- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 2008-2010 ОНЫ ДУНД ХУГАЦААНЫ ЗОРИЛТУУД
Улсын Их Хурлын 2007 оны 07 дугаар
сарын 27-ны өдрийн 54 дугаар
тогтоолын 2 дугаар хавсралт
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 2008-2010 ОНЫ ДУНД ХУГАЦААНЫ ЗОРИЛТУУД
Монгол Улсын Засгийн газар дунд хугацаанд эдийн засгийн өсөлтийг эрс нэмэгдүүлэх, макро эдийн засгийн тогтвортой байдлыг бататгах, инфляцийг зохистой түвшинд байлгах, улсын болон хувийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн хэрэглээг урамшуулах, уул, уурхайн салбарын хөгжлийг түргэтгэх замаар эдийн засгийн тэлэх бодлого баримтална. Эдийн засгийн бодлого нь өсөлтийг урамшуулж, төсвийн орлого, гадаад зээлийн ашиглалтыг зохистой нэмэгдүүлэн, нийгмийн бодлого, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх замаар ард иргэдийнхээ амьжиргааны түвшинг дээшлүүлж сайн сайхан аж байдлыг хангах, ядуурал, ажилгүйдлийг бууруулах зорилтыг хангахад чиглэгдэж байна.
Нэг. Макро эдийн засгийн тогтвортой байдлыг хадгална.
1.1.Эдийн засгийн бодит өсөлтийг дунд хугацаанд 8.7-14.6 хувиас бууруулахгүй байх.
1.2.Инфляцийн түвшинг дунд хугацаанд 5 хувиас хэтрүүлэхгүй байлгах зохицуулалтыг Монголбанктай хамтран хэрэгжүүлэх.
1.3.Төлбөрийн тэнцлийн урсгал тэнцлийн алдагдлыг багасгаж гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх.
1.4.Санхүүгийн салбарыг эрсдлээс хамгаалах механизмыг бүрдүүлэх, даатгалын тогтолцоог боловсронгуй болгох, санхүүгийн тайлангийн олон улсын стандартыг нэвтрүүлэх.
Хоёр. Төсвийн тогтвортой байдлыг хадгална.
2.1.Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх төсвийн орлого, зарлагын харьцааг бууруулах зарчим баримтлах.
2.2.Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг эдийн засгийн өсөлт, инфляцитай уялдуулан жил бүр 20 хувиас багагүй хэмжээгээр нэмэгдүүлэх.
2.3.Хөнгөлөлттэй зээлийг авто замын сүлжээг хөгжүүлэх, эрчим хүчний шинэ эх үүсвэр барьж байгуулах, импортын нефть бүтээгдэхүүнийг орлуулах бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хот, суурин газрын агаарын бохирдлыг багасгахад чиглэгдсэн бүтээн байгуулалтын ажилд түлхүү ашиглах.
2.4.Уул, уурхайн салбарын орлогоос Монгол Улсын хүртэх хувийг хөрөнгө оруулагч болон Монгол Улсын ашиг сонирхолд харилцан нийцтэй байхаар тогтоож, хуримтлуулан зарцуулах.
Гурав. Бодит салбарын хөгжлийг эрчимжүүлж, эдийн засагт үзүүлэх нөлөөг нэмэгдүүлнэ.
3.1.Мянганы зам болон Азийн авто замын сүлжээнд холбогдох нэгдсэн авто зам барих ажлыг эрчимжүүлэх.
3.2.Хувийн хэвшлийн хөгжлийг эдийн засгийн бүхий л хөшүүргээр дэмжих, шинжлэх ухаан технологийн дэвшлийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, технологийн шинэчлэл хийх, шинэ технологид тулгуурласан үйлдвэрлэл, бүтээгдэхүүн бий болгохыг дэмжих.
3.3.Улсын болоод хувийн хэвшлийн хамтарсан хөрөнгө оруулалттай үйлдвэр, аж ахуйн нэгж байгуулах замаар хувийн хэвшлийн бизнесийн үйл ажиллагааг дэмжих.
3.4.Усалгаатай газар тариалангийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, хүн амыг ундны цэвэр усаар хангах ажлын хүрээнд хөдөө орон нутагт инженерийн худаг гаргах ажлыг өргөжүүлэх.
3.5.Бэлчээрийн мал аж ахуйн уламжлалт арга ажиллагааг боловсронгуй болгож, эрчимжсэн мал аж ахуйг бүсчлэн хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх замаар чанартай, аюулгүй түүхий эд, экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хүнсний хангамжийг сайжруулах.
3.6.Бүх айл, өрхийг цахилгаан эрчим хүчний эх үүсвэртэй болгох, тээврийн дэд бүтцийг сайжруулахад улсын хөрөнгө оруулалтыг түлхүү чиглүүлэх.
3.7.Нүүрсэнд боловсруулалт хийж хорт хийн агууламжийг багасгах, түлшинд хэрэглэх технологийг нэвтрүүлж агаарын бохирдлыг бууруулах.
3.8.Дөчин мянган айлын орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотын төвийн гэр хорооллуудыг олон нийтийн оролцоотойгоор дахин төлөвлөлт хийх замаар орон сууцны хороолол болгон төвлөрсөн инженерийн хангамжид холбох, бүсийн тулгуур төвүүдийн дулаан, цэвэр, бохир усны шугам сүлжээ, инженерийн байгууламжуудад иж бүрэн шинэчлэлт хийж, эх үүсвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх.
Дөрөв.Уул уурхайн салбарт баримтлах бодлого нь улсын хөгжлийн стратеги, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдана.
4.1.Уул, уурхайн салбараас улсын төсөвт орох орлогыг цаашид эдийн засгийн өндөр өсөлтийг хангах арга хэрэгсэл болгож ашиглах.
4.2.Эрдэс баялгийн салбарыг зөв зохистой хөгжүүлж, түүний эдийн засаг, улсын төсөвт оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэн уул уурхайн салбарын орлогын эзлэх хувийг 2008-2010 онд ойролцоогоор 30-40 хувьд хүргэн Монгол Улсын хөгжлийн санг бүрдүүлэх.
4.3.Экспортод гаргаж буй эрдэс баялгийн бүтээгдэхүүний үнийг дэлхийн жишигт ойртуулж, зөв гольдролд оруулах.
4.4.Шинээр ашиглалтад орохоор төлөвлөгдөж буй Дорнод аймгийн Улааны хар тугалга цайрын орд, Сэлэнгэ аймгийн Гацууртын алтны ордыг 2008 онд, Оюу-толгойн зэсийн ордын ил уурхайн хэсэг, Таван толгойн нүүрсний ордыг 2010 онд тус тус ашиглалтад оруулах.
Тав. Нийгмийн эмзэг хэсэгт түлхүү хандсан, ядуурлыг бууруулах, хүний хөгжлийг хангахад чиглэсэн бодлогыг хэрэгжүүлнэ.
5.1. Улсын төсвөөр дамжин хүн амд хуваарилагдах орлогын хэмжээг нэмэгдүүлж, үр ашгийг дээшлүүлэх.
5.2.Гадаадын буцалтгүй тусламжийн хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр гадаад түншүүдтэй идэвхитэй хамтран ажиллах.
5.3.Дархлаажуулалтыг эрчимжүүлэх, ХДХВ, ДОХ, сүрьеэгээс сэргийлэх, сургууль, соёлын байгууллагуудын хүртээмж, нөхцөлийг сайжруулах, мэргэжлийн сургалтын байгууллагуудыг бий болгоход гадаад тусламжийн зарим хэсгийг ашиглах.
5.4.Хүүхэд, эхчүүдийн хоол, тэжээлийн дутагдлыг арилгах, хүүхдийн өсөлт, оюуны чадамжийг сайжруулах, сургуульд хамрагдалтыг нэмэгдүүлэх, эх, нялхсын эндэгдлийг багасгахад чиглэсэн хөтөлбөрүүдийг дэмжих.
5.5.Хүн амын өсөлтийг урамшуулах, хөдөлмөрийн зах зээлийг үр ашигтай зохицуулах, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг хөгжүүлэх замаар зохистой хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, нийгмийн даатгалын тогтолцоог боловсронгуй болгох, нийгмийн халамж, асрамжийн үйлчилгээний чанар, хүртээмж, үр ашгийг сайжруулах.
5.6.Ерөнхий боловсролын сургуулийн сургалтыг 12 жилийн тогтолцоонд шилжүүлэх, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцүүлэн мэргэжлийн сургалтын төвүүдийг шинэ тоног төхөөрөмж, техник хэрэгслээр тоноглож, сургалтын орчинг шинэчлэх.
5.7.Хүүхэд залуучуудын бие бялдрыг хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд зориулсан спорт, соёлын байгууллагын материаллаг баазыг сайжруулах.
5.8.Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2006 оны 304 дүгээр зарлигаар батлагдсан "Зэвсэгт хүчний байгуулалтыг 2015 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх.
Зургаа. Төрийн үйлчилгээний чанар, хүртээмж, үр дүнг сайжруулна.
6.1.Төрийн захиргааны болон төсөвт байгууллагуудын үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулсан байдалтай уялдуулан үр дүнгээр санхүүжүүлэх бодлогыг үргэлжлүүлэх.
6.2.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн бүтцийг үе шаттай боловсронгуй болгох, орон нутгийн бие даасан байдлыг хангах, нутгийн захиргааны байгууллагын материаллаг баазыг бэхжүүлэх.
6.3.Төсөвт байгууллагуудын ажил, үйлчилгээний чанар, хүртээмжид төрийн хяналтын байгууллагаас илүүтэйгээр төрийн бус байгууллагууд, олон нийтийн хяналтыг нэмэгдүүлэх, ил тод байлгах бодлогыг баримтлах, төрийн зарим ажил, үйлчилгээг төрийн бус байгууллагаар гэрээгээр гүйцэтгүүлэх ажлыг өргөжүүлэх.
------------оОо-----------
Текст томруулах
A
A
A