- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- ТАТВАРЫН ДАВХАР ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙХ ЖУРАМ
Үндэсний Татварын Ерөнхий Газрындаргын 2001 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 71 дүгээр тушаалын хавсралт
ТАТВАРЫН ДАВХАР ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙХ ЖУРАМ
Нэг. Ерөнхий зүйл
1.1. Монгол Улсын Татварын хуулиудыг хэрэгжүүлэх ажиллалгааг шинэ шатанд гаргах, татварын улсын байцаагчдын үйл ажиллагааг сайжруулах, тэдний ёс зүйн хэм хэмжээг чанд сахиулах, татвар ногдуулалт, төлөлтөд тавих хяналтыг чангатгах, татварын өр барагдуулах, далд эдийн засгийн нуугдмал орлогыг илрүүлж татварт хамруулах, татвараас зайлсхийх явдлыг таслан зогсоох, татвар төлөгч татвараа үнэн зөв тодорхойлсон эсэх болон татварын хяналт шалгалтын үр дүнг нягталж нотлохоор Таттварын давхар хяналт шалгалтыг Үндэсний татварын албаны хэмжээнд явуулахтай холбогдож үүссэн харилцааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.
1.2. Татварын давхар хяналт шалгалт нь Монгол Улсын Татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх явцад гарсан алдаа дутагдлыг засан залруулах, орлого, орлогоос бусад татварногдох зүйлийг татварт бүрэн хамруулах, далд эдийн засаг, татвар төлөхөөс зайлсхийгчидтэй хийх тэмцлийг хүчтэй болгох, Үндэсний татварын албанаас хийх хяналт шалгалтын үр нөлөө, өгөөжийг эрс сайжруулах, татвар төлөгч болон татварын албаны хуулиар хүлээсэн үүргийн биелэлтийг мэргэжлийн өндөр түвшинд үнэн зөв, бодитой тодорхойлох, татварын гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэхэд чиглэгдэнэ.
1.3. Татварын давхар хяналт шалгалт "цаашид "шалгалт" гэх"-нд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага татвар төлөх үүргээ биелүүлсэн эсэх, татварын алба татвар төлөгчдийг хяналт шалгалтанд жигд, бүрэн хамруулсан эсэх, хяналт шалгалтаар илрүүлсэн төлбөр зөрчил, тогтоосон акт, дүгнэлт, хүлээлгэсэн хариуцлага нь хууль тогтоомжид нийцсэн эсэхийг татвар төлөгч болон холбогдох бусад иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын санхүү, аж ахуйн үйл ажиллагааны үндсэн баримт, тооцоо судалгаа, мэдээ мэдээлэл, хөндлөнгийн аудитын байгууллагын дүгнэлт зэрэг материалд үндэслэн шалгаж, татвар төлөгч, татварын алба, татварын улсын байцаагчтай холбоотой хууль бус үйлдэл илэрвэл баримтаар баталгаажуулан нотолж, акт, дүгнэлт үйлдэн, авах арга хэмжээ, хүлээлгэх хариуцлагын талаар хуулийн хүрээнд санал боловсруулан шийдвэрлүүлэх үйл ажиллагааг хамруулан гүйцэтгэнэ.
1.4. Шалгалтыг ҮТЕГ-ын удирдлага болон хэлтсийн даргаас үүрэг /томилолт/ авсан Давхар хяналт, хэрэг бүртгэлтийн хэлтсийн татварын улсын байцаагчид ҮТЕГ-ын даргын баталсан удирдамжаар, Монгол Улсын Татварын Ерөнхий хуулинд заасан бүрэн эрхийн хүрээнд хийнэ.
Хоёр. Шалгалт хийхэд баримтлах үндэслэлүүд
2.1. Монгол Улсын Татварын хуулиудын хэрэгжилтийг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад шалгасан татварын алба, татварын улслын байцаагчийн хяналт шалгалтын ажлыг нягтлан нотлох.
2.2. Татварын хяналт шалгалтанд сүүлийн 2-оос дээш жил хамрагдаагүй, чагтан болон алдагдалтай тайлан тэнцэл гаргасан зэрэг татвар төлөгчийн татвар төлөх үүргийн биелэлтийг баталгаажуулах.
2.3. Төр, захиргааны төв болон хууль хяналтын байгууллагын шийдвэр, татварын албаны хүсэлт.
2.4. Гадаад орны татварын байгууллагаас олон улсын гэрээ, хэлэлцээрийн үндсэн дээр гаргасан хүсэлт.
2.5. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн мэдээлэл, өргөдөл, гомдол.
2.6. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээлэл.
2.7. Бусад.
Гурав. Шалгалтын төрөл
3.1. Сонголтооор хийх шалгалт.
Татварын хуулиудын хэрэгжилтийг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад шалгасан татварын алба, татварын улслын байцаагчийн урьд онуудад хийсэн хяналт шалгалтын акт, дүгнэлт зэрэг материалтай танилцаж хяналт шалгалтын ажлын үр дүнг нягтлан нотлох болон татвар ногдуулах орлого нь байнга буурсан, татвараа хугацаанд нь төлөөгүй, татварын ногдуулалт, төлөлтийн тайланг хугацаанд нь гаргаагүй, чагтан болон алдагдалтай тайлан тэнцэл гаргасан, татвар төлөхөөс зайлсхийсэн, татварын хяналт шалгалтанд сүүлийн 2-оос дээш жил хамрагдаагүй татвар төлөгчдийг судалж тогтоох үндсэн дээр татвар төлөх үүргийн биелэлтийг нь баталгаажуулах зорилгоор сонголт хийж, батлагдсан хуваарийн дагуу шалгана.
3.2. Шийдвэр, үүрэг даалгавар, хүсэлтээр хийх шалгалт
Төр, захиргааны төв болон хууль хяналтын байгууллагын шийдвэр, үүрэг даалгавар, Үндэсний татварын албла, гадаад орны татварын байгууллагын хүсэлтээр шалгана.
3.3. Мэдээлэл, өргөдөл, гомдлоор хийх шалгалт.
Татвар төлөгчийн татвар төлөх үүргийн биелэлт, татварын гэмт хэрэг, зөрчил, татварын алба, татварын улсын байцаагчийн хууль бус ажиллалгаа, ёс зүйн талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн мэдээлэл, өргөдөл, гомдлын үндсэн дээр шалгана.
Нууцлагдсан мэдээллийг "Татварын албанд иргэдээс ирүүлсэн мэдээллийг нууцлах, хадгалах тухай тусгай журам""-ын дагуу шалгана.
3.4. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээллээр хийх шалгалт.
Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэгдсэн санал, шүүмжлэл, нийтлэл, сурвалжлага, мэдээ, зар сурталчилгаа зэрэг материалын мөрөөр шалгана.
3.5. Бусад үндэслэлээр хийх шалгалт.
Тодорхой чиглэл /аль нэг төрлийн татварын ногдуулалт, төлөлт, татварын тайлан хүлээн авалт, хяналт шалгалтын актын биелэлт гэх мэт/, хугацаа, нутаг дэвсгэр, үйлдвэрлэл үйлчилгээ/ үл хөдлөх хөрөнгө худалдсан, худалдаж авсан, экспорт, импортын үйл ажиллагаа тогтмол эрхэлж бусдын анхаарлыг татаж байгаа гэх мэт/-нд судалгаа явуулсны үндсэн дээр шалгана.
Дөрөв. Шалгалт хийх үйл ажиллагаа
4.1. Шалгалтын бүрэлдэхүүн Монгол Улсын Татварын ерөнхий хууль болон бусад хууль тогтоомж, тэдгээрт нийцүүлэн гаргасан журам, заавар, аргачлалыг мөрдөн ажиллана.
4.2. Давхар хяналт, хэрэг бүртгэлтийн хэлтсийн дарга шалгалтын эхлэл, явц байдлыг хянан, зааварчилга өгч, мэргэжлийн удирдлагаар хангана.
4.3. Шалгалтыг томилолтонд заасан хугацаанд хийнэ. Шалгалтын хугацааг томилолт олгосон албан тушаалтан сунгаж болно.
4.4. Шалгалтын үйл ажиллагаа нь дараахь үеэс бүрдэнэ.
А.Шалгалтын бэлтгэл үе
-Давхар хяналт, хэрэг бүртгэлтийн хэлтсийн дарга шалгалтанд хамруулах татвар төлөгчийн талаарх үндэслэлийг ҮТЕГ-ын даргад танилцуулж, шалгалтын бүрэлдэхүннийг бичгээр томилно.
-Шалгалтын бүрэлдэхүүн нь татварын мэдээллийн бааз, татварын алба, татварын улсын байцаагч, банк, гааль болон бусад байгууллага, иргэн, аж ахуйн нэгжээс шалгалтанд шаардлагатай тооцоо судалгаа, мэдээ мэдээлэл, хяналт шалгалтын акт, дүгнэлт зэрэг баримт материалыг гаргуулан авч урьдчилан судална.
Б. Шалгалтын явцын үе
- Шалгалтын бүрэлдэхүүн нь татвар төлөгчид шалгалт хийх талаар мэдэгдэж, шалгалтын зорилго, удирдамжийг танилцуулан, шалгалтанд шаардлагатай баримт материалыг хүлээн авснаар шалгалт эхэлнэ.
- Санхүүгийн болон бусад баримт материалыг нэг бүрчлэн шалгаж, илэрсэн төлбөр зөрчлийг баримтаар баталгаажуулан нотолно.
- Шаардлагатай тохиолдолд шалгалтанд хамрагдаж буй татвар төлөгчтэй харьцдаг бусад иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын баримт материалыг шалгалтанд хамруулан гүнзгийрүүлэн шалгахын зэрэгцээ холбогдох мэргэжлийн байгууллагын ажилтан, шинжээчийг шалгалтанд оролцуулах хүсэлт гаргах зэрэг арга хэмжээ авна.
- Татвар төлөгчийн ажлын байр, агуулах, ажил үйлчилгээний цэг талбайг шалгалт дуусах хүртэл хугацаанд хяналтанд авч битүүмжлэх зэрэг арга хэмжээг хууль тогтоомжид заасны дагуу гүйцэтгэнэ.
- Татвар төлөгч энгийн болон нягтлан бодох бүртгэлийг бүрэн хөтлөөгүй тохиолдолд жишгээр татвар ногдуулах, эсвэл шалгалтыг түр зогсоож, шалгалтын бүрэлдэхүүний хяналтан дор бүртгэл тооцоог хөтлүүлж тайлан тэнцлийг нөхөн гаргуулах, энэ ажлыг гаднын мэргэжлийн хүмүүсээр гүйцэтгүүлбэл холбогдох зардлыг тухайн аж ахуйн нэгж, байгууллагаас гаргуулах арга хэмжээ авч болно.
- мэдээлэл, санал, хүсэлт уламжлах иргэдийг ажлын цагаар хүлээн авч уулзана.
- Аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага болон шалгалтын явцад хүлээн авч уулзсан хүмүүстэй хийсэн ярилцлагын тэмдэглэлийг тухай бүрд нь заавал хөтөлнө.
- Шалгалтын үр дүнгээр 3 хувь акт, дүгнэлт бичиж, шалгалтанд хамрагдсан татвар төлөгчид танилцуулан тэмдэгдэл үйлдэж, зөвшөөрсөн тохиолдолд гарын үсэг зуруулан тамга тэмдэг даруулж, эс зөвшөөрвөл бичгээр тайлбар тодорхойлолт гаргуулан авч, 1 хувийг нь өгнө.
- Давхар хяналт, хэрэг бүртгэлтийн хэлтсийн дарга шалгалтын холбогдох матриал, акт, дүгнэлттэй танилцаж гарын үсэг зурж баталгаажуулна.
В. Шалгалтын дуусах үe.
- Шалгалтын акт, дүгнэлтийн хувийг Давхар хяналт, хэрэг бүртгэлтийн хэлтэст болон харьяалагдах татварын алба /татварын гэмт хэргийн шинжтэй гэж үзвэл хэрэг бүртгэлт/-нд шилжүүлнэ.
- Шалгалтын бүрэлдэхүүн шалгалтын үр дүнгээр гарсан акт, дүгнэлтийг цаашид шийдвэрлэвэл зохих арга хэмжээний талаарх саналын хамт ҮТЕГ-ын даргад, шаардлагатай гэж үзвэл ҮТЕГ-ын даргын зөвшөөрснөөр Зөвлөлийн хуралд танилцуулна.
- Шалгалтын үр дүнгийн талаар гарсан шийдвэр, зөвлөмжийг шалгалтанд хамрагдсан татвар төлөгч болон харьцдаг татварын албанд хүргүүлнэ.
- Шалгалтын талаарх мэдээллийг Давхар хяналт, хэрэг бүртгэлтийн хэлтсийн мэдээллийн санд хадгална.
- Шалгалтаар илэрч төлүүлэхээр шийдвэрлэсэн нөхөн татвар, хүү, торгуулийг ҮТЕГ-ын Хяналт шалгалтын орлогын дансанд төвлөрүүлнэ.
Текст томруулах
A
A
A