A

A

A

Бүлэг: 1979

                                                                                                Монгол Улсын Засгийн газрын 2010 оны
                                                                                                250 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт



                                                                                                     "ЗӨГИЙН ҮҮР" ХӨТӨЛБӨР
                                                                         


                                                                                               Нэг. Хөтөлбөр боловсруулах үндэслэл

Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогын 4.8.3-т "гадаадад ажиллаж, амьдарч байгаа, өндөр боловсрол, мэргэжил эзэмшсэн монгол иргэдийг эх орондоо буцаж ирж ажиллах сонирхлыг төрүүлэхүйц эрх зүй, эдийн засгийн таатай орчныг бүрдүүлж, өөрийн мэргэшсэн чиглэлээрээ ажлын байр бий болгох санал, санаачилгыг хөхиүлэн дэмжих" стратегийн зорилтыг хэрэгжүүлэхээр заасан.

Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 5.1.7-д гадаад оронд удаан хугацаагаар ажиллаж, сурч, амьдарч байгаа Монгол Улсын иргэдийн эрх, нийгмийн асуудлаар хөтөлбөр, хууль боловсруулан гаргаж, хэрэгжүүлэх зорилтыг дэвшүүлсэн.

Монгол Улс бүтээн байгуулалтын томоохон төсөл, хөтөлбөрүүдийг эдийн засаг, нийгмийн салбарт хэрэгжүүлж эхэлж байгаатай холбогдон 2010-2015 онд өндөр технологийн аж үйлдвэрийн салбарт шаардагдах ажиллах хүчний эрэлт хэрэгцээ эрс нэмэгдэх төлөвтэй байгаа бөгөөд энэ хугацаанд хөдөлмөрийн зах зээл дээр нийт 40000 гаруй ажлын байр шинээр бий болохоос, 6000 гаруй нь инженер, техникийн ажлын байр байна.

Засгийн газраас хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, шаардлагад нийцсэн ажиллах хүчнийг бэлтгэж, нийлүүлэх ажлыг зохион байгуулахад онцгой анхааран ажиллаж байгаа хэдий ч хөдөлмөрийн зах зээл дээр нарийн мэргэжил, өндөр ур чадвартай хүний нөөц хангалттай бус байна. Нөгөө талаас өнөөдрийн байдлаар албан бус тоогоор 116000-200000 Монгол Улсын иргэн хилийн чанадад сурч, ажиллаж, амьдарч байгаа нь манай улсын нийт ажиллах хүчний 9.3-18.6 хувийг эзэлж байна. Эдгээр иргэдийнхээ мэдлэг, ур чадвар, нөөц бололцоог улс орны бүтээн байгуулалтад татан оролцуулах нь хөдөлмөрийн зах зээл дээрх өндөр ур чадвар бүхий ажиллах хүчний эрэлт, хэрэгцээг хангах, төрийн алба, хувийн хэвшил, их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудыг чадавхижуулах, шинэ мэдлэг, дэвшилтэт арга, технологийг нэвтрүүлэхэд чухал ач холбодолтой гэж үзэж байна.

Хилийн чанадад өндөр боловсрол, мэдлэг, ур чадвар эзэмшин ажиллаж, амьдарч байгаа Монгол Улсын иргэдийг эх орондоо урт, богино хугацаагаар эргэн ирж ажиллах, бизнес эрхлэх, гадаадын дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх, мэдлэг дамжуулах, хөрөнгө оруулалт татах зэрэг олон хэлбэр, чиглэлээр эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор энэхүү хөтөлбөрийг боловсруулав.

                                                    Хоёр. Хөтөлбөрийн зорилго, зорилт, үйл ажиллагаа

2.1. Хөтөлбөрийн зорилго

Хөтөлбөрийн зорилго нь хилийн чанадад сурч, ажиллаж, амьдарч байгаа өндөр боловсрол, нарийн мэргэжил эзэмшсэн Монгол Улсын иргэдийг эх орондоо эргэн ирж ажиллах болон хилийн чанадаас мэдлэг, туршлага, боломжоо улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх асуудалд чиглүүлэн ажиллах таатай нөхцөлийг бүрдүүлэх, тэдгээрийн оновчтой санал, санаачилгыг дэмжих, хэрэгжүүлэх үйл ажиллагааг төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшилтэй хамтран зохион байгуулах замаар хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдийг эх орныхоо хөгжил, бүтээн байгуулалтад татан оролцуулахад оршино.

2.2. Хөтөлбөрийн зорилт

2.2.1. Хөтөлбөрийн зорилгод хүрэхийн тулд дараахь зорилтыг дэвшүүлж байна:

2.2.1.1. хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдийг эх орондоо ирж ажиллах, амьдрахад шаардлагатай бодит мэдээллээр хангах, тэдний боловсрол, мэргэжлийн туршлага, ур чадварын талаар мэдээллийн сан үүсгэх, судалгаа хийх, аж ахуйн нэгж, байгууллагуудыг гадаадад байгаа монгол иргэдийн талаар мэдээллээр хангах;

2.2.1.2. Монгол Улсын иргэд хилийн чанадаас эргэн ирж хөдөлмөр эрхлэх, бизнесийн үйл ажиллагаа эхлүүлэх болон хилийн чанадад байгаа иргэд, аж ахуйн нэгж, байгууллагатай хамтран ажиллах эрх зүйн таатай орчин бүрдүүлэх, хөдөлмөр эрхлэх, хамтран ажиллахад нь бизнесийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх, зуучлах хэлбэрээр тэдэнд дэмжлэг үзүүлэх;

2.2.1.3. хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэд эдийн засаг, нийгэм, шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх салбар, чиглэлийн хүрээнд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, хөдөлмөрийн зах зээл дээр онц шаардлагатай ажлын байранд ирж ажиллах тохиолдолд урамшуулал олгох.

2.3. Хөтөлбөрийн зорилтыг хэрэгжүүлэх үйл ажиллагаа

2.3.1. Хөтөлбөрийн 2.2.1.1-д заасан зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

2.3.1.1. хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдийн боловсрол, мэргэжлийн туршлага, ур чадварын талаар цогц судалгаа явуулж, нэгдсэн мэдээллийн сан үүсгэн тогтмол баяжуулж байх;

2.3.1.2. монголын аж ахуйн нэгж, байгууллага болон хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэд мэдээллээр байнга холбогдож, мэдээлэл солилцоход нь дэмжлэг үзүүлэх чиглэлээр онлайн портал (вэб сайт, электрон мэдээллийн сан, санал солилцох форум) ажиллуулах;

2.3.1.3. хилийн чанадаас эргэн ирж хөдөлмөр эрхэлж байгаа болон хилийн чанадаас Монголын аж ахуйн нэгж, байгууллагатай хамтран ажиллаж байгаа Монгол Улсын иргэдийн туршлагыг сурталчлах, түгээн дэлгэрүүлж урамшуулах, энэ чиглэлээр үзэсгэлэн, уулзалт, форум зохион байгуулах.

2.3.2. Хөтөлбөрийн 2.2.1.2-т заасан зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

2.3.2.1. Монгол Улсын иргэд хилийн чанадаас эргэн ирж хөдөлмөр эрхлэх, бизнесийн үйл ажиллагаа эхлүүлэх болон хилийн чанадад байгаа иргэд, аж ахуйн нэгж, байгууллагатай хамтран ажиллах эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх санал боловсруулах;

2.3.2.2. хилийн чанадад байгаа болон эргэж ирсэн Монгол Улсын иргэдийг ур чадварт нь тохирсон ажлын байранд зуучлах, үүнтэй холбогдуулан Хөдөлмөрийн төв бирж болон бусад байгууллагын үйл ажиллагааны уялдааг сайжруулах;

2.3.2.3. хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэд Монголын ажил олгогчидтой хамтран бизнес эрхлэхэд зуучлах;

2.3.2.4. Монгол Улсын иргэд хилийн чанадаас эргэн ирж шинээр бизнес эхлүүлэх тохиолдолд зах зээлийн орчин болон төрийн үйлчилгээ, зээл, бизнес инкубаторт хамрагдах боломжийн талаар тэдэнд зөвлөх үйлчилгээ үзүүлэх;

2.3.2.5. хилийн чанадад байгаа болон эргэж ирсэн Монгол Улсын иргэдийг хууль, эрх зүйн орчин, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн үйлчилгээ (шинэ нөхцөлд дасан зохицоход нь шаардлагатай бусад)-тэй холбоотой мэдээллээр нэг цэгээс хангах.

2.3.3. Хөтөлбөрийн 2.2.1.3-т заасан зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

2.3.3.1. Монгол Улсын иргэд хилийн чанадаас эргэн ирж Монгол Улсын эдийн засаг, нийгэм, шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэлийн хүрээнд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх;

2.3.3.2. Монгол Улсын иргэд хилийн чанадаас эргэн ирж эдийн засаг, нийгэм, шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэл, салбарт хэрэгжиж байгаа, дотоодын хөдөлмөрийн зах зээлээс нөхөгдөх боломжгүй бөгөөд ажиллах хүчин онц шаардлагатай төсөл (ашгийн бус байгууллага)-д ирж ажиллах тохиолдолд урамшуулал олгох;

2.3.3.3. төрийн бодлогын баримт бичгүүдэд тусгагдсан Монгол Улсын эдийн засаг, нийгэм, шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэл (дотоодын хөдөлмөрийн зах зээл дээр эрэлт ихтэй болон инженер, технологийн нарийн мэргэжил)-ээр олон улсын нэр хүнд бүхий сургуульд амжилттай сурч байгаа оюутан, судлаачдад судалгааны тэтгэлэг олгох.

2.4. Хөтөлбөрийн хүрээнд санхүүгийн дэмжлэг үзүүлэх ерөнхий нөхцөл

2.4.1. Хөтөлбөрийн 2.2.1.3-т дэвшүүлсэн зорилтын хүрээнд санхүүгийн дэмжлэгт хамрагдахад дараахь нөхцөлийг хангасан байна:

2.4.1.1. Монгол Улсын иргэн байх;

2.4.1.2. Монгол Улсын эдийн засаг, нийгэм, шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэлээр олон улсад нэр хүнд бүхий сургуульд магистр болон түүнээс дээш зэрэгтэй төгссөн байх, эсхүл эдгээр чиглэлээр өндөр технологийн салбарт 2-оос доошгүй жил ажилласан байх;

2.4.1.3. хөтөлбөрийн 2.3.3.1-д заасан санхүүгийн дэмжлэгт хамрагдахад энэ хөтөлбөрийн 2.4.1.1, 2.4.1.2-т зааснаас гадна тухайн төсөл, хөтөлбөрийг Засгийн газрын тусгай сангийн хөрөнгийг захиран зарцуулах журамд нийцүүлэн боловсруулсан байх;

2.4.1.4. хөтөлбөрийн 2.3.3.2, 2.3.3.3-т заасан санхүүгийн дэмжлэгт хамрагдахад энэ хөтөлбөрийн 2.4.1.1, 2.4.1.2-т зааснаас гадна Монгол Улсын эдийн засаг, нийгэм, шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх салбарт үйл ажиллагаа явуулж байгаа үндэсний аж ахуйн нэгж, байгууллагатай хамтран ажиллаж байгаа, эсхүл ажиллахаар гэрээ байгуулсан байх /тухайн ажлын байран дээр 5-аас доошгүй жил тогтвор суурьшилтай ажиллах/.

                                           Гурав. Хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах

3.1. Хөтөлбөрийн хэрэгжилтийг өдөр тутам удирдан зохион байгуулах, явц, үр дүнд хяналт тавих ажлыг "Эдийн засгийн хөгжлийн яам" зохион байгуулах бөгөөд энэ хүрээнд дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ /Энэ хэсэгт ЗГ-ын 2012-8-29-ний 20-р тогтоолоор өөрчлөлт орсон/:

3.1.1. хөтөлбөрийг хэрэгжүүлэгч байгууллагуудыг нэгдсэн удирдлагаар хангах;

3.1.2. хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээг холбогдох Засгийн газрын тусгай сангаас санхүүжүүлэх саналыг тухайн сангийн хөрөнгийг захиран зарцуулах эрх бүхий албан тушаалтанд тавьж, шийдвэрлүүлэх;

3.1.3. их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага болон төрийн бус байгууллагыг хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажиллагаанд татан оролцуулах, энэ чиглэлээр хамтын ажиллагааны гэрээ байгуулж ажиллах, арга зүйн болон санхүүгийн дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулах;

3.1.4. хөтөлбөрийн хүрээнд санхүүгийн дэмжлэгт хамрагдсан иргэнтэй гэрээ байгуулж ажиллах, тухайн иргэн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд санхүүгийн дэмжлэг, цалингийн нэмэгдэл, урамшуулал, судалгааны тэтгэлгийг нөхөн төлүүлэх;

3.1.5. хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад байнгын хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх.

3.2. Хөтөлбөрийн хэрэгжилтийг хүн амын бүртгэлийг төгөлдөржүүлэх зорилт, "Монгол Улсыг үйлдвэржүүлэх хөтөлбөр", "Төрөөс өндөр технологийн аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого" болон Засгийн газраас хэрэгжүүлэх тэргүүлэх чиглэлийн томоохон төслүүдтэй уялдуулан зохион байгуулна.

                                              Дөрөв. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа

4.1. Хөтөлбөрт заасан арга хэмжээг 2010-2012 онд хэрэгжүүлнэ.

                                           Тав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хөрөнгийн
                                                             эх үүсвэр, санхүүжилт

5.1. Хөтөлбөрийг дараахь хөрөнгийн эх үүсвэрээр санхүүжүүлнэ:

5.1.1. улсын төсөв;

5.1.2. хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, хандив;

5.1.3. гадаадын зээл, тусламж.

5.2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын төсвийн төсөлд тусгаж, тодорхой хэсгийг гадаадын зээл, тусламжид хамруулах замаар санхүүжүүлнэ.

                                           Зургаа. Шалгуур үзүүлэлт, хүлээгдэж байгаа үр дүн
 

                                          Хөтөлбөрийн хүрэх үр дүнгийн шалгуур үзүүлэлтүүд:
 
Зорилтот үзүүлэлт
2010 он
2011он
2012 он
Хөтөлбөрийн санхүүжилт
Хөтөлбөрийн нийт санхүүжилтийн хэмжээ
100 сая.төг
400 сая.төг
420 сая.төг
Мэдээллийн хангамжийн түвшингийн үзүүлэлт
Нэгдсэн бүртгэлд хамрагдсан гадаадад байгаа иргэдийн тоо
15000
30000
45000
Хилийн чанадад зохион байгуулсан үзэсгэлэн, уулзалт, форум
1
8
8
Үзэсгэлэн, уулзалт, форумд хамрагдсан хүний тоо
500
1600
1600
Онлайн порталд хандагчдын тоо /өдрөөр/
3000
20000
30000
Санал болгосон ажлын байрны тоо
1000
2000
3000
 
Ажлын байр зуучлалын тоо, чанарын үзүүлэлт
Төрийн албанд
-
30
35
Эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургуульд
10
45
55
Эрүүл мэндийн салбарт
5
50
60
Бусад салбарт
20
200
250
Шинээр эхэлсэн бизнестэй холбогдох үзүүлэлт
Шинээр байгуулагдсан хуулийн этгээдийн тоо
-
25
35
Технологийн чиглэлийн хуулийн этгээдийн тоо
-
9
18
Шинээр бий болсон ажлын байрны тоо
-
20
30
Борлуулалтын хэмжээ
-
250 сая
650 сая
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тэргүүлэх чиглэлийн хүрээнд хэрэгжүүлсэн төслийн үзүүлэлт, тэдгээрийн эдийн засаг, нийгмийн үр өгөөжийн үзүүлэлт
Тэргүүлэх чиглэлийн хүрээнд хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөр
2
20
40
Төсөл, хөтөлбөрийн нийт санхүүжилтийн хэмжээ
20 сая.төг
200 сая.төг
400 сая.төг
Хөтөлбөрт хамрагдах хүний тоо
15000
30000
45000
 
 
 
 
---оОо---