- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ДАВАМГАЙ БАЙДАЛТАЙ ХУУЛИЙН ЭТГЭЭД БУСАД ХУУЛИЙН ЭТГЭЭДТЭЙ НЭГДЭХ, НИЙЛЭХ ЗАМААР ӨӨРЧЛӨН БАЙГУУЛАГДАХ,ӨРСӨЛДӨГЧИЙН ХУВЬЦААГ ХУДАЛДАН АВАХАД ДҮГНЭЛТ ГАРГАХ ЖУРАМ
Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 118 дугаар
тогтоолын хавсралт
ДАВАМГАЙ БАЙДАЛТАЙ ХУУЛИЙН ЭТГЭЭД БУСАД
ХУУЛИЙН ЭТГЭЭДТЭЙ НЭГДЭХ, НИЙЛЭХ ЗАМААР
ӨӨРЧЛӨН БАЙГУУЛАГДАХ, ӨРСӨЛДӨГЧИЙН ХУВЬЦААГ
ХУДАЛДАН АВАХАД ДҮГНЭЛТ ГАРГАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Өрсөлдөөний тухай хуулийн 8 дугаар зүйлд заасны дагуу давамгай байдалтай хуулийн этгээд бусад хуулийн этгээдтэй нэгдэх, нийлэх замаар өөрчлөн байгуулагдах, эсхүл харилцан хамаарал бүхий этгээдтэй нэгдэх, нийлэх (цаашид "нэгдэх, нийлэх" гэх), мөн ижил төрлийн бараа, бүтээгдэхүүн борлуулдаг өрсөлдөгч компанийн хувьцааг худалдан авах тохиолдолд шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага (цаашид "төрийн захиргааны байгууллага" гэх)-аас дүгнэлт гаргахтай холбогдсон харилцааг энэ журмаар зохицуулна.
1.2. Энэ журамд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
1.2.1. "нийлэх" гэж Компанийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасныг;
1.2.2. "нэгдэх" гэж Компанийн тухай хуулийн 20 дугаар зүйлд заасныг;
1.2.3. "хэвтээ хэлбэрийн нэгдэх, нийлэх" гэж бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, эсхүл борлуулалтын хувьд нэг зах зээлд үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээдүүд хоорондоо нэгдэх, нийлэх үйл явцыг;
1.2.4. "босоо хэлбэрийн нэгдэх, нийлэх" гэж бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, эсхүл борлуулалтын хувьд нэг зах зээлд үйл ажиллагаа эрхэлдэггүй бэлтгэн нийлүүлэгч, үйлдвэрлэгч, борлуулагч хуулийн этгээдүүд хоорондоо нэгдэх, нийлэх үйл явцыг;
1.2.5. "цогцолбор хэлбэрийн нэгдэх, нийлэх" гэж үйлдвэрлэл, үйлчилгээ, эсхүл борлуулалтын хувьд хоорондоо харилцан хамааралгүй, өөр өөр зах зээлд үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээдүүд нэгдэх, нийлэх үйл явцыг.
Хоёр. Хуулийн этгээдийн өргөдлийг хүлээн авах
2.1. Өрсөлдөөний тухай хуулийн 8.1-д заасны дагуу давамгай байдалтай хуулийн этгээдээс гаргасан өргөдлийг төрийн захиргааны байгууллага хүлээн авч шийдвэрлэнэ.
2.2. Өргөдөлд дараахь материалыг хавсаргасан байна:
2.2.1. нэгдэх, нийлэх, хувьцаа худалдан авах хуулийн этгээд тус бүрийн үйл ажиллагааны товч танилцуулга;
2.2.2. өргөдөл гаргаж байгаа хуулийн этгээд тус бүрийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хуулийн этгээдийн эрх барих дээд байгууллага болон гүйцэтгэх удирдлагын талаархи бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын лавлагаа;
2.2.3. нэгдэх, нийлэх, хувьцаа худалдан авах талаар гаргасан эрх бүхий дээд байгууллага, албан тушаалтны шийдвэр, байгуулсан гэрээ;
2.2.4. хуулийн этгээд тус бүрийн аудитаар баталгаажсан сүүлийн 2 жилийн санхүүгийн тайлан;
2.2.5. хуулийн этгээд тус бүрийн эрхэлж байгаа үйл ажиллагааны чиглэл, зах зээлийг хамрах хүрээ, үйлдвэрлэл, үйлчилгээний борлуулалтын нийт хэмжээ, нэр төрөл болон бусад эдийн засгийн үндсэн үзүүлэлтийн талаархи мэдээлэл (сүүлийн 2 жилийн байдлаар).
2.3. Төрийн захиргааны байгууллага нь хуулийн этгээдийн ирүүлсэн өргөдөл, холбогдох материалын бүрдлийг шалгаж, мэдээлэл нь шаардлага хангаагүй эсхүл бүрдэл дутуу гэж үзвэл ажлын 3 хоногт шаардлагатай нэмэлт баримт, материалыг гаргуулахаар буцаах бөгөөд тодорхой шалтгааны улмаас өргөдлийг хүлээн авахаас татгалзаж болно.
Гурав. Өргөдлийг хянаж хяналт-шинжилгээ хийх
3.1. Төрийн захиргааны байгууллага нь хуулийн этгээдийн ирүүлсэн өргөдөл, холбогдох материалыг хянаж, нэгдэх, нийлэх, хувьцаа худалдан авах үйл ажиллагааны үр дүнд өрсөлдөөнийг хязгаарлах нөхцөл бүрдэх эсэхэд хяналт- шинжилгээ хийнэ.
3.2. Өргөдлийг хянаж хяналт-шинжилгээ хийн хуулийн этгээдийн нэгдэх, нийлэх үйл явц дараахь гурван хэлбэрийн аль нь болохыг тодорхойлно:
3.2.1. хэвтээ хэлбэрийн нэгдэх, нийлэх;
3.2.2. босоо хэлбэрийн нэгдэх, нийлэх;
3.2.3. цогцолбор хэлбэрийн нэгдэх, нийлэх.
3.3. Хэрэв хуулийн этгээдийн нэгдэх, нийлэх үйл явц хэвтээ хэлбэрт хамаарч байвал дор дурдсан хүчин зүйлийг үнэлэх замаар хяналт-шинжилгээ хийж татгалзсан дүгнэлт гаргах эсэх асуудлыг шийдвэрлэнэ:
3.3.1. зах зээлийн төвлөрлийн түвшинг тодорхойлж, өрсөлдөөнийг хязгаарлах нөхцөл бүрдэх эсэхийг тодорхойлох. Төвлөрлийн түвшинг "Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журам"-д заасны дагуу тодорхойлж, улмаар нэгдэх, нийлэх үйл явцын үр дүнд тухайн зах зээлийн төвлөрлийн түвшин өндөр болохоор байвал зах зээлийн өрсөлдөөнийг хязгаарлах нөхцөл бүрдэнэ гэж үзнэ;
3.3.2. нэгдэх, нийлэх үйл явц нь өрсөлдөгч бусад аж ахуй эрхлэгчийг зах зээлээс шахан гаргахад чиглэсэн болон нэвтрэхэд саад учруулах нөхцөл байдал үүсч болох эсэхийг хянана;
3.3.3. нэгдэх, нийлэх үйл явц нь өрсөлдөгч бусад аж ахуй эрхлэгчийн эдийн засгийн ашиг сонирхол болон хэрэглэгчийн эрх ашгийг хясан боогдуулахад чиглэсэн эсэхийг тодорхойлно;
3.3.4. улсын эдийн засагт ашигтай байдал нь өрсөлдөөнд учруулах хохирлоос илүүтэй эсэхийг тодорхойлно;
3.3.5. Энэ журмын 3.3.3, 3.3.4-т заасан хүчин зүйлийн үнэлгээ хийхдээ мөн журмын 2.2.4, 2.2.5-д заасан санхүүгийн тайлан, эдийн засгийн үндсэн үзүүлэлтэд тулгуурлан шинээр байгуулагдах хуулийн этгээдийн тухайн зах зээл болон улсын нийгэм, эдийн засагт үзүүлэх эерэг, сөрөг нөлөөлөл, зах зээл дэх нөлөөлөл, зах зээлд нийлүүлэх бараа, ажил, үйлчилгээний эрэлт, нийлүүлэлт, хангамж, үнэ, өртөгт гарах бодит өсөлт, бууралт, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах талаар баримтлах төрийн бодлогод нийцэж байгаа байдал зэргийг тодорхойлж, үнэлнэ.
3.4. Хэрэв хуулийн этгээдийн нэгдэх, нийлэх үйл явц босоо хэлбэрт хамаарч байвал энэ журмын 3.3.2, 3.3.4, 3.3.5-д зааснаас гадна дор дурдсан хүчин зүйлийг үнэлэх замаар хяналт-шинжилгээ хийнэ:
3.4.1. хуулийн этгээд нь нэгдэн, нийлснээр бусад ижил төрлийн бараа, бүтээгдэхүүн, түүхий эд бэлтгэн нийлүүлэгч, үйлдвэрлэгч, борлуулагч болон өөр орлох бүтээгдэхүүн нийлүүлэгч зах зээлд үлдэх эсэхийг тодорхойлно;
3.4.2. хуулийн этгээд нь нэгдэн, нийлснээр ижил төрлийн бараа бүтээгдэхүүний түүхий эд бэлтгэн нийлүүлэгч, үйлдвэрлэгч, борлуулагчийн эдийн засгийн ашиг сонирхол болон хэрэглэгчийн эрх ашгийг хясан боогдуулах эсэхийг тодорхойлно.
3.5. Зах зээлд давамгай байдалтай хуулийн этгээд ижил төрлийн бараа бүтээгдэхүүн борлуулдаг өрсөлдөгчийн энгийн хувьцааны 20-иос дээш, давуу эрхийн хувьцааны 15-аас дээш хувийг худалдан авах тохиолдлыг хэвтээ хэлбэрийн нэгдэх, нийлэх үйл явцад хамааруулан энэ журмын 3.3-т заасны дагуу хяналт-шинжилгээ хийж татгалзсан дүгнэлт гаргах эсэх асуудлыг шийдвэрлэнэ.
3.6. Давамгай байдалтай хуулийн этгээд цогцолбор хэлбэрээр нэгдэх, нийлэх тохиолдлыг өрсөлдөөнийг хязгаарлахгүй гэж төрийн захиргааны байгууллага үзсэн тохиолдолд өргөдөлд нарийвчлан хяналт-шинжилгээ хийх шаардлагагүй. Энэ тохиолдолд шийдвэрийг ажлын 14 хоногийн дотор гаргаж, хариуг өргөдөл гаргагч болон бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, үнэт цаасны арилжаа эрхлэх эрх бүхий байгууллагад тус тус бичгээр хүргүүлнэ.
Дөрөв. Дүгнэлт гаргах
4.1. Төрийн захиргааны байгууллага нь хуулийн этгээдийн өргөдлийг хянан үзэж гаргасан шийдвэрээ үндэслэн, тухайн хуулийн этгээдийг нэгдэх, нийлэх болон хувьцаа худалдан авахыг татгалзах эсэх талаар дүгнэлт гаргана.
4.2. Татгалзсан дүгнэлт нь бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нэгдэх, нийлэх замаар өөрчлөн байгуулагдаж байгаа хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэхгүй байх, хувьцаа худалдах болон худалдан авч байгаа хуулийн этгээдийн дүрмийн санд өөрчлөлт оруулж бүртгэхгүй байх үндэслэл болно.
4.3. Хуулийн этгээдийг хувьцаа худалдан авахыг татгалзсан дүгнэлт төрийн захиргааны байгууллага гаргасан бол уг дүгнэлтийг Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлнэ. Санхүүгийн зохицуулах хороо үнэт цаасны арилжаа эрхлэх эрх бүхий байгууллагатай хамтран "Үнэт цаасны төлбөр, тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК дахь тухайн хуулийн этгээдийн дансыг хаана.
Тав. Бусад
5.1. Төрийн захиргааны байгууллага нь давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийн жагсаалтыг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага болон үнэт цаасны арилжаа эрхлэх эрх бүхий байгууллагад тус тус хүргүүлж, жагсаалтад орсон өөрчлөлтийн талаар тухай бүр мэдээлж байна.
5.2. Бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь нэгдэх, нийлэх, хувьцаа худалдах болон худалдан авснаар дүрмийн сандаа өөрчлөлт оруулан бүртгүүлэх хүсэлт гаргасан давамгай байдалтай хуулийн этгээдийн хүсэлтийг хүлээн авахдаа уг асуудлаар төрийн захиргааны байгууллагын дүгнэлт байгаа эсэхийг шалгаж, дүгнэлт байхгүй бол хуулийн этгээдээс уг дүгнэлтийг шаардана.
5.3. Үнэт цаасны арилжаа эрхлэх эрх бүхий байгууллага нь ижил төрлийн бараа, бүтээгдэхүүн борлуулдаг өрсөлдөгч компанийн хувьцааны тодорхой хувийг худалдан авах тухай хүсэлт гаргасан давамгай байдалтай хуулийн этгээдийн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхэд тухайн компанийн энгийн хувьцааны 20-иос дээш, давуу эрхийн хувьцааны 15-аас дээш хувийг хүсэлт гаргасан хуулийн этгээд өмчлөх нөхцөл бүрдсэн гэж үзвэл арилжаа хийхээс өмнө төрийн захиргааны байгууллагын дүгнэлтийг уг хуулийн этгээдээс шаардана.
5.4. Төрийн захиргааны байгууллага нь энэхүү журмын дагуу хуулийн этгээдийн ирүүлсэн өргөдлийг хянан үзэж шийдвэрлэхэд тухайн салбар, зах зээлийн онцлогийг харгалзан бусад төрийн болон төрийн бус байгууллагаас мэргэжлийн шинжээч, зөвлөхийг татан оролцуулж болно.
5.5. Энэхүү журмыг хэрэгжүүлэх явцад гарсан маргааныг Өрсөлдөөний тухай хуульд заасны дагуу шийдвэрлэнэ.
------оОо------
Текст томруулах
A
A
A