- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- НИЙГМИЙН САЛБАРТ ӨӨРЧЛӨЛТ, ШИНЭЧЛЭЛ, ХУВЬЧЛАЛ ХИЙХ ҮНДСЭН ЧИГЛЭЛ
Монгол Улсын Их Хурлын 2002 оны 56 дугаар тогтоолын хавсралт
НИЙГМИЙН САЛБАРТ ӨӨРЧЛӨЛТ, ШИНЭЧЛЭЛ, ХУВЬЧЛАЛ ХИЙХ ҮНДСЭН ЧИГЛЭЛ
НИЙГМИЙН САЛБАРТ ӨӨРЧЛӨЛТ, ШИНЭЧЛЭЛ, ХУВЬЧЛАЛ ХИЙХ ҮНДСЭН ЧИГЛЭЛ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Нийгмийн салбарт өөрчлөлт, шинэчлэл, хувьчлал хийх үндсэн чиглэлийн зорилго
Нийгмийн салбарт өөрчлөлт, шинэчлэл, хувьчлал хийх үндсэн чиглэлийн зорилго нь нийгмийн салбар дахь хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, өрсөлдөөнийг дэмжих, хүн амын эрэлт хэрэгцээнд нийцүүлэн үйлчилгээний чанар, үр ашиг, хүртээмжийг сайжруулахад оршино.
1.2. Нийгмийн салбарт өөрчлөлт, шинэчлэл, хувьчлал хийх зорилт:
1/удирдлагын төвлөрлийг сааруулах, чадавхийг дээшлүүлэх;
2/нийгмийн салбарын үйлчилгээнд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх;
3/байгууллагуудын бие даасан байдлыг дээшлүүлэх;
4/үйлчилгээнд шинжлэх ухааны ололт, тэргүүний техник, технологи, дэвшилтэт хэлбэрийг нэвтрүүлэх;
5/зах зээлийн шударга өрсөлдөөнийг дэмжихийн зэрэгцээ төрийн зохицуулалтыг оновчтой болгох;
6/өөрчлөлт, шинэчлэл, хувьчлалын оновчтой арга, хэлбэрийг сонгон хэрэгжүүлэх.
1.3.Нийгмийн салбарт өөрчлөлт, шинэчлэл, хувьчлал хийх зарчим:
1/ил тод, нээлттэй, шударга байх;
2/үйлчилгээ, үйл ажиллагааны хүрсэн төвшинг бууруулахгүй байх, сайжруулах;
3/үйл ажиллагааны чиглэл, зориулалтыг өөрчлөхгүй байх;
4/үйлчилгээний хамрах хүрээг өргөтгөх;
5/ажиллагчдад учрах эрсдэлийг бууруулах,
1.4.Нийгмийн салбарт өөрчлөлт, шинэчлэл, хувьчлалыг хэрэгжүүлэх арга хэлбэр
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасан аргуудын зэрэгцээ удирдлагын гэрээ, гүйцэтгэлийн гэрээ, түрээсийн гэрээ, төсвийн санхүүжилтийг төлсөн хэмжээгээр төрийн эзэмшлийг тодорхой хувиар бууруулж хувьчлах зэрэг арга хэлбэрийг тухайн аж ахуйн нэгж, байгууллагын онцлогт тохируулан дангаар буюу хослуулан хэрэглэнэ.
Өөрчлөлт, шинэчлэл, хувьчлалд хамрагдах нийгмийн салбарын байгууллага, тусламж, үйлчилгээний жагсаалт, хувьчлах арга хэлбэрийг Засгийн газраас батална.
Удирдлагын, гүйцэтгэлийн, түрээсийн гэрээгээр ажиллуулах журмыг Төрийн өмчийн хороо холбогдох төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн баталж, хэрэгжилтэд хамтран хяналт тавина.
1.5.Өөрчлөлт, шинэчлэл, хувьчлалын хамрах хүрээ
Нийгмийн салбарт өөрчлөлт, шинэчлэл, хувьчлал хийхэд дараахь төрийн өмчийн байгууллага, тусламж, үйлчилгээ хамрагдана:
1.5.1. Боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт:
1/бүх шатны сургууль, цэцэрлэг;
2/эрдэм шинжилгээний хүрээлэн,шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн нэгдэл (корпораци);
3/соёл, урлагийн байгууллагууд;
1.5.2. Эрүүл мэндийн салбарт:
1/төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлэг, төв;
2/аймгийн нэгдсэн эмнэлэг, дүүргийн эрүүл мэндийн нэгдэл, бүсийн оношлогоо, эмчилгээний төв;
3/анхан шатны тусламж үзүүлдэг өрхийн болон сумын эмнэлэг, төв;
4/биеийн тамир, спортын байгууллагууд;
5/рашаан, сувилал.
1.5.3. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн салбарт:
1/аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний төвийн тусламж, үйлчилгээ;
2/асрамжийн газар, амралт, сувилал;
3/хүүхдийн ордон, зуслан;
4/хөдөлмөр эрхлэлтийн албадын ажил, үйлчилгээ;
5/нийгмийн даатгалын зарим байгууллага;
6/тахир дутуу иргэдийн мэргэжлийн сургалт, сэргээн засалтын төв.
1.5.4. Төрийн өмчөөс хувьчилж үл болох нийгмийн салбарын байгууллага, тусламж, үйлчилгээний жагсаалтыг Улсын Их Хурлаас батална.
Хоёр: Нийгмийн салбарт өөрчлөлт, шинэчлэл, хувьчлал хийх хүрээнд авах арга хэмжээ
2.1.Боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт:
2.1.1. Өөрчлөлт, шинэчлэл, хувьчлал хийхтэй холбогдуулан боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ:
1/бүх шатны сургуулийн дотуур байрыг үйл ажиллагааны чиглэлийг нь өөрчлөхгүй байх нөхцөлтэйгээр түрээсийн гэрээгээр ажиллуулах;
2/орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай зөвшилцсөний үндсэн дээр зарим Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийг ерөнхий боловсролын сургуультай нэгтгэн, мэргэжлийн сургалттай ерөнхий боловсролын сургууль байгуулж ажиллуулах;
3/орон нутгийн нөхцөл, мэргэжлийн онцлог зэргээс шалтгаалан зарим Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд гадаад, дотоодын хөрөнгө оруулах замаар компани, аж ахуйн нэгжийн сургалтын төв болгох;
4/Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн зарим төвийг удирдлагын гэрээгээр ажиллуулах;
5/үндэсний хэмжээнд үйлчилдэг мэргэжлийн соёл, урлагийн байгууллагын удирдах үйл ажиллагааг удирдлагын гэрээгээр гүйцэтгүүлэх;
6/их сургууль, коллежийн эзэмшил газрыг тогтоон баталгаажуулж, цаашид өргөтгөн сургуулийн хотхон үүсэх нөхцөлийг бүрдүүлэх;
7/гадаадын хөрөнгө оруулалттай сургууль байгуулах, төрийн өмчийн зарим их сургууль, коллежид нэмэлт хөрөнгө оруулах замаар өндөр хөгжилтэй орны тэргүүний технологийг нэвтрүүлэх;
8/бүс нутгийн хөгжилтэй уялдуулан зарим их сургуулийн аймгууд дахь салбар сургуулийг бие даалган бүсийн их сургууль болгон өөрчлөн зохион байгуулах;
9/Дүрслэх урлагийн музей, Уран зургийн галерейг нэгтгэн Үндэсний урлагийн музей болгон өргөтгөн зохион байгуулах;
10/судалгаа, шинжилгээний ажлын үр өгөөжийг дээшлүүлэх, эрдэм шинжилгээ-сургалт-үйлдвэрлэлийн нэгдлийг хангах зорилгоор төрийн болон хамтарсан өмчит шинжлэх ухаан-боловсрол-үйлдвэрлэлийн цогцолборууд бий болгох асуудлыг судалж шийдвэрлэх.
2.1.2. Төрөөс хариуцах санхүүжилт:
1/өмчийн хэлбэр харгалзахгүйгээр цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлын 50 хувь, ерөнхий боловсролын сургууль болон мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн дотуур байрны нийт зардал;
2/ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн анхан шатны ангид суралцагчдын бүх зардал.
2.1.3. Багш,суралцагчдад төрөөс үзүүлэх тусламж, үйлчилгээ:
1/өмчийн хэлбэрийг харгалзахгүйгээр бүх шатны сургуулийн багш нарын мэргэжлийг дээшлүүлэх;
2/орон нутагт багш, эмчээр ажиллахаар гэрээ хийж, их сургууль, коллежид суралцагчийн сүүлийн 2 жилийн сургалтын төлбөр.
2.1.4. Төрөөс тогтоох үйлчилгээний үнэ, тариф:
1/цэцэрлэгийн хүүхдийн хоолны үнэ;
2/мэргэжлийн болон гүнзгийрүүлсэн сургалтын нэмэлт үйлчилгээний төлбөр;
3/Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн дунд шатны сургалтад суралцагчийн сургалтын төлбөр;
4/их сургууль, коллежид суралцагчийн сургалтын төлбөрийн жишиг;
5/их сургууль, коллежийн дотуур байрны төлбөрийн жишиг.
2.1.5. Үйлчилгээний чанар, үр өгөөжийг дээшлүүлэх, нөөц бололцоогоо илүү үр дүнтэй ашиглах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор төрийн өмчийн цэцэрлэг, бүх шатны сургууль, коллеж, соёл, шинжлэх ухааны байгууллагын дараахь зарим үйлчилгээг гүйцэтгэлийн гэрээгээр гүйцэтгүүлж болно:
1/түлш бэлтгэх, татан авах үйлчилгээ;
2/хичээлийн болон дотуур байрын галлагаа;
3/мах, хүнсний бүтээгдэхүүн бэлтгэх үйлчилгээ;
4/хоол, цайны газрын үйлчилгээ;
5/цагаан хэрэглэл угаах үйлчилгээ;
6/өрөө тасалгааны цэвэрлэгээ;
7/хөгжмийн зэмсэг үйлдвэрлэх;
8/уран бүтээлийн хувцас үйлдвэрлэх;
9/барилга, инженерийн байгууламжийн засвар, үйлчилгээ;
10/тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээ;
11/тээврийн үйлчилгээ;
12/шуудан холбоо, ном, сургалтын материалын дэлгүүр, хэвлэн олшруулах зэрэг туслах үйлчилгээ.
2.2. Эрүүл мэндийн салбарт:
2.2.1. Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагаас зайлшгүй үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ:
1/халдвартай өвчтөнийг тусгаарлан эмчлэх, халдварт өвчний голомтын ариутгал, халдваргүйтгэл, эрүүл ахуй, халдвар судлалын үйлчилгээ;
2/эрүүл мэндийн хяналт, магадлан итгэмжлэлийн үйлчилгээ.
Эдгээр тусламж, үйлчилгээг үзүүлэхэд улс, орон нутгийн төсөв, эрүүл мэндийн даатгал, хувийн зэрэг бүх төрлийн санхүүжилтийн эх үүсвэрийг ашиглана.
2.2.2. Төрөөс болон иргэний эрүүл мэндийн даатгалаас санхүүжүүлэх (худалдан авах) эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ:
1/өрхийн болон сум, сум дундын эмнэлгээс үзүүлж байгаа эрүүл мэндийн суурь тусламж, үйлчилгээ;
2/тусламж, үйлчилгээний хоёр дахь шатлалын эмнэлгүүдийн (аймаг, дүүргийн эмнэлэг, бүсийн оношлогоо, эмчилгээний төв) үзүүлж байгаа эмнэлгийн төрөлжсөн тусламж, үйлчилгээ;
3/хүн амын дунд зонхилон тохиолдож байгаа болон нас баралтын гол шалтгаан болж байгаа өвчин, эмгэгээс урьдчилан сэргийлэх, эмчлэх төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээ.
Иргэний эрүүл мэндийн даатгалын сангаас дээрх тусламж, үйлчилгээг үзүүлж байгаа магадлан итгэмжлэгдсэн хувийн эмнэлэгт санхүүжилт олгоно.
Улс, орон нутгийн төсвөөс зөвхөн төрийн өмчит эрүүл мэндийн байгууллагын болон өрхийн эмнэлгийн тогтмол зардлыг санхүүжүүлнэ.
2.2.3.Төрийн өмчит эмнэлгийн байгууллагаас хувийн хэвшлийн болон төрийн бус байгууллагаар гүйцэтгэлийн гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх тусламж, үйлчилгээ
1/эмнэлгийн туслах үйлчилгээ (эмчилгээний хоол, угаалга, цэвэрлэгээ, барилга, тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээ);
2/эмнэлгийн зарим оношлогоо, шинжилгээ;
3/эмнэлгийн зарим төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж;
4/сувилахуйн тусламж, үйлчилгээ;
2.2.4. Иргэн өөрөө буюу хувийн даатгалын байгууллагын санхүүжилтээр үзүүлэх тусламж, үйлчилгээ
1/төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээ (иргэний эрүүл мэндийн даатгалд хамрагдаагүй);
2/гоо сайхны үйлчилгээ, засал;
3/үйлчлүүлэгчийн өөрийн хүсэлтээр хийлгэж байгаа нэмэлт оношлогоо, шинжилгээ, эмчилгээ;
4/эрүүл мэндийн практикт шинээр нэвтрүүлж буй өртөг өндөртэй эмчилгээ, оношлогоо.
2.2.5. Улсын хэмжээний үйлчилгээтэй клиникийн эмнэлэг болон төрөлжсөн нарийн мэргэжлийн төвүүдэд ажиллаж байгаа мэргэжлийн өндөр ур чадвар бүхий туршлагатай эмч нар өөрийн ажиллаж байгаа эмнэлэг, төв дотроо эмнэлгийн тусламж, үйлчилгээг ажлын бус цагаар гэрээгээр үзүүлж болно.
Дээрх тусламж, үйлчилгээг үзүүлэх журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
2.2.6. Эрүүл мэндийн байгууллагын дараахь обьектыг зориулалтын дагуу түрээсийн гэрээгээр ашиглуулж болно:
1/ашиглагдаагүй байр, талбай;
2/эмнэлгийн ажилтны ажлын байр;
3/зарим тоног төхөөрөмж (түргэн тусламжийн автомашин гэх мэт).
Түрээсийн гэрээгээр ажиллуулах журамд эмнэлгийн ажилтны ажлын байрыг тухайн ажилтанд ажлын бус цагаар ашиглуулах тохиолдолд түүний ажиллах цаг, олгох цалинг түрээсийн гэрээгээр ажиллах цаг, олох орлоготой нь уялдуулан тогтоох зарчмыг баримтална.
2.2.7. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний үнэ, тариф:
Дор дурдсанаас бусад тохиолдолд эмнэлгийн байгууллага тусламж, үйлчилгээнийхээ үнийг өөрөө тогтооно:
1/улс, орон нутгийн төсөв, иргэний эрүүл мэндийн даатгалын сангаас худалдан авч байгаа тусламж, үйлчилгээ;
2/төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээг зөвхөн тухайн эмнэлгийн байгууллага үзүүлдэг бол тухайн тусламж, үйлчилгээг үзүүлэх үнийн дээд хэмжээ;
3/зайлшгүй шаардлагатай эм, эмнэлгийн багаж, хэрэгслийн жишиг үнэ.
Иргэний эрүүл мэндийн даатгалын сангаас төрийн өмчийн эмнэлгийн байгууллагыг урьдчилан, магадлан итгэмжлэгдсэн хувийн эмнэлгийг гүйцэтгэлээр санхүүжүүлнэ.
2.3.Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн салбарт:
2.3.1.Өөрчлөлт шинэчлэл, хувьчлал хийхтэй холбогдуулан хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ
1/Нийгмийн халамжийн салбарт хувийн хэвшлийн оролцоог дэмжих зорилгоор иргэд, хувийн хэвшил, буяны болон төрийн бус байгууллагаас үзүүлэх халамж, асрамжийн үйл ажиллагаанд арга зүйн туслалцаа үзүүлэх, зардлын зарим хэсгийг төрөөс хариуцах;
2/Нийгмийн даатгалын хувийн хэвшлийн тогтолцоог бий болгож турших, эрх зүйн орчинг бүрдүүлэх;
3/Хөдөлмөр эрхлэлтийн сангаас ажилгүйчүүдэд мэргэжил олгох сургалтын санхүүжилтэд "Ваучерын" систем хэрэглэж эхлэх;
4/Нийгмийн халамжийн үйлчилгээний төвүүдийн зөвлөгөө өгөх, халамжлах, асрамжлах зэрэг нийгэм, хамт олонд чиглэсэн болон зарим шинэ төрлийн үйлчилгээг гүйцэтгэлийн гэрээгээр гүйцэтгүүлэх;
5/Монголын хүүхдийн ордон, олон улсын хүүхдийн "Найрамдал" төвийн үйл ажиллагааг удирдлагын гэрээгээр ажиллуулах;
6/аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай зөвшилцсөний үндсэн дээр орон нутгийн чанартай асрамжийн газар, хүүхдийн зуслан, ахмадын амралт, сувилалын удирдах үйл ажиллагааг удирдлагын гэрээгээр гүйцэтгүүлэх;
7/тахир дутуу иргэдийн мэргэжлийн сургалт, сэргээн засалтын төвийн бие даасан ажиллагааг дээшлүүлэх, гадаадын тусламж дэмжлэгээр чадавхийг нь нэмэгдүүлж, удирдах үйл ажиллагааг нь удирдлагын гэрээгээр гүйцэтгүүлэх;
8/улс, бүсийн чанартай асрамжийн газруудын удирдлагын үйл ажиллагаа, зарим төрлийн үйлчилгээ, тусламжийг удирдлагын болон гүйцэтгэлийн гэрээгээр ажиллуулах;
9/Төрийн бус хөдөлмөр эрхлэлтийн албадын ажиллагаанд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, хамтран ажиллах.
2.3.2.Үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, нөөц бололцоог ашиглах, ажлын үр дүн, хөрөнгө санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилгоор дараахь зарим үйлчилгээг гүйцэтгэлийн гэрээгээр гүйцэтгүүлж болно:
1/нийгмийн даатгалын шимтгэлийг хураах, хугацаа хэтэрсэн авлагыг барагдуулах үйл ажиллагаа;
2/нийгмийн халамжийн гэрийн үйлчилгээ /асрах, сувилах/;
3/барилга, инженерийн байгууламжийн засвар, үйлчилгээ;
4/тоног, төхөөрөмжийн засвар, үйлчилгээ;
5/хөдөлмөр эрхлэлтийн сангаас санхүүжүүлэх, мэргэжлийн сургалт, нийтийг хамарсан ажил;
6/түлш бэлтгэх, татан авах үйлчилгээ;
7/хоол, цайны газрын үйлчилгээ.
2.3.3.Төрөөс хариуцах санхүүжилт:
Өмчийн хэлбэр харгалзахгүйгээр дараахь зардлуудыг төр хариуцана:
1/нэг асруулагчид ногдох хувьсах зардал /хоол, эм тариа, хувцас, цагаан хэрэглэл гэх мэт/;
2/удирдлагын гэрээгээр ажиллаж байгаа байгууллагын байр ашиглалтын зардал /их засварын зардал орно/;
3/төрийн өмчийн асрамж, халамжийн байгууллагын тусламж, үйлчилгээний нийт зардал.
2.3.4.Түрээсийн гэрээ
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн салбарын байгууллагуудын дараахь обьектыг зориулалтыг нь өөрчлөхгүйгээр түрээсийн гэрээгээр ашиглуулж болно:
1/ашиглагдаагүй байр талбай;
2/тоног төхөөрөмж;
3/ажлын байр /ажлын бус цагаар ажлын байраа ашиглаж үйлчилгээ, тусламж үзүүлэх/.
2.3.5.Төрөөс үзүүлэх дэмжлэг, туслалцаа:
1/өмчийн хэлбэр харгалзахгүйгээр бүх шатны асрамж, халамж, хүүхдийн байгууллагын ажилтныг мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамруулах;
2/удирдлагын гэрээгээр ажиллагчдыг дэмжих, урамшуулах;
3/гэрээ байгуулах байгууллага, хугацааг нарийвчлан тогтоох.
Гурав. Нийгмийн хамгаалал
Энэхүү үндсэн чиглэлийн дагуу нийгмийн салбарт өөрчлөлт, шинэчлэл, хувьчлалын үр дүнд гарч болох эрсдэлийг тооцож, түүнтэй холбогдуулж авах нийгмийн хамгааллын арга хэмжээнүүдэд шаардагдах хөрөнгийн хэмжээ, эх үүсвэрийг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу төрөөс болон хувьчлагдсан байгууллага хариуцахаар тогтоож өгнө.
3.1.Нийгмийн салбарт ажиллагчдын нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлттэй холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
1/өөрчлөлт, шинэчлэл, хувьчлалд хамрагдсан байгууллагад ажиллагчдыг нэгээс доошгүй жил ажлын байраар баталгаатай хангаж байх журамд шилжих;
2/өөрчлөлт, шинэчлэл, хувьчлалын үед зайлшгүй шаардлагаар ажлаасаа чөлөөлөгдсөн ажилтанд 6 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгож, орон нутгийн хөдөлмөрийн албанд шилжүүлэх;
3/өөрчлөлт, шинэчлэл, хувьчлалын хүрээнд хийгдэж байгаа арга хэмжээний улмаас ажлаас чөлөөлөгдөх ажилчдыг давтан сургах хөтөлбөр гаргаж хэрэгжүүлэх, ажлын байр бий болгох;
4/ажлын байр хомсдолтой хөдөө орон нутагт аж ахуй эрхлэхийг өөрчлөлт, шинэчлэл, хувьчлалын арга хэмжээнээс олсон орлого, хөдөлмөр эрхлэлтийн сангийн хүрээнд жижиг зээлээр дэмжих.
3.2.Төрийн албанаас чөлөөлөгдсөн ажилтанд дараахь тусламж, дэмжлэг үзүүлнэ:
Өөрчлөлт, шинэчлэл, хувьчлалын үед ажлаас чөлөөлөгдсөн төрийн албан хаагчдын Төрийн албаны хуулийн дагуу эдэлж байсан хөнгөлөлтийг 1-3 жилийн хугацаанд олгох тусгай хөтөлбөрийг төрөөс боловсруулж хэрэгжүүлэх.
3.3.Хувьчлагдсан байгууллагын ажилтанд дараахь тусламж, дэмжлэг үзүүлнэ:
1/хувьчлагдсан компанийн удирдлагаас ажилтанд компанийхаа хувьцааг эзэмшүүлэх хөтөлбөр гарган хэрэгжүүлэх ажлыг төрийн бодлогын хэмжээнд дэмжих;
2/хувьчлагдах үйлдвэрийн газрын ажилтныг өмч хувьчлалын зорилго, үр ашиг, хугацааны талаар үнэн зөв, найдвартай мэдээллээр хангах арга хэмжээ авах.
3.4.Тэтгэвэрт гарсан ахмадуудад үзүүлэх халамж, үйлчилгээ:
1/өөрчлөн байгуулагдсан, өмчийн хэлбэр өөрчлөгдсөн /хувьчлагдсан/ байгууллагын эрх үүргийг шилжүүлж авсан нэгж, байгууллага өмнөх байгуулага, нэгжид ажиллаж байсан ахмад настанг халамжлах арга хэмжээг авна.
Дөрөв.Бусад асуудал
4.1.Бүх төрлийн гэрээгээр ажиллаж буй баг гэрээнд заасны дагуу өөрийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийсэн нөхцөлд хөрөнгийг баталгаажуулан хувьчлах үед гэрээний нөхцөлийн дагуу шийдвэрлэнэ.
---------- о О о ----------
Текст томруулах
A
A
A