- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- ҮНЭТ ЦААСААР ГЭРЧЛЭГДСЭН ӨМЧЛӨХ ЭРХИЙГ БУСДАД БЭЛЭГЛЭХ, ӨВЛҮҮЛЭХ ТУХАЙ ЖУРАМ
Санхүүгийн зохицуулах хорооны
2007 оны 162 дугаар тогтоолын хавсралт
ҮНЭТ ЦААСААР ГЭРЧЛЭГДСЭН ӨМЧЛӨХ ЭРХИЙГ
БУСДАД БЭЛЭГЛЭХ, ӨВЛҮҮЛЭХ ТУХАЙ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Энэхүү журмын зорилго нь үнэт цаасаар гэрчлэгдсэн өмчлөх эрхийг бусдад бэлэглэл, өв залгамжлалын журмаар шилжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
1.2.Энэхүү журам нь үнэт цаасаар гэрчлэгдсэн өмчлөх эрхийг бусдад бэлэглэх, өвлүүлэхээс бусад арга, хэлбэрээр үнэт цаасаар гэрчлэгдсэн өмчлөх эрхийг бусдад шилжүүлэхтэй холбогдсон харилцаанд үйлчлэхгүй.
1.3.Үнэт цаасаар гэрчлэгдсэн өмчлөх эрхийг гагцхүү тухайн үнэт цаасыг өмчлөгч, эсхүл түүний эрх олгосон итгэмжлэгдсэн төлөөлөгч бусдад бэлэглэж болно. Тухайн үнэт цаасыг өмчлөх эрхгүй буюу хууль ёсны өмчлөгчийг итгэмжлэлийн үндсэн дээр төлөөлөх эрхгүй этгээд үнэт цаасаар гэрчлэгдсэн өмчлөх эрхийг бусдад шилжүүлэхийг хориглоно.
1.4.Үнэт цаасаар гэрчлэгдсэн өмчлөх эрхийг бэлэглэл, эсхүл өв залгамжлалын журмаар шилжүүлэн авч байгаа иргэн, хуулийн этгээд нь үнэт цаасны төлбөр тооцоо, хадгаламжийн үйл ажиллагаа эрхэлж буй байгууллагад өөрийн нэр дээр урьдчилан данс нээлгэсэн байх ба үйлчилгээний шимтгэл төлөхөд хангалттай хэмжээний мөнгөн хөрөнгийг байршуулсан байна.
1.5.Үнэт цаасны төлбөр тооцооны үйл ажиллагаа эрхлэх байгууллага нь хууль тогтоомж, дүрэм, журмаар тогтоосон шаардлагыг хангасан үнэт цаасаар гэрчлэгдсэн өмчлөх эрхийг бусдад бэлэглэл, өв залгамжлалын журмаар шилжүүлэх хүсэлтийг хуулийн хүчин төгөлдөр, холбогдох баримт материалыг үнэн зөвөөр бүрэн бүрдүүлсэн нөхцөлд хүлээн авах ба хүлээж авснаас хойш холбогдох үйлчилгээг шуурхай үзүүлэх, шаардлагатай тайлбарыг үнэн бодитойгоор өгөх үүрэгтэй.
1.6.Үнэт цаасны төлбөр тооцооны үйл ажиллагаа эрхлэх байгууллага нь үнэт цаасаар гэрчлэгдсэн өмчлөх эрхийг бусдад бэлэглэл, эсхүл өв залгамжлалын журмаар шилжүүлэх тухай хүсэлтийг биелүүлэх явцад шаардлагатай гэж үзвэл хүсэлт гаргасан иргэн, хуулийн этгээдээс гадна холбогдох бусад иргэн, хуулийн этгээд, байгууллагаас нэмэлт лавлагаа, тодруулга авч болно.
1.7.Үнэт цаасны төлбөр тооцооны үйл ажиллагаа эрхлэх байгууллага нь илт хууль бус, эсхүл баримтын бүрдэл дутуу, тогтоовол зохих зүйлс бүрэн тогтоогдоогүй, гэрээ, хүсэлт, мэдэгдэлд зааснаас өөр төрлийн үнэт цаас шилжүүлэх хүсэлт гаргасан, эсхүл гэрээ, хүсэлт, мэдэгдэлд заасан хэмжээнээс хэтэрсэн хэмжээний үнэт цаасыг бусдын өмчлөлд шилжүүлэхийг хориглоно.
1.8. Бэлэглэж байгаа, эсхүл өвлүүлж байгаа үнэт цаасаар гэрчлэгдсэн өмчлөх эрхийн талаар маргаан гарсан, эсхүл өмчлөх эрх нь тодорхойгүй, хянан шалгах шаардлагатай, эсхүл уг өмчлөх эрхтэй холбоотой эрх бүхий байгууллага шалгалт явуулж байгаа бол энэ тухай мэдсэн даруй үнэт цаасны төлбөр тооцооны үйл ажиллагаа эрхлэх байгууллага нь холбогдох гүйлгээ, төлбөр тооцооны үйлчилгээг гүйцэтгэлгүй ажиллагааг түдгэлзүүлж, энэ талаар Санхүүгийн зохицуулах хороо /цаашид "Хороо" гэх/-ны Ажлын албанд бичгээр мэдэгдэнэ.
1.9.Хорооны Ажлын алба тухайн гүйлгээ нь хуулийн хүчин төгөлдөр бус, үнэт цаасны зах зээлд сөрөг нөлөө үзүүлэх, эсхүл уг үнэт цаасыг өмчлөгч бусад иргэн, хуулийн этгээд болон тухайн үнэт цаас гаргасан хуулийн этгээд, хөрөнгө оруулагчдын үйл ажиллагаа, эрх ашигт сөргөөр нөлөөлж болзошгүй гэж үзвэл уг гүйлгээг түр зогсоох тухай шийдвэрийг ажлын 5 хоногийн дотор гаргаж үнэт цаасны төлбөр тооцооны үйл ажиллагаа эрхлэх байгууллагад хариу мэдэгдэхийн хамт асуудлыг эцэслэн шийдвэрлэхэд шаардлагатай арга хэмжээг авч үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.
1.10.Хорооны Ажлын албанаас шаардлагатай ажиллагааг хууль, тогтоомжид заасан хугацаанд явуулах ба энэ хугацаанд тухайн гүйлгээг гүйцэтгэх ажиллагааг түр зогсооно.
1.11.Хорооны Ажлын албанаас энэ журмын 1.9-д заасан хүчин зүйлсийг тодруулсны үндсэн дээр үндэслэлтэй гэж үзвэл тухайн гүйлгээг гүйцэтгэхийг хориглох тухай шийдвэр гаргаж болно. Уг шийдвэрийг эс зөвшөөрвөл талууд Хорооны Хяналтын зөвлөлд гомдол гаргаж болно.
1.12.Үнэт цаасны төлбөр, тооцооны үйл ажиллагаа эрхлэх байгууллага нь үнэт цаасаар гэрчлэгдсэн өмчлөх эрхийг бусдад бэлэглэл болон өв залгамжлалын журмаар шилжүүлэх үйлчилгээний шимтгэлийг дотооддоо тогтоож мөрдүүлнэ.
1.13.Үнэт цаасны төлбөр тооцооны үйл ажиллагаа эрхлэх байгууллага нь энэ журмын 1.12-т заасан үйлчилгээний шимтгэлийн хэмжээг тогтоохдоо үндэслэлийг холбогдох тооцоо, судалгааны хамт Хороонд урьдчилан танилцуулж зөвшөөрөл авсны үндсэн дээр тогтооно.
1.14.Үнэт цаасны төлбөр тооцооны үйл ажиллагаа эрхлэх байгууллага нь энэ журмын 1.12-т заасан шимтгэлийн хэмжээг үйлчилгээ үзүүлэхэд гарах бодит зардлаас гадна өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл бүртгэгдэхгүй байх, зах зээлийн үнэ ханшид сөрөг нөлөө үзүүлэхгүй байх нөхцөлийг хангахуйц хэмжээгээр тогтооно.
1.15.Энэхүү журмын 1.12-т заасан үйлчилгээний шимтгэлийг гүйлгээний үнийн дүнгээс тогтоосон хувь хэмжээгээр тооцон авах ба гүйлгээний үнийн дүнг гүйлгээ хийх өдрөөс өмнөх тухайн үнэт цаасны арилжааны сүүлийн 52 долоо хоногийн дундаж ханш, хэрэв сүүлийн 52 долоо хоног арилжаа хийгдээгүй бол тухайн үнэт цаасны нийт арилжааны дундаж ханшийг тухайн гүйлгээгээр шилжүүлж буй үнэт цаасны тоонд үржүүлж гаргах замаар тогтооно.
1.16.Үнэт цаасны төлбөр тооцооны үйл ажиллагаа эрхлэх байгууллага нь үнэт цаасаар гэрчлэгдсэн өмчлөх эрхийг бэлэглэл болон өв залгамжлалын журмаар бусдад шилжүүлсэн аливаа гүйлгээний талаарх дараах мэдээллийг гүйлгээ хийснээс хойш ажлын 1 өдрийн дотор нийтийн хүртээл болгох үүрэгтэй:
1.16.1.Үнэт цаас гаргагчийн оноосон нэр, үнэт цаасны нэр, төрөл, код;
1.16.2. Өмчлөх эрх шилжсэн арга /бэлэглэл, өв залгамжлалын аль болох/
1.16.3. Өмчлөх эрх шилжсэн үнэт цаасны тоо;
1.16.4. Өмчлөх эрх шилжсэн үнэт цаасны нийт дүн нь тухайн үнэт цаасыг гаргасан хуулийн этгээдийн нийт гаргасан үнэт цаасны хэдэн хувийг эзэлж буй тухай.
1.17. Үнэт цаасны төлбөр тооцооны үйл ажиллагаа эрхлэх байгууллага нь тухайн улирал бүрд үнэт цаасаар гэрчлэгдэх өмчлөх эрхийг бэлэглэлийн журмаар шилжүүлэх гүйлгээний талаарх тайланг энэхүү журмын 2 дугаар хавсралтаар баталсан маягтын дагуу, өв залгамжлалын журмаар шилжүүлэх гүйлгээний талаарх тайланг энэхүү журмын 3 дугаар хавсралтаар баталсан маягтын дагуу гаргаж дараа улирлын эхний сарын 10-ны өдрийн дотор Хороонд ирүүлнэ.
1.18.Үнэт цаасаар гэрчлэгдэх өмчлөх эрхийг бэлэглэлийн журмаар шилжүүлэх гүйлгээний талаарх тайланд тухайн улиралд байгуулагдсан бэлэглэлийн гэрээ тус бүрээр бэлэглэгч, бэлэг хүлээн авагчийн овгийн нэр, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр /хуулийн этгээд бол оноосон нэр, улсын бүртгэлийн дугаар/, регистрийн дугаар, дансны дугаар, энэхүү журмын 2.2-т заасан холбооны тухай, бэлэглэсэн үнэт цаасны төрөл, тоо ширхэг, үнэт цаас гаргагчийн нэр, үнэт цаасны код, бэлэглэлийн гүйлгээний үнийн дүн, үнэт цаасны төлбөр тооцооны үйл ажиллагаа эрхлэх байгууллагаас өмчлөх эрх шилжүүлэх үйлчилгээ үзүүлсний төлөө авсан шимтгэлийн хэмжээ, түүнээс Хороонд төлсөн зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээ зэргийг тусгана.
1.19.Үнэт цаасаар гэрчлэгдэх өмчлөх эрхийг өв залгамжлалын журмаар шилжүүлэх гүйлгээний талаарх тайланд тухайн улиралд хийгдсэн гүйлгээ тус бүрээр өвлүүлэгчийн овгийн нэр, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, регистрийн дугаар, нас барсны гэрчилгээний дугаар, өв залгамжлагчийн овгийн нэр, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, /хуулийн этгээд бол оноосон нэр, улсын бүртгэлийн дугаар, оршин байх хаяг, холбоо барих хаяг/, регистрийн дугаар, дансны дугаар, өвлүүлсэн үнэт цаасны төрөл, тоо ширхэг, үнэт цаас гаргагчийн нэр, үнэт цаасны код, өвлөлийн гүйлгээний үнийн дүн, үнэт цаасны төлбөр, тооцооны үйл ажиллагаа эрхлэх байгууллагаас өмчлөх эрх шилжүүлэх үйлчилгээ үзүүлсний төлөө авсан шимтгэлийн хэмжээ, түүнээс Хороонд төлсөн зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээ зэргийг тусгана.
1.20.Энэхүү журмын дагуу тодорхой компанийн нийтэд санал болгон гаргасан хувьцааны 5 буюу түүнээс дээш хувьтай тэнцэх хэмжээний хувьцааны өмчлөх эрхийг шилжүүлэн авсан иргэн, хуулийн этгээд өөрийн өмчлөлд шилжүүлж авснаас хойш ажлын 10 хоногийн дотор Хороонд мэдэгдэх үүрэгтэй.
1.21.Энэхүү журмын 1.20-д заасан мэдэгдэл хүргүүлэх, бүртгүүлэхтэй холбоотой нарийвчилсан харилцааг Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан журмын дагуу зохицуулна.
Хоёр. Үнэт цаасаар гэрчлэгдсэн
өмчлөх эрхийг бусдад бэлэглэх
2.1.Үнэт цаасаар гэрчлэгдсэн өмчлөх эрхийг бусдад бэлэглэж болно. Бэлэглэж буй үнэт цаасыг өмчлөх эрх нь тухайн үнэт цаасны өмчлөгчийн бүртгэлд үнэт цаасны төлбөр тооцоо, хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх байгууллага өөрчлөлт оруулж бэлэг хүлээн авагчийн нэр дээр өмчлөх эрхийг бүртгэснээр шилжинэ.
2.2.Бэлэглэгч иргэн нь өөрийн эхнэр, эсхүл нөхөр, өөрийн болон эхнэр, эсхүл нөхрийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх, өвөг эцэг, эмэг эх, авга, нагац, ах, эгч, дүү, төрүүлсэн болон үрчилж авсан хүүхэд, ач зээ, тэдгээрийн хүүхэд зэрэг төрөл, садангийн хүнээс гадна хүргэн, бэрд бэлэглэж байгаа бол дараах бичиг баримтыг бүрдүүлсний үндсэн дээр өмчлөх эрхийг шилжүүлэх хүсэлтийг гаргана:
2.2.1. Талуудын хооронд бичгээр байгуулсан бэлэглэлийн гэрээ;
2.2.2. Бэлэглэгч, бэлэг хүлээн авагчийн хүсэлт, мэдэгдэл /энэхүү журмын 1 дүгээр хавсралт ёсоор батлагдсан маягтын дагуу гаргана/;
2.2.3. Энэхүү журмын 2.2-т заасан холбоотой талаарх иргэний бүртгэлийн байгууллагын лавлагаа, эсхүл уг холбоог нотлох бусад баримт.
2.3. Бэлэглэгч нь энэхүү журмын 2.2-т зааснаас бусад иргэн, хуулийн этгээдэд бэлэглэж байгаа бол дараах бичиг баримтыг бүрдүүлсний үндсэн дээр өмчлөх эрхийг шилжүүлэх хүсэлтийг гаргана:
2.3.1. Талуудын хооронд бичгээр байгуулсан бэлэглэлийн гэрээ;
2.3.2. Бэлэглэгч, бэлэг хүлээн авагчийн хүсэлт, мэдэгдэл /энэхүү журмын 1 дүгээр хавсралт ёсоор батлагдсан маягтын дагуу гаргана/;
2.3.3. Бэлэглэгч нь компани бөгөөд тухайн бэлэглэл нь их хэмжээний буюу сонирхлын зөрчилтэй хэлцэлд тооцогдохоор бол Компанийн тухай хуулийн 85.1, 89.1-д заасан эрх бүхий этгээдийн шийдвэр.
2.4.Энэ журмын 2.2.1, 2.3.1-т заасан бэлэглэлийн гэрээнд Иргэний хуульд заасан зүйлсээс гадна дараах зүйлийг заавал тусгана:
2.4.1.Бэлэглэгч болон бэлэг хүлээн авагчийн овог, эцгийн нэр, өөрийн нэр, иргэний үнэмлэхний болон регистрийн дугаар, оршин суух болон холбоо барих хаяг /хуулийн этгээд бол оноосон нэр, улсын бүртгэлийн дугаар, оршин байх болон холбоо барих хаяг/, талуудын дансны дугаар;
2.4.2.Бэлэглэж буй үнэт цаасны төрөл, тоо.
2.5.Үнэт цаасаар гэрчлэгдсэн өмчлөх эрхийг энэ журмын 2.2-т үл хамаарах 50-иас дээш тооны иргэн, хуулийн этгээдэд бэлэглэж болно. Энэ тохиолдолд энэ тухай бэлэглэлийн гэрээг байгуулахаас өмнө 30-аас доошгүй хоногийн өмнө олон нийтэд хэвлэл, мэдээллийн хэрэгслэлээр нэгээс доошгүй удаа мэдээлж, энэ талаар Хороонд мэдэгдэнэ.
2.6.Энэ журмын 2.5-д заасан олон нийтэд хүргэх мэдээлэлд бэлэглэх гэж буй үнэт цаасны төрөл, нийт бэлэглэх үнэт цаасны тоо, нэгж бэлэг хүлээн авагчид бэлэглэх үнэт цаасны тоо, бэлэг хүлээн авагчийг тодорхойлох нөхцөл, журмын талаар тусгасан байна.
2.7.Энэ журмын 2.5-д заасны дагуу Хороонд ирүүлэх мэдэгдэлд олон нийтэд тараасан мэдээллээс гадна бэлэглэгчийн овог, эцгийн нэр, өөрийн нэр, регистрийн дугаар, /хуулийн этгээд бол оноосон нэр, улсын бүртгэлийн дугаар, холбоо барих хаяг/ бэлэглэж буй үнэт цаасны төрөл, тоо, бэлэглэгчийн дансны дугаарыг /хэрэв бэлэг хүлээн авагч нь тодорхой бол түүний дансны дугаарыг/ заавал тусгасан байна.
2.8.Бэлэглэгч нь энэ журмын 2.5-д заасан бэлэглэлтэй холбоотой өмчлөх эрх шилжүүлэх гүйлгээг хийлгэх хүсэлтийг үнэт цаасны төлбөр тооцооны үйл ажиллагаа эрхлэх байгууллагад гаргахдаа тухайн бэлэглэлийн талаар энэ журмын 2.5-2.7 дахь заалтын дагуу олон нийтэд болон Хороонд мэдэгдсэн тухай баримт, бэлэг хүлээн авагчийг сонгосон журам, хэрхэн сонгосон тухай мэдээлэл, бэлэг хүлээн авагчдаас бэлэг хүлээж авахаар гаргасан хүсэлт болон энэ журмын 2.3.1-2.3.3, 2.4.1-2.4.2-т заасан баримтыг үнэн зөвөөр бүрэн бүрдүүлсний үндсэн дээр өмчлөх эрх шилжүүлэх хүсэлтийг гаргана.
Гурав. Үнэт цаасаар гэрчлэгдсэн
өмчлөх эрхийг бусдад өвлүүлэх
3.1.Иргэн үнэт цаасаар гэрчлэгдсэн өмчлөх эрхээ хуульд зааснаар, эсхүл гэрээслэлийн үндсэн дээр бусдад өвлүүлж болно.
3.2.Үнэт цаасаар гэрчлэгдсэн өмчлөх эрхийг хуульд зааснаар өвлөгч иргэн нь Иргэний хуульд заасан журмын дагуу өөрийн өвлөх эрх үүссэн болон өв нээгдсэн тухай холбогдох баримтыг үнэт цаасны төлбөр тооцооны үйл ажиллагаа эрхлэх байгууллагад гаргаж өгөх замаар өмчлөх эрхийг өөрийн дансанд шилжүүлэн авч болно.
3.3.Үнэт цаасны төлбөр тооцооны үйл ажиллагаа эрхлэх байгууллага нь үнэт цаасаар гэрчлэгдсэн өмчлөх эрхийг хуульд зааснаар өвлөгч иргэний өмчлөлд шилжүүлэх ажиллагааг гүйцэтгэхдээ Иргэний хуульд заасан журмын дагуу өв нээгдсэн эсэх, хүсэлт гаргасан иргэнд өвлөх эрх үүссэн эсэх болон тухайн үнэт цаасыг өвлөх өөр бусад эрхтэй иргэн байгаа эсэх /хууль ёсны дагуу болон гэрээслэлээр/, хэрэв байгаа бол тэдгээр нь өвөөс татгалзсан эсэх зэрэг асуудлыг холбогдох баримтад үндэслэн тогтоосны үндсэн дээр гүйцэтгэнэ.
3.4.Үнэт цаасны төлбөр тооцооны үйл ажиллагаа эрхлэх байгууллага нь үнэт цаасаар гэрчлэгдсэн өмчлөх эрхийг гэрээслэлийн дагуу шилжүүлэхэд Иргэний хуульд заасан журмын дагуу үйлдсэн гэрээслэл, түүнд дурдсан үнэт цаасны тоо нь тухайн дансанд байгаа эсэх, өв нээгдсэн эсэх, гэрээслэлээр өв хүлээн авагч нь өвийг хүлээн авах хүсэл зоригоо илэрхийлсэн эсэх зэрэг асуудлыг холбогдох баримтад үндэслэн тогтоосны үндсэн дээр гүйцэтгэнэ.
3.5.Үнэт цаасаар гэрчлэгдсэн өмчлөх эрхийг хуульд зааснаар өвлөгч иргэн нь энэ журмын 3.3-т заасан асуудлыг нотлох үүрэгтэй ба үнэт цаасны төлбөр тооцооны үйл ажиллагаа эрхлэх байгууллага шаардлагатай гэж үзвэл холбогдох иргэн, байгууллагаас нэмэлт лавлагаа, тодруулга авч болно.
3.6.Үнэт цаасны төлбөр тооцооны үйл ажиллагаа эрхлэх байгууллага энэ журмын 3.3, 3.4-д заасан асуудлыг тодруулсны үндсэн дээр холбогдох гүйлгээг хийх ба өвийг хүлээн авах хүсэлт гаргасан иргэнд нээгдсэн өвөөс түүнд хууль ёсны дагуу ногдох өв хөрөнгийн хэмжээгээр тооцож гүйлгээг гүйцэтгэнэ.
3.7.Өв залгамжлалын журмаар шилжүүлэх үнэт цаасны тоо нь өвлүүлэгчийн дансанд байгаа үнэт цаасны тоо хэмжээнээс зөрсөн нөхцөлд үнэт цаасны төлбөр тооцооны үйл ажиллагаа эрхлэх байгууллага нь энэ талаар хүсэлт гаргагчид мэдэгдэж өвлүүлэгчийн дансанд байгаа үнэт цаасны өмчлөх эрхийг хэрхэн шийдвэрлэх талаар шаардлагатай үйлдэл хийхийг хүснэ.
Текст томруулах
A
A
A