- Нүүр
- Сайдын тушаал
- ТӨРИЙН САНГИЙН БЭЛЭН МӨНГӨНИЙ ТӨЛБӨР ТООЦООГ ГҮЙЦЭТГЭХ ЖУРАМ /Сангийн сайдын 2011-06-07-ны 129 дугаар тушаалаар хүчингүй
/Сангийн сайдын 2011-06-07-ны 129 дугаар тушаалаар хүчингүй
Сангийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 4-ний
өдрийн 123 дугаар тушаалын 4 дүгээр хавсралт
ТӨРИЙН САНГИЙН БЭЛЭН МӨНГӨНИЙ
ТӨЛБӨР ТООЦООГ ГҮЙЦЭТГЭХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Төрийн сангийн бэлэн мөнгөний төлбөр тооцоог гүйцэтгэх арилжааны банкийг сонгох, гэрээний үндсэн дээр арилжааны банканд Төрийн сангийн бэлэн мөнгөний дансыг нээх, түүнд төсвийн орлогыг төвлөрүүлэх, төсвийн бэлэн мөнгөний зарлагыг гүйцэтгэхтэй холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулна.
1.2. Арилжааны банкаар дамжуулан Төрийн сангийн бэлэн мөнгөний төлбөр тооцоог гүйцэтгэхдээ Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай, Монгол улсын нэгдсэн төсвийн тухай, Банкны тухай хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан заавар журмыг мөрдлөг болгоно.
1.3. Төрийн сан татвар төлөгч болон бусад төлбөр төлөгчийг төлбөр гүйцэтгэхэд тохиромжтой, зардлын үр ашигтай нөхцөлөөр хангаж, орлогын төвлөрүүлэлт болон нягтлан бодох бүртгэлийг зохистой гүйцэтгэх нөхцөл, боломжийг бүрдүүлнэ.
Хоёр. Энэ журамд хэрэглэгдсэн нэр томьёо
Энэ журамд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсанаар ойлгоно.
2.1. "Төрийн сан" гэж төсвийн хэрэгжилтийг хангах зорилгоор байгуулагдсан Сангийн яамны Төрийн сангийн газар /цаашид Төв төрийн сан/, Нийслэл, дүүргийн Засаг даргын тамгын газрын Санхүү, эдийн засаг, Төрийн сангийн хэлтэс, аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү, эдийн засгийн бодлого зохицуулалтын хэлтэс, сумын Төрийн сангийн төлөөлөгчийг,
2.2. "Харилцагч банк" гэж төсвийн орлогыг төвлөрүүлж, цалин, тэтгэвэр, тэтгэмж болон бусад бэлэн мөнгө олгох үйлчилгээ үзүүлэхээр сонгогдсон арилжааны банк, түүний салбар, тооцооны төвийг,
2.3. "Тэтгэвэр, тэтгэмж хуваарилагч байгууллага" гэж аймаг, нийслэл, дүүрэг дэх халамжийн тэтгэвэр, тэтгэмж, нөхөн олговрыг олгож буй хөдөлмөр халамжийн үйлчилгээний албыг,
2.4. "Төрийн сангийн үйлчлүүлэгч" гэж хууль тогтоомжийн дагуу Засгийн газарт харьяалагддаг хуулийн этгээд болон бусад үйлчлүүлэгчийг,
Гурав. Харилцагч банкийг сонгох
3.1. Төрийн сангийн дарга төсвийн орлого төвлөрүүлэх, төрийн сангийн бэлэн мөнгөний төлбөр тооцоог гүйцэтгэх харилцагч банкийг сонгон шалгаруулах үйл ажиллагааг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах, бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэгч сонгох журмын тухай хуулийн дагуу зохион байгуулна.
3.2. Төрийн сангийн дарга тухайн орон нутгийн арилжааны банкнуудын салбар, тооцооны төвийг Төрийн сангийн бэлэн мөнгөний төлбөр тооцоог гүйцэтгэх харилцагч банк сонгох сонгон шалгаруулалтад тэгш эрхтэйгээр хамруулна.
3.3. Харилцагч банкийг сонгохдоо төрийн сангийн төлөөлөгч, төрийн сангийн үйлчлүүлэгч нараас шаардсан үйлчилгээ, банкны санал болгож буй хураамж, хүү зэргийг харгалзан үзэх бөгөөд харилцагч банк дараах шалгуурыг хангасан байна:
3.3.1 Монголбанкнаас тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг сүүлийн 6 сарын байдлаар хангасан байх
3.3.2 санхүүгийн хувьд тогтвортой, найдвартай үйлчилгээг тогтмол үзүүлэх боломжтой
3.3.3 төрийн сангийн үйлчилгээ авах шаардлагатай газар бүрт үйлчлүүлэгч нарт хүрч үйлчлэх боломжтой
3.3.4 харьцангуй бага шимтгэлтэй үйлчилгээнүүдийг үзүүлэх чадвартай
3.3.5 түргэн шуурхай, тохиромжтой үйлчилгээг үйлчлүүлэгч нарт үзүүлэх чадвартай
3.4 Аймаг, нийслэл, сум, дүүргийн Төрийн сан сонгон шалгаруулсан харилцагч банктай Төв төрийн сантай зөвшилцсөний үндсэн дээр гэрээ байгуулна.
3.5 Төв Төрийн сангаас нэгдсэн журмаар харилцагч банк, түүний орон нутаг дахь салбар нэгжүүдийг сонгон шалгаруулах тохиолдолд Сангийн яам болон орон нутгийн Төрийн сангийн хамтарсан бүрэлдэхүүнтэй хороог байгуулж, сонгон шалгаруулалтыг гүйцэтгэж болно.
3.6 Төрийн сан сонгон шалгаруулсан харилцагч банктай байгуулсан гэрээний хэрэгжилтийг улирал тутам дүгнэж, аливаа маргааныг харилцан зөвшилцлийн замаар шийдвэрлэнэ.
3.7 Төрийн сан харилцагч банкны үйлчилгээ хангалтгүй, энэ журмын 3.3-д заасан шалгуурыг хангаагүй гэж үзсэн тохиолдолд харилцагч банктай байгуулсан гэрээг цуцалж, харилцагч банкийг дахин сонгон шалгаруулна.
3.8 Төрийн сан тэтгэвэр, тэтгэмж олгох харилцагч банкийг тэтгэвэр, тэтгэмж, хуваарилагч байгууллагуудтай хамтран сонгоно.
3.9 Төрийн сан, тэтгэвэр, тэтгэмж хуваарилагч байгууллага, харилцагч банкнууд гурвалсан гэрээ байгуулна.
Дөрөв. Харилцагч банк дахь Төрийн сангийн данс
4.1 Төрийн сан сонгон шалгаруулсан Харилцагч банканд төрийн сангийн бэлэн мөнгөний нэрийн нэг данс нээх бөгөөд шаардлагатай гэж үзвэл салбар дэд дансыг нээж болно. Төрийн сангийн мөнгөн хөрөнгийг зөв удирдах зорилгоор тухайн дэд дансаар татвар, гаалийн болон Засгийн газрын бусад хуулийн этгээдийн төсвийн орлого төвлөрүүлэх, иргэдэд цалин, тэтгэвэр, тэтгэмжийг олгох төлбөр тооцоог гүйцэтгэнэ.
4.2 Бага хэмжээний мөнгөн дүнгээр байнгын орлого төвлөрүүлдэг төрийн сангийн үйлчлүүлэгч байгууллагад харилцагч банканд зөвхөн орлогын дансыг нээлгэж болно. Энэхүү данс Төрийн сангийн дансны бүрэлдэхүүн байх бөгөөд энэхүү дансны үлдэгдлийг дараа өдрийн 12 цагаас өмнө холбогдох төрийн сангийн бүртгэлийн дансанд шилжүүлнэ. Тухайн данс сарын эцэст тэг үлдэгдэлтэй байна.
4.3 Төрийн сан харилцагч банк дахь төрийн сангийн орлогын дэд дансдын тоог хянаж, төрийн сангийн үйл ажиллагаанд үл хэрэглэгдэх дэд дансдыг хаана.
Тав. Төрийн сангийн дансанд орлого хүлээн авах
5.1 Улс, орон нутгийн төсвийн орлого бүрдүүлэгч аливаа байгууллага төсвийн орлогыг бүрдүүлэх зорилгоор орлогын данс нээх хүсэлтээ холбогдох төрийн санд албан бичгээр гаргана.
5.2 Төрийн сан тухайн байгууллагын орлого бүрдүүлэх дансыг нээсэн тухай харилцагч байгууллагад хариу мэдэгдэнэ.
5.3 Төрийн сан төлбөр төлөгчийн үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг хангах зорилгоор харилцагч байгууллагад дараах чиглэлийг өгнө.
5.3.1. Бэлэн мөнгөөр төлбөр гүйцэтгэгч нь төлбөрөө харилцагч банк дахь төрийн сангийн данс (дэд данс)-д тушаах;
5.3.2. Харилцагч банкнаас төлбөрийн даалгавраар төлбөр гүйцэтгэж байгаа этгээд тухайн харилцагч банк дахь төрийн сангийн дансанд төлбөрөө шилжүүлэх;
5.3.3. Бусад төлбөр төлөгч төлбөрөө төрийн сангийн бүртгэлийн дансанд
шилжүүлэх;
5.4 Төрийн сан тухайн дансны хуулга, болон бусад мэдээллээр харилцагч байгууллагыг хангана.
5.5 Төрийн сан хүлээн авсан тодорхой бус орлогыг төрийн сангийн тодорхойгүй орлогын дансанд бүртгэж, уг орлого тодорхой болсны дараа төлбөр шилжүүлсэн арилжааны банканд буцаах, эсвэл төрийн сангийн холбогдох бүртгэлийн дансанд бүртгэнэ.
Зургаа. Төрийн сангийн данснаас тэтгэвэр, тэтгэмж олгох
6.1. Тэтгэвэр, тэтгэмж олгох зорилгоор харилцагч банканд төрийн сангийн тэтгэвэр, тэтгэмжийн зарлагын дансыг нээнэ.
6.2. Тэтгэвэр, тэтгэмжийн данснаас нийгмийн халамжийн болон бусад тэтгэвэр, тэтгэмж, нөхөн олговрыг олгоно.
6.3. Харилцагч банк дахь төрийн сангийн тэтгэвэр, тэтгэмжийн дансыг тэтгэвэр, тэтгэмж хуваарилагч байгууллага тус бүрээр нээнэ.
6.4. Тэтгэвэр, тэтгэмж хуваарилагч байгууллага дараа долоо хоногийн орлого, зарлагын урсгалыг тооцсоны үндсэн дээр харилцагч банк дахь төрийн сангийн бүртгэлийн дансанд шилжүүлэг хийнэ.
6.5. Тэтгэвэр, тэтгэмж хуваарилагч байгууллага харилцагч банк дахь тэтгэвэр, тэтгэмж олгох дансны үлдэгдлийг боломжит хэмжээнд бага байлгана.
6.6. Тэтгэвэр, тэтгэмж хуваарилагч байгууллага тэтгэвэр тэтгэмж авагчдын тухай хүн тус бүрээр гаргасан мэдээллийг харилцагч банканд хүргүүлнэ.
Долоо. Төрийн сангийн дансны мөнгөн хөрөнгийн удирдлага
7.1. Төрийн сан харилцагч банк дахь дансны үлдэгдлийг хүлээгдэж буй зарлагын хэрэгцээг хангахуйц хэмжээнд байлгана.
7.2. Төрийн сан харилцагч банк дахь төрийн сангийн дансны зарлагаас давсан орлогыг төрийн санд төвлөрүүлэх, эсвэл тухайн дансанд зузаатгал хийхдээ харилцагч банк дахь төрийн сангийн дансны хүлээгдэж буй орлогын урсгал болон бэлэн мөнгөний хэрэгцээг урьдчилан тооцно.
7.3. Төрийн сан нь төсөвт байгууллагаас бэлэн мөнгөний хэрэгцээг урьдчилан мэдэгдэхийг шаардаж, харилцагч банк дахь төрийн сангийн дансанд хэрэгцээт хэмжээний мөнгөн хөрөнгийг бэлэн байлгана.
Найм. Хариуцлага
8.1 Энэхүү журмыг дагаж мөрдөөгүй Төрийн сангийн дарга, мэргэжилтэн, тэтгэвэр, тэтгэмж хуваарилагч байгууллагад холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
Ес. Бусад зүйлс
9.1. Харилцагч банкны үйл ажиллагаа илэрхий муудсан тохиолдолд ямарваа алдагдал хүлээх эрсдэлийг багасгах зорилгоор Төв төрийн сангаас аймаг, нийслэл, сум, дүүргийн төрийн сангуудад холбогдох арга хэмжээ авах тухай зааварчилгаа өгнө.
9.2. Сумын төрийн сангийн төлөөлөгч төлбөр тооцооны үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ дээд шатны төрийн сангаас гаргасан удирдамжийг дагаж мөрдөнө.
9.3. Төрийн сан, харилцагч банктай байгуулсан гэрээнд харилцагч банк болон Төрийн сангийн эрх, үүрэг, хариуцлагыг тухайн орон нутгийн онцлогийг харгалзан нарийвчлан тусгаж байна.
Текст томруулах
A
A
A