A

A

A

Бүлэг: 1979
Улсын Их Хурлын 1999 оны 70 дугаар тогтоолын хавсралт

УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮНИЙ ТӨСӨВТ ЗАРДЛЫГ ТӨЛӨВЛӨХ, ТООЦОХ, ЗАРЦУУЛАХ, ТАЙЛАГНАХ ТУХАЙ ЖУРАМ
 
Нэг. Нийтлэг үндэслэл
1.Монгол Улсын Их Хурлын гишүүний эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн З дахь хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын гишүүн нь бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд шаардагдах зардлын тодорхой төсөвтэй байна.
2.Улсын Их Хурлын гишүүн /цаашид "гишүүн" гэх/-ий төсөвт зардал нь тухайн гишүүний өөрийн төсөв болон нийтлэг арга хэмжээний зардлын төсөв гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ. 
З.Гишүүний өөрийн төсөв нь дор дурдсан бүрэлдэхүүнтэй байна:
1/гишүүний үндсэн цалин;
2/албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл;
3/гишүүн сонгогдсон тойрогтоо ажиллах томилолтын зардал;
4/утас, холбооны зардал /албан өрөөний болон зөвшөөрөгдсөн пароль буюу кодоор хот хооронд ярих/;
5/хотын дотор албаны унаа хэрэглэх зардал;
6/хэвлэл, мэдээлэл, сурталчилгааны холбогдолтой зардлын хөнгөлөлт;
7/гишүүний хувьд зохион байгуулах ёслол, хүндэтгэлийн арга хэмжээ /бэлэг дурсгалын зүйл, хүлээн авалт гэх мэт/-ний зардал;
8/гишүүний орон тооны ажилтны зардал;
9/холбогдох шийдвэрийн дагуу олгох бусад зардал.
4.Гишүүний бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдсон нийтлэг арга хэмжээний зардалд дараахь зүйл ангийн зардал орно:
1/гишүүний нийгмийн даатгалын шимтгэл;
2/Улсын Их Хурлын шугамаар орон нутаг /сонгогдсон тойргоос өөр газарт томилолтоор явах/-т ажиллах томилолтын зардал;
3/Улсын Их Хурлын шугамаар зохиогдсон ёслол, хүндэтгэлийн зэрэг нийтлэг арга хэмжээний унааны зардал;
4/бичиг хэрэг, шуудангийн зардал;
5/эд хогшил, тоног төхөөрөмж, сэлбэг, материал худалдан авах зардал;
6/тэтгэвэр, тусламж, шагнал, урамшууллын зориулалттай зарим зардал;
7/гишүүний сонгогдсон тойрогт нь ажиллах бие төлөөлөгчийн зардал;
8/Улсын Их Хурлын үйл ажиллагаатай холбогдсон судалгаа, мэдээлэл, сурталчилгааны зардал;
9/холбогдох шийдвэрийн дагуу төсөвлөгдсөн бусад зардал.
5.Гишүүн нь төсөвт зардлаа өөрөө мэдэж зарцуулах бөгөөд санхүүгийн холбогдох баримт, тайлан, тооцоог тухай бүр үнэн зөв бүрдүүлж Улсын Их Хурлын Тамгын газрын /цаашид "Тамгын газар" гэх/санхүүд өгч байна.
6.Гишүүний төсвийн гүйцэтгэлийг тэдний бүрдүүлж өгсөн санхүүгийн баримтад тулгуурлан Тамгын газрын санхүү улирал бүр тооцон гаргаж, Төрийн байгуулалтын байнгын хороонд болон гишүүн тус бүрт танилцуулна.
 
Хоёр. Гишүүний төсөвт зардлыг төлөвлөх, тооцох журам 
7.Гишүүний төсөвт зардлын хэмжээг мөрдөж буй жишиг, үнэ тарифыг баримтлан зардлын зүйл, анги тус бүрээр тооцон төлөвлөж Улсын Их Хурлын жил бүрийн төсөвт тусгана.
8.Гишүүний төсөвт зардлыг энэ журмын З-т заасан зардлын зүйл, анги тус бүрээр дараахь байдлаар тооцон төлөвлөнө:
1/гишүүний үндсэн цалин, нэмэгдлийг мөрдөж буй шийдвэрийн дагуу;
2/гишүүний сонгогдсон тойрогтоо ажиллах томилолтын зардлыг гишүүн бүр жилд хоёр удаа, нэг удаад 20 хүртэл хоногийн хугацаатай ажиллахаар бодно. Энэхүү зардалд зам хоногийн зардал, тухайн тойргийн байршлын хол, ойроос харгалзан жилдээ дунджаар 6000 хүртэл км явах унааны хөлс, тухайн аймаг, орон нутагт очих, ирэх замын болон амь даатгалын зардлыг  тус тус хамааруулна;
3/утас, холбооны зардлыг гишүүн бүрээр албан хэрэгцээний утасны хураамж болон өөрийнх нь зөвшөөрөгдсөн пароль буюу кодоор сонгогдсон тойрог, хот хооронд яривал зохих тогтоогдсон лимитэд хэмжээ, тухайн үеийн үнэ, тарифыг үндэслэнэ. Сонгогдсон тойрог руу ярих утасны лимитийг нэг удаад дунджаар 8 минут, сард 4 удаа ярихаар бодож зардлыг төлөвлөнө;
4/гишүүн бүр бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдуулж хот дотор ажлын өдөрт дунджаар 30 километрээр тооцсон жишгийн дагуу дуудлагын суудлын унаа хэрэглэнэ. Хэрэв гишүүн тухайн сард хотын доторх унааны төсвөө хэмнэлттэй зарцуулсан бол хэмнэгдсэн төсвийг өөрт нь олгоно.
Дуудлагын унаа хэрэглэсэн тухай гүйцэтгэлийн баримтад тулгуурлан зардлын хэтрэлт, хэмнэлтийн тооцоог гаргаж тухайн гишүүнтэй тохиролцсоны дагуу дараа сарын 5-ны дотор багтаан хэмнэлтэд ногдох зардлын асуудлыг шийдвэрлэнэ;
5/гишүүн өөрийн явуулж буй үйл ажиллагааныхаа талаар тойргийн сонгогчид, олон түмэнд мэдээлэх, сурталчлах, зайлшгүй шаардлагатай мэдээлэл цуглуулах, сонирхсон зарим чухал ном, хэвлэлийг захиалан хэрэглэх зэрэгт нь дэмжлэг үзүүлэх зорилгоор улиралд нэг гишүүнд дунджаар 100000 төгрөгийн зардлыг тооцож төсөвлөн олгоно;
6/гишүүний орон тооны ажилтан болон бие төлөөлөгч, туслахын цалин, бусад нэмэгдэл, баталгааг мөрдөж буй шийдвэрийг үндэслэн тооцож төлөвлөнө. Тэдэнд дундаж норм болон өмнөх жилийн төсвийн гүйцэтгэл зэргийг баримтлан бичиг хэрэг, шуудан холбоо, тойрогтоо ажиллах томилолтын зардлыг тооцон төлөвлөж олгож болно.
Хэрэв гишүүн өөрөө хүсвэл орон тооны ажилтан авч ажиллуулахгүйгээр түүнд зориулан батлагдсан төсвийг судалгаа, сурталчилгаа, мэдээллийн материал бэлтгүүлэх зэрэг өөр зориулалтаар ашиглаж болно. Энэ талаар Тамгын газрын санхүүтэй урьдчилан тохиролцсон байна;
7/гишүүний хувьд  зохион байгуулах ёслол, хүндэтгэлийн чанартай зарим арга хэмжээний зардлыг мөрдөж буй жишиг, зардлын норм хэмжээ, урьд онуудын дундаж гүйцэтгэл, холбогдох шийдвэрийн дагуу төлөвлөнө. Уг зардалд гишүүн гадаад, дотоодын төлөөлөгчийг хүлээн авч хүндэтгэл үзүүлэн бэлэг дурсгалын зүйл өгөх, зоог барих зэрэг арга хэмжээтэй холбогдсон зардлыг хамруулан тооцно;
8/энэ журмын 4-т дурдсан нийтлэг арга хэмжээтэй холбогдсон зардлыг мөрдөж буй жишиг, урьд жилүүдийн дундаж гүйцэтгэл, инфляц, үнэ тарифын өөрчлөлт зэргийг харгалзан Тамгын газар төлөвлөж, хэрэгжилтийг зохион байгуулна.
 
Гурав. Гишүүний төсвийг зарцуулах, тайлагнах журам
9.Тамгын газрын санхүү нь гишүүний төсвийг гишүүн бүрийн нэрээр төсөвлөн, тэдний зөвшөөрөлтэйгээр зориулалтынх нь дагуу зарцуулж, хэрэгжилтийн явцыг  тогтмол гаргаж тайлагнана.
10.Гишүүний төсөвт зардлыг улирал, сараар хуваарилж, тэдний хүсэлтийг үндэслэн зардлыг тухай бүрд нь олгоно. Харин урьд олгогдсон төсөв зардлын гүйцэтгэлийн тайланг Тамгын газрын санхүүтэй хамтран бүрэн гаргасны дараа дараагийн улирал, сарын төсөвт зардлыг олгоно.
11.Гишүүний орон тооны ажилтны зардлыг Тамгын газраас шууд, харин гишүүний орон нутагт байгаа бие төлөөлөгчийн зардлыг нутаг дэвсгэрийнх нь харьяаллын дагуу холбогдох Засаг даргын Тамгын газраар нь дамжуулан санхүүжүүлж, тайланг нь гаргуулан авч байна.
12.Гишүүн болон бие төлөөлөгч, туслахууд нь өөрийн үйл ажиллагаанд зориулагдсан төсвийн зарцуулалтын тайлан, холбогдох санхүүгийн баримтыг зохих хууль тогтоомжийн дагуу үнэн зөв бүрдүүлж, тогтоосон журмын дагуу тухай бүр гаргаж өгөх үүрэгтэй.
13.Тамгын газрын санхүү гишүүн, бие төлөөлөгчдийн төсвийн зарцуулалтын гүйцэтгэлийг баримт, материалд тулгуурлан гаргаж, түүний хэтрэлт, хэмнэлтийг зардлын зүйл, анги тус бүрээр тооцон өөрсдөд нь мэдээлж, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
14.Төсөвт зардлаа хэтрүүлэн зарцуулсан нөхцөлд тухайн гишүүнээр илүү зарцуулсан зардлыг бүрэн төлүүлнэ. Улсын Их Хурлын гишүүний төсвийн цалингийн сангаас бусад зүйлийг хооронд нь шилжүүлэн зарцуулж болно.
 
                                                               -----оОо-----