- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- ГААЛИЙН ТҮР АГУУЛАХЫН ЖУРАМ
МУГЕГ-ын даргын 2002 оны 579-р тушаалын хавсралт
ГААЛИЙН ТҮР АГУУЛАХЫН ЖУРАМ
1.1. Монгол улсын гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд хийх гаалийн хяналт, шалгалтын чанар, үр нөлөөг дээшлүүлэх, албан татварыг бүрэн барагдуулах, тээврийн хэрэгслийн сул зогсолтыг арилгах зорилгоор гаалийн түр агуулах /цаашид агуулах гэж нэрлэгдэх/ байгуулах, гаалийн хяналтын талбайд ирснээс хойш 3 хоногийн дотор гаалийн бүрдүүлэлт хийлгээгүй бараа, тээврийн хэрэгслийг гаалийн түр агуулахад шилжүүлэх, агуулахыг татан буулгах, агуулах эзэмшигч, гаалийн байгууллагын хооронд үүсэх харилцааг зохицуулахад энэ журмын зорилго оршино.
1.2. Агуулахыг гаалийн нутаг дэвсгэрт битүү агуулах, эсхүл задгай талбайн хэлбэрээр байгуулж болно.
1.3. Агуулахыг гаалийн хяналтын талбайд байгуулна.
1.4. Гаалийн хяналтын талбайд хадгалах хугацаа хэтэрсэн бараа, тээврийн хэрэгслийг шилжүүлэх агуулах байхгүй тохиолдолд гаалийн нээлттэй түр агуулахад шилжсэнээр тооцож, гаалийн хяналтын талбайд хадгалах бөгөөд энэ тохиолдолд гаалийн хяналтын талбай нь агуулахын үүрэг гүйцэтгэнэ.
1.5. Энэ журмаар зохицуулаагүй асуудлыг гаалийн болон холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.
Хоёр. Агуулахад тавих шаардлага
2.1. Агуулах нь харуул хамгаалалт, дохиоллын найдвартай систем болон гэрэлтүүлэгтэй, галын аюулгүй байдлыг хангасан байх.
2.2. Агуулах нь ачих, буулгах тоног төхөөрөмж, хяналт шалгалтын техник хэрэгсэл, тавцан, зам, талбай, цахилгаан, ус суваг, холбооны шугам сүлжээтэй байх.
2.3. Агуулахад гаалийн бүрдүүлэлт, хяналт шалгалт хийх, гаалийн улсын байцаагч ажиллах нөхцөл хангагдсан байх.
2.4. Бараа, тээврийн хэрэгслийг гаалийн байгууллагын зөвшөөрлийг үндэслэн агуулахад оруулах бөгөөд гадны хүнийг нэвтрүүлэхгүй байх.
Гурав. Агуулах эзэмшигчийн үүрэг
3.1. Агуулах эзэмшигч дор дурдсан үүрэг хүлээнэ:
а/ агуулахад бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хяналтад байлгахаар төрөлжүүлэн /хүнсний, өргөн хэрэглээний барааны, тоног төхөөрөмжийн гэх мэт/ зохион байгуулах,
б/ агуулахад орох, гарах барааны бүртгэлийг гаалийн байгууллагаас баталсан бүртгэлийн дэвтрийн загварын дагуу хөтөлж, гаалийн байгууллагын зөвшөөрлөөр хийгдсэн барааны хөдөлгөөний тухай мэдээ тайланг гаалийн байгууллагын шаардлагаар цаг хугацаанд нь гаргаж өгөх,
в/ гаалийн хяналт шалгалтад хүндрэл учруулахгүй байх,
г/ агуулахад бараа орсон, өөр агуулахад шилжүүлсэн, хадгалах хугацаа дууссан талаар бараа хүлээн авагчид тухай бүр мэдэгдэх,
д/ агуулахад байгаа барааг ачих, буулгах, шилжүүлэн ачих, эзэнд нь олгох ажиллагааг зөвхөн гаалийн байгууллагын зөвшөөрлөөр гүйцэтгэх,
е/ агуулахад хадгалагдаж байгаа барааны бүрэн бүтэн байдлыг хангах,
ё/ агуулахад бараа хадгалсны хураамжийн хэмжээ өөрчлөгдөх тухай бүр гаалийн байгууллагад мэдэгдэх,
ж/ агуулахад орсон, гарсан барааны болон бусад шаардлагатай мэдээг гаалийн байгууллагад шуурхай өгөх зорилгоор гаалийн байгууллагатай электрон сүлжээнд холбогдсон байх.
Дөрөв. Гаалийн хяналт
4.1. Гаалийн хяналтын талбайд хадгалах 3 хоногийн хугацаанд гаалийн бүрдүүлэлт хийлгээгүй барааг гаалийн байгууллага агуулах руу шилжүүлнэ.
4.2. Гаалийн байгууллагад мэдүүлээгүй бараа, тээврийн хэрэгслийг ачааны манифест, тээврийн болон бусад бичиг баримтыг үндэслэн агуулахын нярав, тээврийн байгууллагын ажилтан, гаалийн хяналтын талбай, түр агуулах хариуцсан гаалийн улсын ахлах байцаагч, 2-оос доошгүй ГУБ байлцуулан протокол үйлдэж гаалийн түр агуулахад оруулна.
4.3. Агуулахад оруулахын өмнө бараа, тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг шалгана. Битүүмжлэл гэмтэлтэй байвал тээврийн байгууллагын төлөөлөгч, агуулахын няравыг байлцуулан тэмдэглэл үйлдэж, тээврийн байгууллагын акт хавсаргана.
4.4. Бараа, тээврийн хэрэгслийг агуулахад ажлын цагт багтаан оруулж, гаргана.
4.5. Бараа, тээврийн хэрэгслийг агуулахад шилжүүлэхдээ ачааны манифест дээр ²Гаалийн түр агуулахад шилжүүлэв² гэсэн дардас бүхий хяналтын тэмдэг дарж, гаалийн түр агуулахад шилжүүлсэн бараа, тээврийн хэрэгслийн бүртгэлийн дэвтэрт бүртгэнэ.
4.6. Агуулахыг хариуцсан гаалийн байгууллага агуулах эзэмшигчтэй хамтран агуулахын дэгийг тогтооно.
4.7. Гаалийн байгууллагын зөвшөөрлөөр агуулахад байгаа бараанаас сорьц, дээж авч болно.
4.8. Гаалийн бүрдүүлэлтийн аль нэг горимоор мэдүүлсэн бараа, тээврийн хэрэгслийг агуулахаас гаргахад агуулахын нярав, мэдүүлэгч байлцана.
4.9. Мэдүүлсэн бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хууль тогтоомжийн дагуу шалгаж, гаалийн бүрдүүлэлт хийнэ.
4.10. Агуулахад бараа, тээврийн хэрэгслийг 2 сар, түргэн гэмтэх болон аюултай барааг 7 хоног хадгална. Шаардлагатай тохиолдолд бараа, тээврийн хэрэгслийн эзэмшигч, мэдүүлэгчийн хүсэлтээр хадгалах хугацааг гаалийн байгууллага 1 сар, түргэн гэмтэх болон аюултай барааг 7 хоног хүртэл хугацаагаар сунгаж болно.
4.11. Агуулах эзэмшигч нь бараа, тээврийн хэрэгслийг агуулахад хадгалах хугацаа дуусахаас 5 хоногийн өмнө бараа, тээврийн хэрэгслийг хүлээн авагчид мэдэгдэнэ.
4.12. Агуулахад хадгалах хугацаа дууссан бараанд гаалийн хяналтын талбай, түр агуулах хариуцсан гаалийн улсын ахлах байцаагч ²Барааг улсын орлогод шилжүүлэх хуудас²-ыг бичиж, барааны хамт улсын орлогын бараа хариуцсан эд хариуцагчид комиссыг байлцуулан тухайн ажлын өдөрт багтаан хүлээлгэн өгнө.
4.13. Улсын орлогын барааны комисс барааг түр агуулахаас татан авах асуудлыг 3 хоногт багтаан шийдвэрлэнэ.
4.14. Улсын орлого болгосон барааг зах зээлийн үнээр худалдан борлуулсан орлогоос тухайн бараа, тээврийн хэрэгсэлд ногдох гаалийн болон бусад албан татвар, хураамж, тухайн бараа, тээврийн хэрэгслийг хадгалах, зөөвөрлөх, худалдан борлуулахад гарсан зардлыг суутгана.
4.15. Дээрх суутгал хийсний дараа үлдсэн орлогыг худалдан борлуулснаас хойш 1 жилийн дотор мэдүүлэгч, эсхүл эзэмшигч хүсвэл буцаан олгоно.
Тав. Хариуцлага
5.1. Агуулахыг байгуулах, татан буулгах асуудлыг гаалийн удирдах төв байгууллага шийдвэрлэнэ.
5.2. Агуулахын эзэмшигч гаалийн хууль тогтоомжийн зөрчил гаргасан бөгөөд агуулахыг татан буулгах шаардлагагүй гэж үзсэн тохиолдолд зөрчлийн арилгуулах зорилгоор агуулахыг 6 сар хүртэл хугацаагаар түр хаана.
5.3. Дараах тохиолдолд агуулахыг татан буулгана:
а/ агуулах эзэмшигчийн хүсэлтээр,
б/ агуулах байгуулснаас хойш 6 сарын хугацаанд бараа оруулаагүй,
в/ агуулах эзэмшигч гаалийн хууль тогтоомж, энэ журмыг зөрчсөн,
г/ агуулах эзэмшигч үүргээ биелүүлээгүй, хангалтгүй биелүүлсэн,
д/ гаалийн байгууллагын санал, аттестатчилал, шалгалтын дүнг үндэслэн,
е/ агуулах эзэмшигч аж ахуйн нэгж дампуурсан, агуулах эзэмших эрхээ бусдад шилжүүлсэн,
ё/ агуулахыг түр хаасан хугацаанд зөрчлийг арилгах талаар гаалийн байгууллагаас өгсөн үүргийг биелүүлээгүй, хангалтгүй биелүүлсэн.
5.4. Агуулахыг татан буулгаснаас хойш 3 хоногийн дотор тухайн агуулахад хадгалагдаж байгаа бараа, тээврийн хэрэгслийг өөр агуулах руу шилжүүлэх асуудлыг гаалийн байгууллагын хяналтын дор гүйцэтгэнэ.
5.5. Агуулахыг татан буулгах шийдвэр гарсан тухай гаалийн байгууллага нийтэд зарлан мэдэгдэнэ.
Зургаа. Бусад
6.1. Гаалийн байгууллага энэ журмын биелэлтэд хяналт тавьж, зөрчил илэрсэн тохиолдол бүрт гаалийн болон холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
Текст томруулах
A
A
A