A

A

A

Бүлэг: 1979
Улсын Их Хурлын 2003 оны 24 дүгээр тогтоолын хавсралт

МОНГОЛ УЛСЫН БYСYYДИЙН ХӨГЖЛИЙН ДУНД ХУГАЦААНЫ СТРАТЕГИ (2010 он хүртэл) 
 
Нэг. Нийтлэг үндэслэл
1.Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх зорилгоор макро түвшинд эдийн засаг, дэд бүтцийг Баруун, Хангайн, Төвийн, Зүүн гэсэн эдийн засгийн 4 үндсэн бүсээр төлөвлөн, зохицуулах тогтолцоонд шилжинэ. Улаанбаатар хотыг Засгийн газраас баталсан (2002 он) шинэчилсэн ерөнхий төлөвлөгөөний үндсэн дээр бие даасан бүсийн жишгээр хөгжүүлнэ.
Эдийн засгийн бүс бүрд хамаарах аймгуудын ерөнхий хуваарийг дараах байдлаар тогтоож, аймаг хоорондын аж ахуйн болон нийгэм-соёлын хэлхээ холбоог сайжруулна. Үүнд:
Баруун бүсэд:   Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд;
Хангайн бүсэд:  Архангай, Баянхонгор, Булган, Орхон, Өвөрхангай, Хөвсгөл;
Төвийн бүсэд:    Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Сэлэнгэ, Төв;
Зүүн бүсэд:        Дорнод, Сүхбаатар, Хэнтий;
Улаанбаатарын бүсэд:  Нийслэл хот, түүний дүүргүүдийн нутаг дэвсгэр, хот орчмын бүсийн дагуул хотууд.
2.Бүсүүдийн хөгжлийн дунд хугацааны стратеги нь Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд 2010 он хүртэл хугацаанд хэрэгжүүлэхээр тодорхойлсон тус улсын нутаг дэвсгэрийн нийгэм, экологийн тэнцвэрт байдлыг хангаж, тогтвортой хөгжлийн нөхцөлийг бүрдүүлэх үндсэн дээр үндэсний эдийн засаг, нийгмийн дэвшлийг түргэтгэх зорилгод чиглэгдэнэ. Энэхүү зорилгын хүрээнд үндэсний болон бүс нутгийн нийтлэг ач холбогдол бүхий дараах гол зорилтыг хэрэгжүүлнэ. Үүнд:
1/бүсүүдийн хүрээнд хүн амын ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, байгаль орчны доройтлыг хязгаарлах замаар эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах;
2/бүсүүдийн хэмжээнд байгаль орчинд зохицон дотоод, гадаад зах зээлд өрсөлдөн хөгжих ирээдүйтэй тэргүүлэх салбарыг тогтоож, бүсүүдийн хооронд үйлдвэрлэл, үйлчилгээний хоршилт, төрөлжилт, дагналтыг бий болгож, хөгжүүлэх;
3/бүсүүдийг хооронд нь болон гадаад зах зээлтэй зохистой холбож чадахуйц хот байгуулалт, дэд бүтцийн тогтолцоог  бүрдүүлэх;
4/бүс бүрийн хүрээнд эдийн засгийг тэтгэх чадвартай хувийн хэвшлийн түшиц компани, хоршоо, хөгжлийн бүс нутгийг тогтоон хөгжүүлэх;
5/бүс бүрийн хүрээнд орон нутгийн цогцолбор хөгжлийг тэтгэх эдийн засаг, санхүүгийн чадавхийг (дотоодын хуримтлалыг) бий болгох;
6/бүсүүдэд гадаадын шууд хөрөнгө оруулалт "байрших" боломжийг нэмэгдүүлэх;
7/бүсүүдийн хүрээнд хүн амын нутагшилт, суурьшлыг зохистой болгох нийгэм, соёл, ахуйн үйлчилгээний харьцангуй жигд нөхцөлийг бүрдүүлэх.
3. Монгол Улсын зах зээлийн эрэлт хэрэгцээ, бүсүүдийн байгаль, түүхий эдийн нөөц, оюуны чадавхийг харгалзан Баруун бүсэд бэлчээрийн мал аж ахуй, усалгаатай газар тариалан, жижиг, дунд боловсруулах үйлдвэрийг, Хангайн бүсэд бэлчээрийн мал аж ахуй, газар тариалан, аялал жуулчлал, амралт, сувилал, жижиг, дунд үйлдвэр, уул уурхайн олборлох, боловсруулах үйлдвэр, мод боловсруулах үйлдвэрийг, Төвийн бүсэд бэлчээрийн болон эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан, уул уурхайн олборлох, боловсруулах үйлдвэр, жижиг, дунд үйлдвэр, аялал жуулчлал, амралт сувиллын үйлчилгээ, оюуны багтаамж ихтэй бусад үйлдвэрлэл, үйлчилгээг, Зүүн бүсэд уул уурхайн олборлох, боловсруулах үйлдвэр, эрчимжсэн газар тариалан, мал аж ахуй, жижиг, дунд үйлдвэр, аялал жуулчлалыг, Улаанбаатарын бүсэд оюуны багтаамж ихтэй бүх төрлийн үйлдвэр, үйлчилгээ, олон улсын банк санхүүгийн сүлжээг тус тус тэргүүлэх чиглэлтэй хөгжүүлэх явдлыг дунд хугацааны стратегийн зорилгыг хангах үндэс суурь гэж үзнэ.
Энэхүү үндэс суурийг стратеги хэрэгжих үе шатны онцлог, зах зээлийн эрэлт хэрэгцээ, бизнесийн сонирхол зэргийг нарийн бодолцсон хөтөлбөр, төсөл арга хэмжээгээр дэмжин бүрдүүлнэ.
4. Эдийн засгийн бүсүүдийн хүрээнд  хөгжлийн ирээдүй сайтай байрласан хот, тосгоны сүлжээнд үндэслэн Баруун бүсэд  Ховд, Улиастайг; Хангайн бүсэд Хархорин, Эрдэнэтийг, төвийн бүсэд Дархан, Зуунмодыг, зүүн бүсэд Чойбалсан, Өндөрхааныг бүсийн хөгжлийн тулгуур төв хотоор тогтоож, тэдгээрийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, хэрэгжүүлж эхлэх,  бусад аймгийн төв хотуудыг орон нутгийн хөгжлийн төв хотын жишгээр хөгжүүлж, хөдөө орон нутагт сум дундын төвүүдийг үүсгэн байгуулах замаар зах зээл өргөжин хөгжих хот байгуулалтын таатай орчин бүрэлдэх эхлэлийг тавина.
5.Бүсүүдийн хөгжлийн тулгуур төвийн дэд бүтцийн таталцлын чадавхид түшиглэн аймаг, сум, хот, тосгон хоорондын үйлдвэрлэл, үйлчилгээний хоршилт, нийгэм, соёлын уялдааг хөгжүүлэхэд чиглэсэн дор дурдсан нийтлэг зорилтыг бүс бүрт тавьж хэрэгжүүлнэ. Үүнд:
1/ Эдийн засаг, дэд бүтцийн салбарт улс орны хөгжилд эн түрүүнд үр ашгаа өгөх салбар, бүс нутагт хөрөнгө санхүүгийн нөөцийг төвлөрүүлэх үндсэн дээр нийт бүсийн дотоод, гадаад зах зээлд өрсөлдөн, бие даан хөгжих эдийн засаг, дэд бүтцийн чадавхийг дээшлүүлнэ. Энэ зорилтыг хэрэгжүүлэхдээ дараахь чиглэл баримтална:
а/"Мянганы зам", "Эрчим хүчний нэгдсэн тогтолцоо", "Холбоо-II,III", "Нийтийн аж ахуйг сэргээн хөгжүүлэх" зэрэг иж бүрэн хөтөлбөр, төслүүдийг бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдаатай хэрэгжүүлж,  стратегийн хугацаанд бүсүүдийн хөгжлийн  тулгуур төв хотуудыг хооронд нь болон гадаад зах зээлтэй холбосон эрчим хүч, зам тээвэр, холбоо, мэдээллийн үндсэн сүлжээний байгууламжийг барьж байгуулахад онцлон анхаарах;
б/бүсүүдийн хөгжлийг тэнцвэржүүлэх үндэс суурь болгож тэдгээрийг хооронд нь болон гадаад оронтой холбосон төмөр замын сүлжээг байгуулах ажлыг нэгдсэн бодлогын үндсэн дээр хэрэгжүүлж эхлэх;
в/бүсүүдийн хөгжлийн тэргүүлэх чиглэлтэй уялдуулан геологийн судалгааны ажлыг эрчимжүүлж, ашигт малтмалын судлагдсан нөөцийг нэмэгдүүлэх;
г/улсын эдийн засгийн өсөлт, хуримтлалын чадавхийг нэмэгдүүлэх үүднээс, бүс бүрт чөлөөт бүс, аж үйлдвэрийн парк байгуулах боломжийг судалж,  бодлого боловсруулан хэрэгжүүлж эхлэх;
д/бүсүүдийн тулгуур төв хотын орчимд эрчимжсэн мал аж ахуй, тариаланг тогтвортой хөгжүүлэх зорилт тавьж, тэдгээрийг үр дүнтэй хэрэгжүүлэх иж бүрэн арга хэмжээ авах;
е/эдийн засгийн бүсүүдийн хэмжээнд хөдөө аж ахуйн хоршоолол, фермерийн аж ахуй байгуулах эрх зүйн таатай орчныг бүрдүүлж  хэрэгжүүлэх, тал хээр, говийн бүсийн аймгуудын хүн амын ундны усны чанар, хангамжийг эрс дээшлүүлнэ. Мал эмнэлгийн үйлчилгээг орчин үеийн түвшинд хүргэж, бэлчээрийн усан хангамжийг сайжруулж, ган, зуд зэрэг байгалийн гамшигт үзэгдлээс мал сүргийг хамгаалах бүсчилсэн тогтолцоо бий болгоно. Газар тариалангийн салбарт техник, технологийг бүсчилсэн байдлаар шинэчилж үр тариа, хүнсний ногооны тариалалтыг нэмэгдүүлэх нөөц бололцоог бүрэн ашиглана;
ж/бүс бүрийн байгаль, түүхий эдийн нөөц, оюуны чадавхид нийцсэн бизнесийн таатай орчныг бүрдүүлж, зах зээлийн тогтолцооны нөхцөлд нийцсэн түүхий эд, бараа бүтээгдэхүүний бөөний худалдааны бүсчилсэн сүлжээ бүрэлдэх үндсийг тавих.
2/нийгмийн салбарт аймаг, сум, хот, тосгон хоорондын хамтын ажиллагааны хүч нөөцөд тулгуурлан хүн амын боловсрол, соёл, эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудлыг тухайн бүс дотроо бие даан шийдвэрлэх боломжийг өргөжүүлнэ. Энэ зорилтыг хэрэгжүүлэхдээ дараахь чиглэл баримтална:
а/ Боловсрол, соёл, шинжлэх ухааны талаар:
-бүс нутгийн хөгжлийн тэргүүлэх чиглэлийг харгалзан их, дээд сургуулийн ангилал, байршлыг оновчтой тогтоож, сургалт-судлал-мэдээллийн холбоог бэхжүүлэн, сургалтын чанарыг дээшлүүлэх;
-бүсийн хөгжлийн тулгуур төв хотод ерөнхий боловсролын цогцолбор сургууль, орон нутгийн болон сум дундын төвүүдэд ахлах сургууль, мэргэжлийн болон гүнзгийрүүлсэн сургалттай ерөнхий боловсролын сургуулийг шатлан хөгжүүлэх;
-мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвүүдийг аймаг бүрт байгуулж, орон нутгийн зах зээлийн эрэлт, оюуны чадавхид зохицсон мэргэшилтэй ажиллах хүчийг олноор бэлтгэх;
-аймгуудын мэргэжлийн урлагийн байгууллагуудын ангилал, байршлыг оновчтой тогтоож, соёлын төвүүдийг сум дунд үйлчлэх зориулалтаар шинэчлэн байгуулах;
-бүсүүдийн  хөгжлийн тулгуур төв хотод шинжлэх ухаан, мэдээлэл-технологийн төвүүдийг байгуулахыг дэмжихийн  хамт, бүс нутгийн нөөц, чадавхийг зах зээлд бүрэн зохистой ашиглах, хүн амын эрүүл мэнд, байгаль орчин, соёл иргэншлийн үнэт зүйлсийг хадгалан хамгаалах, хүмүүст амьдралын шинэ үзэл бишрэлийг төрүүлэх чиглэлээр эрдэм судлал, туршилт, мэдээллийн ажлыг өргөжүүлэх.
б/ Эрүүл мэндийн талаар:
-бүсүүдийн хөгжлийн тулгуур төв хотуудын оношилгоо эмчилгээний төвийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, ийм төвүүдийг шинээр байгуулах;
-бүсүүдийн хүрээнд оношилгооны явуулын үйлчилгээ, яаралтай тусламж үзүүлэхэд нисдэг тэрэг ашигладаг болох;
-эмнэлгийн тусламж үйлчилгээнд теле-анагаахын сүлжээний дэвшилтэт хэлбэр нэвтрүүлж, хот, хөдөөгийн хүн амын тусламж үйлчилгээний чадамжийг дээшлүүлэх;
-бүсүүдэд "эм, эмнэлгийн хэрэгслийн хангамжийн сүлжээ байгуулж, эмнэлгийн суурь технологи"-ийг хөгжүүлэх;
-Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тусламжаар "Эрүүл хот" хөтөлбөрт бүсийн хөгжлийн тулгуур төв, орон нутгийн хөгжлийн төв, сум дундын төвүүдийг үе шаттайгаар хамруулж эхлэх.
в/Нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийн талаар:
-бүсүүдийн хөгжлийн тулгуур төв хотод хүн амыг ядуурлаас сэргийлэх, амьдрах ухаанд суралцуулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих мэргэжлийн "инкубатор төв"-үүдийг байгуулж, хөдөлмөр, тэтгэвэр, тэтгэмж, даатгалын цогц үйлчилгээ үзүүлэх;
-орон нутгийн хөгжлийн төв хотуудад жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлж, ажил эрхлэлтийг дэмжих "нөөцийн төв"-үүдийг байгуулж ажиллуулах;
-сум дундын төвүүд, зарим сумын төвд хөдөлмөр, нийгмийн үйлчилгээний төв байгуулж, хамт олон, гэр бүлийн гишүүдийн харилцан дэмжлэгт түшиглэн ажилгүйдэх, ядуурахаас сэргийлэх орон нутгийн чадавхийг дээшлүүлэх.
3/ Хүн ам уугуул  нутагтаа амьдрах хэрэгцээ, бусад газарт чөлөөтэй шилжин  суух сонирхол зэргийг харгалзсан нутагшилт, суурьшилтын олон хэв маяг бүхий бүсчилсэн  тогтолцоог бүрдүүлэх зорилт тавина. Энэ зорилтыг хэрэгжүүлэхдээ дараахь чиглэлийг баримтална:
      а/ газар өмчлөл, эзэмшлийн харилцааг гүнзгийрүүлэх, ус бэлчээрийн менежментийг сайжруулах, байгаль, цаг уурын гамшигт үзэгдэлтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх замаар хүн ам нийслэл болон бусад хот руу олноор шилжиж байгаа зохисгүй үзэгдлийн шалтгаан, үр дагаврыг судалж, сааруулах;
      б/бүсүүдийн хөгжлийн тулгуур төв, орон нутгийн хөгжлийн төв хотуудын эдийн засгийн чадавхийг дээшлүүлж, дэд бүтцийн үйлчилгээний дотоод, гадаад сүлжээг сайжруулах  арга хэмжээг эрчимжүүлэх замаар Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хоттой харьцуулахад амьдралын өртөг хямд  байх нөхцөлийг бүрдүүлж эхлэх;
      в/бүсүүдийн хөгжлийн чадавхид түшиглэн эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан, уул уурхай, амралт сувилал, аялал жуулчлалын бүс, чөлөөт бүс, байгалийн шинжлэл,  судлалын болон аж үйлдвэрийн  парк байгуулах замаар хөгжлийн олон голомтыг үүсгэж, бүсийнхээ хүрээнд хүн ам чөлөөтэй шилжин амьдрах бололцоог өргөжүүлэх;
      г/иргэд  бүс нутаг хооронд болон гадаадад шилжин явах, тухайн бүс нутагт шилжин ирэх шалтгаан, үр дагаврыг судалж мэдээлэх, бүртгэх, мониторинг хийх оновчтой тогтолцоог бүрдүүлэх.
6.Баруун, Хангайн, Төвийн, Зүүн бүсийн экосистемийн өвөрмөц байдал, орон нутгийн нөөцөд түшиглэсэн байгаль орчны ашиглалт, хамгаалалтын менежментийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлж эхэлнэ.
7.Олон улсын жишгийн дагуу бүс бүрт чөлөөт бүс, аж үйлдвэрийн паркийг зохистой төрөл, чиглэлээр байгуулан гадаадын шууд хөрөнгө оруулалт байрших нөхцөлийг хангаж, орчин үеийн дэвшилтэт технологи, оюуны багтаамж ихтэй экспортын баримжаатай үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэн дэлхийн зах зээлд Монгол Улсын өрсөлдөх маркетингийн бололцоо, нөхцөлийг дээшлүүлнэ.
8.Баруун бүсэд ОХУ-тай хил залгаа Цагааннуур (Баян-Өлгий), Боршоо (Увс), Арцсуурь (Завхан), БНХАУ-тай хил залгаа Булган (Ховд), Бургастай (Говь-Алтай);  Хангайн бүсэд ОХУ-тай хил залгаа Бага-Илэнх (Булган), Ханх (Хөвсгөл), БНХАУ-тай хил залгаа Шивээхүрэн (Өмнөговь); төвийн бүсэд ОХУ-тай хил залгаа Сүхбаатар-Алтанбулаг, БНХАУ-тай хил залгаа Замын-Үүд; Зүүн бүсэд ОХУ-тай хил залгаа Ульхан, Эрээнцав (Дорнод), БНХАУ-тай хил залгаа Хавирга, Нөмрөг (Дорнод), Бичигт (Сүхбаатар)-ийн боомт, гарцыг эхний ээлжинд тохижуулж, ОХУ, БНХАУ-ын хил зэргэлдээ муж улс, өөртөө засах орнуудтай харилцан дэмжиж хамтдаа түргэн хөгжих орчин нөхцөлийг сайжруулна. Энэ үндсэн дээр Монгол Улс бүхэлдээ газар зүйн байрлалын чадавхиа бүрэн ашиглаж, Ази, Европ, Номхон далайн орнуудын тээвэр-худалдаа, эдийн засаг- аялал жуулчлалын сүлжээнд идэвхитэй оролцон улс төр, ардчилал, эдийн засаг, байгаль орчин, соёл иргэншлийн хувьд хүн төрөлхтөний сонирхлыг татсан олон тулгуурт бүс нутаг болж хөгжих үндэс суурийг тавина.
9.Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд тодорхойлсны дагуу улсын нийслэлийг тус улсын нутаг дэвсгэрийн төв хэсгийн аль нэг тохиромжтой бүс нутагт байршуулах техник, эдийн засгийн болон зураг төсвийн урьдчилсан тандалт судалгаа явуулна.
10.Эдийн засгийн бүсүүдийн хэмжээнд үндэсний болон бүс нутгийн эдийн засаг, нийгмийн дэвшлийг түргэтгэх зорилгод иргэний нийгмийн бүх талуудын хамтын оролцоо, дэмжлэг, дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдын харилцан үр ашигтай хамтын ажиллагааг нэгтгэн чиглүүлж чадахуйц эдийн засаг, зохион байгуулалтын арга механизм, оюун санааны шижим түлхэцүүдийг бий болгох явдлыг хөгжлийн стратегийг хангах гол арга зам гэж үзнэ. Энэ арга замын хүрээнд бүс нутгийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн дараахь асуудлыг судалж хуулийн хүрээнд шийдвэрлэхэд онцлон анхаарна. Үүнд:
1/бүсүүдийн хүрээнд аймаг, сум, хот, тосгоны хоорондын, салбар хоорондын хамтын ажиллагаа, харилцан дэмжлэгийг хөгжүүлэх эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх зорилгоор Бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын тухай хуулийг батлан мөрдүүлж, бусад хууль тогтоомжтой нийцүүлэн хэрэгжих орчныг сайжруулах;
2/бүсчилсэн хөгжлийн бодлогын хэрэгжилтийг орон нутагт зохион байгуулах чиг үүрэг бүхий Бүсийн зөвлөлийг бүс бүрт байгуулж ажиллуулах;
3/бүсчилсэн хөгжлийн зорилт, арга хэмжээг улсын хөгжлийн нэгдсэн бодлоготой уялдуулж, салбар, бүс хоорондын зохицуулалтыг хэрэгжүүлэх үүрэгтэй бүс нутгийн бодлогын Үндэсний хороог байгуулж ажиллуулах;
4/Монголын Үндэсний хөгжлийн хөтөлбөртэй уялдуулан Баруун, Хангай, Төвийн, Зүүн бүсийн тогтвортой хөгжлийн дунд хугацааны хөтөлбөрийг боловсруулан  хэрэгжүүлж эхлэх;
5/бүсүүдийн хүрээнд үндэсний болон бүс нутгийн нийтлэг ач холбогдолтой дэд бүтцийн үндсэн сүлжээг бүрдүүлэхэд улсын төсвийн хөрөнгө оруулалт, гадаадын зээл, тусламжийн хөрөнгийг түлхүү чиглүүлэх;
6/бүсүүдийн хөгжлийн тулгуур төв болон орон нутгийн төвүүдийн хөгжлийн зохистой чиглэлийг тогтоож, бүсүүдийн хөгжлийн тулгуур төв хотуудын ерөнхий төлөвлөгөөг шинэчлэх ажлыг улсын төсвийн эх үүсвэрээс дэмжин боловсруулж дуусгах;
7/алслагдсан болон сул хөгжилтэй бүс, говийн бүсийн нийгмийн хөгжлийг дэмжих хөтөлбөр боловсруулж, тэдгээрийн хэрэгжилтийг төсвийн татаасын болон гааль, татварын ялгавартай бодлогоор дэмжих;
8/алслагдсан болон сул хөгжилтэй бүс, хөдөө орон нутагт үйлдвэрлэлийг өсгөх, ажлын байр бий болгоход хөрөнгө оруулалт хийсэн иргэн, хуулийн этгээдэд орлогын албан татварын хөнгөлөлт үзүүлэх, зээл олгох;
9/бүсийн болон орон  нутгийн төвүүдийг хооронд нь болон дотоод, гадаад зах зээлтэй холбосон эрчим  хүч, зам, холбоо, мэдээлэл, олон улсын банк, санхүүгийн сүлжээг бүрдүүлэхэд дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг түлхүү чиглүүлэх;
10/бүсийн хамтын гэрээ, хэлэлцээрийн дагуу бүс нутгийг  хөгжүүлэх иж бүрэн хөтөлбөр хэрэгжүүлэхээр тохиролцсон  гадаадын хөрөнгө оруулагчдад газрыг урт хугацаагаар түрээслэх, хуулиар тогтоосон баталгаанаас илүү гааль, татварын хөнгөлөлттэй нөхцөл олгох;
11/малын тэжээл, ундны ус, түлшний нөөц хүрэлцээгүй сул хөгжилтэй аймаг, бүс нутгуудад тухайн нөөцөөр хангахад нь шаардагдах төсвийн тодорхой төрлийн зардлыг улсын төсвөөс нөхөн олгодог журмыг судалгаа, тооцооны үндсэн дээр хэрэгжүүлэх;
12/ хөдөлмөр эрхлэлт, тэтгэвэр, тэтгэмж, даатгалын сангийн эх үүсвэрийг орон нутгийн мэдэлд дэс дараатай шилжүүлэх замаар нийгэм, хамт олны хүч нөөцөд тулгуурлан хүн амын ажилгүйдэл, ядуурал, нийгмийн хамгааллын асуудлыг аймаг, сумд тухайн бүс дотроо бие даан шийдвэрлэх бололцоог өргөжүүлэх;
13/ алслагдсан болон сул хөгжилтэй бүсэд экспортын болон импортыг орлох үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор өргөн хэрэглээний бараа материал, технологийн тоног төхөөрөмжийг гадаадад гаргах, гаднаас оруулахад ногдуулах онцгой албан татвар, гаалийн татварыг тэдгээр төрлийн барааны зах зээлд өрсөлдөх чадвар, хүн амын хүнсэнд болон байгаль орчинд хоргүй байдлыг нь харгалзан ялгавартай тогтоох;
14/бүс нутгийг хөгжүүлэх зорилгоор зарласан тендерт төсөл нь шалгарсан иргэн, хуулийн этгээдэд тухайн төслийг хэрэгжүүлэхэд нь зориулж төрөөс зохих санхүүжилтийг гэрээний үндсэн дээр олгох;
15/бүс нутгийн эдийн засаг, нийгмийн асуудлыг шийдвэрлэх зориулалтаар Засгийн газрын нөөц хөрөнгөөс зохих хуримтлал бий болгож, бүс нутгийн хөгжлийг дэмжих санг байгуулж,  ажиллуулахыг дэмжих;
16/бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулан нийслэлийн хүн ам, үйлдвэрлэлийн хэт бөөгнөрлийг сааруулах, дагуул хот, тосгон хөгжүүлэхтэй холбогдсон тэргүүлэх чиглэлийн төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхэд санхүүгийн болон татварын хөнгөлөлт, дэмжлэг үзүүлэх;
17/Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хотоос өөрийн цэг, салбараа хот орчмын бүс болон бусад хөдөө орон нутагт шилжүүлэн байгуулсан аж ахуйн нэгж, байгууллагад татвар, төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх, хөнгөлөлттэй зээл олгох.
11.Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр аймаг, аймгийн төвүүд байрласан сумд болон бусад аймаг, сумдын хоорондын зохистой харьцаа, хамаарлыг тогтоох, бие дааж хөгжих чадвар султай сум, багуудыг зэргэлдээх сум, багтай нь хоршин нэгтгэж, орон нутгийн чадавхийг дээшлүүлэх, Бүсийн зөвлөлүүд, нутгийн удирдлагын байгууллагуудын харилцан дэмжлэгийг хөгжүүлэх замаар засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжүүдийн хоорондын харилцан уялдаа, эдийн засгийн нэгдмэл байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн эрэмбэ дараалсан арга хэмжээ авна.
12.Гарах үр дүн:
Бүсүүдийн хэмжээнд дунд хугацаанд дэвшүүлж байгаа нийтлэг зорилтыг хэрэгжүүлснээр тус улсын нутаг дэвсгэрийн бүтэц, зохион байгуулалтад дор дурдсан нааштай хандлага бий болно. Үүнд:
1/бүсүүдийн тулгуур төв хот, хөгжлийн бүс нутаг (чөлөөт бүс, эрчимжсэн мал аж ахуй, тариалангийн бүс нутаг, аялал жуулчлалын бүс гэх мэт)-уудын эдийн засаг, дэд бүтцийн таталцлын чадавхид түшиглэн хот, хөдөөгийн үйлдвэрлэл, үйлчилгээний болон нийгэм, соёлын уялдаа холбоо сайжирч, аймаг, сумууд бүс дотроо аж ахуйн талаар хоршин хөгжих зохистой чиглэл, дүр төрхөө олж эхлэх;
2/орон нутгийн хүн амын Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хот руу шилжих экологи, нийгмийн шалтгаан саарч, хүн ам тухайн бүс дотроо ажиллаж, амьдрах  бололцоо өргөжих;
3/улсын болон хувийн хөгжлийн хөрөнгө, санхүүгийн дэмжлэгийг үндэсний ач холбогдолтой тэргүүлэх салбар, бүс нутагт түлхүү чиглүүлж, үр ашгийг нь дээшлүүлэх нөхцөл бүрдэж, улмаар улсын эдийн засагт бүсүүдийн оруулах хувь нэмрийг өндөржүүлэх удирдлага, зохицуулалтын үндэс сайжрах;
4/хот, хөдөөгийн хүн амын бөөгнөрөл, шилжих хөдөлгөөний зохистой хүрээгээр эрүүл мэнд, боловсрол, соёл, худалдаа, мэдээлэл, ахуйн үйлчилгээний чанар, хүртээмж сайжирч, аймаг, сумд хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудлыг бүс дотроо шийдвэрлэх боломж нэмэгдэн, хүн амын амьжиргааны бүс нутгийн ялгаа аажмаар буурах хандлага бий болох;
5/бүсүүдийн хөгжлийн тулгуур төв, орон нутгийн хөгжлийн төв, сум дундын төвүүдийн зах зээлд хөдөө  нутгууд татагдан хөгжих зохистой хүрээ, чиглэл тодорч, үүнд түшиглэн тус улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн одоогийн бүтэц, зохион байгуулалтыг бүсчилсэн хөгжлийн зарчимд ойртуулан боловсронгуй болгох эдийн засаг, нийгэм, сэтгэл зүйн таатай орчин бүрдэж эхлэх.
 
Хоёр. Баруун бүс
1.Баруун бүсийг 2010 он хүртэл хугацаанд хөгжүүлэх стратегид байгаль, эдийн засгийн дор дурдсан тааламжтай болон тааламжгүй нөхцөлийг харгалзана. Үүнд:
1/Тааламжтай нөхцөлүүд:
а/янз бүрийн зориулалт, чиглэлээр эзэмшиж, ашиглах өргөн уудам газар нутаг;
б/зохистой ашиглах үндэс нь тавигдсан нар, салхи, усны эрчим хүчний нөөц;
в/бүсийн дотоод, гадаад холбоог хангах дэд бүтцийн босоо тэнхлэг, хил гааль, худалдааны гарц тогтон хөгжиж буй байдал;
г/Ховд, Улиастайн таталцлын төвд түшиглэн бүс нутгийн тэнцвэрт хөгжлийг тэтгэх боломж;
д/бүсийн төрөлжилтөд чухал нөлөөтэй алт, мөнгө, гянт болд, магнезит, давсны их нөөцтэй, газрын тос илрэх магадлалтай;
е/бүс нутгийн хоршилт, чадавхийг нэмэгдүүлэх мал аж ахуйн түүхий эдийн арвин нөөцтэй;
ж/Говь-Алтай, Сартуул, Торгууд, Баяд, Керей омгийн хонь, Өлгий, Дөрвөлжингийн ямаа, Тэс, Мянгадын адуу зэрэг нутгийн шилмэл омгийн малын ашиг шимийг нэмэгдүүлэх бололцоотой;
з/бүсийн хэмжээнд дээд боловсрол олгох, эмчилгээ оношлогоо хийх, соёл урлагийн мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх төрөлжсөн байгууллагууд хөгжих үндэс тавигдсан;
и/хөдөлмөрийн дадлага, нийгмийн идэвхижил харьцангуй сайн, хүний зохих нөөцтэй;
 
к/соёл иргэншлийн ач холбогдол ихтэй үндэстэн, угсаатны хэл, соёл, ёс заншлын олон янзын байдал.
 
               
 
2/Тааламжгүй нөхцөлүүд:
 
 
а/хахиржилт их,  дулааны хуримтлал бага, хуурайшилт ихсэж буй;
б/эрчим хүчний тогтвортой, хямд эх үүсвэр одоогоор бүрдэл болоогүй;
в/ашиглагдах ойн нөөц үлэмж бага, зарим бүс нутаг түлшээр гачигдаж буй;
г/бэлчээрийн ургац тачир, байгалийн хадлан бага, цөлжилт, хээршилт эрчимжиж байгаа;
д/тариаланд тохиромжтой талбай бага, тариалалтын технологи алдагдсан. ашигт малтмал олборлох уул, геологийн нөхцөл хүнд, ихэнх нутаг геологийн хувьд сайн судлагдаагүй;
 
е/зах зээл хөгжсөн төвөөс алслагдсан, тээвэрлэлтийн өртөг зардал ихтэй;
ж/хувийн хэвшлийн түшиц, суурь болохуйц аж ахуй нэгж (салбар) хөгжөөгүй;
 
з/хүн амын нийгмийн үйлчилгээний хангамж, орлогын хэмжээ бусад бүсээс доогуур, дотоод ялгаа ихтэй;
 
и/бүсийн эдийн засгийн өсөлтийг тэтгэх эрчимжиж төрөлжсөн "тулгуур бүс  нутаг" тодроогүй.
 
2.Байгаль, эдийн засаг, нийгмийн хүчин зүйлсийн үнэлгээнд үндэслэн Баруун бүсэд ОХУ, БНХАУ-тай харьцах тээвэр-газарзүйн тохиромжтой байрлал, өргөн уудам газар нутаг, мал аж ахуйн түүхий эдийн нөөц, хөдөлмөрийн идэвхижил харьцангуй сайтай, хямд ажиллах хүч зэргийг дотоод, гадаад зах зээлд бүрэн, зохистой ашиглах явдлыг цаашдын хөгжлийн гол давуу тал буюу чадавхи гэж үзнэ.
3.Монгол Улсын макро эдийн засгийн тогтворжилтын цаашдын хандлагатай уялдуулан баруун Монголын хүн амын оюуны болон амьдрах орчны чадавхийг дээшлүүлэх зорилгод газар, түүний баялаг, мал аж ахуйн түүхий эдийн нөөцийг бүрэн зохистой хоршин ашиглах зах зээлийн харилцааны үндсийг бүрдүүлэх үндсэн дээр бүсийн аймгууд төвөөс алслагдсан газарзүйн байрлалаараа  нэгдэн нийлж,  аж ахуйн талаар хоршин бүсийнхээ хэмжээнд харьцангуй бие даан хөгжих "харилцан хамаарал"-ын орчныг тогтоох явдлыг Баруун бүсийн хөгжлийн дунд хугацааны стратегийн зорилго болгоно.
4.Баруун бүсийн хөгжлийн дунд хугацааны стратегийн зорилгын хүрээнд дор дурдсан суурь зорилтуудыг тавьж хэрэгжүүлнэ. Үүнд:
1/бүсийн ирээдүйн төрөлжилт, хоршилтыг тодорхойлох тэргүүлэх салбар, бүс нутгийг сонгон тогтоож, тэдгээрийн хөгжил, байршлын зохистой чиг хандлагыг буй болгоход чиглэсэн бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийх;
 
2/бүсийн хэмжээнд бүрэлдсэн эрүүл мэнд, соёл, боловсрол, ахуй үйлчилгээний баазыг бэхжүүлэхийн хамт, тэдгээрийн хамрах хүрээг өргөжүүлэх, хүн амын үйлчилгээний чанар, амьдрах орчны чадавхийг сайжруулахад чиглэсэн нийгмийн салбарын шинэчлэлтийг эхлүүлэх;
 
3/бүсийн тэргүүлэх салбарууд, бүс нутгуудын нөөц чадавхийг улс орны дотоод, гадаад зах зээлтэй зохистой холбон үр дүнтэй ашиглах, хот, суурин, хөдөөгийн хүн амын нийгэм, соёлын үйлчилгээний уялдааг хангах зорилгоор дэд бүтцийн үндсэн сүлжээг сайжруулахад улсын хөрөнгө оруулалтын бодлогыг голлон чиглүүлэх;
 
4/газар, эрдсийн болон түүхий эдийн баялаг нөөцийг ашиглах, хамгаалах зүй зохисыг харгалзан дотоод, гадаадын хөрөнгө оруулалтыг байршуулах, үйлдвэрлэлийн өсөлт, ажил эрхлэлтийг урамшуулах, хүн амын орлогыг тэнцвэржүүлэх, шилжих хөдөлгөөнийг зохистой болгоход төрийн дэмжлэг, зохицуулалтын бодлогыг чиглүүлэх.
5.Стратегийн зорилгод хүрэхийн тулд Бүсийн эдийн засгийн бүтэц, чиглэлийг дараахь хандлагаар өөрчлөн сайжруулна. Үүнд:
1/Зорилт 1-ийн хүрээнд:
а/нар, салхи, ус, нүүрсний эрчим хүчний нөөцийг оновчтой хослон ашиглах үндсэн дээр эрчим хүчний хангамжийн Ховд-Өлгий-Улаангом, Завхан-Говь-Алтайн хэсэгчилсэн системийг бүрдүүлнэ. Энэхүү системийн хүрээнд байгалийн даралт бүхий услалтын системүүдийг сэргээн ашиглах, дизель болон бага оврын усан цахилгаан станц байгуулах замаар орон нутгийн эрчим хүчний хангамжийг сайжруулах;
б/геологийн судалгааг эрчимжүүлж, ашигт малтмалын нөөцийг нэмэгдүүлэх. Үүний дотор нефть, нүүрсний болон бусад орд газрын хайгуулын ажлыг эрчимжүүлэх;
в/газрын чанарын хяналт баталгаа, газрын дахин зохион байгуулалтын үндсэн дээр газар өмчлөл, эзэмшилтийн харилцаа, ашиглалтын төрөл, чиглэлийг бүсийн хөгжлийг тэтгэх нэг үндсэн эх сурвалж болгох;
г/бүс нутгийн бэлчээр, усны хүрэлцээ, зах зээлийн эрэлтэд нийлүүлэн малын тоо, төрөл, үүлдэр угсаа, тэдгээрийн байршилтыг оновчтой болгож тогтоох;
 
д/Баруун бүсэд Говь-Алтай, Сартуул, Торгууд, Баяд Керей хонь, нарийн ноолуурт Өлгийн улаан, Дөрвөлжингийн халтар ямаа, Тэсийн адууны цөм   сүрэг бүрдүүлж сайжруулагчаар ашиглахын зэрэгцээ, нутгийн үхрийг махны чиглэлээр сонгон үржүүлж, мах боловсруулах үйлдвэрлэлийг дэмжин экспортыг нэмэгдүүлэх;
 
е/"Мал сүргийг ган, зудаас хамгаалахад туслах үндэсний хөтөлбөр", "Малын эрүүл мэнд үндэсний хөтөлбөр"-ийн хүрээнд Ховдын Шаргуу, Завханы Сартхайрхан, Говь-Алтай-Баянхонгорын зааг нутагт аймаг дундын отрын бүс байгуулах, нийт аймагт мал эмнэлгийн үйлчилгээг сайжруулан, бэлчээр усжуулах арга хэмжээ авч, бүсийн хэмжээнд гамшгийн тусламжийн сүлжээ байгуулах;
 
ж/газар тариалангийн салбарт Увс аймагт үр тариа, чацаргана, Ховд аймагт чацаргана жимс жимсгэнэ, тарвас, хүнсний ногоо, Говь-Алтайд усалгаатай буудай жимс, чацаргана, Завхан аймагт хүнсний ногоо, малын тэжээл тариалалтыг эрчимжүүлж, хүнсний ногоо, жимс жимсгэнийг удаан хадгалах, зах зээлд борлуулах нөхцөлийг бүрдүүлэх;
 
з/хот, хөдөөгийн хүн амыг үйлчлэх хүрээгээр Ховд, Улиастайд бараа түүхий эдийн бирж, бусад аймаг, сумдын төвд бөөний худалдааны төв байгуулах замаар эрэлт, нийлүүлэлтийн зохистой сүлжээ бүрэлдэх эхлэлийг тавих;
и/"Хоршоо" хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөрийн хүрээнд хот, хөдөөгийн хүн ам, аж ахуйн нэгж, байгууллагууд хамтран хоршоо, фермерийн аж ахуй байгуулах ажлыг дэмжиж, хөрөнгө хүчээ хоршин ажиллаж, амьдрах үүсгэл санаачлагыг өргөжүүлэх;
к/мал аж ахуйн түүхий эд (мах, ноос, ноолуур, арьс шир)-ийг боловсруулаагүйгээр улсын хилээр гаргахыг хязгаарлах, тэдгээрийг стандартын дагуу бэлтгэх, боловсруулах, борлуулах асуудлыг бүсийн түүхий эдийн нөөц, чанар, дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхол, үйлдвэрлэлийн гол бүс нутаг (Төвийн болон Улаанбаатарын бүс)-уудын эрэлт, хэрэгцээг харгалзан зүй зохистой шийдвэрлэх чиглэл баримтлана. Үүнд:
 
 
 
-махны чиглэлийн Казакийн цагаан толгойт үхэр, Керей, Торгууд зэрэг хонины үржлийн бүс нутгийг тогтоож, мал бордох аж ахуй бүхий мах боловсруулах томоохон хүч чадал (Улаангомын чиглэлд)-ыг бий болгон, аймгийн төвүүдэд мах нядалгааны бага оврын үйлдвэр, цех байгуулах ажлыг арьс шир бэлтгэх  үйл ажиллагаатай хоршин зохион байгуулахад дотоод, гадаадын хөрөнгө оруулалтыг чиглүүлэхийн хамт, зарим төрлийн мал, махан бүтээгдэхүүнийг ОХУ-д гаргах, улмаар Арабын орнуудын зах зээлд нийлүүлэх стандартчилал, тээвэрлэлтийн нөхцөлийг судлан тогтоох;
-ноолуурын шилмэл омгийн ямааны үржлийн бүс нутгийг тогтоож, ноолуурын гарц, чанарыг дээшлүүлэх, бэлтгэсэн ноолуурыг дотоодын үйлдвэрлэгчдэд борлуулах зах зээлийн нөхцөлийг сайжруулахын хамт, Улиастай хотод ноолуур угаах, самнах хүч чадлыг өргөтгөн, боловсруулсан ноолуур болон ноолууран бүтээгдэхүүнийг экспортод гаргах баримжаагаар бүсийн эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлэх;
-бөөний худалдааны сүлжээнд үндэслэн сайн чанарын ноос бэлтгэж дотоод, гадаадын зах зээлд борлуулах нөхцөлийг сайжруулах, үндэстэн угсаатны онцлог хэрэгцээ, орон нутгийн туршлагыг харгалзан Өлгийд цэмбэ, Ховдод эсгий, эсгий гутал, Улиастайд хивс, Ховд, Алтайд ноос угаах төрөлжсөн болон хоршсон үйлдвэрлэлийг өргөтгөн хөгжүүлэхэд аймаг, аж ахуйн нэгж, байгууллагын хамтын ажиллагааг нэгтгэн чиглүүлэх;
 
-махны үйлдвэртэй холбон арьс ширийг стандартын дагуу ангилан бэлтгэх, түүхий эдээ дотоодын зах зээл дээр хагас боловсруулсан бүтээгдэхүүнээр үр ашигтай солилцох маркетингийн нөхцөлийг бүрдүүлэх, энэ үндсэн дээр арьс ширэн болон савхин эдлэл, гутал, хувцас, тоноглол хэрэглэл үйлдвэрлэх хүчин чадал (Улиастай, Алтай)-ыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ, шинээр (Ховд, Өлгийн чиглэлд) энэ чиглэлийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломжийг бүрдүүлэх.
л/үндэстэн, угсаатны хэрэглээний онцлогийг харгалзан хүнсний хангамж, аюулгүй байдлын стратегийн чиглэлийг тодорхойлох, мах, хиам, гурил, нарийн боовны үйлдвэрлэлтээр дотоодын хэрэгцээг хангах түвшинг дээшлүүлэхийн хамт, адууны махан бүтээгдэхүүн (каз), жимс, жимсгэний дарс, чанамал, чацарганы тос, хоолны давс, хужир шүү, арвайн гурил зэрэг экологийн хувьд цэвэр, бусад бүсэд эрэлт ихтэй бүтээгдэхүүний үйлдвэрлэлтийг нэмэгдүүлэх;
 
м/Ховд аймагт ховор металл, нүүрс, газрын тос, барилгын (цементийн) материалын, Баян-Өлгий аймагт алт, мөнгө, гянт болд, тосон будгийн, Увс аймагт алт, нүүрс, давсны, Завхан аймагт фосфор, давс, зэс, үнэт металл (алмаз), барилгын материалын (шохой, тоосго), Говь-Алтай аймагт алт, нүүрс, барилгын материалын үйлдвэрлэлийг түлхүү хөгжүүлэх чиг баримжаагаар геологийн эрэл, үнэлгээний ажлыг эрчимжүүлэхийн хамт, 2005 он гэхэд алт, мөнгө, гянт болд олборлож, завсрын зарим бүтээгдэхүүнийг экспортод гаргах дэд бүтцийн болон зах зээлийн асуудлыг шийдвэрлэх.
 
Аялал, жуулчлалын салбарт: Баруун Монголын уул, тал, говь хосолсон байгалийн өвөрмөц сонин тогтоц, ховор болон агнуурын ач холбогдолтой ан амьтны нөөц, казах, халх, дөрвөд, баяд, урианхай, торгууд, захчин, мянгад зэрэг үндэстэн, угсаатны түүх, соёл, ахуй, зан заншлын олон янзын байдал, тэдгээрийн хоорондын харилцан шүтэлцээг хадгалан сурталчлах явдлыг аялал жуулчлалын чухал нөөц гэж үзэн өргөжүүлнэ:
-Өлгий, (Даян-нуур, Алтай таван богдын орчим нутаг ороод), Ховдыг өвөрмөц сонирхлын, Увс, Завханыг спорт-амралтын, Говь-Алтайг байгалийн шинжлэл, сувиллын бүс нутгийн жишгээр хөгжүүлэх чиг барьж, бүсийн аялал жуулчлалын чиглэл, үйлчилгээний төрлийг сонгон тогтооно;
-эхний ээлжинд Ховд-Хар-Ус нуурын районд аялал жуулчлалын цогцолбор байгуулахад гадаадын сонирхогч томоохон компанийг татан оруулахад онцлон анхаарч, түүнээс шалтгаалан жуулчдын бааз, амралт сувиллын газрууд, музей, үзмэрүүд аймаг, орон нутагт харилцан уялдаатай хөгжих нөхцөлийг дэд бүтцийн болон маркетингийн бодлогод харгалзана.
 
Байгаль орчны салбарт:
 -Хил орчмын хамтын ажиллагааны эрчимжиж хөгжсөн бүс нутаг, Алтай-Саян, Увс нуурын ай сав, Хар-Ус нуур, Их говийн тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээнд түшиглэсэн аялал жуулчлал, байгалийн шинжлэлийн бүс нутаг, Ховд, Өлгий, Улиастайн үйлдвэржсэн бүс нутаг, Монгол Алтайн уул хоорондын хөндий, Их нууруудын хотгор, Завхан, Ховд, Идэр гол, тэдгээрийн ай савын эрчимжсэн болон нүүдлийн мал аж ахуйн, тариалангийн бүс нутаг гэсэн нутаг дэвсгэрийн зохион байгуулалтаар газар, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх байгаль орчны менежментийн үндсийг бүрдүүлж, эцсийн үр өгөөжийг нь бүсийн нийгмийн зорилгод тэнцвэртэй хуваарилах, Баруун Монголын экосистемийн бүрдэл хэсгүүдийн уялдаа, дотоод чадавхийг хамгаалсан түвшин, түүнд дасан зохицсон амьдралын өвөрмөц хэв маягийг бүрдүүлсэн байдлаараа дэлхийн зах зээлд өрсөлдөх чиг баримжаагаар байгаль орчны бодлогыг хөгжлийн стратегитэй холбох төлөвлөлт, зохион байгуулалтын орчныг сайжруулна.
-Монгол Улсын эдийн засгийг Баруун бүсээр дамжуулан ОХУ, БНХАУ, улмаар өрнө, дорнын орнуудтай холбосон дэд бүтцийн сүлжээг сайжруулах үндсэн дээр Өлгий-Цагааннуур, Улаангом-Боршоо, Ховд-Ярантай (Булган), Алтай-Бургалтай, Улиастай-Арцсуурийн чиглэлээр гадаад худалдаа-тээврийн цогцолборуудыг байгуулж, олон улсын хамтын ажиллагааны бүс нутгийн сүлжээг хөгжүүлэх улс төр-дипломат бодлогын арга механизмыг боловсронгуй болгоно.
-Цагааннуур (Баян-Өлгий аймаг)-ын улсын хилийн шалган нэвтрүүлэх цогцолборыг ашиглалтад оруулж, түүнд түшиглэн худалдаа, гаалийн чөлөөт бүс байгуулан үр ашигтай ажиллах дотоод, гадаад орчин нөхцөлийг бүрдүүлнэ.
 
2/Зорилт 2-ын хүрээнд:
а/бүсийн оношилгоо, эмчилгээний төв (Ховдын) болон сум дундын эмнэлгийн үйлчилгээний төрөл, чанар хүртээмжийг дээшлүүлэхийн хамт, зах хязгаар нутагт ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтныг тогтвор суурьшилтай аж төрөх нөхцөлийг сайжруулахад онцлон анхаарна.
б/бүтцийн өөрчлөлтийн хэрэгцээг бүс нутгийн төрөлжилт, хүн амын сонирхолыг харгалзан бүсийн хөгжлийн тулгуур төв болон аймгийн төвүүдэд ажиллаж буй их, дээд, тусгай мэргэжлийн боловсрол олгох сургууль, дамжааны тоог хязгаарлаж, тэдгээрийн шинжилгээ судалгаа, үйлдвэрлэлийн дадлага, компьютер-мэдээллийн зохих баазыг бэхжүүлж чанаржуулах замаар оюуны бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэл баримтлана.
в/уламжлал, шинэчлэлийг хослох зарчимд үндэслэн Баруун бүсийн аймгуудын мэргэжлийн урлагийн байгууллагуудын дотоод, гадаад хэлхээ, холбоог сайжруулж, урын санг нь төрөлжүүлэн баяжуулахад чиглэсэн нэгдсэн бодлоготой болгох, үндэстэн, угсаатан бүрийн түүх, хэл, зан заншил, ахуйн хэрэглээний онцлогийг судалж, хадгалан өвлүүлэхийн хамт, соёлын өв санг нь зах зээлийн харилцааны үеийн дэвшилтэт ололт, мэдээллээр баяжуулах, залуу үед "харилцан нэгнээ дэмжиж, хамааралтай ажиллаж, амьдрах" нийгмийн шинэ ухамсрыг төлөвшүүлэхэд соён гэгээрүүлэх үйл ажиллагааг чиглүүлнэ.
 
г/хот, хөдөөгийн хүн амын харилцан уялдаатай үйлчлэх хүрээгээр аймаг, сум дундын нийтийн аж ахуй, ахуй үйлчилгээний баазыг бэхжүүлж, тэдгээрийн чанар, хүртээмж дээшлэх нөхцөлийг бүрдүүлнэ.
 
д/Баруун бүсэд "Алтайн ХАА-н хүрээлэн"-г сэргээн байгуулахын хамт, хүн амын оюуны чадавхийг бүрэн нээж ашиглахад зохицсон шинжлэх ухаан, мэдээллийн сүлжээний дотоод, гадаад уялдаа холбоо, удирдлага, санхүүжилтийг сайжруулах бодлого баримтална.
 
е/баруун 5 аймгийн эдийн засгийн төвүүдээс алслагдсан байдлыг харгалзан, эхний ээлжинд энэ бүс нутгийн хүн амын мэргэжил, боловсролын түвшинг жигд дээшлүүлэх, оюутан, сурагчдын дотоод, гадаадад суралцах нөхцөлийг сайжруулах, албан хаагчдын цалин хангамжийг нэмэгдүүлэх чиглэл баримтална.
ж/өвчин эмгэгийн тархалтын хүрээ, үндэстэн, угсаатны онцлог хэрэгцээ, авъяас сонирхол, зарим хязгаар нутаг (Алтайн чанд дахь сумд)-ийн бэрхшээлтэй байдлыг харгалзан хүн амд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, соёл, ахуйн үйлчилгээний төрөл, хэлбэрийг (явуулын, суурин г.м) зохистой тогтоож, цэг салбарын байршилтыг бүсчлэн зохицуулах тогтолцоонд шилжинэ.
3/Зорилт 3-ын хүрээнд:
2006 он хүртлэх хугацаанд улсын дэд бүтцийн хөрөнгө оруулалтын     20-иос доошгүй хувийг Баруун бүсэд чиглүүлж, 2010 хүртэлх хугацаанд дэс дараатай нэмэгдүүлэх чиглэл баримтална. Энэ чиглэлийн хүрээнд дараахь арга хэмжээг эхлэн хэрэгжүүлнэ. Үүнд:
а/Цагааннуур-Улаанбайшинт (Баян-Өлгий) -Завхан-Тээлийн бэлчирийн хэвтээ тэнхлэгийн, Манхан-Булган (Ярантай), Хандгайт-Сагил (Увс), Арц суурь-Улиастай, Алтай-Бургастайн чиглэлийн босоо тэнхлэгийн авто замыг сайжруулж, Баруун  бүсийн гадаад зах зээлтэй зохистой холбогдон хөгжих нөхцөлийг бүрдүүлэх;
б/Дөргөн (Ховд), Улаанбоом (Говь-Алтай)-ын усан цахилгаан станцыг ашиглалтад оруулж, Алтай-Улиастай, Ховд-Дөргөнийг цахилгаан дамжуулах өндөр хүчдэлийн шугамаар холбох;
в/ХБНГУ-ын хөнгөлөлттэй зээлийн  хөрөнгөөр шинэчилсэн Баруун бүсийн радио релейны шугам, аймгийн төвүүдийг холбосон дамжуулах байгууламж, ВИСАТ станцын тогтвортой ажиллагааг хангаж, тэдгээрийн техникийн түвшин, үйлчлэх хүрээг цаашид нэмэгдүүлэх;
г/Азийн хөгжлийн банкны зээл тусламжаар шинэчилсэн баруун 5 аймгийн төвүүдийн усан хангамж, цэвэрлэх байгууламж, нийтийн аж ахуйн үйлчилгээний цэг салбарын тогтвортой, үр ашигтай ажиллагааг хангах;
д/эхний ээлжинд Ховд, Завхан аймагт бүсийн худалдааны бирж, төвүүдийг банк бус санхүүгийн байгууллага, Олон улсын хөтөлбөрийн тусламжаар туршин байгуулж, цаашид шатлан өргөжүүлэх;
е/Германы техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн хоёрдугаар үе шатанд Тосон цэнгэлд усан цахилгаан станц барих ажлыг эхлүүлэх;
ж/Увс аймагт усалгаатай нөхцөлд газар тариаланг сэргээхэд Европын холбооны ТАСИС хөтөлбөрийн үзүүлж буй дэмжлэгийг цаашид өргөтгөж, үр дүнтэй ашиглах нөхцөлийг бүрдүүлэх.
4/Зорилт 4-ын хүрээнд:
а/Баруун бүсийн аймгууд төвөөс хэт алслагдсан байдал, хөгжлийн түвшин доогуур, дотоод ялгаа ихтэй зэргийг харгалзан улсаас жил бүр олгодог төсвийн шилжүүлгийн хэмжээг ихэсгэсэн норматив (итгэлцүүр)-аар тогтоож, түүнийг Бүсийн зөвлөлийн мэдэлд өгөх бөгөөд Зөвлөл уул татаасыг бүс нутгийн хөгжлийн нийтлэг асуудлыг шийдвэрлэх шаардлагыг чухалчлан аймгуудад тодорхой болзолтойгоор хуваарилах, аймгууд улсын төсвөөс авсан шилжүүлгийн эх үүсвэрийг сумдаас нийлүүлэх бүтээгдэхүүнийг бодолцон мөн дээрх жишгээр сумдад дахин хуваарилах боломжийг судалж шийдвэрлэнэ;
б/Баруун бүсэд буцаж ирсэн уугуул иргэд, бусад аймгаас шилжин суурьшигчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд хөнгөлөлттэй зээл урамшуулал олгох дэс дараалсан арга хэмжээ авна;
в/Баруун бүсийн аймгуудын ажилгүйдлийн даатгалд хамрагдаагүй, удаан хугацаанд ажилгүй байгаа нийгмийн эмзэг бүлгийн иргэдийг тохирсон ажил мэрэгжил олгох сургалтад хамруулах арга хэмжээг улс, орон нутгийн төсвөөс санхүүжүүлнэ;
г/Баруун бүсийн аймгуудаас Улаанбаатар хотод суралцаж буй оюутнуудад өвлийн амралтаар нутагтаа очих нэг талын тээврийн зардлыг хөнгөлнө;
д/Баруун бүсэд геологи, эрдсийн баялгийн хайгуул, үнэлгээний төсөл хэрэгжүүлэхэд улсаас жил бүр санхүүгийн дэмжлэг үзүүлнэ;
е/Баруун бүсийн бүтцийн өөрчлөлтийг хэрэгжүүлэхтэй холбогдсон  хөдөө аж ахуйг хөгжүүлэх, жижиг дунд үйлдвэрийг сэргээх, малын тэжээлийн баазыг бэхжүүлэх, хоршоо, фермерийн аж ахуй байгуулах арга хэмжээнд "Зээлийн сан"-гаас дэмжлэг үзүүлнэ;
ж/Баруун бүсийн аймгуудыг үйлдвэрлэл, үйлчилгээ хөгжих нөхцөл сул бүрдсэн бүс нутагт хамааруулж, тухайн аймгуудын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа шинээр эрхэлж, ажлын байр бий болгосон аж ахуйн нэгжүүдийг татвар, зээлийн бодлогоор дэмжих арга замыг судалж шийдвэрлэнэ;
з/"Бэлчээр, уст цэгийг түрээсээр ашиглах эрх зүйн үндсийг бүрдүүлнэ. Ингэхдээ Баруун бүсийн аймгуудыг бэлчээр, уст цэг ашигласны түрээсийн төлбөрийн хэмжээ нь хонин толгойд шилжүүлснээр хамгийн бага байх бүс нутагт хамааруулж, энэхүү хөнгөлөлтийг орон нутгийн захиргаатай тухайн бэлчээр, уст цэгийг зохистой эзэмшихээр урт хугацааны гэрээ байгуулан ажиллаж буй малчдад эдлүүлэх зарчим баримтална;
л/Баруун бүсийн аймгуудын хилийн боомтоор импортолдог авто бинзен, дизелийн түлшинд онцгой албан татварын хөнгөлөлт үзүүлж буй одоогийн журмыг дунд хугацаанд хэвээр мөрдөх чиглэл баримтална.
м/Баруун бүсийн аймгуудад хөрөнгийн хуримтлал буй болгохын тулд иргэдийн хадгаламийн хүүг татвараас чөлөөлөх, банкинд мөнгөө хадгалуулахыг хүссэн байгууллагыг татвараас хөнгөлөх, чөлөөлөх асуудлыг судалж шийдвэрлэнэ;
н/улсын хилийн боомтуудаар Баруун бүсэд ажиллаж буй гадаадын хөрөнгө оруулагчидтай аж ахуйн нэгжийн дүрмийн санд оруулж буй технологийн зориулалттай тоног төхөөрөмж, материалыг гаалийн тогтоосон тарифаас чөлөөлөх асуудлыг тухайн нөхцөл байдалтай уялдуулан уян хатан шийдвэрлэж байна;
о/эхний ээлжинд Цагаан-нуурт (Баян-Өлгий), цаашдаа Булган (Ховд), Бургастай (Говь-Алтай)-н хилийн боомтыг түшиглэн улс хоорондын худалдааг урамшуулах зорилгоор худалдааны болон гаалийн татваргүй бүс байгуулах асуудлыг судалж, үе шаттай хэрэгжүүлэх чиглэл баримтална;
п/геологи хайгуул, газрын үнэлгээ, зохион байгуулалтын үндсэн дээр Баруун бүс дэх газрыг өндөр хөгжилтэй орнуудын хөрөнгө оруулагчид, судалгаа, шинжилгээний байгууллагад урт хугацааны түрээсээр ашиглуулах асуудлыг санал болгож, түүнийг хэрэгжүүлэх ажлыг олон улсын гэрээ, хэлэлцээрийн дагуу хуулийн хүрээнд шийдвэрлэнэ;
р/Ховд, Улиастай зэрэг бүсийн хөгжлийн тулгуур төв, хотуудыг барилгажуулах ажил эрхэлж буй аж ахуйн нэгжүүдэд үл хөдлөх хөрөнгө ашиглуулах, ус, цахилгаан, дулааны үйлчилгээ үзүүлэх үнэ хөлсийг тохиролцсон нөхцөлөөр олгох боломжийг Бүсийн зөвлөлийн түвшинд судалж зохицуулна;
с/Баруун бүсэд одоо ажиллаж буй үйлдвэрийн газруудыг уг бүсийн бүтцийн цаашдын өөрчлөлттэй уялдуулан бэхжүүлэх зорилгоор тэдгээрт дэвшилтэт технологи, үйлчилгээний тэргүүний зохион байгуулалт нэвтрүүлэх, зориулалтын техник, тоног төхөөрөмжийн элэгдлийг богино хугацаанд түргэвчилсэн аргаар тооцоолж,  татварын хөнгөлөлт үзүүлэх эрэлт, хэрэгцээг судалж шийдвэрлэнэ.
 
 
 
6.Гарах үр дүн
Дунд хугацааны стратегийг хэрэгжүүлснээр Баруун бүсийн хөгжилд дор дурдсан ахиц дэвшил гарна. Үүнд:
1/Баруун бүсийн хүн амын нийгмийн өндөр идэвхижил, оюуны болон амьдрах ухааны олон талт чадавхийг үндэсний болон бүс нутгийн хөгжил, дэвшлийн нийтлэг зорилгод нэгтгэн ашиглах нийгэм-сэтгэл зүйн болон удирдлага зохион байгуулалтын аятай үндэс тавигдах;
2/Баруун бүсийн аймгууд бүсийнхээ хүрээнд аж ахуйн талаар хоршин хөгжих зөв дүр төрх, чиглэлээ олж, улмаар тодорхой нэрийн бүтээгдэхүүнээр дотоод, гадаад зах зээлд оролцох үйлдвэрлэл, маркетингийн нөхцөл бүрдэж эхлэх;
3/баруун 5 аймгийн хөгжлийн тулгуур төвүүдийг хооронд нь болон улс орны дотоод, гадаад зах зээлтэй холбон хөгжүүлэх дэд бүтцийн багтаамж сайжрах;
4/Баруун бүсийн аймгуудын төвөөс алслагдсан бэрхшээл багасч, бүс дотроо, хөрш зэргэлдээ орнуудын хүрээлэлд харилцан хамааралтай хөгжих хамтын ажиллагааны шижим түлхэцүүд бий болж, Монголын баруун хэсэгт эдийн засгийн урт хугацааны тогтвортой өсөлтийг хангах ирээдүйн загвар тодорч эхлэх.
Гурав. Хангайн бүс
1.Хангайн бүсийг 2010 он хүртэлх хугацаанд хөгжүүлэх стратегид байгаль, эдийн засгийн дор дурдсан хүчин зүйлсийг харгалзана. Үүнд:
1/Тааламжтай нөхцөлүүд:
 
а/Хангай, Хөвсгөлийн уулархаг ойт-хээрийн  бүс зонхилсон, хүн ам амьдран суурьшихад харьцангуй тохиромжтой өргөн уудам газар нутаг;
б/орчинд нийцүүлэн зохистой ашиглах боломжтой ой, ус, ан агнуур, байгалийн дагалдах баялгийн нөөц;
в/дэлхийн зах зээлд эзлэх улс орны ирээдүйн байр суурийг тодорхойлоход чухал нөлөөтэй зэс, фосфор, цэнгэг ус, аялал жуулчлал (үзэсгэлэнт газар, гол мөрөн, рашаан, түүх, соёлын өв дурсгал, загас, ан агнуур г.м)-ын арвин нөөцтэй;
г/бүсийн төрөлжилт, хоршилтыг хөгжүүлэх боловсруулах үйлдвэрийн түүхий эд (ноос, ноолуур, арьс шир, ангийн үс, мах, сүү г.м)-ийн нөөц сайтай;
д/Цэцэрлэг-Хархорин, Ханх, Мөрөн-Эрдэнэт, Бага-Илэнх-Булган, Хархорин-Арвайхээр, Баянхонгор-Шивээхүрэнгийн чиглэлээр бүсийн эдийн засгийг дотоод, гадаад зах зээлтэй холбох дэд бүтцийн сүлжээ бүрдэж байгаа;
е/Булган, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай аймагт үр тарианы үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлж, бүсийн гурилын дотоод хэрэгцээг хангах бололцоотой;
ж/сүү, махны чиглэлийн Сэлэнгэ үхэр, Хангайн бор сарлаг, Уянгын үхэр, ширүүвтэр ноосны Байдраг, нарийвтар, нарийн ноосны Орхон, Хангай, мах ноосны Дархад хонь, Дархадын цагаан адуу, нутгийн ноолуурын ямаа, адуу зэрэг шилмэл омгийн цөм сүргийг бүрдүүлж, малын ашиг шимийг нэмэгдүүлэх боломж сайтай;
з/Эрдэнэтийн үйлдвэржилт, хотжилтын туршлагыг бүсийн эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлэх, нийгмийн дэвшлийг түргэтгэх зорилгод зохистой ашиглах боломж.
2/Тааламжгүй нөхцөлүүд:
 
 
а/нутгийн ихэнх хэсэгт (хойт болон төв хэсэг) хахиржилт ихтэй, дулааны хуримтлал бага, олон жилийн цэвдэг тархсан;
б/Хөвсгөл, Баянхонгор, Архангайн баруун хэсгийн нутгаар цочир хүйтрэлт, цасан шуурга зэрэг гамшигт үзэгдлийн давтамж ихсэж байгаа;
в/Газрын гадаргын налуу, хэрчигдлийн шигүү, ул хөрсний овойлт, суулт ихтэй тул зам тээвэр, барилга байгууламж барихад нэмэлт зардал шаардагддаг, бүсийн дотоод уялдаа хоршилтыг хангахад бэрхшээлтэй;
г/ой мод ашиглах, ашигт малтмал олборлох уул-геологи, уул-техникийн  нөхцөл хүнд, төмрийн хүдэр, алтны үндсэн орд, үнэт металл, графит (бал чулуу) асбестийн нөөц ихтэй боловч тэдгээрийг үйлдвэрт бэлтгэх нарийвчилсан эрэл хайгуул, үнэлгээний ажил хийгдээгүй;
 
 
д/хойд, урд хөрштэй тогтмол харьцах хилийн тохижсон боомт, гарц үгүйлэгдэж байгаа;
 
е/бүсийн хөгжлийг "чирч" чадахуйц Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр, Хөвсгөл, Булганы гурилын үйлдвэрээс өөр ирээдүйтэй дотоодын аж ахуйн нэгж (салбар)-үүд одоогоор тодрон гараагүй;
ж/хүн амын оюуны чадавхи сайн боловч хөдөлмөр, нийгмийн идэвхжил харьцангуй сул, хамтарч ажиллах эрмэлзлэл, ажил хэрэгч чанарыг дээшлүүлэх шаардлагатай;
з/тухайн бүсэд хамаарах аймгуудын сонирхлыг үндэсний болон бүс нутгийн хөгжлийн нэгдмэл бодлого, зорилгод нэгтгэн зангидах удирдлагын оролдлого бусад бүстэй харьцуулахад бага хийгдсэн, ингэж зохицуулах институциональ (байгууллагын) чадавхийг бүрдүүлэхэд харьцангуй урт хугацаа шаардагдах магадлалтай.
 
2.Байгаль, эдийн засгийн нийгмийн хүчин зүйлсийн үнэлгээнд үндэслэн Хангайн бүсийн ой, мод, ан амьтан, цэнгэг ус, эрдэсийн баялаг, нөөц, мал аж ахуйн түүхий эд, амралт, рашаан сувилал, аялал жуулчлалын арвин нөөц, тэдгээрийг ашиглаж ирсэн туршлага, үйлдвэрлэлийн чадавхийг сэргээн ашиглах явдлыг энэ бүс нутгийн цаашдын хөгжлийн гол давуу тал, гарц гэж үзнэ.
 
 
3.Хангайн бүсийн хэмжээнд тавих стратегийн гол зорилго нь тус улсын макро эдийн засгийн тогтворжилтын хандлагатай уялдуулан Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгийн нөөцийг үндэсний эдийн засаг, нийгмийн хөгжлийг түргэтгэх зорилгод бүрэн, үр өгөөжтэй ашиглахын хамт, энэ бүс нутгийг Баруун ба Төвийн бүсийн хөгжлийг тэтгэх, хүн ам олноор нутагшин амьдрах ирээдүйн гол түшиц газар болгон хувиргахад оршино.
4.Стратегийн зорилтын хүрээнд 2010 он хүртэлх хугацаанд дор дурдсан суурь зорилтуудыг тавьж хэрэгжүүлнэ. Үүнд:
1/бүсийн тэргүүлэх чиглэлийн хүрээнд дор дурдсан салбарын хөгжил, байршлын зохистой хүрээ, чиг хандлагыг тодрхойлоход бүтцийн өөрчлөлтийг чиглүүлэх:
а/эрчим хүчний салбар;
б/уул уурхайн олборлох, боловсруулах салбар;
в/мал аж ахуй, түүний түүхий эдийг бэлтгэн боловсруулах жижиг, дунд үйлдвэр;
г/ой мод бэлтгэн боловсруулах үйлдвэр;
д/аялал жуулчлал, амралт, рашаан сувилал;
е/газар тариалангийн үйлдвэрлэл;
ж/байгаль орчны менежмент (цэнгэг ус, тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ, ой, ан агнуурын нөөц).
2/бүсийн хэмжээнд, хүн амын нутагшил, сууршил, аймаг, сум, хот, тосгоны хоорондын нийгэм, соёлын уялдаа, холбооны зохистой чиглэлийг тогтоож, эрүүл мэнд, боловсрол, соёл, ахуйн үйлчилгээний цэг, салбарын байршил, үйлчилгээний хүртээмж, чанарыг дээшлүүлэх чиглэлээр нийгмийн салбарын шинэчлэлийг гүнзгийрүүлэх;
3/бүсүүдийн хөгжлийн тулгуур төвүүдийг дотоод, гадаад зах зээлтэй холбох, аймаг, бүс нутгийн хүн амын нийгэм, соёлын үйлчилгээний хүртээмж, уялдаа холбоог сайжруулахад дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг түлхүү чиглүүлэх;
4/эрдсийн баялаг, мал аж ахуйн түүхий эд, газар, ус, ой мод, аялал жуулчлалын нөөцийг байгаль орчны даац, чадавхид зохицуулан бүрэн зохистой, хоршин ашиглах шаардлагыг харгалзан дотоод, гадаадын хөрөнгө оруулалтыг байршуулах, үйлдвэрлэлийн өсөлт, үр ашигтай ажил эрхлэлтийг урамшуулах, хүн амын орлогын хуваарилалтыг оновчтой болгох, хөдөлмөрийн идэвхижил, хамтран ажиллах сонирхлыг дээшлүүлэхэд төрийн дэмжлэг, зохицуулалтыг чиглүүлнэ.
 
 
5.Стратегийн зорилгод хүрэхийн тулд бүсийн эдийн засгийн бүтэц, чиглэлийг дараах хандлагаар өөрчлөн сайжруулна. Үүнд:
1/Зорилт 1-ийн хүрээнд:
 
а/төвийн эрчим хүчний системийн үйлчлэлийн хүрээнд нүүрс, усны эрчим хүчний нөөцийг хослон ашиглах үндсэн дээр Чаргайт, Эгийн гол (Хөвсгөл), Орхон гол (Булган) дээр усан цахилгаан станц байгуулах боломжийг бүрдүүлэх; Баянхонгор (Баянтээг дулааны цахилгаан станц)-ын чиглэлд шинэ хүч чадлыг суурилуулах, 80 км-ийн радиусын үйлчлэх хүрээгээр сумдын дизель станцыг шинэчлэх, нар, салхины эрчим хүчийг хослон ашиглах замаар бүс нутгийн эрчим хүчний хангамжийн үндсэн сүлжээг бүрдүүлж эхлэх;
 
б/бүсийн эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлэх үүднээс Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр, "Эрдмин" үйлдвэрийн баазад түшиглэн катодын зэс, цэвэр зэс үйлдвэрлэн экспортолж, тус улсын дэлхийн зах зээлд өрсөлдөх чадварыг дээшлүүлэхийг чухалчлахын хамт, Хөвсгөлийн фосфор, Эрдэнэтийн зэсийг хими-технологийн аргаар хослон ашиглах, Баянхонгорын алтны үндсэн орд, Архангайн үнэт металлын ордыг орчинд ивээлтэй ашиглах арга технологийг судлан тогтоох;
 
в/мах, сүүний чиглэлийн үхэр, нутгийн сарлаг, Тамир, Дархад, Байдраг хонь, Эрчимийн хар, Залаа, Жинстийн цагаан ямааны цөм сүрэг бүрдүүлж сайжруулагчаар ашиглан Хангайн бүсийн хүн амыг хүнсний зүйлээр, боловсруулах үйлдвэрүүдийг түүхий эдээр хангах чиглэл баримтлах;
г/Эрдэнэтэд үйлдвэрлэж буй хивсний чанар, дизайныг сайжруулах, уг үйлдвэрийн дэргэд нэхмэлийн үйлдвэр байгуулж, сайн чанарын бүтээгдэхүүн экспортлох боломжийг өргөжүүлэхийн хамт, бөөний худалдааны сүлжээнд түшиглэн бусад аймагт мах, ноос, ноолуур, арьс ширийг стандартын дагуу бэлтгэх, тэдгээрийг дотоодын үйлдвэрүүдтэй хоршин боловсруулах чиглэлийн жижиг, дунд үйлдвэр байгуулах, бүтээгдэхүүнийг нь дотоод, гадаад зах зээлд борлуулах маркетингийн асуудлыг улсын томоохон үйлдвэрүүдийн эрэлт, хэрэгцээтэй холбон зохистой шийдвэрлэх;
д/"Сүү, цагаан идээ" хөтөлбөрийн хүрээнд тус бүсийн аймгуудын сайн чанарын бүтээгдэхүүн үйлдвэрлэж ирсэн уламжлалыг сэргээж, Архангайд сарлагийн өрөм, Тамирын ааруул, бяслаг, шар тос, Хөвсгөлд цөцгийн тос, ааруул, өрөм, Өвөрхангай, Булганд өрөм, ааруул, айраг, Баянхонгорт ааруул, өрөм үйлдвэрлэдэг  дагнасан, хоршсон хувийн хэвшлийн аж ахуй байгуулах, шар сүүг үйлдвэрт боловсруулах шинэ технологи нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлж, бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх боломжийг өргөжүүлэх;
е/бүсийн аймгууд (ялангуяа, Хөвсгөл, Булган, Архангай, Өвөрхангай)-д газар тариалангийн үйлдвэрлэлийг сэргээн хөгжүүлэх үндсэн дээр үр тариа, төмс, хүнсний ногооны бүсийн дотоод хэрэгцээг хангах, хүлэмжийн аж ахуй байгуулах бодлого баримталж, зарим нарийн ногоо тариалж байгаа иргэд, байгууллагын санаачлагыг дэмжиж дэлгэрүүлэх;
ж/нутгийн хүн амын дадлага, туршлагыг харгалзан Хөвсгөл аймаг мод бэлтгэл, гэрийн мод, модон эдлэл, Булган аймаг модон эдлэл, Архангай, Өвөрхангай аймаг мод бэлтгэл, гэрийн мод, тэрэг үйлдвэрлэлийг дагнаж, бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлэх боломжийг өргөжүүлэхийн хамт, мод бэлтгэл, боловсруулалт, ойжуулалтын ажлыг нэгдсэн зохион байгуулалтад оруулж, Хөвсгөл, Сэлэнгэ мөрний дунд ба эхэн хэсгийн ойн нөөцийг улс орны модон материалын ойрын ирээдүйн хэрэгцээг хангахад зохистой ашиглах боломжийг судлан тогтоох;
 
з/энэ бүсэд олон улсын жишигт нийцсэн аялал жуулчлалын менежментийг бүрдүүлэх үндсэн дээр Хөвсгөл орчимд байгалийн шинжлэл, спортын болон өвөрмөц сонирхолын, Эрдэнэт, Булганд бизнес, амралт сувилал, морин аялал (нүүдлийн)-ын, Архангай, Өвөрхангайд түүх, соёл иргэншил, байгаль судлал, морин аялал(нүүдлийн)-ын, Баянхонгорт сувилал, спорт аялалыг түлхүү хөгжүүлэх чиг барьж, эхний ээлжинд Хархорин-Хужирт, Хөвсгөл нуурын орчимд аялал жуулчлалын цогцолбор (аяллын чиглэл, замын тэмдэгжүүлэлт, амралтын түр буудал, үйлчилгээний цэгүүд бүхий)-ын үндсийг тавихын хамт, аялал жуулчлалын бүс нутгуудыг ОХУ-ын Байгаль нуур орчим, БНХАУ-ын Өвөр Монголын нутгийг дамжин өнгөрч буй аялал жуулчлалын их урсгалтай зохистой холбон бүсийн аялал жуулчлалын чадавхийг бүрэн өгөөжтэй ашиглах улс хоорондын сүлжээ бүрдүүлэхийг стратегийн зорилт болгон бүх талаар дэмжих;
и/амралт, рашаан сувиллын нөөцийг төрөлжүүлэн ашиглах боломжийг харгалзан Архангай, Булганд (Шивэрт, Хадат, Хануй г.м) хүйтэн рашаан, Баянхонгор, Өвөрхангайд (Шаргалжуут, Хужирт г.м) халуун, хүйтэн рашаанд түшиглэсэн эмчилгээ сувиллын бүс нутгуудыг түлхүү хөгжүүлэх бодлогыг тодорхойлж, тэдгээрийг аялал жуулчлалын чиглэлтэй холбон ашиглах нэгдсэн сүлжээг бүрдүүлж эхлэх;
к/уулархаг ба тал хээр нутгийн экосистемийн онцлог, Хангай, Хөвсгөл, говийн тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээнд зохицсон байгалийн нөөцийн ашиглалт, хамгаалалтын өвөрмөц менежментийг бүрдүүлэх үндсэн дээр экологийн аялал жуулчлал, агро-үйлдвэрлэлийн нутаг дэвсгэрийн зохион байгуулалтын хэлбэрүүдийн оновчтой хослолд түшиглэн байгаль орчноо хамгаалж чадсан байдлаараа дотоод, гадаадын жуулчид, зорчигчдын сонирхлыг татсан тогтвортой хөгжлийн "Тулгуур" бүс нутаг болгох явдлыг стратегийн зорилт болгон түүнд хандсан үйл ажиллагаа явуулах;
л/Хангай, Хөвсгөл орчмын цэнгэг уст гол, мөрөн, рашаан ус, чоно, тарвага, үнэг зэрэг элбэгшиж байгаа ан амьтны нөөцийг зах зээлд бүрэн үр ашигтай ашиглах боломжийг нарийвчлан тогтоож, цэнгэг усны нөөцийг савлаж экспортлох, элбэг ан амьтны түүхий эдийг стандартын дагуу бэлтгэн боловсруулж, нэгдсэн журмаар зах зээлд борлуулах үйлдвэрлэлийн маркетингийн стратегийг тодорхойлох;
 
 
м/уул, тал, хээр, говь нутгийн хүн амын нутагшил, суурьшлын онцлог хэв шинжүүд, тэдгээрийн хоорондын уялдаа, хамаарлыг шинэчлэн тогтооход нутаг дэвсгэр, зохион байгуулалтын ажлыг чиглүүлж, энэ үндсэн дээр аймгийн төв, хөдөөгийн суурингийн харилцан уялдсан тогтолцоо бүрдүүлэх, Эрдэнэт, Хархориныг улсын болон бүсийн хөгжлийн тулгуур төвийн жишгээр хөгжүүлэхэд чиглэгдсэн бүсчлэл -хот байгуулалтын нэгдсэн бодлого явуулах;
 
н/Хангайн бүсэд Мөрөн-Хатгал-Ханх, Эрдэнэт-Бага-Илбэнхийн гол (Түшиг), Хархорин-Арвайхээр, Баянхонгор-Шивээхүрэнгийн чиглэлээр ОХУ, БНХАУ-ын хил залгаа нутгаар дамжин улс хоорондын худалдаа, зам тээврийн харилцааг хөгжүүлэх боомт гарцыг цэгцлэн тохижуулахын хамт, байгалийн шинжлэл, амралт сувилал, аялал жуулчлалын нөөцөд түшиглэн гадаадын иргэд, байгууллагатай хамтран ажиллаж "Эх газар"-т суурилсан даяаршлалын чадавхийг бүрдүүлэхэд худалдаа-эдийн засаг, соёлын хамтын ажиллагааны бодлогыг чиглүүлэх.
2/Зорилт 2-ын хүрээнд:
а/Өвөрхангайн (Арвайхээр) бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн техник, мэргэжлийн түвшин, үйлчилгээний хүртээмжийг дээшлүүлж, Эрдэнэтэд Хангайн бүсийн оношилгоо, эмчилгээний төвийг шинээр байгуулах, Булган, Хөвсгөл зэрэг аймгийн зарим сумдын хүн амд үзүүлэх эмнэлгийн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээний цар хүрээг өргөжүүлэхийн хамт, аймаг, сумдын төвийн хүн амд үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээний төрөл, хэлбэрийг  төрөлжүүлэн чанаржуулах, амралт, рашаан сувиллын бүс нутгуудад ардын болон орчин үеийн анагаах ухааны эмчилгээний аргуудыг хослон хэрэглэх нөхцөлийг бүрдүүлэх хандлагаар бүсийн хэмжээн дэх эрүүл мэндийн салбарын тогтолцоог шинэчилэх;
 
б/бүс нутгуудын хүн ам зүйн байдал, зах зээлийн эрэлтийн онцлогийг харгалзан боловсролын үйлчилгээг баг-сум, сум дунд, сум-аймаг, аймаг дундын гэсэн шатлалаар төрөлжүүлэн хөгжүүлэх, Эрдэнэт-Хархорин- Цэцэрлэгийн хоршилт холбоонд түшиглэн Хангайн бүсийн хүн амын оюуны чадавхи, дадлага, туршлагыг бүрэн нээж, зохистой ашиглаж чадахуйц их, дээд, тусгай мэргэжлийн сургууль-ШУМТ-үйлдвэрлэлийн нэгдэл (төв)-ийг байгуулан, түүний бүрдэл хэсгүүдийг үндэсний болон бүс нутгийн хөдөлмөрийн зах зээлийн бодит хэрэгцээнд нийлүүлэн тоо хэмжээ, төрлөөр оновчтой сонгон байршуулахыг дэмжих;
в/бүсийн болон бүс нутгийн төвийн зах зээлд таталцуулан хөдөөгийн хүн амыг зохистой үйлчлэх хүрээгээр ахуй соёл, нийтийн аж ахуйн үйлчилгээний газруудын хүч, чадал, байршилтыг оновчилж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нь дээшлүүлэх, энэхүү зорилгоор иргэд, аж ахуйн нэгжүүд урлаг, соёлын хамтлаг, хоршоо байгуулан хамтран ажиллахыг дэмжих.
 
3/Зорилт 3-ын хүрээнд:
а/Орхон гол дээр усан цахилгаан станц, Баянтээгийн дулааны цахилгаан станц барьж байгуулах, Эрдэнэт-Хөвсгөл, Арвай-Хээр-Баянхонгорыг цахилгаан дамжуулах өндөр хүчдэлийн шугамаар холбох, сумдад дизель станц, хөдөөд нар салхины эрчим хүчийг өргөн ашиглах замаар Төвийн бүсийн эрчим хүчний нэгдсэн системийн хүрээнд Хангайн бүсийг цахилгаанжуулах үндэс суурийг тавих;
б/Дашинчилэн (Булган)-Өгийнуур–Батцэнгэл-Хануйн гүүр, Өвөрхангай-Баянхонгорын хөндлөн тэнхлэгийн, Хархорин-Цэцэрлэг-Тосонцэнгэлийн босоо чиглэлийн авто замыг хайрган хучилттай болгохын хамт Эрдэнэсант-Арвайхээрийн хар замыг сайжруулах;
в/Азийн хөгжлийн банкны "Харилцаа холбоо-2" төслийн хүрээнд Хангайн бүсийн хөгжлийн тулгуур төвүүдийг сансарын холбооны ВИСАТ станцын үйлчилгээгээр бүрэн хангаж, аймгийн төвүүдийн харилцаа холбоог тоон сүлжээнд шилжүүлж, FM радио станцтай холбох;
г/Азийн хөгжлийн банкны Нийтийн аж ахуйг хөгжүүлэх төслийг Орхон аймагт хэрэгжүүлж, 2003 оноос Өвөрхангай (Арвайхээр, Хархорин), Архангай (Цэцэрлэг), цаашид Баянхонгор, Хөвсгөл аймгийг хамруулж, бүсийн аймгуудын ахуйн үйлчилгээ, усан хангамж, цэвэрлэх байгууламжийг үе шаттай сайжруулах;
д/Азийн хөгжлийн банкны Газрын кадастр, зураглалын зээлийн төсөлд бүсийн зарим аймгийг хамруулж, уулархаг газрыг зохистой ашиглаж хамгаалах менежментийн туршилтыг явуулах;
е/ХБНГУ-ын Цөлжилттэй тэмцэх төсөлд Өвөрхангай, Баянхонгор аймгийн нутгийг хамруулж  хэрэгжүүлэх;
ж/Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй "Тээврийг сэргээх төсөл"-ийн хүрээнд Хархорин-Цэцэрлэг-Тосонцэнгэлийн хэсэгчилсэн хайрган зам тавих ажлыг дуусгах;
з/"Газар тариалангийн үйлдвэрлэлд шинэ технологи нэвтрүүлэх" төслийг /НҮБ-ын хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн  буцалтгүй тусламжийг/ Хөвсгөл аймагт хэрэгжүүлэх;
и/Монгол-Японы Засгийн газрын техникийн хамтын ажиллагааны хүрээнд Эрдэнэт орчимд геологийн судалгааны ажлыг эрчимжүүлэх;
к/"USAID"-ийн тусламжаар Хөвсгөлийн үндэсний паркийн менежментийг боловсруулж, хэрэгжүүлж эхлэх.
 
4/Зорилт 4-ын хүрээнд:
 
а/Хангайн бүсийн хөгжлийн чадавхийг дэмжих төрийн зохицуулалт нь Эрдэнэт-Хархорин-Цэцэрлэгийн үйлдвэрлэл, үйлчилгээний хоршилтыг гүнзгийрүүлэх зарчимд үндэслэн аймаг, сум, хот, тосгоны хооронд аж ахуйн хоршилт холбоо, зах зээлийн харилцаа үүсэн хөгжих дэд бүтцийн орчныг сайжруулах, энэ үндсэн дээр бүсийн стратегид хандсан дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхол, хүн амын хөдөлмөрийн идэвхижлийг өрнүүлэх эдийн засгийн дэмжлэгийн арга хөшүүрэг, нийгмийн шижим түлхэцүүдийг бий болгоход чиглэгдэх;
  
б/байгалийн гамшгийн давтамж ихтэй Баянхонгор, Өвөрхангай, Хөвсгөл аймгийн малгүй, цөөн малтай өрхийг Дэлхийн банкны урт хугацааны зээлийн хөрөнгөөр малжуулах арга хэмжээ авах;
в/гэрийн мод хийх, мах, сүү, цагаан идээ боловсруулах чиглэлээр байгуулсан хамтарч хоршсон үйлдвэрлэл, үйлчилгээг банк бус санхүүгийн байгууллагын зээлээр дэмжих нөхцөлийг бүрдүүлэх;
г/уулархаг бүсэд "нутагшсан" хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалах, хүлэмжийн аж ахуйд нарийн ногоо ургуулах ажлыг дэмжих зээлийн сан байгуулах;
д/аялал жуулчлал, амралт рашаан сувиллын газрыг олон улсын жишгийн дагуу зохион байгуулж, тодорхой үр дүнд хүрсэн дотоодын иргэд, байгууллагыг "Аялал жуулчлалын сан"-гаас урамшуулах;
е/бартаажилт ихтэй Хөвсгөл, Сэлэнгэ мөрний эхний ой тайгаас байгаль хамгаалах шаардлагын дагуу мод бэлтгэж, бүтээгдэхүүнээ дотоодын зах зээл дээр борлуулж буй аж ахуйн нэгжийг улсын төсвийн зээл тусламжид хамруулж урамшуулах механизмыг бүрдүүлэх;
ж/баг, сум, аймаг дундын ач холбогдолтой нийтийг хамарсан арга хэмжээ (хамтын эзэмшлийн ой байгуулах, ойжуулах, ойн хортон шавьж устгах, отрын бүс нутаг байгуулах, бэлчээр усжуулах, давааны зам, гүүр засах, шинээр барих, чоно, тарвага зэрэг элбэгшиж буй амьтныг зохион байгуулалттай агнах г.м)-г гадаад, дотоодын жижиг зээлийн төслөөр дэмжин хэрэгжүүлэх;
з/үйлдвэрлэл, үйлчилгээ хөгжих нөхцөл сул бүрдсэн бүс нутагт Хангайн бүсийн Архангай, Баянхонгор, Хөвсгөл аймгийн зарим сумдыг хамруулж, жижиг, дунд үйлдвэр эрхлэн хөгжүүлэх ажлын үр ашигтай байр бий болгосон аж ахуйн нэгжийг татвар, зээлийн бодлогоор дэмжих арга замыг судалж тогтоох;
и/бэлчээрийг түрээслэн ашиглах тогтолцоонд шилжүүлж, бэлчээрийн төлбөрийн хэмжээг Баянхонгор, Өвөрхангай аймгийн говийн бүсийн сумдад улсын дунджаас доогуур буюу Баруун бүсийн аймгуудтай ойролцоо, бусад аймгийн сумдад улсын дундажтай адил түвшинд тус тус ялгавартай тогтоох арга хэмжээ авах;
 
к/Хангайн бүсийн хүн амын сайн чанарын сүү, цагаан идээ боловсруулж ирсэн уламжлалт арга ухааныг үйлдвэржсэн технологи болгон сэргээн хөгжүүлэх ажлыг татвар, зээлийн бодлогоор дэмжихийн хамт, шар сүү боловсруулах , цэвэр ус савлах, хүлэмжийн аж ахуй хөгжүүлэх технологийн тоног төхөөрөмжийг импортын болон нэмүү өртгийн албан татвараас чөлөөлөх асуудлыг судалж шийдвэрлэх;
л/мах, ноос, ноолуур, арьс ширийг бүс дотроо боловсруулж, эцсийн бүтээгдэхүүнийг экспортлох зорилготой байгуулагдсан аж ахуйн нэгжийн технологийн тоног төхөөрөмж, түүхий эд, материалыг импортын татвараас хөнгөлөх боломжийг тухайн үед нь судалж шийдвэрлэх;
м/Баянхонгорын болон бусад аймгийн алтны үндсэн ордыг ашиглаж буй аж ахуйн нэгжид ногдуулах албан татварыг бусад алтны үйлдвэр (шороон орд эзэмшиж буй)-ээс ялгавартай тогтоох боломжийг бүрдүүлэх;
н/аялал жуулчлал, амралт сувиллын үндсэн бүс нутгуудад газрыг дотоод, гадаадын мэргэжлийн, хувийн хэвшлийн байгууллагад урт хугацаагаар түрээслэх асуудлыг судалж шийдвэрлэх;
о/тусгай хамгаалалттай газар нутгийг хамгаалах зориулалтаар аялал жуулчлалын байгууллагаас өргөсөн хандивыг татвар ногдуулах орлогоос хасч тооцохыг дэмжих;
п/тусгай хамгаалалттай газар нутгийн аялал жуулчлалын бүсэд нэвтрэхэд төлөх хураамжийг олон улсын жишгийн дагуу тооцож бүрдүүлдэг журамд шилжих;
Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээнд ойр байрласан уул уурхайн үйлдвэрүүдээс байгаль орчинд учруулсан хор уршгийг арилгуулах  үр нөлөөтэй арга механизмыг судлан тогтооно.
р/Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр, Бүрэнхааны (Хөвсгөл) фосфорын үйлдвэрийн орчин дахь эвдэрсэн газрыг экологийн хиймэл цэвэр орчин (нуур тогтоож загас үржүүлэх, хөрсжүүлэх, ойжуулах г.м) болгож хувиргах замаар дахин ашиглах үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуй нэгжийг газрын төлбөрөөс чөлөөлөх, улмаар уг орчинг хувьчлах асуудлыг судалж шийдвэрлэх.
6. Гарах үр дүн
Дунд хугацааны стратегийг хэрэгжүүлснээр Хангайн бүсийн хөгжилд дор дурдсан нааштай хандлага бий болно:
1/Аймаг, орон нутгийн хүн амын нийгмийн үйлчилгээний хүртээмж сайжирч, орлогын хэмжээ харьцангуй жигд дээшлэх хандлага бий болох;
2/дэд бүтцийн сүлжээнд түшиглэсэн бүсийн дотоод, гадаад уялдаа сайжирч, хөдөөгийн хүн ам, үйлдвэрлэгчид зах зээлийн харилцаанд жигд суралцах нөхцөл бүрэлдэх;
3/мал аж ахуйн бүтээгдэхүүн (чанар сайтай сүү, цагаан идээ)-ийг боловсруулж ирсэн уламжлалт арга, технологи сэргэж, амьдралаа дэмжих бизнесийн төрлүүд олшрох;
4/аялал жуулчлал, уул уурхай, мод бэлтгэлийн салбарын бүтэц, зохион байгуулалт, байршил сайжирч, тэдгээрийн зах зээлд өрсөлдөх боломж өргөжих;
5/иргэд, байгууллагын харилцан дэмжлэг сайжирч, нийгмийн идэвхжил аажмаар дээшлэх. 
 
 
 
Дөрөв. Төвийн бүс
1.Төвийн бүсийг 2010 он хүртэлх хугацаанд хөгжүүлэх стратегид байгаль, эдийн засгийн дор дурдсан хүчин зүйлсийг харгалзана. Үүнд:
1/Тааламжтай нөхцөлүүд:
а/Орхон, Сэлэнгийн ай савын тариаланд харьцангуй тохиромжтой чийглэг нам дор газар;
б/байгаль орчны чадавхид нийцүүлэн зохистой ашиглах боломжтой ой, ус, ан агнуурын нөөц;
в/улсын эдийн засгийг дотоод, гадаад зах зээлтэй холбосон босоо, хэвтээ тэнхлэгийн төмөр болон автозам, эрчим хүчний нэгдсэн систем, холбоо мэдээллийн сүлжээ;
г/хүн ам суурьшин амьдарч, нийгэм, соёлын олон төрлийн үйлчилгээг хүртэх боломж олгосон, харьцангуй тохижиж холбогдсон олон тооны хот, тосгоны сүлжээ;
е/дэд бүтэц, хот, тосгоны сүлжээнд үндэслэн байршсан хүн ам, үйлдвэрлэл, үйлчилгээний чадавхи;
 
ж/Сэлэнгэ, Төв, Дарханы бүсэд эртнээс тариалан, үйлдвэрлэл эрхэлж ирсэн арга, технологи, хүн амын дадлага, туршлага;
з/саалийн болон махны чиглэлийн үхэр (Сэлэнгэ), нарийн, нарийвтар ноост хонь (Ерөө, Орхон, Хангай, Каракуль), ноолуурын ямаа (Өнжүүл, Гурвансайхан), ноосны чиглэлийн тэмээ (Галбын говийн улаан, Ханын хэцийн хүрэн) зэрэг шилмэл малын генфонд сайтай;
и/алт (шороон ба үндсэн орд), төмрийн хүдэр, нүүрс, газрын ховор элемент, хайлуур жоншны балансын үндсэн нөөц, үйлдвэрлэлийн гол хүч чадал тус бүсэд байршиж байгаа;
к/Европ, Азийг дамжсан олон улсын худалдаа-эдийн засгийн харилцааны гол гарц болж буй Сүхбаатар, Алтанбулаг, Замын-Үүдийн олон улсын хилийн боомт, гаалийн шалган нэвтрүүлэх цогцолбор байрладаг;
л/нутгийн өмнөд хагаст нарны гэрэл, дулааны хуримтлал сайтай, байгалийн үзэсгэлэнт газар, ховор ан амьтан олонтой, нүүрс, зэс, хайлуур жонш, газрын ховор элементийн баялаг нөөцтэй, мөн газрын тос бага хэмжээ (Зүүнбаян)-гээр илрэн ашиглаж байгаа.
2/Тааламжгүй нөхцөлүүд:
 
а/алт, барилгын материал олборлох явцад хөрс эвдрэх, гол, мөрний ус бохирдож байгаа зэргээр байгаль орчны байдал илт доройтож байгаа;
б/хүний зохисгүй үйл ажиллагааны нөлөөгөөр ой мод ихээр сүйтгэгдэж, зарим нутаг (Сэлэнгийн нарсан ой)-ийн ой байгалийн аясаар нөхөн сэргээгдэх боломжгүй болж байгаа;
в/түүхий эдийн нөөц хомсдсон, техник, технологийн шинэчлэл удааширсан, өмч хувьчлал зөв хийгдээгүй зэргээс мод бэлтгэж, боловсруулах, мах, нэхий боловсруулах, барилгын материал үйлдвэрлэх томоохон үйлдвэрүүд хүчин чадлаа бүрэн ашиглах боломжгүй болж, тэдгээрт түшиглэн амьдарч ирсэн хүмүүсийн амьдрал доройтож байгаа;
г/сүүлийн жилд Төв, Дундговь аймгийн нутгийг хамарсан байгалийн гамшигт үзэгдлийн (ган, зуд) давтамж ихсэж, мал сүргийн тоо олноор хорогдож байгаа; 
 
д/үйлдвэрлэл хөгжөөгүй, нийгэм соёлын үйлчилгээний чанар, хүртээмж хангалтгүй, хүн, малын ундны усны нөөц, чанар муудсан, түлш (мод, аргал) ховордсон, элсний нүүлт, цөлжилт идэвхжсэнээс мал аж ахуй эрхлэх боломжтой бэлчээрийн талбай хумигдах болсон зэрэг шалтгаанаар говийн бүсийн аймгуудын хөгжил олон жилээр хоцорч, хүн ам цаашид тогтвортой суурьших боломж хязгаарлагдаж байгаа;
е/Улаанбаатар хот руу бусад аймгаас шилжиж ирэгсдийн олонхи нь (мал бүхий иргэд) Дархан хот, Төв аймгийн сумдад байрлаж экологийн даац, нийгмийн ачааллыг нэмэгдүүлж байгаа;
ж/Төвийн бүсийн хойд, өмнөд хэсгийн хөгжлийн түвшний ялгааг багасгаж, бүс нутгийн нийгэм, экологийн тогтвортой байдлыг хангах зэрэгт удирдлага, зохицуулалтын илүү үр нөлөөтэй механизм, хөрөнгө санхүүгийн ихээхэн дэмжлэг шаардагдаж байгаа.
 
2.Төвийн бүсийн тааламжтай нөхцөлийг бүрэн, зохистой ашиглахад зохицсон дотоод, гадаад зах зээлд өндөр чанартай бүтээгдэхүүн нийлүүлдэг, байгаль орчныхоо даац чадавхид зохицсон өөр хоорондоо нарийн хоршин төрөлжиж, эрчимжсэн болон бэлчээрийн мал аж ахуй, газар тариалан, уул уурхай, аялал жуулчлал, олон улсын худалдаа-эдийн засгийн хөгжингүй бүс нутгуудыг тогтоож, тэдгээрийн үр дүнг уг бүс рүү чиглэсэн "их нүүдэл", говийн бүсийн байгалийн гамшгийн үр дагаврыг сааруулах, улмаар нийт улс орны нутаг дэвсгэрийн тэнцвэрт хөгжлийг хангах хүчтэй хөшүүрэг болгон хувиргах явдлыг бүс  нутгийн хөгжлийн давуу тал буюу чадавхи гэж үзнэ.
3.Төвийн бүсийн хөгжлийн стратегийн зорилго нь макро эдийн засгийн тогтворжилтын чиг хандлагатай уялдуулан үндэсний эдийн засгийн өсөлтийг дээшлүүлэх, нийгэм-экологийн тэнцвэрт байдлыг хангахад Төвийн бүсийн хойд хэсэгт буй болсон үйлдвэрлэл-техникийн чадавхи, хүн амын дадлага, туршлагыг  үр ашигтай ашиглах, үүний эцсийн үр өгөөжийг говийн бүсийн хүн амын амьдрах орчныг дээшлүүлэх зорилгод оновчтой хуваарилах замаар бүсийн аймаг, сум, хот, тосгоны хооронд, аж ахуй нэгж, салбаруудын хооронд харилцан нэгнээ дэмжсэн, хамтарч хоршсон үйл ажиллагаа хөгжих угтвар нөхцөлийг буй болгоход оршино.
4.Стратегийн зорилгын хүрээнд  2010 он хүртэлх хугацаанд дор дурдсан үндсэн зорилтыг тавьж хэрэгжүүлнэ:
1/Бүсийн тэргүүлэх чиглэлийг тодорхойлж буй дараахь салбарт тогтвортой өсөлтийг дэмжсэн техник-зохион байгуулалтын шинэчлэл хийнэ:
а/түлш-эрчим хүч;
б/уул уурхайн олборлох, боловсруулах үйлдвэрүүд;
в/газар тариалан;
г/мал аж ахуй, түүний түүхий эдийг бэлтгэн боловсруулах жижиг, дунд үйлдвэрлэл;
д/ой мод бэлтгэх, боловсруулах;
е/барилга, барилгын материалын үйлдвэрлэл, аялал жуулчлал хөгжүүлэх;
ж/байгаль орчны менежмент;
з/хамтын ажиллагаа
;
 
 
2/бүсийн хэмжээнд байгаль орчны  доройтол, цаг уурын өөрчлөлт, хүн амын шилжих хөдөлгөөний чиг хандлагыг бодолцон нутагшилт суурьшлын одоогийн тогтолцоог боловсронгуй болгох, энэ үндсэн дээр хойд болон говийн хэсгийн аймгуудын аж ахуй, соёлын хэлхээ холбоог сайжруулахад чиглэсэн хот байгуулалт, дэд бүтцийн чанартай нийгмийн өргөн өөрчлөлтийг эхлүүлэх;
3/хүн амын амьжиргааны түвшинг тэнцвэржүүлэх нийгмийн хүчин зүйлийг бий болгож, малын тоо, бэлчээр, усны даацыг зохистой ашиглах, мал сүргийг байгалийн гамшгаас хамгаалахад улсаас үзүүлэх дэмжлэгийг өргөтгөх, хөгжлийн цаашдын гарааг эхлүүлэхэд дотоод, гадаадын иргэд, байгууллагын хамтарч хоршсон үйл ажиллагааг дэмжин чиглүүлэх.
 
 
5.Стратегийн зорилгод хүрэхийн тулд Бүсийн эдийн засгийн бүтэц, чиглэлийг дараахь хандлагаар өөрчлөн сайжруулна. Үүнд:
1/ Зорилт 1-ийн хүрээнд:
 
а/Төвийн эрчим хүчний нэгдсэн системийн хүрээнд ажиллаж буй Шарын гол, Шивээ-Овоо, орон нутгийн бусад уурхайд техник, технологийн шинэчлэл хийх, Өмнөговь аймагт дулааны цахилгаан станц барьж ашиглалтад оруулах, Орхон гол дээр усан цахилгаан станц барьж эхлэх, зарим ордыг ашиглах үүднээс Өмнөговь-Тавантолгой, Мандалговь-Оюут-Толгой, Эрдэнэт-Мөрөнгийн хооронд цахилгаан дамжуулах өндөр хүчдэлийн шугам тавихын зэрэгцээ говийн сумдад нар, салхины эрчим хүч ашиглах хүрээг өргөтгөх, айл өрхийг түлшээр хангах оновчтой хувилбарыг тогтоох, чөлөөт бүс байгуулахаар төлөвлөж буй Алтанбулаг, Замын-Үүдийн  түлш-эрчим хүчний хангамжийн найдвартай байдлыг хангах дэс дараатай арга хэмжээ авах;
б/говийн бүсэд ирээдүйн хөгжлийн голомтыг буй болгоход онцгой ач холбогдолтой Тавантолгойн коксжих нүүрсний орд, Оюут-Толгойн зэсийн ордыг гадаадын хөрөнгө оруулагчидтай хамтран ашиглах нөхцөлийг бүрдүүлэх;
 
в/махны үйлдвэрүүдийн ариун цэвэр, техник, технологийн түвшинг олон улсын стандартын шаардлагад нийцүүлэн сайжруулах замаар экспортын хэмжээг нэмэгдүүлэх;
г/Төвийн бүсийн газар тариалангийн районд сүү, махны чиглэлийн нарийн нарийвтар ноост хонь, гахай, шувууны аж ахуй зэрэг эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлж, Өмнөд хэсэгт нь ноос, ноолуурын ямаа, каракуль хонь, шилмэл омгийн тэмээний цөм сүрэг бий болгон үндсэн сайжруулагчаар ашиглах;
 
д/алт олборлолтыг орчинд халгүй арга, технологиор явуулах, тухайлбал, Бороогийн алтны үндсэн ордод түшиглэн уулын баяжуулах үйлдвэр байгуулах, хайлуур жоншны флотацийн болон металлургийн баяжмалын экспортыг нэмэгдүүлэх, Дорноговийн сав газарт эрэл үнэлгээний ажлыг эрчимжүүлж газрын тос олборлолтыг нэмэгдүүлэх, Цагаан-Суврага, Оюут (Өмнөговь)-ын зэсийн ордыг ашиглах боломжийг бүрдүүлэхэд түлхүү анхаарч, бүсийн хөгжлийн стратегийн чадавхийг нэмэгдүүлэхийг зорих;
е/Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрийн түүхий эдийн боломжийг Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр, "Эрдэнэт металл" ХХК-тай хоршин нэмэгдүүлж, үйлдвэрлэлийн хэвийн ажиллагааг хангах нөхцөлийг бүрдүүлэх. Хөтөлийн гангийн үйлдвэрийг ашиглалтад оруулж, улмаар техникийн эд анги, хөдөө аж ахуйн машины сэлбэг хэрэгслийг дотоодын зах зээлд нийлүүлэх, Дарханы ойролцоох Төмөртолгойн хүдрийн ордыг үйлдвэрт ашиглах нөхцөлийг бүрдүүлэх зэргээр төмөрлөг боловсруулах чиглэлээр Төвийн бүс нь тус улсын хэмжээнд төрөлжсөн бүс нутаг болж хөгжих үндэс суурийг тавих;
ж/Төв, Сэлэнгийн газар тариалангийн үндсэн бүс нутагт услалтын системийг сэргээх, тариалан эрхэлж буй аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр техникийн шинэчлэл хийх, газрын үржил шимийг дээшлүүлэх боломж, хөрс-уур амьсгалын бүтцийн өөрчлөлтийн чиг хандлагыг бодолцон орон нутгийн онцлогт илүү зохицсон агро-технологи, аж ахуй зохион байгуулалтыг бий болгох үндсэн үр тариа, хүнсний ногооны үйлдвэрлэлийг эрчимжүүлж, га-гаас авах ургацыг тогтвортой нэмэгдүүлэн, эдгээр бүтээгдэхүүний улсын дунд хугацааны хэрэгцээний өсөлтийн үндсэн хэсгийг тус бүс нутгаас хангах нөхцөлийг бүрдүүлэхийн хамт бусад төрлийн хүнсний ногоо манжин, олсны ургамал тариалах эко-техникийн нөхцөлийг судалж тогтоох, малын тэжээлийн үйлдвэрлэлтийг сэргээж говийн аймгуудын хэрэгцээнд нийлүүлэх боломжийг өргөжүүлэх, Дундговь, Өмнөговь аймагт усалгаатай нөхцөлд олон наст ургамал тариалж, өөрийн тэжээлийн баазтай болгох чиглэл баримтлах;
з/Төв, Сэлэнгэ аймгийн нутагт бэлчээрийн даац, малын тоо, төрлийн харьцааг зохистой болгох, шилмэл омгийн үүлдрийн болон нутгийн ашиг шим сайтай малын үржлийн бүс нутгийг тогтоох, цөм сүргийн тоог  нэмэгдүүлэх, газар тариалангийн бүс нутагт түшиглэн эрчимжсэн мал аж ахуйн бүс нутаг, фермерийн аж ахуй байгуулах зохистой чиглэлийг тодорхойлж, тэдгээрт эдэлбэр газар эзэмшүүлэх, таримал бэлчээр буй болгохын хамт, говийн бүсийн аймгуудад бэлчээрийн уламжлалт мал аж ахуй, тухайлан ноос, ноолуур, арьсны (каракуль) чиглэлийн хонь, ямаа, тэмээ, нутгийн адуу (айраг үйлдвэрлэх хэвшлийн)-г газар нутгийн бэлчээр, усны багтаамжид зохицуулан сонгон хөгжүүлэх чиглэл баримталж, мал, малчдыг байгалийн гамшгийн болзошгүй эрсдэлээс хамгаалах тогтолцоо (бэлчээр усжуулах, малчид, малыг өвчлөлөөс хамгаалах, малжуулах г.м)-г бүрдүүлэхэд түлхүү анхаарч, энэ чиглэлээр малчид, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагууд хөрөнгө хүчээ хоршин ажиллах явдлыг бүх талаар дэмжин урамшуулах;
л/бөөний худалдааны сүлжээнд үндэслэн Дарханы нэхий, гурил, тэжээл, махны төрөлжсөн үйлдвэрүүдийн зохистой хэмжээг тогтоож, хэвийн ажиллагааг хангах, аймгуудад байгуулсан мах, ноос, ноолуур, арьс ширний хувийн хэвшлийн жижиг, дунд үйлдвэрлэлийг улсын том үйлдвэртэй хоршин зохистой хэмжээнд хөгжүүлэх, бүтээгдэхүүнийг нь зах зээлд борлуулах нэгдсэн маркетингийг бүрдүүлэх, тариалангийн бүсэд олс, таар үйлдвэрлэх, самар, жимс боловсруулах, говийн бүсэд тэмээний ноос, ямааны ноолуур, арьс (каракуль) боловсруулах, рашаан, ингэний сүү, ундаа бэлтгэж савлах зэргээр шинэ бүтээгдэхүүн гаргаж, дотоодын хэрэгцээнд ашиглах боломжийг судалж аймгуудын хэтийн чиглэлд харгалзах;
м/Төвийн бүсээс мод экспортлохыг хязгаарлаж, ой модыг амьдрах орчныг сайжруулах гол нөхцөл болгон нийтээр эзэмшиж хамгаалах зарчимд үндэслэн ойжуулах, мод, сөөг тарих ажлын цар хэмжээг нийт аймагт эрчимжүүлэхэд түлхүү анхаарахын хамт, ойд түшиглэсэн иргэдийн ажил, амьдралын хэвийн нөхцөлийг хангах, тэдгээрийн дадлага туршлагыг зохистой ашиглах шаардлагыг харгалзан Сэлэнгэ аймгийн Бугат, Дулаанхаан, Төв аймгийн Мөнгөнморьт болон бусад бололцоотой газарт мод бэлтгэх үйлдвэрүүдийг сэргээж, гуалин, зүсмэл зэрэг модон материалыг дотоодын  мод боловсруулах үйлдвэрт нийлүүлэх хэмжээг нэмэгдүүлэх, хэтдээ  мод  бэлтгэлийн  хаягдал (үзүүр, ёзоор, мөчир,  шилмүүс, боргоцой, үртэс г.м)-ыг боловсруулах техникийн болон зах зээлийн боломжийг судалж тогтоох;
н/орчин үеийн барилгажилтын дэлхийн нийтлэг жишиг, монгол орны байгаль, цаг уурын бүс, бүслүүрийн ялгаа, цаашдын өөрчлөлтийн хандлагад зохицсон дэд бүтэц, хот байгуулалтын өвөрмөц агуулга, дүр төрхийг буй болгох шаардлагыг харгалзан барилгын бүсчилсэн норм, дүрмийг боловсруулан мөрдүүлэх үндсэн дээр Төвийн бүсэд байрласан улсын хэмжээний үйлдвэрүүд (Улаанбаатар, Дарханы)-эд бүтцийн болон технологийн шинэтгэл хийж, барилгын өнгө үзэмж, чанар сайтай шинэ төрлийн материал, бүтээц, хийцийг олшруулах, энэ зорилгоор нийтийн болон орон сууцны барилгад  ашиглах байгалийн болон химийн гаралтай түүхий эдийн төрөл, нөөц, байршлыг дахин үнэлж, тэдгээрийг байгаль орчин болон хүн амын эрүүл мэндэд ивээлтэй ашиглах оновчтой  чиглэл, зохион байгуулалтыг  тодорхойлохын зэрэгцээ барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн нутаг дэвсгэрийн өргөн хоршилтыг хөгжүүлэхэд төвийн болон Улаанбаатарын бүс дэх барилгын байгууллагын гүйцэтгэх үүрэг, үзүүлэх дэмжлэгийг өргөтгөхөд чиглэсэн нэгдсэн бодлого явуулах;
о/Төвийн бүсийн жинхэнэ говь, ойт болон тал хээр хосолсон өвөрмөц экосистем, шашин, түүх, соёлын баялаг өв, тэдгээрийн аялал жуулчлалын үнэ цэнийг тодорхойлох үндсэн дээр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар-Алтанбулаг-Дарханд түүх, соёл, хот, суурин, худалдаа-бизнесийн чиглэлийн, Төв, Дундговь аймагт амралт сувилал, спорт-аялал, ардын урлаг (уртын дуу), нүүдлийн уламжлал, суурин соёлын ололтыг хослон сурталчлах чиглэлийн, Дорноговь аймагт шашин, түүх, соёл, амралт, рашаан сувилал хосолсон, Өмнөговь аймагт тусгай хамгаалалттай гзар нутгийн сүлжээнд түшиглэсэн байгалийн аялал жуулчлалын бүс нутгуудыг тогтоож, тэдгээрийг Улаанбаатарын болон Хангайн бүсийн аялал жуулчлалын төвүүдтэй зам тээвэр, холбоо, мэдээлэл, маршрутын нэгдсэн сүлжээгээр хоршин хөгжүүлэх маркетингийн нэгдмэл бодлогыг тодорхойлох, эхний ээлжинд Даланзадгад орчимд говь нутгийн аялал жуулчлалын цогцолборыг гадаадын анчдад зарим ховор ан амьтныг үзүүлэх тусгай бүстэйгээр байгуулах менежментийг бүрдүүлэхэд нутгийн захиргаа, хувийн хэвшлийн байгууллагуудын хамтын чармайлтыг чиглүүлэх;
 
п/төвийн бүсэд харьцангуй чийглэг ойт хээрийн, гандуу хуурай заримдаг хээр, говийн гэсэн экосистемийн бүтцийн 3 үндсэн бүрдэл хэсгийн онцлогийг харгалзан тогтвортой хөгжлийн ерөнхий чиг шугамыг тодорхойлж, Горхи-Тэрэлж, Туул-Заамар, Орхон-Сэлэнгийн сав, Дорноговийн Цав толгод, Дундад Халхын тэгш өндөрлөг, Өмнөд Монголын тусгай хамгаалалттай газар нутаг, Замын-Үүд орчмын цөлжиж буй нутгийн хувьсал өөрчлөлт, даац чадавхид зохицсон байгаль орчны өвөрмөц менежментийг бүрдүүлж, цаашид ашиглах зохистой чиглэлийг  тогтоох үндсэн дээр бүсийн үйлдвэрлэл-технологийн нутаг дэвсгэрийн одоогийн зохион байгуулалтыг аажмаар сайжруулахад чиглэсэн экологи-эдийн засгийн нэгдмэл бодлого явуулж, энэхүү бодлогод нийцэл багатай аливаа үйл ажиллагааг хязгаарлан, байгалийг ашиглагчаар нь хамгаалуулах зарчмыг тууштай мөрдүүлэх;
 
р/Төвийн бүсийн умард болон өмнөд хилийн боомтод шалган нэвтрүүлэх цогцолбор, мал эмнэлэг, ургамал хорио цээрийн  лабораториуд байгуулах замаар улсын гаалийн хамгаалалт, хүнсний аюулгүй байдлын баталгаажуулалтыг дээшлүүлэхийн хамт, Алтанбулаг, Замын-Үүдийн чөлөөт бүсүүдийг нээж, Монгол Улс-ОХУ, Монгол Улс-БНХАУ-ын хоорондын худалдааг харилцан тааламжтай нөхцөлөөр явуулах бололцоо олгож, улмаар Ази, Европын улс орнуудын хооронд тээврийн үйлчилгээ, аялал жуулчлал, банк, санхүү, мэдээлэл дамжуулалт зэрэг олон төрлийн бизнес хөгжих үндэс суурийг тавих,  цаашдаа Дархан, Чойр хотод хөгжингүй орны дэмжлэг, туршлагад түшиглэн шинжлэх ухаан-үйлдвэрлэлийн парк байгуулах боломжийг судлан тогтоох зэргээр бүсийн хамтын ажиллагааны чадавхийг улс орны эдийн засгийн өсөлт, хуримтлалыг нэмэгдүүлэхэд бүрэн, үр дүнтэй ашиглах угтвар нөхцөлийг бүрдүүлж эхлэх;
 
 
 
2/ Зорилт 2-ын хүрээнд:
а/хүн амын суурьшин амьдрах таатай орчныг хангах үүднээс Төв, Сэлэнгэ аймгийн нутагт байгуулагдсан хот, тосгон (Сүхбаатар, Алтанбулаг, Зүүнхараа, Баянчандмань, Баруунхараа, Мандал г.м)-ы нутагшилтын тогтолцоонд гүйцэтгэх үүргийг тодорхой болгож, аж ахуйн зохистой чиглэлээр сэргээн хөгжүүлэх чиглэл баримтлах;
б/бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд говийн аймаг, сумдад  хүн ам хоршин амьдрах "голомт" нутаг (ашиг шимт болон шилмэл омгийн малын бэлчээр нутаг, баян бүрд, мод үржүүлгийн газар, аялал жуулчлалын бааз, уурхайн тосгон г.м)-ууд, тусгай хамгаалалттай газар нутаг, байгалийн судлал, туршилтын төвүүдийг олшруулах, ирээдүй сайтай байрласан сум, аймгийн төвүүдийн хоорондын дэд бүтцийн уялдаа, хоршилтыг сайжруулах зэргээр хүн амын нутагшилт, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн зохион байгуулалтын одоогийн тогтолцоог боловсронгуй болгох алхам хийх;
в/Улаанбаатар хотын нийгмийн үйлчилгээний чадавхид түшиглэн Дархан, Сайншанд хотод бүсийн оношилгоо, эмчилгээний төв байгуулахын хамт  Чойр, Зуунмод, Даланзадгад хотод эрүүл мэнд, соёл, боловсрол, шинжлэх ухаан-мэдээлэл, ахуйн үйлчилгээний нарийн мэргэжлийн төрөлжсөн байгууллагыг хөгжүүлэх, тэдгээрийн хамрах хүрээгээр бусад аймгийн төв, сум, багт байх анхан шатны буюу суурь үйлчилгээний төрөл шатлал, байршлыг сайжруулах, говийн нөхцөлд зайнаас сургах, мэдээлэх, явуулын төлбөрт үйлчилгээ үзүүлэх зэрэг иж бүрэн арга хэмжээг хэрэгжүүлж эхлэх;
г/Сэлэнгэ, Дарханд орчин үеийн хэв шинжийн урлаг, Дундговь, Дорноговь чиглэлд ардын язгуур урлагийг түлхүү хөгжүүлж, тэдгээрийн урын санг харилцан баяжуулахын хамт, Алтанбулагаас үүсвэрлэсэн үндэсний сэргэн мандлын түүх дурсгалын болон говь нутгийн шашин, соёл, урлагийн уламжлалт үнэт зүйлсийг сэргээн хөгжүүлж залуу үед төлөвшүүлэх, их говийн байгалийн ховор нандин үзмэр, хүн ардын орчин ахуйдаа зохицон амьдарч ирсэн өвөрмөц ёс заншил, дадлага, туршлагыг дотоод, гадаадад сурталчлах ажлыг дэмжин дэлгэрүүлэх;
 
д/говийн янз бүрийн нутгийн бичил уур амьсгалын өөрчлөлтөд хүн ам, аж ахуйн дасан зохицох чадварыг судлан тогтоох, нар, салхины эрчим хүч ашиглах, түлш бэлтгэх, ус зөөвөрлөх, цэнгэгжүүлэх, холбоо, мэдээлэл түгээх авсаархан тоног төхөөрөмжийг айл өрхийн амьдралд өргөн нэвтрүүлж, суурьшин амьдрах, аялан зорчих экологи, нийгмийн орчныг сайжруулахтай холбогдсон төсөл арга хэмжээг өргөжүүлэх;
е/Замын-Yүд болон мод үржүүлж буй бусад бололцоотой газар, баян бүрдэд түшиглэн цөлжилттэй тэмцэх, цөлжилтийн нөхцөлд амьдрах үндэсний арга, туршлагыг хуримтлуулж, хүн, мал, ан амьтныг экологийн эрүүл, аюулгүй орчинд үржин өсөх боломжийг өргөтгөхөд нийтийн хүч чармайлтыг төвлөрүүлэх.
3/ Зорилт 3-ын хүрээнд:
Хөгжлийн стратегийг  дэмжих төрийн зохицуулалт нь тус улсад нэгэнт  бүрдсэн дэд бүтцийн хөгжлийн  босоо тэнхлэг, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Зуунмод хотод бүрдсэн хүн ам, үйлдвэрлэл, үйлчилгээний чадавхийг хоршин ашиглах давуутай боломжид түшиглэн Төв, Сэлэнгэ болон говийн аймгуудын байгаль, түүхий эдийн нөөц, газар зүйн тохиромжтой байрлалыг уялдаатай ашиглаж, тэдгээрийн хөгжлийн түвшинг ойртуулах нийгмийн болон дэд бүтцийн харилцааны үндсийг бүрдүүлэх, энэ үндсэн дээр бусад бүс нутгийн хөгжилтэй дотоод, гадаад зах зээлийн шижимээр нарийн уялдсан эрчимжсэн мал аж ахуй, газар тариалангийн болон уул уурхай, төмөрлөг, аялал жуулчлал, олон улсын худалдаа-тээврийн гэх мэт харьцангуй дагнаж хөгжсөн бүс нутгуудыг буй болгох замаар Төвийн бүсийг нийт улсын аж ахуй, соёлын нэгдмэл байдал, нутаг дэвсгэрийн хэсгүүдийн харилцан хамаарлыг хангах удирдлага, төлөвлөлтийн гол "тэнцвэржүүлэх хөшүүрэг" болгон хөгжүүлэхэд  чиглэгдэнэ.
1.Төвийн бүсэд  дунд хугацаанд санхүүжилтийн гадаад эх үүсвэрийг дор дурдсан төсөл, арга хэмжээнд түлхүү чиглүүлнэ. Үүнд:
-"Мянганы зам" төслийн хүрээнд Улаанбаатар-Багануур-Өндөрхаан, Лүнгийн гүүр (Төв) -Дашинчилэнгийн чиглэлийн хөндлөн тэнхлэгийн автозамыг барихын хамт, Сүхбаатар-Алтанбулаг, Чойр, Замын-Үүдэд чөлөөт бүс байгуулахтай холбогдуулан хар зам, төмөр замын салааг байгуулах;
-Япон улсын Засгийн газрын санхүүжилтийн зээлээр Шивээ овоогийн нүүрсний уурхайг шинэчлэх;
-Япон улсын буцалтгүй тусламжаар Уланбаатар төмөр замын үерийн усны даланг шинэчлэх;
-Европын холбооны ТАСИС хөтөлбөрийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Замын-Үүд дэх шилжүүлэн ачих байгууламжийг шинэчлэх;
 
-ХБНГУ-ын зээлийн хөрөнгөөр говийн аймгуудад холбооны суурь сүлжээг холбох, дамжуулах, кабелийн байгууламжийг өргөтгөн шинэчлэх;
-Азийн хөгжлийн банкны "Хөдөө аж ахуйн салбарын хөгжлийн хөтөлбөр" зээлийн төслийг Дархан-Уул, Сэлэнгэ аймгийг хамруулан хэрэгжүүлэх;
-НҮБ-ын техникийн хамтын ажиллагааны хүрээнд Төв аймагт "Бэлчээрийн эрсдлийн менежементийн стратеги" төслийг хэрэгжүүлэх;
 
-Монгол-Германы Засгийн газрын хамтын ажиллагааны хүрээнд Төв, Дорноговь аймагт "Мал эмнэлгийн үйлчилгээг дэмжих" төслийг хэрэгжүүлэх;
-Дэлхийн банкны санхүүгийн зээлээр Дундговь аймагт "Малжуулах төсөл" хэрэгжүүлэх;
-Япон улсын буцалтгүй тусламж, улсын төсвийн оролцоотой Төвийн бүсийн аймгуудад бэлчээрийн бага гүнтэй худаг сэргээх, шинээр гаргах;
-НҮБ-ын техникийн хамтын ажиллагааны төслийн хүрээнд "Дарханы Нэхий"  ХК-ны үйл ажиллагааг дэмжих төслийг хэрэгжүүлэх;
-Францын буцалтгүй тусламжаар Дорноговь аймгийн төвд ус зөөлрүүлэх бага оврын төхөөрөмжийг суурилуулж ажиллуулах;
-Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр Төвийн бүсийн  болон бүсүүдийн хөгжлийн тулгуур төвүүдийн нийтийн аж ахуйг сэргээн сайжруулах;
-Азийн хөгжлийн банкны зээлээр хэрэгжүүлэх "Газрын бүртгэл, кадастрын зураглалын тухай төсөл"-ийг Төвийн бүсийн сумдыг  хамруулан туршин хэрэгжүүлэх;
-"Бөөний худалдааны сүлжээ" хөтөлбөрийн хүрээнд Япон улсын тусламжаар хэрэгжүүлэх мэдээллийн систем бүрдүүлэх төсөлд Төвийн бүсийн аймгуудыг хамруулах;
-Цөлжилттэй тэмцэх олон улсын конвенцийн нарийн бичгийн дарга нарын газартай тохиролцсоны дагуу Дорноговь аймгийн Замын-Үүдэд "Цөлжилттэй тэмцэх иж бүрэн төсөл" хэрэгжүүлэх;
-Азийн хөгжлийн банкны "Орон сууцны зээл" төсөлд Төвийн бүсийн бүх аймгийн төвүүд, Дархан, Чойр хотыг хамруулан үе шаттай хэрэгжүүлэх.
2.Төрийн зохицуулалтад Төвийн бүсийн байгаль, эдийн засгийн дотоод ялгааг дараахь байдлаар харгалзана. Үүнд:
1/байгалийн гамшгийн давтамж ихтэй Төв, Дундговь, Өмнөговь аймгийн малчдыг малжуулах арга хэмжээг Дэлхийн банкны урт хугацааны зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж эхлэх;
2/газар тариалангийн үйлдвэрлэлд техник, технологийн шинэчлэл хийх арга хэмжээг гадаадын зээл тусламж, лизингийн үйлчилгээ зэргийг ашиглан хөнгөлөлттэй нөхцөлөөр хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх;
3/тариалангийн бүсэд, үр тариа, хүнсний ногооны өндөр ургац авсан, малын тэжээл, шим бордоо үйлдвэрлэж зах зээлд борлуулсан аж ахуйн нэгжийн авсан зээлийг хөнгөлөх, хугацааг нь сунгах зэргээр урамшуулэх;
4/говийн бүсэд ажлын үр ашигтай байр, бизнесийн ирээдүйтэй төрөл, чиглэлийг бий болгох үйл ажиллагааг "Хөдөлмөр эрхлэлтийн сан"-гаас урамшуулах арга хэмжээ авах;
5/аялал жуулчлал, амралт, рашаан сувиллын газрыг байгаль орчныг хамгаалах шаардлагад нийцүүлэн олон улсын жишгийн дагуу зохион байгуулж, зохих үр дүнд хүрсэн дотоодын иргэд, байгууллагыг "Аялал жуулчлалын сан"-гаас урамшуулах;
6/говийн бүсэд геологи, гидрогеологийн хайгуул, судалгаа явуулах, бэлчээр усжуулах арга хэмжээг гадаадын хөрөнгийн эх үүсвэртэй холбон Засгийн газар, орон нутгийн хувийн хэвшлийн байгууллагууд хамтран хэрэгжүүлэхийг дэмжих;
7/Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотын их, дээд сургууль, коллежид төрийн сангийн зээлээр суралцаж төгссөн боловч зээлээ хугацаанд нь төлөх чадваргүй байгаа оюутнууд өөрийн нь хүсэлтээр говийн бүсийн аймгуудад очиж ажилласан тохиолдолд авсан зээлийн төлбөрийг нь гэрээний үндсэн дээр төр хариуцах боломжийг судалж шийдвэрлэх;
8/үйлдвэрлэл, үйлчилгээ хөгжих нөхцөл сул бүрдсэн бүс нутагт Төвийн бүс дэх Дундговь, Өмнөговь аймгийг хамааруулж, энд үйлдвэрлэл, үйлчилгээг шинээр эрхлэхээр байгуулагдсан аж ахуйн нэгжид татварын хөнгөлөлт үзүүлэх асуудлыг судалж шийдвэрлэх;
9/бэлчээрийг төлбөртэй ашиглуулах журамд шилжүүлж, түрээсийн төлбөрийн хэмжээг Дундговь, Өмнөговь, Дорноговь аймагт улсын дунджаас доогуур, Төв,  Сэлэнгэ аймагт улсын дунджаас дээгүүр түвшинд бүсийн ялгавартай тогтоох замаар Төвийн бүсийн бэлчээрийн даац, ашиглалтыг зохицуулах;
10/говийн аймгуудын байгаль, уур амьсгалын тааламжгүй нөхцөлийг Төвийн бүсийн байгалийн нөөцийн эдийн засгийн өртгийн үнэлгээний "суурь" болгож, Төв, Сэлэнгэ аймагт байгалийн тааламжтай нөхцөл ашигласнаас буй болсон нэмүү орлого (ялгаварт орлогын)-ын тодорхой хэсгийг Говийн бүсийн байгаль орчныг хамгаалах, малын тэжээл, малчдын түлш, усны хэрэгцээг хангах арга хэмжээг санхүүжүүлэхэд "нөхөн олговор" маягаар зарцуулах механизмыг судалж тогтоох;
11/Төв, Сэлэнгэ, Өмнөговь, Дорноговь аймгийн нутагт ашигт малтмал эзэмших, хайгуул хийхээр лицензи авсан аж ахуйн нэгжүүдийг 3 жилийн дотор тодорхой үйл ажиллагаа явуулаагүй тохиолдолд уг эрхийг нь цуцлах буюу, эсхүл бусад сонирхогч хуулийн этгээдэд худалдах эрх зүйн зохицуулалтын үндсийг судалж тогтоох;
12/Сүхбаатар-Алтанбулаг, Замын-Үүдийн чөлөөт бүсэд ажиллаж буй дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдад татвар, төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх, чөлөөлөх нөхцөлийг хуулиар тогтоож мөрдүүлэх;
13/аялал жуулчлалын чөлөөт бүсэд нэвтрэхэд авах хураамжийн хэмжээг Өмнөговь аймгийн "Говь гурван сайхан"-ы жишээгээр эхлэн судалж мөрдүүлэх;
14/говийн аймгуудад ямаа, тэмээний ноос, ноолуурт олон улсын стандартын дагуу анхан шатны боловсруулалт хийх, каракуль хонины арьсыг үйлдвэрт сэргээн боловсруулахад шаардагдах тоног төхөөрөмж, материал, технологийн уур усыг импортын гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас хөнгөлөх, тодорхой хугацаагаар чөлөөлөх асуудлыг судалж зохицуулах;
 
15/говийн бүсэд (тухайлбал, Даланзадгад хотод) ундны болон хүнсний үйлдвэрлэлийн технологийн хэрэгцээний ус бэлтгэх, ундны усыг зөөлрүүлэх цэвэршүүлэхэд шаардагдах тоног, төхөөрөмж, материалыг импортын гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас тодорхой хугацаагаар чөлөөлөх асуудлыг шийдвэрлэх;
16/уул уурхай, барилгын материалын үйлдвэрүүдээс байгаль орчинд учруулсан хор уршгийг арилгуулах үр нөлөөтэй арга, механизмыг олж тогтоох. Уул уурхай эрхлэгчид хэрэглэсэн усны үнийг түүнийг бохирдуулсны төлбөртэй хамт төлдөг байх зарчмыг тогтоон мөрдүүлэх;
17/уул уурхайн үйлдвэрлэлийн явцад эвдэрсэн газрыг экологийн цэвэр хиймэл орчин болгон хувиргах, говийн нөхцөлд цөлжилтийн эсрэг  ногоон байгууламж байгуулах үйл ажиллагааг газрын төлбөрөөс чөлөөлж, уг арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлсэн аж ахуйн нэгж, иргэнд давуу эрхтэйгээр хувьчлах эрх зүйн зохицуулалтын үндсийг судалж тогтоох;
18/говийн бүсэд ажиллаж буй иргэд, байгууллагын хадгаламжийн хүүг татвараас чөлөөлөх, ажил эрхлэлтийн даатгалын сан бий болгох асуудлыг судалж шийдвэрлэх;
19/дэд бүтэц хөгжсөн Дархан, Чойр  хотод аж үйлдвэрлэлийн парк, худалдааны болон гаалийн чөлөөт бүс байгуулах зориулалтаар газрыг дотоодын аж ахуйн нэгжид хувьчлах, гадаадын хөрөнгө оруулагчдад урт хугацаагаар түрээслэх боломжийг судалж тогтоох;
20/говийн бүс дэх газрыг байгалийн шинжлэл, аялал жуулчлал, ашигт малтмал олборлолт, ойжуулалт, нөхөн сэргээлтийн зориулалтаар гадаадын сонирхогч орон, тэр орны хөрөнгө оруулагчдад   хөнгөлөлттэй нөхцөлөөр, урт хугацаагаар, түрээсээр ашиглуулах, концессоор ашиглуулах асуудлыг судалж, үндэсний эрх ашигт харшлахгүй тохиолдолд нааштай шийдэрлэх эрх зүйн үндсийг бүрдүүлэх;
 
21/тариалангийн бүсэд эрчимжсэн мал аж ахуй эрхэлж буй иргэд, фермерийн аж ахуйд газар эзэмшүүлж, таримал бэлчээрийн талбайг нь газрын төлбөрөөс хөнгөлөх боломжийг бүрдүүлэх;
22/Монгол Улсын Сүхбаатар-Алтанбулаг, Замын-Үүд, ОХУ-ын Хиагт, БНХАУ-ын Эрээнд байгуулах чөлөөт бүсүүдийн үйл ажиллагааг хоёр ба олон талын сонирхолд нийцүүлэн олон улсын жишгийн дагуу оновчтой зохион байгуулах зорилтыг улс төр, дипломатын уян хатан бодлогоор дэмжих үндсэн дээр Монгол Улс-ОХУ, Монгол Улс-БНХАУ, ОХУ-БНХАУ-ын хоорондын худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагааг татвар, гааль тарифын тааламжтай нөхцөлөөр харилцан үр ашигтай явуулах стратегийн боломжийг Төвийн бүсэд бүрдүүлэх;
23/Алтанбулаг, Замын-Үүдийн чөлөөт бүсэд олон улсын жишигт нийцсэн стратегийн удирдлага, зохицуулалтын бие даасан тогтолцоо бүрдүүлэхэд онцлон анхаарах;
24/"амралт, рашаан сувилал, аялал жуулчлал-тусгай хамгаалалттай газар нутаг", "мод бэлтгэл-боловсруулалт-ойжуулалт", "ойд түшиглэсэн иргэдийн аж байдал", "барилга-барилгын материал-улс орны зах зээлийн эрэлт хэрэгцээ", "уул уурхай-төмөрлөгийн үйлдвэр-байгаль орчин" гэсэн хандлагаар бүсийн төлөвлөлтөд салбар дундын зохицуулалтын чадавхийг дээшлүүлж, удирдлагын шийдвэр гаргахад байгаль орчны асуудлыг түлхүү авч үздэг журамд шилжих;
25/бүс нутгийн хөгжил, хүн амын нутагшилт, нийгэм, соёлын үйлчилгээний тогтолцоонд хот, суурингийн гүйцэтгэх үүргийг тодорхой болгох, говийн бүсэд, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бүтцийг сайжруулах хандлагаар бүс нутаг-хот төлөвлөлтийн нэгдмэл арга, зохион байгуулалтыг бүрдүүлж эхлэх;
26/говийн аймгуудын хөгжлийг түргэтгэх зорилтот хөтөлбөр боловсруулж, түүнийг хэрэгжүүлэхэд бүс нутгийн бие даасан байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх, тухайлбал, гадаад, дотоодын иргэд, аж ахуйн нэгж, нутгийн зөвлөл, банк бус санхүүгийн байгууллагын хамтын дэмжлэг, оролцоотой говийн хөгжлийг дэмжих сан  байгуулж ажиллах нөхцөлийг бүрдүүлэх;
27/говийг иж бүрэн судалж, ирээдүйн хөгжлийн дотоод чадавхийг нь илрүүлж ашиглахад улсын болон хувийн хэвшлийн их сургууль,  эрдэмтэн судлаачдын идэвхи санаачлагыг нэгтгэн чиглүүлэх, энэ зорилгоор говь судлалын хүрээлэн байгуулахыг дэмжих.
      6.Гарах үр дүн
Дунд хугацааны стратегийг хэрэгжүүлснээр Төвийн бүсийн хөгжилд дор дурдсан ахиц, өөрчлөлт гарна:
1/Төвийн бүс дэх хангайн болон говийн бүсийн аймгуудын хүн амын нийгэм, соёлын үйлчилгээний хүртээмж дээшилж, орлого хуваарилалтын оновчтой тогтолцоо бүрдэж эхлэх;
 
2/эрчимжсэн болон бэлчээрийн мал аж ахуй, тариалан, уул уурхай, аялал жуулчлалын бүс нутгууд тодорч тэдгээрийг дотоод, гадаад зах зээлтэй хоршин хөгжүүлэх маркетингийн нөхцөл бүрдэх;
3/үр тариа, төмс, хүнсний ногоо, малын тэжээлийн бүсийн дотоод үйлдвэрлэлээр улсын хэрэгцээг хангах түвшинг дээшлүүлэх техник-зохион байгуулалтын үндэс сайжрах;
4/Өмнөговьд байгуулах аялал жуулчлалын цогцолборыг Улаанбаатар, Хархорины аялал жуулчлалын бүстэй холбон хөгжүүлэх нэгдсэн менежмент бүрдэж, ингэснээр тус салбарыг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх үндэс тавигдах;
 
5/Алтанбулаг, Замын-Үүдэд чөлөөт бүс нээснээр Монгол Улс, тус улсын иргэд хөрш зэргэлдээ болон бүс нутгийн орнуудтай хийж буй худалдааныхаа үр ашиг, зохион байгуулалтыг дээшлүүлэх, улмаар дэлхийн хөгжингүй орнуудын хөрөнгө оруулагчдын сонирхолыг татах, тэдний хөрөнгийг нутаг дэвсгэртээ суурьшуулах боломжоо бодитой олж харах, ирээдүйгээ илүү зөв төсөөлөх нөхцөл бүрдэх;
6/босоо, хэвтээ чиглэлийн дэд бүтцийн үндсэн тэнхлэгийн болон аймаг, сум, хот, тосгон хоорондын салбар тэнхлэгийн сүлжээ сайжирснаар Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотын үйлдвэрлэл, үйлчилгээний хэт бөөгнөрлийг Төвийн бүс болон нийт улсын хэмжээнд аажмаар задалж тэнцвэржүүлэх аятай боломж бүрдэж эхлэх.
 
Тав. Зүүн бүс
1.Зүүн бүсийг 2010 он хүртэлх хугацаанд хөгжүүлэх стратегид байгаль, эдийн засгийн дор дурдсан хүчин зүйлийг харгалзана. Үүнд:
1/Тааламжтай нөхцөлүүд:
 
а/холимог ба хар металл, нүүрс, давс, жонш зэрэг эрдсийн түүхий эдийн баялаг нөөц, уран, газрын тосны орд илэрцүүдтэй;
б/ газар нутгийн хувьд бэлчээр, хадлан, тариаланд тохиромжтой;
в/Түмэнцогтын махны үхэр, барга, үзэмчин, талын цагаан хонь, Баяндэлгэрийн улаан ямаа, Галшарын хурдны удмын адууг өсгөж, малын ашиг шим, үүлдрийг дээшлүүлэх, малчид орлогоо нэмэгдүүлэх бололцоотой;
г/Монголд төр улс үүсэн хөгжсөн түүх дурсгалын үнэт өв соёл, унаган төрхөөр нь хадгалж үлдсэн дэлхийн шим мандлын өвөрмөц бүрдэл хэсэг-Дорнодын тал хээрийн ландшафт, Онон, Улз, Балж, Хан-Хэнтий, Дарьгангын үзэсгэлэнт газар зэрэгт түшиглэн аялал жуулчлал, байгалийн болон соёл иргэншлийн шинжлэл, судлалыг хөгжүүлэх өргөн боломжтой;
 
д/Монгол Улсыг Зүүн хойд Азийн "Түмэн гол" хөтөлбөрийн орнуудтай холбох газар зүйн ойр дөт байрлал, үүнд түшиглэн Монгол Улс, ОХУ, БНХАУ, БНСУ, Япон улсын хамтран ажиллах сонирхол идэвхижиж буй;
е/Засгийн газар "Түмэн гол" хамтын ажиллагааны хөтөлбөрт Монгол Улсын оролцох чиглэл, түүний дотор зүүн бүсийг тэргүүн ээлжинд холбон хөгжүүлэх байр сууриа тодорхойлсон (зүүн бүсийг "Түмэн бүс" хөтөлбөртэй холбон хөгжүүлэх олон талын судалгаа, төслийн ажлууд хийгдэж байгаа);
 
ж/ОХУ-тай Эрээнцав-Боржийн хил-худалдааны боомтоор төмөр замаар, БНХАУ-тай Хавирга-Улаан хот (Манжуур), Сүмбэр-Рашаантын хил-худалдааны гол гарцаар, авто болон төмөр замаар холбож, улс хоорондын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх ирээдүй сайтай;
з/эртнээс нааш Санбээсийн хүрээ буюу одоогийн Чойбалсан хотын зах зээлд таталцан Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймаг засаг захиргаа, аж ахуй, соёлын талаар харьцангуй бие даасан бүс болж, энэ хандлага тогтвортой хадгалагдаж ирсэн.
2/Тааламжгүй нөхцөлүүд:
 
а/цөөн хүн амтай (1 км2-д 07), хүн амын өсөлт бага;
б/ихэнх газар нутаг (Хэнтий, Дорнодын хойт хэсгээс бусад) нь усны нөөц, чийгшилт бага, хөрсний механик бүтэц муу, ус, салхины эвдрэлд амархан өртөмтгий;
в/байгалийн гамшгийн, ялангуяа хүчтэй шороон болон цасан шуурга, түймрийн давтамж ойртож, хуурайшилт эрчимжиж байгаа;
г/бэлчээр, хадлангийн талбайн гуравны хоёр нь талхлагдсан, тариалж байсан талбайн 50 хувь нь атаршиж, тариалалтын технологи үндсэндээ алдагдсан;
д/бүсийн дотоод зах зээлийн багтаамж нэн бага;
е/уугуул хүн ам нь харьцангуй тогтвор, суурьшилтай ч хөдөлмөрийн идэвхижил багатай;
ж/сүүлийн 10 жилд Зүүн бүсийн аймгуудад ажиллаж байсан хөнгөн, хүнсний томоохон үйлдвэрүүдийн хүч чадал ашиглалт 20-30 хувьтай болж, техник, технологийн  хоцрогдлоос зарим нь зогссон;
з/энэ бүсийн байгаль, эдийн засгийн нөөц боломжийг бүрэн ашиглаагүй цаг хугацаа алдсанаас хүн амын нийгэм, соёл, ахуйн үйлчилгээний түвшин бусад бүсээс хоцорч аймгуудын аж ахуйгаа бие даан хөтлөх чадавхи доройтох  болсон.
2.Зүүн бүсийн дунд хугацааны стратегийн зорилго нь макро эдийн засгийн тогтворжилтын хандлагатай уялдуулан Монгол Улсын хөгжлийн дорно зүгт чиглэсэн хандлага, хамтын ажиллагааны боломжийг өргөжүүлэх чиг  баримжаагаар Зүүн бүс дэх эрдсийн болон мал аж ахуйн түүхий эд, аялал жуулчлалын арвин нөөц, баялгийг бүрэн, зохистой ашиглах үйлдвэрлэл, нийгмийн найдвартай дэд бүтэц, байгаль орчны зөв менежментийг тогтоон, энэ үндсэн дээр тус бүс нутагт дотоод, гадаадын хөрөнгө оруулалт "байрших" угтвар нөхцөлийг бүрдүүлнэ.
3.Стратегийн зорилтын хүрээнд,  2010 он хүртэлх хугацаанд дор дурдсан зорилтыг тавьж хэрэгжүүлнэ:
1/бүсийн байгаль, хөдөө аж ахуйн түүхий эдийн нөөцийг орон нутгийн экологийн даацад нийцүүлэн Зүүн Азийн орнуудын хамтын ажиллагааны "Түмэн бүс" хөтөлбөрийн хүрээнд бүрэн, үр ашигтай ашиглах боломжид түшиглэн түлш, эрчим хүч, уул уурхай, аялал жуулчлал, мах, ноос, ноолуур боловсруулах үйлдвэр, үр тариа, хүнсний ногооны үйлдвэрлэлийг түлхүү хөгжүүлэх техник, технологийн болон маркетингийн үндсийг тогтоох;
2/Зүүн бүсийн аймгуудыг хооронд нь болон Улаанбаатар, Төвийн бүстэй холбосон эрчим хүч, зам тээвэр, холбоо, мэдээллийн сүлжээг бүрдүүлэх, аймаг, сумын төвүүдийн хоорондын нийгэм, соёл, боловсрол, ахуйн үйлчилгээний уялдаа холбоог сайжруулахад чиглэсэн хөрөнгө оруулалтын хөтөлбөр хэрэгжүүлэх;
3/хүн амын амьжиргааны түвшинг бусад бүсийн түвшинд хүргэж тэнцвэржүүлэх, мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийг сэргээн хөгжүүлэх, үйлдвэржсэн хөгжлийн ирээдүйн гарааг эхлүүлэхэд дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхлыг чиглүүлэх эдийн засаг, урамшууллын зарим арга механизмыг тогтоож хэрэглэх.
4.Стратегийн зорилгод хүрэхийн тулд бүсийн эдийн засгийн бүтэц, чиглэлийг дараахь хандлагаар өөрчлөн сайжруулна. Үүнд:
1/ Зорилт 1-ийн хүрээнд:
Түлш-эрчим хүч
 а/Чойбалсангийн ДЦС, Өндөрхаан-Бэрх, Чойбалсан- Баруун-Уртын  өндөр хүчдэлийн шугам сүлжээнд түшиглэн бололцоотой сумдыг цахилгаан дамжуулах  шугамаар холбохын хамт "Буман нарны гэр" хөтөлбөрийн хүрээнд нар, салхины эрчим хүч ашиглан хөдөөгийн хэрэглэгчдийг цахилгаанжуулах угтвар нөхцөлийг бүрдүүлэх;
б/Адуунчулуун, Талын гол, Чандган талын нүүрсний уурхайд техник, технологийн шинэтгэл хийж, хөдөөд нүүрс хэрэглэх хүрээг өргөтгөх;
 
 
в/хангалттай нөөц тогтоогдсон нөхцөлд Тамсагийн районд нефть боловсруулах үйлдвэр байгуулан, улс орны шатахууны хэрэгцээний зохих хэсгийг Зүүн бүсээс хангах боломжийг судалж шийдвэрлэх;
г/"Түмэн бүс" хөтөлбөрийн хүрээнд ОХУ-аас БНХАУ, БНСУ, Япон улсын зах зээлд нийлүүлэх нефть, байгалийн хий дамжуулах хоолой, улс хоорондын цахилгаан дамжуулах сүлжээг Монголын Зүүн бүсийн буюу түүнтэй ойр дөт нутгаар дайруулан гаргах талаар хоёр болон  олон талын яриа, хэлэлцээрийг идэвхитэй үргэлжлүүлэх;
 
 
Уул уурхай
 
а/Төмөртэйн овоо (Сүхбаатар)-ны цайрын ордыг түшиглэн уул уурхайн олборлох, боловсруулах үйлдвэр байгуулж, цайрын баяжмалыг экспортлох арга хэмжээ авах;
б/Мардайн (Хэнтий) ураны ордыг үр ашигтай (зах зээлийн үнийн хэлбэлзлийг харгалзан) эзэмших арга замыг идэвхитэй эрэлхийлж, тэнд байгуулагдсан дэд бүтцийн байгууламжийг ашиглаж, тосгоны амьдралыг сэргээн хөгжүүлэх чиглэл баримтлах;
в/"Түмэн бүс" хөтөлбөрийн хүрээнд Зүүн бүс дэх хайлуур жонш (Хэнтийн Бор-Өндөр, Бэрх, Сүхбаатарын Анасын орд), Мардай Нэмэрийн уран, Улаан, Цав, Баян-дунгийн холимог металл, Егзөр, Салаагийн гянт болд, Сангийн далай, Шорвог нуурын шүү, давсны ордыг байгаль орчинд ивээлтэй арга технологиор сонирхогч орнуудтай хамтран эзэмших төслүүд боловсруулж, зах зээлийн илүү үр ашигтай хувилбарыг сонгон тогтоохыг эрмэлзэх.
Аялал жуулчлал
 
 
а/Хан-Хэнтийн болон Дорнод Монголын тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ, Монголын тулгуур төрийн үүсэл, хөгжлийн голомт нутаг (Хэнтий-Гурван гол)-т үндэслэн түүх, соёл, экологийн чиглэлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх нөөцийн болон менежментийн үнэлгээ, зураглал хийж, тус бүс нутагт дэд бүтцийн шаардлагатай орчныг бүрдүүлэхэд онцлон анхаарах;
 
б/"Түмэн бүс"-ийн "Эко туризмыг хөгжүүлэх" хөтөлбөрийн хүрээнд Монголын Зүүн бүсэд "Аялал жуулчлалын зорилготой зах зээл" төсөл боловсруулж, тус бүсийн нөөцийг Хятад, Япон, Солонгос, Европын орнуудын жуулчдад сурталчлах,  тэдгээр орны дэмжлэгээр энэ бүс нутгаар олон улсын аялал жуулчлалын сүлжээнд хамруулах арга замыг тодорхойлох.
Мал аж ахуй-хөнгөн үйлдвэр
 
а/Зүүн бүсэд Дорнод талын махны хэвшлийн үхэр, Барга, Үзэмчин хонь, Баяндэлгэрийн улаан ямаа, Галшарын адууг зонхилон үржүүлж, нутгийн малын ашиг шимийг дээшлүүлэхийн зэрэгцээ, байгалийн хадлан, малын тэжээл үйлдвэрлэлтийг нэмэгдүүлэн бусад бүсийн хэрэгцээнд нийлүүлэх боломжийг өргөтгөх;
б/бөөний худалдааны сүлжээнд түшиглэн, түүхий эд бэлтгэн нийлүүлэх бүсийн системийг сайжруулах замаар Дорнод аймагт байгуулагдсан ноос угаах, хивс үйлдвэрлэх хүч чадлыг тогтвортой өсгөх, арьс ширэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг шинээр буй болгохын хамт аж үйлдвэрийн паркад түшиглэн байгалийн гаралтай цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэл баримтлах;
в/"Түмэн бүс" хөтөлбөрийн хүрээнд мал аж ахуй, хөнгөн үйлдвэрт өндөр бүтээмжтэй, эрчимжсэн арга технологи нэвтрүүлж, илүү боловсронгуй фермерийн аж ахуйг хөгжүүлж, олон нэр төрлийн боловсруулсан бүтээгдэхүүнийг экспортлох боломжийг бүрдүүлэхтэй холбогдсон төсөл, арга хэмжээг дэвшүүлэх.
Газар тариалан-хүнсний үйлдвэр
 
а/усалгаатай газар тариаланг эрчимжүүлэх үндсэн дээр үр тарианы илүү өндөр өгөөжтэй сорт (элит) тариалах, буудайн чанар, гарцыг сайжруулж, бүс нутгийн буудайн хэрэгцээг тогтвортой хангаж, говийн аймгуудад нийлүүлэх бололцоог бүрдүүлэх;
б/ОХУ, Хятад, Солонгос зэрэг улсын сонирхогч талуудтай хамтран төмс, хүнсний ногоо тариалалтыг дэс дараатай нэмэгдүүлэх, экспортлох арга хэмжээ авах;
в/мал амьтан, ургамлын гаралтай экологийн цэвэр хүнсний бүтээгдэхүүн, эм бэлдмэлийг экспортлох зорилт тавьж хэрэгжүүлж эхлэх;
 г/"Түмэн бүс" хөтөлбөрийн хүрээнд газар тариалангийн техникийн хамтын ажиллагааг идэвхижүүлэх, тухайлан, услалтын болон хөрс хавалтын дэвшилтэт технологи шилжүүлэх, хил дамнасан нутгуудад тариалангийн эрчимжиж хоршсон аж ахуй байгуулах төсөл арга хэмжээг дэвшүүлэх;
 
д/иоджуулсан давсны үйлдвэрлэлийг хөгжүүлэх үндсийг тавих.
Газар ашиглалт, бүсчлэл
 
а/газрын менежментийн болон эдийн засгийн бүсчлэлийн нэгдсэн зураглалыг үндэслэн бүсийн хөгжлийн тулгуур төв болон орон нутгийн хөгжлийн төвүүдийн орчимд эрчимжсэн мал аж ахуйн, Халх гол, Хэрлэнгийн сав нутагт эрчимжсэн тариалангийн, Дадал, Дэлгэрхаан (Хэнтий)-д өвөрмөц сонирхлын, Дарьганга, Шилийн богд (Сүхбаатар)-д түүх, соёл иргэншил, байгалийн шинжлэлийн, Мэнэнгийн тал, Буйрнуур (Дорнод)-ын орчимд байгаль судлалын аялал жуулчлалын, Хэнтий, Дорнодын ойт хээрийн бүсэд байгалийн хадлан, тэжээлийн, Мардай, Нэмэр, Бор-Өндөр, Бэрх (Хэнтий), Төмөртэй, Салаа, Бүрэнцогт (Сүхбаатар), Улаан, Цав, Баяндун, Тамсаг, Сангийн далай (Дорнод)-н орчимд уул уурхайн үйлдвэрлэлийн харьцангуй төрөлжсөн, хоршсон "Хөгжлийн бүс нутаг"-уудыг сонгон хөгжүүлэх төлөвлөлт, зохион байгуулалтын үндсийг бүрдүүлэх;
б/газрын нөөц, чанарын экологи, эдийн засгийн бүсийн ялгавартай үнэлгээ хийж, газар ашиглалтын хэв шинж, зохион байгуулалтын хэлбэрүүдийг шинэчлэн тогтоох;
в/"Түмэн бүс" хөтөлбөрийн хүрээнд сонирхогч орнуудын хөрөнгө оруулагчидтай хамтран зарим бүс нутагт чөлөөт бүс,  Дарьганга, Халх голын районд олон улсын аялал жуулчлалын цогцолбор байгуулах боломжийг судалж, бололцоотой газар нутгийг дэлхийн хөгжингүй оронд урт  хугацаагаар түрээслэх чиглэл баримтлах.
 
Хүн амын нутагшилт, ажил эрхлэлт
 
1.Бүс нутгийн газар, түүний баялгийн төрөл, нөөцийн тархалт нь экологийн эмзэг орчинтойгоо нарийн уялдсан, уугуул хүн амын тоо цөөн, тэдгээр нь ихэвчилэн сууршин амьдрах (буриад, үзэмчин угсаатнууд сүү, тос боловсруулах, өвс хадлан, мод бэлтгэх, мужаан, дарханы урлал эрхлэх дадлага, туршлагатай) сонирхолтой зэргийг харгалзан хүн амын нутагшилтын тогтолцоог дараахь чиглэлээр өөрчлөн сайжруулна:
а/төвийн бүстэй илүү хоршиж бүсийн дотоод уялдааг хангах чиг үүрэгтэй Өндөрхааны хөгжлийн тулгуур төвд татагдсан уулархаг нутгийн нутагшилтын хэв шинж (харьцангуй шигүү, "цогцолборжсон")-ийг тогтоох;
б/"Түмэн бүс" хөтөлбөрийн хүрээнд бүсийн гадаад харилцааг хангах чиг үүрэгтэй Чойбалсангийн хөгжлийн тулгуур төвд таталцсан тал хээрийн нутагшилтын тогтолцоог  бүрдүүлэх;
в/ мод бэлтгэлд түшиглэсэн суурингийн тоог хадгалж, тариалан, уул уурхайн чиглэлийн хот маягийн тосгонуудыг хөгжүүлэх.
2.Зүүн бүсэд бизнесийн үр ашигтай төрөл, тохижсон хот, тосгоныг олшруулан бусад бүсээс хүн ам шилжин ирж ажиллах бололцоог өргөжүүлэхийн хамт, "Түмэн бүс" хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй "Ажиллах хүчний зах зээлийг бий болгох" бүсийн төсөлд  Монгол Улсын оролцоог нэмэгдүүлэх замаар  хүний нөөцийн чадавхийг дээшлүүлэх арга замыг тодорхойлно.
Байгаль орчны менежментийг бүрдүүлэх нь
 
 
1.Монголын Зүүн бүсэд хадгалагдан үлдсэн дэлхийн шим мандлын өвөрмөц бүрдэл хэсгүүдийг хамгаалж, нөхөн сэргээх явдлыг урьтал болгож Дорнод-Монгол, Хан-Хэнтий, Даурын (Монгол, ОХУ, БНХАУ-ын хамтарсан) тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийг сайжруулж, эдгээр нутагт экологийн аялал жуулчлал, байгаль судлалыг түлхүү хөгжүүлэх чиглэл баримтална.
2.Орон нутагт түшиглэсэн байгаль орчны менежментийн үндсийг бүрдүүлэхдээ газар ашиглалтын дараахь 3 үндсэн бүсийг харгалзана:
1/нам уулс, гол мөрний хөндий, бэсрэг уулсын газар ашиглалтын бүс;
-Энэ бүсэд  Хэнтийн нурууны зүүн ба өмнөд нам уулс, Онон-Бальж-Улзын хөндий багтана. Хүн ам олноор суурьшиж, ой мод нөхөн сэргээх, сүү, махны чиглэлийн эрчимжсэн үхэр, хонь, хурдны удмын адууны аж ахуйг зонхилон эрхлэх боломжтой. Газрыг хадлан бэлчээрт сэлгэн ашиглаж, өвс тэжээлийн нөөцийг арвижуулан бусад бүс нутаг болон хөрш зэргэлдээ Өвөр монголын зах зээлд гаргах маркетингийг бүрдүүлэхэд анхаарна.
2/ухаа, гүвээ бүхий тал хээрийн газар ашиглалтын бүс;
-Энэ бүсэд Дорнод тал (Дорнод аймгийн ойтой нутгаас бусад нь, Сүхбаатар аймгийн хойд хэсэг)-ын уудам нутаг орно. Хэрлэн, Халх гол орчимд усалгаатай тариалан, бэлчээрийн мах, сүүний чиглэлийн үхэр, хонины аж ахуйд зохицсон орчныг хамгаалах менежментийг бүрдүүлнэ. Ийм нөхцөлд, экотуризм, орчинд ивээлтэй технологи бүхий уулын үйлдвэр хөгжүүлэх, загас үржүүлэх, зам тээвэр, холбооны шугам сүлжээг тодорхой маршрутаар давхцуулан байгуулах чиглэл баримтална.
3/заримдаг цөл (цөлөрхөг, гандуу хээр)-ийн нутгийн газар ашиглалт;
-Энэ бүсэд Дорнод аймгийн нутгийн зүүн өмнөд, Сүхбаатар аймгийн өмнөд хэсгийн нутаг хамаарна. Газрыг мал, ан амьтан (цагаан зээр)-ы бэлчээрт зонхилон ашиглах менежментийг бүрдүүлнэ. Цагаан зээрийн нүүдлийн замыг хамгаалсан нөхцөлд хэсэгчилсэн аялал хийх, уул уурхайн олборлолт явуулахад үйлчлэх зориулалттай цөөн тооны тосгон, суурин хөгжүүлэх чиглэл баримтална.
-"Түмэн бүс" хөтөлбөрийн хүрээнд байгаль орчны удирдлага, хяналт-шинжилгээ, мэдээллийн олон улсын сүлжээ байгуулах, байгаль орчны стандартын талаар хамтарсан судалгаа явуулах, улс орнуудын хил дамнасан нөлөөллийн асуудлыг хамтран шийдвэрлэх, орчинд ивээлтэй арга, технологи солилцох төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд онцлон анхаарна.
2/ Зорилт 2-ын хүрээнд:
 
а/улс, бүс хоорондын ач холбогдолтой өргөрөгийн дагуух үндсэн гол тэнхлэгийн авто зам ("Мянганы зам" төсөл)-ын Эрдэнэ сум Багануурын чиглэлийг дуусган, Багануур-Өндөрхаан-Чойбалсан -улсын зүүн хил (Нөмрөг) хүртэлх хэсгийг үргэлжлүүлэн барина. Нөмрөг (ӨМӨЗО)-ийн хилийн гарцыг тохижуулах, түүнийг хамгийн дөт, хэрэгжих боломж сайтай чиглэлээр Хятад Улсын боомт хотуудтай (тухайлбал, БНХАУ-ын Даляний боомт-хоттой төмөр замаар холбох) холбох замаар Монгол Улсыг далайд гарах гарцтай болгох боломжийг идэвхитэй эрэлхийлнэ. 
Чойбалсангийн нисэх буудлыг олон улсын, Баруун-Уртын буудлыг бүс дундын  буудал болгон өргөтгөн шинэчилнэ;
б/бүсийн үйлдвэр, аж ахуйн төрөл, чиглэл, хөгжлийн хэрэгцээний цаашдын өсөлттэй уялдуулан Чойбалсан хот дахь бүсийн эмчилгээ, оношилгооны төвийн үйлчлэх хүрээг өргөтгөх, их, дээд сургуулийн салбар, мэргэжлийн боловсрол олгох төвүүд, соёл, шинжлэх ухаан, урлагийн байгууллагыг хөгжлийн тулгуур төвүүдээр оновчтой төрөлжүүлэн байршуулж, үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх арга хэмжээ авна.
Монголын Чойбалсан, Хятадын Зүүн хойт мужийн Далянь хотын хооронд шефийн харилцаа тогтоож хөгжүүлэх зорилтот төслийг судалж хэрэгжүүлэх эхний ээлжийн арга хэмжээ авна.
 
 
3/Зорилт 3-ын хүрээнд:
а/2004 он хүртлэх хугацаанд Зүүн бүсийн хөгжлийн тулгуур төвүүдийг дотоод, гадаад зах зээлтэй зохистой холбох эрчим хүч, зам тээвэр, холбоо, мэдээллийн үндсэн сүлжээг бүрдүүлэх, аймаг, сумын төвийн нийгэм, соёл, боловсрол, ахуйн үйлчилгээний дэд бүтцийг сайжруулахад улсын  төсвөөс ойролцоогоор 10.0 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, дараагийн 5 жилд уг хөрөнгийн хэмжээг 2 дахин нэмэгдүүлэх зорилт тавина;
б/2004 он хүртлэх хугацаанд Зүүн бүсийн үйлдвэрлэл, үйлчилгээ, байгаль орчны дэд бүтцийг сайжруулахад тэргүүлэх ач холбогдолтой дор дурдсан төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд гадаадын зээл, тусламжийн болон бусад эх үүсвэрийг чиглүүлнэ:
-Герман улсын Засгийн газрын зээлээр Чойбалсангийн дулааны цахилгаан станцыг өргөтгөн шинэчлэх;
-Японы Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд Адуунчулуун, Талын голын нүүрсний уурхайн техник, технологийг шинэчлэх;
-БНСУ-ын зээлээр Зүүн бүсийн холбооны гол сүлжээг шилэн кабелиар шинэчлэх, аймгийн төвтэй ойролцоох сумдын холбоог тоон технологид шилжүүлэх;
-ХБНГУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй "Холбоо-3" төслийн хүрээнд сансрын холбооны ВИСАТ станц суурилуулах, үндсэн сүлжээний дамжуулах байгууламжийг шинэчлэх;
-Азийн хөгжлийн банкны "Нийтийн аж ахуйг сэргээх" зээлийн төслийн II дахь шатанд Чойбалсан, Өндөрхаан, Баруун-Урт хотын нийтийн аж ахуй, усан хангамжийн системийг сайжруулах;
-"Буман нарны гэрэл" хөтөлбөрийн хүрээнд ХБНГУ-ын буцалтгүй тусламж, улсын төсвөөр хүнд нөхцөлтэй хөдөөгийн малчдын суурийг бага оврын цахилгаан эрчим хүч, нар, салхины эрчим хүчний эх үүсвэрээр хангах;
-улсын төсвийн хөрөнгөөр Зүүн бүсийн аймаг, сумын төвд нийтийн халуун ус барих ажлыг үе шаттай хэрэгжүүлэх;
-АНУ-ын фермерээс фермерт, Германы техникийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн "мал эмнэлгийн хувьчлал" төслүүдийн хүрээнд Зүүн бүсэд хувийн мал эмнэлгийн хөгжлийг дэмжих;
-улсын төсвийн хөрөнгөөр Хэнтийн Хэрлэнбаян-Улаанд аймаг дундын отрын нөөц нутаг тогтоох;
-ТАСИС хөтөлбөрийн тусламж, хувийн хэвшлийн хөрөнгөөр аймаг, сум дундын төвд бөөний худалдааны сүлжээ (бирж, төв) байгуулах ажлыг үе шаттай хэрэгжүүлэх;
-"Мал сүргийг ган зудаас хамгаалах" үндэсний хөтөлбөрийн хүрээнд бүрдэх "Мал хамгаалах сан"-гаас Зүүн бүсийн аймгуудын бэлчээрийг усжуулах, малжуулах, ургамлын нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээ авах;
-НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн болон Дэлхийн банкны буцалтгүй тусламжаар "Бэлчээрийн мал аж ахуйн эрсдлийн менежмент" туршилтын төсөлд Зүүн бүсийн аймгуудыг хамруулах;
-Дэлхийн банкны зээлийн төслөөр Чойбалсангийн дулааны цахилгаан станцын дамжуулах шугамыг шинэчилж, борлуулалтыг нэмэгдүүлэх;
-Азийн хөгжлийн банкны зээл, улсын төсвөөр (Дэлхийн банкны зээл) Зүүн бүсийн аймгуудад бага гүний худгийн уст цэг тогтоох эрэл хайгуул хийж, уст цэгийг олшруулах;
-Даян Дэлхийн Байгаль Хамгаалах сангийн тусламжаар "Дорнод монголын биологийн төрөл зүйлийг хамгаалах" төслийг үргэлжлүүлж,  үр дүнг дүгнэх;
-Азийн хөгжлийн банкны зээлийн "Сум дундын эмнэлгийн үйлчилгээг сайжруулах" төсөлд зүүн аймгуудын сумдыг хамруулах.
в/Зүүн бүсийн хүн амын амьжиргааны түвшинг дээшлүүлэх, ажил эрхлэлтийг сайжруулах, тогтвортой хөгжлийн гарааг эхлүүлэхтэй холбогдсон дор дурдсан асуудлыг хэрэгжүүлэхэд төсвөөс дэмжлэг үзүүлэх, дотоод, гадаад зээлийн бодлогоор урамшуулах арга хэмжээ авна. Үүнд:
-байгалийн гамшгийн давтамж ихтэй нутгийн малчдыг малжуулах зээлийг (Дэлхийн банкны урт хугацааны зээл) малчдын хамтлаг, хоршоо, фермерийн аж ахуйн хүрээнд түлхүү олгож, эргэлтийн хөрөнгийн нөөц буй болгохыг чухалчлах;
-Зүүн бүсийн газар тариалангийн үйлдвэрлэлд техник, технологийн шинэчлэл хийх, усалгаатай тариалан хөгжүүлэх арга хэмжээг гадаадын зээл тусламж, лизингийн үйлчилгээ зэргийг ашиглан хөнгөлөлттэй нөхцөлөөр хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэх;
-"Түмэн бүс" хөтөлбөрийн хүрээнд Зүүн бүсийн газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэлийг сэргээх, аялал жуулчлал хөгжүүлэх хөтөлбөр, төслүүдийг газрын шинэтгэлтэй хамтруулан дэвшүүлж, гадаадын зээл тусламж авах багтаамж, сонирхогч оронтой хамтран ажиллах боломжийг нэмэгдүүлэхийг эрмэлзэх;
-Зүүн бүсэд мал аж ахуй, газар тариалангийн чиглэлээр хоршоо, фермерийн аж ахуй байгуулж ажиллах дотоодын иргэдийн санаачилгыг зээлийн бодлогоор дэмжих;
-Зүүн бүсэд хадлан өвс бэлтгэж, тэжээл хомсдолтой говь, хээрийн аймгуудад болон гадаад зах зээлд борлуулах талаар иргэд, байгууллагын үүсгэл санаачлагыг дэмжих;
-Зүүн бүсэд ажлын байр бий болгох, бизнесийн үр ашигтай төрлийг хөгжүүлэхээр Засгийн газар, орон нутгийн захиргаатай гэрээ байгуулсан иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад богино хугацааны зээл олгох, "хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан"-гаас урамшуулал олгох арга хэмжээ авах;
-Зүүн бүсэд мах, ноос, ноолуур, арьс шир боловсруулах, уул уурхайн орчинд ивээлтэй өндөр технологи бүхий үйлдвэр байгуулахтай холбогдсон стратегийн хөтөлбөр, төслүүдийг экспортыг дэмжих сангаас урамшуулах, гадаад зээлтэй холбоход түлхэц үзүүлэх;
-аялал жуулчлал, амралт рашаан сувилалын газар, байгаль орчны менежментийн нэгдсэн сүлжээг олон улсын жишгийн дагуу зохион байгуулж, зохих үр дүнд хүрсэн дотоодын иргэд, байгууллагыг "Аялал жуулчлалын сан", бусад эх үүсвэрээс урамшуулах арга хэмжээ авах.
г/ хоёр ба олон талын яриа, хэлэлцээрийн явцад Зүүн хойд Азийн хамтын ажиллагааны "Түмэн бүс" хөтөлбөрийн "хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ"-нд тусгагдсан монголын хөгжлийг дэмжихтэй холбогдсон дараахь асуудлыг шийдвэрлэхэд түлхэц үзүүлнэ. Үүнд:
-Финландын Умардын хөгжлийн сангаас "Түмэн бүс" хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсыг дэмжихээр илэрхийлсэн санхүүгийн эх үүсвэрийг ашиглах, (ойролцоогоор 2 сая ам.доллар);
-Шведийн Умардын хөгжлийн сангаас Монголын Зүүн бүсийг Хятадын төмөр замын сүлжээтэй холбох урьдчилсан судалгаа явуулахаар амалсан эх үүсвэр (ойролцоогоор 80 гаруй мян.ам.долл);
-Данийн Умардын хөгжлийн сангаас жижиг төслүүд хэрэгжүүлэх боломжоо мэдэгдсэн эх үүсвэр (ойролцоогоор 50 мян.ам.долл);
-Английн ГХЯ-ны Олон улсын хөгжлийн газраас боловсрол, эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалахад үзүүлж буй тусламжаа Зүүн бүсэд үргэлжлүүлэхээр сонирхож буй эх үүсвэр;
-Люксембург дэх Европын хөрөнгө оруулалтын банкнаас Монголын Түмэн бүс дэх оролцоог зээлийн бодлогоор дэмжих саналтай байгаа эх үүсвэр;
-Германы Сэргээн босголтын банкны Зүүн бүсэд төмөр замын жижиг төсөл хэрэгжүүлэхэд оролцох сонирхолтой холбогдсон эх үүсвэр;
-Зүүн хойт Азийн хөрөнгө оруулалтын корпораци байгуулж, түүнд Монгол Улс оролцох боломжийг хайх.
д/үйлвэрлэл, үйлчилгээ хөгжих нөхцөл сул бүрдсэн нутагт Дорнод аймгийн  тал хээрийн бүсийн сумд, Сүхбаатар аймгийг хамруулж, энд үйлдвэр, үйлчилгээг шинээр байгуулж ажлын үр ашигтай байр бий болгосон компани, хоршоодод татварын хөнгөлөлт үзүүлэх боломжийг судалж шийдвэрлэнэ.
-бэлчээрийг төлбөртэй ашиглах журамд шилжиж, Чойбалсан хот орчмын хэт талхлагдсан бэлчээрт харьцангуй өндөр, Сүхбаатар аймагт улсын дунджаас доогуур төлбөр тогтоож бэлчээрийн даац, ашиглалтыг зохицуулах арга хэмжээ авах;
-Зүүн бүсийн аймгуудад мах, ноос, ноолуур боловсруулан, олон улсын стандартад нийцсэн өндөр чанарын бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд нийлүүлэх, ийм төрлийн үйлдвэрт өндөр бүтээмжтэй, орчинд ивээлтэй дэвшилтэт технологи, материалыг импортлох үйл  ажиллагааг татварын бодлогоор дэмжих;
-уул уурхай, барилгын материалын үйлдвэрүүдээс байгаль орчинд учруулсан хор уршгийг арилгуулах үр нөлөөтэй арга механизмыг судалж тогтоох;
-тариалангийн бүсэд эрчимжсэн мал аж ахуй, үр тариа, хүнсний ногооны аж ахуй эрхэлж буй иргэд, фермерийн аж ахуйд газар эзэмшүүлж, таримал бэлчээр, тарианы талбайг нь газрын төлбөрөөс хөнгөлөх, тодорхой хугацаагаар чөлөөлөх асуудлыг судалж шийдвэрлэх;
-Чойбалсан, Өндөрхаан хотын зах зээлийн багтаамжийг нэмэгдүүлэх зорилгоор газрыг монголын иргэн, аж ахуйн нэгжид хувьчлах, хил орчмын нутгуудад чөлөөт бүс байгуулах зориулалтаар өндөр хөгжилтэй гадаад орны хөрөнгө оруулагчдад газрыг урт хугацаагаар түрээслэх боломжийг судалж шийдвэрлэх;
-Зүүн бүсийн хадлан, бэлчээр, хашаа, уст цэгийг малчдын бүлгүүд (хоршоо)-д түрээслэн эзэмшүүлэх, түрээсийн төлбөрийг нь бэлчээр эзэмшүүлэх, бэлчээр усжуулах, өвс хадлан бэлтгэх ажилд зориулах, бэлчээрийг сэлгэн ашиглуулах эрх зүй, эдийн засгийн үндсийг бүрдүүлэх зорилт тавих;
-"Түмэн бүс" хөтөлбөрийн хүрээнд, экологийн олон улсын аялал, жуулчлал, амралтын цогцолбор байгуулах, нүүдлийн болон суурин иргэншил хосолсон тосгон байгуулах, дэлхийд ховор амьтан, ургамлыг нөхөн үржүүлэх, хил дамнасан бохирдлыг арилгах зорилгоор ойжуулах, цөлжилттэй тэмцэх, байгалийн шинжлэл судлалын шинжлэх ухааны төв байгуулах зориулалтаар гүний нутгуудад газрыг өндөр хөгжилтэй орны хөрөнгө оруулагчид, иргэн, байгуулагад хамтран буюу дангаар нь урт хугацаагаар түрээслэх боломжийг судалж, үндэсний эрх ашигт нийцсэн тохиолдолд нааштай шийдвэрлэх эрх зүйн үндсийг бүрдүүлэх;                                
е/Зүүн бүсийн тогтвортой хөгжлийг хангахад тус бүс нутгийн байгаль орчны оновчтой менежментийг бүрдүүлэх явдал онцгой ач холбогдолтойг харгалзан аливаа асуудлыг шийдвэрлэхдээ байгаль орчны асуудлыг эхний ээлжинд авч үзэж, "Экологийн аялал жуулчлал", "Уул уурхайн орчинд зохицсон үйлдвэр", "Тариалан ба хөрсний үржил шимийг сайжруулах", "Дэд бүтэц ба ховор амьтны идээшил нутаг, нүүдлийн зам", "Олон улсын худалдаа ба хил дамжсан агаар, усны бохирдол" гэх мэтээр орчинд илүү зохицсон технологийн удирдлага, маркетингийн загварыг тогтоох чиглэл баримтална;
ж/Түмэн бүс хөтөлбөрийн хүрээнд Зүүн бүсийн нутгаар дамжин өнгөрөх эрчим хүчний шугам, зам тээврийн байгууламжийн асуудлаар Монгол, Орос, Хятадын хооронд 3 талын хэлэлцээр, БНХАУ-ын нутгаар дамжин далайд гарах тухай хэлэлцээр, Буйр нуурын усны нөөц, загасны баялгийг хамтран ашиглах, Зүүн бүсэд эрчимжсэн мал аж ахуй, тариалан хөгжүүлэх, аялал жуулчлал эрхлэх, олон улсын мэдээллийн сүлжээ байгуулах, байгаль орчны менежмент бүрдүүлэх асуудлаар Япон, БНСУ, Номхон далайн болон Европын холбооны улсуудтай нэг ба олон талын гэрээ, хэлэлцээрийг тус тус байгуулахад чиглэсэн улс төр, дипломатын уян хатан бодлого явуулна.
5.Гарах үр дүн
Дунд хугацааны стратегийг хэрэгжүүлснээр Зүүн бүсийн хөгжилд дараах ахиц, дэвшил гарна гэж төсөөлж байна. Үүнд:
 
1/Зүүн бүсийн 3 аймаг хүн амын амьжиргаа, орлогын түвшингээр улсын дундаж хэмжээнд хүрч, харьцангуй тэнцвэржих хандлагад орох;
2/эрчимжсэн ба нүүдлийн мал аж ахуй, тариалан, хадлан тэжээл, уул уурхай, аялал жуулчлалын бүс нутгууд тодрон гарч, тэдгээрт түшиглэн бүсийн үйлдвэрлэл, үйлчилгээний тэргүүлэх чиглэлийг тогтоон хөгжүүлэх нөхцөл бүрдэх;
3/мах, ноос, ноолуур, хүнсний ногоо, хадлан өвс, үр тариа, гурил, цайр, гянт болд, жонш зэрэг бүтээгдэхүүнийг дотоод, гадаад зах зээлд нийлүүлж, бүсийн эдийн засгийн чадавхийг цаашид нэмэгдүүлэх худалдаа-маркетингийн тогтолцоо бүрдэж эхлэх;
4/бүсийн болон бүс нутгийн хөгжлийн тулгуур төвүүд (сум дундын төвүүд мөн орно) тодорч, тэдгээрийг өөр хооронд нь болон улс орны дотоод, гадаад зах зээлтэй холбосон дэд бүтцийн сүлжээ сайжирч, энэ дэвсгэр дээр тус бүсэд дотоод, гадаадын хөрөнгө оруулагчид нэвтрэх байршлын багтаамж нэмэгдэх;
5/бүсийн дотоодод газар зохион байгуулалт, газар ашиглалтын оновчтой бүсчлэл тогтож, түүнд түшиглэн орон нутаг бүрийн онцлогт зохицсон  байгаль орчны оновчтой менежмент бүрдэх үндэс суурь тавигдах;
6/Монгол улсыг Зүүн бүс нутгаар дамжуулан дорно зүгт Зүүн хойт Азийн орнуудын хамтын ажиллагааны "Түмэн бүс" хөтөлбөртэй олон талаар холбож, үндэсний эдийн засаг, нийгмийн хөгжлийг түргэтгэх стратегийн шинэ шинэ боломж, хандлага тодорч эхлэх.
 
     
Зургаа. Улаанбаатарын бүс
1.Улаанбаатарын бүсийг 2010 он хүртэлх хугацаанд хөгжүүлэх нийгэм, эдийн засгийн төлөвлөлтийн стратеги нь чиг үүргийг нь бүс нутгийн хандлагаар оновчтой хуваарилах, бүтцийг гүн тийш нь өөрчлөн сайжруулах гэсэн хоёр боломжийг хослон ашиглах шалгуурт үндэслэн нийслэлийн одоогийн хилийн цэсийн дотор Улаанбаатарыг бусад бүс нутагтай дэд бүтцийн хөгжингүй сүлжээгээр холбогдсон, дотоод, гадаад зах зээлд шинжлэх ухаан, технологи, оюуны багтаамж ихтэй бусад үйлдвэрлэл, үйлчилгээгээр төрөлжиж хоршсон, банк, санхүү, худалдаа, аялал жуулчлал, мэдээллийн үйлчилгээний олон улсын төв, хүн ам эрүүл, ая тухтай орчинд хангалуун амьдрах цомхон, цогцолсон хот болгон хөгжүүлэх эдийн засаг,  нийгмийн шинэ шижим түлхэц бий болгоход оршино.
2.Бүсийн нийгэм, эдийн засгийн хөгжлийн стратегийг Монгол Улсын Засгийн  газраас зөвшөөрсөн (2002 онд) Улаанбаатар хотын 2020 он хүртлэх ерөнхий төлөвлөгөөний эхний 10 жилийн зорилттой нягт уялдаатай хэрэгжүүлнэ.
3. Дор дурдсан зорилтыг хөгжлийн стратегид хүрэх гол арга зам гэж үзнэ. Үүнд:
1/Улаанбаатар хотын хүн ам, үйлдвэрлэл, үйлчилгээний хэт бөөгнөрлийг сааруулж, нийслэлийн байршил, чиг үүргийг оновчтой болгох тухай бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд үндэслэн Улаанбаатарыг бие даасан бүсийн хэмжээ (үүрэг, бүтцийн)-нд хөгжүүлэх бодлогын үр нөлөөтэй орчныг бий болгож, зүгшрүүлэх;
2/улс үндэсний нэгдмэл харилцан уялдсан байдлын зарчимд үндэслэн Улаанбаатарын чадавхийг Монгол Улсын бусад бүс нутгийн хөгжлийг тэнцвэржүүлэх хөшүүрэг, дэмжих талбар болгох үр нөлөөтэй арга механизмыг бүрдүүлж ашиглах.
4.Стратегийн зорилгод хүрэх арга замын хүрээнд бодлогын чанартай дараахь асуудлыг шийдвэрлэхэд онцлон анхаарна. Үүнд:
 
1/бүс нутаг бие даан хөгжих чадварыг сулруулж буй төрийн захиргааны болон мэргэжлийн удирдлага, хөрөнгө санхүүгийн хэт төвлөрлийг багасгах;
2/хүн амын эрүүл, ая тухтай орчинд амьдрахад саад болж буй орчны бохирдол, хэрэглээний илүүдэл ачаалал, "хэрэгцээ" багатай мэдээллийг бууруулах;
3/хүн ам нийслэлд олноор шилжин суурьших нэг гол хүчин зүйл болж буй нарийн мэргэжлийн "эрүүл мэнд", "боловсрол"-ын байгууллагуудын цэг салбарыг бусад аймаг орон нутагт байгуулах;
4/ноос ноолуур, арьс шир боловсруулах үйлдвэрүүд, барилгын үйлдвэрлэлийн хүч чадлын хэт төвлөрөл, бөөгнөрөлийг хязгаарлах, түр зуурын "ажлын байр", харьцангуй хямд, чанар муутай бараа таваарын арилжаа наймааны зах зээлийн "дангаар ноёрхол"-ын зохисгүй нөлөөллийг аажмаар бууруулах;
5/Улаанбаатар хотын өсөлтийг хязгаарлахад хувь нэмэр багатай байгаа дагуул болон хаяа хот, тосгоны хөгжлийн түвшинг ахиулах, тэдгээрийн байршлын буюу дэд бүтцийн багтаамжийг нэмэгдүүлэх;
6/хотын өсөлт, хөгжлийн чадавхийг нь нэмэгдүүлэхэд гол нөлөөтэй газар, ус ашигласны үнэ цэнийг өндөржүүлэх, газар өмчлөл, эзэмшилтийн харилцааг боловсронгуй болгох;
 
7/үйлдвэрлэлийн ажиллагааг эрчим хүч, ус хэмнэх, "цэвэр" технологийн горимд шилжүүлэх, гэр хорооллын утаа, хог хаягдлыг багасгах, хотоо ногооруулах замаар амьдрах орчны бохирдлыг  хязгаарлах;
8/мэдээллийн технологи, (персональ компьютер, Интернэтийн сүлжээ), оновчтой зохион байгуулалт, дизайн, электрон техникийн засвар үйлчилгээ зэрэг оюуны багтаамж ихтэй үйлдвэрлэлийг түргэтгэж, энэ талаар ойрын ирээдүйд Монгол Улсын гадаад зах зээлд өрсөлдөх шинэ давуу талыг бий болгох;
9/ноос, ноолуур, арьс шир боловсруулж, стандартчилах, аялал жуулчлал, банк, санхүүгийн салбарт хувийн хэвшлийн улс хооронд болон бүс хооронд нарийн хоршсон хөдөлмөр, маркетингийг бий болгох, эдгээр салбарт зах зээлд өрсөлдөх чадвартай нэмүү өртөг бүхий бүтээгдэхүүнийг сонгон үйлдвэрлэж, улс орны экспортын боломжийг нэмэгдүүлэх;
10/шинжлэх ухаан, их сургууль-үйлдвэрлэлийн хоршилтыг дэмжсэн бүтцийн зохицуулалт, технологийн шинэчлэлийг буй болгох;
11/бусад бүс нутгийн хэрэгцээг харгалзсан бүх нийтийг хамарсан мэргэжлийн боловсрол (техник мэргэжил)-ын сүлжээ бий болгож, ажиллах хүчийг "ганзага"-ын наймаанаас улс орны хөгжилд илүү тустай бизнесийн бусад салбарт шилжүүлж, хүний нөөцийн чадавхийг бүрэн нээж ашиглах замаар хөдөлмөр-нийгмийн харилцааг үндсээр нь сайжруулах;
12/хотын доторхи болон гаднах хүрээнд (Төвийн бүсийн) олон улсын жишигт нийцсэн худалдааны, аж үйлдвэрийн, экспортын аль нэг зохистой төрөл чиглэлээр "чөлөөт бүс" байгуулж, хөгжингүй орнуудын өндөр технологи, маркетингийн ололт Монголд үр ашигтай нэвтрэх боломжийг өргөтгөх;
13/оршин суугчдын эрүүл, аятай орчинд амьдрах хэрэгцээнд нийцүүлэн орон сууц, үйлдвэр, үйлчилгээний барилга байгууламж, гэр хорооллын байршил, тэдгээрийн хослол, бүтэц, хийц, архитектур зохиомж, реклам чимэглэл, замын зохион байгуулалтыг оновчтой болгох замаар хотын өнгө төрх, агуулга (ансамбль) аажмаар сайжрах нөхцөлийг бүрдүүлэх;
14/химийн хорт бодис, хүнсний бүтээгдэхүүний хадгалалт, хамгаалалт, хэрэглээ, худалдааны хяналтыг сайжруулах, шатахуун түгээх цэгүүд, автомашины гаражийн байршлыг зохистой болгох замаар амьдрах орчны аюулгүй байдлын баталгааг хангах;
15/Улаанбаатарын бүсийн хөгжлийн асуудлыг шийдвэрлэхдээ Засгийн газар, хувийн хэвшил, нийслэлийн төр,  захиргааны байгууллага, нийт оршин суугчдын хамтын хүч чармайлтыг нэгтгэн чиглүүлэх,  төсвийн шилжүүлгийг боловсронгуй болгох, татварын баазыг бэхжүүлэх замаар хотын санхүүжилтийн чадавхийг нэмэгдүүлэх;
16/нярай болон өсвөр насны хүүхэд асрамжлах, өндөр настан, тахир дутуу хүмүүст зориулсан таатай нөхцөлийг үргэлжлүүлэхийн хамт, энэ ажилд хувийн хэвшлийн болон иргэдийн үүсгэл санаачлагын байгууллага, хувь хүмүүсийн идэвхитэй оролцоог хангах;
17/Улаанбаатарын бүсийн болон нийслэл, дагуул хот, тосгоны удирдлага, төлөвлөлт, төрийн захиргаа, олон нийт, мэргэжлийн байгууллагуудын ажлын зааг ялгаа, уялдаа зохицуулалтыг боловсронгуй болгох.
5.2010 он хүртэлх Улаанбаатарын бүсийг хөгжүүлэхэд дараах чиглэлийн дэмжлэг үзүүлнэ. Үүнд:
Дэд бүтцийн санхүүгийн дэмжлэг
1/ 2004 он хүртлэх хугацаанд Улаанбаатарын бүс дэх түлш эрчим хүч, зам тээвэр, усан хангамж, холбоо, мэдээллийн салбарын техник, технологийн шинэчлэл, эмнэлэг, сургууль, соёл, шинжлэх ухааны байгууллагын барилгын засвар, үйлчилгээнд зориулж улсын төсвөөс 20 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, 2005 оноос дэд бүтцийн санхүүжилтийн үндсэн хэсгийг нийслэлийн төсөв, байгууллагын өөрийн хөрөнгөөр хэрэгжүүлэх нөхцөлийг аажмаар бүрдүүлж эхлэх;
2/бүсийн нутаг дэвсгэрт байгаа үйлдвэрлэл, үйлчилгээний газруудыг зохистой байршуулах, дагуул хот, тосгоныг хөгжүүлэх дэд бүтцийн багтаамжийг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн дараахь төсөл арга хэмжээг хандивлагч орон, олон улсын байгууллагын зээл, тусламжийн оролцоо, дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэх; Үүнд:
а/Дэлхийн банк болон Австралийн Засгийн газрын зээл, тусламжаар  Улаанбаатар хотын нийтийн аж ахуйг сайжруулах төсөл;
б/Азийн хөгжлийн банкны зээлээр "нийслэлийн иргэд болон аж ахуйн нэгж,  байгууллагын эзэмшил, ашиглалтад байгаа газрын кадастр, зураглал"-ын төсөл;
в/Азийн хөгжлийн банкны зээлийн "Орон сууцны салбарын санхүүжилтийн төсөл";
г/Нидерландын буцалтгүй тусламжаар "Үйлдвэрийн газрын бүтцийн өөрчлөлт" /туршилт/ төсөл;
д/Дэлхийн банкны зээлээр "Бүрэн шаталттай гэрийн зуухны давуу тал, үр дүн, ашиглах арга ажиллагаа" (сурталчилгааны) төсөл;
е/Нордикийн Хөгжлийн сангийн зээлээр "Тээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг, оношилгоо хийх станцын сүлжээ байгуулах, бүртгэлийн систем бий болгох" төсөл;
ж/ХБНГУ-ын зээлээр хэрэгжиж буй "Харилцаа холбоо-3" төсөлд Багануур, Налайхыг хамруулах (Сансрын холбооны ВИСАТ станц, үндсэн сүлжээний дамжуулах байгууламж);
з/Азийн хөгжлийн банкны зээлээр Улаанбаатар хотын цахилгаан, дулаан, усан хангамжийн сүлжээнд шинэ техник, технологи нэвтрүүлэх төслүүд;
л/Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар "Улаанбаатар хотын Авто замыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний дагуу нийслэлийн замыг сайжруулах" төсөл (Асфальтын үйлдвэрийн хамт);
м/НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн буцалтгүй тусламжаар "Эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны байшин" (сүрлэн байшин) төсөл-II /үе шат/;
н/Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар "Улс хоорондын станцын 2 дахь шатны шинэчлэлийн төсөл";
о/Азийн хөгжлийн банкны зээлээр "Эрчим хүч хэмнэх" төсөл;
п/Япон улсын буцалтгүй тусламжаар "Гэр хорооллын оршин суугчдад жижиг үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхэд туслах" төсөл;
р/Азийн хөгжлийн банкны зээлээр "Хотын гэр хорооллын орчны нөхцөлийг  сайжруулах төлөвлөлтийн шинэ хандлагыг хөгжүүлэх" загвар төсөл;
с/Япон улсын буцалтгүй тусламжаар Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт "Байгаль орчны цэцэрлэгт хүрээлэн байгуулах" төсөл;
т/Германы техникийн хамтын ажиллагааны хүрээнд "Хог, хаягдлыг боловсруулах үйлдвэр, хог, хаягдлыг орчинд халгүй зайлуулах зориулалтын байгууламж."
3/Стратегийн зорилтыг хэрэгжүүлэх, шийдвэрлэхтэй холбогдуулан хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, олон нийтийн санаачилгыг төсвийн болон зээлийн бодлогоор дэмжинэ. Үүнд:
а/байгаль орчинд халгүй технологи нэвтрүүлсэн, экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн аж ахуйн нэгж, иргэнийг шалгаруулан урамшуулах;
б/Багануурын уурхайд нүүрс ангилан ачих байгууламж суурилуулахад төсвийн зээл олгох;
в/Налайхын нүүрсний ордын ашиглагдаагүй хэсэгт бага хүч чадлын нүүрсний уурхай байгуулахад төсвөөс дэмжлэг үзүүлэх;
г/Улаанбаатар хот орчимд аялал жуулчлал хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө боловсруулж, хэрэгжилтийг "Аялал жуулчлалын сан"-гаас дэмжин зохицуулах;
д/бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүнд иж бүрэн шинжилгээ хийх үндэсний лавлагаа лаборатори байгуулах арга хэмжээг гадаадын зээл тусламжтай холбон хэрэгжүүлэх;
е/ноос боловсруулах шинэлэг технологи үйлдвэрлэлд нэвтрүүлэх төслийг шинжлэх ухаан, технологийн сангаас дэмжин хэрэгжүүлэх;
ж/Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд хөрөнгө, хандив хуримтлуулах арга хэмжээ авч, хотын хөгжилд чухал нөлөөтэй бизнесийн төрлүүдийг олшруулах, мэргэжлийн сургалт зохион байгуулах, ажлын үр ашигтай байр бий болгоход тус сангаас жижиг зээл олгох арга хэмжээ авах;
з/орон сууц хөгжүүлэх сан байгуулж, хотын залуу гэр бүлд орон сууцны урт хугацаатай зээл олгох журам боловсруулж, хэрэгжүүлж эхлэх;
л/олон хүүхэдтэйн тэтгэмжийн хэмжээг амьжиргааны түвшингийн өөрчлөлттэй уялдуулан нэмэгдүүлэх;
м/Улаанбаатар хотын техникийн болон мэргэжлийн сургууль, ерөнхий боловсролын дунд сургуулиудыг компьютержуулах, интернэтийн сүлжээнд холбох арга хэмжээнд төсвийн болон гадаадын санхүүжилтийн дэмжлэг үзүүлж, эхний  ээлжинд шийдвэрлэх чиглэл баримтлах;
 
н/олон улсын стандартад нийцсэн өндөр чанартай ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн, үслэг эдлэл, оюуны багтаамж ихтэй үйлдвэрлэл (мэдээллийн программ, электрон эдлэл г.м)-ийг татварын бодлогоор дэмжих;
о/нийслэлийн төсөвт нэмэгдэл эх үүсвэр, эсхүл тусгай зориулалтын зээл (дагуул хотод дэд бүтэц хөгжүүлэх гэх мэт) олгох замаар төвлөрлийг оновчтой зохицуулахад чиглэсэн төр, захиргааны байгууллагын идэвхи, санаачлагыг хөхүүлэн дэмжих;
п/ "Улаанбаатар сан"-гийн үйл ажиллагааг ил тод болгож, сангийн эх үүсвэрийг бүрдүүлэх, зарцуулах эрхийг Бүсийн зөвлөлд олгох арга хэмжээ авах;
р/ Улаанбаатарын үйлдвэрлэлийн хэт төвлөрлийг сааруулах зорилгоор Засгийн газар (эсхүл Нийслэлийн Засаг дарга) хөрөнгө оруулалтын сангаар дамжуулан нээлттэй хэлбэрээр өөрийн үнэт цаасыг нийслэлд байрлаж буй боловч хөдөө орон нутагт өөрийн салбараа нээх, буюу тэнд шилжин ажиллах сонирхолтой аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдах, эсхүл тэдгээрийн үнэт цаас (үл хөдлөх эд хөрөнгө, өр төлбөр)-ыг мөн ийм нөхцлөөр худалдан авах асуудлыг улс орны зайлшгүй хэрэгцээ, санхүүгийн боломжийг харгалзан уян хатан шийдвэрлэхийг эрмэлзэх;
с/Засгийн газар, Улаанбаатарын бүсийн тэргүүлэх чиглэлийн салбарыг хөгжүүлэх, хотын төвлөрлийг сааруулахтай холбогдсон нэн чухал асуудлаар гадаадын сонирхогч орон, аж ахуйн нэгж, байгууллагатай хамтран ажиллах, мөн ийм зорилгоор бусад бүс нутагт хөгжлийн иж бүрэн хөтөлбөрийг Улаанбаатар хотод байрлаж буй дотоодын аж ахуйн нэгжтэй гэрээний үндсэн дээр хамтран хэрэгжүүлэх зэргээр төв, орон нутгийн хоорондын санхүүгийн урсгал хөдөлгөөнийг зохистой болгох, хөдөө орон нутаг руу "хөрөнгө" аажмаар шилжих нөхцөлийг бүрдүүлэхийг чухалчлах;
т/ Улаанбаатар хотыг барилгажилт, зам байгуулалт гэр хорооллын инженерийн дэд бүтцийн тогтолцоог орчин үеийн дэлхийн хотуудын нийтлэг жишгээр шинэчлэн өөрчлөх бодлого боловсруулж, хэрэгжүүлэх санхүүжилтийн эх үүсвэрийг бий болгох нөхцөлийг бүрдүүлэх;
у/Улаанбаатарын хот орчмын бүсэд сүүний механикжсан фермүүдийг сэргээн хөгжүүлэх, эрчимжсэн гахай, шувууны фермерийн аж ахуй, тариалангийн газрыг шинээр байгуулах төсөл арга хэмжээг төсвөөс зээл олгох (Шинжлэх ухаан, технологийн сан), гадаад орны урт хугацааны төсөлтэй холбох замаар хэрэгжүүлэх арга замыг эрэлхийлэх;
х/Улаанбаатар хотод их, дээд сургууль, коллежид  суралцахаар ирсэн оюутан, сурагчдыг (холбогдох хууль тогтоомжоор, хөнгөлөлтөд хамрагдаагүй), харъяалах аймаг, орон нутгийн захиргааны захиалгаар, сургуулиа төгсөөд нутагтаа очиж ажилласан нөхцөлд, сургалтын төлбөрийн тодорхой хэсгийг төр хариуцах, мөн төрийн сангийн зээлээр сургууль төгссөн багш, эмч, эмнэлэгийн ажилтнууд өөрсдийн хүсэлтээр хөдөө орон нутагт  очиж ажилласан тохиолдолд авсан зээлийг нь хөнгөлөх, чөлөөлөх асуудлыг судалж шийдвэрлэх.
Татвар, өмч, хөрөнгийн зохицуулалт:
4/Улаанбаатарын хөгжлийг бүсийн хэмжээнд зохицуулахтай холбогдсон дараах асуудлыг судалж шийдвэрлэнэ. Үүнд:
а/"Бэлчээрийн төлбөрийн тухай" эрх зүйн үндсийг бүрдүүлэх үндсэн дээр Улаанбаатар хотын эдэлбэр газарт бэлчээрийн мал аж ахуй эрхлэхийг хязгаарлах бодлогыг хэрэгжүүлж, мал бүхий иргэд (зохион байгуулалттайгаар фермерийн болон эрчимжсэн мал аж ахуй эрхэлж буй иргэд орохгүй)-ээс авах бэлчээрийн төлбөрийн хэмжээг улсын дунджаас дээгүүр байх журам тогтоож, мөрдүүлэх;
б/Улаанбаатар хотод ажиллаж буй аж ахуйн нэгж, байгууллагыг орлогын албан татвараас чөлөөлөх явдлыг хязгаарлах, татварын хяналтыг сайжруулан ашгийн бус байгууллагаар дамжуулан орлогоо нуух явдлаас сэргийлэх, татвар төлөхөөс зайлсхийхэд хүлээлгэх хуулийн болон захиргааны хариуцлагыг чангатгах;
в/газрын экологи, инженерийн болон менежментийн иж бүрэн үнэлгээ, бүсчлэлийн үндсэн дээр хотын газраас харьцангуй өндөр татвар авах, өмчийн үнэлгээний шалгуур үзүүлэлтийг бүсээр буюу тойргоор ялгавартай тогтоох механизмыг бий болгох;
г/орон сууц олныг эзэмших, дамлах, газар дамлан худалдаалах явдлыг хориглох,  илэрсэн зөрчилд ногдуулах торгуулийн хэмжээг нэмэгдүүлэх, иргэдийн эзэмшиж байгаа нэгээс дээш орон сууц (газрын хамт)-нд ногдох  өмчийн (үл хөдлөх хөрөнгийн) татварыг нэмэгдүүлэх;
д/импортоор ирж буй тамхи, архинд ногдуулах онцгой албан татварын хэмжээг нэмэгдүүлэхийн хамт, нэг хайрцаг янжуур, 1 шил архинд хэрэглээний татвар ногдуулах;
е/Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт шинжлэх ухаан-үйлдвэрлэлийн парк байгуулж, уг паркад дэлхийн өндөр хөгжилтэй орнуудаас оруулсан мэдээллийн технологи, компьютер, программ, экектроникийн түүхий эдийг импортын барааны гаалийн татвараас хөнгөлөх, чөлөөлөх;
ж/нийслэлийн татварын баазыг өргөтгөхөд чухал учир холбогдолтой Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай, нохойн албан татварын тухай, зочид буудлын албан татварын тухай, гадаадад зорчигчдын албан татварын тухай хуулийн  зохицуулалтыг  буй  болгох;
з/хотын амьдрах орчны эрүүл, аюулгүй байдлын баталгааг дээшлүүлэх үүднээс орчныг бохирдуулсны (жишээ нь: самарын яс, цаас ил хаяхад) торгууль ногдуулах төлбөрийн тогтолцоог бүрдүүлэхийн хамт орчныг сайжруулах шимтгэлийн механизмыг бий болгох;
л/орчныг хамгаалах найдвартай системгүй хот дотор байрласан автомашины зогсоол, шатахуун түгээх цэгүүдийн газар, барилгаас авах татвар, төлбөрийн хэмжээг нэмэгдүүлэх;
м/ус цэвэрлэх байгууламж, хог хаягдал боловсруулах үйлдвэр барихад татварын хөнгөлөлт үзүүлэх;
н/иргэдийн хадгаламжийн даатгалын тогтолцоог бий болгох;
о/Багахангайд аж үйлдвэрийн парк байгуулах зориулалтаар гадаадын өндөр хөгжилтэй орны хөрөнгө оруулагчдад газрыг урт хугацаагаар түрээслүүлэх эрх зүй, эдийн засаг, зохион байгуулалтын үндсийг судалж шийдвэрлэх.
Төлөвлөлт, удирдлага
 
 
5/Улаанбаатарын хөгжлийг бүсийн хэмжээнд төлөвлөн, зохицуулахтай холбогдсон дараахь арга хэмжээг судалж хэрэгжүүлнэ. Үүнд:
а/нийслэлийн төвлөрлийн асуудлыг олон жилийн турш орон нутгийн бодлого буюу их төлөв хот төлөвлөлтийн арга, хэрэгслээр зохицуулахыг эрмэлзэж ирсэн хандлагаас улс үндэсний болон дагуул хот, тосгоны тэнцвэрт хөгжлийн хэрэгцээг бодолцсон бүсийн иж бүрэн төлөвлөлтийн зарчимд шилжүүлэх;
б/нийслэлийн төлөвлөлтийн функцийг үндэсний буюу бүсийн, Улаанбаатар хотын, дагуул хот, тосгоны гэсэн 3 үндсэн түвшинд нарийн зааглаж, Улаанбаатарын бүсийн хүрээний зорилт, арга хэмжээг улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн жил бүрийн үндсэн чиглэл, төсөвт тусган Засгийн газар, Нийслэлийн Засаг дарга үр дүнгийн хариуцлага хүлээх, үр дүнд нийтээр хяналт тавих нөхцөлийг бүрдүүлэх;
в/Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газрын хэрэг эрхлэх газрын бүтцэд Улаанбаатарын бүсийн газрын менежментийн асуудал хариуцсан нэгжийг бий болгож, хот төлөвлөлтийн (ерөнхий төлөвлөгөө, барилгажилт) асуудлыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хариуцуулах;
г/Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэргэд хотын инженерийн байгууламж, зам тээвэр, усан хангамж, хот тохижилтын асуудал, мөн газар ашиглалтад хяналт тавих үүрэгтэй "Улаанбаатар" хувь нийлүүлсэн компани байгуулах, түүний мэдэлд хот байгуулалт, газрын төлбөрөөс олсон орлогын зохих хэсгийг төвлөрүүлэх, татварын хөнгөлөлт үзүүлэх, урт хугацааны хүүгүй, эсхүл бага хүүтэй зээл олгох зэрэг дэмжлэг үзүүлэх;
д/Улаанбаатарт байрласан банк бус санхүүгийн байгууллагуудын хөдөө орон нутаг руу хандсан санаачлагыг нутгийн зөвлөлүүдийн үйл ажиллагаатай холбон нэгдсэн зорилго чиглэлтэй ажиллуулах;
е/хотын хөгжилд ирээдүй багатай бизнесийн үйл ажиллагааг хязгаарлаж, үр ашиг сайтай бизнесийн төрлүүдийг олшруулах чиглэлийг тогтоож, эрх зүйн холбогдох зохицуулалтыг бий болгох;
ж/Улаанбаатарын бүсийн  хэмжээнд газрын кадастрын хайгуул, зураглал, чанарын хянан баталгааны үндсэн дээр газрын нөөцийн ялгаварт үнэлгээ хийж, хотын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, инженер, менежментийн бүсчлэл (үйлдвэрлэл, үйлчилгээний район, орон сууц, ахуйн хэрэгцээний газар, ногоон бүсийн эдэлбэр г.м) -ийг хот, тосгоноор үе шаттай явуулж баталгаажуулах алхам хийх;
з/газрын дээрх менежментэд түшиглэн газрыг зориулалтын дагуу өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах, нөхөн сэргээхэд чиглэсэн хот байгуулалтын бүсчлэлийн төлөвлөгөө боловсруулж, газар олгосон болон ашиглаж буй өнөөгийн байдалд хяналт-шинжилгээ хийж, газар олголт, газрын эрхийн бүртгэл (эзэмшигчийн газрыг хэмнэх, газрыг зориулалтаар нь олгосон тухай эрхийн акт үйлдэж, эзэнд нь гэрчилгээ олгох, газар өмчлөх, эзэмших, ашиглуулах гэрээ байгуулах г.м)-ийг сайжруулж, олгосон газрыг бэхлэн тэмдэгжүүлэх зэргээр газрын харилцааг боловсронгуй болгоно. Энэ үйл ажиллагаанд төр, иргэн аль алинд нь тэгш шударга үйлчлэх үүрэгтэй мэргэжлийн зөвлөлгөө өгөх, уг ажлыг гардан хэрэгжүүлэх хувийн хэвшлийн байгууллагыг бий болгох боломжийг судалж шийдвэрлэх.
6.Бүсчилэн хөгжүүлэх хандлагаар нийслэлийн хэт төвлөрлийг дараахь 2 чиглэлээр сааруулах бодлого  баримтална:
1/бусад бүс нутагт хөгжлийн тулгуур төвүүд бүрэлдэх, хүн амын амьдралын түвшин дээшлэх чиг хандлагыг бодолцон Улаанбаатарын бүсэд хүн амын амьдралын өртөг харьцангуй өндөр, улсын дунджаас дээгүүр ба дундаж хэмжээнд байх гэсэн дор дурдсан 3 үндсэн тойрог, тэдгээрт баримтлах шалгуур параметр (газрын үнэ, экологийн даац, усан хангамж, худалдаа, нийгмийн үйлчилгээ г.м)-үүдийг судлан тогтоож, хэрэгжүүлэх явдлыг стратегийн чиг баримжаа /прогноз/ болгох. Үүнд:
а/амьдралын өртөг улсын хэмжээнд хамгийн өндөр байх 1 дүгээр тойрог /Улаанбаатар хотын төв хэсэг-Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол, Баянзүрх, Хан-Уул дүүргүүдийн нутаг дэвсгэрийн зарим хэсэг/;
 
б/амьдралын өртөг улсын дундажаас харьцангуй дээгүүр байх 2 дугаар тойрог /нийслэлийн Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүргүүдийн нутаг дэвсгэрээс бусад хэсэг/;
 
в/амьдралын өртөг улсын дундаж хэмжээнд байх 3 дугаар тойрог /Засаг захиргааны хувьд, Багануур, Налайх, Багахангай дүүргүүд, хот байгуулалтын хувьд,  Багануур, Зуунмод, Налайх, Багахангай хот, Гацуурт, Партизан, Биокомбинат, Шувуун фабрик, Тэрэлж, Сонгино, Жанчивлан г.м бусад  тосгонууд орно/.
2/Улаанбаатар хотын одоогийн бүтэц, чиглэлийг бүс дотор нь болон бусад бүстэй холбон дараахь чиглэлээр зохистой болгох чиглэл баримтлах:
Бүсчлэлийн хандлага
      а/Төв-хот (УБ-50 км-ийн радиуст);
     
б/Дагуул хот, тосгоны бүс (80-200 км-ийн радиуст);
     
в/Нөлөөллийн бүс;
-шууд нөлөөллийн бүс (Төв аймаг-200-300 км-ийн радиуст);
-дам нөлөөллийн бүс (Төвийн бүс 300-500 км-ийн радиуст).
г/Харилцан холбоот бүс Хангайн, Зүүн, Баруун бүс, Монгол улс бүхэлдээ .
Баримтлах чиглэл:
-хүн ам хэт бөөгнөрөх, үйлдвэр нэмж байршуулахыг хязгаарлах;
-төв-хотын илүүдэл ачааллыг шингээх, нийгэм, соёл, ажил, үйлчилгээний өдөр тутмын хэлхээ, холбоо хөгжих;
-нийслэлийн хүнсний зарим хэрэгцээ (сүү, ногоо, үр тариа)-г хангах;
-нийгэм, соёл, ахуйн үйлчилгээний талаар холбогдох;
-үйлдвэрлэлийн хоршилт, хослолыг хөгжүүлэх маркетингийн нэгдсэн сүлжээ;
-дэд бүтцийн нэгдсэн сүлжээ, засаг захиргааны удирдлага, банк, санхүүгийн урсгал, худалдаа, мэдээлэл.
7.Гарах үр дүн
 
Дунд хугацааны стратегийг хэрэгжүүлснээр Улаанбаатарын бүсэд дараахь нааштай өөрчлөлт гаргахаар төсөөлж байна. Үүнд:
1/оршин суугчдын амьдрах орчны чанар байдлыг муутгаж буй шалтгааныг хязгаарлахад чиглэсэн эрх зүй, эдийн засгийн гол арга, механизм бүрдэж, орчны бохирдлыг бууруулах техник, зохион байгуулалтын үндэс тавигдах;
2/бусад бүсийн хөгжилд ахиц гарахын хирээр  Улаанбаатарын хэт бөөгнөрөл, төвлөрөл саарах хандлагад орох;
3/Улаанбаатарын бүсийн хүрээнд төв-хот, дагуул хот, тосгоныг тодорхой чиг үүрэг, харилцан уялдаатай хөгжүүлэх бодлогын орчин бий болно.
Хөгжлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд Засгийн газар, Нийслэлийн Засаг дарга, хот, тосгоны захирагчид, аж ахуйн нэгж, байгууллага, нийт иргэдийн хамтын хүч оролцоог өргөжүүлэх удирдлага, төлөвлөлтийн илүү оновчтой тогтолцоо бүрдэх;
4/Улаанбаатарын чадавхийг бусад бүс нутгийн хөгжлийг түргэтгэхэд зохистой ашиглах, улмаар хотын эдийн засгийн бүтцийг орчинд ивээлтэй, оюуны багтаамж ихтэй дэвшилтэт технологи, зохион байгуулалт, үр ашигтай маркетингэд суурилсан компьютерийн программ, электроник, дизайн-урлаг, банк санхүү, аялал, жуулчлал, олон улсын худалдааг түлхүү хөгжүүлэх  хандлагаар шинэчлэн өөрчлөх урт хугацааны үйл явц эхлэх;
5/хөгжлийн тулгамдсан асуудлыг шийдэхэд Засгийн газар, Нийслэлийн Засаг дарга, хот, тосгоны захирагчид, аж ахуйн нэгж, байгууллага, нийт иргэдийн хамтын хүч оролцоог өргөжүүлэх удирдлага, төлөвлөлтийн илүү оновчтой тогтолцоо бүрдэх;
6/Улаанбаатарын чадавхийг бусад бүс нутгийн хөгжлийг түргэтгэхэд зохистой ашиглах, улмаар хотын эдийн засгийн бүтцийг орчинд ивээлтэй, оюуны багтаамж ихтэй дэвшилтэт технологи, зохион байгуулалт, үр ашигтай маркетингэд суурилсан компьютерийн программ, электроник, дизайн-урлаг, банк, санхүү, аялал, жуулчлал, олон улсын худалдааг түлхүү хөгжүүлэх хандлагаар шинэчилэн өөрчлөх урт хугацааны үйл явц эхлэх;
 7/Улаанбаатарын бүсэд, иргэд, байгууллага газрыг хэмнэлттэй үр өгөөжтэй өмчлөх, эзэмшихэд чиглэсэн эдийн засаг, нийгмийн харилцаа цаашид сайжирч, үүний үндсэн дээр хот байгуулалт, барилгажилтын үйл ажиллагааг илүү үр дүнтэй явуулах боломж бүрдэх;
8/Улаанбаатарыг эдийн засгийн бусад бүстэй холбосон дэд бүтцийн сүлжээ сайжирч, энэ нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, үйлчилгээний нутаг дэвсгэрийн оновчтой хоршилт, хослолыг хөгжүүлж нийслэл хот, аймгууд хоорондын зах зээлийн харилцааг зохистой болгох чиг хандлага тодорч эхлэх.
 
 
 
_______оОо________