- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- МОНГОЛ УЛСЫН ГААЛИЙН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХ ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧИНД ГААЛИЙН ХЯНАЛТ ТАВИХ, БҮРДҮҮЛЭЛТ ХИЙХ ЖУРАМ
Монгол улсын Гаалийн ерөнхий газрын даргын 1999 оны 346 тоот тушаалын Нэгдүгээр хавсралт
МОНГОЛ УЛСЫН ГААЛИЙН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХ ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧИНД ГААЛИЙН ХЯНАЛТ ТАВИХ, БҮРДҮҮЛЭЛТ ХИЙХ ЖУРАМ
НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1. Монгол улсын гаалийн хилээр импортолж, экспортолж буй цахилгаан эрчим хүчинд Гаалийн болон Гаалийн тарифын тухай хуулийн дагуу хяналт тавьж, гаалийн бүрдүүлэлт хийх, гаалийн статистик мэдээг хөтлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.
1.2. Монгол улсын гаалийн хилээр нэвтрүүлэх цахилгаан эрчим хүчийг импортлогч болон экспортлогч, эсвэл гаалийн зуучлагч байгууллага гаалийн байгууллагад мэдүүлж гаалийн бүрдүүлэлт хийлгэнэ.
1.3. Импорт, экспортын цахилгаан эрчим хүчний тоолуур, түүнийг битүүмжилсэн лац ломбо нь гаалийн хяналтад байх бөгөөд тоолуурыг байрлуулсан танхим нь гаалийн хяналтын талбайд тооцогдоно.
1.4. Гаалийн газар, хороо, салбар нь өөрийн хариуцах гаалийн нутаг дэвсгэрээр импортлох, экспортлох болон дамжин өнгөрөх цахилгаан эрчим хүчний гаалийн бүрдүүлэлтийг хариуцаж хяналт тавьж ажиллана.
1.5. Цахилгаан эрчим хүчний хэмжилтийн цахилгаан тоолуурыг үндэсний хэмжилзүйн байгууллага баталгаажуулж, гаалийн байгууллагын хяналтан дор битүүмжилнэ.
ХОЁР.ГААЛИЙН ХЯНАЛТ, ШАЛГАЛТ, ГААЛИЙН БҮРДҮҮЛЭЛТ ХИЙХ
2.1. Монгол улсын хилээр импортлох цахилгаан эрчим хүчинд гаалийн бүрдүүлэлт хийх үндэслэл нь эрчим хүч импортлохоор байгуулсан гэрээ, гаалийн хяналтад байгаа цахилгаан эрчим хүчний хэмжилтийн тоолуурын заалтын дагуу бүрдүүлсэн гаалийн мэдүүлэг, цахилгаан эрчим хүч хүлээлцсэн акт зэрэг болно.
2.2. Гаалийн газар, хороо нь өөрийн хариуцах гаалийн нутаг дэвсгэрээр нэвтэрсэн цахилгаан эрчим хүчинд цахилгаан эрчим хүч импортлогч байгууллагаас гаргаж өгсөн гэрээ, үнийн нэхэмжлэх зэрэг гаалийн бичиг баримт, тоолуурын заалтыг үндэслэн гаалийн анхны бүрдүүлэлт хийж, энэ тухай Нефть, онцгой албан татварын гаалийн газарт 24 цагийн дотор мэдэгдэж, гаалийн мэдүүлгийг ажлын 3 хоногт багтаан тус албанд ирүүлнэ.
2.3. Цахилгаан эрчим хүч импортлох гэрээний дагуу гаалийн бүрдүүлэлтийг сард 1 удаа нийлүүлэх тоо хэмжээгээр гаалийн бүрдүүлэлт хийнэ.
2.4. Гэрээний нөхцөлийн дагуу импортын эрчим хүчний хэмжээг доорх хэмжигдэхүүнээр тодорхойлно. Үүнд:
- Бодит авсан эрчим хүчний хэмжээ
- Буцааж гаргасан эрчим хүчний тоо хэмжээ
2.5. Буцаан гаргасан эрчим хүчний тоо, хэмжээг гэрээний заалтыг үндэслэн тооцно.
2.6. Импортлогч болон экспортлогч байгууллага нь эрчим хүч импортлох болон экспортлох үед гаалийн мэдүүлгийг 4 хувь / зуучлагчгүй тохиолдолд -3 хувь/ бичиж гаалийн байгууллагад өгөх бөгөөд 1, 2 -р хувийг гаалийн бүрдүүлэлт хийсэн гаалийн байгууллагад, 3 -р хувийг импортлогч болон экспортлогчид, 4-р хувийг зуучлагч байгууллагад тус тус үлдээнэ.
2.7. Гаалийн байгууллага цахилгаан эрчим хүч импортлогч байгууллагын цахилгаан эрчим хүчний тоолуурыг шалгаж, шаардлагатай бол нэмэлт бичиг баримт, мэргэжлийн дүгнэлт гаргуулж авсны үндсэн дээр гаалийн бүрдүүлэлт хийсэн тухай тэмдэглэлийг хийнэ.
2.8. Гаалийн байгууллага импортолсон цахилгаан эрчим хүчний тоо хэмжээг тоолуураар хянаж, импортын гэрээнд заагдсан тоо хэмжээнээс хасалт хийх замаар тооцон хяналт тавьж тусгай бүртгэл хөтөлнө.
ГУРАВ. ИМПОРТЛОГЧИЙН ҮҮРЭГ
3.1. Цахилгаан эрчим хүч импортлогч байгууллага нь Монгол улсын хилээр импортолсон цахилгаан эрчим хүч авах гэрээ, үнийн нэхэмжлэх, түүний тоо хэмжээ, зарцуулалтын тайлан, эрчим хүч хүлээлцсэн акт болон гаалийн хяналт шалгалтад шаардлагатай бусад бичиг баримтыг гаалийн байгууллагад өгч гаалийн бүрдүүлэлт хийлгэнэ.
3.2. Цахилгаан эрчим хүч импортлогч байгууллага / Эрчим хүчний удирдах газар / гаалийн бичиг баримтыг үнэн зөв бүрдүүлж, гаалийн бүрдүүлэлт хийлгэх тухай бүр гаалийн татвар, хураамжийг төлж барагдуулсан байна.
3.3. Цахилгаан эрчим хүч импортлогч байгууллага нь гаалийн хяналтад байх тоолуурын байршил, холболт зэргийг тодорхойлсон схем зургийг харьяалах гаалийн байгууллагад гаргаж өгнө.
ДӨРӨВ. БУСАД ЗҮЙЛ
1.1. Цахилгаан эрчим хүч импортлогч байгууллага нь энэхүү журмын II дугаар хавсралтаар баталсан маягтын дагуу мэдээг cap бүрийн эхний долоо хоногт багтаан гаалийн байгууллагад гаргаж өгнө.
1.2. Гаалийн газар, хороо нь энэхүү журмын III дугаар хавсралтаар баталсан маягтын дагуу мэдээг cap бүрийн эцэст гаргаж ГЕГ-ын дэргэдэх Статистик, мэдээллийн технологийн төвд гаргаж өгнө.
1.3. Энэхүү журам болон Гаалийн тухай хууль бусад холбогдох хууль журмыг зөрчсөн болон гаалийн бичиг баримтыг гаалийн байгууллагад гаргаж өгөөгүй, гаалийн бүрдүүлэлтийг зохих журмын дагуу хийлгээгүй, холбогдох мэдээ тайланг хугацаанд нь гаргаж өгөөгүй буруутай этгээдэд гаалийн хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
Текст томруулах
A
A
A