- Нүүр
- Сайдын тушаал
- МОНГОЛ УЛСАД УРГАМАЛ ХАМГААЛЛЫН БОДИСЫГ ТУРШИХ, БҮРТГЭХ ЖУРАМ
Байгаль орчны сайд, Эрүүл мэнд, Нийгмийн
хамгааллын сайд, Хөдөө аж ахуй үйлдвэрийн
сайдын 1999 оны 86/А8/А164 тоот тушаалын
1 дүгээр хавсралт
МОНГОЛ УЛСАД УРГАМАЛ ХАМГААЛЛЫН БОДИСЫГ ТУРШИХ, БҮРТГЭХ ЖУРАМ
1.1.Монгол улсын нутаг дэвсгэрт ургамал хамгааллын бодисыг туршиж, үйлдвэрлэлд нэвтрүүлэх, хэрэглэх, үйлдвэрлэлээс хасах, шаардлага хангахгүй бодисыг устгах асуудлыг зохицуулахад энэхүү журмыг мөрдөнө.
1.2.Ургамлын өвчин, хөнөөлт шавьж, мэрэгч амьтан, тариалангийн талбайн хог ургамалтай тэмцэхэд хэрэглэгддэг химийн болон биологийн бэлдмэлүүдийг "Ургамал хамгаалах бодис" гэнэ.
1.3. Хөдөө аж ахуйд хэрэглэх ургамал хамгаалах бодисын зохистой хугацаа, тунг нарийвчлан тогтоохыг "Ургамал хамгаалах бодисыг турших" гэнэ.
1.4. ХААУХАлба нь эрүүл ахуйн болон байгаль орчны хяналтын албадтай хамтран аливаа бодисын үйлчлэл, чанарын туршилт явуулж, гаргасан дүгнэлтийг үндэслэн тухайн бодисыг хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд хэрэглэх зөвшөөрөл олгохыг "Ургамал хамгаалах бодисыг улсын бүртгэлд бүртгэх " гэнэ.
1.5. Ургамал хамгаалах бодисын жагсаалтаас хасагдсан, технологийн болон хадгалалтын буруугаас ашиглалтын шаардлага хангахгүй болсон бодисыг хэрэглээнээс хасч, зохих журмын дагуу зайлуулахыг "Ургамал хамгаалах бодисыг утгах " гэнэ.
1.6. Улсын бүртгэлд орсон ургамал хамгаалах бодисын жагсаалтыг Химийн хорт бодис ашиглах үйл ажиллагааг зохицуулах үндэсний зөвлөл (цаашид Зөвлөл гэх)-ийн дүгнэлтийг үндэслэн Байгаль орчны Сайд, Эрүүл мэнд, Нийгмийн хамгааллын Сайд, Хөдөө аж ахуй, үйлдвэрийн Сайдын хамтарсан тушаалаар жил бүр шинэчлэн батална.
Хоёр. Ургамал хамгаалах бодис туршихад тавих
шаардлага
2.1. Шинээр хэрэглэх бодисын туршилт явуулах арга, хугацаа, нөхцөлийг Хөдөө аж ахуйн улсын хяналтын алба тогтооно.
2.2. Ургамал хамгаалах бодисыг турших ажлыг ургамал хамгаалал хорио цээрийн улсын байцаагчийн хяналтын дор эрдэм шинжилгээний болон мэргэжлийн байгууллага гүйцэтгэнэ.
2.3. Ургамал хамгаалах бодис туршигч аж ахуйн нэгж, байгууллага нь туршилт явуулж эхэлснээс хойш нэгээс зургаан сарын дотор туршилтын ажлын явцын болон үр дүнгийн дэлгэрэнгүй тайланг гаргаж, Хөдөө аж ахуйн улсын хяналтын албанд өгч байна.
2.4 Ургамал хамгаалах бодисыг туршигч аж ахуйн нэгж, байгууллага нь бодисыг хэрэглэх зохистой хугацаа , тун хэмжээг хээрийн болон лабораторийн туршлагад үндэслэн тогтооно.
2.5. Ургамал хамгаалах бодисыг турших явцад ус, хөрс, таримал, бэлэн бүтээгдэхүүнд байх үлдэгдэл бодисын хэмжээг Эрүүл ахуй, халдвар судлалын хяналтын алба тогтоож, дүгнэлт гаргана. /Маягт ¹3. Ургамал хамгаалах бодисын талаархи эрүүл ахуйн дүгнэлт./
Гурав. Ургамал хамгаалах бодисыг улсын бүртгэлд
бүртгэхэд тавих шаардлага
3.1 Ургамал хамгаалах бодисыг дараах нөхцөлийг хангасан тохиолдолд улсын бүртгэлд бүртгэнэ.
- тухайн бодис нь олон улсын ургамал хамгаалалд хэрэглэх бодисын жагсаалт болон ангилалд орсон байх,
- тухайн бэлдмэлийн үйлчлэх бодис, найрлага нарийвчлан тогтоогдсон байх,
- бэлдмэлийг хэрэглэх тунгийн хязгаар, сөрөг нөлөө, үйлчлэлийн чанар нь лабораторийн болон талбайн сорилтоор нотлогдсон байх,
- бодисыг үйлдвэрлэх нөхцөл нь олон улсын үйлдвэрлэлийн практикт тавигддаг эрүүл ахуйн шаардлагыг хангасан байх,
- импортоор авах бодис нь олон улсын хэрэглээнд зөвшөөрөгдсөн, үйлдвэрлэгч улсад бүртгэгдэж хоёроос доошгүй удаа хөдөө аж ахуйд туршигдсан буюу хэрэглэгдсэн байх,
3.2.Монгол улсад хэрэглэх бодисын жагсаалтад болон ангилалд орсон ургамал
хамгаалах бодисыг импортлоход Эрүүл ахуй, халдвар судлалын хяналтын байгууллагын дүгнэлтийг үндэслэн Хөдөө аж ахуйн улсын хяналтын албанаас урьдчилан зөвшөөрөл авсан байна. /Маягт ¹1. Ургамал хамгаалах бодис импортлох зөвшөөрөл./
Дөрөв. Ургамал хамгаалах бодисыг улсын
бүртгэлд бүртгэх
4.1. Энэхүү журмын 2 болон 3 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан ургамал хамгаалах бодисыг Хөдөө аж ахуйн улсын хяналтын алба, Зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн, улсын бүртгэлд бүртгэнэ.
4.2. Ургамал хамгаалах бодисын жагсаалтад шинээр оруулах бодисын талаар шаардагдах материал бүрдүүлэн Зөвлөлд хэлэлцүүлж, баталгаажуулах асуудлыг Хөдөө аж ахуйн улсын хяналтын алба хариуцан гүйцэтгэнэ.
4.3. Улсын бүртгэлд бүртгэх бодисын талаар дараахь материалыг импортлогч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага бүрдүүлж, Хөдөө аж ахуйн улсын хяналтын албанд оруулна. Үүнд:
- тухайн бодисын сорилт , туршилтын дэлгэрэнгүй тайлан.
- тухайн бодисыг дотоодод үйлдвэрлэсэн бол түүнийг үйлдвэрлэх технологийн заавар, улсын стандарт буюу техникийн нөхцөл.
- уг бодисын найрлага, үйлчлэх бодисын нэр, түүний бэлдмэлд эзлэх хувь, хоруу чанарын үзүүлэлтүүд.
- тухайн бодисыг хэрэглэх заавар /Монгол хэл дээр/.
- ургамал хамгаалах бодисыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай өргөдөл. /Маягт¹2. Улсын бүртгэлд ургамал хамгаалах бодис оруулах бүртгэл./
4.4. Гадаадаас импортлох болон дотоодод үйлдвэрлэсэн бодис хэрэглэх иргэн, аж
ахуйн нэгж, байгууллага нь сорилт, туршилтад хүрэлцэхүйц хэмжээний бодисыг сорилт, туршилт явуулах байгууллагад хүргүүлнэ.
4.5. Ургамал хамгаалах бодисыг үйлдвэрлэлд хэрэглэх зааврыг Ургамал хамгааллын асуудал эрхэлсэн Төрийн захиргааны төв байгууллага батална.
Ургамал хамгаалах бодисыг улсын бүртгэлд бүртгэхэд Улсын бүртгэлийн гэрчилгээ олгоно. /Маягт¹4. Ургамал хамгаалах бодисын бүртгэлийн гэрчилгээ./
4.6. Хөдөө аж ахуйн улсын хяналтын алба нь бүртгэлийн гэрчилгээ авсан иргэн, аж
ахуйн нэгж, байгууллагын дэлгэрэнгүй бүртгэл хөтөлнө.
5.1. Ургамал хамгаалах бодисыг Улсын бүртгэлээс хасах асуудлыг Хөдөө аж ахуйн улсын хяналтын албаны болон Зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн Байгаль орчны яам, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам, Хөдөө аж ахуй, үйлдвэрийн яам хамтран шийдвэрлэнэ.
5.2. Тухайн бодисыг улсын бүртгэлээс дор дурьдсан нөхцөлд хасна. Үүнд:
- хэрэглээний явцад бодисын физик, химийн шинж чанар, үйлчлэл нь үйлдвэрлэлийн шаардлагад нийцэхгүй болсон,
- тухайн бодис нь ашиглалтын шаардлага хангахгүй болсон,
- хүн болон халуун цуст амьтад, байгаль, ургамалд сөрөг нөлөөтэй болох нь тогтоогдсон,
- олон улсын байгууллагаас хэрэглэхийг хориглосон.
Зургаа. Ургамал хамгаалах бодисыг хэрэглээнд гаргах
6.1 Ургамал хамгаалах бодисыг улсын бүртгэлд бүртгэгдэж, гэрчилгээ олгосон өдрөөс хэрэглээнд гаргахыг зөвшөөрнө.
6.2. Ургамал хамгаалах бодисыг хэрэглээнд гаргахдаа түүнийг хэрэглэх заавар, физик, химийн шинж, үйлчлэх бодисын агууламж, хэлбэр, хоруу чанарын үзүүлэлт /YT50/, хөрс, ус, бүтээгдэхүүнд байж болох үлдцийн дээд хэмжээ, хадгалах хугацаа зэргийг тодорхойлсон баримт бичгийг бүрдүүлсэн байна.
6.3. Ургамал хамгаалах бодисыг хадгалах, тээвэрлэх, устгах үйл ажиллагааг Байгаль орчны Сайдын 1998 оны 84 дүгээр тогтоолоор баталсан "Химийн хорт бодисын хадгалалт, хамгаалалт, тээвэрлэлт, устгалын тухай журам" –ын дагуу гүйцэтгэнэ.
…………………………….о О о……………………………
Текст томруулах
A
A
A