- Нүүр
- Сайдын тушаал
- НЭГ АЙЛЫН СУУЦ
Барилгын норматив баримт бичгийн тогтолцоо
МОНГОЛ УЛСЫН БАРИЛГЫН НОРМ БА ДҮРЭМ
Барилга, хот байгуулалтын сайдын 2005 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 78 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт
НЭГ АЙЛЫН СУУЦ
БНбД 31-05-05
Албан ёсны хэвлэл
МОНГОЛ УЛСЫН БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ
Улаанбаатар хот
2005 он
МОНГОЛ УЛСЫН БАРИЛГЫН НОРМ БА ДҮРЭМ
НЭГ АЙЛЫН СУУЦ
ДОМА ЖИЛЫЕ ОДНОКВАРТИРНЫЕ
single-family houses
Нэг. Хамрах хүрээ
Энэхүү норм ба дүрэм нь хүмүүс байнга оршин суух нэг айлын сууцны барилга (цаашид сууц гэх)-ыг шинээр барих ба сэргээн шинэчлэх, түүний зураг төсөл зохиох, барьж гүйцэтгэх хуулийн этгээд, хувь хүмүүс баримтлах, оршин суугчдын аюулгүй байдлыг хангах болон бусад ашиглалтын горимын зайлшгүй мөрдөх шаардлагыг тогтооно.
Энэ норм, дүрэмд бие даасан орон сууцны блок, блокчилсон сууц нэг адил хамаарах бөгөөд тэдгээрийг дараах нөхцөлд нэг айлын сууцны хэсэг гэж үзнэ. Үүнд:
- Тухайн сууцны өрөө тасалгаа нь өөр бусад орон сууцны блокын өрөө, тасалгааны дээр байрлаагүй;
- Орц, туслах өрөө тасалгаа, адрын хөндий, зоорины давхар, шугам сүлжээний хонгил зэрэг нь нийтийн зориулалттай бус байх;
- Халаалт, агааржуулалтын бие даасан системтэй ба мөн төвлөрсөн гадна инженерийн шугам сүлжээний системийн холболт болон оролт нь бие даасан байх;
Дээрх нөхцөлийг хангаагүй тохиолдолд блокчилсон сууцны барилгыг БНбД 31-01-01-ийн шаардлагын дагуу төлөвлөн барина.
Сууцны барилгыг төлөвлөх, барьж байгуулахад энэхүү норм дүрмийн шаардлагатай зөрчилдөхгүй бусад холбогдох норм, дүрэм зааврыг ашиглахыг зөвшөөрнө.
Хоёр. Ашигласан, холбогдох норматив баримт бичгүүд
1.1. Энэхүү норм дүрмийг боловсруулахад ашигласан, холбогдох норматив баримт бичгийн жагсаалтыг хавсралт А-д тэмдэглэв.
3.1. Энэхүү баримт бичгийн хавсралт Б-д заасан нэр томьёог ашиглав.
4.1. Сууцны барилга байгууламжийн (эсвэл, сууцны барилгажилтын гэх) ажлыг зураг төсөл зохиох ба барих журмыг тогтоосон энэхүү барилгын норм ба дүрэм болон бусад холбогдох нормативын баримт бичгийн шаардлагад нийцүүлэн гүйцэтгэвэл зохино.
Барилга барих зөвшөөрлийг газрын хууль ёсны эзэн, эзэмшигч, ашиглагч, түрээслэгч (цаашид барилга бариулагч)-тэй зохих журмын дагуу зөвшилцөн, баталгаажуулсны үндсэн дээр, түүний барилгажилтын зураг төслийн баримт бичгийг хийж гүйцэтгэнэ.
Сууцыг хувиараа барих үед зураг төслийн баримт бичгийг боловсруулах, зөвшилцөх, баталгаажуулах, барих явцыг хянах, барилгыг ашиглалтад оруулах ба хүлээн авахад холбогдох хууль, дүрэм, барилгын норматив бичгүүдтэй нийцүүлэн боловсруулсан журмыг хэрэглэнэ.
4.2. Эдэлбэр газар дээр сууц ба туслах аж ахуйн барилга байршуулах, дэргэдэх барилга хоорондын зай болон суугчдын хувийн үйл ажиллагаатай холбоотой барилгын бүтцэд байх олон нийтийн зориулалттай өрөө тасалгааны бүрэлдэхүүн, зориулалт ба талбайн хэмжээ нь барилга барих зөвшөөрөл ба архитектур-төлөвлөлтийн даалгавар, нормативын баримт бичиг, оршин суугчдын эрхийг хамгаалсан холбогдох хуулийн заалтыг зөрчөөгүй байх ёстой. Сууцны барилга дотор болон өргөтгөлийн хэсэгт барилгын материалын дэлгүүр, тэсрэх, гал гарах аюултай бодис ба тухайн материалын дэлгүүр, мөн шатамхай шингэн ашигладаг ахуйн үйлчилгээний цэг салбар (үсчин, цаг ба гутал засварын газраас бусад) зэргийг байрлуулахыг хориглоно.
4.3. Сууцны өрөөнүүдийн бүтэц, хэмжээ ба зориулалтын холбоо, мөн инженерийн тоног төхөөрөмжийн бүрэлдэхүүнийг барилга бариулах хувь хүмүүсийн захиалгаар тодотгож болно. Сууцанд амрах, унтах, ариун цэвэр сахих, хоол бэлтгэх ба хооллох болон бусад үйл ажиллагаа явуулах бүхий л нөхцөл бүрдсэн байх ёстой.
4.4. Сууц нь дараах өрөө тасалгаануудтай байвал зохино: сууцны өрөө (унтлагын ба зочны), гал тогоо, ариун цэврийн буюу шүршүүрийн өрөө, бие засах өрөө, агуулах, ханын шүүгээ; төвлөрсөн дулаан хангамжгүй үед, дулаацуулгын зориулалттай тоног төхөөрөмж байрлуулах болон спортын хэрэгсэл хадгалах зэрэг өрөө байна.
Сууцанд дулаан, агааржуулалт, усан хангамж, бохирын шугам, цахилгаан хангамж ба холбооны шугам сүлжээтэй байх нөхцөлийг харгалзсан байна. Заавал байрлуулах шаардлагатай тавилга ба тоног төхөөрөмжийг харгалзан сууцны өрөөнүүдийн талбайн хэмжээг тогтоох ба хамгийн бага хэмжээ нь: зочны өрөө -12 м2, унтлагын өрөөнүүд- 8 м2 (мансардын давхарт байгаа бол -7 м2), гал тогоо- 6м2.
Өрөөнүүдийн хамгийн бага өргөн нь: гал тогоо ба хооллох - гал тогооны хэсэгт – 1,7 м, үүдний хэсэгт- 1,4 м, хонгил-0,85 м, ариун цэврийн өрөө- 1,5 м, бие засах өрөө- 0,8 м байх ба харин бие засах өрөөний хамгийн бага гүн нь хаалга гадагшаа онгойход- 1,2 м, дотогш онгойход- 1,5 м байна.
4.5. Сууцны өрөөнүүд ба гал тогооны өрөөний өндрийн доод хязгаар (шалнаас тааз хүртэл) уур амьсгалын I, IIIA бүсэд 2,7 м, харин бусад бүсэд - 2,5 м байна. Мансардын давхард байрлах сууцны өрөө, гал тогоо ба бусад өрөө тасалгаануудын өндөр 2,3 м-ээс багагүй байна. Бүтэн хагас давхар (антресоль) ба хонгилын өндөр 2,1 м-ээс багагүй байна. Харин мансардын давхрын налуу хэсэгт тааз хүртэлх өндрийн хэмжээ хамгийн намхан хэсэгт 1.5 м-ээс багагүй байвал зохино.
4.6. Сууцыг төлөвлөх ба барьж байгуулахдаа тэргэнцэртэй болон тахир дутуу иргэд явах нөхцөлийг хангасан байна. Үүний тулд барилгын гадна талбайд гаргасан зам, налуу зам (пандус), мөн үүд, гонх, хонгил ба гал тогоо, бие засах ба ариун цэврийн өрөөнүүдийн хаалганы хэмжээг БД 31-101-04-ийн шаардлагад нийцүүлэх ёстой.
4.7. Барилга бариулагчийн шаардлагын дагуу, сууцны баримт бичгийн бүрэлдэхүүнд дулааны эрчим хүчний паспорт ба сууцны ашиглалтын зааврыг оруулах ёстой.
Дулааны эрчим хүчний паспорт нь сууцны дулаан тусгаарлалтын дулааны эрчим хүчний шинж чанар, эрчим хүчний хэрэглээг тогтооход зориулагдана. Энэ нь энэхүү норм дүрмийн 9-р бүлэг ба хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа нормативын баримт бичгүүдийг харгалзан тогтоосон журам, загвараас бүрдэнэ.
Паспортод сууцны эрчим хүчний үр ашгийн ангиллыг тусгаж өгнө. Дулааны эрчим хүчний паспорт нь сууц эзэмшигч нийгэм ахуйн ба бусад үйлчилгээ үзүүлсний тооцоо хийхэд зориулагдахгүй.
Сууцны ашиглалтын заавар нь ашиглалтын явцын аюулгүй байдлыг хангахад чиглэгдсэн сууц эзэмшигчид шаардлагатай өгөгдлүүдийг багтаасан байна. Үүнд: үндсэн хийц бүтээц, инженерийн системийн талаарх мэдээлэл, каркасын далд элементүүдийн байршлын бүдүүвч, инженерийн шугамын далдлагдсан сүлжээний бүдүүвч, сууцны даацын хэсэг, цахилгаан шугам сүлжээний дээд ачааллын хязгаарын хэмжээг заасан байна. Эдгээр өгөгдлүүд гүйцэтгэлийн баримтын хуулбар хэлбэрээр байж болно.
4.8. Сууцны өрөөний талбай, эзлэхүүн ба давхрыг БНбД 31-01-01-ийн дагуу тооцно.
Тав. Хийц бүтээцийн даацын чадавх ба хэв гажилт
5.1. Сууцны барилгыг төлөвлөж, барьж байгуулахдаа барилгын буурь, суурь ба үндсэн даацын бүтээцийг барилга барих болон ашиглах явцад дараах байдал гарахгүй байхаар тооцоолох. Үүнд:
- ашиглалтыг нь зогсоох хэмжээнд хүртэл гэмтэл, эвдрэл гарахгүй байх;
- хэв гажилт юм уу, ан цав үүсэлт нь зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрэхгүй байх;
5.2. Сууцны буурь, суурь, хийц бүтээцийг дараах ачаалал ба үйлчлэлд тэсвэрлэхээр тооцсон байна. Үүнд:
- Даацын ба хашлага хийцийн хувийн жингийн тогтмол ачаалал;
- Хучилтад үйлчлэх түр хугацааны жигд тархсан ба төвлөрсөн ачаалал;
- Барилга барих тухайн газарзүйн бүс дэх цасны ачаалал;
- Барилга барих тухайн газарзүйн бүс дэх салхины ачаалал;
Тохиромжгүй байдлаар үйлчлэх ачааны, эсвэл уг ачаанд харгалзах хүчлэлийн хослолыг тооцсон шилжилтийн ачааны норматив утга, хийц бүтээцийн шилжилтийн болон хэв гажилтын хязгаарын утга, мөн ачааны найдваржилтын итгэлцүүрийг БНбД 2.01.07-90-ийн шаардлагын дагуу тооцно.
Мөн зураг төсөл зохиох даалгаварт тусгасан захиалагчийн нэмэлт шаардлагуудыг тооцсон байна. Жишээ нь: зуух, ил зуухны болон дүүжилсэн төхөөрөмжийн хүнд элементүүдийн ачаа г.м.
5.3. Зураг төсөл зохиоход ашиглах хийц бүтээцийн даацын чадавх ба хэв гажилтыг тооцоолох арга нь материалаас хамаарсан хийц бүтээцийн холбогдох норматив баримт бичгийн шаардлагатай тохирч байх ёстой.
Сууц байрлах газар нь малталт хийсэн, хөрсний суулттай, газар хөдлөлттэй бүсэд, мөн геологийн бусад хүнд нөхцөлд байх тохиолдолд холбогдох норм, дүрмийн нэмэлт шаардлагыг мөрдлөг болгоно.
5.4. Сууцны барилгын суурийг төлөвлөхдөө барих газрын хөрсний БНбД 2.02.01-94- д заасан физик-механикийн шинж чанар(мөнх цэвдэгтэй хөрсөнд БНбД 2.02.01-94-г), гидрогеологийн горимыг харгалзах, мөн суурь болон газар доорхи инженерийн шугам сүлжээнд үзүүлэх хөрс ба хөрсний усны сөрөг нөлөөллийг харгалзан үзэхийн зэрэгцээ буурь хөрсний жигд суух нөхцөлийг хангасан байвал зохино.
5.5. Хөдөөгийн суурин газарт 2 давхар хүртэлх сууцыг бариулагч /хувь хүмүүс/ өөрийн хүчээр барьж босгохдоо, өмнө нь баригдсан ба ашиглалтад оруулсан барилгын суурь ба даацын хийц бүтээцийн техникийн шийдлийг хүлээн авч, олгосон зөвшөөрлийн үр дүнд үндэслэсэн шийдлийг тусгавал зохино.
6.1. Нэг айлын сууц нь БНбД 21-01-02-д заасны дагуу галын аюулын Ф1.4 ангид хамаарагдана. Үүнтэй уялдан сууцыг төлөвлөх, барьж байгуулахдаа энэхүү нормоор тогтоосон гал түймрээс урьдчилан сэргийлэх хэмжигдэхүүн, хүмүүсийг барилгаас цаг тухайд нь нүүлгэн шилжүүлэх, зэргэлдээ орших барилга, орон сууцны хэсэг(блок) рүү гал тархахгүй байх, мөн хүмүүсийг аврах ба галыг унтраах арга хэмжээг гүйцэтгэх галын байгууллагын бие бүрэлдэхүүн барилга руу орох боломжийг хангахаар урьдчилан тогтоосон байх ёстой. Аль ч барилга байгууламж дотор гал гарах боломжийг харгалзан барилгаас гадагш гарах гарцыг заавал төлөвлөнө.
6.2. Сууц хоорондын, мөн бусад барилга байгууламжийн хоорондох галын аюулаас сэргийлэх зайг БНбД 21-01-02–ын дагуу тогтооно.
Зэрэгцүүлэн барьсан орон сууцны блокуудыг өөр хооронд нь гал тэсвэрлэлтийн хязгаар нь REI 45 доошгүй хязгаартай битүү ханаар тусгаарлах ба галын аюулын анги Г1-ээс багагүй байх ёстой.
Галын аюулын С2 ба С3 бүтээцийн ангитай блокон сууцнуудыг БНбД 21-01-02-д заасны дагуу галын аюулын анги нь ГҮ-ээс багагүй бөгөөд гал тэсвэрлэлтийн хязгаар REI 150-аас доошгүй 1-р зэргийн битүү ханаар нэмж тусгаарлахдаа, 600 м2 багагүй хэсгүүдэд хуваан авч үзвэл зохино.
6.3. 2 хүртэлх давхартай сууцанд гал тэсвэрлэлтийн зэрэг ба хийц бүтээцийн галын аюулын ангиллын шаардлага үл хамаарна.
6.4. 3 давхар сууцны үндсэн хийц бүтээц нь БНбД 21-01-02–д заасан гал тэсвэрлэлтийн III -р зэрэглэлтэй нийцэж байвал зохино. Иймд даацын эд ангийн гал тэсвэрлэлтийн хязгаар нь R45-аас багагүй байх ба хучилтынх REI45, даацын бус гадна ханых E15, хавтгай дээврийнх RE15, татанга, дам нурууных R15 байх ёстой.
Өрөө хоорондын хамар ханын гал тэсвэрлэлтийн хязгаарыг тогтоох шаардлагагүй. Сууцны барилгын галын аюулын бүтээцийн анги нь С2-оос багагүй байх ёстой.
Давхрын талбайн хэмжээ нь 150 м2 хүртэлх үед даацын элементүүдийн гал тэсвэрлэлтийн хязгаар нь R30-аас, хучилт нь REI 30-аас багагүй байна.
6.5. 4 давхар сууцны гал тэсвэрлэлтийн зэрэглэл III-с, галын аюулын бүтээцийн анги С1-ээс багагүй байна.
6.6. Сууц (орон сууцны блок ) бүр хамгийн цөөнөөр бодоход гадагшаа шууд гарах нэг аврах гарцтай байх ба тэр нь мөн БНбД 21-01-02–д заасан 3-р төрлийн шаттай холбогдож байвал зохино.
Мөн суугчдын хувийн үйл ажиллагаатай холбоотой нийтийн зориулалттай өрөө тасалгаа болон зоорины давхарт хий буюу шингэн түлшээр ажилладаг халаалтын төхөөрөмж ба түлш хадгалдаг бол эдгээр нь бие даасан аврах гарцтай байх хэрэгтэй.
Мөн дээр нэрлэсэн зоорины ба хагас зоорины давхрын өрөө тасалгааны аврах гарцыг дээд давхраар дамжин гадагш шууд гарахаар төлөвлөж болно. Мөн ийм өрөө тасалгаа нь БНбД 21-01-02 –ийн 6.20 дугаар заалтын дагуу нэмэлт аврах гарцтай байна. Зоорины давхраас нэгдүгээр давхар руу орох хаалга нь өөрөө хаагддаг тоноглолтой байх ба битүүмжлэгдсэн жийргэвчтэй байх хэрэгтэй. Энэ хаалга нь унтлагын өрөөтэй холбогдоогүй байх ёстой.
6.7. 2 давхар сууцны доторх задгай шат (БНбД 21-01-02-д заасан 2-р төрлийн)-ыг аврах шат болгон ашиглахыг зөвшөөрнө. Шатны элементүүдийн гал тэсвэрлэлтийн хязгаар ба галын аюулын ангилал, мөн түүний өргөн ба налууг нормчлохгүй.
6.8. Гадагш гарахын тулд нэг түвшнээс (нэг давхраас) илүүгүй өгсөх буюу уруудах 3 давхар сууцны доторх задгай шатыг аврах шат гэж тооцно.
Мөн сууцны дээд давхраас гадагш гарахдаа 2 түвшин (давхар) дамжин доош буух тохиолдолд, дараах нөхцөлийг нэг зэрэг авч үзэн доторх задгай шатыг аврах шатанд тооцохыг зөвшөөрнө. Үүнд:
а/унтлагын зориулалтаар ашиглах өрөөнүүдийн нэгээс цөөнгүй цонх нь шалны түвшнээс 1м –ээс дээшгүй өндөрт байрладаг;
б/дээрх өрөө тасалгаа нь бүгд гадагш гарсан тагттай, хонгил буюу үүдний өрөөтэй шууд холбогдсон;
в/дээр дурьдсан цонх ба тагт нь газрын түвшнээс 7м–ээс илүүгүй өндөрт байх;
Гурав ба түүнээс цөөн давхар сууцны шатны хонгилыг төлөвлөхдөө, түүний орон зайд хөлийн өрөө ба давхар бүрт амрах талбайг багтаан шийдэж болно. Эдгээрийг багтаасан шатны хонгилын хана ба хучилтын хийц бүтээцийн гал тэсвэрлэлтийн хязгаар REI 45 доошгүй ба галын аюулын анги Г1-ээс багагүй байх ёстой. Шатны хонгил нь ханандаа гэрэлтүүлгийн нүх/цонх/-гүй, дээрээсээ гэрэлтүүлэгтэй байж болно. Шат нь модон хийцтэй байхыг зөвшөөрнө.
6.9. 4 давхар сууц ба орон сууцны блокын давхар бүр/1-р давхраас бусад/-ээс шатны хонгилд буюу БНбД 21-01-02–д заасан 3-р зэрэглэлийн шат руу шууд гарах аврах гарц байх ёстой.
6.10. Блокчилсон орон сууцны барилгыг төлөвлөх ба барихдаа зэргэлдээх сууцны хэсэг/блок/-т гал тархахаас урьдчилан сэргийлэх тусгаарлалт, гал эсэргүүцэх хаалтыг тусгана.
Үүний тулд гал тэсвэрлэх хана нь шатамхай материалаар хийгдсэн бүх барилгын хийц бүтээцийг огтлон гарсан байх ёстой.
Сууцыг галаас тусгаарлан хуваах энэхүү гал тэсвэрлэх хана /БНбД 21-01-02-д заасан 1-р төрлийн/ нь дээврийн хучилтаас дээш, мөн гадна ханын гадаргуугаас урагш15 см–ээс багагүй илүү гарсан байх ёстой. Харин хучилтад (дээврийн хучилтаас бусад) ШЗ ба Ш4 бүлгийн шатамхай материалыг хэрэглэсэн тохиолдолд хана нь дээврийн хучилтаас дээш 60 см-ээс багагүй, мөн гаднах ханын гадаргуугаас урагш 30 см-ээс багагүй илүү гарна.
6.11. Залгаж барьсан 2 ба түүнээс дээш автомашины гараж (зогсоол) нь сууцны (блокийн) өрөө тасалгаанаас гал тэсвэрлэлтийн хязгаар нь REI 45-аас багагүй хамар хана, хучилтаар тусгаарлагдсан байх хэрэгтэй.
Сууцны өрөө тасалгаа ба автогараж(зогсоол) хоорондын хаалга нь битүүмжлэгдсэн жийргэвчтэй, өөрөө хаагддаг тоноглолтой байхаас гадна унтлагын өрөө рүү шууд холбогдсон хаалгатай байж болохгүй.
6.12. Сууцны барилгын хийц бүтээц нь гал тархдаггүй байх ёстой.
6.13. 3 ба түүнээс дээш давхартай сууцанд НПБ 66-ийн шаардлагад нийцсэн галын дохиолол/утаа мэдрэгч/-ын оптик-цахилгааны автомат төхөөрөмж буюу бусад ижил шинж чанарын үзүүлэлттэй галын дохиоллын төхөөрөмжийг тоноглон суурилуулсан байх ёстой.
Түймрийн голомт үүсэхийг цаг тухайд мэдэгдэх зайлшгүй шаардлагыг харгалзан сууцны барилгын давхар бүрд хамгийн багаар 1 галын дохиоллын төхөөрөмжийг тоноглоно. Утаа мэдрэгч/дохиолол/-ийг гал тогоо, угаалга/ванны/-ын өрөө, шүршүүрийн өрөө, бие засах өрөө ба бусад ижил төсөөтэй өрөөнүүдэд тавих шаардлагагүй.
Залгаж барьсан автомашины гараж ба нийтийн зориулалттай өрөө тасалгаа нь дээр дурьдсан дохиолол ба гал унтраах анхдагч хэрэгслэлээр тоноглогдсон байна.
6.14. Төвлөрсөн дулаан хангамжгүй тохиолдолд дулааны энергийн эх үүсвэр болгон үйлдвэрт иж бүрэн хийгдсэн хийн буюу шингэн түлшээр ажилладаг автоматчилагдсан дулааны үүсгүүр /теплогенератор/-ийг хэрэглэнэ. Дээрх дулааны үүсгүүрийг сууцны нэгдүгээр давхрын буюу хаяавчны давхрын, мөн зоорины давхрын буюу дээвэр дээрх агааржуулалт/салхижуулалт/-ын өрөөнд байрлуулна.
60кВТ хүртэл хүчин чадалтай дулааны үүсгүүрийг гал тогооны өрөөнд байрлуулж болно.
Хийн буюу шингэн түлшээр ажилладаг дулааны үүсгүүр байрлах өрөө тасалгааны цонхны талбайн хэмжээг тасалгааны 1 м3 эзлэхүүнд 0.03 м2-аас багагүй байхаар тооцно.
Шатдаг хийн дамжуулах хоолойг гал тогоо болон дулааны үүсгүүр байрлах өрөөнд шууд оруулна. Сууцны доторх хийн хоолой нь БНбД 42-01-04-д заасан бага даралттай хийн хоолойд тавигдах шаардлагад нийцэж байх ёстой.
Төвлөрсөн хийн шугам сүлжээнд холбогдоогүй тохиолдолд гал тогооны хийн түлшээр ажилладаг зуухыг баллонтой хийгээр тэжээж болно. Түүнийг сууцны гадна байрлуулна.
Сууцны дотор 50 л-ээс илүүгүй багтаамжтай баллоныг байрлуулахыг зөвшөөрнө.
6.15. Дулааны үүсгүүрүүд, мөн хатуу түлшээр галлах зуух ба задгай зуух /камин/, утааны сувагт БНбД 41-01-02-ийн дагуу сууцны галын аюулгүй байдлыг хангах хийц бүтээцийн шийдэл тусгагдсан байна. Үйлдвэрийн аргаар хийсэн дулааны үүсгүүрийг, зааварт тусгагдсан галын аюулгүй байдлын шаардлагын дагуу суурилуулсан байна.
Дулааны түлшийг хадгалах агуулахыг сууцны нэгдүгээр давхарт эсвэл хаяавч болон зоорины давхарт төлөвлөж болно.
6.16. Хийн задгай зуух нь заавал үйлдвэрийн аргаар бэлтгэгдсэн байна. Шаталтаас үүсэх хаягдал бүтээгдэхүүнийг зайлуулах утааны сувагтай байх ёстой.
Задгай зуух ба хийн шаталтын автомат тоног төхөөрөмжийг байрлуулахдаа аюулгүй ажиллагааг хангах үйлдвэрлэгчийн зааврын дагуу тоноглоно.
6.17. Цахилгаан төхөөрөмжийг "Цахилгаан байгууламжийн дүрэм" БД 43-101-03-д заасан шаардлага болон барилгын цахилгаан төхөөрөмжийн улсын стандартад нийцсэн хамгаалалтын унтраах төхөөрөмжөөр тоноглосон байх ёстой.
Барилгын хийц бүтээцийн гадаргууд ил буюу далд угсрагдах цахилгааны шугам нь шаталт тархадаггүй бүрээстэй кабель болон тусгаарлалттай утсаар хийгдсэн байна.
Ийм утас ба кабелийг барилгын хийц бүтээц дотуур шууд / төрөл бүрийн яндан хоолой хэрэглэх шаардлагагүй/ оруулан татаж болно.
Саунд хэрэглэгдэх цахилгаан зуух нь автомат хамгаалалттай ба 8 цагийн турш тасралтгүй ажиллаад салгах төхөөрөмжтэй байх ёстой.
6.18. 4 ба түүнээс дээш давхартай сууцыг гал унтраах хэсгийн үйлчлэх радиусын хязгаар дотор байрлуулна.
6.19. Сууц төлөвлөх ба барих үед СНиП 2.04.02-84*-ийн дагуу галыг унтраах усны гадна хангамжийг тооцсон байна.
Долоо. Ашиглалтын үеийн аюулгүй ажиллагаа
7.1. Сууцанд байрлуулах тоног төхөөрөмжийг, оршин суугчид сууцан дотроо болон түүний гадуур явах, сууц руу орох ба гарах, мөн сууцны хөдөлгөөнтэй элемент ба инженерийн тоног төхөөрөмжийг ашиглах үед гэмтэл авахгүй байхаар төлөвлөн барьж, тоноглосон байна.
7.2. Шатны марш ба пандусын налуу, өргөн, гишгүүрийн өндөр, өргөн, шатны талбайн өргөн, шатаар гарах гарцын өндөр, зоорь, ашиглалттай дээврийн хөндий, шалны түвшний уналт, мөн хаалганы нүхний хэмжээ нь сууцны тавилга, тоног төхөөрөмж зөөх бололцоотой, хүн явахад тохиромжтой, аюулгүй байдлыг хангасан байх ёстой. Шаардлагатай тохиолдолд шатыг бариултай төлөвлөнө. Шатны гишгүүрийг өөр өөр өндөртэй төлөвлөхийг зөвшөөрөхгүй.
7.3. Шат, тагт, лоджи, террас, дээвэр ба бусад хүн унаж болзошгүй аюултай газарт 0.9 м-ээс багагүй өндөртэй хаалт хашлагыг төлөвлөнө.
Хаалт хашлага нь тасралтгүй бөгөөд бариултай байхаас гадна 0.3 кН/м –ээс багагүй ачааллыг даах чадвартай байна.
7.4. Сууц ба эдлэн газарт гадны болзошгүй халдлагаас хамгаалах арга хэмжээг урьдчилан тусгасан байна.
7.5. Сууцны хийц бүтээцийн элементийн шийдэл нь (мөн түүнчлэн хөндийн байрлал, хийц бүтээцийн дундуур дамжуулах хоолой гарах хэсгийг битүүмжлэх арга, агаар сэлгэлтийн төхөөрөмжийн нүх ба дулаан тусгаарлалтын байрлал г.м) мэрэгчид ба шавьжаас хамгаалагдсан байна.
7.6. Сууцны инженерийн системийг Улсын хяналтын байгууллагын норматив баримт бичиг болон тоног төхөөрөмжийг үйлдвэрлэгч байгууллагын зааварт заасан аюулгүй ажиллагааны шаардлагын дагуу төлөвлөх ба угсарна. Үүний тулд:
- Хэрвээ хүн хүрэхгүй болгох арга хэмжээ аваагүй, халаалтын дамжуулах шугам хоолой ба халаах тоног төхөөрөмжийн хүрч болох хэсгийн гадаргуугийн хэм нь 70°С-ээс ихгүй, бусад тохиолдолд 90°С, утааны суваг ба бусад шугам хоолойн гадаргуугийн хэм нь 40°С ихгүй байна.
- Агаар халаагч тоног төхөөрөмжийн гаралтын нүхний/амсрын/ хэмжээ 10 см үед халуун агаарын хэм нь 70°С-ээс ихгүй;
- Халуун усны хангамжийн систем дэх усны хэм нь 60°С-ээс ихгүй байна.
7.7. Газар хөдлөлтийн бүсэд баригдсан сууцанд, байрнаасаа хөдөлж гал гарах буюу дэлбэрч болзошгүй агрегат ба тоног төхөөрөмж (жишээлбэл: хийн ус халаалтын төхөөрөмж)-ийг найдвартай бэхэлсэн байх ёстой.
Найм. Ариун цэвэр - эрүүл ахуйн шаардлагыг хангах
8.1. Хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчныг хамгаалах ариун цэвэр-эрүүл ахуйн /тахлын/ шаардлагыг хангах талаар норм ба дүрмээр тогтоосон арга хэмжээнүүдийг сууцны төлөвлөлт ба барилгажилтад урьдчилан тусгасан байна.
8.2. Сууцны халаалтын систем ба хашлага хийц нь барилгажилтын бүсийн гадна агаарын тооцооны параметрт галлагааны хугацааны туршид сууцны өрөөг хангах дотор агаарын температурын доод хязгаар нь БНбД 41-01-02-ийн дагуу хүмүүс тогтмол байх бүх өрөөнд 18°С-ээс доошгүй, харин гал тогоо, бие засах өрөөнд-16°С, угаалгын ба шүршүүрийн өрөөнд -24°С байхаар тооцогдсон байна.
Хүйтний улиралд сууцанд агаарын халаалтын зохиомол эргэлттэй системийг байрлуулахад, энэхүү системийг ГОСТ 30494-ийн дагуу сууцны өрөөнүүдэд бичил уур амьсгалын хамгийн ашигтай утга(агаарын хэм, харьцангуй чийгшил ба агаарын хөдөлгөөний хурд, өрөөний температур ба тус газрын тэнцүү бус хэм /асимметрия/)-аар тооцсон байх ёстой.
Агаарын кондиционерийн системийг байрлуулахад, дулааны улиралд ч хамгийн ашигтай утгыг (параметрийг) хангах ёстой.
8.3. Агааржуулалтын систем нь өрөөний агаарын шинж чанарыг эрүүл ахуйн шаардлагад нийцүүлэх ба түүний жигд оролт болон тархалтыг хангана. Агааржуулалтыг дараах байдлаар төлөвлөхийг зөвшөөрнө. Үүнд:
- агаарыг салхивчийн сувгаар ердийн эргэлтээр зайлуулах;
- агаарыг, агаарын халаалттай хамтатган салхивчийн сувгаар механик эргэлтээр оруулах ба зайлуулах ;
- агаарыг салхивчийн хоолойгоор оруулах ба зайлуулахдаа ердийн эргэлтийг механик эргэлттэй хослуулан ашиглах.
Гал тогоо, бие засах өрөө, угаалгын өрөөний агаарыг заавал зайлуулахаар төлөвлөх ба шаардлагатай тохиолдолд сууцны бусад өрөөнүүдэд тооцож төлөвлөнө.
Хортой бодис ба эвгүй үнэр ялгардаг өрөөний агаарыг сууцны бусад өрөөнд тархаахгүйгээр салхивчийн сувгаар гадагш зайлуулна.
Ердийн агаар сэлгэлтийг хангахын тулд сууцны өрөөний цонх, салхивч, гэгээвчээр болон бусад агаар сэлгэх боломжийг хангасан байна.
8.4. Үйлчилгээний дэглэмд сууцны агааржуулалтын системийн хамгийн бага бүтээмж нь хүмүүс байнга байдаг өрөөнд агаарын эзлэхүүн солилцооны давтамжийг 1 цагт нэгээс доошгүй удаа байхаар тооцно. Үйлчилгээний дэглэмд гал тогооны өрөөнд 60 м3/ц-аас багагүй , угаалгын ба бие засах өрөөнд 25 м3/ц байх ёстой.
Агаарын эзлэхүүн солилцооны давтамж нь бусад өрөө тасалгаа ба мөн ажлын бус үеийн салхижуулалттай бүх өрөөнд 1 цагт өрөөний эзлэхүүний 0.2-оос багагүй байна.
8.5. 25 кВТ ба түүнээс илүү хүчин чадалтай дулааны үүсгүүр /генератор/-ийг халаалтын системд ашиглахад шаталтын агаарыг шууд гаднаас авна. Энэхүү дулааны үүсгүүр нь хийн түлшнийх бол хаалттай асаагуур /ноцоогууртай/-тай байна.
8.6. Монгол улсын Эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас баталсан ариун цэвэр-эрүүл ахуйн зохих үнэлэлт, дүгнэлт авах шаардлагатай бараа, бүтээгдэхүүний нэр төрлийн жагсаалтад багтах барилгын материал ба хийц эдлэхүүн нь Улсын эрүүл ахуйн холбогдох байгууллагын дүгнэлт, зөвшөөрөлтэй байх шаардлагатай.
8.7. Инженер-экологийн хайгуулын судалгаагаар хөрсний хий /радон, метан, торина/ ялгардаг нь тогтоогдсон эдэлбэр газар дээр сууцыг барихдаа, сууцанд ул хөрснөөс хөрсний хий орохоос хамгаалахын тулд ул хөрстэй нийлэх шал ба зоорины ханыг тусгаарлах ба мөн эрүүл-ахуйн нормын шаардлагын дагуу түүний концентрацийн хэмжээг багасгах зэрэг бусад арга хэмжээг авах шаардлагатай.
8.8. Сууцны өрөөний гаднах ба доторх хаших хийц, агаар дамжуулах хоолой ба дамжуулах шугамын дуу тусгаарлалт нь гадна эх үүсвэрээс ба инженерийн системийн тоног төхөөрөмжөөс үүсэлтэй дуу авиаг СНиП II-12-77-д заасан зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрүүлэхгүй бууруулдаг байх шаардлагатай.
Блокчилсон орон сууц, сууцны блокуудыг тусгаарлах хана нь агаарын дуу авиаг 50 дБ-ээс доошгүй тусгаарлах индекстэй байх ёстой.
8.9. Сууцны өрөө ба гал тогоо нь байгалийн гэрэлтүүлэгтэй байх ёстой. Сууцны өрөө ба гал тогооны цонхны талбайг шалны талбайтай харьцуулсан хэмжээ 1:8 -аас багагүй байна. Адрын (мансард) давхарт энэ хэмжээ нь 1:10-аас багагүй байхыг зөвшөөрнө.
Залгаж барьсан нийтийн зориулалттай өрөө тасалгааг байгалийн гэрэлтүүлгээр хангах шаардлагыг БНбД31-03-03-аар тогтооно. Эдгээр тасалгаануудын байгалийн гэрэлтүүлгийн түвшин СНиП 23-05-95-д нийцэх ёстой.
8.10. Сууцны хаших хийц бүтээц нь гаднаас хүйтэн агаар орохоос хамгаалсан дулаан тусгаарлалт, агаар тусгаарлалт ба доторх өрөө тасалгааг усны уурын нэвчилтээс хамгаалах уур тусгаарлагчтай байх шаардлагатай. Үүнээс гадна мөн доорхи нөхцөлийг хангах ёстой. Үүнд:
- Өрөө тасалгааны доторх хийц бүтээцийн дотор гадаргуу Дээрх хэм(температур) нь чийгийн конденсаци үүсгэхгүй байх;
- Хийц бүтээцийн доторх чийгийн хуримтлалыг арилгах;
- Дотор агаарын тооцооны хэмд гадна ханын дотор гадаргуу Дээрх хэм ба дотор агаарын хэм/температур/-ийн зөрүү 4°С-ээс илүүгүй, харин нэг давхрын шалны хийцэд 2°С байх ёстой. Гадна агаарын тооцооны хэмд цонхны хийц элементүүдийн дотор гадаргуу Дээрх хэм 3°С-ээс багагүй байна.
Сууцны өрөөнүүд нь бороо, цасны ус, хөрсний ус нэвтрэн орох болон ахуйн ус алдалтаас хамгаалагдсан байвал зохино.
8.11. Сууцны ундны усыг тухайн суурин газрын төвлөрсөн усан хангамжийн сүлжээнээс хангана.
Газрын доорх уст үе буюу усан сангийн бие даасан болон нэгдсэн усан хангамжийн эх үүсвэрээс хангах ахуйн болон ундны усны хоногийн зарцуулалтыг 1 хүнд 60л-ээс багагүйгээр тооцно. Усны нөөц багатай бүс нутагт тухайн орон нутгийн эрүүл ахуйн байгууллагын зөвшөөрлийн дагуу хоногийн усны зарцуулалтын хэмжээг багасгаж тооцож болно. Ундны усны чанар нь Монгол Улсын эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон эрүүл-ахуйн нормативт нийцэж байх ёстой.
8.12. Бохир ус зайлуулалт нь төвлөрсөн, орон нутгийн буюу бие даасан ариутгах татуургын системтэй, түүнчлэн цооногон, шингээлттэй буюу ариун цэврийн бие даасан био-цэвэрлэгээтэй байх ёстой.
Сууцны болон олон нийтийн зориулалттай өрөө тасалгааны ашиглалтаас гарах ахуйн хатуу хог хаягдлыг цуглуулах ба зайлуулах арга хэмжээг тухайн орон нутгийн засаг захиргаа, орон сууцны фондыг ашиглах дүрмийн дагуу зохион байгуулна.
Бохир ус ба хатуу хог хаягдлыг зайлуулахдаа нутаг дэвсгэр ба усны судал бүхий газрыг бохирдуулахгүй байх ёстой.
9.1. Сууцны төлөвлөлт ба барилгажилт нь, өрөөний бичил уур амьсгал болон бусад амьдрах нөхцөлд тавигдах шаардлагыг хангахад, үл сэргээгдэх эрчим хүчний нөөцийг бүрэн ба хэмнэлттэй ашиглахад чиглэгдэх ёстой.
9.2. Эрчим хүчний хэмнэлт, үнэлгээгээр буюу сууцны үндсэн элемент болох барилгын хийц бүтээц ба инженерийн систем тодорхойлолтоор болон барилгыг халаахад зарцуулагдах эрчим хүчний хувийн зарцуулалтын иж бүрэн үзүүлэлтээр нормд хамаарах шаардлагыг баримтална.
9.3. Сууцны барилгын хийц бүтээц ба инженерийн системийн үзүүлэлтээр эрчим хүчний үр ашгийг үнэлэхдээ дараах нөхцөлүүдийг баримталснаар энэхүү нормын шаардлага биелсэн гэж үзнэ. Үүнд:
- Хашлага хийцийн дулаан дамжуулалтын эсэргүүцэл ба агаар нэвтрэлтийн хэмжээ БНбД 2.01.03-92-ын шаардлагаас багагүй байх;
- Халаалт, агааржуулалт, кондиционерийн ба халуун усны хангамжийн систем нь гар буюу автомат тохируулгатай байх;
- Төвлөрсөн хангамжтай сууцны инженерийн системүүд нь дулааны эрчим хүч, халуун, хүйтэн ус, цахилгаан эрчим хүч ба хийг хянах төхөөрөмжөөр тоноглогдсон байх;
9.4. Барилгыг халаахад зарцуулагдах эрчим хүчний хувийн зарцуулалтын нэгдсэн үзүүлэлтээр түүний эрчим хүчний үр ашгийг үнэлэхдээ, хэрвээ сууцанд агаарын чанар ба бичил уур амьсгалын норматив параметртэй байлгах эрчим хүчний хувийн зарцуулалтын тооцооны утга q, доорхи 1-р хүснэгт дэх хамгийн дээд нормативт утга/ qtp /-аас хэтрээгүй тохиолдолд энэхүү нормын шаардлага биелсэн гэж үзнэ.
Хүснэгт 1
Халаах талбай, м2
|
Барилгыг халаахад зарцуулагдах дулааны эрчим хүчний хувийн зарцуулалтын хамгийн дээд норматив утга qтр, кДж (м2 ЧоС Ч хоног.), сууцны давхрын тоонд
|
|||
Давхрын тоо
|
||||
1
|
2
|
3
|
4
|
|
60 хүртэл
100
150
250
400
600
1000 ба түүнээс дээш
|
140
125
110
100
-
-
-
|
-
135
120
105
90
80
75
|
-
-
130
110
95
85
75
|
-
-
-
115
100
90
80
|
Тайлбар: Сууцны өрөөнүүдийн халаалтын талбайн завсрын утга 60-1000 м2 байвал qtp –ийн утгыг интерполяцийн аргаар тодорхойлно.
|
Энэ тохиолдолд барилгын доторх инженерийн систем нь автомат болон гар удирдлагатай байх ёстой. Төвлөрсөн хангамжтай байх тохиолдолд дулаан, халуун ба хүйтэн ус, цахилгаан эрчим хүч, хийн зарцуулалтыг тодорхойлох төхөөрөмжөөр тоноглогдсон байна.
9.5. Төлөвлөж буй барилгыг халаахад зарцуулагдах дулааны эрчим хүчний хувийн зарцуулалтын тооцооны утга q нь, халаалттай үеийн барилгын хаших хийцээр болон агаар сэлгэлтийн системээр дамжин гарах дулаан алдагдалын нийлбэрийг, халааж байгаа өрөөний 1 м2 талбай ба халаалттай үеийн хоногийн хэмийн тоонд харьцуулан тооцсоноор тодорхойлогдоно.
9.6. Сууцны барилгын техник-эдийн засгийн ашигтай үзүүлэлт ба улмаар халаах дулааны эрчим хүчний хувийн зарцуулалтыг багасгах зорилгоор дараах зүйлүүдийг харгалзан үзнэ. Үүнд:
- Барилгын эзлэхүүн/орон зайн/-төлөвлөлтийн шийдлийг зөв сонгох, орон зайн төлөвлөлтийн нягт чанарын үзүүлэлтийг сайжруулах;
- Нарны цацрагийн урсгал ба хүйтэн салхины зонхилох чиглэлийг тооцсон гэрэлтүүлэгтэй газар нутгийг харгалзан барилга ба түүний өрөө, тасалгааг нэн оновчтой байршуулах;
- Өндөр ашигт үйлийн коэффициент (АҮК) бүхий нэрийн жагсаалтад тохирох, өндөр үр ашигтай инженерийн тоног төхөөрөмжийг хэрэглэх;
- Ялгаран гарч байгаа агаар, бохир усны дулааныг эргүүлэн ашиглах , нар, салхины эрчим хүчний сэргээгдэх эх үүсвэрийг хэрэглэх;
Хэрэв энэхүү бүлгийн 9.4 заалтад заасан нөхцөлийг баримтлан гүйцэтгэсэн арга хэмжээний үр дүн нь БНбД 2.01.03-92–ын шаардлагаар, хаших хийцийн дулаан дамжуулалтын эсэргүүцлийн хамгийн бага утгыг хангаж байвал БНбД 2.01.03-92-ын шаардлагатай жишиж ханын дулаан дамжуулалтын эсэргүүцлийн үзүүлэлтийг бууруулахыг зөвшөөрнө.
9.7. Барилгыг халаахад зарцуулагдах дулааны эрчим хүчний хувийн зарцуулалтын хамгийн дээд норматив утгыг тооцооны утга(K=qтр/q)–д харьцуулсан харьцаанаас хамаарч сууцыг дараах эрчим хүчний үр ашгийн аль нэг зэрэглэлд оруулан тооцно. Үүнд:
К>1.25 байх тохиолдолд эрчим хүчний өндөр үр ашигтай барилга;
К = 1.25-1.1. байх тохиолдолд эрчим хүчний их үр ашигтай барилга;
К= 1.1-1.0 байх тохиолдолд эрчим хүчний хэвийн үр ашигтай барилга;
Барилгыг ашиглалтад өгөх үед эрчим хүчний үр ашгийн зэрэглэлийг сууцны гэрчилгээнд тэмдэглэж, эрчим хүчний үр ашгийг нэвтрүүлэх арга хэмжээг тооцох ба ашиглалтын эцсийн үр дүнг тодруулна.
9.8. 60 м2–аас ихгүй талбайтай халаалттай өрөө тасалгаа бүхий өөрийн хүчээр барьсан заамал модон хана(гуалин, дүнз)-тай барилгад энэхүү норм дүрмийн хэсэг хамаарахгүй.
Арав. Эдэлгээний тогтворшилт ба засварлахад
тохиромжтой байдал
10.1 Барилгын зураг төслийн даалгаварт тухайн барилгын ашиглалтын дүрмийг тогтоож болох ба төлөвлөж байгаа эдэлгээний хугацааны туршид энэхүү норм дүрмийн шаардлагад нийцсэн өөрийн шинж чанарыг хадгалах ёстой.
10.2. Сууцны барилгын үл засварлагдах элемент нь барилгын хийц бүтээцийн материалын норм дүрэм ба МNS 2111:82-ын шаардлагыг тооцсон зөвшөөрөгдөх хязгаарт өөрийн шинж чанарыг хадгалах ёстой. Сууцны барилгын үл засварлагдах үндсэн элементээр түүний эдэлгээний хугацаа, тогтворшилт, бат бөх тодорхойлогдоно.
10.3. Барилгын эдэлгээний хугацаанаас бага эдэлгээний хугацаатай тоног төхөөрөмж, эд анги, элементийг зураг төслийн даалгаврын шаардлагыг харгалзан төслөөр тогтоогдсон засвар хоорондын хугацаанд тохируулан солих ёстой.
Хугацаа их буюу багатай элемент, материал болон тоног төхөөрөмжийг хэрэглэх, засвар хоорондын хугацааг ихэсгэх ба багасгахыг шийдэхдээ техник-эдийн засгийн тооцоогоор тогтооно.
10.4. Хийц бүтээц ба эд ангийг СНиП 2.03.11-85-д заагдсан чийг, хасах хэм, орчны нөлөөлөл, биологийн ба бусад сөрөг хүчин зүйлийн болзошгүй нөлөөллийг тэсвэрлэх материалаар гүйцэтгэсэн байх ёстой.
Шаардлагатай үед барилгын даацын ба хаших хийцэд бороо, хайлсан цасны болон хөрсний ус нэвтрэн орохгүй байх талаар шаардлагатай арга хэмжээг авах, мөн түүнчлэн гадна хаших хийцэд үл зөвшөөрөгдөх конденсацийн чийг үүсэхээс хамгаалж хийц бүтээцийг битүүмжлэх буюу битүү орон зайд агаар сэлгэлтийн төхөөрөмж ба агаарын үеийг бий болгоно.
10.5. Угсармал элементийн уулзварын нийлэх хэсэг ба үелсэн хийц бүтээц нь буурь хөрсний жигд бус суулт болон бусад ашиглалтын нөлөөллөөс үүсэх температурын чийгийн хэв гажилт ба хүчлэлийн үйлчлэлд тооцогдсон байх ёстой.
Уулзварт хэрэглэж байгаа чигжрүүлэх/нягтруулах/, битүүмжлэх материалууд нь хасах хэм болон норолтын нөлөөлөлд уян харимхай ба адгезионный шинж чанараа хадгалах, мөн хэт ягаан туяаны нөлөөлөлд тэсвэртэй байвал зохино.
Битүүмжлэх материал нь холбогдох хэсгээрээ хийц бүтээцийн хамгаалалт ба хамгаалалт-өнгөлгөөний давхаргатай нийцэж байх ёстой.
10.6. Сууцны инженерийн системийн тоноглол, арматур, тоног төхөөрөмж, тэдгээрийн залгаасыг үзэж шалгах, техникийн үйлчилгээ хийх, солих ба засвар хийх боломжийг хангасан байх ёстой.
Тоног төхөөрөмж ба дамжуулах шугам хоолойн ажиллагаанд хасах хэмийн үзүүлэх сөрөг нөлөөллийг хориглох, тэдгээрийг энэхүү нөлөөллөөс хамгаалах ёстой.
10.7. Геологийн төвөгтэй нөхцөлтэй, газар хөдлөлт, малталт, хөрсний суулт ба шилжилттэй, хөлдөлтөөс овойлт үүсэх бүсэд сууцыг барих явцад буурь шилжиж болох тэгшитгэлт (компенсация)-ийг зайлшгүй тооцон инженерийн шугам сүлжээний оролтыг гүйцэтгэх ёстой.
Сууцны барилгын хийц бүтээцэд тоног төхөөрөмж, шугам хоолойг бэхлэх бөгөөд хийц бүтээцийн шилжилт болоход тэдгээрийн ажиллах чадвар алдагдахгүй байх ёстой.
Энэхүү норм дүрмийг боловсруулахад ашигласан, холбогдох норм дүрмийн жагсаалт:
1. БНбД 10-01-99. Барилгын норматив баримт бичгийн тогтолцоо. Үндсэн журам.
2. БНбД 2.01.01-93. Барилгад хэрэглэх уур амьсгал ба геофизикийн үзүүлэлтүүд.
3. БНбД 30.01.04. Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм .
4. БНбД 31-01-01. Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөх норм ба дүрэм.
5. БНбД 31-03-03. Олон нийт, иргэний барилга.
6. БНбД 2.01.03-92. Барилгын дулаан техник.
7. БНбД 21-02-02. Барилга байгууламжийн зураг төсөл зохиох галын аюулгүйн норм.
8. БНбД 21-01-02. Барилга, байгууламжийн галын аюулгүйн байдал.
9. БНбД 2.01.07-90. Ачаалал ба үйлчлэл.
10. БНбД 2.02.01-94. Барилга байгууламжийн буурь, суурийн зураг төсөл зохиох норм ба дүрэм
11. БНбД 41-01-02. Халаалт, агаар сэлгэлт ба кондиционер.
12. БНбД 42-01-04. Хийн хангамжийн төлөвлөлтийн норм.
13. БД 31-101-04. Тахир дутуу иргэдэд зориулсан барилгын төлөвлөлтийн нормаль.
14. БД 43-101-03. Цахилгаан байгууламжийн дүрэм.
15. MNS 2111:82. Барилгын бүтээц ба суурь. Тооцооны үндсэн журам.
16. СНиП 2.04.02-84 М-90 Водоснабжение. Наружные сети и сооружения. (Изм. и доп. для усл.МНР)
17. СНиП 2.04.02-84* Водоснабжение. Наружные сети и сооружения.
18. СНиП 23-05-95 Естественное и искусственное освещение.
19. СНиП 2.03.11-85 Защита строительных конструкций от коррозии.
20. СНиП II-12-77. Защита от шума.
21. ГОСТ 30494-96 Здания жилые и общественные. Параметры микроклимата в помещениях.
22. НПБ 66-97 Извещатели пожарные автономные. Общие технические требования. Методы испытаний.
Нэр томьёо
|
Тодорхойлолт
|
|
1. Сууц, эдэлбэр газар
|
||
1.1. Нэг айлын сууц
Дом жилой одноквартирный
Single-family house
(Тусгай байрлалтай
Отдельностоящий
Detached single-family house)
1.2. Блокчилсон орон сууцны барилга
Дом жилой блокированный
Row houses
1.3. Нэг айлын орон сууцны блок
Блок жилой
Unit of attached single-family houses
1.4. Сууцны эдэлбэр газар
Приквартирный участок
Parsela
|
Нэг гэр бүл болон түүнтэй хамаатан садан, төрөл төрөгсдийн холбоотой гишүүдийн хамтаар амьдрахад зориулсан сууц.
Айлын сууцны төрлийн барилга, хоёр ба түүнээс дээш айлын сууцтай,тус бүртэй сууцны эдэлбэр газар руу шууд гарах гарцтай байх. (СНиП 2.08.01-д заасны дагуу)
Тайлбар: Энэхүү тодорхойлолтыг өргөтгөж, хоёр ба түүнээс дээш бие биедээ (хоорондоо) залгаж барьсан сууцны блоктой, тус бүртэй сууцны эдэлбэр газар руу шууд гарах гарцтай байх.
Нэг айлын сууц болон шаардлагатай бусад өрөө тасалгааг багтаасан блокчилсон орон сууцны барилгын бие даасан хэсэг.
Гадагшаа шууд гарах гарцтай байшин (айлын сууц)-тай нийлсэн эдэлбэр газар
|
|
2. Давхар
|
||
2.1. Давхар
Этаж
Storey
2.2. Газар дээрх давхар
Этаж надземный
Above-ground storey
2.3. Нэгдүгээр давхар
Этаж первый
First storey
2.4. Дээврийн давхар (мансард)
Этаж мансардный (мансарда)
Attic floor; Mansard
2.5. Хагас зоорины давхар
Этаж цокольный
Basement storey
2.6. Зоорины давхар
Этаж подвальный
Cellar
|
Барилгын хучилт хоорондын буюу хөрсөн дээрх шал ба хучилт хоорондын орон зай.
Давхрын өрөө тасалгааны шалны түвшин газрын төлөвлөлтийн түвшнээс доошгүй байна.
Газар дээрх эхний давхар.
Адрын хөндийн орон зайн дахь давхар, түүний нүүрэн тал бүрэн болон зарим хэсгээрээ налуу буюу хазгай дээврийн хавтгай(гадаргуу)-аар байгуулсан, дээврийн хавтгай ба нүүрэн талын огтлолцлын шулуун нь дээврийн адрын хөндийн давхрын шалны түвшнээс 1.5 м-ээс илүүгүй өндөрт байх ёстой.
Давхрын өрөө тасалгааны шалны түвшин нь газрын төлөвлөлтийн түвшнээс тасалгааны хагас өндрөөс илүүгүй доор байрлана.
Давхрын өрөө тасалгааны шалны түвшин газрын төлөвлөлтийн түвшнээс тасалгааны хагас өндрөөс илүүтэй доор байрлана.
|
|
3. Өрөө тасалгаа, задгай, хагас задгай, хаалттай орон зай
|
||
3.1. Өрөө тасалгаа
Помещение
Space
3.2. Нийтийн зориулалттай өрөө тасалгаа
Помещения общественного назначения
3.3. Автомашины (задгай/ дулаан) зогсоол
Автостоянка
Storage garage
3.4. Террас
Терраса
Terrace
3.5. Адрын хөндий
Чердак
Attic
3.6. Тагт
Балкон
Balcony
3.7. Лоджи
Лоджия
Loggia
3.8. Веранд (Шиллэсэн террас)
Веранда
Verandah
3.9. Зоорины техникийн давхар
Подполье
Crawl space
3.10. Салхижуулалттай техникийн давхар
Проветриваемое подполье
Underfloor space
|
Үүрэг, зорилго нь тодорхой байх ба барилгын хийц бүтээцээр хязгаарлагдсан барилга доторх орон зай.
Оршин суугчдын хувийн буюу олон нийтийн үйл ажиллагаанд зориулагдсан орон сууцны барилгын доторх буюу өргөтгөсөн орон зай.
Автомашин зогсоох, хадгалах (автозасвар, техникийн үйлчилгээний бус)-д зориулсан байшингийн ойролцоо газар, түүний өргөтгөл буюу тусдаа барилгад байрлуулсан газар.
Газар дээрх буюу барилгатай нийлүүлж гаргасан газраас өндөрлөн гаргасан тусгай хийц бүхий задгай талбай.
Хучилт (дээвэр), гадна хана ба дээд давхрын хучилтын гадаргуу хоорондын орон зай.
Нүүрэн талын хананы хавтгайгаас урагш гарсан хашлагатай талбай, зуны цагт амрах зориулалттай.
Гаднах задгай орон зайд тасалгааг 3 талаас нь хашсан төлөвлөлттэй ба хучилттай, зуны цагт амрах болон нарнаас хамгаалах зориулалттай.
Шиллэсэн халаалтгүй тасалгаа, барилгад залгаж буюу барилгатай нийлүүлж гаргасан байна.
Инженерийн шугам сүлжээ байрлуулахад зориулсан зоорины буюу хагас зоорины давхрын хучилт хоорондын орон зай.
Газрын хөрс ба нэгдүгээр давхар(хагас зоорины, техникийн)-ын хучилтын гадаргуу хоорондын барилга доорхи задгай орон зай.
|
Текст томруулах
A
A
A