A

A

A

Бүлэг: 1979
Төрийн өмчийн хорооны 1996 оны 50 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт
 
ТӨРИЙН ӨМЧИТ ХУУЛИЙН ЭТГЭЭД ҮНДСЭН ХӨРӨНГӨ ОЛЖ АВАХ, ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН АЖИЛ ҮЙЛЧИЛГЭЭНД ГҮЙЦЭТГЭГЧИЙГ СОНГОХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
 
1.        Захиалгын үндсэн дээр төрийн байгууллагуудыг шаардлагатай үндсэн хөрөнгөөр хангах, үндсэн хөрөнгө худалдаж авахтай холбогдуулан тендер зарлах, төрийн байгууллагуудаас бусад төрийн өмчит хуулийн этгээд үндсэн хөрөнгө олж авах, төрийн байгууллагуудын ажил, үйлчилгээнд гүйцэтгэгчийг сонгоход энэ журмыг мөрдөнө.
2.     Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газраас бусад төрийн өмчит хуулийн этгээдийн дарга (захирал) нь өмч хамгаалах Байнгын зөвлөлтэйгөө хамтран өөрийн чиг үүрэг зорилтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай үндсэн хөрөнгийн жагсаалтыг гаргаж, санхүүгийн жил эхлэхээс 5 сарын өмнө (жил бүрийн 8 дугаар сарын 1-ний дотор) Төрийн өмчийн хорооны Төрийн байгууллагуудын хангамжийн газарт захиалгаа ирүүлнэ.
3.     Орон нутагт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газраас бусад төрийн өмчит хуулийн этгээд нь захиалгаа аймгийн Төрийн өмчийн төлөөлөгчийн газарт ирүүлнэ.
4.        Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасан хугацаанд шаардлагатай эд хөрөнгийн жагсаалтыг гаргаж, Төрийн өмчийн хорооны Төрийн байгууллагуудын хангамжийн газарт буюу аймгийн Төрийн өмчийн төлөөлөгчийн газарт ирүүлнэ.
5.        Эд хөрөнгийн жагсаалтад тоо, хэмжээ, үнэ, техникийн үзүүлэлт, бусад шаардлагатай тодорхойлолтыг тусгасан байна.
6.        Төрийн өмчийн хороо нь захиалга, жагсаалтыг нягтлан шалгаж, Сангийн яамтай хамтран зардлын дээд хязгаарыг тогтоож, зохих шийдвэр гаргана.
7.     Төрийн байгууллагууд нь бичиг хэргийн болон аж ахуйн үйл ажиллагаанд шаардлагатай эргэлтийн хөрөнгийг өөрсдөө худалдаж авах бөгөөд Төрийн өмчийн хорооны Төрийн байгууллагуудын хангамжийн газраас хяналт тавина.
Хоёр. Үндсэн хөрөнгө худалдаж авах
8.        Төрийн байгууллагуудаас бусад төрийн өмчит хуулийн этгээд нь батлагдсан зардлын хэмжээнд багтаан шаардлагатай үндсэн хөрөнгийг өөрөө худалдаж авна.
9.        Төрийн байгууллагуудад шаардлагатай үндсэн хөрөнгийг батлагдсан зардлын хэмжээнд багтаан худалдаж авах үүргийг Төрийн өмчийн хорооны Төрийн байгууллагуудын хангамжийн газар зохион байгуулж, хэрэгжүүлнэ.
10.   Төрийн байгууллагуудын хангамжийн газар нь тендер зарлаж төсөл шалгаруулах үндсэн дээр, эд хөрөнгө худалдах иргэн, аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах журмаар үндсэн хөрөнгө худалдан авч болно.
11.   Төсөл шалгаруулах өдрөөс 7-гоос доошгүй хоногийн өмнө тендерийг зарлана.
12.   Зар мэдээнд худалдаж авах эд хөрөнгийн тодорхойлолт, тоо, хэмжээ, төслийг хүлээж авах сүүлчийн хугацаа, худалдах-худалдан авах гэрээний ерөнхий нөхцөл зэргийг тусгасан байна.
13.   Тендер зарласан хугацаанд төслийг битүүмжилсэн байдлаар Төрийн өмчийн хорооны Төрийн байгууллагуудын хангамжийн газарт ирүүлнэ.
14.   Товлосон хугацаанд нэгээс дээш төсөл ирэхгүй байх буюу тендерийн болзлын шаардлага хангахгүй төсөл ирсэн тохиолдолд хугацааг 14 хүртэлх хоногоор сунгаж болно.
15.   Төсөл шалгаруулах ажлын хэсгийг Төрийн өмчийн хорооны даргын тушаалаар томилно.
16.   Төслийг хүлээж авах хугацаа дууссанаас хойш ажлын 3 хоногт багтаан төслүүдийн битүүмжийг задалж, протокол үйлдэн, тендерт тавигдсан болзлыг хангасан байдлыг үндэслэн төслийг сонгон шалгаруулж, дүгнэлт гаргана.
17.   Төрийн байгууллагуудын хангамжийн газар нь тендерт шалгарсан иргэн, аж ахуйн нэгжтэй төслийг хэрэгжүүлэх талаар харилцан үүрэг хүлээсэн худалдах-худалдан авах гэрээ байгуулна.
18.   Төрийн байгууллагуудын хангамжийн газар нь худалдаж авсан үндсэн хөрөнгийг захиалгын дагуу төрийн байгууллагуудын удирдлага, өмч хамгаалах Байнгын зөвлөлд тоо ёсоор нь хүлээлгэн өгч, энэ тухай протокол үйлдэх бөгөөд уг эд хөрөнгийг хүлээн авсан даруйд данс бүртгэлд тусгасан байх шаардлагатай.
19. Төрийн байгууллагуудаас бусад төрийн өмчит хуулийн этгээд эд хөрөнгө худалдаж авахдаа энэ журмын дагуу тендер зарлаж болно.
Гурав. Хандив, тусламж, бэлэглэл, өвлөх журмаар үндсэн хөрөнгө олж авах
20.   Төрийн өмчит хуулийн этгээд хандив, тусламж, бэлэглэл, өвлөх журмаар үндсэн хөрөнгө олж авбал энэ тухай Төрийн өмчийн хорооны Төрийн байгууллагуудын хангамжийн газарт мэдэгдэж зөвшөөрөл авсны үндсэн дээр уг эд хөрөнгийг үндсэн хөрөнгийн данс бүртгэлд тусгана.
Дөрөв. Төрийн байгууллагуудын ажил, үйлчилгээнд гүйцэтгэгчийг сонгон томилох
21. Төрийн байгууллагууд нь батлагдсан төсөв, зориулалтын хүрээнд ажил, үйлчилгээ (барилгын засвар, инженерийн шугам сүлжээг шинэчлэх, тоног төхөөрөмж угсарч суурилуулах, тээвэрлэлт г.м) гүйцэтгэхэд уг ажил үйлчилгээний гэрээний үнэ 3.0 сая төгрөгөөс дээш бол Төрийн өмчийн хорооны Төрийн байгууллагуудын хангамжийн газарт ажил гүйцэтгэх гэрээний саналаа ирүүлж зөвшөөрөл авах буюу Төрийн байгууллагуудын хангамжийн газраас гүйцэтгэгчийг сонгоно.
Тав. Бусад зүйл
22. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 82 дугаар зүйлд зааснаар хариуцлага тооцно. /ТӨХ-ны 1998.01.9-ний өдрийн 14 дүгээр тогтоолоор өөрчлөлт оруулсан/