.

5.5. Тагнуулын ерөнхий газар, Зэвсэгт хүчний жанжин штаб, Хил хамгаалах ерөнхий газрын удирдлага илтгэх хуудас болон зөрчилд холбогдох материал, дүгнэлт, саналтай танилцаад дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана:

5.5.1. зөрчил гаргасан нөхцөл байдал, учирсан болон учирч болзошгүй хор хохирол, үр дагавар зэргийг харгалзан Тагнуулын байгууллагын тухай хуульд заасан сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулах;

5.5.2. үндэслэлийг дахин шалгаж, нэмэлт баримт материал бүрдүүлэхээр буцаах;

5.5.3. сахилгын шийтгэл ногдуулах тухай саналыг үндэслэлгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгох.

5.6. Дараахь нөхцөлд сахилгын шийтгэлийг хүндрүүлэн авч үзнэ:

5.6.1. нэг төрлийн зөрчлийг давтан гаргасан;

5.6.2. хоёр буюу түүнээс дээш ажилтан оролцсон;

5.6.3. санаатайгаар зөрчил гаргасан болох нь тогтоогдсон;

5.6.4. сахилгын шийтгэлтэйд тооцогдох хугацаанд зөрчил давтан гаргасан.

5.7. Дараахь тохиолдолд сахилгын ноцтой зөрчилд тооцож, тагнуулын албанаас хална.

5.7.1. ажлын байранд болон ажлын цагаар согтууруулах ундаа хэрэглэсэн (албан ажлын шаардлагаас бусад тохиолдолд);

5.7.2. хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 буюу түүнээс дээш өдрийн ажил тасалсан;

5.7.3. удирдлагын зөвшөөрөлгүйгээр албан ажлын талаар нийтэд мэдээлсэн, мэдээлэл дамжуулсан, зохих зөвшөөрөлгүйгээр ажлын байрнаас албаны баримт бичиг авч гаран зориулалт бусаар ашигласан, санаатайгаар устгасан зэрэг нь тогтоогдсон;

5.7.4. ёс зүйн дүрмээр хориглосон үйл ажиллагаа явуулсан тухай Ёс зүйн хорооны дүгнэлт гарсан;

5.7.5. хөрөнгө, орлогын мэдүүлгээ хуулийн хугацаанд нь гаргаж өгөөгүй, худал мэдүүлсэн.

5.8. Сахилгын нэг төрлийн зөрчилд сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулахгүй.

5.9. Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сарын хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй. Сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг шалгасан хугацааг сахилгын зөрчлийг илрүүлсэн хугацаанд оруулж тооцохгүй.


5.10. Энэ дүрмийн 5.9-д заасан хугацаанд дараахь хугацааг хамааруулахгүй:

5.10.1. эмчийн магадлагаагаар чөлөөтэй байсан;

5.10.2. ээлжийн амралттай байсан;

5.10.3. захиргааны чөлөөтэй байсан;

5.10.4. гадаад улсад албан томилолтоор ажилласан;

5.10.5. ажлаасаа түр чөлөөлөгдөн гадаад, дотоодын сургалтад хамрагдсан.

5.11. Сахилгын шийтгэл ногдуулсан өдрөөс хойш 1 жилийн дотор дахин сахилгын шийтгэл хүлээгээгүй бол сахилгын шийтгэлгүйд тооцно.

5.12. Тагнуулын ажилтанд сахилгын шийтгэл ногдуулсан тухай шийдвэрийг өөрт нь танилцуулж, хувийн хэрэгт нь хадгалах бөгөөд шаардлагатай гэж үзвэл хамт олонд нь мэдээлж болно.

5.13. Албан тушаал бууруулах шийтгэл ногдуулснаас хойш сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа өнгөрсөн буюу шийтгэлийг хугацаанаас өмнө арилгасан нь ажилтныг өмнөх албан тушаалд эгүүлэн томилох үндэслэл болохгүй.

5.14. Цэргийн цолыг бууруулах шийтгэл ногдуулсан өдрөөс хойш 1 жилээс доошгүй хугацаа өнгөрсний дараа түүнд өмнөх цолыг буцаан эдлүүлэх тухай саналыг тухайн ажилтныг шууд удирдах дарга гаргаж болно.

5.15. Тагнуулын ажилтанд тагнуулын албанаас халах шийтгэл ногдуулсан тохиолдолд энэ нь түүний тагнуулын албанд эгүүлэн авахаас татгалзах үндэслэл болно.

5.16.Тагнуулын ажилтан сахилгын шийтгэл ногдуулсан тухай шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл энэ тухай гомдлоо тухайн шийдвэрийг мэдсэн өдрөөс хойш 1 сарын дотор дээд шатны албан тушаалтан, холбогдох бусад байгууллагад гаргаж болно. Сахилгын шийтгэлийн талаар гомдол гаргасан нь түүнийг биелүүлэхээс татгалзах үндэслэл болохгүй.

5.17.Сахилгын шийтгэл ногдуулсан нь түүнийг эрүүгийн болон бусад хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.




                                                                                           ---оОо---