- Нүүр
- Сайдын тушаал
- МАЛЫН ЭМИЙН САЛБАР ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ
|
Хүнс, хөдөө аж ахуйн сайдын 2005 оны
94 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралт
94 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралт
МАЛЫН ЭМИЙН САЛБАР ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Малын эмийн салбар зөвлөл ("цаашид "Эмийн зөвлөл" гэх )- ийн үйл ажиллагааг энэхүү журмаар зохицуулна.
1.2. Эмийн зөвлөл нь мал эмнэлгийн зориулалтаар хэрэглэх эмийн чанар, аюулгүй байдлын шаардлагын түвшинд байлгах, нэр төрлийг олшруулж, сонголт хийх бололцоог өргөтгөх зорилгоор эм, эмийн түүхий эдийг улсын бүртгэлд бүртгэх үйл ажиллагааг эрхлэн зохион байгуулах, магадлан шалгаж зохицуулах үүрэг бүхий зөвлөх байгууллага мөн.
Хоёр. Удирдлага зохион байгуулалт
2.1. Эмийн зөвлөл нь дарга, нарийн бичгийн дарга, гишүүдээс бүрдэх бөгөөд Малын эмийн зөвлөлийг Хүнс, хөдөө аж ахуйн яамны Мал эмнэлгийн газрын дарга тэргүүлнэ.
2.2. Эмийн зөвлөлийн ажлын албаны үүргийг Зөвлөлийн нарийн бичгийн дарга гүйцэтгэнэ.
2.3. Эмийн зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь зөвлөлийн хуралдаан байна. Хуралдааныг зөвлөлийн дарга, түүний эзгүйд гишүүдийн олонхийн саналаар томилогдсон гишүүн удирдана.
2.4. Эмийн зөвлөл улиралд 1 удаа хуралдана. Шаардлагатай үед ээлжит бус хуралдааныг зөвлөлийн дарга зарлан хуралдуулж болно. Зөвлөлийн гишүүдийн ирц 80–аас дээш хувьтай бол хуралдааныг хүчинтэйд тооцно.
2.5. Эмийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхийн саналаар шийдвэрлэж зөвлөмж, дүгнэлт гаргана.
2.6. Эмийн зөвлөл нь стандартын дагуу хийсэн албан хэргийн тэмдэг, хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
2.7. Эмийн зөвлөлийн хуралдааны тэмдэглэлд зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга, хуралдаанд оролцсон гишүүд гарын үсэг зурж баталгаажуулна.
2.8. Эмийн зөвлөл нь үйл ажиллагаандаа "Эмийн тухай" хууль, "Эмийн талаар төрөөс баримтлах бодлого" болон холбогдох бусад хууль тогтоомжийг мөрдлөг болгоно.
Гурав. Малын эмийн зөвлөлийн үүрэг, эрх
3.1. Эмийн зөвлөл нь дараах үүрэг хүлээнэ Үүнд:
3.1.1 Эмийн талаар төрөөс баримтлах бодлогын хэрэгжилтэд дүгнэлт өгөх, түүнд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаар Эмийн үндэсний зөвлөлд санал, танилцуулга бэлтгэж өгөх;
3.1.2 Мал эмнэлгийн зориулалтаар хэрэглэх эм, эмийн түүхий эдийг бүртгэх, бүртгэлд өөрчлөлт оруулахтай холбогдсон асуудлыг баримт бичиг, эрх бүхий лабораторийн дүнгийн хүрээнд хэлэлцэж шийдвэр гаргах, гаргасан шийдвэрийн биелэлт, бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт тавих;
3.1.3 Мал эмнэлгийн зориулалтаар хэрэглэж буй эм, эмийн түүхий эдийн бүртгэл мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, энэ талаар нийтэд мэдээлэх;
3.1.4 Мал эмнэлгийн хэрэглээнд шаардагдах эмийн нэр төрлийг олшруулах, эмчилгээ, оношлогоонд олон улсын жишигт нийцсэн эм хэрэглэх асуудлаар зөвлөмж гаргах;
3.1.5 Мал эмнэлгийн зориулалтаар хэрэглэж буй эмийн лавлах, Үндэсний фармакопейн талаар санал дүгнэлт гаргах, мэргэжлийн зөвлөгөө өгөх;
3.1.6 Эмийн стандартын төсөлд санал өгөх;
3.1.7 Эмийн үйлдвэрлэлийн нөхцөлд үнэлэмж өгөх;
3.1.8 Эмийн мэдээлэл, зар сурталчилгааны асуудлаар мэргэжлийн дүгнэлт, зөвлөмж гаргах;
3.1.9 Мал, амьтны биед дасах болон гаж нөлөө ихтэй эмийг хориглох, хязгаарлах асуудлаар зөвлөмж дүгнэлт гаргах;
3.1.10 Мал эмнэлгийн зориулалтаар хэрэглэхээр бүртгэгдсэн эмийн чанар, аюулгүй байдал, хүн, мал, амьтны биед үзүүлж байгаа нөлөөллийн талаар гарсан санал, гомдлын дагуу тухайн эм бэлдмэлийг дахин шалгалт туршилтад хамруулах, гарсан дүнг хэлэлцэж баталгаажуулах, нийтэд мэдээлэх;
3.2. Малын эмийн зөвлөл нь дор дурдсан эрх эдлэнэ.
3.2.1 Эмийн технологийн баримт бичигтэй холбогдсон материалыг байгууллага, зохиогчоос гаргуулан авах;
3.2.2 Эм, эмийн түүхий эд болон бичиг баримтыг магадлан шинжлэх ажилд эмийн чиглэлээр мэргэшсэн шинжээчийг үндсэн байгууллагатай нь тохиролцсоны үндсэн дээр татан оролцуулах;
3.2.3 Мал эмнэлгийн эмчилгээний практикт хэрэглэх явцад тухайн эмийн эмчилгээний идэвх, чанар, аюулгүй байдалтай холбогдсон нотолгоотой гомдол, санал гараагүй, эмийн сорилт туршилтын дүнг харгалзахгүйгээр улсын бүртгэлийн хугацааг сунгах;
3.2.4 Малын эмийн улсын бүртгэлийн дүрэмд заасан баримт бичгийн бүрдүүлэлт нь шаардлага хангаагүй гэж үзвэл уг асуудлыг Эмийн зөвлөлийн хуралдаанд хэлэлцүүлэхгүйгээр бүртгүүлэгчид буцаах;
3.2.5 Аливаа байгууллагаас гаргасан шийдвэр нь холбогдох хууль, тогтоомжид нийцэхгүй байна гэж үзвэл хүчингүй болгох саналаа зохих байгууллагад тавих;
Дөрөв. Зөвлөлийн даргын ажил үүргийн чиглэл
4.1. Эмийн зөвлөлийн дарга нь зөвлөлийн ажлын төлөвлөгөө болон хуралдаанаас гарсан шийдвэрийг баталж, шаардлагатай гэж үзвэл зарим асуудлыг Хүнс, хөдөө аж ахуйн сайдын зөвлөлийн хуралдаанд хэлэлцүүлнэ.
4.2. Эмийн зөвлөлийн үйл ажиллагаанд шаардагдах хөрөнгийг төлөвлөж, Хүнс, хөдөө аж ахуйн сайдын тухайн жилийн төсвийн багцад тусган санхүүжүүлнэ.
4.3. Эмийн зөвлөлийн дарга зөвлөлийн хуралдааныг зарлан хуралдуулж хуралдааныг удирдана.
4.4. Эмийн хэрэглэх зааврыг зөвлөлийн хуралдааны санал, зөвлөмж, дүгнэлтийг үндэслэн баталж мөрдүүлнэ.
4.5. Нарийн бичгийн дарга, гишүүдэд үүрэг даалгавар өгч, биелэлтэд нь хяналт тавина.
4.6. Зөвлөлийн хагас, бүтэн жилийн ажлын тайланг гаргаж Хүнс, хөдөө аж ахуйн сайдын зөвлөлд танилцуулна.
Тав. Эмийн зөвлөлийн нарийн бичгийн даргын
үйл ажиллагааны чиглэл
5.1. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг Эмийн зөвлөлийн даргатай зөвшилцөн боловсруулж батлуулан хуралдааны бэлтгэл ажлыг хангана.
5.2. "Эмийн тухай" хууль, "Эмийн талаар төрөөс баримтлах бодлого"-ыг хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулж батлуулан, хэрэгжилтийг хангуулж тайлагнана.
5.3. Эмийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэх эм, эмийн түүхий эдийг бүртгэх, бүртгэлд өөрчлөлт оруулахтай холбогдуулан албан ёсоор ирүүлсэн баримт бичигт хянан магадлагаа хийж шаардлага хангасан гэж үзвэл хуралдаан болохоос 3-аас доошгүй хоногийн өмнө гишүүдэд тараана.
5.4. Хуралдааны тэмдэглэл хөтөлж, гарсан шийдвэрийг баталгаажуулж, шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна.
5.5. Эмийн улсын бүртгэлийг хариуцан бүртгэл мэдээллийн сан бүрдүүлнэ.
5.6. Гэрчилгээний зарцуулалтын тайлан гаргаж, шинээр бүртгэсэн эмийг хагас жил тутамд нийтэд мэдээлнэ.
5.7. Зөвлөлийн үйл ажиллагааны зохион байгуулалтын асуудлыг хариуцан жилд 1 удаа Зөвлөлийн хуралдаанд танилцуулна.
5.8. Эмийн зөвлөлийн үйл ажиллагаатай холбоотой бичиг баримтыг цэгцэлж яамны архивт хүлээлгэн өгнө.
Зургаа. Хариуцлага хяналт
6.1. Зөвлөл нь Хүнс хөдөө аж ахуйн сайдын өмнө үүрэг хариуцлага хүлээж, үйл ажиллагаанд нь Төрийн нарийн бичгийн дарга хяналт тавина
………………оОо……………
Текст томруулах
A
A
A