A

A

A

Бүлэг: 1979
Санхүүгийн зохицуулах хорооны
2007 оны 2 дугаар сарын 2-ны
өдрийн  20 тоот  тогтоолын хавсралт
 
ҮНЭТ ЦААСААР ГЭРЧЛЭГДСЭН ӨМЧЛӨХ ЭРХИЙГ
БУСДАД БЭЛЭГЛЭХ, ӨВЛҮҮЛЭХ ТУХАЙ ЖУРАМ
 
Нэг. Нийтлэг үндэслэл
 
1.1. Энэхүү журмын зорилго нь үнэт цаасаар гэрчлэгдсэн өмчлөх эрхийг бусдад бэлэглэх, өвлүүлэхэд тавигдах нөхцөл, үнэт цаасаар гэрчлэгдсэн өмчлөх эрхийн бүртгэлд өөрчлөлт хийх, мэргэжлийн байгуулагаас үйлчилгээ үзүүлсний төлөө авах хураамжийн хэмжээ, оролцогчдын эрх, хүлээх үүрэг, хариуцлагыг тогтоохтой холбоотой харилцааг зохицуулахад оршино.
 
1.2. Энэхүү журам нь үнэт цаасаар гэрчлэгдсэн өмчлөх эрхийг бусдад бэлэглэх, өвлүүлэхээс бусад арга, хэлбэрээр үнэт цаасаар гэрчлэгдсэн өмчлөх эрхийг бусдад шилжүүлэхтэй холбогдсон харилцаанд үйлчлэхгүй.
 
1.3. Үнэт цаасаар гэрчлэгдсэн өмчлөх эрхийг гагцхүү тухайн үнэт цаасыг өмчлөгч, эсхүл түүний эрх олгосон итгэмжлэгдсэн төлөөлөгч бусдад бэлэглэх болон өвлүүлж болно. Тухайн үнэт цаасыг өмчлөх эрхгүй буюу хууль ёсны өмчлөгчийг итгэмжлэлийн үндсэн дээр төлөөлөх эрхгүй этгээд үнэт цаасаар гэрчлэгдсэн өмчлөх эрхийг бусдад шилжүүлэхийг хориглоно.
 
1.4. Үнэт цаасаар гэрчлэгдсэн өмчлөх эрхийг бэлэглэл, эсхүл өвлөлийн журмаар шилжүүлэн авч байгаа иргэн, хуулийн этгээд нь үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхэлж буй байгууллагад өөрийн нэр дээр урьдчилан данс нээлгэсэн байна.
 
1.5. Бэлэглэж байгаа, эсхүл өвлүүлж байгаа үнэт цаасаар гэрчлэгдсэн өмчлөх эрхийн талаар маргаан гарсан, эсхүл өмчлөх эрх нь тодорхойгүй, хянан шалгах шаардлагатай, эсхүл уг өмчлөх эрхтэй холбоотой хууль хяналтын байгууллага шалгалт явуулж байгаа бол үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхэлж буй байгууллага нь Санхүүгийн зохицуулах хороо /цаашид "Хороо" гэх/-нд мэдэгдсэний үндсэн дээр холбогдох гүйлгээ хийх хугацааг ажлын 15 хүртэл хоногоор түр хойшлуулж болно.
 
1.6. Энэ журмын 1.5-д заасан хугацаанд тухайн гүйлгээг хойшлуулсан үндэслэл хүчингүй болоогүй бол үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхэлж буй байгууллага Хороонд мэдэгдсэний үндсэн дээр хугацааг тухай бүр ажлын 15 хоногоор үргэлжлүүлэн сунгаж болно.
 
Хоёр. Үнэт цаасаар гэрчлэгдсэн
өмчлөх эрхийг бусдад бэлэглэх
 
2.1. Үнэт цаасаар гэрчлэгдсэн өмчлөх эрхийг бэлэглэлийн болон хандивын журмаар бусдад бэлэглэж болно.
 
2.2. Үнэт цаасаар гэрчлэгдсэн өмчлөх эрхийг тодорхой хувь хүн, хуулийн этгээдэд бэлэглэлийн журмаар бусдад бэлэглэх тухайн тохиолдол нь энэ журмын 2.3-т заасан тохиолдолд хамаарахгүй бол бэлэглэгч болон бэлэг хүлээн авагч үнэт цаасаар гэрчлэгдсэн өмчлөх эрхийг бэлэглэх тухай хоёр талт гэрээг бичгээр байгуулж зохих журмын дагуу нотариатаар баталгаажуулсны үндсэн дээр бэлэглэнэ. 
 
2.3. Бэлэглэгч нь өөрийн эхнэр, эсхүл нөхөр, төрүүлсөн болон үрчилж авсан хүүхэд, төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх, өвөг эцэг, эмэг эх, ах, эгч, дүү, ач, зээгээс бусад иргэн, хуулийн этгээдэд бэлэглэж байгаа, эсхүл үнэт цаасаар гэрчлэгдсэн өмчлөх эрхийг 50-иас дээш тооны иргэн, хуулийн этгээдэд нийтэд нээлттэй зарлах замаар нэгж бэлэг хүлээн авагч бүрт адил тэнцүү үнэт цаас бэлэглэх нөхцлөөр бэлэглэж байгаа бол тухай бүр Хорооноос зөвшөөрөл авсны үндсэн дээр нэг талт гэрээг бичгээр байгуулж зохих журмын дагуу нотариатаар гэрчлүүлсний үндсэн дээр бэлэглэнэ.
 
Нэг талт гэрээний үндсэн дээр бусдад бэлэглэх иргэн, хуулийн этгээд энэ тухай олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэгээс доошгүй удаа мэдээлэх үүрэгтэй.
 
2.4. Үнэт цаасаар гэрчлэгдсэн өмчлөх эрхийг хандивын журмаар бусдад бэлэглэх тохиолдолд хандивлагч нь тухайн үнэт цаасаар гэрчлэгдсэн өмчлөх эрхийг ямар зориулалтаар хандивлаж буйг Хороонд мэдэгдэж, зөвшөөрөл авсны үндсэн дээр хандивлаж болно.
 
2.5. Хороо энэ журмын 2.3, 2.4-т заасан зөвшөөрлийг тухайн гүйлгээ нь тухайн үнэт цаасны зах зээлд сөрөг нөлөө үзүүлэх эсэх, уг үнэт цаасыг өмчлөгч бусад иргэн, хуулийн этгээд болон тухайн үнэт цаас гаргасан хуулийн этгээд, хөрөнгө оруулагчдын үйл ажиллагаа, эрх ашигт сөргөөр нөлөөлөх эсэх, холбогдох татвар, хураамжийг төлөх боломжтой эсэх зэрэг хүчин зүйлсийг тодруулсны үндсэн дээр олгоно.
 
2.6. Хороо энэ журмын 2.5-д заасан хүчин зүйлсийг тодруулж, тухайн гүйлгээ нь сөрөг нөлөө үзүүлэхээр байна гэж үзвэл зөвшөөрөл олгохоос татгалзаж болно. Уг шийдвэрийг эс зөвшөөрвөл Хорооны Хяналтын зөвлөлд давж заалдаж болох ба шийдвэр нь эцсийн байна.
 
2.7. Энэ журмын 2.3, 2.4-т заасан зөвшөөрлийг авахаар Хороонд ирүүлэх хүсэлтэд дараахь мэдээлэл, баримтыг хавсралт ёсоор заавал ирүүлнэ:
 
2.7.1. бэлэглэх, эсхүл хандивлах ажлыг зохион байгуулах хугацаа, тэдгээрийн зориулалт, нөхцөл, төлөвлөгөө;
2.7.2. бэлэглэх, эсхүл хандивлаж байгаа үнэт цаасны төрөл, тоо, хэмжээ, тэдгээрийг өөрийн өмчлөлд буюу дансандаа төвлөрүүлсэн тухай баримт;
2.7.3. бэлэглэх, эсхүл хандивласнаас үүсэх аливаа үүрэг, хариуцлагыг өөрөө хариуцах санхүүгийн бүрэн чадвартай болохыг нотолсон баримт;
2.7.4. бэлэглэгч, хадивлагч нь татварын өртэй эсэх, эсхүл тухайн бэлэглэж байгаа өмчлөх эрхтэй холбоотой бусдын өмнө хүлээсэн үүргээс зайлсхийх зорилгогүй болох тухай өмчлөгчийн болон холбогдох байгууллагын тодорхойлолт;
 
2.7.5. Хорооноос шаардлагатай гэж үзсэн бусад баримт, мэдээлэл.
 
2.8. Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхэлж буй байгууллага нь энэ журамд Хорооны зөвшөөрөтэйгөөр гүйцэтгэхээр заасан гүйлгээг Хорооны зөвшөөрөлгүй гүйцэтгэхийг хориглоно. 
 
2.9. Үнэт цаасаар гэрчлэгдсэн өмчлөх эрхийг бэлэглэх тухай гэрээг бичгээр байгуулаагүй, бичгээр байгуулсан боловч уг хоёр талт гэрээний тухайд энэ журмын 2.10-т заасан зүйлийг, нэг талт гэрээний тухайд энэ журмын 2.11-д заасан зүйлийг бүрэн тусгаагүй эсхүл тусгасан боловч нотариатаар гэрчлүүлээгүй бол уг хэлцлийг хүчин төгөдөр гэж үзэхгүй бөгөөд уг гэрээнд үндэслэж үнэт цаасаар гэрчлэгдсэн өмчлөх эрхийг бүртгэлд өөрчлөлт оруулахыг хориглоно.
 
2.10. Үнэт цаасаар гэрчлэгдсэн өмчлөх эрхийг бэлэглэх тухай хоёр талт гэрээнд дараахь зүйлийг заавал тусгана:
 
2.10.1. бэлэглэгч болон бэлэг хүлээн авагчийн овог, эцгийн нэр, нэр, иргэний үнэмлэхний болон регистрийн дугаар, оршин суух болон холбоо барих хаяг /хуулийн этгээд бол оноосон нэр, улсын бүртгэлийн дугаар, оршин байх  болон холбоо барих хаяг/;
2.10.2. бэлэглэж буй үнэт цаасны төрөл, тоо, хэмжээ, тэдгээрийг бэлэглэгчийн дансанд төвлөрүүлсэн тухай бэлэглэгчийн мэдэгдэл;
2.10.3. бэлэглэгчийн болон бэлэг хүлээн авагчийн дансны дугаар;
2.10.4. бэлэглэгч болон бэлэг хүлээн авагч нь компани бол хувь нийлүүлэгчдийн хурлын, бусад төрлийн хуулийн этгээд бол эрх барих дээд байгууллын бэлэглэх болон бэлэг хүлээн авах тухай шийдвэр;
2.10.5. бэлэглэлийн гэрээг байгуулсан огноо;
2.10.6. бэлэглэлийн гэрээг байгуулахад байлцсан 2-оос дээш тооны гэрчийн овог, эцгийн нэр, өөрийн нэр, иргэний үнэмлэхний болон регистрийн дугаар, оршин суух болон холбоо барих хаяг;
2.10.7. бэлэглэгч болон бэлэг авагчид ямар холбоотой талаар тодорхойлолт;
2.10.8. бэлэглэгч нь татварын өртэй эсэх, эсхүл тухайн бэлэглэж байгаа өмчлөх эрхтэй холбоотой бусдын өмнө ямар нэг үүрэг хүлээсэн эсэх талаар бэлэглэгчийн тодорхойлолт;
2.10.9. талуудын хүлээх эрх, үүрэг, хариуцлага.
 
2.11. Үнэт цаасаар гэрчлэгдсэн өмчлөх эрхийг бэлэглэх тухай нэг талт гэрээнд дараахь зүйлийг заавал тусгана:
 
2.11.1. бэлэглэгчийн овог, эцгийн нэр, нэр, иргэний үнэмлэхний болон регистрийн дугаар, оршин суух болон холбоо барих хаяг /хуулийн этгээд бол оноосон нэр, улсын бүртгэлийн дугаар, оршин байх  болон холбоо барих хаяг/;
2.11.2. бэлэглэж буй үнэт цаасны төрөл, нийт тоо, хэмжээ, нэгж хүнд бэлэглэх үнэт цаасны тоо;
2.11.3. бэлэглэлийг хэрхэн зохион байгуулах тухай төлөвлөгөө, хуваарь;
2.11.4. бэлэглэлийн гэрээ байгуулсан огноо;
2.11.5. бэлэглэлийн гэрээг байгуулахад байлцсан 2-оос дээш тооны гэрчийн овог, эцгийн нэр, өөрийн нэр, иргэний үнэмлэхний болон регистрийн дугаар, оршин суух болон холбоо барих хаяг;
2.11.6. бэлэглэгч нь татварын өртэй эсэх, эсхүл тухайн бэлэглэж байгаа өмчлөх эрхтэй холбоотой бусдын өмнө ямар нэг үүрэг хүлээсэн эсэх талаар бэлэглэгчийн тодорхойлолт;
2.11.7. талуудын хүлээх эрх, үүрэг, хариуцлага.
 
2.12. Бэлэглэгч нь үнэт цаасаар гэрчлэгдсэн өмчлөх эрхийг бэлэглэх тухай гэрээнд заасан нийт үнэт цаасыг гүйлгээ хийхээс өмнө өөрийн дансанд урьдчилан төвлөрүүлсэн байх үүрэгтэй ба үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхэлж буй байгууллага бэлэглэлийн гэрээнд зааснаас өөр төрлийн, эсхүл гэрээнд заасан хэмжээнээс хэтэрсэн хэмжээний үнэт цаасыг бусдын өмчлөлд шилжүүлэхийг хориглоно.
 
2.13. Үнэт цаасаар гэрчлэгдсэн өмчлөх эрхийг бусдад бэлэглэсэн, эсхүл хандивласан гүйлгээнээс дор дурдсан хэмжээгээр хураамжийг тооцож авна:
 
2.13.1. бэлэглэгч нь өөрийн эхнэр, эсхүл нөхөр, төрүүлсөн болон үрчилж авсан хүүхэд, төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх, өвөг эцэг, эмэг эх, ах, эгч, дүү, ач, зээд хоёр талт гэрээний үндсэн дээр бэлэглэх тохиолдолд бэлэглэгч болон бэлэг хүлээн авагч тал тус бүрээс тухайн гүйлгээний үнийн дүнгийн 5 хувиар тооцож хураамжийг авах ба гүйлгээний үнийн дүнг тухайн үнэт цаасны арилжааны сүүлийн 52 долоо хоногийн дундаж ханш, хэрэв сүүлийн 52 долоо хоног арилжаа хийгдээгүй бол тухайн үнэт цаасны нийт арилжааны дундаж ханшийг тухайн гүйлгээгээр шилжүүлж буй үнэт цаасны тоонд үржүүлж гаргана.;
           
2.13.2. бэлэглэгч нь үнэт цаасаар гэрчлэгдсэн өмчлөх эрхээ Хорооны зөвшөөрөл авч, нэг талт гэрээ байгуулсны үндсэн дээр 50-иас дээш тооны иргэн, хуулийн этгээдэд нийтэд нээлттэй зарлах замаар нэгж бэлэг хүлээн авагч бүрт адил тэнцүү үнэт цаас бэлэглэх нөхцлөөр бэлэглэж байгаа тохиолдолд бэлэглэгчээс тухайн гүйлгээний үнийн дүнгийн 5 хувиар тооцож хураамж авах ба гүйлгээний үнийн дүнг тухайн үнэт цаасны арилжааны хамгийн өндөр ханшийг бэлэглэж буй үнэт цаасаар үржүүлж гаргана;
 
2.13.3. бэлэглэгч нь энэ журмын 2.13.1, 2.13.2-т зааснаас бусад иргэн, хуулийн этгээдэд үнэт цаасаар гэрчлэгдсэн өмчлөх эрхээ бэлэглэх тохиолдолд бэлэглэгч талаас гүйлгээний үнийн дүнгийн 30 хувиар, бэлэг хүлээн авагч талаас гүйлгээний үнийн дүнгийн 45 хувиар тус тус тооцож хураамж авах ба гүйлгээний үнийн дүнг тухайн үнэт цаасны нийт арилжааны хамгийн өндөр ханш болон тухайн үнэт цаасны дансны үнэ /тухайн үнэт цаасыг гаргасан хуулийн этгээдийн цэвэр хөрөнгийг нийт зарласан үнэт цаасны тоонд хуваах/-ийн аль өндрийг нь тухайн гүйлгээгээр бэлэглэж буй нийт үнэт цаасны тоонд үржүүлж гаргана;
 
2.13.4. үнэт цаасаар гэрчлэгдсэн өмчлөх эрхийг бусдад хандивлах замаар бэлэглэх тохиолдолд хандивлагч болон хандив хүлээн авагчаас авах хураамжийг энэ журмын 2.13.3-т заасан аргачлал, хэмжээгээр тус тус тооцож авна.
 
                                                Гурав. Үнэт цаасаар гэрчлэгдсэн
өмчлөх эрхийг бусдад өвлүүлэх
 
3.1. Иргэн үнэт цаасаар гэрчлэгдсэн өмчлөх эрхээ хууль ёсны, эсхүл гэрээслэлийн үндсэн дээр бусдад өвлүүлж болно.
 
3.2. Үнэт цаасаар гэрчлэгдсэн өмчлөх эрхийг хууль ёсны дагуу өвлөгч иргэн нь Иргэний хуульд заасан журмын дагуу өөрийн өвлөх эрх үүссэн болохыг болон өв нээгдсэн тухай холбогдох баримтыг үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх байгууллагад гаргаж өгөх замаар өмчлөх эрхийг өөрийн дансанд шилжүүлэн авч болно.
 
3.3.  Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх байгууллага нь үнэт цаасаар гэрчлэгдсэн өмчлөх эрхийг хууль ёсны дагуу өвлөгч иргэний өмчлөлд шилжүүлэх ажиллагааг гүйцэтгэхдээ Иргэний хуульд заасан журмын дагуу өв нээгдсэн эсэх, хүсэлт гаргасан иргэнд өвлөх эрх үүссэн эсэх болон тухайн үнэт цаасыг өвлөх өөр бусад эрхтэй иргэн байгаа эсэх /хууль ёсны дагуу болон гэрээслэлээр/, хэрэв байгаа бол тэдгээр нь өвөөс татгалзсан эсэх зэрэг асуудлыг холбогдох баримтад үндэслэн тогтоосны үндсэн дээр гүйцэтгэнэ.
 
3.4. Үнэт цаасаар гэрчлэгдсэн өмчлөх эрхийг хууль ёсны дагуу өвлөгч иргэн нь энэ журмын 3.3-т заасан асуудлыг нотлох үүрэгтэй ба үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх байгууллага шаардлагатай гэж үзвэл холбогдох иргэн, байгууллагаас нэмэлт лавлагаа, тодруулга авч болно.
 
3.5. Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх байгууллага энэ журмын 3.4, 3.5-д заасан асуудлыг тодруулсны үндсэн дээр холбогдох гүйлгээг хийх ба өвийг хүлээн авах хүсэлт гаргасан иргэнд нээгдсэн өвөөс түүнд хууль ёсны дагуу ногдох өв хөрөнгийн хэмжээгээр тооцож гүйлгээг гүйцэтгэнэ.
 
            3.6. Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх байгууллага нь үнэт цаасаар гэрчлэгдсэн өмчлөх эрхийг гэрээслэлийн дагуу шилжүүлэхэд Иргэний хуульд заасан журмын дагуу байгуулсан гэрээслэл, түүнд дурдсан үнэт цаасны тоо нь тухайн дансанд байгаа эсэх, өв нээгдсэн эсэх, гэрээслэлээр өв хүлээн авагч нь өвийг хүлээн авах хүсэл зоригоо илэрхийлсэн эсэх зэрэг асуудлыг холбогдох баримтад үндэслэн тогтоосны үндсэн дээр гүйцэтгэнэ.
 
3.7.  Үнэт цаасаар гэрчлэгдсэн өмчлөх эрхийг гэрээслэлийн дагуу өвлөгч иргэн, хуулийн этгээд нь энэ журмын 3.3-т заасан асуудлыг нотлох үүрэгтэй ба үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх байгууллага шаардлагатай гэж үзвэл холбогдох иргэн, байгууллагаас нэмэлт лавлагаа, тодруулга авч болно.
 
3.8. Үнэт цаасаар гэрчлэгдсэн өмчлөх эрхийг бусдад өвлүүлэх гүйлгээнээс авах хураамжийг өв хүлээн авагч иргэн, хуулийн этгээдээс тухайн гүйлгээний үнийн дүнгийн 5-аас ихгүй хувиар тооцож авах ба гүйлгээний үнийн дүнг тухайн үнэт цаасны арилжааны сүүлийн 52 долоо хоногийн дундаж ханш, хэрэв сүүлийн 52 долоо хоног арилжаа хийгдээгүй бол тухайн үнэт цаасны нийт арилжааны дундаж ханшийг тухайн гүйлгээгээр шилжүүлж буй үнэт цаасны тоонд үржүүлж гаргана.
 
 
 
---оОо---