A

A

A

Бүлэг: 1979
ҮТЕГ-ын даргын 2000 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 100 тоот тушаалын 1 дүгээр хавсралт
 
Зарим  төслийн үйл ажиллагаанд зориулан худалдаж авсан барааг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх түр журам
 
                                    Нэг. Ерөнхий зүйл
 
            «Зарим бараанд нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн зарим заалтыг хамааруулахгүй байх тухай» 2000 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн Монгол улсын хууль болон татварын хууль, тогтоомжинд зааснаас өөр журам тогтоосон олон улсын гэрээгээр хүлээсэн үүргийг ханган биелүүлэх зорилгоор дотоодын зах зээлээс худалдан авсан барааг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхөд энэхүү журмыг мөрдөнө.
 
                                    Хоёр. Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх
            2.1. Энэ журмын 1 дэх хэсэгт дурьдагдсан хууль болон гэрээний дагуу хэрэгжих  төслийн үйл ажиллагаанд зориулж татварын албанд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлсэн аливаа этгээдээс Монгол улсын нутаг дэвсгэр дээр худалдан авсан барааг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх асуудлыг ҮТЕГ-ын Татвар хяналтын газар /цаашид ТХГ гэх/ энэхүү журмын дагуу шийдвэрлэнэ. Энэ хэсэгт заагдсан «бараа» гэдэгт Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-д заасан «мөнгөнөөс бусад бүх төрлийн хөдлөх үл хөдлөх хөрөнгө»-ийг ойлгоно.
            2.2. Энэ журамд хамаарагдах төсөл аймагт хэрэгжих тохиолдолд журмын 2.1-д заагдсан ТХГ-ын гүйцэтгэх үүргийг тухайн аймгийн татварын хэлтэс гүйцэтгэнэ.
            2.3. Гадаад улсын Засгийн газар, төрийн бус байгууллага, олон улсын болон буяны байгууллагын буцалтгүй болон хүмүүнлэгийн тусламжаар импортолсон барааг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх асуудлыг Гаалийн байгууллага хариуцна.
            2.4. Энэ журмын дагуу эдлэх нэмэгдсэн өртгийн албан татварын чөлөөлөлт нь зөвхөн татварын албанд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэгдсэн аж ахуйн нэгж, байгууллагаас авсан бараанд хамаарна.
            2.5. Татварын чөлөөлөлтийг дор дурьдсаны дагуу эдлүүлнэ.
            2.5.1. ТХГ нь төслийг хариуцан хэрэгжүүлэгчээс ирүүлсэн гэрээ, уг төслөөр гүйцэтгэгдэх ажлын төсөв, үүнд зориулан Монгол улсын нутаг дэвсгэрт худалдан авах барааны жагсаалт зэргийг үндэслэн, төсөл тус бүр дээр тусгай дугаар бүхий карт нээж бүртгэнэ. Үүний үндсэн дээр төслийг хэрэгжүүлэх ажлыг гардан хариуцах гадаадын улс, олон улсын болон хүмүүнлэгийн байгууллагаг, тэдгээрийн  төлөөлөгчийн газар, эсвэл уг байгууллагын нэрийн өмнөөс төслийг Монголд хэрэгжүүлэх Монголын байгууллагад тусгай тэмдэглэл, дугаар бүхий «Нэмэгдсэн өртгийн албан татварын падаан»-ыг олгоно.
            2.5.2. Энэ журмын 2.3.1-д заасан төслийг хариуцан хэрэгжүүлэгч гэдэгт  төслийг хэрэгжүүлэгчээр томилогдсон гадаад орны байгууллагаг, түүний Монгол дахь төлөөлөгчийн газар, мөн түүнчлэн Монгол улсын Засгийн газар болон салбарын яамнаас төслийг хэрэгжүүлэгчээр томилсон Монголын байгууллагыг хамааруулна.
            2.5.3. Төсөл хариуцан хэрэгжүүлэгч нь Монголын зах зээлээс төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах барааг худалдан авахдаа бэлтгэн нийлүүлэгчээр энэ журмын 2.4.1-д дурьдсан падааныг нэмэгдсэн өртгийн албан татваргүй үнээр бичүүлж төллбөрийг татваргүй үнээр хийснээр татвараас чөлөөлөгдөнө.
            2.5.4. Энэ журамд заагдсан төсөл хэрэгжүүлэгчид бараагаа борлуулсан нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч нь төсөл хэрэгжүүлэгчээс авч бичсэн падааны дагуу уг падааны үнийн дүнгээр Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн маягтын 7 дугаар мөр буюу «Тухайн сарын 0 хувьтай борлуулалт» гэсэн хэсэгт бичиж тайлагнана.
            2.5.5. Энэ журмын 2.4.1-д заасны дагуу төтсөл хэрэгжүүлэгчээс ирүүлсэн гүйцэтгэх ажлын төсөвт тусгагдсан Монгол улсын нутаг дэвсгэрт худалдан авах барааны тоо, хэмжээнээс хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр илүү худалдаж авсан барааг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхгүй. Энэ хэсэгт дурьдагдсан хүндэтгэн үзэх шалтгааныг төсөл хэрэгжүүлэгчийн хүсэлтийн дагуу холбогдох мэргэжлийн байгууллагаас гаргасан дүгнэлтийг үндэслэн татварын алба тухай бүр шийдвэрлэнэ.
 
                                    Гурав. Төсөл хэрэгжүүлэгчийн үүрэг
            3.1. Төслийг хэрэгжүүлэгч дор дурьдсан үүргийг биелүүлнэ.
            3.1.1. Төслийн хөрөнгөөр гүйцэтгэх ажлын төсөв, уг ажилд зориулан дотоодын зах зээлээс худалдан авах барааны нэр, тоо хэмжээг ажлын боъект бүрээр гаргаж ТХГ-т ирүүлнэ.
            3.1.2. Татварын байгууллагаас өгсөн падааныг бараа худалдан авах тухай бүрдээ бичүүлэх ба тухайн сард худалдаж авсан барааны тайланг батлагсдан маягтын дагуу гаргаж, бичигдсэн падааны хамт дараа сарын 5-ны дотор ТХГ-т тушаана.
            3.1.3. Төсөл хэрэгжүүлэгч падааныг бэлтгэн нийлүүлэгчээр бичүүлэхдээ түүнд  байгаа мэдээллүүдийг заавал бүрэн бичүүлнэ. Падаанд байгаа борлуулагч болон худалдан авагчийн бүртгэлийн дугаар нь тэдгээрийн улсын бүртгэлийн /аж ахуйн нэгжийн гэрчилгээний/ дугаар болно.
 
                                    Дөрөв. Хяналт тавих, хариуцлага хүлээлгэх
4.1. Нэмэгдсэн өртгийн албан татварын падаан нь 2 хувь байх бөгөөд 1 дүгээр /цэнхэр/ хувийг төсөл хэрэгжүүлэгч авч, 2 дугаар /улаан/ хувийг бэлтгэн нийлүүлэгчид өгнө.
 
4.2. ТХГ энэ журмын 3 дугаар зүйлийн 3.1.2-д заасны дагуу гаргаж ирүүлсэн тайланг шалгаж баталгаажуулсаны үндсэн дээр падаануудыг төсөл хэрэгжүүлэгчид  буцаан өгнө.
4.3. Төсөл хэрэгжүүлэгчийг тайлан ирүүлснээс хойш ажлын 5 хоногийн дотор төсөл хэрэгжүүлэгчид бараа борлуулсан нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн харьяалагдах татварын албанд холбогдох мэдээллийг дамжуулах бөгөөд уг мэдээллийн дагуу тухайн татавр төлөгчийн тайланд борлуулалт үнэн зөв тусгагдсан  эсэхэд хяналт тавина. Тайланд тусгагдсан борлуулалт зөрүүтэй тохиолдолд орон нутгийн татварын албад түүнийг шалгаж баталгаажуулан дүгнэлт гаргаж ТХГ-т ирүүлнэ.
4.4. ТХГ энэ журмын 4.3-д зааснаар орон нутгийн татварын албадаас ирүүлсэн мэдээллийн дагуу төсөл хэрэгжүүлэгч болон бэлтгэн нийлүүлэгчийн падаануудыг тулган шалгана. Шалгалтаар татварын илүү чөлөөлөлт эдлэх, бага татвар төлөх зорилгоор падааныг засварласан, хуурамч падаан бичсэн нь тогтоогдвол татвар ногдох орлогоо санаатайгаар нуусан гэж үзэн Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасан хариуцлагыг буруутай этгээдэд хүлээлгэнэ.