- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖЕНДЭРИЙН ҮНДЭСНИЙ ХОРООНЫ ДҮРЭМ
Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 323 дугаар
тогтоолын 2 дугаар хавсралт
ЖЕНДЭРИЙН ҮНДЭСНИЙ ХОРООНЫ ДҮРЭМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Энэхүү дүрэм нь Жендэрийн үндэсний хороо (цаашид "Хороо" гэх)-ны үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулна.
1.2. Хорооны үндсэн зорилго нь жендэрийн тэгш байдлыг хангах асуудлаар бодлого боловсруулж хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль болон Жендэрийн тэгш байдлыг хангах Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, биелэлтэд нь хяналт тавих ажлыг зохион байгуулах, энэ чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн зүгээс гаргасан үүсгэл санаачилгыг дэмжих, тэдгээрийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулахад оршино.
1.3. Хороо нь үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын гэрээ, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, бусад хууль тогтоомж, энэхүү дүрмийг удирдлага болгоно.
1.4. Хороо нь тогтоосон журмын дагуу үйлдсэн тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
Хоёр. Хорооны бүрэлдэхүүн, зохион байгуулалт
2.1. Хороо нь төр, олон нийтийн тэнцүү оролцоог хангасан төлөөллөөс бүрдсэн үндэсний хэмжээний орон тооны бус байгууллага мөн.
2.2. Шаардлагатай бол Хороо жендэрийн тэгш байдлыг хангах тодорхой асуудлаар зөвлөл, ажлын хэсэг, шинжээчдийн бүлэг байгуулан ажиллуулж болно.
2.3. Хорооны үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь Хорооны хуралдаан байна.
2.4. Хорооны ээлжит хуралдааныг жилд нэгээс доошгүй удаа хийнэ. Шаардлагатай бол Хорооны даргын санаачилгаар, эсхүл Хорооны гишүүдийн олонхийн саналаар ээлжит бус хуралдааныг хуралдуулж болно. (Энэ заалтад Засгийн газрын 2018 оны 111 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон)
2.5. Хорооны нийт гишүүдийн ердийн олонхи оролцсоноор хуралдааныг хүчинтэйд тооцно.
2.6. Хорооны хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг хуралдаанд оролцсон нийт гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэнэ. Гишүүдийн санал тэнцсэн тохиолдолд хуралдаан даргалагчийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ.
2.7. Хорооны хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлаар тогтоол гаргаж Хорооны дарга гарын үсэг зурна.
2.8. Хорооны хуралдааныг тэмдэглэл хөтөлж баталгаажуулах бөгөөд түүнд Хорооны нарийн бичгийн дарга гарын үсэг зурна.
2.9. Хорооны хуралдааны дэгийг Хороо батална.
Гурав. Хорооны чиг үүрэг
3.1. Хороо дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:
3.1.1. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 18.3-т заасан чиг үүрэг;
3.1.2. гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг улсын хэмжээнд удирдан зохион байгуулж, хяналт тавих. (Энэ заалтыг Засгийн газрын 2018 оны 111 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Дөрөв. Хорооны дарга, гишүүний бүрэн эрх
4.1. Хорооны дарга дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
4.1.1. хорооны бүрэлдэхүүнийг Засгийн газарт санал болгох;
4.1.2. хорооны ээлжит болон ээлжит бус хуралдаанаар хэлэлцэх асуудлыг тодорхойлж, хуралдааныг товлох, даргалах;
4.1.3. хороог дотоод, гадаад харилцаанд төлөөлөх;
4.1.4. хорооны гишүүдэд үүрэг, даалгавар өгч, биелэлтэд нь хяналт тавих;
4.1.5. хорооны үйл ажиллагааны тайланг Засгийн газрын хуралдаанд танилцуулах.
4.2. Хорооны гишүүн дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
4.2.1. хорооны хуралдаанд асуудал оруулж хэлэлцүүлэх;
4.2.2. хорооны шийдвэрийн хэрэгжилтийн явц, үр дүнд хариуцсан салбар, чиглэлийн дагуу хяналт тавих;
4.2.3. хорооны даргын өгсөн үүрэг, даалгаврыг хэрэгжүүлэх, үр дүнг тайлагнах;
4.2.4. хариуцсан салбар, чиглэлийн дагуу Хороонд холбогдох мэдээ, тайлан, статистик тоо баримтыг гаргаж өгөх;
4.2.5. хорооны үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлантай танилцах, Хорооноос хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл авах.
4.3. Хорооны даргын түр эзгүйд түүний үүрэг болгосноор бүрэн эрхийг нь Хорооны дэд дарга хэрэгжүүлнэ.
4.4. Хороо орон тооны нарийн бичгийн даргатай байна. Хорооны нарийн бичгийн дарга дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ: (Засгийн газрын 2015 оны 46 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан бөгөөд 2018 оны 111 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
4.4.1. хорооны хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг боловсруулж, Хорооны даргаар батлуулах;
4.4.2. хорооны хуралдааны тэмдэглэл хөтлөх, гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
4.4.3. хорооны салбар хороо, зөвлөлийн ажлын тайланг нэгтгэж Хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулах;
4.5. Хорооны нарийн бичгийн даргыг Хорооны дарга томилж, чөлөөлнө. (Энэ заалтыг Засгийн газрын 2015 оны 46 дугаар тогтоолоор нэмсэн)
4.6. Хорооны нарийн бичгийн дарга нь Хорооны Ажлын албаны дарга байна. (Засгийн газрын 2018 оны 111 дүгээр тогтоолоор нэмсэн)
Тав. Хорооны ажлын алба
5.1. Хорооны өдөр тутмын ажлыг түүний ажлын алба (цаашид "Ажлын алба" гэх) хариуцан гүйцэтгэнэ. Ажлын албаны дарга, орон тооны ажилтан нь төрийн захиргааны албан хаагч байна. (Засгийн газрын 2018 оны 285 дугаар тогтоолоор 2 дахь өгүүлбэрийг нэмсэн)
5.2. Ажлын албаны чиг үүргийг жендэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гүйцэтгэнэ.(Энэ заалтыг Засгийн газрын 2015-2-2-ны өдрийн 46 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан бөгөөд Засгийн газрын 2018 оны 110 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
5.3. Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 16.4-т заасны дагуу эрх бүхий төсвийн ерөнхий менежерийн бичгээр олгосон зөвшөөрлийн үндсэн дээр Ажлын албаны дарга дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлж болно: (Засгийн газрын 2015-2-2-ны өдрийн 46 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
5.3.1. хорооноос гаргасан шийдвэрийг үндэслэн Хорооны төсвийн зарцуулалтыг хариуцах;
5.3.2. ажлын албаны хүний нөөцийн удирдлагыг хэрэгжүүлж, ажилтнуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу томилох, чөлөөлөх, тэдгээрт цалин, урамшуулал олгох.
5.4. Ажлын албаны дарга бүрэн эрхийнхээ асуудлаар тушаал гаргана. (Засгийн газрын 2015 оны 46 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
5.5. Ажлын алба дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:
5.5.1. хорооны жил бүрийн үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан батлуулах, хэрэгжилтийг хариуцан зохион байгуулах;
5.5.2. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр, Хорооны шийдвэрийг холбогдох албан тушаалтан, аж ахуйн нэгж, байгууллага хэрэгжүүлж байгаа байдалд хяналт тавьж, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллах; (Энэ заалтад Засгийн газрын 2018 оны 111 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон)
5.5.3. хорооны үйл ажиллагаанд шаардагдах тайлан, мэдээ, статистик тоо баримт, лавлагааг холбогдох байгууллагаас гаргуулах, бэлтгэх, мэдээллийн сан бүрдүүлэх;
5.5.4. хорооны хуралдааныг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангах, Хорооны шийдвэрийг хэлбэржүүлж гаргах;
5.5.5. хорооны үйл ажиллагааг олон нийтэд мэдээлэх, сурталчлах арга хэмжээг зохион байгуулах;
5.5.6. хорооны салбар хороо, зөвлөлийн үйл ажиллагаанд хяналт тавьж, үйл ажиллагааг нь уялдуулах.
5.5.7. жендэрийн талаарх олон нийтийн ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр сургалт зохион байгуулах; (Энэ заалтыг Засгийн газрын 2018 оны 111 дүгээр тогтоолоор нэмсэн)
5.5.8. олон улсын байгууллагатай хамтран төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, дүнг Хорооны хуралд танилцуулах. (Энэ заалтыг Засгийн газрын 2018 оны 111 дүгээр тогтоолоор нэмсэн)
5.6. Хорооны Ажлын албаны дарга дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ: (Энэ хэсгийн Засгийн газрын 2018 оны 111 дүгээр тогтоолоор нэмсэн)
5.6.1. ажлын албаны өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах;
5.6.2. Хороо болон салбар зөвлөлийн үйл ажиллагааг мэргэжил, арга зүйгээр хангах;
5.6.3. бүрэн эрхийнхээ асуудлаар тушаал гаргах;
5.6.4. ажлын албаны хүний нөөцийн удирдлагыг хэрэгжүүлж, ажилтнуудыг хууль тогтоомжид заасны дагуу томилж чөлөөлөх, үр дүнгийн гэрээ байгуулан дүгнэх;
5.6.5. хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг гарган Хорооны даргаар батлуулах, Хорооны шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах.
Зургаа. Хорооны салбар зөвлөл, хороо
6.1. Хорооны салбар зөвлөлийг яамны Төрийн нарийн бичгийн дарга, Хорооны салбар хороог тухайн шатны Засаг дарга ахалж, бүрэлдэхүүн, ажиллах журмыг нь батална. (Энэ заалтад Засгийн газрын 2018 оны 111 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон)
6.2. Хорооны салбар зөвлөл, хороо нь эрхэлсэн салбарын хэмжээнд болон харьяа нутаг дэвсгэртээ Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах Үндэсний хөтөлбөр, Хорооноос гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтэд хяналт тавина. (Энэ заалтад Засгийн газрын 2018 оны 111 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон)
6.3. Хорооны салбар зөвлөл, хороо нь тухайн жилд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө гаргаж, түүнийг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг зохих шатны төсөвт тусгуулах арга хэмжээ авна.
6.4. Хорооны салбар зөвлөл, хорооны үйл ажиллагаанд шаардагдах бичиг хэргийн болон бусад зохион байгуулалтын зардлыг тухайн төрийн захиргааны төв байгууллага, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар хариуцах бөгөөд зардлыг төсөвтөө суулгаж санхүүжүүлнэ.
6.5. Хорооны салбар зөвлөл, хороо нь орон тооны нарийн бичгийн даргатай байна.
6.6. Салбар зөвлөл нь Монгол Улсын сайдад, Салбар хороо нь тухайн шатны Засаг даргад ажлаа тайлагнана.
6.7. Салбар зөвлөл, хороо нь Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 19.1.8, 19.1.9-д заасан тайланг бэлтгэх ажлыг хариуцан зохион байгуулна.
Долоо. Хорооны үйл ажиллагааны зардлын санхүүжилт
7.1. Хороо, түүний ажлын албаны үйл ажиллагааны зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.
--оОо--
Текст томруулах
A
A
A