A

A

A

Бүлэг: 1979
Монгол Улсын гаалийн ерөнхий газрын даргын 1997 оны 175 дугаар тушаалын хавсралт
 
ГААЛИЙН БАЙГУУЛЛАГАГҮЙ ХИЛИЙН БООМТООР БАРАА, ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ НЭВТРҮҮЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЖУРАМ
 
Нэг.Нийтлэг үндэслэл
 
1.          Гаалийн байгууллагагүй хилийн боомтоор бараа, тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх зайлшгүй шаардлагатай тохиолдолд гаалийн удирдах төв байгууллагаас зөвшөөрөл олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.
2.          Гаалийн байгууллагагүй хилийн боомтоор бараа, тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх зөвшөөрлийг дор дурдсан тохиолдолд олгоно.Үүнд:
а/давагдашгүй хүчин зүйл болон түүнтэй адилтгах өөр бусад гамшиг, тэдгээрийн улмаас учирсан гарз, хор хөнөөл, хохирлыг арилгах;
б/Монгол Улсын олон улсын гэрээнд заасан;
в/улсыг батлан хамгаалах зорилгоор бусад улсын тусламжийг авах;
г/хуульд заасан бусад.
 
Хоёр. Зөвшөөрөл олгох
 
3.          Энэ журмын 2-т дурдсан тохиолдлоос үүдээс гаалийн байгууллагагүй хилийн боомтоор бараа, тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхтэй холбогдолтой асуудлыг хариуцагч, эсхүл тухайн бараа, тээврийн хэрэгслийг хүлээн авагч байгууллага хүсэлтээ гаалийн удирдах төв байгууллагад бичгээр гаргаж өгнө.
4.          Хүсэлтэд гаалийн байгууллагагүй хилийн боомтоор бараа, тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх болсон шалтгаан, зайлшгүй шаардлага, уг боомтоор нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгслийн жагсаалт, холбогдох бусад байгууллагын, тухайлбал, Батлан хамгаалах яам, Хилийн цэргийг удирдах газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвшөөрлийг хавсаргасан байна.
5.          Энэхүү журмын 2 дугаар зүйлийн б, г заалтын дагуу гаалийн байгууллагагүй хилийн боомтоор бараа, тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх зөвшөөрлийг Монгол Улсын гаалийн ерөнхий газрын мэргэжлийн зөвлөлийн шийдвэрийг үндэслэн мөн газрын гаалийн хяналт, шалгалтын асуудал хариуцсан дэд дарга албан бичгээр олгоно.
6.          Энэхүү журмын 2 дугаар зүйлийн а, в заалтын дагуу Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэрийг үндэслэн гаалийн удирдах төв байгууллагаас гаалийн байгууллагагүй хилийн боомтоор бараа, тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх шийдвэр гаргана. Шийдвэр нь Монгол Улсын гаалийн ерөнхий газрын даргын тушаал байна.
 
Гурав. Гаалийн хяналт, шалгалт
 
7.          Энэхүү журмын 6-д заасан зөвшөөрлийн дагуу гаалийн бүрдүүлэлт, гаалийн хяналт, шалгалтын ажлыг хийж гүйцэтгүүлэхээр 2-оос доошгүй гаалийн улсын байцаагчийг Монгол Улсын гаалийн ерөнхий газрын даргын тушаалаар тусгай удирдамжийн дагуу томилон ажиллуулна.
Удирдамжийг Монгол Улсын гаалийн ерөнхий газрын гаалийн хяналт, шалгалтын асуудал хариуцсан дэд дарга батална.
8.              Гаалийн байгууллагагүй хилийн боомтоор нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд Монгол Улсын гаалийн хууль тогтоомжийн дагуу гаалийн бүрдүүлэлт, гаалийн хяналт, шалгалт хийнэ.
9.              Энэхүү журмын 2 дугаар зүйлийн а, б-д зааснаас бусад тохиолдолд гаалийн байгууллагагүй хилийн боомтоор бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн бүрдүүлэлт хийлгэсэн, мөн түүнчлэн гаалийн улсын байцаагчийг томилолтоор ажиллуулсны хөлсийг захиалга дуудлагын журмын дагуу тухайн байгууллага төлнө.
10.         Гаалийн хяналт, шалгалтын явцад гаалийн хууль тогтоомж зөрчсөн ноцтой үйлдэл гарсан тохиолдолд энэ тухай гаалийн удирдах төв байгууллагад нэн даруй яаралтай мэдэгдэж чиглэл авч ажиллана.
11.         Энэхүү журмаар зохицуулаагүй бусад асуудлыг Монгол Улсын гаалийн хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.