A

A

A

Бүлэг: 1979
Монгол Улсын Их Хурлын 1996 оны
73 дугаар тогтоолын хавсралт
 
ТӨРӨӨС МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТАЛААР
1997 ОНД БАРИМТЛАХ ЧИГЛЭЛ
 
 
            Төрөөс 1997 онд баримтлах мөнгөний бодлогын үндсэн зорилт нь дотоодын үнийн өсөлтийг бууруулж, төгрөгийн худалдан авах чадварыг цаашид тогтворжуулах явдал мөн. Энэхүү зорилтын хүрээнд хэрэгжүүлэх бодлогын чанартай арга хэмжээнүүд нь зах зээлийн харилцааны зарчим, банкны хууль тогтоомжийн үзэл санаад нийцэж, макро эдийн засгийн бусад бодлоготой уялдахын зэрэгцээ банкны бүтэц, тогтолцоог өөрчлөн сайжруулах, санхүү, зээлийн сахилгыг дээшлүүлэх замаар хадгаламж эзэмшигч, харилцагчдын банкны системд итгэх итгэлийг бэхжүүлэхэд чиглэгдэнэ.

НЭГ. Мөнгөний нийлүүлэлтийн талаар

 
            Мөнгөний бодлогын шууд болон шууд бус арга хэрэгслүүдээр дамжуулан нөөц мөнгө, нийт мөнгөнд нөлөөлөх замаар мөнгөний нийлүүлэлтийг нь зохицуулж, нийт мөнгөний жийлийн өсөлтийг 26 хувиас хэтрүүлэхгүй байна. Мөнгөний бодлогын арга хэрэгслүүдийн хоорондын уялдаа холбоог сайжруулан үр нөлөөг нь дээшлүүлнэ.
 
            Мөнгөний нийлүүлэлтийг зохицуулах, банктай харилцагчдын эрх ашгийг хамгаалах зорилгоор заавал байлгах нөөцийн доод хэмжээг зохистой тогтоож, банк түүнийг тогтмол хангаж байх шаардлагыг хэвшүүлнэ.
 
            Төв Банкнаас нөөц мөнгийг удирдах зорилтод нийцүүлэн үнэт цаасыг үргэлжлүүлэн гаргаж, түүнийг Засгийн газрын үнэт цаасны арилжаатай уялдуулан зохицуулж ажиллана.
 
            Төв Банкнаас олгох зээлийн хэмжээг банкуудын зээлжих чадварын хязгаарт багтаан тогтоож түүнийг хатуу мөрдөх бөгөөд дахин санхүүжилтийн болон хямдруулалтын зээл нь банкуудын түр хугацааны эх үүсвэрийн хэрэгцээнд зориулан олгох зээлийн үндсэн хэлбэр байх болно. Төв банкнаас эцсийн зээлдүүлэгчийн хувьд олгох зээл нь бүрэн баталгаажсан байх, бүтцийн өөрчлөлтийн дагуу зохих арга хэмжээ авч үр дүнд хүрсэн банкинд хуваарилах зарчим баримтална.
 
            Монголбанкнаас шаардлагатай гэж үзсэн зарим банкинд тэдний зээлийн эх үүсвэр, санхүү төлбөрийн чадварыг харгалзан зээлийн өрийн үлдэгдэлд нь хязгаар тогтооно.
            Иргэдийн мөнгөн хадгаламжийг хамгаалах оновчтой тогтолцоог бий болгох арга хэмжээ авч эхэлнэ.

ХОЁР.Банкны системийн бүтэц, тогтолцоог өөрчлөх талаар

 
            1997 онд төрөөс банкны системийн бүтэц тогтолцоог өөрчлөн сайжруулах арга хэмжээ нь харилцагчдын банкинд итгэх итгэлийг даруй бэхжүүлж улмаар зах зээлд үндэслэсэн санхүүгийн нөөцийг үр ашигтай хуваарилах механизмыг бүрдүүлэхэд чиглэнэ.
 
            Банкны тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, олон улсын санхүүгийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж буй төслийн хүрээнд Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкнаас авах зээл туслалцааг зориулалтын дагуу үр ашигтай зарцуулахад чиглүүлэн банкуудын санхүү, төлбөрийн чадварыг сайжруулж, өөрийн хөрөнгийг сэргээн нэмэгдүүлэхэд чиглэсэн бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээнүүдийг бодитой хэрэгжүүлнэ.
 
            Хуучин тогтолцооноос шилжиж ирсэн болон Засгийн газрын шийдвэрээр олгосон төлөгдөх найдваргүй өрийг зах зээлийн хүүтэй Засгийн газрын үнэт цаасаар сольж, түүний төлбөр, хүүг төсөвт тусгах замаар арилжааны банкуудад төлж, төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг сайжруулах, төлбөрийн чадвар муудсан банкуудын активын хэмжээг бууруулах, бусдад худалдах, удирдлагыг нь өөрчлөх, банкуудын өмчлөлийг шинэчлэн тогтоох, дотоод хяналтыг өндөржүүлэх, банк хоорондын мэдээллийн системийг хөгжүүлэх, үйл ажиллагаа явуулах хууль зүйн орчинг сайжруулах зэрэг болно. Банкуудаар дамжин хийгдэж байгаа төсвийн төлбөр тооцоо, санхүүгийн үйлчилгээг төлбөртэй болгож ашигт ажиллагааны түвшинг нэмэгдүүлнэ.
 
            Банкнаас зээл олгох, баталгаа гаргах, хөрөнгө оруулалт хийхэд хуулиар тогтоосон хязгаарлалтуудыг хатуу мөрдүүлнэ. Банкны худалдан авсан Засгийн газрын бондын хэмжээ нь нийт активын 15 хувиас хэтрэхгүй байхаар хязгаар тогтооно.
 
            Банкны бус санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагааг зохицуулах эрх зүйн тогтолцоог бий болгох зорилгоор тэдгээрийг байгуулах зөвшөөрөл олгох, үйл ажиллагаагаа эрхлэх, хязгаарлалт хийх, хяналт тавих, зөвшөөрөл цуцлах журмыг боловсруулж мөрдөнө.
 
ГУРАВ. Зээл хүүгийн бодлогын талаар
 
            Монголбанкнаас арилжааны банкинд олгох зээлийн хүү, гаргах үнэт цаасны дээд хүүг үнийн өөрчлөлт, зах зээлийн хүүгийн түвшинд үндэслэн тухай бүр өөрчлөн тогтоож байна.
 
            Банк бүр чөлөөт эх үүсвэр, өөрийн хөрөнгө, төлбөрийн чадвар, зээлийн эрсдэлийн зохистой харьцааны шаардлага, үйл ажиллагааны онцлогтоо нийцүүлэн зээлийн бодлого боловсруулж мөрдөнө.
 
            Зээлийн чанарыг сайжруулах, эрсдэлийг бууруулах арга хэмжээ авахын зэрэгцээ томоохон хэмжээний, үр ашигтай төслүүдийг санхүүжүүлэх нөхцөлийг сайжруулах зорилгоор банкны хамтын зээлжүүлэлт, түрээсийн зээл, ажил үйлчилгээний баримтаар баталгаажих зээл зэрэг санхүүжилтийн шинэ хэлбэрүүдийг дэмжинэ. Зээл эргэж төлөгдөх эрх зүйн орчинг бүрдүүлнэ.  
 
            Санхүүгийн сахилгыг дээшлүүлэх ажлын хүрээнд төлөгдөх хугацаа нь хэтэрсэн зээлийг төлүүлэхэд банк, санхүү, хууль хяналтын байгууллагууд хамтран шаардлагатай бүх арга хэмжээг авна.
 
            Банкууд зээлийн багцыг зөв ангилж, бүртгэлд бодит байдлаар тусгахын зэрэгцээ зээл төлөгдөхөд учирч болзошгүй алдагдлаас хамгаалах санг зохих журмын дагуу бүрэн байгуулна. Зээлийн мэдээллийн нэгдсэн санг Монголбанкин дээр бий болгоно.
 
ДӨРӨВ.Валютын бодлогын талаар
 
            Төгрөгийн гадаад валютаар илэрхийлэгдэх нэгдсэн ханш зах зээл дээр үйлчлэх зарчмыг удирдлага болгох бөгөөд ханшийг бодитой, харьцангуй тогтвортой байлгах зорилтын хүрээнд шаардлагатай арга хэмжээг Засгийн газар, Монголбанкнаас авч хэрэгжүүлнэ.
 
            ОУВС-ийн тухай хэлэлцээрийн 8 дугаар зүйлд Монгол Улс нэгдсэнтэй уялдаж, гадаад төлбөрийн тооцоог хугацаанд нь гүйцэтгэж, хугацаа хэтэрсэн өргүй байх, олон ханшийг халах болно.
 
            Улсын валютын нөөцийг гадаад зах зээл дээр үр ашигтай байршуулах, гадаад валютын банк хоорондын зах зээлийн үйл ажиллагааг жигдрүүлэх, улмаар түүнийг өргөжүүлэх замаар валютын цэвэр нөөцийг нэмэгдүүлж оны эцэст 62,5 сая ам.долларт хүргэнэ. Жил бүр нэмэгдэж буй алтны үйлдвэрлэлийн гадаад цэвэр нөөц болон дотоодын санхүүгийн зах зээл, валютын ханшид нөлөөлөх нөлөөллийг судалж, алт худалдан авах, худалдах санхүүгийн шинэ арга хэрэгслүүдийг нэвтрүүлнэ.
 
            Банк хоорондын зах зээл дээр валютын арилжааг зохион байгуулах журмыг боловсруулан мөрдөж, валютын арилжааны үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулна.
 
ТАВ.Банкны бүртгэл, төлбөр тооцооны талаар
 
            Банк хоорондын цахим сүлжээний найдвартай ажиллагааг хангаж, харилцан суутгах тооцооны зарчмыг хэрэгжүүлнэ.
 
            Нийтээр даган мөрддөгбүртгэлийн зарчим, олон улсын жишгийг нэвтрүүлэх ажиллагааг эрчимжүүлж, Төв Банк болон арилжааны банкуудын нягтлан бодох, бүртгэлийн тайлангийн системийг боловсронгуй болгоно.
 
            Банкны үйл ажиллагааг бодитойгоор үнэлж, нийтэд мэдээлэхэд хөндлөнгийн хяналтын байгууллагын үүргийг тодорхой болгож хөгжүүлнэ.
 
-----------------000------------