A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ХОНИНЫ НООС, ТЭМЭЭНИЙ НООС БЭЛТГЭЖ ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРТ ТУШААСАН ХОРШООНЫ ГИШҮҮН МАЛЧИН, МАЛ БҮХИЙ ЭТГЭЭДЭД ТУШААСАН ХОРШООНЫ ГИШҮҮН МАЛЧИН, МАЛ БҮХИЙ ЭТГЭЭДЭД МӨНГӨН УРАМШУУЛАЛ ОЛГОХ ТУХАЙ ЖУРАМ /ЗГ-ын 2013-11-30-ны 394-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

                                                                                                     Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 221 дүгээр
                                                                                                    тогтоолын 2 дугаар хавсралт



ХОНИНЫ НООС, ТЭМЭЭНИЙ НООС БЭЛТГЭЖ ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРТ
ТУШААСАН ХОРШООНЫ ГИШҮҮН МАЛЧИН, МАЛ БҮХИЙ ЭТГЭЭДЭД

/ЗГ-ын 2013-11-30-ны 394-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/



                                                                                      Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Нэгдүгээр зэргийн буюу үргэлж-хэвийн ангиллын (цаашид "нэгдүгээр зэргийн" гэх) ноос бэлтгэж боловсруулах үндэсний үйлдвэр (үйлдвэр, цех, төв, тасаг зэрэг)-т тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох ажлыг зохион байгуулах, хяналт тавих, тайлагнахтай холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулна.

1.2. Дараахь шаардлагыг хангасан гарал үүслийг баталгаажуулан үндэсний үйлдвэрт нийлүүлсэн нэгдүгээр зэргийн хонь болон тэмээний ноосны кг тутамд 2000 төгрөгийн урамшуулал олгоно:

-Ноос, ноолуур. Түүхий эд бэлтгэл. Хонины ноос. Техникийн шаардлага MNS-33-2007 стандарт;

-Ноос, ноолуур. Түүхий эд бэлтгэл. Тэмээний ноос MNS-36-2007 стандарт.

1.3. Ноос боловсруулах үндэсний үйлдвэр нь эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч байна.

1.4. Урамшуулал олгоход шаардагдах хөрөнгийг Мал хамгаалах сангаар дамжуулан энэхүү журмын дагуу зарцуулна.

1.5. Боловсруулах үндэсний үйлдвэрт нэгдүгээр зэргийн ноос бэлтгэж тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох талаархи хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр, энэхүү журмыг тухайн нутаг дэвсгэртээ сурталчлах, энэ чиглэлээр малчдад сургалт явуулах ажлыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар зохион байгуулна.

1.6. Боловсруулах үндэсний үйлдвэрт нэгдүгээр зэргийн ноос бэлтгэж тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох талаархи хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилт, малчдад урамшуулал олгох ажилд сум, дүүргийн Засаг дарга хяналт тавина.

1.7. Улсын хэмжээнд энэхүү журмын хэрэгжилтэд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хяналт тавьж ажиллана.

                                                        Хоёр. Урамшуулал олгох зарчим, журам

2.1. Эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ноос боловсруулах үйлдвэр, цех (ноос бэлтгэлийн төлөөлөгч) нь энэхүү журмын 3.4-т заасан гэрчилгээ бүхий ноосыг хүлээн авсан тухай тодорхойлолтыг хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд олгоно.

*Тайлбар: Энэхүү журамд байгаа "хоршооны гишүүн" гэсэн тодотголыг 2013 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

2.2. Сум, дүүргийн Засаг даргын Тамгын газрын мал эмнэлгийн асуудал хариуцсан ажилтан нь энэхүү журмын 2.1-д заасан тодорхойлолтыг хүлээн авч, хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдийн хаяг, малын тоо (малын тоо, төрөл, нас, хүйсийг бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангийн мэдээлэлтэй тулгаж), тушаасан ноосны хэмжээ, төрөл зэргийг гарган сум, дүүргийн Засаг даргаар баталгаажуулж холбогдох материалыг аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх хөдөө аж ахуйн асуудал хариуцсан газарт жил бүрийн 9 дүгээр сарын 1-ний дотор хүргүүлнэ.

2.3. Аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх хөдөө аж ахуйн асуудал хариуцсан газар нь сум, дүүргээс ирүүлсэн материалыг бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангийн холбогдох мэдээлэлтэй тулган нэгтгэж, холбогдох материалыг жил бүрийн 9 дүгээр сарын 15-ны дотор Мал хамгаалах санд хүргүүлнэ.

2.4. Мал хамгаалах сан нь аймаг, нийслэл болон Ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооноос ирүүлсэн материалыг харьцуулан хянаж, боловсруулах үндэсний үйлдвэрт нэгдүгээр зэргийн ноос бэлтгэж тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох асуудлыг хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд танилцуулна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нь уг танилцуулгыг үндэслэн урамшуулал олгох шийдвэр гаргана. Шийдвэрийг сум, дүүргийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлнэ.

2.5. Энэхүү журмын 2.4-т заасан шийдвэрийг үндэслэн урамшуулалд шаардагдах хөрөнгийг Мал хамгаалах сангаас зохих журмын дагуу орон нутагт шилжүүлнэ.

2.6. Сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар нь урамшуулал олгох тухай хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрийн дагуу хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд урамшуулал олгоно.

2.7. Энэхүү журмын 3 дугаар бүлэгт заасан үүргийг биелүүлээгүй, материал хүлээн авахаар заасан хугацаанаас хоцроосон, буруу ташаа мэдээ ирүүлсэн, холбогдох материалыг бүрэн ирүүлээгүй хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд урамшуулал олгохгүй.



Гурав. Хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдийн үүрэг



3.1. Хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээд нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2011 оны А/74 дүгээр тушаалаар баталсан "Малыг бүртгэх, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх тухай журам"-ын дагуу малаа бүртгэлийн нэгдсэн санд бүртгүүлсэн байна.**

3.2. Хонь болон тэмээн сүргийг мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд технологит хугацаанд тогтмол хамруулсан байна.

**Тайлбар: Энэхүү журмын 3.1-д дурдсан журамд заасан үйл ажиллагаа жигдэртэл малын төрөл, тоо, нас, хүйсийг тодорхойлоход оны эцсийн мал тооллогын дансыг ашиглана.


3.3. Энэхүү журмын 1.2-т заасан стандартын шаардлагыг хангасан нэгдүгээр зэргийн ноосыг төрлөөр нь 100-500 кг-аар савлаж бэлтгэнэ.

3.4. Хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээд нь бэлтгэсэн ноосондоо тухайн сум, дүүргийн хувийн мал эмнэлэг, үржлийн нэгжээс мал эмнэлэг, ариун цэврийн гэрчилгээ авч үйлдвэрт нийлүүлнэ.



Дөрөв. Ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооны үүрэг



4.1. Ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо нь үйлдвэр тус бүрээс ноос худалдан авсан тухай бүртгэл, чанар шалгагчийн дүгнэлтийг авч нэгтгэн Мал хамгаалах санд хүргүүлнэ.

4.2. Ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо нь үйлдвэр бүр худалдан авсан ноосоороо нэмэгдсэн өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа явцтай танилцаж, тайлан, мэдээг нэгтгэн улирал бүрийн дараа сарын 15-ны дотор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд хүргүүлнэ.



Тав. Урамшуулал олгох хөрөнгийг төлөвлөх



5.1. Аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх хөдөө аж ахуйн асуудал хариуцсан газар нь мал тооллогын дүн, сүргийн эргэлтэд үндэслэн харьяа нутаг дэвсгэртээ дараа жилд бэлтгэн нийлүүлэх боломжтой хонь, тэмээний ноосны хэмжээ, нутаг дэвсгэртээ байгаа үйлдвэрийн жагсаалт, тэдгээрийн хүчин чадлыг сум, дүүрэг тус бүрээр гаргаж, жил бүрийн II улиралд багтаан Мал хамгаалах санд хүргүүлнэ.

5.2. Ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо нь үйлдвэр тус бүрийн дараа жил худалдан авах ноосны хэмжээг нэр, төрлөөр гаргуулж нэгтгэн жил бүрийн II улиралд багтаан Мал хамгаалах санд хүргүүлнэ.

5.3. Мал хамгаалах сан нь энэхүү журмын 5.1, 5.2-т заасан мэдээллийг харьцуулан судалж, дараа жил үйлдвэр, цехэд ноосоо тушаах хоршооны гишүүн, мал бүхий этгээдэд олгох урамшууллын хэмжээг төлөвлөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын төсвийн багцад тусгуулах санал тавина.



Зургаа.Тайлагнах, хяналт тавих



6.1. Сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар малчдад урамшуулал олгосон тухай тайланг аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх хөдөө аж ахуйн асуудал хариуцсан газарт хүргүүлнэ.

6.2. Аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх хөдөө аж ахуйн асуудал хариуцсан газар нь 6.1-д заасан мэдээг нэгтгэн тухайн жилийн 11 дүгээр сарын 15-ны дотор Мал хамгаалах санд хүргүүлнэ.

6.3. Мал хамгаалах сан нь тухайн онд урамшуулалд хамрагдсан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдийн бүртгэл, хөрөнгийн зарцуулалтын талаархи мэдээ, тайланг дараа оны 1 дүгээр сарын 30-ны дотор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Сангийн яаманд тус тус хүргүүлнэ.

6.4. Мал хамгаалах сан нь жил бүр урамшуулалд шаардагдах хөрөнгийн зарцуулалт, санхүүгийн тайланд дараа оны II улиралд багтаан аудит хийлгүүлнэ.

6.5. Мал хамгаалах сан нь урамшуулал олгох асуудлыг төлөвлөх, олгох асуудалтай холбоотой материал, мэдээлэл, тайланг архивын нэгж болгон хадгална.



Долоо. Хариуцлага



7.1. Үйлдвэр хуурамч мэдээлэл гаргаж өгснөөс үүссэн хохирлыг уг үйлдвэр өөрөө бүрэн хариуцна.

7.2. Хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдийн нийлүүлсэн ноосны хэмжээ, чанар, ангиллын талаар буруу ташаа мэдээ ирүүлсэн, тодорхойлолт өгсөн боловсруулах үйлдвэр, цехийн гаргасан бусад тодорхойлолтыг хүлээн авахгүй бөгөөд зээл болон бусад дэмжлэгийг дахин олгохгүй. Гарсан хохирлыг бүрэн төлүүлнэ.

7.3. Хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд ноос бэлтгэсэн тухай хуурамч гэрчилгээ олгосон хувийн мал эмнэлэг, үржлийн нэгжийн үйл ажиллагаа явуулах эрхийг нь хасах саналыг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх, гарсан хохирлыг нөхөн төлүүлнэ.





                                                                                                 ---оОо---