- Нүүр
- Сайдын тушаал
- НИСЭГЧЭЭС БУСАД НИСЭХ БАГИЙН ГИШҮҮН БОЛОН АГААРЫН ХӨЛГИЙН ДИСПЕТЧЕРИЙГ ҮНЭМЛЭХЖҮҮЛЭХ
ИРГЭНИЙ НИСЭХИЙН ДҮРЭМ - 63
НИСЭГЧЭЭС БУСАД НИСЭХ БАГИЙН ГИШҮҮН БОЛОН АГААРЫН ХӨЛГИЙН ДИСПЕТЧЕРИЙГ ҮНЭМЛЭХЖҮҮЛЭХ
А БҮЛЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ 3
63.1. Зорилго 3
63.2. Тодорхойлолт 3
63.3. Ерөнхий шаардлага 3
63.4. Үнэмлэх ба зэрэглэл 4
63.5. Өргөдөл гаргах 4
63.6. Үнэмлэх, зэрэглэл олгох 5
63.7. Үнэмлэх, зэрэглэлийн хугацаа 5
63.8. Шалгалт 5
63.9. Шалгалтын үед хориглох зүйлс 5
63.10. Нислэгийн дэвтэр - Ерөнхий зүйл 6
63.11. Нислэгийн дэвтэр - Нислэгийн цаг 7
63.12. Эрүүл мэндийн шаардлага 7
63.13. Хоёр жил тутмын нислэгийн шалгалт 7
63.14. Эрүүл мэндийн байдал болон ур чадварын хадгалалт 8
63.15. Үнэмлэх эзэмшигчид хүлээлгэх хариуцлага 8
Б БҮЛЭГ. СУРАГЧ НИСЭХ ИНЖЕНЕРИЙН ҮНЭМЛЭХ 9
63.16. Үнэмлэх авахад тавигдах шаардлага 9
63.17. Эрх, хязгаарлалт 9
БҮЛЭГ В. НИСЭХ ИНЖЕНЕРИЙН ҮНЭМЛЭХ 9
63.18. Үнэмлэх авахад тавигдах шаардлагууд 9
63.19. Эрх, үүрэг 11
63.20. Нислэгийн дадлага туршлагад тавигдах шаардлага 11
БҮЛЭГ Г. СУРАГЧ НИСЭН ХЯНАГЧИЙН ҮНЭМЛЭХ 12
63.21. Үнэмлэх авахад тавигдах шаардлагууд 12
63.22. Эрх, хязгаарлалт 12
БҮЛЭГ Д. НИСЭН-ХЯНАГЧИЙН ҮНЭМЛЭХ 12
63.23. Үнэмлэх авахад тавигдах шаардлагууд 12
63.24. Онолын мэдлэгт тавигдах шаардлага 12
63.25. Дадлага, туршлагад тавигдах шаардлага 13
63.26. Ур чадварт тавигдах шаардлага 13
63.27. Давтан шалгалт 14
63.28. Нисэн хянагчийн сургалт 14 БҮЛЭГ Е. АГААРЫН ХӨЛГИЙН ДИСПЕТЧЕРИЙН ҮНЭМЛЭХ 14
63.29. Үнэмлэх авахад тавигдах шаардлагууд 14
63.30. Дадлага туршлага, ур чадварт тавигдах шаардлага 15
63.31. Эрх, хязгаарлалтууд 16
БҮЛЭГ Ж. НИСЛЭГИЙН РАДИО-ХОЛБООНЫ ОПЕРАТОРЫН ЗЭРЭГЛЭЛ 16
63.32. Зэрэглэл авахад тавигдах шаардлагууд 16
63.33. Зэрэглэл олгох 17
63.34 Эрх, хязгаарлалтууд 17
БҮЛЭГ 3. АГААРЫН ХӨЛГИЙН МАЯГИЙН ЗЭРЭГЛЭЛ 17
63.35. Зэрэглэл авахад тавигдах шаардлагууд 17
63.36. Зэрэглэл олгох 18
63.37. Эрх, хязгаарлалтууд 18
БҮЛЭГ И. НИСЭХ ИНЖЕНЕР-БАГШИЙН ЗЭРЭГЛЭЛ 18
63.18. Зэрэглэл авахад тавигдах шаардлагууд 18
63.19. Эрх, хязгаарлалтууд 19
БҮЛЭГ К. НИСЭХ ИНЖЕНЕР-ШАЛГАГЧИЙН ЗЭРЭГЛЭЛ 19
63.40. Зэрэглэл авахад тавигдах шаардлагууд 19
63.41. Эрх, хязгаарлалтууд 20
БҮЛЭГ Л. НИСЭН ХЯНАГЧ - БАГШИЙН ЗЭРЭГЛЭЛ 20
63.42. Зэрэглэл авахад тавигдах шаардлагууд 20
63.43. Эрх, хязгаарлалтууд 21
БҮЛЭГ М. НИСЭН ХЯНАГЧ - ШАЛГАГЧИЙН ЗЭРЭГЛЭЛ 21
63.44. Зэрэглэл авахад тавигдах шаардлагууд 21
63.45. Эрх, хязгаарлалтууд 22
Дэд бүтцийн сайдын 2001 оны 269 тоот тушаалын хавсралт
НИСЭГЧЭЭС БУСАД НИСЭХ БАГИЙН ГИШҮҮН БОЛОН АГААРЫН ХӨЛГИЙН ДИСПЕТЧЕРИЙГ ҮНЭМЛЭХЖҮҮЛЭХ
А БҮЛЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ
63.1. Зорилго
Нисэх инженер, нисэн хянагч, агаарын хөлгийн диспетчерт мэргэжлийн үнэмлэх, зэрэглэл олгоход тавигдах шаардлага болон уг үнэмлэх, зэрэглэлийн хүрээнд эдлэх эрх, хязгаарлалтыг тогтооход энэ дүрмийн зорилго оршино.
63.2. Тодорхойлолт
"агаарын навигаци" гэж газрын тоног төхөөрөмжийн тусламжтайгаар зөвшөөрөгдсөн агаарын зайд нислэг үйлдэж байгаа агаарын хөлгийг чиглүүлэн удирдахыг;
"нислэгийн навигаци" гэж агаарын хөлгийн бүхээгт суурилуулсан навигацийн тоног төхөөрөмж болон навигацийн тооцоогоор нислэгийн үед агаарын хөлгийн байрлалыг тогтоохыг тус тус хэлнэ.
63.3. Ерөнхий шаардлага
(а) Монгол Улсад бүртгэлтэй агаарын хөлгөөр нислэг үйлдэх нисэх инженер, нисэн хянагч нь энэ дүрмийн дагуу олгогдсон үнэмлэх эзэмшсэн байна.
(б) Гадаад улсад бүртгэлтэй агаарын хөлгөөр Монгол Улсын нутаг дэвсгэрт нислэг үйлдэх нисэх инженер, нисэн хянагч нь дараах шаардлагыг хангасан үнэмлэх эзэмшсэн байна:
1/ нислэг үйлдэж буй агаарын хөлгийг бүртгэгч улсаас олгогдсон байх; ба
2/ энэ дүрмийн дагуу ИНЕГ-аас хүлээн зөвшөөрөгдсөн байх.
(в) Монгол Улсад, эсхүл гадаад улсад бүртгэлтэй агаарын хөлгөөр Монгол Улсын нутаг дэвсгэрт нислэг үйлдэх нисэх инженер нь тухайн агаарын хөлгийн маягийн зэрэглэлтэй байна.
(г) Нисэх инженер-багшийн эрх эдлэх этгээд энэ дүрмийн И бүлэгт заасан багшлах зэрэглэлтэй байна.
(д) Нисэх инженер-шалгагчийн эрх эдлэх этгээд энэ дүрмийн К бүлэгт заасан шалгагчийн зэрэглэлтэй байна.
(е) Нисэн хянагч-багшийн эрх эдлэх этгээд энэ дүрмийн Л бүлэгт заасан багшлах зэрэглэлтэй байна.
(ж) Нисэн хянагч-шалгагчийн эрх эдлэх этгээд энэ дүрмийн М бүлэгт заасан шалгагчийн зэрэглэлтэй байна.
(з) Агаарын хөлгийн диспетчер нь энэ дүрмийн Е бүлэгт заасан үнэмлэх эзэмшсэн байна.
63.4. Үнэмлэх ба зэрэглэл
(а) Энэ дүрмээр дараах ангиллын үнэмлэх олгож, зэрэглэл тогтооно:
1/ сурагч-нисэх инженерийн үнэмлэх
2/ сурагч-нисэн хянагчийн үнэмлэх
3/ нисэх инженерийн үнэмлэх
- радио холбооны операторын зэрэглэл
- агаарын хөлгийн маягийн зэрэглэл
- нисэх инженер-багшийн зэрэглэл
- нисэх инженер-шалгагчийн зэрэглэл
4/ нисэн хянагчийн үнэмлэх
- радио холбооны операторын зэрэглэл
- нисэн хянагч-багшийн зэрэглэл
- нисэн хянагч-шалгагчийн зэрэглэл
5/ агаарын хөлгийн диспетчерийн үнэмлэх
(б) Нисэх инженер-багш, нисэх инженер-шалгагч, нисэн хянагч-багш, нисэн хянагч-шалгагчийн зэрэглэлийг тэдгээрийн үнэмлэхэнд тэмдэглэнэ. Бусад зэрэглэлийг холбогдох нислэгийн дэвтэрт тэмдэглэх бөгөөд нисэх инженер, эсхүл нисэн хянагчийн үнэмлэхэнд нэмэлт болгон тэмдэглүүлж болно.
63.5. Өргөдөл гаргах
(а) Нисэх инженер, нисэн хянагч, агаарын хөлгийн диспетчерийн үнэмлэх, зэрэглэл авахаар өргөдөл гаргагч нь ИНЕГ-0063/01 маягтыг бөглөж, төлбөрийн баримтын хамт ИНЕГ-ын даргад ирүүлнэ.
(б) Сурагч-нисэх инженер болон сурагч-нисэн хянагчийн үнэмлэх авахаар өргөдөл гаргагч нь ИНЕГ-0063/02 маягтыг бөглөж, төлбөрийн баримтын хамт ИНЕГ-ын даргад ирүүлнэ.
63.6. Үнэмлэх, зэрэглэл олгох
ИНЕГ-аас дараах шаардлагыг хангасан өргөдөл гаргагчид үнэмлэх, зэрэглэл олгоно:
1/ энэ дүрмийн шаардлагыг бүрэн хангасан байх;
2/ тухайн үнэмлэх буюу зэрэглэлийн дагуу үүрэг гүйцэтгэхийн тулд монгол (англи) хэл дээр унших, ярих, ойлгох чадвартай байх;
3/ тухайн үнэмлэх, зэрэглэлийн хувьд энэ дүрэмд заасан мэргэжлийн ур чадварын шаардлагуудыг хангасан байх;
4/ тухайн үнэмлэх, зэрэглэлийг олгосноор нисэхийн аюулгүй ажиллагаанд харшлахгүй байх.
63.7. Үнэмлэх, зэрэглэлийн хугацаа
(а) Нисэх инженер, нисэн хянагч, агаарын хөлгийн диспетчерийн үнэмлэхийг 1 жилийн хугацаатай олгоно.
(б) Үнэмлэх, зэрэглэл нь ИНЕГ-ын дарга үйлчлэлийг нь түр түдгэлзүүлэх, хүчингүй болгохоос бусад тохиолдолд үнэмлэхэнд заасан хугацаанд хүчин төгөлдөр байна.
63.8. Шалгалт
(а) Энэ дүрмийн дагуу үнэмлэх, зэрэглэл авахаар өргөдөл гаргагч нь бичгийн шалгалтад 80-аас доошгүй хувийн үнэлгээ авсан байна.
(б) Энэ дүрмийн дагуу нислэгийн шалгалт өгөх өргөдөл гаргагч нь холбогдох сургалтад хамрагдсан болон нислэг үйлдсэн тухай тэмдэглэл бүхий нислэгийн дэвтэртэй байх ба шалгалтад хангалттай үнэлгээ авсан байна.
63.9. Шалгалтын үед хориглох зүйлс
(а) Энэ дүрмийн дагуу авч буй бичгийн шалгалтын үед дараах зүйлийг хориглоно:
1/ мэдээллийн ямар нэгэн эх үүсвэр ашиглах, бусдаас хуулах;
2/ шалгалтын үед бусдын дэмжлэг авах;
3/ бусдын өмнөөс шалгалт өгөх;
4/ шалгалтын материалыг гадагш авч гарах;
5/ ямар нэг хэрэгсэл ашиглан шалгалтын талаар болон шалгалтын материалаас бичлэг хийх.
(б) Энэ зүйлийн (а)-д заасан үйлдлийг гаргасан этгээдийн талаар ИНЕГ-ын дарга дараах шийдвэрийн аль нэгийг гаргана:
1/ тухайн шалгалтад тэнцээгүйд тооцох;
2/ бүх тэнцсэн шалгалтын дүнг хүчингүйд тооцох;
3/ ИНД-ийн хүрээнд аливаа шалгалтад орох эрхийг нь 12 cap хүртэл хугацаагаар хасах;
4/ энэ дүрмээр олгогдсон аливаа үнэмлэх, зэрэглэлийн үйлчлэлийг түр түдгэлзүүлэх, эсхүл хүчингүй болгох.
63.10. Нислэгийн дэвтэр - Ерөнхий зүйл
(а) Сурагч нисэх инженер, нисэх инженерийн, эсхүл сурагч нисэн хянагч, нисэн хянагчийн үнэмлэх эзэмшигч (цаашид үнэмлэх эзэмшигч гэх) нь ИНЕГ-аас хүлээн зөвшөөрсөн нислэгийн дэвтэрт нислэгийн цагаа тэмдэглэнэ. Дэвтэрт тэмдэглэсэн нислэгийн цаг арилсан буюу бүдгэрсэн тохиолдолд нислэгийн цагийг нь ИНЕГ-аас сэргээн баталгаажуулна.
(б) Үнэмлэх эзэмшигч нь нислэг үйлдэж дууссаны дараа 14 хоногийн хугацаанд багтаан нислэгийн дэвтэрт холбогдох тэмдэглэлийг хөтөлсөн байх ба нислэгийн дэвтэр хадгалж буй үндсэн газраасаа хол байвал, үндсэн газартаа ирсний дараа 2 хоногийн дотор тэмдэглэлийг нөхөн хөтөлсөн байна.
(в) Үнэмлэх эзэмшигч нь нислэгийн дэвтрийг сүүлийн нислэгийн цагийг тэмдэглэсэн өдрөөс хойш наад зах нь 12 сарын хугацаанд хадгална.
(г) Үнэмлэх эзэмшигч нь нислэгийн дэвтэрт шаардлагатай үзлэг хийлгэх зорилгоор ИНЕГ-ын даргад ирүүлэхээс өмнө дараах шаардлагыг хангасан байна:
1/ хуудасны багана тус бүрийг дүгнэсэн байх;
2/ нислэг үйлдсэн нийт тоог зориулалтын зайд тэмдэглэсэн байх;
3/ сүүлийн тэмдэглэлийн дор тухайн тэмдэглэл нь үнэн зөв болохыг батлан гарын үсэг зурсан байх.
(д) Энэ дүрмийн холбогдох шаардлагуудыг биелүүлээгүй тохиолдолд үнэмлэх эзэмшигчийн нислэгийн үүрэг гүйцэтгэсэн цагийг нислэгийн цагт тооцохгүй.
63.11. Нислэгийн дэвтэр - Нислэгийн цаг
(а) Үнэмлэх эзэмшигчийн нислэг үйлдэх агаарын хөлгийн маягийн гэрчилгээнд нисэх инженер болон нисэн хянагчтай нислэг үйлдэхээр тусгагдсан бол тухайн агаарын хөлөг дээр нислэгийн үүрэг гүйцэтгэсэн цагийг нислэгийн цагт тооцно.
(б) Сурагч-нисэх инженер, сурагч-нисэн хянагчийн нисэх инженер-багш, нисэн хянагч-багшийн шууд хяналтад нислэгийн үүрэг гүйцэтгэсэн цагийг нислэгийн цагт тооцно.
(в) Нисэх инженер, эсвэл нисэн хянагчийн ажлын байрнаас нисэх инженер, нисэх инженер-багш, нисэх инженер-шалгагч, эсхүл нисэн хянагч, нисэн хянагч-багш, нисэн хянагч-шалгагчаас бусад нисэх багийн гишүүнээр үүрэг гүйцэтгэсэн цагийг нь нислэгийн цагт тооцно.
63.12. Эрүүл мэндийн шаардлага
(а) Үнэмлэх эзэмшигч нь ИНД-67-д заасны дагуу эрүүл мэндийн хүчин төгөлдөр гэрчилгээ эзэмшсэн байна.
(б) Энэ зүйлийн (а) хэсэгт заасан гэрчилгээ эзэмшигч нь дараах тохиолдолд үнэмлэхэнд заасан эрхийг эдлэхгүй:
1/ эрүүл мэндийн шаардлага хангахгүй нь илэрхий мэдэгдэж байгаа буюу эрүүл мэндийн стандартад нийцэхгүй байгаа бол,
2/ тухайн этгээд нь:
(i) ерөнхий мэдээ алдуулах үйлчилгээтэй эм, тариа хэрэглэсэн эмчилгээний дараа; эсхүл
(ii) томоохон мэс заслын дараа; эсхүл
(iii) жирэмсний 4-6 сартайд, эсхүл төрсний дараа тухайн этгээдийн эрүүл мэндийн байдлыг эрүүл мэндийн хяналтын мэргэжилтэн тодорхойлж үнэлгээ өгөөгүй бол.
(в) Үнэмлэх эзэмшигч нь ИНЕГ-ын эрх бүхий этгээдийн шаардсанаар эрүүл мэндийн гэрчилгээг шалгуулах бөгөөд шаардлагатай бол эрүүл мэндийн гэрчилгээгээ хураалгана.
63.13. Хоёр жил тутмын нислэгийн шалгалт
(а) Нисэх инженерийн үнэмлэх эзэмшигч нь 2 жил тутам нислэгийн шалгалт өгөх ба тухайн шалгалтыг хангалтгүй өгсөн, эсхүл шалгалтын үр дүнг энэ зүйлийн (в)-д заасны дагуу нислэгийн дэвтэртээ тэмдэглүүлээгүй бол үнэмлэхэнд заасан эрхийг эдлэхгүй.
(б) Хоёр жил тутмын нислэгийн шалгалтыг нисэх инженер-шалгагч авах бөгөөд шалгалт нь дараах зүйлээс бүрдэнэ:
1/ дүрмийн шалгалт (мөрдөж буй дүрэмд өмнөх 2 жилийн хугацаанд хийгдсэн өөрчлөлтүүдийн талаар онцгойлон анхаарах);
2/ нислэгийн зааврын ашиглалт (нисэх инженерийн үнэмлэх эзэмшигчид хамаарах журмуудад онцгойлон анхаарах).
(в) Нисэх инженер-шалгагч нь үнэмлэх эзэмшигчийг 2 жил тутмын нислэгийн шалгалтыг амжилттай өгсөнд тооцвол дараах тэмдэглэлийг нисэх инженерийн нислэгийн дэвтэрт хийнэ:
[………………………….овогтой…………………………….] нь Хоёр жил тутмын нислэгийн шалгалтыг ИНД-63-т заасан шаардлагуудад нийцүүлэн амжилттай өгснийг гэрчилж байна.
…………………………………/гарын үсэг/
….... он ...... cap ...... өдөр
(г) Нисэх инженерийн үнэмлэх эзэмшигч нь энэ дүрэмд заасан шаардлагуудыг хангаагүй бол сурагч нисэх инженерийн үнэмлэхэнд заасан эрхийг эдэлж болно.
63.14. Эрүүл мэндийн байдал болон ур чадварын хадгалалт
(а) Үнэмлэх эзэмшигч нь ИНЕГ-ын эрх бүхий этгээд шаардсан тохиолдолд буюу тогтоосон хугацаанд эрүүл мэндийн байдал болон ур чадварын хадгалалтаа тогтоолгох үүднээс эрүүл мэндийн болон бусад үзлэг, шалгалтад хамрагдана.
(б) Энэ зүйлийн (а)-д заасан эрүүл мэндийн болон бусад үзлэг, шалгалтад хамрагдсан этгээд шаардлага хангахгүй нь тогтоогдвол тухайн үнэмлэх, зэрэглэлийг эзэмших эрхгүй.
63.15. Үнэмлэх эзэмшигчид хүлээлгэх хариуцлага
Согтууруулах ундаа болон мансууруулах бодис хэрэглэсэн, түүнчлэн тухайн төрлийн бодис хэрэглэсэн эсэхийг тогтоох үзлэгт орохоос татгалзсан этгээдийн үнэмлэх, зэрэглэл эзэмших эрхийг түр зогсоох буюу хүчингүй болгоно.
Б БҮЛЭГ. СУРАГЧ НИСЭХ ИНЖЕНЕРИЙН ҮНЭМЛЭХ
63.16. Үнэмлэх авахад тавигдах шаардлага
Сурагч нисэх инженерийн үнэмлэх авахаар өргөдөл гаргагч нь дараах шаардлагыг хангасан байна:
1/ 21 нас хүрсэн байх;
2/ ИНД-67-ын дагуу 1-р ангиллын эрүүл мэндийн гэрчилгээ эзэмшсэн байх.
63.17. Эрх, хязгаарлалт
Сурагч нисэх инженерийн үнэмлэх эзэмшигч нь дараах зорилгоор нисэх инженерийн үүргийг нисэх инженер-багшийн шууд хяналтанд гүйцэтгэнэ: 1/ нисэх инженерийн үнэмлэх болон зэрэглэл авах, эсхүл 2/ нисэх инженерийн үнэмлэхний эрх сэргээх.
БҮЛЭГ В. НИСЭХ ИНЖЕНЕРИЙН ҮНЭМЛЭХ
63.18. Үнэмлэх авахад тавигдах шаардлагууд
Нисэх инженерийн үнэмлэх эзэмших этгээд нь дараах шаардлагыг хангасан байна:
1/ 21 нас хүрсэн байх;
2/ нисэх инженерийн үүргийг нийт 100-аас доошгүй цаг гүйцэтгэсэн байх;
3/ нийт цагийн 50-иас доошгүй цаг нь нислэгийн цаг байх бөгөөд 50 хүртэлх цагийг дараах аль нэг сургалтад хамрагдах хугацаанд нислэгийн дадлагажуур дээр гүйцэтгэсэн байх:
(i) агаарын хөлгийн үйлдвэрлэгчээс зохион байгуулсан сургалт;
(ii) ИНД-119-ийн дагуу гэрчилгээжсэн агаарын тээврийн үйл ажиллагааны гэрчилгээ эзэмшигчээс зохион байгуулсан сургалт;
(iii) ИНД-141-ийн дагуу гэрчилгээжсэн нисэхийн сургалтын байгууллагаас зохион байгуулсан сургалт.
4/ радио-холбооны операторын зэрэглэлтэй байх;
5/ нисэх инженерийн үүрэгт хамаарах дараах сэдвүүдээр бичгийн шалгалтыг ИНЕГ-ын эрх бүхий этгээдэд өгсөн байх:
(i) нисэхийн хууль тогтоомж: нисэх инженерийн үүрэгт хамаарах дүрэм журмын мэдлэг;
(ii) нислэгийн онол болон нислэгийн уйл ажиллагаа: агаарын хөлөгт жин ба ачааллын үзүүлэх нөлөө, нислэгийн үзүүлэлт ба гүйцэтгэл, жин ба төвлөрөлтийн тооцоо, нислэгийн гүйцэтгэлийн өгөгдөхүүнийг ашиглах; техник үйлчилгээний зарчим; нислэгт тэнцэх чадварын хадгалалтын журам; аливаа гэмтэл, дутагдлыг мэдээлэх журам; нислэгийн өмнөх үзлэг; түлшний сумалгаа хийх ба гадны цахилгаан тэжээл хэрэглэхээс өмнөх урьдчилсан анхааруулга; бүхээгийн системүүд болон суурилагдсан тоног төхөөрөмж; хэвийн, хэвийн бус, онцгой тохиолдлын журмууд; ачаа тээш болон аюултай ачаа тээвэрлэх журам.
(iii) инженеринг: хүчний төхөөрөмжийн зарчим, хийн турбинт болон поршинт хөдөлгүүр; шатахууны үзүүлэлтүүд, түлшний систем; тослох материал ба тосолгооны системүүд; шаталтын дараах ба тоосруулан цацах систем, хөдөлгүүрийн очлуурын болон асаалтын систем; хөдөлгүүрт хийгдэх техник үйлчилгээний журмууд, ашиглалтын хязгаарлалт ба үйл ажиллагааны зарчим; хөдөлгүүрийн хүчин чадалд хүрээлэн байгаа орчны үзүүлэх нөлөөлөл; агаарын хөлгийн их бие, түүний бүтэц, хөл анги, дугуйн эд ангиуд, тормос ба гулгалтын эсрэг төхөөрөмж, зэврэлт; их биед гарсан эвдрэл, гэмтлүүдийг тодорхойлох; мөсдөлт, борооноос хамгаалах системүүд; бүхээгийн битүүмжлэл ба агааржуулалтын систем, хүчилтөрөгчийн системүүд; шингэний болон агаарын системүүд; цахилгааны онол; хувьсах болон тогтмол гүйдлийн системүүд; агаарын хөлгийн цахилгаан сүлжээний системүүд, тэдгээрийн холболт; агаарын хөлөг дэх луужин, агаарын хөлгийн автомат удирдлага, радио холбооны тоног төхөөрөмжүүд, радио, локаторын навигацийн тоног төхөөрөмжүүд, нислэгийн удирдлагын системүүд, дэлгэцүүд ба хэрэглэлүүдийн ажлын зарчим; агаарын хөлгийн ашиглалтын хязгаарлалтууд; галаас хамгаалах, гал унтраах системүүд; агаарын хөлгийн тоног төхөөрөмж, системүүдийн ашиглалт, ажиллагааг шалгах.
(iv) хүний хүчин зүйл: Нисэх инженерийн үүрэгт хамаарах хүний хүчин зүйл, хязгаарлалтууд.
6/ Дараах үүргийг зохих түвшинд гүйцэтгэх ур чадвараа нисэх инженер-шалгагчид харуулж, ИНЕГ-аас хүлээн зөвшөөрсөн нислэгийн шалгалтыг амжилттай өгсөн байх:
(i) хэвийн нөхцөлд баримтлах журам: нислэгийн өмнөх үзлэг, сумалгаа хийх журам, түлш, шатахууны зохицуулалт, техник үйлчилгээний бичиг баримтад үзлэг хийх, нислэгийн бүх шатанд нислэгийн бүхээгт баримтлах хэвийн ажиллагааны журмууд, нисэх багийн аль нэг гишүүн үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон тохиолдолд багийн гишүүдийн үүргийн хуваарилалт, ажлын уялдааг зохицуулах, аливаа эвдрэл гэмтлийг мэдээлэх.
(ii) хэвийн бус нөхцөлд баримтлах нөөц журам: агаарын хөлгийн системийн хэвийн бус үйл ажиллагааг тодорхойлох, хэвийн бус буюу нөөц журмыг хэрэглэх.
(iii) онцгой тохиолдлын журам: онцгой тохиолдлын нөхцөлүүдийг тодорхойлох, онцгой тохиолдлын журмыг хэрэглэх.
7/ Нислэгийн шалгалтын үед дараах ур чадвараа харуулсан байх:
(i) агаарын хөлгийг түүний хүчин чадлын хязгаарлалтын хүрээнд ашиглах чадвар;
(ii) нөхцөл байдалд бодитой үнэлгээ өгч, зөв шийдвэр гаргах чадвар;
(iii) аэронавтикийн мэдлэгээ ашиглах чадвар;
(iv) багийн бусад гишүүдтэй харилцан ажиллах чадвар.
63.19. Эрх, үүрэг
Нисэх инженерийн үнэмлэх эзэмшигч нь үнэмлэхний дагуу олгогдох эрхийг эдлэх ба зөвхөн маягийн зэрэглэл олгогдсон тухайн агаарын хөлөг дээр нисэх инженерийн үүрэг гүйцэтгэнэ.
63.20. Нислэгийн дадлага туршлагад тавигдах шаардлага
(а) Нисэх инженерийн үнэмлэх эзэмшигч нь өмнөх 90 хоногийн хугацаанд дараах шаардлагыг биелүүлээгүй бол тухайн үнэмлэхэнд заасан эрхийг эдлэхгүй:
1/ нисэх инженерийн үүргийг нийт 15-аас доошгүй цаг гүйцэтгэснээс 5 хүртэлх цагийг нь нислэгийн дадлагажуур дээр гүйцэтгэсэн байх;
2/ үнэмлэхэнд заагдсан зэрэглэлийн дагуу тухайн маягийн агаарын хөлгөөр 2-оос доошгүй удаа нислэг үйлдсэн байх.
б) Нисэх инженерийн үнэмлэхэнд заасан эрхийг 3 буюу түүнээс дээш жилийн хугацаагаар эдлээгүй тохиолдолд уг үнэмлэх эзэмшигч нь 63.17-ын 6/-д заасан нислэгийн шалгалтыг өгнө.
БҮЛЭГ Г. СУРАГЧ НИСЭН ХЯНАГЧИЙН ҮНЭМЛЭХ
63.21. Үнэмлэх авахад тавигдах шаардлагууд
Сурагч нисэн хянагчийн үнэмлэх авахаар өргөдөл гаргагч нь дараах шаардлагыг хангасан байна:
1/ 21 нас хүрсэн байх;
2/ ИНД-67-ын дагуу 1-р ангиллын эрүүл мэндийн гэрчилгээ эзэмшсэн байх.
63.22. Эрх, хязгаарлалт
Сурагч нисэн хянагчийн үнэмлэх эзэмшигч нь дараах зорилгоор нисэн хянагчийн үүргийг нисэн хянагч-багшийн шууд хяналтад гүйцэтгэнэ:
1/ нисэн хянагчийн үнэмлэх болон зэрэглэл авах, эсхүл
2/ нисэн хянагчийн үнэмлэхний эрх сэргээх.
БҮЛЭГ Д. НИСЭН-ХЯНАГЧИЙН ҮНЭМЛЭХ
63.23. Үнэмлэх авахад тавигдах шаардлагууд
Нисэн хянагчийн үнэмлэх авахаар өргөдөл гаргагч нь дараах шаардлагыг хангасан байна:
1/ 21 нас хүрсэн байх;
2/ Монгол (англи) хэл дээр унших, бичих, ярих, ойлгох чадвартай байх;
3/ ИНД-67-гийн дагуу 1-р ангиллын эрүүл мэндийн гэрчилгээ эзэмшсэн байх;
4/ 63.23, 63.24, 63.25-д заасан шаардлагыг хангасан байх.
63.24. Онолын мэдлэгт тавигдах шаардлага
(а) Нисэн хянагчийн үнэмлэх авахаар өргөдөл гаргагч нь дараах сэдвүүдээр бичгийн шалгалт өгнө:
1/ нисэн хянагчийн үүрэгт хамаарах энэ дүрмийн заалтууд;
2/ нислэгийн үндсүүд;
3/ нислэгийн навигацийн үндсэн зарчмууд, нислэгийн төлөвлөгөө, чиг шулуун нислэгийн удирдлага;
4/ цаг уур, цаг уурын газрын зураг дээр хийх дүгнэлт, цаг уурын мэдээ, цаг уурын урьдчилсан мэдээ, цаг уурын давтамжийн товчлол, тэмдэглэл;
5/ агаарын навигацийн тоног төхөөрөмж, ерөнхий үйл ажиллагааны журам;
6/ агаарын навигацийн тоног төхөөрөмжийн тохируулга ба ашиглалт;
7/ нислэгийн навигацийн тооцоо ашиглан агаарын хөлгийн байрлал тогтоох;
8/ сансрын төхөөрөмж ашиглан агаарын хөлгийн байрлал тогтоох;
9/ радио төхөөрөмж ашиглан агаарын хөлгийн байрлал тогтоох;
10/ агаарын хөлгийн жолоодлого, газрын зураг унших, ашиглах;
11/ навигацийн таних тэмдгийн дохионуудыг унших, ашиглах;
12/ радио холбоо барих журам, хэллэг;
13/ нислэгийн үйл ажиллагаан дахь хүний боломж, хязгаарлалт.
(б) Шалгалтын үнэлгээ нь шалгалт өгснөөс хойш 12 сарын хугацаанд хүчин төгөлдөр байна.
63.25. Дадлага, туршлагад тавигдах шаардлага
(а) Нисэн хянагчийн үнэмлэх авахаар өргөдөл гаргагч нь ИНЕГ-аас хүлээн зөвшөөрсөн сургалт дамжааг төгссөн байх бөгөөд дараах шаардлагыг хангасан байна:
1/ шөнийн нислэгт сансар огторгуйн ажиглалтаар өөрийн байрлалыг 25-аас доошгүй удаа тодорхойлсон, өдрийн нислэгт сансар огторгуй болон бусад хэрэгслийн тусламжтайгаар өөрийн байрлалыг 25-аас доошгүй удаа тодорхойлсон нислэгийн дадлага туршлагатай байх;
2/ сансрын болон радио навигацийн, нислэгийн навигацийн тооцоо ашиглан агаарын хөлгийн байрлал тогтоосон нислэгийг 100-гаас доошгүй цаг үйлдсэн байх, эсхүл;
3/ орон нутгийн нислэгт 500 цагийн нислэг үйлдсэнээс 50 цаг нь шөнийн нислэг бол тухайн нисэгчийн хувьд энэ зүйлийн (а) хэсгийн (2)-т шаардсан цаг 100 цагаас илүүгүй байж болно.
(б) Сансрын навигаци, нислэгийн навигацийн тооцоот аргачлалаар агаарын хөлгийн байрлалыг тогтоох алсын зайн нислэгийн цагийг навигацийн дадлага авсанд тооцно. Үүнийг нислэгийн дэвтэрт тэмдэглэн эрх бүхий нисэн хянагч гарын үсэг зурж баталгаажуулсан байна.
63.26. Ур чадварт тавигдах шаардлага
(а) Нисэн хянагчийн үнэмлэх авахаар өргөдөл гаргагч нь ур чадварын дараах шалгалтыг өгнө:
1/ нислэгийн навигацийн тооцоогоор нислэгийг чиглүүлэн удирдах,
2/ сансрын төхөөрөмжийн тусламжтайгаар нислэгийг чиглүүлэн удирдах,
3/ радио навигацийн төхөөрөмжийн тусламжтайгаар нислэгийг чиглүүлэн удирдах.
(б) Өргөдөл гаргагч нь энэ зүйлд заасан ур чадварын шалгалт өгөхөөс өмнө 63.23-т заасан бичгийн шалгалт өгсөн байна.
63.27. Давтан шалгалт
(а) Нисэн хянагчийн үнэмлэх авахаар өргөдөл гаргагч нь бичгийн буюу ур чадварын шалгалтад хангалтгүй үнэлгээ авсан тохиолдолд дараах хугацааны дотор давтан шалгалт өгч болно:
1/ шалгалт өгсөн өдрөөс хойш 30 хоногийн дараа;
2/ хангалтгүй үнэлгээ авсан сэдвүүдээр давтан сургалтад хамрагдсан, эсхүл сургалт хариуцсан албан тушаалтнаас давтан шалгалт өгөхөд бэлэн болсныг баталгаажуулсан гарын үсэг бүхий мэдэгдэл ирүүлсэн бол энэ зүйлийн (а)-гийн 1/-д заасан хугацаанаас өмнө.
(б) Эрх бүхий нисэн хянагч, эсхүл хүлээн зөвшөөрөгдсөн нисэн хянагчийн сургалт хариуцсан албан тушаалтнаас энэ зүйлийн (а)-гийн (2)-ын дагуу ирүүлсэн мэдэгдлийг бичгийн болон нислэгийн давтан шалгалт авах үндэслэл болгоно.
(в) Өргөдөл гаргагч нь нислэгийн ур чадварын шалгалтад хангалтгүй үнэлгээ авсан бол нэмэлт дадлагад хамрагдана.
63.28. Нисэн хянагчийн сургалт
Нисэн хянагчийн сургалт явуулахаар хүсэлт гаргагчид, зохион байгуулах сургалтын талаарх дэлгэрэнгүй танилцуулга, сургалтын хөтөлбөр, хуваарь, ашиглах тоног төхөөрөмж, хичээлийн байрны танилцуулга, багш нарын нэрс, тэдгээрийн мэргэшлийн талаарх мэдээлэл зэргийг үндэслэн ИНЕГ-ын дарга зөвшөөрөл олгоно.
БҮЛЭГ Е. АГААРЫН ХӨЛГИЙН ДИСПЕТЧЕРИЙН ҮНЭМЛЭХ
63.29. Үнэмлэх авахад тавигдах шаардлагууд
(а) Агаарын хөлгийн диспетчерийн үнэмлэх авахаар өргөдөл гаргагч нь дараах шаардлагыг хангасан байна:
1/ 21 нас хүрсэн байх;
2/ ИНД-141-ийн дагуу гэрчилгээжсэн сургалтын байгууллагын сургалт дамжааг амжилттай төгссөн байх;
3/ монгол (англи) хэл дээр уншиж, бичиж, ярьж, ойлгох чадвартай байх;
4/ энэ зүйлийн (б), (в), (г) хэсэг болон энэ дүрмийн 63.29 дүгээр зүйлийн шаардлагыг хангасан байх.
(б) Агаарын хөлгийн диспетчерийн үүрэгт хамаарах дараах сэдвүүдээр ИНЕГ-аас баталсан бичгийн шалгалтыг амжилттай өгсөн байх:
1/ Иргэний нисэхийн тухай хууль болон агаарын хөлгийн үйл ажиллагаанд хамаарах дүрэм, журам, заавар;
2/ нислэгийн онол болон нислэгийн үйл ажиллагаа;
3/ агаарын хөлгийн тухай ерөнхий мэдлэг, агаарын хөлгийн ашиглалтын хязгаарлалтууд;
4/ цаг уурын талаарх мэдлэг;
5/ үйл ажиллагааны ерөнхий зарчим;
6/ нислэгийн хөдөлгөөний удирдлагын зарчмууд;
7/ нислэгийн үзүүлэлтүүдийг тооцоолох ба төлөвлөлтийн журам
(в) Өргөдөл гаргагч нь өргөдөл гаргахаас өмнөх 90 хоногийн дотор агаарын хөлгийн диспетчерийн сургалтад хамрагдсан байна.
63.30. Дадлага туршлага, ур чадварт тавигдах шаардлага
(а) Өргөдөл гаргагч нь дараах мэргэжлээр 3-аас доошгүй жил ажилласан байна:
1/ нисэгч (тогтмол нислэг үйлддэг агаарын тээврийн үйл ажиллагааны дадлага туршлагатай);
2/ нисэн хянагч (тогтмол нислэг үйлддэг агаарын тээврийн үйл ажиллагааны дадлага туршлагатай);
3/ цаг уурч ( агаарын тээврийн үйл ажиллагаанд оролцож байсан);
4/ агаарын хөлгийн диспетчерийн туслах ажилтан;
5/ нислэгийн удирдагч
(б) Өргөдөл гаргагч нь дараах дадлага туршлагыг эзэмшсэн байна:
1/ цаг агаарын мэдээ хүлээж авах, мэдээллийг дамжуулах,
2/ нислэг ашиглалтын болон бусад гарын авлага заавруудыг ашиглах;
3/ осол, зөрчлийн үед холбогдох журмын дагуу ажиллах.
(в) Өргөдөл гаргагч нь дараах ур чадвараа харуулсан байна:
1/ өдөр тутмын цаг агаарын мэдээ, зургуудад дүн шинжилгээ хийх, тэдгээрийн үнэн зөв эсэхэд хяналт тавих; тодорхой агаарын замын талаарх шуурхай зөвлөмжөөр хангах; нисэн очих болон бэлтгэл аэродромуудын цаг агаарын урьдчилсан мэдээний хандлагад дүгнэлт хийх,
2/ агаарын замын тодорхой хэсэг дэх зохистой траекторийг тодорхойлсны үндсэн дээр нарийвчилсан нислэгийн төлөвлөгөөг бэлтгэх
3/ ээлжийн ахлагч болон холбогдох бусад хүмүүсийг цаг агаарын нөхцөлийн талаарх шуурхай мэдээллээр хангах.
(г) Үнэмлэх эзэмшигч нь агаарын хөлгийн диспетчерийн үнэмлэхэнд заасан эрхийг 5 буюу түүнээс дээш жилийн хугацаагаар эдлээгүй тохиолдолд 63.28-ын б/-д заасан шалгалтыг өгнө.
63.31. Эрх, хязгаарлалтууд
(а) Өргөдөл гаргагч нь энэ дүрмийн 63.28-д заасан шалгалтыг амжилттай өгсөн тохиолдолд тухайн шалгалтын үнэлгээ нь шалгалт өгсөн өдрөөс хойш 12 сарын хугацаанд хүчин төгөлдөр байна.
(б) Үнэмлэх эзэмшигч нь энэ дүрмийн дагуу олгогдсон агаарын хөлгийн диспетчерийн үнэмлэхний хүрээнд заагдсан эрхээс бусад аливаа эрхийг эдлэхгүй.
БҮЛЭГ Ж. НИСЛЭГИЙН РАДИО-ХОЛБООНЫ ОПЕРАТОРЫН ЗЭРЭГЛЭЛ
63.32 Зэрэглэл авахад тавигдах шаардлагууд
Нислэгийн радио-холбооны операторын зэрэглэл авахаар өргөдөл гаргагч нь дараах шаардлагыг хангасан байна:
1/ нисэгч, нисэх инженер, эсхүл нисэн хянагчийн хүчин төгөлдөр үнэмлэхтэй байх;
2/ нислэгийн радио-холбооны практик, журмуудад хамаарах чиглэлээр сургалтад хамрагдаж, ИНЕГ-ын даргын баталсан бичгийн шалгалтыг амжилттай өгсөн байх.
3/ нисэх инженер-багш буюу нисэн хянагч-багшид дараах ур чадвараа харуулсан байх:
(i) радио-холбоог ашиглах, тохируулах;
(ii) мэдээллийг журмын дагуу хүлээн авах, дамжуулах.
63.33. Зэрэглэл олгох
(а) Өргөдөл гаргагчийг энэ дүрмийн 63.31-д заасан шаардлагыг хангасан гэж үзвэл нисэх инженер-багш, эсхүл нисэн хянагч-багш нь дараах тодорхойлолтыг нислэгийн дэвтэрт нь хийнэ:
[……………………….. овогтой……………….. ] нь ИНД-63-т заасан нислэгийн paдuo-холбооны операторын зэрэглэл олгоход тавигдах шаардлагыг хангасан болохыг тодорхойлов.
………………………………/гарын үсэг/
…... он ….. cap …... өдөр
(б) Үнэмлэх эзэмшигч нь нислэгийн радио-холбооны операторын зэрэглэлээ үнэмлэхэндээ тэмдэглүүлж болно.
63.34. Эрх, хязгаарлалтууд
Нислэгийн радио-холбооны операторын зэрэглэл эзэмшигч нь агаарын хөлгийн радио холбоо, нислэг үйлчилгээнд хуваарилсан давтамжууд дээр нислэгийн холбогдолтой мэдээлэл дамжуулах, хүлээн авах эрх эдэлнэ.
БҮЛЭГ 3. АГААРЫН ХӨЛГИЙН МАЯГИЙН ЗЭРЭГЛЭЛ
63.35. Зэрэглэл авахад тавигдах шаардлагууд
(а) Агаарын хөлгийн маягийн зэрэглэл авахаар өргөдөл гаргагч нь дараах шаардлагыг хангасан байна:
1/ нисэх инженерийн хүчин төгөлдөр үнэмлэх эзэмшсэн байх.
2/ зэрэглэл авах тухайн маягийн агаарын хөлгөөр сурагч нисэх инженерийн үүрэг гүйцэтгэн 8-аас доошгүй цагийн нислэг үйлдсэн байх.
3/ агаарын хөлгийн маягийн зэрэглэл олгохтой холбогдсон дараах сургалтуудын аль нэгд хамрагдсан байх:
(i) агаарын хөлгийн үйлдвэрлэгчээс зохион байгуулсан сургалт;
(ii) ИНД-119-ийн дагуу гэрчилгээжсэн агаарын тээврийн үйл ажиллагаа эрхлэгчээс зохион байгуулсан сургалт ;
(iii) ИНД-141-ийн дагуу гэрчилгээжсэн нисэхийн сургалтын байгууллагаас зохион байгуулсан сургалт;
(б) Маягийн зэрэглэл авах тухайн агаарын хөлгийн хувьд хэвийн, хэвийн бус, онцгой тохиолдлын журмуудыг зохих түвшинд гүйцэтгэх ур чадвараа нисэх инженер-багшид харуулсан байна. Хэвийн бус болон онцгой тохиолдлын журмыг гүйцэтгэхэд нислэгийн дадлагажуурыг ашиглаж болно.
63.36. Зэрэглэл олгох
(а) Өргөдөл гаргагчийг 63.34-т заасан шаардлагыг хангасан гэж үзвэл нисэх инженер-багш нь дараах тодорхойлолтыг нисэх инженерийн нислэгийн дэвтэрт хийнэ.
/ ………………………… овогтой …………………….. ] нь ИНД-63-т заасан нисэх инженерийн агаарын хөлгийн маягийн зэрэглэл олгоход тавигдах шаардлагуудыг хангасан болохыг тодорхойлов.
……………………………………../гарын үсэг/
……. он ....... cap ……. өдөр
(б) Үнэмлэх эзэмшигч нь агаарын хөлгийн маягийн зэрэглэлийг үнэмлэхэндээ тэмдэглүүлж болно.
63.37. Эрх, хязгаарлалтууд
(а) Агаарын хөлгийн маягийн зэрэглэл эзэмшигч нь дараах агаарын хөлгийн хувьд үүрэг гүйцэтгэх эрхтэй:
1/ тухайн зэрэглэлд хамаарах маягийн агаарын хөлөг;
2/ хүчин чадал, системүүд, мөрдөх журмуудын хувьд онцгой ялгаагүй бусад маягийн агаарын хөлөг.
БҮЛЭГ И. НИСЭХ ИНЖЕНЕР-БАГШИЙН ЗЭРЭГЛЭЛ
63.38. Зэрэглэл авахад тавигдах шаардлагууд
Нисэх инженер-багшийн зэрэглэл авахаар өргөдөл гаргагч нь дараах шаардлагыг хангасан байна:
1/ агаарын хөлгийн маягийн зэрэглэл бүхий нисэх инженерийн хүчин төгөлдөр үнэмлэх эзэмшсэн байх;
2/ 700-аас доошгүй нислэгийн цагт нисэх инженерийн үүрэг гүйцэтгэсэн байх;
3/ багшлах онолын болон практик сургалтад хамрагдсан байх;
4/ хэвийн, хэвийн бус, онцгой тохиолдлын нислэгийн нөхцөлүүдэд хамаарах зааварчилгыг зохих түвшинд өгөх ур чадвараа нисэх инженер-шалгагчид харуулж, ИНЕГ-ын даргын баталсан аман болон нислэгийн шалгалтыг өгсөн байх. Нислэгийн шалгалтыг бүхэлд нь, эсхүл түүний зарим хэсгийг нислэгийн дадлагажуур дээр гүйцэтгэж болно.
63.39. Эрх, хязгаарлалтууд
(а) Энэ зүйлийн (б)-гийн хүрээнд нисэх инженер-багш нь дараах эрхийг
эдэлнэ:
эдэлнэ:
1/ нисэх инженерийн үнэмлэхэнд заасан бүх эрх;
2/ сурагч нисэх инженерийн үнэмлэх буюу нисэх инженерийн үнэмлэх эзэмшигчид техникийн болон нислэгийн зааварчилга өгөх;
3/ сурагч нисэх инженерийн үнэмлэх буюу нисэх инженерийн үнэмлэх эзэмшигчид нислэгийн дадлагажуур дээр зааварчилга өгөх;
4/ нисэх инженерийн үүрэг гүйцэтгэж буй сурагч нисэх инженерийн үнэмлэх эзэмшигчид хяналт тавих;
5/ нисэх инженерийн үнэмлэх эзэмшигчид нислэгийн зэрэглэл олгохтой холбогдсон зааварчилга өгөх.
(б) Нисэх инженер-багшийн зэрэглэлээр олгогдох эрхийг дараах нөхцөлд эдэлнэ:
1/ ИНД-119, эсхүл ИНД-141-ийн дагуу гэрчилгээжсэн, нисэх инженерийн сургалт явуулах, үнэлгээ өгөх байгууллагын үйл ажиллагааны хүрээнд;
2/ өмнөх 12 сарын хугацаанд хэвийн, хэвийн бус, онцгой тохиолдлын нислэгийн нөхцөлүүдэд хамаарах зааварчилгыг зохих түвшинд өгөх ур чадвараа нисэх инженер-шалгагчид харуулж, ИНЕГ-ын даргын баталсан аман болон нислэгийн шалгалтыг өгсөн байх. Нислэгийн шалгалтыг бүхэлд нь болон түүний зарим хэсгийг нислэгийн дадлагажуур дээр гүйцэтгэж болно.
БҮЛЭГ К. НИСЭХ ИНЖЕНЕР-ШАЛГАГЧИЙН ЗЭРЭГЛЭЛ
63.40. Зэрэглэл авахад тавигдах шаардлагууд
Нисэх инженер-шалгагчийн зэрэглэл авахаар өргөдөл гаргагч нь дараах шаардлагыг хангасан байна:
1/ агаарын хөлгийн маягийн зэрэглэл бүхий нисэх инженер-багшийн хүчин төгөлдөр үнэмлэх эзэмшсэн байх;
2/ 1250-иас доошгүй нислэгийн цагт нисэх инженерийн үүрэг гүйцэтгэсэн байх;
3/ 750-иас доошгүй нислэгийн цагт нисэх инженер-багшийн үүрэг гүйцэтгэсэн байх, нийт цагийн 250-иас доошгүй нь нислэгийн цаг байх бөгөөд 500 хүртэлх цаг нь нислэгийн дадлагажуур дээр гүйцэтгэсэн дадлага байх.
4/ Нисэх инженер-шалгагчийн үүргийг зохих түвшинд гүйцэтгэх ур чадвараа ИНЕГ-ын эрх бүхий байцаагчид харуулсан байх.
63.41. Эрх, хязгаарлалтууд
(а) Энэ зүйлийн (б)-гийн хүрээнд, нисэх инженер-шалгагчийн зэрэглэл эзэмшигч нь дараах эрхийг эдэлнэ:
1/ нисэх инженер-багшийн зэрэглэлд заасан бүх эрх;
2/ нисэх инженерийн үнэмлэх олгох зорилгоор нислэгийн шалгалт авах;
3/ нисэх инженер-багшийн зэрэглэл олгох, түүний хүчинтэй хугацааг сунгахтай холбогдсон нислэгийн шалгалт авах.
(б) Нисэх инженер-шалгагчийн зэрэглэлээр олгогдох эрхийг дараах нөхцөлд эдэлнэ :
1/ ИНД-119, эсхүл ИНД-141-ийн дагуу гэрчилгээжсэн, нисэх инженерийн сургалт явуулах, үнэлгээ өгөх байгууллагын үйл ажиллагааны хүрээнд;
2/ өмнөх 12 сарын хугацаанд нисэх инженер-шалгагчийн үүргийг зохих түвшинд гүйцэтгэх ур чадвараа ИНЕГ-ын эрх бүхий байцаагчид харуулсан байх.
БҮЛЭГ Л. НИСЭН ХЯНАГЧ - БАГШИЙН ЗЭРЭГЛЭЛ
63.42. Зэрэглэл авахад тавигдах шаардлагууд
Нисэн хянагч-багшийн зэрэглэл авахаар өргөдөл гаргагч нь дараах шаардлагыг хангасан байна:
1/ нислэгийн радио-холбооны операторын зэрэглэл бүхий нисэн хянагчийн хүчин төгөлдөр үнэмлэх эзэмшсэн байх;
2/ 700-аас доошгүй цагт нисэн хянагчийн үүрэг гүйцэтгэсэн байх.
3/ багшлах онол, практикийн сургалтад хамрагдсан байх.
4/ хэвийн, хэвийн бус, онцгой байдлын нислэгийн нөхцөлүүдэд хамаарах зааварчилгыг зохих түвшинд өгөх ур чадвараа нисэн хянагч-шалгагчид харуулж, ИНЕГ-ын даргын баталсан аман болон нислэгийн шалгалтыг өгсөн байх. Нислэгийн шалгалтыг бүхэлд нь, эсхүл түүний зарим хэсгийг нислэгийн дадлагажуур дээр гүйцэтгэж болно.
63.43. Эрх, хязгаарлалтууд
(а) Энэ зүйлийн (б)-гийн хүрээнд нисэн хянагч-багш нь дараах эрхийг эдэлнэ:
1/ нисэн хянагчийн үнэмлэхэнд заасан бүх эрх;
2/ сурагч нисэн хянагч болон нисэн хянагчийн үнэмлэх эзэмшигчид нислэгт багшлах;
3/ сурагч нисэн хянагч болон нисэн хянагчийн үнэмлэх эзэмшигчид нислэгийн дадлагажуур дээр багшлах;
4/ нисэн хянагчийн үүрэг гүйцэтгэж буй сурагч нисэн хянагчийн үнэмлэх эзэмшигчийн үйл ажиллагаанд хяналт тавих;
5/ нисэн хянагчийн үнэмлэх эзэмшигчид зэрэглэл олгохтой холбогдсон зааварчилга өгөх;
(б) Нисэн хянагч-багшийн зэрэглэлд заасан эрхийг дараах нөхцөлд эдэлнэ:
1/ ИНД-119, эсхүл ИНД-141-ийн дагуу гэрчилгээжсэн, нисэн хянагчийн сургалт явуулах, үнэлгээ өгөх байгууллагын үйл ажиллагааны хүрээнд;
2/ өмнөх 12 сарын хугацаанд хэвийн, хэвийн бус, онцгой тохиолдлын нислэгийн нөхцөлүүдэд хамаарах зааварчилгыг зохих түвшинд өгөх ур чадвараа нисэн хянагч-шалгагчид харуулж, ИНЕГ-ын даргын баталсан аман болон нислэгийн шалгалтыг өгсөн байх. Нислэгийн шалгалтыг бүхэлд нь болон түүний зарим хэсгийг нислэгийн дадлагажуур дээр гүйцэтгэж болно.
БҮЛЭГ М. НИСЭН ХЯНАГЧ - ШАЛГАГЧИЙН ЗЭРЭГЛЭЛ
63.44. Зэрэглэл авахад тавигдах шаардлагууд
Нисэн хянагч-шалгагчийн зэрэглэл авахаар өргөдөл гаргагч нь дараах шаардлагыг хангасан байна:
1/ нисэн хянагч-багшийн хүчин төгөлдөр үнэмлэх эзэмшсэн байх;
2/ 1250-иас доошгүй цагт нисэн хянагчийн үүрэг гүйцэтгэсэн байх;
3/ 750-иас доошгүй нислэгийн цагт нисэн хянагч-багшийн үүрэг гүйцэтгэсэн байх. Нийт цагийн 250-иас доошгүй нь нислэгийн цаг байх бөгөөд 500 хүртэлх цаг нь нислэгийн дадлагажуур дээр гүйцэтгэсэн дадлага байх.
4/ Нисэн хянагч-шалгагчийн үүргийг зохих түвшинд гүйцэтгэх ур чадвараа ИНЕГ-ын эрх бүхий байцаагчид харуулсан байх.
63.45. Эрх, хязгаарлалтууд
(а) Энэ зүйлийн (б)-заалтын хүрээнд нисэн хянагч-шалгагч нь дараах эрхийг эдэлнэ:
1/ нисэн хянагч-багшийн зэрэглэлд заасан бүх эрх;
2/ нисэн хянагчийн үнэмлэх олгох зорилгоор нислэгийн шалгалт авах;
3/ нисэн хянагчийн зэрэглэл олгох буюу түүний хүчинтэй хугацааг сунгах зорилгоор нислэгийн шалгалт авах.
(б) Нисэн хянагч-шалгагчийн зэрэглэлд заасан эрхийг дараах нөхцөлд эдэлнэ :
1/ ИНД-119, эсхүл ИНД-141-ийн дагуу гэрчилгээжсэн, нисэн хянагчийн сургалт явуулах, үнэлгээ өгөх байгууллагын үйл ажиллагааны хүрээнд;
2/ өмнөх 12 сарын хугацаанд хэвийн, хэвийн бус, онцгой тохиолдлын нислэгийн нөхцөлүүдэд хамаарах зааварчилгыг зохих түвшинд өгөх ур чадвараа ИНЕГ-ын эрх бүхий байцаагчид харуулсан байх.
Текст томруулах
A
A
A