- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН БАЙНГЫН ХОРООНЫ ДҮРЭМ
Монгол Улсын Их Хурлын 1993 оны
73 дугаар тогтоолын хавсралт
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН БАЙНГЫН
ХОРООНЫ ДYРЭМ
Нэгдүгээр бүлэг
Нийтлэг үндэслэл
1 дүгээр зүйл.Энэ дүрмийн зорилт нь Монгол Улсын Их Хурлын тухай хуульд заасны дагуу Улсын Их Хурлын Байнгын хороо /цаашид энэ дүрэмд “Байнгын хороо” гэх/-ны үндсэн болон тодорхой бүрэн эрх, тус бүрийн чиг үүрэг, ажлын зохион байгуулалт, үйл ажиллагааг тодорхойлоход оршино.
2 дугаар зүйл.Байнгын хороо нь Улсын Их Хурлын ажлын зохион байгуулалтын хэлбэр мөн. Байнгын хороо нь Улсын Их Хурлаар хэлэлцэх асуудал боловсруулах, Улсын ИХ Хуралд өргөн барьсан хууль, бусад шийдвэрийг урьдчилан хэлэлцэж санал, дүгнэлт, тогтоол гаргах, Улсын ИХ Хурлаас гаргасан хууль, бусад шийдвэрийн биелэлтэд хяналт тавих, түүнчлэн эрхлэх асуудлынхаа хүрээнд хяналт шалгалт хийх нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлнэ.
3 дугаар зүйл.Байнгын хорооны үйл ажиллагаа нь Монгол улсын ИХ Хурлын тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан зарчим, мөн Улсын Их Хурлын тасралтгүй ажиллагааг хангах, асуудлыг цөөнхийг хүндэтгэж, олонхиор шийдвэрлэх ил тод байх зарчимд үндэслэнэ.
4 дүгээр зүйл.Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан тооны Байнгын хороо байх бөгөөд Байнгын хорооны гишүүдийн тоо мөн зүйлийн З дахь хэсэгт зааснаар тодорхойлогдоно.
5 дугаар зүйл.Байнгын хорооны бүрэлдэхүүнийг Улсын Их Хурлын гишүүдийн саналыг үндэслэж намын бүлэг Улсын Их Хурлын даргатай зөвшилцөнө. Намын бүлэгт харьяалагдаагүй Улсын Их Хурлын гишүүн аль нэгэн Байнгын хороонд орох саналаа Улсын Их Хурлын даргад шууд өгнө.
Улсын Их Хурлын дарга Байнгын хорооны бүрэлдэхүүний талаархи саналаа Улсын Их Хуралд оруулан батлуулж, тогтоол гаргана.
Улсын Их Хурлын гишүүний Байнгын хорооны харьяаллыг солих, нөхөн сонгохдоо энэ зүйлд заасан журмыг баримтална.
6 дугаар зүйл.Улсын Их Хурал шаардлагатай гэж үзвэл Байнгын хорооны дотор тухайн Байнгын хорооны гишүүдээс бүрдсэн дэд хороо байгуулж болно. Дэд хороо нь тухайн байнгын хорооны үйл ажиллагааны тодорхой чиглэлийг эрхлэн хариуцаж, туслах үүрэгтэй.
7 дугаар зүйл.Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай саналыг Хурал, захиргааны байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, Улсын Их Хурлын чуулганы хуралдаанд оруулан шийдвэрлүүлнэ.
Хоёрдугаар бүлэг
Улсын Их Хурлын Байнгын хорооны
үндсэн болон тодорхой бүрэн эрх
8 дугаар зүйл.Байнгын хороо нь Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндсэн бүрэн эрхээс гадна тус тусын эрхлэх асуудлаар дараахь тодорхой бүрэн эрх эдэлнэ:
1/салбарын төрийн бодлогын чиглэлийг тодорхойлох;
2/хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах. Энэ зорилгоор ажлын хэсэг байгуулж ажиллуулах;
3/улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлийг тодорхойлох, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт санал, дүгнэлт өгөх;
4/улсын төсвийн төсөлд санал, дүгнэлт өгөх;
5/Ерөнхийлөгчийн хоригийг урьдчилан хэлэлцэж, саналаа Улсын Их Хуралд оруулах;
6/Yндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг урьдчилан хэлэлцэж саналаа Улсын Их Хуралд оруулах;
7/ард нийтийн санал асуулга явуулах тухай саналыг Улсын Их Хуралд оруулах;
8/эрхлэх асуудлынхаа хүрээнд Улсын Их Хурлаас томилогддог, сонгогдсон албан тушаалтны илтгэл, сонсголыг авч хэлэлцэх, мөн тэдгээрийг томилох, сонгох, огцруулах тухай санал дүгнэлт гаргах;
9/хууль, Улсын Их Хурлын болон бусад шийдвэрийн биелэлтийг дангаараа буюу мэргэжлийн байгууллагыг татан оролцуулж хянан шалгах.
Гуравдугаар бүлэг
Улсын Их Хурлын Байнгын хорооны
тусгай чиг үүрэг
9 дүгээр зүйл.Байгаль орчныг хамгаалах байнгын хороо:
1/газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал, агаар мандал болон байгалийн бусад баялаг;
2/ус цаг уурын албаны бодлого;
3/байгаль орчин, тогтвортой хөгжил байгалийн тэнцэл;
4/геологи, эрдэс, түүхий эдийн талаархи бодлого;
5/ашигт малтмал олборлолт, нефть, хими, металл боловсруулалтын бодлого;
6/геологи, уул уурхай, байгаль орчны төрийн хяналт.
10 дугаар зүйл.Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байнгын хороо:
1/боловсролыг хөгжүүлэх бодлого;
2/оюуны өмчийн эрх зүйн үндэс;
3/монгол хэл бичиг, үндэстний цөөнхийн хэл бичиг, соёл, урлаг, ёс заншлын талаархи баримтлах бодлого;
4/шинжлэх ухаан, технологийн бодлого;
5/соёл, урлагийн хөгжлийн бодлого;
6/ард түмний түүх, соёл, оюуны өвийг сэргээх, хамгаалах талаархи бодлого.
11 дүгээр зүйл.Гадаад бодлого, аюулгүй байдлын байнгын хороо
1/төрийн гадаад бодлого;
2/батлан хамгаалах бодлого;
3/улсын хилийн асуудал;
4/улсын аюулгүй байдлын асуудал;
5/иргэний хамгаалалтын асуудал;
6/Монгол Улсын иргэний харьяалал болон тус улсын иргэд гадаадад явах, гадаадын иргэд тус улсад зорчих, оршин суух тухай асуудал.
12 дугаар зүйл.Дотоод асуудлын байнгын хороо
1/Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийн асуудал ;
2/Улсын Их Хурлын гишүүний ёс зүй;
3/Улсын Их Хурлын гишүүний хөдөлмөр, ахуйн асуудал;
4/Улсын Их Хурал, намын бүлгийн болон улсын Их Хурлын гишүүний төсвийн хяналт;
5/Улсын Их Хурлын гишүүний орлогын мэдүүлэг;
6/Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн биелэлт;
7/Улсын Их Хурлын чуулгнаар нэмж хэлэлцүүлэх асуудал.
13 дугаар зүйл.Төсөв, санхүү, мөнгө, зээлийн бодлогын байнгын хороо
1/төрийн санхүү, зээл, албан татвар, мөнгөний бодлого;
2/улсын төсөв;
3/монголбанкны зохион байгуулалт үйл ажиллагаа.
14 дүгээр зүйл.Хурал, захиргааны байнгын хороо
1/төрийн эрх барих дээд болон гүйцэтгэх дээд байгууллага, Ерөнхийлөгчийн байгуулалт;
2/Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурлын сонгууль;
3/Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, хилийн цэс, түүний удирдлагын тогтолцоо, зохион байгуулалт, үйл ажиллагаа;
4/төрийн алба;
5/ард нийтийн санал асуулгын эрх зүйн үндэс;
6/төрийн бэлгэ тэмдэг, төрийн дууллын асуудал;
7/төр, сүм хийдийн харилцааны асуудал;
8/хэвлэл, мэдээллийн эрх зүйн үндэс;
9/нам, олон нийтийн байгууллагын харилцааны асуудал;
10/Улсын Их Хурлын дэргэдэх сургалт, эрдэм шинжилгээний байгууллага.
15 дугаар зүйл.Хууль зүйн байнгын хороо
1/Монгол Улсын эрх зүйн бодлого;
2/хүний эрх, эрх чөлөөг хангах төрийн бодлого;
3/шүүх, прокурор, мөрдөн байцаах, хорих байгууллагын асуудал;
4/өршөөл үзүүлэх асуудал, түүний эрх зүйн үндэс;
5/нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийн эрх зүйн үндэс;
6/хууль зүйн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэс;
7/эрүү, иргэн, захиргааны байцаан шийтгэх ажиллагааны эрх зүйн үндэс.
16 дугаар зүйл.Хүн ам зүй, эрүүл мэнд, хөдөлмөр, нийгэм хангамжийн байнгын хороо:
1/хүн амын бодлого;
2/хүн амын эрүүл мэндийг хамгаалах бодлого;
3/хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцаа;
4/нийгмийн даатгал, хангамж, халамж;
5/рашаан сувилал, нийтийн биеийн тамир, спорт.
17 дугаар зүйл.Хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо
1/мал аж ахуйн бодлого;
2/газар тариалангийн бодлого
3/хүнсний үйлдвэрлэл, хангамж, аюулгүй байдлын бодлого;
4/хөдөөгийн нийгмийн бодлого;
5/хөдөө аж ахуйн эдэлбэр газрын ашиглалтын бодлого;
6/усны бодлого.
18 дугаар зүйл.Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн бодлогын байнгын хороо:
1/эдийн засгийн гадаад, дотоод бодлого;
2/улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн жилийн үндсэн чиглэл;
3/үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжил;
4/төрийн өмчийн асуудал;
5/статистик;
6/бизнесийн асуудал.
19 дүгээр зүйл.Энэ дүрэмд заагдаагүй боловч Улсын Их Хурлын аль нэгэн байнгын хороонд зайлшгүй хариуцах шаардлагатай гэж үзсэн чиг үүргийг улсын Их Хурлын дарга тухайн Байнгын хороонд хуваарилан гүйцэтгүүлж болно.
Дөрөвдүгээр бүлэг
Их Хурлын Байнгын хорооны ажлын
зохион байгуулалт, үйл ажиллагаа
20 дугаар зүйл.Байнгын хорооны ажлын зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан мөн. Байнгын хорооны хуралдааныг долоо хоногийн лхагва, Бямба гаригт хийнэ. Улсын Их Хурлын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан тохиолдолд баасан гаригт, түүнчлэн Байнгын хорооны дарга шаардлагатай гэж үзвэл, тухайн өдрийн чуулганы хуралдааны дараа тус тус хуралдаан хийх болно. Улсын Их Хурлын даалгавраар Дотоод асуудлынб айнгын хороо чуулганы үеэр хуралдаан хийж болно.
21 дүгээр зүйл.Хуралдааныг Байнгын хорооны даргын товлосноор хийнэ. Тухайн Байнгын хорооны гишүүдийн олонхи шаардсанаар, эсхүл Улсын Их Хурлын дарга, дэд даргын санал болгосноор Байнгын хорооны хуралдааныг хийж болно.
22 дугаар зүйл.Хуралдааныг Байнгын хорооны бүх гишүүдийн дийлэнх олонхи хүрэлцэн ирснээр хүчин төгөлдөрт тооцно. Хуралдаанд тухайн Байнгын хорооны гишүүн бус Улсын Их Хурлын гишүүд зөвлөх эрхтэй оролцоно.
23 дугаар зүйл.Хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хууль болон энэ дүрэмд заасан Байнгын хорооны бүрэн эрхэд хамаарах асуудал, түүнчлэн Улсын Их Хурлаас даалгасан бусад асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ.
24 дүгээр зүйл.Байнгын хорооны хуралдаан болох газар, цагийг З хоногийн өмнө Улсын Их Хурлын гишүүдэд мэдэгдэнэ. Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх хууль, бусад шийдвэрийн төсөл, баримт бичгийг Улсын Их Хурлын гишүүдэд дээрх хугацаанд тараана.
25 дугаар зүйл.Байнгын хорооны хуралдаанд дор дурдсан журмыг баримтална:
1/хуралдааныг Байнгын хорооны дарга нээж, хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг Байнгын хорооны гишүүд зөвшөөрч байгаа эсэхийг шийдсэний үндсэн дээр хэлэлцэх асуудлыг тодотгож, төлөвлөгөөнд орсон дарааллын дагуу нэг асуудлыг хэлэлцэж дуусаад дараагийнхыг хэлэлцэнэ;
2/хууль санаачлагч болон асуудал оруулж байгаа албан тушаалтны илтгэл сонссоны дараа байнгын хорооны гишүүд асуулт тавьж хариулт авна. Илтгэл, сонсгол тавих хугацаа 20 минутаас илүүгүй байна;
3/асуулт, хариулт дууссаны дараа гишүүд санал гаргана. Санал гаргаж, үг хэлэх хугацаа 7 минутаас хэтрэхгүй байна;
4/асуулт, хариулт, санал нь зөвхөн хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой товч тодорхой байна;
5/хуралдаан даргалагч хэлэлцэж байгаа асуудлын талаар гарсан саналыг нэгтгэн дүгнэж, тодорхой томъёоллоор санал хураалт явуулна;
6/тухайн асуудлаар санал хураалт явуулсны дараа цөөнх болсон гишүүд тайлбар хэлж дахин санал хураалт явуулж болно. Санал хураалтад нэг томъёолол 2 удаа олонхийн дэмжлэг авсан бол уг томъёолол батлагдсанд тооцно. Харин 2 дахь удаа олонхийн дэмжлэг аваагүй бол тайлбар хэлж, 2 дахь санал хураалтад олонхийн дэмжлэг авсан томъёоллоор дахин нэг удаа санал хураалт явуулж олонхийн санал авсан томъёоллоор уг томъёолол батлагдсанд тооцно.
26 дугаар зүйл.Байнгын хороо Улсын Их Хуралд хэлэлцүүлэх хууль, Улсын ИХ Хурлын бусад шийдвэрийн төслийн талаар санал дүгнэлт, төслийг хууль санаачлагчид буцаах, ажлын хэсэг байгуулах болон зохион байгуулалтын чанартай бусад асуудлаар тогтоол гаргана. Санал дүгнэлт, тогтоолыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон нийт гишүүний олонхийн саналаар батална. Цөөнхийн саналыг санал дүгнэлтэд тусгайлан хавсарган. Тухайн асуудлаар Байнгын хорооны гишүүдийн санал тэнцвэл хуралдаан даргалагчийн саналаар дахин санал хураалт явуулна.
27 дугаар зүйл.Хуралдааны явцыг баримтжуулах ажлыг Тамгын газар эрхлэн гүйцэтгэх бөгөөд хуралдааны явцын тэмдэглэлийг гараар болон соронзон хальсанд тэмдэглэнэ. Шаардлагатай гэж үзвэл хуралдааны явцын тлаар дуутай дүрс бичлэг хийж болно.
28 дугаар зүйл.Байнгын хороо нь хэтийн болон жилийн төлөвлөгөөтэй ажиллана. Хэтийн төлөвлөгөөг Байнгын хорооны хуралдаанаар батална.
29 дүгээр зүйл.Байнгын хороо хяналт шалгалт хэрэгжүүлэхдээ дараахь журмыг баримтална:
1/Байнгын хороо эрхлэх асуудлаараа төрийн тодорхой байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт шалгалт явуулна. Түүнчлэн Улсын ИХ Хурлын даалгавраар буюу түүний зөвшөөрлөөр хуулийн биелэлтийг улсын хэмжээнд хянан шалгаж болно;
2/хяналт шалгалтад Улсын Их Хурлын гишүүд, төрийн хяналтын байгууллагын ажилтан, мэргэжилтнийг татан оролцуулна;
3/хяналт шалгалтын дүнг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, цаашид авах арга хэмжээг тодорхойлно. Шаардлагатай гэж үзвэл Улсын Их Хуралд танилцуулж шийдвэр гаргуулна.
30 дугаар зүйл.Байнгын хороог Улсын Их Хурлаас 1 жилийн хугацаатай сонгогдсон дарга толгойлно. Байнгын хорооны даргыг улируулан сонгож болно.
Байнгын хорооны дарга түр эзгүйд Улсын Их Хурлын дарга шаардлагатай гэж үзвэл, түүний үүргийг аль нэг гишүүнээр гүйцэтгүүлэхээр захирамж гаргаж болно. Харин Байнгын хорооны дарга 7 хоногоос дээш хугацаагаар эзгүй байх тохиолдолд Улсын Их Хурлын дарга түүний үүргийг аль нэг гишүүнд хариуцуулж захирамж гаргана. Захирамжийг Улсын Их Хурлын нийт гишүүдэд танилцуулна.
31 дүгээр зүйл.Байнгын хорооны дарга дараахь ажлыг эрхэлнэ:
1/Байнгын хорооны хуралдааны бэлтгэлийн ажлыг зохион байгуулж, хуралдааны бэлтгэлийг хангуулах;
2/Байнгын хорооны нэрийн өмнөөс бусад байгууллагатай харьцах;
3/Байнгын хорооны ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцан тайлагнах;
4/Байнгын хорооны ажлын аппарат болон тодорхой төслийг боловсруулахаар Байнгын хорооноос байгуулсан ажлын хэсгийн ажлыг уялдуулан зохицуулах;
5/Байнгын хорооны гишүүдийн саналыг үндэслэн тэдэнд ажил хуваарилах;
6/Байнгын хорооны тогтоолд гарын үсэг зурж ёсчлох.
32 дугаар зүйл.Байнгын хорооны гишүүн нь Байнгын хорооны эрхлэх асуудлын чиглэлээр өөрт нь хариуцуулсан ажил үүргийг биелүүлж, үүний тулд Байнгын хороо, Улсын Их Хурлын удирдлагаас зохих дэмжлэг туслалцаа авах эрхтэй.
33 дугаар зүйл.Байнгын хорооноос энэ дүрэмд заасан үүрэгт ажлаа явуулахад Улсын Их Хурлын Тамгын газар мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлнэ.
Текст томруулах
A
A
A