- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- Осолдогчид анхны тусламж үзүүлэх заавар
АМГТХЭГ-ын даргын 2008 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 253 дугаар тушаалын 6 дугаар
хавсралт
Осолдогчид анхны тусламж үзүүлэх заавар
Бичил уурхайд осолд орсон хүнд анхны тусламж үзүүлж эхлэхийн өмнө биеийн эрүүл мэндийн байдлыг тодорхойлно.
Осолдогчийг дээш харуулан хэвтүүлж амьсгал ба зүрхний үйл ажиллагаа хэвийн эсэхийг шалгана.
Амьсгалын үйл ажиллагаа хэвийн байвал цээж ба өрц тодорхой, жигд хэмнэлтэй хөдөлж амьсгалах чимээ (эрүүл хүн нэг минутанд 18-20 удаа амьсгалдаг) сонсогдоно. Хэрэв цээж, өрцөнд амьсгалын хөдөлгөөн алга болж, амьсгалах чимээ сонсогдохгүй, нүүр ам хөхөрсөн шинж тэмдэг илэрч байвал амьсгал зогсох аюул нөмөрч байгаа тул яаралтай зохиомол амьсал хийх шаардлагатай.
Зүрхний ажиллагааг шалгахын тулд юуны өмнө гүрээний актерийн судас лугшиж байгаа эсэхийг (6-р зураг) шалгаж үзнэ. Хэрэв зүрх зогссон бол судас лугшихгүй, мөн дээд зовхийг сөхөн нүд рүү гэрэл тусгахад хүүхэн хараа нарийсахгүй, томорсон хэвээрээ байх ба нүүр хөхөрч, үнсэн саарал өнгөтэй болно. Хэрэв зүрх зогссон бол 4-5 секунтийн хугацаанд осолдогч дууны ба хүрэлцэх цочролд хариу урвал өгөхгүй, гөлгөр байдалд орж ухаан алдана.
Осолдогчийн биеийн байдлыг цаг алдалгүй маш хурдан хугацаанд (15-20 секунтэнд) тодорхойлж дараачийн сэхээн амьдруулах ажиллагаанд шилжих хэрэгтэй.
Бичил уурхайд хүн осолд орсон тохиолдолд осолдогчийн биеийн байдлыг харгалзахгүйгээр эмч дуудна.
Осолдогч ухаан алдаад сэхсэн, ухаангүй боловч амьсгалын болон зүрхний үйл ажиллагаа тогтвортой байгаа бол түүнийг хуурай дэвсгэр дээр хэвтүүлэн хувцасны товчийг тайлж амьсгалахад саадгүй болгох, цэвэр агаараар амьсгалах боломж бүрдүүлэх, биеийг илж дулаацуулах, онц шаардлагагүй хүмүүсийг холдуулж осолдогчийг тайван байлгах арга хэмжээ авна. Ухаангүй байгаа нэрвэгдэгчид нашатырын спирт үнэрлүүлэх, нүүрий нь хүйтэн усаар шүрших, биеий нь үрж дулаацуулах зэрэг ухаан оруулах арга хэмжээг авна. Хэрэв нэрвэгдэгч ухаан алдаад сэхвэл 15-20 дусал валерьяны ханд өгч халуун цай (ус) уулгах хэрэгтэй.
Бичил уурхайн осолд орсон хүний биед гаднын гэмтлийн шинж тэмдэг байхгүй боловч аажимдаа осолдогчийн биеийн байдал муудаж болзошгүй тул ямарч тохиолдолд түүнийг тайван байлгаж хөдлөх, ажлаа үргэлжлүүлэхийг хориглоно. Хэрэв осолдогчийн зүрх, амьсгал зогссон ухаан алдсан, амьд хүний шинж тэмдэггүй болсон байвал сэхээн амьдруулах тусламжийг яаралтай цаг алдалгүй үзүүлэх хэрэгтэй. Зохиомол амьсгал, зүрхний иллэгийг осолдогч өөрөө бие даан тогтвортой амьсгалах, зүрхний үйл ажиллагаа бүрэн сэргэх буюу эмнэлгийн ажилтанд хүлээлгэн өгөх хүртэл тасралтгүй хийнэ.
Осолд орсон хүнд зохиомол амьсгал хийхийн тулд юуны өмнө хэл буюу гаднын зүйлээр таглагдсан байж болох амьсгалын замыг чөлөөтэй болгохын тулд нэг гараараа нэрвэгдэгчийн хүзүүн доогуур хийн (1-р зураг) нөгөө гараар духан дээр нь дарж толгойг нь ар тийш нь сайтар гэдийлгэнэ. Ингэснээр төвөнхний дээрх мөгөөрсийг дарж унжсан хэл өргөгдөж амьсгалын зам чөлөөтэй болно.
1-р зураг. Осолдогчид зохиомол амьсгал хийхэд бэлтгэх:
а-толгойн анхны байрлал; б-зохиомол амьсгал хийх үеийн толгойн байрлал; 1- төвөнх,
2-төвөнхийн дээрх мөгөөрс, 3-хэл
Зохиомол амьсгал хийхийн өмнө амны хөндийг салс болон гадны биетээс цэвэрлэх нь зүйтэй. Зохиомол амьсгалыг "амнаас аманд" (2-р зураг) "амнаас хамарт", "амнаас ам ба хамарт" (хүүхэд бол) хийдэг. Зохиомол амьсгал хийхдээ тусламж үзүүлэгч гүнзгий амьсгал авч осолдогчийн ам руу үлээнэ. Энэ үед осолдогчийн хамрыг агаар буцаж гарахааргүй чимхэж өгнө. Зохиомол амьсгал зөв хийж байвал амьсгал авахуулах үед цээж өргөгдөж, амьсгал гаргахад цээж намсах ёстой.
Хэрэв үлээсний дараа нэрвэгдэгчийн цээж өргөгдөхгүй, ходоод нь цүнхийж (хэвлий өргөгдөнө) байвал хүйс, аймхай мөгөөрс хоёрын хооронд богино хугацаагаар дарж ходоодноос агаарыг гаргана. Энэ үед бөөлжис гарч болох тул толгой, мөрийг хажуу тийш эргүүлж амны хөндий, төвөнх орчмийг цэвэрлэнэ.
Агаарыг уушгинд (ходоодонд биш) зөв оруулахын тулд хоёр гарын дөрвөн хурууг эрүүний доод буланд байрлуулан (3-р зураг) эрхий хуруугаар эрүүний яс руу тулж доод шүд дээд шүднээс урагш байхаар эрүүг урагш татна. Мөн эрхий хуруугаа аманд нь хийж эрүүг хялбар хөдөлгөж болно.
2-р зураг. Амнаас аманд зохиомол 3-р зураг. Эрүүг хөдөлгөх: а-хоёр
амьсгал хийх гараар; б-нэг гар аар
а-амьсгал авахуулах; б-амьсгал гаргах.
Хэрэв нэрвэгдэгчийн эрүү зуурч амыг нь ангайлгах боломжгүй бол амнаас хамарт зохиомол амьсгал хийнэ. Бага насны хүүхдэд зохиомол амьсгалыг амнаас ам ба хамарт хийнэ.
Зохиомол амьсгалын үлээлтийг насанд хүрсэн хүн минутанд 10-12 удаа (5-6 секунт бүрд), хүүхдэд минутанд 15-18 удаа (3-4 секунт бүрд) хийнэ.
Осолдогчийн зүрх зогссон (судас лугшихгүй, хүүхэн хараа гэрэл мэдрэхгүй болсон) буюу зүрхний цохилтын хэмнэл алдагдсан тохиолдолд цусны эргэлтийг үргэлжлүүлэн барьж байхын тулд зохиомол амьсгалтай ээлжлэн зүрхний иллэг хийх шаардлагатай.
Зүрх нь цээжний хөндийд (4-р зураг) урд талдаа өвчүү, хажуу талдаа уушиг, ар талдаа нурууны нугламын их биеэр хүрээлэгдэн байрладаг.
4-р зураг. Цээжний хөндлөн огтлолын тоймчилсон зураг: 1-цээжний хэнхэрцэг; 2-өвчүү; 3-нурууны нуглам; 4-зүрх.
Осолдогчийг дээш харуулан хэвтүүлж цээжин дээр нь 4-5 см гүн дарахад зүрх шахагдан цусыг аорт, уушигны артерт шахах ба сулруулахад венийн цусыг эргүүлэн татна. Тусламж үзүүлэгч нуруугаар нь дээш харуулан хэвтүүлсэн осолдогчийн хажуу талд гарч дээрээс нь дарж болохуйцаар байрлах ба нэг гарын алгыг доош харуулан аймхай мөгөөрснөөс дээш хоёр хуруу орчин зайнд (5-р зурагт үзүүлсэн цэг) тавих ба нөгөө гараа дээр нь тэгш өнцөгт үүсгэн тавина (6-р зураг).
Гарын хуруунуудыг нийлүүлсэн, сайтар хотойлгосон байх ба дээр заасан цэгт 5-6 см гүн (хүүхэд бол 3-4 см) огцом дарж 0.5 секунд орчим байлгаад дараа нь гараа авалгүй хурдан сулруулна. Ингэж дарахдаа бүх биеийн бөхийлтөөр дэмжлэг өгч болгоомжтой хөнгөн дарна. Дарах үйл ажиллагааг 1 минутанд 60 түүнээс олон удаа хийнэ. Минутанд 60-аас цөөн дарвал цусны эргэлтийг хангалттай болгохгүй. Бага насны (12 хүртэл) хүүхдэд минутанд 100-120 удаа дарна. Зохиомол амьсгал, зүрхний иллэгийг ээлжлэн хийхдээ нэг удаа гүн амьсгал хийж 5 удаа цээжин дээр дарах буюу хоёр удаа гүнзгий амьсгал өгч 15 удаа цээжин дээр дарна.
5-р зураг. Зүрхний иллэг хийх цэг 6-р зураг. Зүрхний иллэг хийх үед
гараа байрлуулах, гүрээний
судасны лугшилт шалгах байдал
Зүрхний үйл ажиллагаа сэргэж байгаа эсэхийг хоёр минут тутамд зүрхний иллэгийг 2-3 секунд зогсоож гүрээний судасны лугшилтыг шалгана. Цусан дахь хүчилтөрөгчийн дутагдлыг даамжруулж зүрхний бүрэн зогсолтонд хүргэхгүйн тулд зохиомол амьсгал ба зүрхний иллэгийг эмч ирж эмнэлгийн сэхээн амьдруулах тусламж үзүүлэх хүртэл үргэлжлүүлэх ёстой. Ингэснээр осолдогчийн амийг аварч болно.
Хүний зүрх фибрилляцийн байдлаас өөрөө аяндаа гарахгүй бөгөөд зүрхний энэ байдлаас гаргаж хэвийн ажиллагаанд нь оруулахын тулд богино хугацаанд их хүчтэй гүйдлээр үйлчлэх тусгай аппарат-дефибриллятор хэрэглэнэ.
-------- o O o --------
Текст томруулах
A
A
A