- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- МАСТЕР ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ХҮРЭЭНД ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗОРИЛТОТ ХӨТӨЛБӨРҮҮД
Шинжлэх ухаан, технологийг 2007-2020
онд хөгжүүлэх мастер төлөвлөгөөний
2 дугаар хавсралт
МАСТЕР ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ХҮРЭЭНД ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗОРИЛТОТ ХӨТӨЛБӨРҮҮД
1. Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэлийг тогтоох, цөм технологийг тодорхойлох,
хэрэгжүүлэх хөтөлбөр
Ерөнхий үндэслэл
Шинжлэх ухаан технологийн тэргүүлэх чиглэл, цөм технологи нь манай улсын эдийн засгийн өсөлтийг хурдасгах, өндөр технологит салбаруудыг хөгжүүлэхэд чиглэсэн судалгаа боловсруулалтын ажилд төсвөөс гаргасан хөрөнгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх гол хүчин зүйлийн нэг юм.
Эдийн засаг, нийгмийн хөгжлийн дунд хугацааны зорилтод түшиглэн шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэлүүд, цөм технологийн жагсаалтыг тогтоох, тодорхой хугацаанд түүнд тодотгол хийж байх нь шинжлэх ухаан, технологийн бодлогын салшгүй хэсэг бөгөөд энэхүү үйл ажиллагааг тогтмолжуулах, шинжлэх ухааны үндэслэлтэй хэрэгжүүлэх зорилгоор хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх шаардлагатай байна. Тухайлбал, Австралийн аж үйлдвэрийн салбарын хөгжлийг эрчимжүүлэх зорилгоор Action Agenda Approach (AАА) аргачлалыг боловсруулсан байна. Уг аргачлалын гол концепци нь тухайн салбарын үйл ажиллагаанд оролцогч гол болон сонирхогч талууд (бизнес, төр, судлаачид зэрэг)-ын оролцоо бүхий зөвлөл байгуулж салбарын тулгамдсан асуудал, тэргүүлэх чиглэлийн талаар санал боловсруулан Засгийн газарт танилцуулан ажилладаг байна.
Хөтөлбөрийн зорилго
Эрдэмтэд, судлаачид бизнес эрхлэгчид болон бодлого боловсруулагчдын оролцоотойгоор шинжлэх ухаан технологийн тэргүүлэх чиглэл, цөм технологийг сонгох, хэрэгжүүлэх тогтолцоог бүрдүүлэх.
Ач холбогдол:
-Энэхүү хөтөлбөр хэрэгжсэнээр шинжлэх ухаан, технологийн суурь, үйлдвэрлэл болон боловсон хүчний нөөцийн үнэлгээ, цөм технологийн ашиглалт, тэдгээрийн техник-эдийн засгийн шинж чанар, төлөвлөгдсөн үйлдвэрлэлийн эхлэлийн байдал болон борлуулалтын хэмжээнд үндэслэн гарах онц чухал инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, шинжлэх ухаан, технологийн хөгжлийн гол үр дүн, цөм технологийн ашиглалтын чиглэлд хамгийн их ирээдүйтэй, өндөр ач холбогдолтой салбаруудыг тодорхойлон дүн шинжилгээний холбогдох баримт бичиг (цөм технологийн паспорт)-ийг бэлтгэх болно.
-Их сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, үйлдвэрийн газруудаас тэргүүлэх чиглэлийн хүрээнд явуулах судалгаа шинжилгээ, туршилтын ажлыг дэмжих, санхүүгийн дэмжлэг үзүүлэх;
-Шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэл, цөм технологийг тогтоож хэрэгжүүлснээр эдийн засгийн өсөлтийг хангах, өндөр технологит салбаруудыг үүсгэн хөгжүүлэхэд чиглэсэн судалгаа боловсруулалтын ажилд хөрөнгө, хүчийг төвлөрүүлэн үр ашигтай зарцуулах нөхцөл бүрдэнэ.
хөгжүүлэх хөтөлбөр
Ерөнхий үндэслэл
Дэлхий дахины хөгжлийн чиг хандлага инновацийн идэвхжилээр тодорхойлогдох болсон өнөөгийн нөхцөлд улс орнууд өөрийн онцлогт тохирсон инновацийн хөгжлийн бодлого боловсруулан хэрэгжүүлж, үндэсний инновацийн үр ашигтай тогтолцоог бүрдүүлэн хөгжүүлэх явдал ихээхэн чухал үүрэг гүйцэтгэж байгааг хөгжингүй орнуудын туршлага харуулж байна.
Манай орны хувьд өнөөгийн байдлаар инновацийн тухайлсан бодлого байхгүй, инновацийн соёл, хөгжил эхлэлийн төдий байна. Иймээс Үндэсний инновацийн тогтолцоог цаг алдалгүй хөгжүүлэх бодлого боловсруулж хэрэгжүүлэх нь манай улсын эдийн засаг, нийгмийн бүхий л салбарт чухал ач холбогдолтой юм.
Хөтөлбөрийн зорилго
Монгол Улсын онцлогт тохирсон үндэсний инновацийн үр ашигтай тогтолцоог бүрдүүлэн хөгжүүлэх суурийг тавих.
Ач холбогдол
-Судалгаа боловсруулалтын болон аж үйлдвэрийн салбарын эрэлт, хэрэгцээг хангахуйц, глобаль инновацийн системд нэгдсэн үндэсний инновацийн үр ашигтай тогтолцоо бүрдэнэ;
-Инновацийн үйл ажиллагааны эрх зүй, зохион байгуулалт, дэд бүтцийн үндэсний тогтолцоо бүрдэнэ;
-Оюуны нөөцийн, инновацийн хөрөнгийн болон бүтээгдэхүүний, инновацийг дэмжих үйлчилгээний зах зээлийн харилцаа төлөвшинө;
-Инновацийн үйл ажиллагааны санхүүжилтийн олон хэлбэр, төрийн дэмжлэгийн механизм бий болно;
-Эрдэм шинжилгээний байгууллага, инновацийн жижиг, дунд бизнес, том үйлдвэрийн газрууд хоршсон үйл ажиллагаа хөгжсөнөөр дэвшилтэт технологид суурилсан инновацийн кластерууд үүсэн бий болно.
3. Шинжлэх ухаан, технологийн мэдээлэл, статистик, хяналт-шинжилгээ, үнэлгээг боловсронгуй болгох хөтөлбөр
Ерөнхий үндэслэл
Шинжлэх ухаан, технологийн чадавхийг тогтмол, зөв дүгнэж байх нь шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх бодлого, стратегийг оновчтой тодорхойлох улмаар үндэсний эдийн засаг, нийгмийн зорилтуудтай түүнийг уялдуулан хөгжүүлэх, салбарын үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Салбарын үйл ажиллагаа, түүний нийгэм, эдийн засгийн үр ашгийг үнэлэх, судалгаа, шинжилгээний ажлын үр дүнг ашиглах, түгээн дэлгэрүүлэхэд шинжлэх ухаан, технологийн мэдээлэл, статистик, хяналт-шинжилгээ, үнэлгээний тогтолцоог олон улсын нийтлэг шаардлагад нийцүүлэн боловсронгуй болгох асуудал тулгарч байна.
Манай орны хувьд дараахь асуудлууд тулгарч байна:
-Шинжлэх ухаан, технологийн салбарын статистик, мэдээлэл, шалгуур үзүүлэлтүүд хангалтгүй, хэт ерөнхий;
-Төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн судалгааны ажлын нэгдсэн мэдээллийн сан бүрэн бус;
-Шинжлэх ухаан, технологийн салбарын талаархи шаардлагатай үнэн зөв мэдээлэл хомс;
-Аж үйлдвэрийн салбарын болон бусад хэрэглэгчдэд шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагаа, судалгааны ажлын үр дүнгийн талаар мэдээлэл хангалттай хүрэхгүй байгаа;
-Шинжлэх ухаан, технологийн салбарын үүрэг, ач холбогдол, түвшин зэргийн талаар олон нийтийн ойлголт, мэдлэг болон, аж үйлдвэрийн эрэлт хэрэгцээний талаархи судалгаа тогтмол хийгдэхгүй байгаа.
Хөтөлбөрийн зорилго
Монгол Улсын шинжлэх ухаан, технологи, инновацийн салбарын үйл ажиллагааг цогцоор нь хамарсан статистик, мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний тогтолцоог бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчид, судлаачид, олон нийтийн шаардлага хэрэгцээнд нийцүүлэн олон улсын жишиг, аргачлалын дагуу бүрдүүлэн хөгжүүлэх.
Ач холбогдол
-Шинжлэх ухаан, технологийн салбарын бодлого боловсруулах, шийдвэр гаргах, тэргүүлэх чиглэл тогтоох, төлөвлөлт хийхэд шаардлагатай мэдээлэл, тоо баримтыг нэгдсэн эх үүсвэрээс хангана;
-Шинжлэх ухаан, технологийн мэдээллийг олон нийтэд хүргэх, мэдээллийн эх сурвалжийг хэрэглэгчтэй холбох, салбарын үйл ажиллагааг сурталчлах;
-Шинжлэх ухаан, технологийн салбарын үйл ажиллагаанд оролцогч болон сонирхогч талуудыг холбох хэрэгсэл болж улмаар шинжлэх ухаан технологийн үйл ажиллагааны чанар, үр ашгийг дээшлүүлэх;
-Хяналт-шинжилгээ, үнэлгээний тогтолцоо зөв бүрдсэн байна;
-Бодлого, хөтөлбөр, судалгаа, шинжилгээний ажил, эрдэм шинжилгээний байгууллагад хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх чадавхи бүрдсэн байна;
-санхүүжилтийн үр ашгийг тооцдог болсон байна. Эрсдэлийн сангийн хөгжил, түүний хэмжээ, бүтэц, хөрөнгө оруулалтын чиглэл, ялангуяа инновацийн төслийг дэмжих;
-цөм (критический) технологийг бий болгох, ашиглах явцад статистик, мэдээлэл боловсруулах, түүнд нэн шаардлагатай технологи болон бүтээгдэхүүний (үйлчилгээ) ангиллыг боловсруулах.
4. Дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр
Ерөнхий үндэслэл
Дэвшилтэт технологи гэдэг нь физик, хими, молекул биологи, электроник зэрэг олон шинжлэх ухааны уулзвар дээр бий болж хөгжиж байгаа нанотехнологи, биотехнологи, мэдээлэл холбооны технологи, сансрын технологи, робот автоматжуулалтын технологи гэсэн орчин үеийн шинэ чиглэлүүд юм.
Дэвшилтэт технологи нь анхдагч хөрөнгө оруулалт их шаарддаг, салбар хоорондын уялдаа холбоо нэн чухал, судалгааны ажлын үргэлжлэх хугацаа урт зэрэг онцлогоос шалтгаалан төрийн бодлого, зохицуулалт, дэмжлэг онцгой шаардлагатай байдгийг гадаад орнуудын туршлага харуулж байна.
Манай улсын шинжлэх ухаан, технологийн хөгжлийг шинэ түвшинд гаргах, технологийн хоцрогдлыг багасгах нэг арга зам нь дэвшилтэт технологийг хөгжүүлэх явдал юм.
Хөтөлбөрийн зорилго
Дэвшилтэт технологийн судалгаа, шинжилгээний чадавхийг сайжруулах, хүн амын олон талын хэрэгцээг хангах, улс орны эдийн засгийн тогтвортой хөгжилд дэм үзүүлэх, орчин үеийн инновацийн үр ашигтай тогтолцоог бүрдүүлэн хөгжүүлэхэд чиглэгдсэн төрийн бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэх нэг үндсэн арга хэрэгсэл нь зорилтот хөтөлбөрийн арга юм. Хөтөлбөрт дэвшилтэт технологийг бий болгож ашиглах, гадаадын технологийн ололтыг нутагшуулах замаар үйлдвэрлэл, үйлчилгээний технологийн түвшинг сайжруулах эдийн засаг, зохион байгуулалтын болон бусад шаардлагатай арга хэмжээг тусган хэрэгжүүлэх болно.
Ач холбогдол
-Дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний чадавхи бүрдэнэ;
-Эрүүл мэнд, хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн салбарт дэвшилтэт технологийн үйлдвэрлэлийн бааз бий болж оюуны багтаамжтай бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн хүн амын хэрэгцээнд нийлүүлэх боломжтой болно.
5. Залуу судлаачдыг бэлтгэх, дэмжих хөтөлбөр
Ерөнхий үндэслэл
Шинжлэх ухаан, технологийн салбарт ажиллаж байгаа судлаачдын дотор залуу судлаачдын эзлэх хувь жилээс жилд буурч байна. Шинжлэх ухаан, технолгийн салбарыг өндөр мэргэшсэн залуу судлаачдаар бэхжүүлэх нь эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын чанар, түвшин, үр өгөөжийг дээшлүүлэх нэг үндсэн хүчин зүйл болж байна.
Хөтөлбөрийн зорилго
Ойрын хугацаанд өндөр мэргэшсэн 500 залуу судлаачийг бэлтгэн шинжлэх ухаан, технологийн салбарыг боловсон хүчнээр хангах.
Ач холбогдол
Хөтөлбөр хэрэгжсэнээр шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэлээр ажиллах залуу эрдэмтэн судлаачдыг бэлтгэх, судалгаа, шинжилгээний ажилд нь дэмжлэг туслалцаа үзүүлэх, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх механизмыг бүрдүүлэхэд тодорхой ахиц дэвшил гарч улмаар шинжлэх ухаан, технологийн салбарыг боловсон хүчнээр хангана.
6. Их сургуулийн судалгаа боловсруулалтын ажлыг
дэмжих хөтөлбөр
Ерөнхий үндэслэл
Шинжлэх ухаан, технологийн үсрэнгүй хөгжлийн эрин болсон ХХI зууны нийгмийн амьдралд дээд боловсрол их үүрэг гүйцэтгэх болж байна.
Тухайн улс орны шинжлэх ухаан, дээд боловсролын салбарын хөгжилд "Их сургууль" гэдэг байгууллага чухам ямар үүрэг гүйцэтгэдэг, дэлхийн өндөр хөгжилтэй улс орнууд их сургуулийг өнөө үед хэрхэн дэмжиж байгаа, тэдгээрийн хөгжлийн хандлагыг хэрхэн томъёолж байгааг олон талаас нь шүүн үзэж, хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай алхам, арга хэмжээг үндэсний шинжлэх ухаан, дээд боловсролын хүрээнд цаг алдалгүй нэвтрүүлэх шаардлага амьдралаас урган гарч байна.
Дэлхий нийтийн хандлагыг иш үндэс болгон үндэсний шинжлэх ухаан, технологийн бодлогод их сургуулийн эзлэх байр суурийг бэхжүүлэх, түүнээс сургалт, танин мэдэхүй, үйлдвэрлэл, нийгмийн амьдралд өгөх үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн цогцолбор арга хэмжээ авах нь үндэсний эрх ашигт нийцэх чухал зорилт болж байна
Хөтөлбөрийн зорилго
Хөтөлбөрийн зорилго нь их сургууль төвтэй шинжлэх ухааныг хөгжүүлэх, сургалт-шинжлэх ухаан-үйлдвэрлэлийн холбоог бэхжүүлэх замаар их сургуулийн эрдэмтэн, багш нарын Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд оруулах хувь нэмрийг чанарын шинэ шатанд гаргахад оршино.
Ач холбогдол
Хөтөлбөр амжилттай хэрэгжсэнээр их сургуулийн материаллаг бааз бэхжиж, үндэсний мэргэжилтний хөрвөх, олон улсын хэмжээнд өрсөлдөх чадвар дээшилж, оюуны багтаамж шингэсэн шинэ бүтээгдэхүүн, шинэлэг ажил, үйлчилгээ, зохистой менежментийг бий болгох боломж сайжирч, улмаар эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах суурь нөхцөл хангагдана.
-----оОо-----
ЗАРИМ НЭР ТОМЪЁОНЫ ТАЙЛБАР
Судалгаа боловсруулалтын ажил (СБА) (Research and Development-R&D)-Хүн, соёл, нийгмийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор хийгдэж байгаа системтэй, бүтээлч үйл ажиллагаа, түүний үр дүнд бий болсон шинэ мэдлэгийг хэрэглээнд нэвтрүүлж ашиглахад чиглэсэн үйл ажиллагааны цогц бөгөөд дараахь төрлийн үйл ажиллагаанаас бүрдэнэ:
1. Суурь судалгаа;
2. Хэрэглээний судалгаа;
3. Туршилт, боловсруулалтын ажил.
1. Суурь судалгаа (Basic research)-Аливаа үзэгдэл, ажиглаж болохуйц баримт (факт) дээр түшиглэн шинэ мэдлэгийг бий болгоход чиглэсэн, тодорхой хэрэглээнд ашиглах зорилгогүй туршилтын буюу онолын ажил. Суурь судалгаа нь шинж чанар, бүтэц, өөр хоорондын харилцан хамааралд дүн шинжилгээ хийх замаар таамнал, онол, зүй тогтлыг шинээр томъёолох, туршихад чиглэгдэнэ. Суурь судалгааны ажлын үр дүн нь ихэвчлэн мэргэжлийн хүрээнд хэлэлцүүлэх зорилгоор шинжлэх ухааны сэтгүүлд хэвлэгддэг. Суурь судалгааны ажил хийхэд эрдэмтэд өөрсдөө зорилгоо тодорхойлон гаргаж тавих харьцангуй чөлөөтэй ажиллах боломжтой байдаг. Суурь судалгааг "цэвэр" болон "зорилтот" гэж ангилдаг.
-Цэвэр суурь судалгаа (Pure basic research) нь эдийн засаг, нийгмийн шууд ашиг хараагүй, үр дүнг хэрэглээнд шууд ашиглах, дамжуулах зорилгогүй, зөвхөн шинэ мэдлэгийг бий болгоход чиглэсэн байна.
-Зорилтот суурь судалгаа (Oriented basic research) нь одоо байгаа буюу ирээдүйд илэрч болохуйц асуудлыг шийдвэрлэхэд суурь болж өгөх ерөнхий мэдлэгийг бий болгоход чиглэнэ. Зарим тохиолдолд зорилтот суурь судалгааг "Стратегийн судалгаа" гэж нэрлэдэг.
2. Хэрэглээний судалгаа (Applied research)-Эхнээсээ тодорхой зорилгод чиглэсэн, шинэ мэдлэг бий болгох зорилготой судалгааны ажил байх бөгөөд суурь судалгааны ололт, үр дүнг тодорхой хэрэглээнд ашиглаж болох эсэхийг тодорхойлох, тодорхой зорилгод хүрэх арга замыг тогтооход чиглэгддэг. Хэрэглээний судалгааны үр дүн нь нэг буюу цөөн бүтээгдэхүүн, үйл ажиллагаа, арга зүй, тогтолцоонд зориулагдсан байдаг. Хэрэглээний судалгааны үр дүн нь ихэвчлэн патент, эсхүл бизнесийн байгууллагын нууц хэлбэрээр гардаг.
3. Туршилт, боловсруулалтын ажил (Experimental Development)-Шинэ бараа, материал, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, мөн шинэ үйл явц, тогтолцоо, үйлчилгээг нэвтрүүлэх, эдгээрийг сайжруулахад чиглэсэн системтэй судалгаа, туршилтын ажлыг хэлнэ.
Зэхэц ажил-Судалгаа, туршилт, зохион бүтээх ажлын үр дүнд бий болж улмаар үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтэрч эдийн засгийн үр ашиг өгөх боломжтой ажлыг хэлнэ.
Инноваци–Эрдэм шинжилгээний ажлын үр дүнг эцсийн бодит бүтээгдэхүүн болгон зах зээл, үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх цогц үйл ажиллагаа.
Инновацийн үйл ажиллагаа гэж:
-зарчмын хувьд цоо шинэ буюу хэрэглээний шинэ шинж чанартай бараа, бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний үйлдвэрлэлийг шинээр бий болгох, зохион байгуулах;
-шинэ технологи бий болгох, ашиглах буюу хуучин технологийг сайжруулан хэрэглэх;
-бараа, бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээг шинээр нэвтрүүлж үйлдвэрлэхэд зохион байгуулалт, санхүү-эдийн засаг, боловсон хүчин, мэдээллийн болон бусад инновацийг ашиглах замаар зардлыг багасгаж, бүтээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг хэлнэ.
Инновацийн бүтээгдэхүүн–Инновацийн үйл ажиллагааны үр дүнд бий болж арилжаалахад чиглэсэн бараа, бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээ.
Инновацийн тогтолцоо–Инновацийг хөгжүүлэх талаар төрөөс баримталж байгаа бодлогын хүрээнд бүтээгдэхүүн бий болгох, үйлдвэрлэх, ашиглах зэрэг инновацийн үйл ажиллагаанд харилцан шүтэлцээтэй хамтран оролцогч байгууллагууд болон тэдгээрийн үйл ажиллагааны цогц. Инновацийн тогтолцоонд дараахь элементүүд багтана:
-суурь болон хэрэглээний судалгааг явуулах замаар зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн шинэ мэдлэгийг бий болгох;
-хэрэглээний судалгаа, технологийн туршилт-боловсруулалтын ажлыг явуулах, судалгааны ажлын үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх арга туршлага;
-өрсөлдөх чадвартай инновацийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх шинэ технологи;
-Инновацийн дэд бүтэц;
-Инновацийн удирдлага, зохион байгуулалтын чиглэлээр бэлтгэгдсэн боловсон хүчин.
Инновацийн дэд бүтэц–Инновацийн үйл ажиллагаанд хувь нэмэр оруулах болон инновацийн бүтээгдэхүүнийг бий болгож, борлуулахад үйлчилгээ үзүүлэх субъектуудын нэгдэл, сүлжээ. Инновацийн дэд бүтцэд технологи дамжуулах төв, инноваци-технологийн төв, технопарк, бизнесийн инкубатор, инновацийн боловсон хүчин бэлтгэхэд зориулагдсан сургалтын төв, эрсдэлийн сан зэрэг (Venture Fundation) орно.
Индикатор (Илрүүлэгч заалтуур–Шалгуур үзүүлэлт–Хэмжигдэхүүн–Хэмжээс)-Стратеги төлөвлөлтийн арга зүйн үүднээс ерөнхий агуулгаараа зорилго, зорилт, үр дүнг хэмжих хэрэгсэл буюу "илрүүлэгч заалтуур" бөгөөд тодорхой тохиолдолд, гүйцэтгэлээ хэмжигдэхүйц болгосон утгаараа зорилго, зорилт, үр дүнгийн "шалгуур үзүүлэлт", ямар нэгэн нэгж гүйцэтгэл утгаараа "үр дүнг илэрхийлэх хэмжигдэхүүн", тоон биш агуулгатай зорилго, зорилт, үр дүнг хэмжих гэвэл "хэмжээс" гэсэн утгаар хэрэглэж болно.
Оюуны сүлжээ (Network of Excellence)–Давуу талаараа нийлэх, түншлэх, хорших, хамтрах үйл ажиллагаа, судалгааны үр дүн, эрэлт хэрэгцээний мэдээллээ харилцан солилцох зарчмаар сонирхлоо нэгтгэж, бүтэц зохион байгуулалтын хувьд хөрөнгө, нөөц, үйл ажиллагаагаа нэгтгэх нэгдсэн зохион байгуулалттай ажиллах хэлбэрээр өрсөлдөх чадвараа дээшлүүлэх зорилгоор бий болгосон хамтын үйл ажиллагааны хэлбэр. Судалгаа боловсруулалтын ажлын хөгжилд хувь оруулагч бүх этгээд (төрийн болон хувийн хэвшлийнхэн, үйлдвэрлэгчид, үйлдвэрийн газрын судалгааны байгууллагууд, судлаачдын баг зэрэг) шинжлэх ухаан, технологийн давуу талаа бэхжүүлэх, судалгаа-боловсруулалтын ажлын чадавхиа сайжруулах, боловсронгүй болгох, хөгжүүлэхэд чиглэсэн хамтын үйл ажиллагааны тогтвортой дэд бүтэц–сүлжээ.
Фраскаттийн удирдамж (Frascatti Manual)–Шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааны ангилал, нэр томьёоны тодорхойлолт, шинжлэх ухаан, технологийн шалгуур үзүүлэлт, судалгаа боловсруулалтын ажилтай холбоотой статистик мэдээлэл, стандарт, бүртгэлийг боловсруулах аргачлалыг томъёолсон нийтлэг удирдамж.
Impact Factor–Эрдэм шинжилгээний сэтгүүлийн түвшинг тодорхойлогч заалтуур.
Жишээлбэл, тухайн сэтгүүлийн 2006 оны Impact Factor-ыг тодорхойлохдоо:
2006 Impact Factor = бөгөөд энд:
–тухайн сэтгүүлд 2004, 2005 онд хэвлэгдсэн өгүүллүүдээс 2006 онд авсан ишлэлийн тоо;
–тухайн сэтгүүлд 2004, 2005 онд хэвлэгдсэн нийт өгүүллийн тоо.
Шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагаа-ЮНЕСКО-гоос 1978 онд гаргасан "Шинжлэх ухаан, технологийн статистикийг стандартчилах зөвлөмж" (Recommendation concerning the International Standardization of Statistics on Science and Technology) нэртэй баримт бичигт Шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагаа (ШУТҮА) нь Судалгаа-боловсруулалтын ажил (СБА), Шинжлэх ухаан, технологийн боловсрол, сургалт (ШУТБС), Шинжлэх ухаан, технологийн үйлчилгээ (ШУТҮ) зэргийг багтаана гэж заасан байна.
ШУТҮА = СБА + ШУТБС + ШУТҮ (STA = R&D+ STET+STS)
Энд:
· ШУТҮА–Шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагаа
(Science and technology activities - STA)
· СБА –Судалгаа боловсруулалтын ажил
(Research and Development - R&D)
· ШУТБС–Шинжлэх ухаан, техникийн боловсрол, сургалт (Scientific and technical education and training - STET)
· ШУТҮ–Шинжлэх ухаан, технологийн үйлчилгээ
(Scientific and technological services-STS)
-------оОо------
Текст томруулах
A
A
A